Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах боломж” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ

Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн дэд профессор, хошууч Б.Саранцэцэг “Гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах боломж” сэдвээр докторын зэрэг хамгааллаа.

Энэхүү докторын судалгааны ажил нь гамшгийн эрсдэлийн менежментийн онол, арга зүй, мөн чанар, олон улсын туршлага, эрх зүйн зохицуулалт, өнөөгийн байдлын хүчин зүйлийн шинжилгээ, стратегийг тодорхойлж, гамшгийн эрсдэлийн менежментийг сайжруулах чиглэлийг шинжлэх ухааны үүднээс онол, практикийн түвшинд цогц байдлаар нь судлагдснаараа шинэлэг юм.

Мөн гамшгийн эрсдэлийн менежментийн онол, арга зүй эрх зүйн зохицуулалтад хийсэн дүгнэлт, асуулга, судалгааны хүчин зүйлийн шинжилгээ, түүний үр дүнгээс гарсан тулгамдсан асуудал, түүнийг боловсронгуй болгох чиглэл, зөвлөмж, хувилбар боловсруулсан зэрэг нь судалгааны ажлын практик ач холбогдолтой.

Хошууч Б.Саранцэцэг нь 2008 оноос хойш 13 дахь жилдээ Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын салбараас төрж буй тав дахь эмэгтэй доктор юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1735 хүнээс халдвар илэрч, 11 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

Өнөөдрөөс эхлэн ЭМЯ-ны пэйж хуудсар дамжуулан мэдээллээ хүргэж байгаа юм.

“Сүүлийн 24 цагт 1735 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 873 нь Улаанбаатар хотод, орон нутагт 861, зөөвөрлөдсөн 1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 137788 боллоо.

Мөн 11 иргэн ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. Нийт нас баралт 684 болов. Мөн 3756 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.

May be an image of text

May be an image of text that says '| MONFASAH эруул мэндий яам ковид-19 цар тахлын нехцел байдал 100.0% монгол улсад ковид-19 батлагдсан тохиолдлын насны булгээр эзлэх хувь 60+ 18-59 12-17 5-11 0-4 75.0% 50.0% 25.0% A WR 0.0%'

Categories
мэдээ спорт цаг-үе

Олимпод оролцох чөлөөт бөхийн шигээ багийнханд хувцас, хэрэгслийг нь гардууллаа

Энэ удаад Монголын чөлөөт бөхийн шигшээ баг тамирчдад БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ж.Түмэн-Аюуш, Монголын чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Гансүх нар олимпод оролцогчийн мандат болон хувцас хэрэгслийг гардуулан өгч, амжилт хүслээ.

Энэ удаагийн олимп, паралимпын наадамд оролцох Монголын баг тамирчид, дасгалжуулагч нарт 13 багц хувцас хэрэгсэл олгож байгаагийн 8 багц нь үндэсний брэнд Michel Amazonka бол 5 багц хувцас нь Японы алдарт Мизүно брэндийнх юм.

Токио-2020 олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Э.Бэхбаяр, Т.Тулга, М.Лхагвагэрэл, Ц.Намуунцэцэг, Б.Болортуяа, Б.Хонгорзул, Х.Болортуяа, С.Батцэцэг, О.Бурмаа нар шигшээ багийн дасгалжуулагчдын хамтаар оролцоно. Манай тамирчид Төв аймгийн Эрдэнэ сумын бэлтгэлийн баазад ногоон бүсийн бэлтгэлээ үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 13157 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 381 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 13.157 иргэн байна. Үүнээс нийслэлд 51 эмнэлэгт 6169, тусгаарлан ажиглах 14 байранд 316 иргэн, орон нутагт 316 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 6475 байгаа юм.

Эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 3327 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Баярбаатар: “Босоо цагаан гурвалжин” нь эв эе, бат бэхийн бэлгэдэл

-Жижигхэн биетэй учраас том болтлоо Шаргын говьд хурдан морь унаж уралдсан-

Урлагийн гавьяат зүтгэлтэн, бүжиг дэглээч, найруулагч Д.Баярбаатартай ярилцлаа.


– Та Хубилай хааны ордны бүжгийн дэгийг сэргээж, “Төрийн ёслол хүндэтгэлийн бүжиг” бий болгосон уран бүтээлч. Ингэхэд Хубилай хааны ордны бүжиг ямархуу байсан бол?

-”Юань улсын судар”-т Хубилай хааны ордонд Төрийн ёслол хүндэтгэлийн бүжигтэй байсан тухай тэмдэглэгдэж үлдсэн. Урагш нэг алхам алхаад хоёр гараа алдална, доош цомцойн сууж, мэхийн ёслов гэх мэтээр бичсэн байдаг. 512 хөгжимчин хөгжмийн их найралд сууж байжээ. Хубилай хааны 800 жилийн ойгоор Төрийн ёслол хүндэтгэлийн бүжгийг талбайд тавьж байв. Үндэсний урлагийн театрынхан наадам төрийн ёслол хүндэтгэлийн бүжгээр эхэлмээр байна гэдэг. “Монголын их хатад” бүжгэн жүжигтээ Хубилай хааны ордны бүжгийн дэг иймэрхүү байж гэж тооцоод, Хубилай хааны Чимбай хатны хэсэгт ордны бүжгийг дэглэсэн юм.

– “Жороон жороо” бүжгийг тань хүмүүс мэднэ. Таны аав Л.Даваасүрэн нутагтаа алдартай уяач байсан гэдэг. Та хурдан морь унадаг хүүхэд байв уу. Тийм болохоор л таны бүжгээс морины явдал, хурдан морины уралдаан мэдрэгддэг байх?

-Наадмаар миний сэтгэл хөдөлдөг. Долдугаар сарын 11 төрсөн өдөр маань. Төрсөн өдрөөр маань Ерөнхийлөгч үг хэлээд, есөн цагаан тугаа залаад, монголчууд нааддаг болохоор заяасан тэнгэр нь харсан юм болов уу гэж боддог, аав ээжээрээ бахархдаг. Хурдан морь унадаг байсан. Наадмын үүрээр ээж минь цацал өргөж, аав бид хоёрыг үддэг байлаа. Жижигхэн биетэй учраас том болтлоо Шаргын говьд хурдан морь унаж уралдсан. Аав маань нэг жил таван морь айрагдуулж билээ. Наадмаар нэг удаа хадуурдаг морьтойгоо айлын гадаа оччихсон. Аав маань алаг морьтойгоо хүрч ирээд авч явж билээ. Тэгэхэд ерөөсөө загнаагүй. Аав маань нутаг орондоо ганган Даваасүрэн гэдэг нэртэй, тракторын жолооч байсан. Хөдөлмөрийн баатар Г.Лодойхүүтэй олон жил хамт ажилласан даа. Хурдан морьд олонтой. Би ч моринд дуртай. Аав намайг “малд нүдтэй” гэдэг байсан.

Морины тухай бүжиг гэхээр зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжид багшийн “Адуучин” гэж агуу бүжиг бий. Яавал хурдан морины тухай бүжиг хийх вэ гэж бодож байхдаа Ховдод өвлийн жороо морины уралдаан үзсэн юм. Түрүүлж ирсэн хар азарганы нүд миний сэтгэлээс гараагүй. “Ганзага цацлам жороон жороо” гэсэн мөр орж ирээд, онгоцноос буугаад, хөгжмийн зохиолч М.Бирваад санаагаа хэлсэн. Их хурдан бүтсэн. Жороон жороог хар арьстан ч бүжиглэж байна, хамаг монголчууд бүжиглэж байна. “Жалам хар” шиг л ард түмний бүжиг болсон байна.

Хурдан морь унаж байсан болохоор морины тухай “Төрийн ажнай” гэж бүжиг хийлээ. “Бие чинь болъё” бүжгээ гэхэд л монголчуудын арга билэг, сүсэг бишрэл, зан заншил, дэг намба төрх гээд уран бүтээлийн сэтгэлгээгээр л дэглэж байгаа юм. Ард түмэнд хүрсэн сайхан бүтээл болсонд баяртай явдаг.

-Бүжиг найруулах ухааныг Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Б.Жамъяндагва заасан гэдэг. Харин ардын бий биелгээг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Нанжид багшаараа заалгасан гэдэг. Багш нарынхаа захисан ямар үгийг санаж явдаг вэ?

-Хөгжим бүжигт ардын багш Долгорсүрэн, Нарангэрэл багшаар заалгасан. Арваннэгэн настай байхад маань Говь-Алтай аймгийн Шарга сумаас шалгаж авсан юм. Хөдөөний халзан толгойтой хүүхэд ирээд Догоо багш, Нарангэрэл багшаас монгол бүжгийн гайхамшиг, намба төрхийг биедээ суулгаж авсан. Сонгодог бүжиг заасан Жав багш маань одоо хүртэл бодогдох юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн Алтанцэцэг багш маань ч миний багш. 1994 онд СУИС-д бүжгийн найруулагчийн анги нээгдэхэд анхны оюутан болсон юм. Б.Жамъяндагва багш маань бүжиг найруулахыг заасан. “Хөдөлгөөнийг утгажуул, утгыг хөдөлгөөнжүүл” гэдэг байсан. “Зохиол унш, зохиолоо бичиж сур” гэдэг. Д.Нанжид багш маань ардын бий биелэгээний гайхамшгийг тархи, зүрхэнд маань нэвт хэлж өгчээ. Би хоёр том баатар багштай. С.Сүхбаатар багш маань ҮДБЭЧ-д ажилд авч байв.

-С.Сүхбаатар удам дамжсан бүжигчин хүн. Танай бага хүү бас бүжиглэж байгаа гэсэн үү?

-Хүү маань мэдрэмжтэй. “Монгол их хатад” бүжгэн жүжгийн хүүхдийн дүрд баахан бүжиглэсэн. Энд тэнд очоод шууд л биелэдэг, авьяастай. Охин Б.Нандингуа Франц улсын Лион хотын Хөгжмийн дээд сургуулийг бакалавраар төгсөөд, Женевийн Хөгжмийн дээд сургуульд хийлч, удирдаач мэргэжлээр магистр хамгаалахаар суралцаж байна.

-Та бас СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал шүү дээ.

-Шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа гэсэн. Ямар уран бүтээл вэ?

-СУИС инноваци шингэсэн уран бүтээлүүд гаргаж байгаа. Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам багшийн хадны зургийг тайлж таниулах санаачилгын үр дүнд гуравласан бүжгэн жүжиг хийхээр болсон юм. 2016 онд “Хөмрөгөн гурвалжин” бэлэн болсон. 2019 онд ЮНЕСКО-гийн театрт тоглосон юм. Хоёр дахь бүжгэн жүжиг нь “Тамганы бүжигчин”. 2017 онд бэлэн болсон. Гурав дахь бүжгэн жүжиг нь “Босоо цагаан гурвалжин” юм. Би өөрөө хийхээр болсон. Энэ бүтээл маань хийгдэж байгаа. Цар тахлын улмаас хойшлогдоод байгаа юм. Намар бүтээлээ тоглохоор бэлтгэж байна.

Хадны зургийг хөгжим, бүжгийн хэлээр амилуулж инноваци болгохоор хөгжмийн зохиолч, төрийн соёрхолт С.Соронзонболд багш маань ажилласан.

Миний хувьд “Монголын их хатад” бүжгэн жүжиг 2013 онд тавьсан, “Нүүдэл” бүжгэн жүжиг 2010 онд тавьж байсан. Эдгээр бүтээлээрээ “Гоо марал” авч байсан. “Мэргэнд буусан чоно” гээд түүхэн сэдэвт бүжгэн жүжиг тавьж байсан. Тэр утгаараа Монголын бүжгийн урлагийн уламжлалыг орчин үеийн бүжигтэй хослуулаад, шинэ өвөрмөц бүтээл тавья гэсэн юм. Бид дэлхийн хэмжээнд ардын бүжгийн гайхамшгийг таниулахаар зорьж байна.

-”Босоо цагаан гурвалжин” гэдэг нь ямар учиртай вэ?

– Хэнтий аймгийн Рашаан хадан дээр гурван чандмань тамга бий. Энэ чандмань тамгыг С.Дулам доктор тайлж уншсан. Гурвалжин нь эв эе, бат бэхийн бэлгэдэл гэнэ. Хадны дүрст тэмдгээс тамга үүсчээ. Тамгануудаас бичиг соёл үүсчээ гээд ярьдаг юм. Японы эрдэмтэн Такаши “Рашаан хадны нэг дор цугласан олон тамгууд Монголын соёлын өв төдийгүй дэлхийн соёлын өв” гэсэн юм. Хадны зургууд зохиомжтой, үнэхээр гайхалтай. Түүнийг зохиомжлоод, дүртэй, үйл явдалтай болгоод, бүжгэн жүжгийн хэлээр сонирхолтой өгүүлэхийг хичээж байна. “Босоо цагаан гурвалжин” нь эв эе, бат бэхийн бэлгэдэл юм. Соёлын яамандаа төсөл өгсөн. Соёлын яам 120 төсөл шалгаруулсны нэг нь “Босоо цагаан гурвалжин”юм.

-Та багшлах ажилдаа илүү их цаг зарцуулж байна уу, бүжгийн уран бүтээлдээ анхаарч байгаа юу?

– Бүтээлүүдээ хийж байна. Бүжгийн сургуулийн захирал учраас сургуулийнхаа сургалт, эрдэм шинжилгээ, уран бүтээлд анхаарал тавьж байна. Ид хийж бүтээдэг цаг учраас ирэх жил “Монголын их хаад”-ыг Үндэсний урлагийн их театрт тавихаар төлөвлөж байгаа. Хаадын маань агуу сүр хүч, өвөг дээдсийнхээ гүн ухааныг урлагаар дамжуулж танилцуулна Хүү хамтлаг дэлхийд гайхуулж байгаа бол манай монгол бүжиг дэлхийд гарч ирэх цаг ирнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Амралтын өдрүүдэд ажиллах PCR шинжилгээний цэгүүдийн байршил

Долдугаар сарын 10-наас эхлэн энэ сарын 19-н хүртэл ес хоног дараалан амарч байгаатай холбоотойгоор иргэдийн орон нутаг руу зорчих хөдөлгөөн эрчимжээд байна.

Орон нутгийг зорих иргэдийн хувьд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоносон бол шинжилгээ өгөх шаардлагагүй. Харин вакцины бүрэн тунд хамрагдаагүй иргэд болон нэг машинд хамт зорчих хүүхдүүдийн аль нэг нь/5-аас дээш насны/ PCR эсвэл түргэвчилсэн шинжилгээ өгсөн байхыг шаардлагатай.

КОВИД-19 халдварыг илрүүлэх PCR шинжилгээний хариу 72 цаг, түргэвчилсэн шинжилгээний хариу 48 цагийн хугацаанд хүчинтэй байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ утга-зоxиол

И.Кант: Зориг зүрх гаргаж өөрт заяагдсан оюун ухаандаа эзэн болооч

Германы сонгодог философийг үндэслэгч нь яалт ч үгүй Иммануэл Кант билээ. Тэрээр 1724 онд Пруссийн Кёнигсберг хотод төрж, тэндээ насан эцэслэх хүртлээ буюу 1804 он хүртэл амьдарчээ. Тэрээр соён гэгээрэл, романтизмын завсрын үед, Европ тив феодалын ёсноос салж байсан түүхэн чухал цаг үед амьдарч байсан нь философийн үзэл санаанд нь дориун нөлөө үзүүлсэн биз ээ. Эцгийгээ нас барсны дараа сургуулиа орхин гэрийн багш хийж байхдаа “Түгээмэл ёсны түүх-тэнгэрийн онол” хэмээх номыг бичжээ. Тэрээр уг бүтээлээ туурвихдаа гуч дөнгөж гарсан залуу байлаа. Уг нь түүний сурч байсан Кёнигсбургийн их сургууль нь тун нэр хүнд сайтай, нөлөө бүхий сургууль. Гэсэн ч аргагүй байдлын улмаас сургуулиа орхижээ. “Түгээмэл ёсны түүх-тэнгэрийн онол” ном нь анхдагч хэт аварга мананцраас үүссэн нарны системийн үүслийн тухай таамаглал дэвшүүлсэн нь тухайн үедээ нэн дэвшилтэт үзэл байсан юм. Кант мөн амьтны ертөнцийн гарал үүслийн талаар ангилал буюу зүйл бүрийн амьтдыг гарал үүслийн боломжит байдлаар нь ангилж үзэх гэж оролдсон нь агуу Дарвины хувьслын онолд ихээхэн дөхөж очсон хэрэг юм. Хэдийгээр төрөлх хотоосоо насан туршдаа холдож үзээгүй ч түүний ертөнцийг үзэх үзэл үнэхээр супер байсан гэдэгтэй маргах аргагүй. Ёстой л “цаанаасаа цоорхой” гэдэг шиг оюун ухаан нь айхтар задгай сэтгэхэд зориулагдсан гэлтэй. И.Кант бичиж туурвихын зэрэгцээгээр төрөлх Кёнигсбургийн их сургуульдаа л багшилсан бөгөөд бүх л амьдралынхаа туршид өөр ямар нэгэн ажил хийгээгүй билээ. Тэр зуун хувь философийн ертөнцөд ажиллах өөрийн зорилгыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Нэн тэргүүнд “Би юу мэдэж чадах вэ”, “Би юу хийх ёстой вэ”, “Би юунд итгэх вэ”, “Хүн гэж юу вэ” гэсэн асуудлууд байлаа. И.Кант бүхий л ухамсартай амьдралаа зөвхөн эдгээр асуултад хариулах гэж амьдарчээ гэхэд болно. Болно ч юу байхав, ерөөсөө энэ асуултад хариулах гэж л амьдарсан ажгуу. Мэдээж тэр амьдралаа хий дэмий өнгөрөөсөнгүй. Тавьсан асуултдаа хариулж чадсан. 1781 онд бичсэн “Цэвэр оюун ухааны шүүмжлэл”, 1788 онд бичсэн “Практик оюун ухааны шүүмжлэл”, 1790 онд туурвисан “Эргэцүүлэх чадварын шүүмжлэл” гэсэн суут бүтээлүүдээ хойч үедээ үлдээсэн юм. Бүхэл бүтэн амьдралынхаа туршид бодож бясалгасан зүйлсээ, дотоод ахуйгаа есөн жилийн хугацаанд гарган бичсэн, ийн бичсэн нь түүнийг хүн төрөлхтний агуу суут сэтгэгч, даян дэлхийн философийн сэтгэлгээний дээд оргил болгож чадсан билээ. Гүн гүнзгий бодож тунгаах талаасаа Марианы хотгор мэт гүн, агуу цар хүрээтэй сэтгэлгээ талаасаа гэвэл Гималайн оргил хэмээн тодорхойлж болох ажээ.

Тэрбээр герман хүмүүс ч гайхан шагшихаар хатуу дэглэмээр өөрийгөө шахан ажилладаг байв. Тэр бүү хэл Кантыг гудамжаар явахад хотын хүмүүс цагаа тааруулдаг ёс хүртэл тогтсон гэдэг. Нэг ёсондоо тэрээр хэт аскетик буюу амьдралын тав тухыг үл тоогч, эгэл амьдралыг шүтэгч, өөрийгөө хэт хатамжлагч ч байсан гэхэд болохоор. Түүхэн сурвалжуудад түүнийг бие бялдрын талаасаа чийрэг нэгэн биш авч чанд хатуу дэглэмийнхээ ачаар элдэв өвчин зовлонгоос ангид байж чадсан хэмээн өгүүлсэн нь бий. Кант “Sapere aude! буюу өөрийн оюун ухааныг ашиглах эр зоригтой бай” гэдэг соён гэгээрлийн гайхамшигт уриатай байлаа. Хүн бүр ийм уриагаар ажилладаг бол гэж ч бодохоор. И.Кант ёс зүйн сургаалдаа хүн гэгчийг “Хүн бол үзэгдэл юм. Хүн бол өөртөө байгаа юм” гэж авч үздэг. Яг эндээс хөөж үзвээс “Шашин бол өөрийн агуулгаар ёс суртахуунаас юугаараа ч ялгагдахгүй“ гэж дүгнэсэн байдаг. Эндээс үргэлжлүүлэн “Хичнээн ч бай хамаагүй, юуны тухай ч бай хамаагүй эргэцүүл, харин захирагд” гэх сонирхолтой гаргалгааг хийсэн байдаг.

И.Кант улс төрийн байр суурь талаасаа соён гэгээрэхүйн дээд уламжлалын либерал үзэлтэн байсан бол шашны үзэл талаасаа протестант байр суурьтай байсан гэж ном сударт үлджээ. Тэрээр Францын хувьсгалыг дэмжин, Бүгд найрамдах үзлийг дэмжиж байж. Философийн суут бүтээлүүдээрээ алдар хүндийн оргилд хүрсэн бол хэзээ ч эд баялагт шунан дурлаагүй. Түүний бүтээлүүд ер нь маш их өргөн хүрээг хамардаг бөгөөд тэр болгоноороо тогтсон хугацаанд лекц уншдаг, хүмүүсийн хувьд шүүмжлэлт философи нь ихээхэн сонирхлыг нь татдаг байж.

Кантын философи нь нэг талаасаа эмпирицизмийн эрс байр суурь, нөгөө талаас Декартын рационализмын төрөлхийн зарчим хоёрын дунд тэнцвэр барьдаг гэж онолын хувьд үздэг юм байна. Ерөөсөө Кантын онол нэн хүнд, асуудлыг олон байдлаар гаргаж ирдэг бөгөөд туршлагыг мэдлэг болгон хэлбэржүүлэхийн тулд оюун санааны гаргаж ирсэн оюун ухааны ерөнхий ойлголтуудыг Аристотелийн нэр томьёог ашиглан категори хэмээн нэрлэжээ.

XIX зууны эхний хагаст Германы философид хоёр чиглэл онцгойрон ялгарч байсны нэг И.Кантын философи гэж үздэг. Тэрээр нэг талаараа XVIII зууны сочн гэгээрлийн философийг оргилд нь хүргэсэн. Нөгөө талаараа XIX зууны Германы сонгодог идеализмыг үндэслэсэн сэтгэгч хэмээгдэн эх сурвалжуудад өгүүлсэн байх юм. Харин нөгөө чиглэл нь тууштай идеалист философи юм. Ер нь Кантын философи дэвшүүлсэн асуудал, нэр томьёо аль аль нь ихээхэн хүнд ярвигтай, мэргэжлийн хүнд л ойлгогддог гэж мэргэжлийнхэн бичсэн нь байдаг. Тэрээр нийгмийн ухааны салбарт ч өөрийн хувь нэмрээ асар ихээр оруулсан юм. И.Кантын философи тухайн цаг үеийнхээ философи сэтгэлгээний хөгжилд хүчтэй нөлөөг үзүүлсэн төдийгүй өнөөдрийн хүн төрөлхтний оюуны санааны амьдралд чухал нөлөө үзүүлсээр байгаа билээ.

l Гэгээрэл бол юм мэддэггүй, аливааг ухаж ойлгох тэнхэлгүй, бусдын үгэнд автамхай, оюун санааны сул дорой байдлаас гарах боломж юм. Өөрийгөө жолоодох чадваргүй, бусдын мэдэлд орох явдал хүмүүний өөрийнх нь буруугаас эх үүдэлтэй, гэгээрч боловсроогүйн илрэл болой. Хүнд оюун ухаан дутсанаас бус, харин байх ёстой шийдмэг чанар, бэрхшээлийг даван туулах зориг тэвчээр дутсанаас тийнхүү өөрийн мэдэлгүй бусдаар удирдуулж, бусдад хөтлөгдөж явахад хүрдэг. Зориг зүрх гаргаж өөрт заяагдсан оюун ухаандаа эзэн болооч.

l Шинжлэх ухаан бол зохион байгуулалттай мэдлэг, мэргэн ухаан бол зохион байгуулалттай амьдрал юм.

l Агуулгагүй бодол хоосон, үзэл баримтлалгүй зөн совин сохор болгоно.

l Бүх сайн номнуудыг унших нь олон зууны шилдэг оюун ухаантай ярилцахтай адил юм.

l Амьтанд муу ханддаг хүн хүмүүстэй харьцахдаа мөн л бүдүүлэг ханддаг. Бид хүний зүрх сэтгэлийг амьтанд хэрхэн хандаж байгаагаар нь дүгнэх боломжтой.

l Төлөвшөөгүй байдал гэдэг нь оюун ухаанаа бусдын удирдлагагүйгээр ашиглах чадваргүй байдал юм.

l Гэгээрэл гэдэг нь хүнийг төлөвшсөн төлөвшлөөс ангижруулах явдал юм.

l Бодож зүрхэл!

l Хүн түүний ёс суртахууны дэвшлийн чадавх байхгүй бол бүх бодит байдал зүгээр л элсэн цөл, хий хоосон зүйл байх бөгөөд эцсийн зорилго үгүй болно.

l Инээд бол гэнэтийн өндөр хүлээлт юу ч биш болж хувирсны үр нөлөө юм.

l Эмэгтэй хүн эрэгтэй хүний өөрийгөө хянахыг хүсдэг.

l Гэгээрэл гэдэг нь хүний цөөнхөөс өөрөө гарах явдал юм.

l Эмэгтэйчүүд үнэ цэнэтэй, бусдаас ялгарах, чимэглэсэн бүх зүйлсийн талаар ямагт хүчтэй мэдрэмжтэй байдаг.

l Худал хуурмагийн улмаас эр хүн өөрийн нэр төрийг үгүй хийх боломжтой байдаг.

l Чадварлаг болох алхмыг хүн төрөлхтний ихэнх хэсэг нь туйлын аюултай гэж үздэг.

l Бидний бүх мэдлэг мэдрэхүйгээс эхэлж, тэгээд ойлголттой болж, оюун ухаанаар төгсдөг. Үндэслэлээс илүү өндөр зүйл гэж үгүй.

l Бидний бүх мэдлэг туршлагаас эхэлдэг гэдэгт огтхон эргэлзэхгүй байна.

l Аз жаргалын дүрмүүд: хийх зүйл, хайрлах, найдах зүйл.

l Хүн угаасаа түүхий, зэрлэг амьтан тул сахилга баттай байх ёстой.

l Байх нь хийх гэсэн үг юм.

l Таны үйлдэл бүр бүх нийтийн хууль болох гэж байгаа юм шиг амьдралаа өнгөрөө.

l Итгэл үнэмшилд зай гаргахын тулд би мэдлэгээсээ арилгах хэрэгтэй байв.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаан бич өдөр

Аргын тооллын долдугаар сарын 11, Адъяа гариг. Билгийн тооллын 1, Найралт эх одтой, цагаан бич өдөр. Өдрийн наран 5:05 мандан, 20:51 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Даяар дуурсагдах далай даян, дархан аварга Б.Бат-Эрдэнэ: Баримталсан зарчимтай, түүндээ үнэнч байх нь миний амьдралын дүрэм

Цагийг эзэлсэн их аварга Бадмаанямбуугийн БатЭрдэнэтэй ярилцлаа.


Ер нь таньгүй наадам гэж байдаггүй байлаа. Та монгол төрийн наадамд 12 удаа түрүүлж байсан. бүрМонголд улсын наадам гэж болдог юм байна. Түрүүлсэн бөхдөө батЭрдэнэ гэж нэр өгдөг юм байнагэдэг хошигнол хүртэл гарсан байдаг. Та цагийг эзэлсэн их хүчтэн. Энэ жил наадам хийхгүй байгаа нь сонин байна. Түүхт их ойгоороо өнжиж болдог юм уу?

-Дайн дажинтай энх тайван бус цагт ч бид наадмаа цуцалж, хойшлуулж байсан удаагүй.Гэхдээ Монгол Улсад цар тахал бүртгэгдсэнээс хойш олон мянган хүн халдвар авч, олон зуун эрдэнэт хүний амь нас эндсэн эмгэнэлтэй үйл явдал тохиож байна. Энэ бүхэнтэй холбоотойгоор баяр наадмыг хойшлуулах шийд гарсан. Уг нь эхлээд цахимаар баяр наадмыг тэмдэглэх шийдвэр гарсан байсан. Бид дорно дахины ард түмний хувьд Япончуудаас жишээ татах нь элбэг. Япон улс цар тахал гарсантай холбоотойгоор дэлхийн улс түмнүүдийн эв нэгдлийн их баяр наадам олимпын тоглолтыг нэг жилээр хойшлууллаа. Тэгсэн хэрнээ өөрийнхөө уламжлалт мэргэжлийн сумо бөхийн тэмцээнүүдээ тасралтгүй цахимаар зохион байгуулж байгаа юм. Энэ бол үндэсний уламжлалт өв соёл гэдэг тухайн улсдаа ямар үнэ цэнэтэй зүйл болохыг илтгэн харуулж байгаа зүйл л дээ. Монгол бөх, сур, морь монгол наадам бол ард түмний бүтээсэн өв соёл. Энэ соёл нь үнэ цэнэтэй өв уламжлалыг, сайхан зан суртахууныг хадгалсан байдгаараа их онцлог.

Дорно дахины ард түмэн тэр дундаа монголчуудын бүтээсэн ахуй, соёл гэдэг бол хүний дотоод сэтгэл оюунтай гүнзгий барилдуулсан байдаг. Би энэ талаар твиттер, фэйсбүүкээр бичдэг. Гэвч харамсалтай нь энэ чиглэлийн ойлголттой залуу үе их ховор болсон юм байна лээ. Монголчуудын бүтээсэн өв соёл, ахуй амьдрал, зан заншил гэдэг бол хүний дотоод сэтгэл оюун, хүн байх эрхэм нандин чанар, ёс суртахуунтай холбогдуулж өгсөн байдаг. Өглөө босоод цайгаа чанах, цайныхаа дээжийг өргөх, эрдэнэт мал сүргээ бэлчээх, гэрээ барих, нүүдэл суудал гээд бүгдээрээ хүний дотоод сэтгэл оюунтай нь, ёс билэгдэл, хүн чанар, хүнлэг, энэрэнгүй ёс, энэрэл хайр, бусдыг хүндэлж, туслах зэрэг сайн зан суртахуунтай уялдуулсан байдгаараа их онцлог. Энэ чанар, өндөр ёс суртахуунаараа монголчууд дэлхийн бодлогыг тодорхойлж байсан түүхтэй агуу үндэстэн шүү дээ. Энэ чиглэлийн түүх эх сурвалжийг нь үзвэл зөвхөн монголчууд бид ингэж дүгнээд байгаа төдийгүй олон улсын монгол судлаач эрдэмтэд олон жилийн судалгааны үр дүнд монголчуудын дэлхийд хүчирхэг байсны үндэс нь өндөр ёс суртахуундаа байсан юм байна гэж тогтоосон байдаг. Тэгэхээр монголчууд үнэ цэнэтэй зан суртахуун, хүн чанар, ёс суртахуунаа өөрийн бүтээсэн өв соёл, ахуй бүх зүйлдээ шингээж өгсөн байна гэсэн үг. Түүнийгээ дараа үедээ өвлүүлж ирсэн уламжлалтай улс.

Бид бүтээсэн өв соёлоороо дамжуулан хойч үеээ бэлтгэж ирсэн уламжлалтай. Жишээлбэл, монгол бөхөөр дамжуулж сайн эцэг, айл гэрийн ноён нуруу, төр улсын түшиг тулгуур монгол эр хүнийг бэлтгэж ирсэн. Өвөг дээдэс маань монгол эр хүнийг багаас нь эрүүл чийрэг хатуужил тэвчээртэй болгож, ажилсаг хөдөлмөрч чанарт сургаж энэ явцдаа хүмүүнлэг ёс, сэтгэлийн боловсролыг хамт олгож иржээ. Монголчууд бөх түвшин бол эр түвшин эр хүн түвшин бол гэр түвшин, гэр түвшин бол төр улс түвшин байна гэж үзэж ирсэн. Ямар нэгэн бөх авиргүйтэж, элдвийн зүйлд холбогдсон бол хүмүүс “Бөх хүн байж арай ч дээ” гэдэг. Энэ уламжлал одоо ч хэвээрээ. Байгалиас заяасан бие бялдар, үзүүлсэн амжилт, алдар цол бол бөх хүний бүрэн үнэлгээ биш. Монголчуудын үнэ цэнэтэй зан суртахуун, соёл уламжлал, ёс суртахууныг хадгалж, харуулж чадаж байна уу, бусдад үлгэрлэж чадаж байна уу гэдгээрээ үнэлэгдэж ирсэн. Тэгэхээр Б.Бат-Эрдэнийн улсын наадамд олон удаа түрүүлсэн нь хувь хүний нэг л үзүүлэлт. Хамгийн гол нь соёл, зан суртахуун, бөхийн жудаг ёсыг хадгалж харуулж чадсан уу, тээж дараа үедээ өвлүүлж чадсан уу гэдгээрээ л үнэлэгдэнэ. Түүнээс биш 12 удаа төрийн наадамд түрүүлэхдээ, найман удаа завсаргүй түрүүлсэн, сар шинийн барилдаанд 13 түрүүлсэн, 11 удаа завсаргүй түрүүлсэн нь хоёрдугаар зэргийн асуудал.


Тийм л дээ. гэхдээ та их даруу зан гаргаж байна. Монгол төрийн наадамд 12 түрүүлнэ гэдэг бол бөх хүн бүрийн үзүүлж чадах амжилт биш шүү дээ. Домогт Баянаа аварга 10 түрүүлсэн байдаг. Энэ хариулт монгол бөхийн ёс жудаг, журмыг хадгалж, үлгэрлэж байгаагийн тань илрэл юм болов уу гэж бодож байна. Уг нь гаргасан амжилтаараа аархаж болно оо доо. гэтэл танаас тийм хандлага гарахгүй юм?

-“Даахин дор хүлэг, дахан дор эр” гэж үг бий. Тиймээс монголчууд даруу төлөв байхыг чухалчилдаг үндэстэн. Морь, бөх гэдэг бол их өрсөлдөөн. Энэ их өрсөлдөөн дунд монголчуудын эрхэм дээд зан суртахуун, даруу төлөв байдлыг хадгалж чадаж байна уу гэдгийг их хардаг. Монгол бөх хүнд хаана ч баримталж явах ёстой ёс жаяг гэж бий. Харин түүнийгээ хадгалж явж байна уу гэдэг их чухал. Бид тэр л сургаалаар хүмүүжсэн учраас анх улсын цол авахаас эхлээд төрийн наадамд 12 удаа түрүүлэхдээ төлөв төвшин л байхыг чухалчилж ирсэн. Тиймдээ ч намайг төрийн их наадамд түрүүлчихээд янз бүрээр гар хуруугаа гозолзуулж эргүүлээд, нударга зангидаж харуулах ч юм уу монгол бөхийн ёс уламжлалаас гажууд үг, үйлдэл хийж байхыг үзээгүй байх. Одоо бол дэвжээн дээрээ сөхрөх, тэрийж хэвтэх зэргээр барууны спортын тамирчид шиг үйлдэл гаргах юм. Уг нь ийм үйлдлийг монгол бөхөд зөвшөөрдөггүй юм. Монгол бөхөд, монгол бөхийнхөө, эр хүнийхээ ид хав давсан түрүүлсэн баяр бахдал, хийморь, цог золбоог илэрхийлэх боломж хангалттай бий. Тэр хэмжээнээс хэтрүүлж болохгүй. Ийм л ёс уламжлалтай гэж сургаж байсан учраас тэр уламжлалаа өвлөсөн.

Энэ ёс уламжлалыг та хаанаас мэдэж авсан юм бэ?

-Аав маань намайг дагуулаад сум, аймгийн наадам үзүүлдэг байлаа. Хуучны сайхан бөхчүүдийн талаар хууч домог ярьдаг байсан нь одоо бодоход монгол бөхийн уламжлалаар хүүгээ эр хүн болгож төлөвшүүлэх үүднээс ярьдаг байжээ. Хүүхэд байхдаа харах юмсан гэж мөрөөдөж явсан сум, аймгийн цолтой тэр олон бөхчүүд монгол бөхийнхөө жудгийг хадгалсан тухайн орон нутагтаа, их нэр хүндтэй, олны тусыг хичээдэг, түмнийхээ хайр хүндэтгэл хүрээллийг олсон сайхан хүмүүс байжээ. Хэрвээ ажилгүй, арчаагүй, агсам согтуу тавьдаг, хүнтэй нөхөрлөж чаддаггүй байсан бол юу гэж сум орон нутгийнхан нь хүндэлж дээдлэх вэ. Яах гэж хүүхдээ дагуулж очиж барилдаануудыг нь харуулах вэ дээ. Аль болох хол байлгахыг л бодно шүү дээ. Тэгэхээр дээр үеийн сайхан бөхчүүд жудаг, зан суртахуунаа хадгалсан хүмүүс байсан учраас бидний үеийнхэн тэр хүмүүсийг дагаж үлгэрлэж өссөн гэж боддог. Хэдэн зуунаараа бөхчүүд жудаг ёсыг үлгэрлэж үүрэг хариуцлага хүлээж соёлынхоо өвийг тээж дараа үедээ өвлүүлж ирсэн уламжлалтай юм байна лээ.

Манай “Хүч” нийгэмлэгийн олон сайхан бөхчүүд байна. Улсын заан Д.Мягмар, Р.Давааням, Д.Сэрээтэр багш, Нацагдорж багш, Б.Гэлэг багш Д.Дашжамц багш миний дээд үеийн, миний үеийн, миний дараагийн үеийн бөхчүүд маань байна. Мөн “Хүч” нийгэмлэгийн бэлтгэл сургуулилтад гарч байсан Сүүж уулын амралтад өөр аймгийн олон бөхчүүд ирдэг байлаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн морьт Пүрэвээ гэж улсын начин хүн манай цагдаагийн байгууллагад ажилладаг байсан. Энэ сайхан бөхчүүд маань зөндөө зөвийн үлгэрлэлтэй. Үг хэлсэн ч тэр, үйл хөдлөл ч тэр бүх зүйл нь залуучууддаа үлгэрлэхүйц сайхан хүмүүс байж дээ гэж боддог.

Сүүлийн үед бөхийн бай шагнал нэмэгдсэн. гэтэл иргэд шүүмжлэх болж

-Ер нь монгол бөхчүүд үеийн үедээ улс нийгэмдээ тустай ажил хөдөлмөр эрхэлж амьдрал ахуйгаа авч явсан уламжлалтай. Бай шагналын хувьд хүний дотоод сэтгэл оюуныг нь эвдэх, ямар нэгэн унал шуналыг нь хөдөлгөх бэлэг өгч байсангүй. Тийм учраас бөхчүүд эр хүний, монгол бөх хүний ид хав, цог золбоо, жудаг чанарыг үлгэрлэж манлайлж үзүүлэх болохоос бус алдар цол бай шагнал шимтэж яваагүй уламжлалтай юм байна лээ.

Та 1985 онд улсын начин, 1986 онд улсын заан цол авсан. 1987 онд заан цолоо бататгаж шөвгийн дөрөвт Цэрэнтогтох аваргад өвдөг шороодож байсан. 1988 оноос хойш 2000 он хүртэл улсын наадамд тасралтгүй түрүүлсэн. Та хуучны сайхан дурсамжаасаа хуваалцаач. Ер нь та улсын наадамд яг хэдэн онд зодоглож байв?

-Намайг хүүхэд байхад аймгийн төв дээр найман жилийн сургуулиудын спортын өдөрлөг зохиодог байсан. Энэ тэмцээнд өсвөрийн бөхийн барилдааны төрөлд оролцож 20 хүүхдээс 15-д нь унаж, тав даваад 15 дугаар байрт орж байлаа. Дараа нь долдугаар ангид байхдаа Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын наадмаар анх зодоглосон. Наадамд зэргэлдээ Баянмөнх сумын бөх сумын начин н.Батмөнх гэдэг хүний аманд гарч ингэж наадамд анх гарч байсан. Тэр наадмынхаа дэвжээг би их хүндэтгэдэг. Манай нутгийнхан ч Б.Бат-Эрдэнэ дархан аваргын маань анх зодоглосон наадмын талбай гээд их билэгшээнэ. Өнөөдөр сумын төв хичнээн өргөжиж байгаа ч наадмын талбайг яг тэр буурин дээр нь байлгадаг. Өмнөдэлгэр сум мөн адил. Ес, аравдугаар ангидаа ээжийнхээ төрж мэндэлсэн Өмнөдэлгэр суманд шилжиж суралцсан. Есдүгээр ангидаа сумын наадамд гарч амжаагүй. Ээж маань наадмын гоёлын даалимбан дээл урлаж байсан. Наадмын өдөр тэр дээлийг маань оёж арай дуусаагүй байсан болохоор сумын наадамд очиж барилдаж чадаагүй юм. Наадмын маргааш өдөр нь шигшээ барилдаан болоод. Уг барилдаанд үзүүрт үлдэж байлаа. Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд би 10 дугаар ангидаа Хэнтий аймгаас ирж оролцож 4 дүгээрт байрт орж байсан. Тэр тэмцээнээс 1964 оны луу жилтэн олон хүчтэнүүд төрөн гарсан.

Та аравдугаар анги төгсөөд ЗХУд Дотоод яамны сургуульд явах хуваарь авсан гэдэг

-Гадаад дотоодын цэргийн сургуульд явуулахдаа эцэг, эх удам судрыг нь судалж, судалгаанд хамрагдсан хүүхдүүдийг нэг жил цэргийн алба хаалгаж дахин шалгалт аваад тус тусынх нь сургуульд явуулдаг нарийн журамтай байсан. Би ес, аравдугаар ангидаа судалгаанд хамрагдаж аравдугаар ангиа төгсөөд нэг жил цэргийн алба хаагаад шалгалтдаа орох болсон. Миний багш Бандийн Гэлэг гэж хүн байлаа. ЗХУ-д сургууль төгссөн. ЗХУ-ын спортын мастер, байлдааны самбо бие хамгаалах урлагийн төрлөөр цэргийн сургуулиудад багшилдаг хүн байсан. Манай багш тэр үед намайг явуулаагүй. “Чамд спортын жаахан авьяас байна, энэ авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй. Түр хүлээзнэ” гэж зөвлөсөн. Би ч багшийнхаа зөвлөгөөг дагаж сургуульдаа явалгүй, “Хүч” нийгэмлэг дээр хичээллэж, зэргэцүүлээд улсын шигшээ багийн нөөцөнд бэлтгэл хийдэг байсан.

1983 онд Хэнтий аймгийн түүхт 60 жилийн ой болсон. Миний амьдралын багш Монгол Улсын ардын багш, олимпын анхны мөнгөн медальт, Улсын өсөх идэр начин Цэндийн Дамдин багш маань намайг авч явж Хэнтий аймгийнхаа баяр наадамд 1983 онд барилдсан. 1984 онд анх удаа улсын наадамд зодоглож гурав даваад дөрвийн даваанд Д.Цэрэнтогтох аваргад өвдөг шороодож байлаа. 1985 онд гурвын даваанд Цэргийн арслан Д.Бадрахтай таарсан. Самбо, жүдогийн шигшээ багийн тамирчин, сүүлд улсын начин болсон, Бид тухайн үед цэргийн арслан цолтой байсан. Д.Бадрах начингаа давчихаад байж байтал дөрвийн даваанд Ө.Тулгаа заан намайг амлан авч, би өвдөг шороодуулсан. Тавын даваанд О.Балжиннямтай барилдаад улсын начин цол авч байсан. Ер нь тэр жилийн наадамд дээгүүр барилдана гэсэн тааварт байсан хоёр хүчтэнүүдийг давж, тав даваад зургаагийн даваанд мөн тэр жилийнхээ наадамд түрүүлж улсын арслан цол хүртсэн Б.Ганбаатар начинд өвдөг шороодож байлаа. Бид ялгаагүй улсын шигшээ багийн тамирчин байсан.

1986 улсын заан цол авсан. Мөн Ганбаатартайгаа таарч тунаж барилдаад улсын заан цол авсан. 1987 онд дахин Улсын заан цолоо бататгасан. Хоёр удаа улсын заан цолоо баталж тунаж барилдахдаа би тэр үеийн их хүчтэн дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох аваргад хоёр жил дараалан унаж байсан түүхтэй. 1988 онд шөвгийн дөрөвт үлдээд алдарт дархан аварга Хорлоогийн Баянмөнх аваргыг давж, Дархан аварга Цэрэнтогтох аваргатай үзүүр түрүүнд үлдэж давсан. 1989 онд Балжинням аваргатай үзүүр түрүүнд үлдэн түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1990 онд мөн л Дашдоржийн Цэрэнтогтох дархан аваргатайгаа үлдэж даян аварга цол авсан. 1990 оныхоо найман сард монголчууд шинэ нийгмийн харилцаанд шилжиж үндэснийхээ өв уламжлал, соёл ухамсар сэргэсэн жил “Монголын нууц” товчооны 750 жилийн ой Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд болсон даншиг наадамд түрүүлж дархан аварга цол хүртэж байлаа. Нэг жил даян, дархан аварга болж байлаа. 1991 онд дөрөвт үлдэж Сүхбат гарьдад өвдөг шороодож, 1992 оноос хойш тасралтгүй найман жил түрүүлсэн. “Монголын нууц товчоо”-ны түүхэн ойг оролцуулаад 12 удаа Монголын төрийн наамдамд түрүүлжээ.

Ардын хувьсгалын 70 жилийн ойн их баяр наадмын талаар танаас асуумаар байна. Та их шөвөгт П.Сүхбат гарьдтай барилдаад этүүлж унасан. Тэр барилдаан өнөөг хүртэл дурсагдсаар байдаг. Яг энэ мэхийг Эрдэнэбат заанд зориулан бэлтгэж байсан талаараа П.Сүхбат гарьд дурссан байдаг. Та тэр мэхийг тооцоолоогүй юу?

-Тооцоолоогүй. Есөн даваатай наадмын түрүүг авах бол бөх хүний том зорилго. Гэхдээ тэр зорилгоосоо өмнө нэгийн даваанаас таарах учраа болгоныг тооцож барилдах ёстой байдаг. Сүүлд нь эргээд бодоход түрүүлнэ гэж хэт итгэлтэй байснаас тийм том алдаа гарсан байна гэж боддог. Наймын даваанд барилдахдаа дараагийнхаа давааг бодож байсан байна аа гэж боддог. Эрдэнэбат заан, самбын шигшээ багын тамирчин байсан. Самбо барилдааны үндсэн мэх нь гар таллаж татдаг барилдаан байдаг. Тиймээс П.Сүхбат гарьд Эрдэнэбат заанд гар таллаж татвал ийм мэх хийнэ гэж бэлдэж байсан юм байна лээ. Гар таллаж барилдах нь бас адилхан миний үндсэн барьц барилдаан байсан. Ингээд Эрдэнэбатад бэлдсэн мэхэнд орж унасан түүхтэй.

Танаар хуучны домог болсон бөхчүүдийн талаар яриулмаар байна. Б.Түвдэндорж аварга, Батсуурь аварга, ЧимэдОчир аварга гээд алдарт аваргуудыг та харж байсан болов уу. Энэ алдарт аваргуудын тухай ярьж өгөхгүй юу. Танд юу зөвлөж байв?

-Хэнтий аймагт босоо Г.Самдан аварга гэж домогт их бөх байлаа. 1925 оны Ардын хувьсгалын наадамд түрүүлж улсын аварга болсон. Улсын анхдугаар аварга хүн. Тэр үед улсад Босоо Г.Самдан, Босоо С.Шагдар гэж хоёр хүн байсан юм. Босоо гэдэг нь өвдөг шорооддоггүй, унадаггүйг нь хэлж байгаа юм шүү дээ. Нутгийнхан Босоо Самдан аваргын хүч тэнхээ, жудаг, хүнлэг сэтгэлийн талаарх их сайхан түүх домгууд хуучилцгаадаг. Тухайлбал, аян жин тээж явахад нь оросын цэргийн цуваа хажуугаар нь давхиж өнгөрөхдөө тэмээг нь тасдуулчихаж. Тэгсэн босоо Самдан аварга Оросын цэргийн цувааны даргын машиных нь тэвшний хашлаганаас нь татчихсан чинь нөгөөх нь ханз үсэрчихсэн гэдэг. Ингээд цэргийн дарга бууж ирээд орчуулагч нь хүлцэл өчиж байсан гэх мэтээр их сайхан домог түүхийг хэлдэг. Энэ бүхэн балчир хүүхдүүд бидний сэтгэлд монгол бөх гэдэг ямар сайхан юм бэ, бөх хүн гэдэг ямар гайхалтай байдаг юм бэ гэсэн далд ухамсрыг сэрээгээд байдаг байсан байна гэж би боддог. Хотод ирээд би Цэвээнравдан аварга, Чимэд-Очир аварга, Батсуурь аварга, Түвдэндорж аваргыг цухас зэрвэсхэн харсан. Би барилдаж байхыг нь хараагүй. Сүүлд төв цэнгэлдэх дээр нэгэн тэмдэглэлт баяр болоход Батсуурь аварга, Түвдэндорж аварга хоёрт зодог шуудаг өмсгөх хэрэг гарсан. Тухайн үед нас сүүдэр 70 нэлээд дөхсөн байсан болов уу. Түвдэн аваргад таарах шуудаг олох хэрэг гарсан. Бидний барилдаж байсан тэр үеийн бөхчүүдээс Давааням заан гэж хөл, гуя томтой бөх байсан. Тиймээс Давааням зааныхаа шуудгийг авч ирээд өмсгөх гэсэн багтдаггүй шуудгийг нь тал талаас нь баахан чангааж татлаа. Тэгсэн Түвдэн аварга “Заа яахав хүүхдүүдээ тэгэс гээд болно” гэж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Агуу сайхан аварга байсан даа.Ингэж Б.Түвдэндорж аваргыг харж байлаа.

Тэрнээс хойш Дамдин аварга, Цэрэн аварга, хоёр Мөнх аварга гээд сайхан аваргуудтай уулзаж байсан. Мөнхбат аваргатай би барилдаж үзээгүй. Баянмөнх аваргатай барилдаж байсан. Дамдин аварга, Цэрэн аваргын үг сургаалыг нь сонсож, уулзаж учирч байсан. Үглэж дуулаад байхгүй л дээ. Гэхдээ хэлж байгаа үг, үлгэрлэж байгаа байдал гайхамшигтай. Хад аваргатай олон удаа барилдаж байсан. Цэрэнтогтох аваргатай барилдаж байсан түүхээ дээр ярилаа. Энэ сайхан аваргуудынхаа нөмөр нөөлөг, буян хишгийг нь хүртэж явлаа. Сүүлд Цэрэнтогтох аварга, Мөнхбат аваргынхаа буяных нь ажилд биеэрээ оролцсон. Монгол бөхчүүд бид өөр хоорондоо торгон зодогны ахан дүүс хэмээн бие биенээ хүндэлж ирсэн сайхан уламжлалтай. Энэ ёсоо одоо ч алдаагүй байх гэж бодож байгаа. Миний дараа үед төрсөн хүчит бөхчүүд намайг өөрийн төрсөн ах шигээ бодож байгаа гэдэгт би эргэлздэггүй. Би эдгээр сайхан аваргуудыгаа өөрийн ах мэт хайрлаж, хүндэлж ирсэн.

Та улсын заан Барамсай гуайн хүргэн. Бас л сайхан бөх гэж олонд хүндлэгдэж, хайрлагдсан бөх. Та хадам аавынхаа талаар дурсахгүй юу?

-Хэнтий аймгийнхаа нэрийг гаргаж байсан хүн шүү дээ. Улс хувьсгалын 40 жилийн ойгоор зургаа давж шууд улсын заан болсон хүн. Хүүхэд байхаас л нутгийнхан Барамсай зааныг их ярьдаг. Тиймээс Барамсай зааныг харах юмсан гэж боддог байсан. “Хүч” нийгэмлэгт байхад 1985 оны намар Дамдин багш маань намайг дуудаад “За аймгийн төв явна аа. Аймагт очиж барилдаан зохион байгуулна. Нутгийн Барамсай заан зодгоо тайлж чамд өгнө. Чамайг ирээдүйтэй гэж үзэж өөрийнхөө дараагийн бөх болно гээд зодгоо тайлж өгч байгаа юм. Их хариуцлагатай барилдаан болно шүү” гэсэн. Тэр үед аавын маань бие нь тааруухан байсан. Ааваас асуугаад зөвшөөрөхөөр нь явсан. Ингэж анх удаа Барамсай зааныг харж байлаа. Тэр ёслолын барилдааны гурвын даваанд намайг амлаж аваад зодог шуудгаа тайлж өгсөн. Барамсай зааны охин миний гэргий Болормаа Бандихүү гээд айлд үрчлэгдсэн хүн шүү дээ. Хадам аав маань жолооч хүн байсан. Тээвэрт олон удаа хамт явсан. Манай хадам аав их хөдөлмөрч, шуурхай, цагаан цайлган, шударга зантай, эр хүний сайхан зан суртахууныг хадгалсан сайхан хүн байсан даа. Ноднин Хэнтий аймгийн Батноров сумын ИТХ, Засаг дарга Тайванжаргал иргэдийн хурлаар шийдвэр гаргаж шинэ баригдсан спортынхоо заалыг зааныхаа нэрэмжит болгосон. Тиймээс бид гэр бүлээрээ 2020 онд заалныхан өмнө гэрэлт хөшөө босгосон.

Ерөнхийлөгч Х.Баттулга буухдаа Н.Адъяабат, н.Суманчулуун нарт начин цолыг нь нөхөж өгсөн мөртлөө гол анхаарлын төвд байсан Оюунболдын асуудалд гараа дүрсэнгүй. Чихгүй юм шиг хажуугаар нь өнгөрлөө. Одоо Оюунболдыг яах вэ гэдэг асуудал олны анхаарлын төвд байна?

-Бидний үеийн бөхчүүдийн урдаа тавьсан хамгийн том зорилт бол олимпын спортын төрлүүдэд амжилт үзүүлэх явдал байлаа. Би тухайлбал самбо, жүдогийн шигшээ багт тасралтгүй бэлтгэл хийнэ. Заалны барилдаан, сар шинийн барилдаанд зодог шуудаг өмсөж бэлтгэл хийх цаг гардаггүй байлаа. Жүдо, самбынхаа бэлтгэлийг хийж байгаад л сар шинийхээ барилдаанд зодоглодог. Наадмын үед бол цөөхөн хоног монгол бөхөөр бэлтгэл хийдэг байлаа. Олимпын спортын төрөлд амжилт гаргах зорилготой байсан болохоор өндөр ачаалалтай, их багтаамжтай бэлтгэл хийдэг байсан. Дэлхийн тамирчидтай тэмцээн уралдаанд өрсөлдөнө, хамтарч бэлтгэл хийнэ. Тухайн үед олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнийг одоо бол дэлхийн цомын тэмцээн гэж нэрлэх болжээ. Тэр тэмцээнд эсвэл тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт байрт шалгарвал допингийн шалгалтад ордог байлаа. Тэгэхээр тэр үеийн улсын шигшээ багийн тамирчид багаар бодоход жилдээ гурав, дөрвөн удаа допингийн шинжилгээнд хамрагддаг байсан. Хэрвээ шинжилгээгээр допинг хэрэглэсэн нь тогтоовол хатуу арга хэмжээ авдаг байв. Олон улсын спортын холбооны дүрмээр хатуу арга хэмжээ авч, хэдэн жилээр тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасдаг байлаа. Тамирчин хүн хэдэн жилээр эрхээ хасуулбал их спортдоо амжилт гаргах тухай бодоод ч хэрэггүй. Ийм л хатуу нөхцөлтэй байсан учраас бид допинг гэдэг зүйлээс их хол байдаг байсан. Сүүлийн үед монгол бөхөөр сонирхож хичээллэдэг залуучуудын тоо нэгдүгээрт нэмэгдсэн, хоёрдугаарт, олимпын спортын төрлөөр төдийлөн дагнаж хичээллэж оролцохгүй байна. Тиймээс олон улсын тэмцээн уралдаанд оролцож жилийн дөрвөн улиралд допингийн шалгалтад ордоггүй. Жилдээ ганц удаа улсын баяр наадмаар таваас дээш давбал допингийн шинжилгээ авдаг болчихсон. Ингээд допингийн хор хохирлыг төдийлөн ойлгохгүй байгаатай холбоотойгоор допингийн шалгалтад бүдэрч байна. Нөгөө талаас бай мөрий шагналаас авахуулаад алдар цолонд хүрвэл асар их хангамж авахтай холбоотойгоор ямар нэгэн аргаар даваа авах, эсвэл давааг наймаалцдаг юм уу эсвэл хүч оруулах эм бэлдмэл хэрэглэдэг ч юм уу ямар нэгэн аргаар цол авах гэсэн уралдаанд туйлширч байгаатай холбоотой. Уг нь энэ асуудал Баяр наадмын тухай хуулиар зохицуулагдсан байдаг. Баяр наадмын комисс, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд шийдэгддэг зүйл.

Та УИХд тав дахь удаа сонгогдоод ажиллаж байна. Таныг монгол төрд ч үлгэрлэл болж байна гэж хардаг?

-Бат-Эрдэнэ аварга бидний итгэлийг дааж төрд төлөөлж чадна гэж нутгийн ард түмэн минь таван удаа сонгож өндөр итгэл хүлээлгэлээ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж нийт Монголын ард түмнийхээ өргөн дэмжлэгийг хүлээсэн. Монгол сайхан эх орны минь тусгаар тогтнол бат байж хөгжин цэцэглээсэй. Монголын улс төр цэвэр тунгалаг байгаасай. Улс төрчдийг дэвшүүлдэг, засгийн эрхийг барихад онцгой эрхтэй оролцдог намууд төлөвшөөсэй, Улс төрийн намаас дэвшүүлж сонгогдсон улстөрчид “үг үйлдэл зөрдөггүй “өргөсөн тангарагтай үнэнч чин шударгаар” ажлаасаа гэж боддог. Агуу зүйл энгийнээс эхэлдэг мянган бээрийн аялал нэг алхамаас эхэлдэг. Тийм учраас УИХ-д сонгогдож ажилласан жилүүддээ УИХ-ын ирц, хүний картанд хүрэхгүй, хүний кноп дарахгүй, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх шаардлагыг нөхдөдөө тавьж ирсэн. Энэ 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ-ын нэгдсэн чуулган байнгын хорооны хуралдаан цагтаа эхэлдэг болсон. Өмнөх үе үеийн парламентын хуралдаан дунджаар нэг цагийн хоцролттой эхэлж байсан юм билээ. Энэ нь Монголын төр цэвэр тунгалаг хариуцлагатай шударга ажиллах том эхлэл боллоо.

Аливаа хүнд амьдралдаа болоод ажил албандаа баримтлах зарчим гэж байдаг. Та Сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ч ажилладаг. Таны ажил, амьдралдаа баримталдаг зарим сонирхолтой санагдаж байна. Ямар зарчим баримталдаг вэ?

-Миний хувьд “Амьтны амь хороохгүй, алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй” гэсэн амьдралын зарчимтайүүнийгээ чандлан сахиж ирсэн. Харин улс төрд хөл тавьсан цагаасаа хойш баримтлан, хэлбэрэлтгүй мөрдөж явдаг зарчим маань маш тодорхой.Нэгдүгээрт, Сонгогчид болон бусад хүмүүсийг ялгаварлан харьцахгүйбайх, тэднийхээ зүгээс тавьсан санал, хүсэлтийг хүлээн авч биелүүлэхийн төлөө өөрөөс хамаарах бүхий л арга, боломжоо дайчлан зүтгэх нь миний баримталдаг нэг зарчим. Хоёрдугаарт, Хуулийг чандлан сахихын хамт хурал чуулгандаа тасралтгүй оролцох, хэлэлцэж буй асуудал бүрд идэвх санаачилгатай хандах нь минийбас нэг зарчим.

Гуравдугаарт, Ямар нэг бүлэг, фракцад багтаж, хэн нэг даргыг дагахгүйгээр аливаад өөрийн байр суурьтай байх нь минийнэг зарчим.

Дөрөвдүгээрт, Эрх ашгийн эрэмбийг ягштал баримталж гагцхүү улс, эх орны нийтлэг эрх ашгийн төлөө, байгаль, газар нутгийн бүрэн бүтэн байдал, баялгийн тэгш шударга хуваарилалтын төлөө тууштай тэмцэх нь миний зарчим. Минийбаримталсан байр суурь, чуулган болон байнгын хорооны хурал дээр хэлсэн үг, дэвшүүлсэн санал Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол зэрэг баримт бичигт ч тусгалаа олсон, минийхэвлүүлсэн ном товхимолд ч буй.

Тавдугаарт, Төрийн түшээгээр ажилласан он жилүүдэд хувийн бизнесээсээ бүрэн татгалзаж, төр, ард түмний нэр барьж авсан бонд, Боловсролын сан, ЖДҮХС зэрэг сангуудаас хувьдаа зээл авсангүй, хамаарал бүхий этгээддээ ч зээл авч өгсөнгүй, аливаа төсөл, тендер, концесст оролцсонгүй, төрийн албыг төрлийн алба болгосон томилгоонд хутгалдсангүй, улсын хөрөнгө мөнгийг хэмнэх үүднээс гадаад томилолт авсангүй, тэр ч байтугай албан өрөөндөө шаардлагагүйзасвар хийлгэсэнгүй, амин хувьдаа албаны унаа ч хэрэглэсэнгүй. Энэ бол миний баримталсан чухал зарчим юм.

Зургадугаарт, Төрийн түшээ , олонд түлхүү танигдсан хүний хувьд нийгэмд зөв үлгэр дуурайл үзүүлж амьдралын зүй зохистой хэрэглээтэй байж, өнөөдөр дэлхий нийтээр ярьж байгаа “Минималист” үзлийг олон жилийн өмнөөс ажил амьдралынхаа зарчим болгон хөдөлмөрлөж явна.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Ховд аймгийн малчин Р.Цэрэндоржийг Хөдөлмөрийн баатар цолоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Энэ үеэр Ховд аймгийн Дарви сумын Булаг багийн малчин Р.Цэрэндоржийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.

Р.Цэрэндорж нь социализмын үед Тоосгоны заводод ажиллаж байгаа малчин болсон бөгөөд өдгөө 30 гаруй жил мал маллаж байгаа юм. Тэрбээр 2015 онд Монгол Улсын Аварга малчин, 2020 онд Монгол Улсын хошой Аварга малчинаар шалгарчээ.

Ташрамд дурдахад, Р.Цэрэндорж нь Ховд аймгийн Дарви сумаас “төрсөн” зургаа дахь Хөдөлмөрийн баатар болж байгаа юм.