Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 10 настай хүү голын усанд энджээ

Өчигдөр Хэрлэн голд гурван хүүхэд тоглож байгаад нэг нь буюу 10 настай хүү живжээ.

Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн “Задгай”-д “Хэрлэн” голын эрэг дээр гурван хүүхэд тоглож байснаас 1 хүүхэд нь живсэн тухай дуудлагыг 07.08-ны өдрийн 09:30 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1 км зам туулан 09:32 цагт очиход Т /10 настай, эрэгтэй/ нь “Хэрлэн” голд живсэн тул осолдсон газраас зүүн зүгт 5 дугаар багийн “Улаан-Эрэг” гэдэг газар хүртэл 30 км-т завиар мөн 1.5-2 метрийн гүнд 54 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт түр зогсоосон. Өнөөдөр /07.09/ үүрээр 05:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

ИРГЭД ТА БҮХНИЙГ

  • Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг АНХААРУУЛЖ БАЙНА.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ жил зэсний талаар ямар таамаглал байна вэ?

Сүүлийн үед зэс эрс хөдөлгөөнтэй учирч байна, учир нь ковид-19-ын дараа дэлхий даярх эдийн засгийн нөхцөл байдал нөхөн сэргэж байна. Бүхэлдээ, зэсийн үнэ нь 0,392 ам.доллараар өссөн ба зөвхөн нэг сарын хугацаанд 13,10%-ийн өсөлтийн тухай мэдэгдэж байна. Зэс нь өнөөгийн байдлаар 4,14 ам.долларын үнийн түвшинд арилжаалагдаж байгаа нь 2016 оны1 дүгээр сарын хамгийн доод үнэ болох 1,9360 ам.доллароос үсрэн өссөн байна. Сүүлчийн 6 сарын хугацаанд түүхий эдийн үнэ 1,097 ам.доллараар буюу 38,67 %-иар өссөн. Ингэхдээ сүүлийн 5 жилд 1,7119 ам.доллар буюу 75,99 %-иар нэмэгдсэн. Зэсийн үнийн динамик нь эдийн засгийн чиг хандлагыг таамаглах боломжийг олгож байна зэсийг заримдаа эдийн засгийн баромерт гэж ч нэрлэдэг. Зэсийг цахилгаан утас , цахилгаан тоног төхөөрөмж, хэвлэмэл хэлхээ цахилгаан үүсгүүр, хоолой, дээврийн материалын үйлдвэрлэл гэх мэт бусад олон зүйлд өргөн хэрэглэдэг. Зэсийн үнэ голчлон үйлдвэрлэлийн болон барилгын үйл ажиллагаанаас хамаарч эдийн засгийн өсөлтийн үед өсдөг. Эсрэгээрээ эдийн засгийн уналттай, эдийн засгийн инфраструктурын үйл ажиллагаа зогссон үед эрэлт хэрэгцээ болон зэсийн үнэ буурдаг. Зэсийн зах зээлд дүн шинжилгээ хийхэд гол улс болох Бүгд Найрамдах Хятад улсыг ажиглах хэрэгтэй учир нь 2019 онд 40,8 тэрбум ам.долларын үзүүлэлттэй байсан дэлхийн импортын 30 % нь тус улсад оногдсон. Хоёр дахь томоохон зэсийн импортлогч улс бол Герман юм.Тус улс ньБүгд Найрамдах Хятад улсыг бодвол 4 дахин бага хэмжээгээр зэсийг импортлодог. Бүгд Найрамдах Хятад улсын томоохон барилгын салбар болон өндөр вольтын эрчим хүчний шугам нь дотооддоо үйлдвэрлэж чадах хэмжээнээс ихээхэн давсан хэмжээний зэсийг шаарддаг. Энэ нь Хятадыг дэлхийн хамгийн том импортлогч орон болгож байна. Экспортын хувьд ярихад Чили, Перу нь тэргүүлэгч улсууд юм.

Дараагийн 5 жилийн хугацаан дахь зэсийн үнийн таамаглалыг урьдчилан хэлж чадах уу?

2020 онд зэсийн үнэ 2,81 ам.долларын ханшны хэлбэлзлээс эхэлж, дараа нь коронавирусын цар тахлын улмаас буурч эхэлсэн. Үүний дараа 3 дугаар сард Хятад улс хатуу хорио цээрийн дэглэмрүү шилжиж түүний дараа бусад улс орнууд карантинд орж, улмаар үнэ нь ойролцоогоор 27%-иар унаж 2,09 ам.долларын ханшинд хүрэв. Гэхдээ 3 сарын дараа зэсийн үнэ хурдаа авч, жилийн турш өсөлттэй үргэлжилсээр байсан. Зэсийн үнэ нь 5 сар дараалан үргэлжлэн өсч, дараа нь 9 болон 10 дугаар саруудад буцаж буух эрсдэл үүссэн. Гэхдээ 11 дүгээр сард Хятадын импортын өсөлтийн дундаж зэсийн үнэ 3,50 ам.долларын ханшинд хүрэв. 12 дугаар сард үнэ 3,6 ам.долларын түвшинд хүрч тухайн жилийн өндөр үзүүлэлтээр өндөрлөсөн байна.

Хэдийгээр тийм боловч 2021 оны 1 дүгээр улиралд зэсийн үнэ өндөр импульсаа хадгалсан хэвээр 1 дүгээр сард зэсийн үнэ хамгийн их өсөлтийг харуулж харин 2 дугаар сард үнэ эрс өсч 4,37 ам.долларын хамгийн дээд үзүүлэлтэнд хүрэв. Үүнээс хойш зэсийн үнэ 4,2 – 4,0 ам.долларын хооронд хэлбэлзэж байна.

Бүгд Найрамдах Хятад улсад зэсийн эрэлт болон нөөц ямар байх вэ?

Хятад дахь зэсийн эрэлт хэрэгцээ 2021 оны турш өндөр хэвээр байна гэж хүлээжбайгаа, учир нь Олон Улсын Вальютын Сан 2020 онд Хятадын эдийн засгийн 1,9%-ийн өсөлтийг таамаглаж байна. Хятад улс нь коронавирусын тархалтыг хяналтандаа авч чадсан ч дахин олон нийтийг хамарсан тусгаарлалт шаардагдахгүй гэж үзэн үйлдвэрүүд үргэлжлэн ажиллах болно гэжээ. Энэ байдалаж үйлдвэрлэлд нөлөөлөхгүй ба идэвхжилтийг нэмэгдүүлэх улмаар дэлхийн зэсийн томоохон хэрэглэгчийн зүгээс гарах эрэлтийг нэмэгдүүлэхэд хүргэнэ. Үүнээс гадна, 2020 онд Хятадаас гаралтай нөөцийн өсөлт хүлээгдэж байгаа, учир нь Хятад улс нь Америкын Нэгдсэн улстай харилцах харилцааны боломжит эрсдэлээ даатгаж өөрийн зэсний нөөцөө бүрдүүлж байна. Хэрвээ Хятад улс ойрын 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөнд нөөц хуримтлуулах асуудлыг багтаавал тэрээр зэсийн импортоо нэмэгдүүлж мөн металлын үнэ ч эрэлтээс улбаалан мөн өснө.

Та бидэнд металл болон ашигт малтмалын зах зээлийн тухай ерөнхий таамгйг өгч чадах уу? Эрэлт хэрэгцээ, үнэнд өөрчилөлт орох уу?

Дэлхийн банкны металл болон эрдсийн үнийн индекс 2021 оны 1 дүгээр улирал дахь 16 хувийн өсөлт гарсан. 2021 оны 3 дугаар сард металлын үнэ2020 оны 4 дүгээр сарын хамгийн бага үзүүлэлтээс бараг 70%-иар дээшилж, ингэхдээ зэс, цагаан тугалга, төмрийн хүдрийн үнэ 10 жилийн үзүүлэлтээр дээд түвшинд хүрсэн. Хятад улсын эрэлт хэрэгцээ дэлхийн эдийн засгийн үргэлжилсэн нөхөн сэргээлт болонам.долларын ханшны сулралт бууралт нь үнийн өсөлтөнд нөлөөлсөн. Таамагласны дагуу 2021 онд металлын үнэ өмнөх жилтэй харьцуулахад дунджаар 30%-иар өснө – 2022 онд зөөлөрчөмнөх 10 дугаар сарын таамаглалаас огцом дээшлэх өөрчлөлт гэж үзсэн. Энэхүү таамаглалыг дээрдүүлэх эрсдлүүдэд цаашдын өдөөлтийн хөтөлбөрүүд болон нүүрстөрөгчийг давхар ислийг бууруулахад чиглэсэн эрмэлзлийн эрчимжүүлэлтийг хамарч байна. Ковид-19-ийн халдварын сэргэх ба Хятад улсад өдөөх арга хэмжээг төлөвлөснөөс хурдан болиулах явдлууд ньуг таамаглалыг дордуулах эрсдлүүдэд багтана.

Хөнгөн цагааны үнэ нь 1 дүгээр улиралд 9 %-иар байгааг 2020 оны 4 дүгээр сартай харьцуулахад 3 дугаар сард 50%-иар өссөн байна. Үнийн өсөлт нь автомашин болон бусад үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ, барилгын салбар дахь идэвхжилтийг тус тус харуулж байна. Хэрэглээний хувьд Хятад улсын орон нутаг дахь засаг захиргаанууд экологийн асуудлуудын улмаас үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулахыг шаардсан.Тухайлбал, Өвөр Монголын Өөртөө Засах Орондтус улсын хөнгөн цагааны хайлуулалтын нийт хүчин чадал ойролцоогоор 15% ноогддог ба уг өөртөө засах орон дахь хайлуулалтын үйлдвэрүүдийн 90% нь цахилгаан эрчим хүч гаргаж авахын тулд нүүрс шатааж байна. Хүчин чадлыг шинээр нэмэгдүүлж байгаа ирэх жилд Бүгд Найрамдах Хятад улс нь 45 сая тонны үйлдвэрлэлийн дээд хүчин чадлын хэмжээнд хүрч чадна. Хятадын 2030 он хүртэл нүүрстөрөгчийн давхар ислийн пик ялгаруулалт 2060 гэхэд цэвэр тэг пик ялгаруулалт гаргах ерөнхий зорилгуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна хөнгөн цагааны ислийг металл болгон боловсруулах эрчим хүч их шаардсан шинж чанараас шалтгаалсан хэрэгцээний бууралтын хүлээцийг нэмэгдүүлж байна. Таамаглалын дагуу 2021 онд хөнгөн цагааны үнэ ойролцоогоор 29 %-иар өснө харин 2022онд 7%-иар буурна.

Мөнгөний үнэ, 2021 оны 1 дүгээр улиралд 8 жил дэх хамгийн дээд түвшин буюу8%-иар өссөн, жилийн өмнөх үзүүлэлтээс 60%-иар эсрэгээрээ дээгүүр байв. Мөнгөний хэрэглээний талаас ихэнхдээ ноогддог (алтны хувьд, 10% л ноогддог) аж үйлдвэрийн хэрэгцээ (электроник, автомашин ба нарны эрчим хүч) нөхөн сэргээлтийн үр дүнд үнэ өссөн болно. Хөрөнгө оруулалтын эрэлт нь мөн тогтвортой байсан: 2019 оны дунд үеэс хөрөнгө оруулагчид удаан хугацааны түвшинг цэвэр барьж байв. Уурхайнуудын хангамж тасалдсан явдал бол Өмнөд Африкт мөн адил үнэ өгсөн гэхдээ Канад, Мексик, Перу зэрэг улсуудад хэрэгцээ мэгдэхүйц нэмэгдэнэ гэсэн таамагтай байна. Мөнгөний үнэ 2021 онд 22%-иар өсч, харин 2022 онд буурна гэсэн хүлээлттэй байгаа, учир нь мөнгө алтны адилсаад бэрхшээл (ашиг орлого өсч буй), үйлдвэрлэлийн хэрэгцээтэй ихэссэнтэй тулгарч байгаа.

Ж.ГАРЬД

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дархлаажуулалтын цэгүүд энэ сарын 11-13-нд ажиллахгүй

Дархлаажуулалтын цэгүүд 7 сарын 11-13-нд ажиллахгүй.

Долдугаар сарын 17, 18-нд 10.00-15.00 цагийн хооронд ажиллана. Бусад өдөр төлөвлөлтийн дагуу хэвийн ажиллана.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ: Тусгаарлалтад байсан бөхчүүд хоёр өдөр барилдахад хүмүүст халдвар тараачихгүй байх

Засгийн газрын зүгээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэр гаргаад байсан. Гэсэн ч долдугаар сарын 1-ний өдөр төв талбайд болсон жагсаалтай холбоотойгоор шийдвэрээ цуцалсан. Улсын их баяр наадам хаяанд ирчихсэн байгаа энэ үед шийдвэрээ цуцалсан нь уяач, бөхчүүдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон талаар тэд үзэл бодлоо илэрхийлж байна.

Хантайширдэвжээний дасгалжуулагч, улсын гарьд Ж.БатЭрдэнийн байр сууриа илэрхийлснийг хүргэе. “Хантайширдэвжээний бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлахМандаламралтын газарт баяр наадмын бэлтгэлдээ гараад байсан юм. Тус галд аймгийн арслан Т.Сайханжаргал, Ж.Алтаншагай, Ч.Эрдэнэсайхан, Э.Даваажаргал, Я.Бумбаяр зэрэг улсын цол хүртэх магадлалтай залуу хүчтэнүүд баяр наадымн бэлтгэлээ базааж байсан юм.


Баяр наадмыг үзэгчгүйгээр зохион байгуулах шийдвэр гараад байсан ч цуцлах шийдвэр гарлаа. Энэ тал дээр таны байр суурийг сонсох гэсэн юм?

-“Хантайшир” дэвжээний 60 орчим бөх баяр наадмын бэлтгэлдээ гараад сарын хугацаа өнгөрөөд байсан ч Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмыг цуцлах шийдвэр гаргалаа.

Талбай дээр цуглаж жагсаал зохион байгуулсан залуусын нөлөөнд автаж Засгийн газраас дээрх шийдвэрийг гаргав бололтой. Бид Ардын хувьсгал ялснаас хойш 99 жилийн хугацаанд тасралтгүй баяр наадмаа тэмдэглэж, морио уралдуулж, бөхөө барилдуулж ирсэн түүхтэй. Дайн, байлдаан гээд ямар ч нөхцөлд энэ их өв соёлоо гээж, өнжиж байсан удаа байхгүй. Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн босгонд цар тахал дэгдэж улс орны нөхцөл байдал хүнд цаг үе тохиолоо.

Засгийн газраас цаг үеийн нөхцөл байдалд дасан зохицож үзэгчгүйгээр бөх барилдуулж, морь уралдуулах шийдвэр гаргаад байсан ч цагийг нь тулгаж байгаад цуцалчихлаа. Энэ шийдвэрээ ядаж 20 хоногийн өмнө гаргасан бол энэ олон зуун бөхчүүд, уяачид цаг зав, эд мөнгөөрөө хохирохгүй байлаа. Засгийн газрын шийдвэр үнэн ч биш байна. Сонгууль болоход л хэдэн мянган хүн цуглуулаад байдаг. 21 аймгаар тойрч уулзалт зохион байгуулаад л явдаг. Тэр үед халдвар хамгаалал нь хаашаа алга болчихдог юм. Наадам болохоор л зарим нь учраа ч ойлгохгүй хүмүүсийн ятгалгаар цуцлаад байж болохгүй биз дээ.

-Цар тахлын нөлөөгөөр цаг үеийн нөхцөл байдал амаргүй байгааг бөхчүүд ойлгож байгаа байх. Халдвар хамгаалал аюулгүй байдлаа Хантайшир дэвжээнийхэн хэрхэн хангаж байна вэ?

-Гудамжинд явж байгаад тал бүрээс цугласан хүмүүс энд барилдана гээд байгаа юм биш л дээ. Үүнийг ойлгох хэрэгтэй болов уу. Энд бэлтгэлд гарч байгаа бөхчүүд бүгд вакцины хоёрдуагар тунд хамрагдаад хоёр сар орчим болчихсон. Бэлтгэлд гарахдаа PCR шинжилгээнд хамрагдаад, тусгаарлагдаж бэлтгэл сургуулилт хийж байна. Хажуугаар нь түргэвчилсэн тестээр шинжилгээ өгч байна. Бид ч хариуцлагаа ухамарлаж хот хооронд зорчихгүй байгаа. Сар орчмын хугацаанд хамт байлаа. Манай галын бөхчүүдийн дундаас халдварын тохиолдол илрээгүй. Ер нь бусад галын бөхчүүд ч хариуцлагатай байгаа. Бөхчүүдийн дундаас халдварын тохиолдол илрээгүй байна. Бүгд тусгаарлагдаж хариуцлагатайгаар бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Дахин онцлоход тал бүрээс цугласан хүмүүс барилдах гээд дайраад байгаа асуудал биш. Ийм тусгаарлалтад байгаа хүмүүс хоёр өдөр барилдаад тарахад хүмүүст халдвар тараачихгүй болов уу гэж бодож байна.

-Цаг үе хүнд байхад баяр наадмын төсвөө эрүүл мэндийн салбарт зарцуул гэх шаардлагыг тавьж байна лээ. Нийгэмд бөхчүүд л наадмын төсвийг тэр чигээр нь идчихдэг гэх ойлголт яваад байна?

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд үед нэг их төсөв шаардалгүйгээр түүхэн өв уламжлалаа тасалдуулалгүйгээр аваад явчих боломж бидэнд байлаа. Бөхчүүдийн давааны байны мөнгө 20,30 мянган төгрөг наадмын төсөвт нэг их хүндрэл учруулдаггүй. Наадмын төсвөөс бөхчүүд татгалзаад эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгөхөд бэлэн байна.

-Баяр наадмыг хойшлуулах санал яригдаж байна. Энэ талаар таны байр суурийг сонсъё.

-Уяачдад хүндрэлтэй болов уу. Уяа морьдынх нь сойлго жигдэрчихсэн байгаа шүү дээ. Наадмын дараа л уяачдын намрын ажил эхэлдэг. Бөхчүүдийн тухайд өвчин тахалтай үед заавал барилдъя гээд дайраад байгаа асуудал байхгүй. Энэ өвчний үед нийгмийн сэтгэлзүй тогтворгүй байгаа. Ийм цаг үед бөхчүүдийн зүгээс үзэгчдээ баясгая, сэтэл санааг нь тогвортой байлгая гэсэн зорилго тавьж байсан юм”. Бөхийн галуудын тухайд хоёр тунд хамрагдсан тамирчдыг PCR шинжилгээнд хамруулаад тусгаарлалтад байлгаж бэлтгэл сургуулилт хийлгэж байгаа юм байна. Ингэхдээ зарим тохиолдолд түргэвчилсэн оношлуур ч ашиглаж байгаа байгаа гэнэ.

Бид Дорноговь аймгийн Өргөн сумын харьяат “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Т.Буянжаргалаас тодруулга авлаа. “Хутагтын хүчтэн” дэвжээний бөхчүүд Төв аймаг явах замд “Тоорил ханы хүрээ” амралтын газарт тусгаарлагдаж баяр наадмын бэлтгэл сургуулилтаа базааж байна. Энэ галд аймгийн арслан Б.Бямбадорж, Б.Бат-Эрдэнэ, Б.Баатархүү зэрэг улс аймгийн цолтнуудын барилдаанд дээгүүр амжилт гаргадаг залуус бэлтгэл сургуулилтаа базааж байна.

-Баяр наадмын ач холбогдолыг та юу гэж хардаг вэ. Цар тахалтай үед ч заавал тэмдэглэх шаардлагатай юу?

-Түүхэн ач холбогдол талаасаа Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадмыг огт тэмдэглэлгүй өнгөрч болохгүй асуудал л даа. Халдвар хамгааллын дэглэм баримтлаад цаг үеийн нөхцөлдөө тохируулаад үзэгчгүйгээр тэмдэглэх шийдвэр гаргаад байгаа нь нүдээ олсон гэж хувьдаа харж байсан юм. Бөхчүүдийн тухайд өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд тэвчээртэй хүлээлээ. Цаашид коронавирус устаж алга болохгүй. Цаг үедээ дасан зохицоод явахаас өөр арга байхгүй. Олон улсад ч ийм л жишгээр явж байна. Дээрээс хэд хэдэн удаагийн давтамжтай хөл хориог удаан хугацаагаар тогтоолоо. Ямар ч үр дүн гарсангүй шүү дээ. Цаашид дархлаажуулалтад хамрагдаж, эрсдэлээ зөв тооцоолж халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад явахаас өөр арга алга байна. Бөхийн спорт гэдэг залуу насны ажил. Цаг хугацаа хором мөч бүр үнэ, цэнтэй. Хоёр жилийн хугацаа гэдэг жаахан нас ахиж яваа бөхийн тухайд их үнэ цэнтэй.

-Та бүхэн наадмын бэлтгэлийн үеэр аюулгүй байдлаа хэрхэн хангаж байв. Өндөр эрсдэл дунд бэлтгэл сургуулилт хийж байна шүү дээ.

-Бэлтгэлийг манай аймгийн дэвжээний зүгээс зохион байгуулж ажиллаж байна. Энд Дорноговь аймгийн 20 орчим бөхчүүд бэлтгэл сургуулилт базааж байгаа. Бид бүгд хоёрдугаар тундаа хамрагдсан. Бэлтгэлд гарахдаа хоёр удаагийн PCR шинжилгээнд хамрагдаж бүгд сөрөг гарсан. Бэлтгэлийн үеэр эрсдэлтэй газраас ямар нэгэн хүн очихгүй байлгахаар зохицуулсан. Бөхчүүдээс өөр хүн энд алга. Мэдээж бөхчүүдийн эрүүл мэндийг хянах мэргэжлийн хүн биднийг дагаж яваа. Мөн түргэвчилсэн оношлуур ч бидэнд бий.

-Наадмаар бөх барилдана гэхэд массын хандлага сөрөг талдаа байх юм. Бөх барилдахад л наадмын төсөв урсчихдаг гэх ойлголт яваад байх шиг.

-Гол төлөв хот суурин газрын хүмүүс л элдвээр хэлж байгаа харагдана лээ. Ийм хөл хорионы ард бөхчүүдийн, бөхөө үзэж сэтгэл ханамж авдаг иргэдийн эрх ашиг дагаж явдаг. Ялангуяа хөдөө хөхөрч, гандаж малын хойноос нүүдэллэж өв соёлоо тээж яваа түмэн жилд ганц наадмаар л сэтгэл ханамж авч, бүтэн жилийн дархлаагаа тогтоодог юм. Суурин газар шавар байшинд утас ширтээд суудаг хүмүүс үүнийг ойлгохгүй л болов уу. Бусдынхаа эрх ашиг сонирхлыг ингэж үгүйсгэж болохгүй болов биз дээ.

Энд нэг зүйлийг онцлоход та нарын хардаад байгаа шиг наадмын төсвийг тэр чигээр нь бөхчүүд идэж уугаад дуусчихдаггүй юм шүү. Төсвийн дийлэнх нь нээлтийн үйл ажиллагаанд, дуулж хуурддаг хүмүүст зориулагддаг байх.

Наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн бөх 15 сая төгрөгийн байтай. Үзүүр бөх нь 10 сая төгрөг байдаг.

-Дорноговийн бөхчүүдийг энэ жил А.Хатансайхан начин хариуцаж бэлтгэл хийлгэж байна уу?

-Хатансайхан начин нутагтаа төрийн албанд ажиллаж байгаа. Энэ жил манай галыг олон улсын хэмжээний мастер О.Болд-Эрдэнэ хариуцаж бэлтгэл сургуулилт хийлгэж байна.

-Танай галын бөхчүүдийн бэлтгэл сургуулилт хэр зэрэг хангагдаж байна вэ?

-Улсын харцага А.Цацабширийн бэлтгэл энэ жил их сайн байгаа. Энэ жил Харзтайд бэлтгэлд гарсан” гэлээ. Эрүүл мэндийн яамны сайд С.Энхболд бөхийн галд гарсан бөхчүүдээс халдвар гарах магадлал бага гэж тооцоолж байсан юм. Тэрбээр “Энэ жил Үндэсний их баяр наадмыг цахимаар зохион байгуулна. Наадмыг зохион байгуулагчид болон оролцож байгаа уран бүтээлчид, бөхчүүд, сур харваачдаас бүгдээс нь коронавирус илрүүлэх шинжилгээ авч байгаа. Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж, тогтмол шинжилгээ авч байгаа учраас эрсдэл бага гэж үзэжбайна” гэж мэдэгдэж байсан ч шийдвэрээсээ буцсан юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд:

Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар усархаг, дуу цахилгаантай аадар бороо орох тул, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2021 оны 07 дугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 34-39 градус, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Ард иргэдийнхээ сайн сайхан аж амьдрал, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө хариуцлагатай байхыг дэлхийн улс төрийн намуудад уриаллаа

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин 2021 оны 7 дугаар сарын 6-нд Бээжин хотноо болсон ХКН ба Дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлж буй нь. (Синьхуа/Ли Сюэрен)

Ард түмнийхээ сайн сайхан амьдрал болоод хүн төрөлхтний хөгжил дэвшлийн төлөө илүү хариуцлагатай байхыг БНХАУ-ын дарга Си Зиньпин дэлхийн улс төрийн намуудад уриаллаа.

КОВИД-19 цар тахал, тэгш бус байдал, терроризм болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг дэлхий дахинд тулгамдаж буй сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг Хятадын Коммунист Намын (ХКН) Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин дэлхийн улс төрийн намуудад уриалсан байна.

Технологийн хөгжилд саад учруулах, цар тахлыг улс төржүүлэх, “бусад улс орны хөгжлийг хойш татаж, хорлон сүйтгэх зорилго бүхий улс төрийн заль мэх хэрэглэх”, их гүрний дээрэнгүй үзэл гаргахыг оролдох зэрэг практикийг ашиглагчдыг Бээжин хотноо долдугаар сарын 6-ны өдөр болсон ХКН ба Дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний уулзалтад Си Зиньпин цахимаар холбогдон үг хэлэхдээ хатуу шүүмжилсэн байна.

160 гаруй улс орны 500 гаруй улс төрийн нам болон байгууллагын удирдагчид оролцсон уг дээд хэмжээний уулзалт нь сөргөлдөөн эсвэл харилцан хүндэтгэл, дангааршил эсвэл нээлтэй байдал бөгөөд хамтын ажиллагаа, ялагчгүй зөрчилдөөн эсвэл харилцан ашигтай хамтын ажиллагааны чухам алийг нь сонгох вэ гэсэн “түүхэн огтлолцол дээр хүн төрөлхтөн ирээд буй энэ цаг үед” боллоо.

“Сонголт бидний гарт байгаа бөгөөд хариуцлага бидний нуруун дээр байна” гэж Си Зиньпин дэлхийн улс төрийн намуудын удирдагчдад хандан хэлсэн байна.

УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ХАРИУЦЛАГА

Улс төрийн намууд нь хүн төрөлхтний хөгжил дэвшлийг тодорхойлогч чухал хүчин болохын хувьд улс орноо зөв замаар жолоодож, ард түмнийхээ сайн сайхан амьдралын баталгааг хангаж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийг хөхиүлэн дэмжих түүхэн үүрэг хариуцлагыг үүрэх хэрэгтэй гэж Си Зиньпин хэлээд, улс төрийн намуудад хүн төрөлхтний хамтын ирээдүйг тодорхойлох зөв замыг гаргаж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг дэмжиж, сурталчлах замаар харилцан ойлголцол, зөвшилцлийг бий болгох үүрэг хариуцлагыг хүлээхийг уриалжээ.

Бид нийт хүн төрөлхтний ирээдүйн төлөө хариуцлага хүлээх өндөр мэдрэмжтэй байж, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийн төлөө тэмцэж, янз бүрийн соёл иргэншлийн үнэт зүйлийг ойлгох хүлээцтэй байдлыг бий болгож, янз бүрийн ард түмний ялгаатай байдлыг хүлцэн хүндэтгэх хэрэгтэй гэж тэрбээр хэлсэн байна.

Тэрбээр хэлэхдээ “Улс төрийн намууд ард иргэддээ бүгдэд нь хөгжил дэвшлийн ашиг тусыг илүү шударгаар хүртээх замаар хөгжлийг ахиулах үүргийг хүлээх хэрэгтэй” гэжээ.

Бүх улс орон болон үндэстнүүд хөгжлийн боломж, эрх тэгш байдлыг тэгш эдлэх эрхтэй гэдгийг Си Зиньпин цохон тэмдэглэхийн сацуу баян ядуугийн ялгаа, хөгжлийн хуваагдал зэрэг томоохон асуудлуудтай улс төрийн намууд нүүр тулан ажиллахыг, ялангуяа буурай хөгжилтэй улс орон, бүс нутаг, ядуу хүмүүст онцгой анхаарал, анхаарал халамж тавих хэрэгтэйг онцолжээ.

Түүнчлэн технологийн хөгжлийг блоклох, бусдыг хагаралдуулж тусгаарлах гэсэн аливаа оролдлогыг хамтдаа эсэргүүцэхийг тэрбээр улс төрийн намуудад уриалав.

Дэлхий нийтэд тулгарч буй эрсдэл, сорилтуудыг шийдвэрлэхийн тулд хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхийг тэрбээр мөн уриалаад, цар тахалтай нүүр тулж буй энэ цаг үед улс төрийн намууд “дархлаажуулалтын тэнцвэргүй байдал”-ыг багасгах, цар тахлыг улс төржүүлж, цар тахалд “газарзүйн шошго” наах гэсэн оролдлогуудыг эсэргүүцэх хэрэгтэй гэв.

Мөн ард иргэдээ сайн сайхан амьдруулахын тулд засаглалын чадавхаа сайжруулахыг тэрбээр улс төрийн намуудад уриалаад “Аливаа улс орныг ардчилсан улс уу үгүй юу гэдэг дүгнэлтийг цөөн хэдэн хүн бус ард түмэн нь гаргах ёстой” гэсэн байна.

ХКНЫН ДЭЛХИЙД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

Си Зиньпиний хэлснээр, БНХАУ гэдэг нэгэн том айл өрхийн аж амьдралыг сайн сайхан авч явах, энэ улс орны 1.4 тэрбум гаруй иргэний аз жаргалтай амьдралын баталгааг хангах, нийт хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшлийг хөхиүлэн дэмжих нь ХКН-ын гуйвшгүй зорилго юм.

ХКН нь Хятад маягийн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийхийн тулд Хятадын ард түмнийг удирдан нэгтгэж, нийт хүн төрөлхтөнд хөгжин дэвшиж, шинэчлэлийг хийхэд нь хувь нэмрээ оруулах болно гэж Си Зиньпин хэлжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Шинэчлэлийг хийх тогтсон загвар, арга барил гэж байдаггүй бөгөөд тухайн улс орны онцлогт тохирсон арга зам л хамгийн сайнаар үйлчлэх болно. Багадсан гутлыг тааруулж өмсөхийн тулд хөлийнхөө хурууг тайрч болохгүйтэй адил” гэв.

ХКН нь шинэчлэл болоод нээлттэй байдлыг гүнзгийрүүлэх цогц алхмуудыг хийж, дэлхийн бүх улс орны хамтын хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулахын тулд Хятадын ард түмнийг нэгтгэн удирдах болно гэж тэрбээр цохон тэмдэглээд “ХКН нь хүн төрөлхтний сайн сайхан байдал, аж амьдралыг дээшлүүлэхийн тулд их гүрний улс төрийн том намын хувьд үүрэг хариуцлагаа үүрэх болно” гэсэн байна.

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлогоор амь зууж байсан 98.99 сая иргэнээ ХКН-ын 18 дугаар их хурлаас хойш ядуурлаас ангижируулснаар БНХАУ нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030-д тусгасан үгээгүй ядуурлыг үндсээр нь устгах зорилтод товлосон хугацаанаас даруй 10 жилийн өмнө хүрч чаджээ. Харин одоо ХКН нь дэлхий дахины ядуурлыг бууруулах үйл явцад Хятадын шийдэл, Хятадын хүч чадлаар илүү их хувь нэмэр оруулахыг хүсэж байна гэж Си Зиньпин дарга хэлсэн байна.

КОВИД-19-ийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ илүү их хүчин чармайлт гарган ажиллахаас гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд илүү их хувь нэмэр оруулах болно гэж тэрбээр хэлжээ.

Мөн тэрбээр “Хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудын эсрэг хариу арга хэмжээ авахад илүү их хувь нэмэр оруулахын тулд ХКН нь дэлхийн хэмжээнд засаглалыг сайжруулах чиглэлээр илүү идэвхтэй ажиллах болно” гээд “Бид олон талт үзлээр халхавч хийсэн нэг талт үзлийн эсрэг бат зогсож, их гүрний дээрэнгүй үзэл гаргаж, улс төрийн башир арга ашиглахыг оролдогчдод ‘үгүй’ гэж хэлэх хэрэгтэй. Хятад улс хэзээ ч их гүрний дээрэнгүй үзэл гаргаж, нөлөөгөө тэлэхийг оролдохгүй” гэв.

Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Африкийн Ерөнхийлөгч бөгөөд эрх баригч Африкийн үндэсний конгресс намын дарга Сирил Рамафоса болон өөр 20 гаруй улс төрийн нам, байгууллагын удирдагчид үг хэлжээ.

Улс төрийн намууд ард түмнээ сайн сайхан амьдруулахын тулд хариуцлага хүлээх ёстой гэж Си Зиньпиний хэлсэнтэй тэд санал нэгдэж, энэ дэлхий ертөнцийг илүү сайхан болгохын тулд ХКН-тай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлсэн байна.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ван Хүнин болон ХКН-ын бусад өндөр дээд албан тушаалтан уг дээд хэмжээний уулзалтад оролцжээ. Мөн улс төрийн намууд болон янз бүрийн салбарын төлөөлөл болсон 10 мянга гаруй хүн энэ арга хэмжээнд оролцсон байна.

Дэлхийн энх тайвныг сахин хамгаалах, хүн төрөлхтний хөгжил дэвшил болон сайн сайхан аж амьдралыг хөхиүлэн дэмжих нийтлэг хүсэл зоригийг илэрхийлсэн хамтарсан санаачилгыг энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцсон улс төрийн намууд гаргажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын 24 цэг ажиллана

Өнөөдөр буюу 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод суурин 24 цэгт 39 багийн 271 эмч, ажилтан ажиллаж, 3270 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Амгалан: Засгийн газарт одоо ч эдийн засгийг хэрхэн хүндрэлээс гаргах бодлого, хөтөлбөр алга

Эдийн засагч, доктор Д.Амгалантай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэд хэдэн удаа хөл хорио тогтоож, хүн амын эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засгаа дэмжих бодлогыг төрөөс хэрэгжүүлж ирсэн. Тэгвэл нөхцөл байдал улам бүр дордож, ядуурал өссөөр байна. Нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хилийн хорио тогтоогоод хоёр жил, дотоодын хөл хорио тогтоогоод 1.5 жил болж байна. Энэ хугацаанд эдийн засаг нэлээн хүндэрлээ. Шалтгаан нь ковидоос үүдэлтэй хөл хорионоос улбаатай байлаа. Хөл хорих шийдвэр гаргах үед эдийн засгийнхаа нөхцөл байдлыг бодолцоогүй нь хүндрэл үүсгэлээ. Жил хагасын өмнө Монгол Улсын хүн амын 28 орчим хувь нь ядуу байсан.

Өнөөдөр 47-48 хувь болж өслөө. Ядуурал гэдэгт өдрийнхөө хоолыг арай гэж аргацааж байгаа хүмүүсийн тухай ойлголт хамаарч байгаа юм. Эдийн засгийн гоё өсөлт яриад, олон улсын байгууллагуудын өндөр өсөлтийн таамаглалыг танилцуулаад бүх юм сайхан мэтээр харуулах нэг хэрэг. Гэтэл статистик бус бодит байдал руу өнгийх ёстой. Өнөөдөр дэлгүүрүүдийн өрийн дэвтэр улам бүр зузаарсаар байна.

Айл өрхүүд өрөө нимгэлэхийн тулд дараагийн халамж хэзээ буух вэ гэж хүлээх боллоо. Өөр итгэл найдваргүй болсон. Энэ бол бид өнгөрсөн хугацаанд эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах тухай бодлого, хөрөнгө оруулалт ярьж ирсэн. Гэтэл бодит хөрсөн дээр нөхцөл байдал ийм л харагдаж байна.

Дэлхийн улс орнуудыг харж байхад эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах ажлыг хослуулаад даваад гараад ирчихсэн. Европын улсуудыг хар. Амны хаалтгүйгээр хөлбөмбөгийн том тэмцээнээ хийлээ. Өөрсдөдөө тохирсон вакцины асуудлыг шийдчихлээ. Гэтэл манайх 1.5 жилийн хугацаанд 5.2 их наяд төгрөгийг эхлээд зарцууллаа. Эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалах, мөн ажлын байраа хадгалж үлдэх зорилгоор энэ их хөрөнгийг зарцуулж ирсэн. Гэвч аль алийг нь хамгаалж чадсангүй. Бүгдийг нь тавиад туучихлаа. Энэ бүхэн ковидтой холбоотой гэж ярьж байна. Нэг талаас зөв. Гэхдээ тэргүүлэх шалтгаан нь ковид биш юм. Харин төр засгийн зүгээс судалгаагүй, бодлогогүй, төлөвлөлтгүй гаргасан шийдвэрүүд нь хүмүүсийн амьдрал, аж ахуй нэгжүүдийг ковидоос илүү туйлдууллаа. Бид цөөн тооны аж ахуй нэгж дээр судалгаа хийсэн. Ингэхэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийн борлуулалтын орлого 20-50 хувь буурчихсан байна. Энэ бол иргэд худалдан авах чадваргүй болсныг илтгэж байна. Нөгөө талаас бараа бүтээгдэхүүний хомсдол үүсчихсэн. Ялангуяа, барилгын салбарын идэвхижилтийн үед материалын дутагдал, үнийн өсөлт онцгой хүндрэл дагууллаа. Энэ бүхэн эргээд харахад нөгөө л төр засгийн шийдвэрийн үр дүн. Өнөөдөр ковидын хүнд байдлаас илүүтэйгээр Эрээн, Тяньжин дээр байгаа бараа бүтээгдэхүүний гацалт эдийн засгийг хүнд байдалд оруулсан. Эндээс болж бараа бүтээгдэхүүний хомсдлоос үүдэлтэй инфляцийг бий болгож эхэлсэн. Бид дотоодын эдийн засгаа эргэлтэд оруулж чадахгүй байна. Мөн гаднаас оруулж ирэх бараа бүтээгдэхүүн дээр хоёр улсын хэлэлцээр хийж, төр шийдэл гаргаж чадахгүй, мухардалд орчихсон. Ингээд хохирол нь айл өрх, албан байгуулалга дээр бууж байна. Засаг ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл юм. Хил гаалийн асуудлыг шийдлээ гэхэд үнэтэй бараа бүтээгдэхүүн орж ирнэ. Тэрийг нь худалдаж авах чадамжтай иргэн цөөн. Борлуулалтгүйгээс болж дахиад гацалт үүснэ. Энэ мэтээр шаталсан хүндрэлүүд хүлээгдэж байна.

Ковидоос илүү аюултай үзэгдэл бол төр засаг шийдэл, шийдвэр гаргаж чадахгүй байгаа явдал юм. Бараа бүтээгдэхүүнээ хил гаалиар оруулах, чөлөөтэй нэвтрүүлэх асуудал цэвэр Засгийн газрын ажил. Сонгууль бол мундаг хийнэ. Очоод загнадаг, зандардаг. Гэтэл Хятадын талтай ямар ойлголцол, шийдэлд хүрсэн юм бэ. Цаад тал нь тоож байгаа ч юм уу, бүү мэд.

-Цар тахалтай тэмцэхэд зориулж 5 их наяд гаруй төгрөг зарцуулсан. Нэмээд 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Энэ бол Монгол Улсын жилийн төсвөөс давсан дүн. Гэвч та уг мөнгө өгөөжөө өгсөнгүй гэж үзэж байгаа юм байна?

-Эдийн засаг, эрүүл мэндээ хамгаалах 5.2 их наяд төгрөгийг зарцууллаа. Араас нь 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Ингээд үр дүнд хүрэх байсан ч өөрсдийн муйхар шийдвэрээс болж үр дүнгүй болгочихсон. Сонгууль хийгээд бөөгнөрөл үүсгэснээр эдийн засагт хохирол учруулан байж 1.5 жил хорьсон хориог ямар ч үр дүнгүй болгож хаясан. Улс төрийн зорилгыг эхэнд тавьж, эдийн засгаа ингэж хорлох байсан юм бол анхнаасаа яах гэж аж ахуй нэгж, иргэдийг хорьсон юм.

-Үнийн өсөлт хурдацтай явагдаж байна. Аж ахуй нэгжүүд бараа, үйлчилгээ нийхээ үнийг нэмэх зайлшгүй шаардлагатай тухай мэдэгдэл гаргаж байна. Эндээс харахад түүхий эд, бараа бүтээгдэхүүний үнэ 20 гаруй хувиар, зарим тохиолдолд 2-3 дахин өссөн нөхцөл байдал анзаарагдлаа. Үнийн өсөлтөөс үүдэлтэй хүндрэлийн тухайд тодруулахгүй юу?

-Үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналт дээр бодлого хэрэгжүүлэхгүй бол хүнд байдал руу улам орно. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтвортой байна гэж мэдэгдэж байна лээ. Эдийн засаг нь хөдөлгөөнгүй зогсчихсон юм чинь тогтвортой байхгүй гээд яах юм. Одоо хил гаалийн саатал арилж, нээгдээд эдийн засаг идэвхижээд ирэх юм бол ам.долларынхаа ханшийг алдана. Өнөөдөр үүнээс хамгаалах бодлого алга. Цалин орлогогүй болсон хүмүүс яаж амьдрах вэ. Халамжаар угжсаар байх уу. Дэлхийн улс орнууд дундаж давхаргыг бүтээхийн тулд ажилладаг бол манай төр энэ давхаргыг устгахын төлөө байна уу. Ковидын эсрэг санхүүгийн дэмжлэг хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч үнэн чанартаа улс төрийн сонирхол агуулсан халамжийн бодлого хэрэгжүүлээд байгаад л харамсалтай байна. Уг нь дундаж давхаргаа хамгаалж, нэмэгдүүлэх юм бол халамжаас гараад ажил хийдэг, хөдөлмөрлөсөн хүмүүс орлого олдог нийгмийн тогтолцоог бүрдүүлэх учиртай. Ингэж байж улс орон хөгждөг. Гэтэл манайд эсрэг байна. Жижиг, дунд аж ахуй нэгжүүд нь хаалгаа бариад ядуурал руу орчихлоо. Том компаниуд нь дундаж руугаа орж байна. Энэ орон зайг хэн эзлэх үү гэвэл гадны ижил төрлийн ажил үйлчилгээ явуулдаг нөхөд юм. Өнөөдөрнайман нэрийн дэлгүүр ажилуулдаг хүмүүсийн орлого хумигдсан. Тэдний үйл ажиллагааг хязгаарласан. Оронд нь гадны сүлжээ дэлгүүрүүд ороод ирсэн. Энэ орлого, валютын урсгал хаачих уу. Гадагшаа гараад явна. Жижиг бизнес хийж, өрхийн аж ахуйгаа авч явдаг байсан цар тахлын үед бүрэн уналтад орлоо. Энэ хүмүүс одоо халамжийг л хүлээж байна. Халамж дуусахаар яах вэ. Амьдрал дуусах уу.

Уг нь дундаж давхрагаа хамгаалаад явчихсан бол маневр хийж, эдийн засгаа сэргээх гарц шийдэл ярих байсан. Одоо болд бид энэ их ядуурлаас яаж гарах вэ гэж ярих хэмжээнд доройтлоо. Өнөөдөр үйл ажиллагаагаа хаасан компани, аж ахуй нэгж буцаад босоход 1.5-3 жил зарцуулна. Хөл хорьж болно. Гэхдээ хөл хорионы дараа эдийн засгаа хамгаалах арга механизмыг бодолцож, тооцсон байх учиртай. Гэтэл хэзээ хөл хорих нь тодорхойгүй. Бүр нэг өглөө босоод ирэхэд хороогоор нь хориод гаргахгүй гэж байсан. Тэр хүмүүс ямар чухал ажил төлөвлөж, эрсдэл үүрч байгааг тооцдоггүй. Одоо ч энэ Засгийн газарт яаж хүндрэлээс гарах уу гэсэн хөтөлбөр, бодлого алга.

-Бараг хоёр хүн тутмын нэг нь ядуурал руу шилжлээ. Хэдийгээр он дуустал халамж, хөнгөлөлтүүдийг хэвээр хадгалж байгаа ч энэ нь ядуурлаас гарах, хөгжих шийдэл биш. Энэ тухайд ямар бодолтой байна вэ?

-Одоо улс орон, иргэд ядуурлаас гарахад төрийн зөв бодлого хэрэгтэй. Өмнө нь ядуу иргэдийг дундаж давхарга руу чирэх боломж байсан уу, байсан. Гэтэл тооцоогүй шийдвэрээс болоод дундаж давхарга ядуурал руу орчихлоо. Бид үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлж байж л ядуурлаас гарна. Төсөв мөнгөний зөв хуваарилалтыг хийх хэрэгтэй. Одоо бүгдэд нь халамж өгдөг боллоо. Төлбөрийн тооцооны систем чинь боловсронгуй болоогүй байж хүүхдийн мөнгө хүүхдэд, хүнсэнд зарцуулагдахгүй. АНУ-д хүүхдийн мөнгө гэж картанд орсон байхад хүүхэд юу хэрэглэж болох тэр зүйлд л уншина. Тэр бүү хэл кофенд хүртэл уншдаггүй. Гэтэл манайд хүүхдийн мөнгөө аваад зарим хэсэг нь архи ууж байна. Гэнэтийн төлөвлөөгүй худалдан авалтууд хийдэг. Зорилтот дэмжлэг бус, хавтгайрсан халамж болчихсон. Хүүхдийн сайн сайхан ирээдүй, сурч боловсрох, хамгааллын төлөө зарцуулагдахгүй байна. Халамжийн мөнгө буудаг, ойр хавийн дэлгүүрүүдийн орлого өсдөг. Хоёр хоногийн дараа юу ч үгүй болдог. Ийм байдлаар явахгүй.

Бид үндэсний компаниудаа дэмжих учиртай. Гэтэл баялаг бүтээгчдийг улс төрөөс авлига авдаг хүмүүстэй адилтган ойлгуулж, үзэн ядуулах муухай технологи явж байна. Өнөөдөр шатахууны үнэ өсөхөд компаниуд үгсэн хувилдсан гэх ойлголтыг нийгэмд төрүүлж байгаа. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт дэлхийн зах зээл дээр баррель нефть 71-75 ам.долларт хэлбэлзлээ. Өмнөх сартай харьцуулахад 6, хагас жилтэй харьцуулахад 45, жилийн дүнгээр харьцуулбал 88.9 хувийн өсөлт байгаа юм. 2020 оны дөрөвдүгээр сард үнэ буугаад 19.5 ам.долларт очсон шүү дээ. Өнөөдөр 73 ам.доллар байна. Тэгэхээр дэлхийн зах зээлийн өсөлт шатахууны үнэд нөлөөлсөн. Уг нь засаг үнэ хямд үед нөөцлөх, гэрээ хэлэлцээр, татварын гээд олон арга хэрэгсэлээр зохицуулж болох байсан. 2020 оныг харж байхад 1.4 сая тонны шатахууны хэрэглээ байсан юм билээ. Харин манайхэнэ хэрэглээг нугалаад нөөцөлчих бололцоотой. Ядаж улирлаа даах хэмжээнд нөөцлөх бодлого барьсангүй.

Ядуурлаас гарахын тулд баялаг бүтээгч нараа дэмжих хэрэгтэй. Гэхдээ жижиг, дунд үйлдвэрлэгч нараа дэмжиж ядуурлаас гарах боломжгүй болчихлоо. Тэд маань бүр уначихсан. Одоо үлдсэн арга бол үндэсний томоохон үйлдвэрлэгч нараа дэмжээд, тэднийгээ экспортод бараа бүтээгдэхүүн гаргадаг чиглэл рүү хандуулаад явах хэрэгтэй байна. Тэд бол суурьтай. Ингээд томууд маань жижиг, дундаа бий болгодог хөгжлийн схем зөв болов уу гэж харж байна.

-Үнийн хөөрөгдөл дээр нэмэгдээд, валютын ханшийн өсөлт том сорилт болж ирэх нь. Бондын өр төлбөрүүдийг барагдуулахад улам л хүнд болох нь ээ?

-Манай улс өрийг зээлээр төлдөг боллоо. Энэ нь 2017 оноос эхэлсэн. Өөрөөр хэлбэл,Хөгжлийн банкны бондыг Хуралдай бондоор дарсан. Чингис бондын 500 саяыг Гэрэгэ бонд, Мазалай бондыг Номад бондоор дарлаа. Сая бас нэг бонд гаргалаа. 2022 онд Чингис бондын нэг тэрбум, Гэрэгэ бондын 800 саяыг дарахынтулд өнөөдөр бонд гаргаж байна. Энэ бол шийдэл биш. Өр л нэмэгдээд байгаа хэрэг. Дээрээс нь төгрөгийн ханш сулраад байна. Тэрбум ам.долларын өр төлөхөд Н.Алтанхуягийн засгийн газрын үед төгрөг 1900 орчим байсан. Өнөөдөр 2850-тай. Хүү яриад, бага хүүтэй авчихлаа гэж яриад байдаг. Гэтэл нөгөө талд төгрөгийн ханшаа хянаж чадахгүй байгаа учир бага хүүтэй мөнгө босголоо ч өрийн босго өндөр болчихож байгаа юм. 100 төгрөгийн зээлийг багахан хүүтэй авч болно. Гэхдээ валютын ханшийн өсөлтөөр тооцвол бид эргүүлээд 200 болгож төлөх болчихоод байна. Юун бага хүү. Тэр чухал биш. Ханшаа хамгаалах бодлого ярих нь чухал. Одоо ханшаа барьж чадахгүй бол маш олон бэрхшээл ундрана. Үүнээс гарахын тулд үйлдвэрлэлийг хөгжүүлж, ядаж уул уурхайн бүтээгдэхүүнээ хагас боловсруулж гаргамаар байна. Хүрэн нүүрс ашиглаад маш олон төрлийн бүтээгдэхүүн болгох технологи дэлхий дахинд хөгжсөн байхад манайх таг. Ядаж л эрчим хүч үйлдвэрлэж, экспортломоор байна. Гэтэл гаднаас эрчим хүч авдаг, валютын нөөцөө алдах нэг том урсгал болдог. 33 грамм нүүрсээр нэг кВт эрчим хүч гаргадаг гэсэн тооцоолол байдаг юм билээ. Ингээд тооцвол манайд эрчим хүч үйлдвэрлэх хүрэн нүүрсний хангалттай нөөц сул хэвтэж байна. Ингээд эрчим хүч ашиглаж янз бүрийн койн үйлдвэрлэдэг урсгалыг бий борлгоход валют ороод ирнэ. Энэ мэтээр төлөвлөгөөтэй, богино, дунд, урт хугацааны нөхцөл байдлаа харсан бодлого хөтөлбөр хэрэгжүүлбэл манайд боломж байна. Гагцхүү шийдвэр гаргагчид ард иргэдээ гэхээс илүү дөрвөн жил албан тушаал, сандал суудлаасаа яаж зууралдах вэ гэсэн циклийн араас явсаар байгаад улс орныг ийм байдалд орууллаа. Та бүхэн хараарай. Төсөв мөнгөний бодлого нь эдийн засагт зориулсан бус дандаа улс төрийн зорилго, агуулгатай.Үнэхээр харамсаж, халаглаж байна.

Г.БАТЗОРИГ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар морь өдөр

Аргын тооллын 7 сарын 9, Сугар гариг. Билгийн тооллын 30, Хэрцгий охин одтой, шар морь өдөр. Өдрийн наран 5 цаг 03 минутад мандан, 20 цаг 52 минутад жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 26-28 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж түр зуур секундэд 18-20 метр, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 34-39 градус, Хэрлэн, Онон голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 градус, өдөртөө 31-33 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.