Categories
мэдээ нийгэм

Хөшгийн хөндийн нисэх буудал долдугаар сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар Хөшгийн хөндийн нисэх онгоцны шинэ буудлын ажилтай танилцлаа.

Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал ашиглалтад орох хугацаа нь ковидоос хамааралтайгаар хэд хэдэн удаа хойшилсон. Одоогийн байдлаар ажил 85.1 хувьтай яваа бөгөөд нээлтийг долдугаар сарын 4-нд хийж, үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Шуурхай удирдлагын төвийг 34 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Энэ төв нь Буян-Ухаагийн үйл ажиллагааг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал руу шилжүүлэх аж. Нүүлгэн шилжүүлэх ажлыг зургадугаар сарын 15-наас эхэлнэ. Буянт-Ухаа дээр байгаа онгоцнуудыг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд байрлуулах гэнэ. Эхний нислэгийг долдугаар сарын 4-ний 11:40 цагт Улаанбаатар-Токио чиглэлд хийхээр төлөвлөжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хугацаандаа нээлтээ хийхийг сануулж, “Үндэсний их баяр наадмаар Монголыг зорих жуулчдын тоо нэмэгдэнэ. Жуулчдыг ирэх боломжийг нь хангаж өгнө. Вакцинд бүрэн хамрагдсан жуулчдыг хүлээж авна. Мөн долдугаар сарын 4-нд онгоцны буудлын нээлт хийнэ гэдгийг олон улсад зарлах хэрэгтэй. Нүүлгэн шилжүүлэлттэй холбоотой санхүүгийн ямар асуудал байна, үүнийг Засгийн газарт оруулаарай” гэсэн юм.

Шинэ нисэх онгоцны буудал 2006 оноос хойш яригдаж эхэлсэн. Ийнхүү 15 жил дуншсан шинэ онгоцны буудал ашиглалтад орж, эдийн засгийн эргэлтэд орох нь. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хөшгийн хөндийн төлөвлөлттэй холбоотой асуудлыг Барилга, хот байгуулалтын сайд Хотын даргатай хамт Засгийн газрын хуралдаанд оруулж, танилцуулаарай. Шаардлагатай тохиолдолд Хөшгийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Улаанбаатар хоттой дүйцэхүйц хэмжээний эдийн засгийн чөлөөт төв бий болох шаардлагатай. Ажлын байр бий болгож, тээврийн томоохон төвүүд байршиж, төлөвлөлтийг нягт хийгээрэй. Барилга, хот байгуулалтын сайд Хотын даргатай ярьж, Төв аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй зөвлөлдөж, эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Нисэх онгоцны буудлын удирдлагууд бусад орны туршлага дээр үндэслэн Засгийн газарт саналаа боловсруулж өгөөрэй. Богдхан төмөр замын ажлыг долдугаар сарын 4-нөөс өмнө эхлүүлж, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэн, 2024 оноос өмнө дуусгах хэрэгтэй. Маршрутыг хувийн хэвшилд тулгуурлаж, хийгээрэй. Тээвэр, логистикийн төв, Улаанбаатар хотод байгаа худалдааны төвүүдийг гаргах эдийн засгийн суурь хөшүүргийг хувийн хэвшилтэй хамтарч хийх шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөлдөх уулзалтыг хийгээрэй. Сангийн сайд, Хотын дарга онцгой анхаарч ажиллаарай. Эхэлж хөрөнгө оруулалт хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд газар олголтын давуу байдал олгох хэрэгтэй. Улаанбаатар хотод байгаа газрыг солих ажлыг Хотын дарга яаралтай төр, хувийн хэвшлийн түншлэл дээр зөвлөлдөх уулзалт хийж, шаардлагатай бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар оруулаарай. Улаанбаатар хотыг тойрсон Их тойруу хурдны замын зургийг Хөшигийн хөндийгөөр дайруулах хэрэгтэй. Улаанбаатар хот руу орохгүйгээр, Хөшигийн хөндий рүү баруун, зүүн талаас нь орж ирэх урсгалыг шийдэх шаардлагатай. Нэг жилийн дотор Хөшигийн хөндийд зөвхөн нисэх онгоцны буудал биш, Монгол Улсын эдийн засгийн чөлөөт бүс болж хөгжих зураг төсөл болон ТЭЗҮ-г гаргаж, хөрөнгө оруулалт татах ажлуудыг хийх хугацаатай үүрэг, даалгавар өгч байна” гэсэн юм.

Үүний дараа Богдхан төмөр зам, Их тойруу хурдны замын Хөшигийн хөндийд тавигдах хэсгийн бэлтгэл ажилтай танилцлаа. Гурван газар цэвэрлэх байгууламж байгуулж, усан сангууд барина гэдгийг албаныхан хэлж байв. Мөн газар чөлөөлөлт хийж, геологийн судалгаа хийх хэрэгтэй байгааг онцолж байлаа. Бохир, дулаан, дэд бүтцийг эхний ээлжид хийж, хэсэгчилсэн төлөвлөлт хийх хэрэгтэй байгаа аж. Ерөнхий сайд “Орон нутгийн иргэд бараа, хүнсээ татах гэж хот руу ордог биш, эндээс бараагаа татдаг болбол хотын түгжрэл тэр хэрээр буурна. Үүнтэй уялдуулж төлөвлөлтөө хийгээрэй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүл ажиллаж эхэллээ

Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг өнөөдрөөс зохион байгуулж байна. Тус арга хэмжээг Туул голд 2012 оноос хойш 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Завьт эргүүл нь Багануур дүүргийн Хэрлэн голын дагуу Дивизийн гармаас Хадан хошуу, Налайх дүүргийн Тэрэлжийн /гарам/ голоос Майхан Уул, Баянзүрх дүүрэг Хар усан тохойгоос Хан-Уул дүүргийн Хадан хясаа хүртэл Туул гол дагуу ажиллах юм.

Алба хаагчид 06 дугаар сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд моторт завь, сэлүүрт завиар иргэдийг голын усанд осолдохоос урьдчилан сэргийлж ажиллана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Өнөөдөр нарны бүтэн болон хагас хиртэлт тохионо

Өнөөдөр буюу зургадугаар сарын 10-нд нарны бүтэн болон хагас хиртэлт тохионо.

Нарны хиртэлт нийслэлд 17:00 цагийн үед үзэгдэж, 18:40 минутын орчимд нарны гадаргын 30-35 хувийн хиртэлт ажиглагдах аж.

Нарыг удаан хугацаагаар харах нь нүдэнд муу учир нар хиртэлтийг харах гэж буй бол хамгаалалтын шил зүүхийг эмч нар сануулдаг билээ.

Categories
мэдээ нийгэм

Батлагдсан тохиолдол 70 мянга хол давж, нас баралт 334 боллоо

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: Сүүлийн 24 цагт 10 мянга орчим иргэнд шинжилгээ хийхэд нийт 1460 иргэнээс халдвар илэрлээ. Улаанбаатарт 955 тохиоллдол, хөдөө орон нутагт 505 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 70 мянга давлаа.Мөн арван иргэн амиа алдаж нийт нас баралт 334 боллоо.

Categories
мэдээ нийгэм

Үерийн ус зайлуулахын тулд Олимпийн гүүрний доод замыг сэтэлжээ

Олимпийн гүүр буюу иргэдийн нэрлэж заншсанаар Замын цагдаагийн газрын урд талын гүүрний доод замыг үерийн усыг зайлуулах зорилгоор сэтэлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн дарга Б.Бум-Эрдэнээс тодруулахад “Тэнд Геодези, усны барилга байгууламжийн газрынхан өчигдөржин ажилласан. Үерийн усны түвшин буурахгүй, борооны усыг гол руу зайлуулах шугамуудаа цохиод Гандигийн гудамж эргээд устай болчихсон. Голыг боогоод байгаа хэсгүүдэд уг нь хоолойтой. Замыг нь сэтэлсэн хэсэгт миний санаж байгаагаар 1000-ын 4 хоолойтой. Гэвч усны зарцуулалтыг дийлэхгүй байгаа юм. Тиймээс замыг сэтлэхээс өөр арга байхгүй болсон. Онцгой байдлын газар дүгнэлт гаргаад өнөөдөр өглөө гүүрний доод талын замыг сэтэлсэн. Замыг хаасан.” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Т.Доржханд: Бид улс төрд ахиц дэвшил авчирсан


Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/-аас Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал хураалттай холбогдуулан өнөөдөр /2021.06.10/ мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болж, ХҮН-ын Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 20.1 хувийн санал авлаа. Харин түүний өрсөлдөгч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нийт сонгогчдын 68 хувь, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгогчдын зургаан хувийн санал авлаа.

ХҮН-ын Удирдах зөвлөлийн дарга Т.ДОРЖХАНД:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр сонгох сонгууль түүхэндээ анх удаа болж, төрийн тэргүүнээ амжилттай сонголоо гэж бодож байна. Энэ удаагийн сонгууль өмнөх 30 жилд болж байсан сонгуулиудаас маш ялгаатай боллоо. Маш зардал багатай сонгууль боллоо. Ерөнхийлөгчийн сонгуульд гурван нэр хүндтэй эрхэм өрсөлдсөн. ХҮН-аас Д.Энхбат өрсөлдлөө. Харамсалтай нь, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа тул хүрэлцэн ирэх боломжгүй байна. Бидэнд саналаа өгсөн 250 мянган сонгогч нартаа талархлаа илэрхийлье. Өнгөрөгч 2020 оны сонгуульд орон даяар оролцож байхад ХҮН-д 209 мянган хүн саналаа өгч байсан бол 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар 250 мянган хүн саналаа өгсөн. Энэ бол биднийг дэмжигчдийн тоо өссөөр байна.

Цаашид Монголын улс төрд шинэ салхийг салхилуулах, эрүүл зөв хүмүүсийг энэ эвслээс цаашид нэр дэвшүүлэх болно.Бодлого, улс төрийн үнэт зүйлээр өрсөлдөж чадна гэдэг итгэл үнэмшлийг авч чадлаа. Ялангуяа гадаад дахь иргэд сонгуульд идэвхтэй оролцлоо. Гадаад дахь иргэдийн 75.4 хувь нь ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатад саналаа өгсөн байна. Энэ удаагийн сонгуулийн маш том онцлог нь манай эвслийн хувьд 1.5 тэрбумын зардал гарсан. Энэ бүх мөнгө хандиваар боссон. Гадаад дахь иргэд хандиваар цугласан. Мөнгөгүйгээр иргэдийн оролцоотойгоор сонгуульд оролцож болно гэдгийг харууллаа. Бид ялагдсан биш Монголын улс төрд ахиц түвшнийг оруулж чадсан.

Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Допингийн эсрэг байгууллагын удирдлага, ажилтнуудыг авлигын хэрэгтэй холбоотой гэж үзэж байна

Монголын Үнэсний Бөхийн Холбооноос Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад хандан дараах шаардлагыг хүргүүллээ.

Шаардлага хүргүүлэх тухай

Монголын Үндэсний Бөхийн Холбоонд улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс “Допинггүй Монгол наадам – Монгол бөх” уриатай албан хүсэлт ирүүлээд байна. Тус албан хүсэлтэд танай байгууллагаас Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээг авсны дараа БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн дээрх бөхчүүдийн шинжилгээний хариуны мэдээллийг дэлгэрэнгүйгээр гаргуулж, авч өгөхийг хүссэн.

Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс шинжилгээг авч, допингтой холбоотой зөрчил гаргасан талаарх мэдээллийг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лаборатори танай байгууллагад ирүүлж, түүнийг нь та бүхэн Үндэсний Бөхийн Салбар Хороонд хүргүүлдэг. Харин зөрчил гаргаагүй бөхчүүдийн мэдээллийг тус салбар хороонд хүргүүлдэггүй байна.

АТГ-аас мэдээлсэн допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн хэрэгт шалгагдсан БТСУХ-ны эмч нар болон гэрчээр татагдаж байсан танай байгууллагын нэр бүхий удирдлага, ажилтнуудыг дээрх хэрэгт холбоотой хэмээн МҮБХ-ны одоогийн удирдлагууд болон олон бөхчүүд үзэж байгаа.

Иймд та бүхэн наадамд шөвгөрч допингийн шинжилгээнд зөрчил гаргаагүй бөхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг хамтран ажилладаг БНСУ-ийн итгэмжлэгдсэн лабораториос 2021 оны зургаадугаар сарын 25-ны дотор гаргуулан өгнө үү.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр заасан хугацаанд мэдээллийг ирүүлэхгүй бол бид танай дээд байгууллага Олон Улсын Допингийн Эсрэг байгууллагад (WADA- World Anti Doping Agency) та бүхнийг спортын авлига, хээл хахуультай холбоотой эсэхийг шалгуулах тухай гомдлыг гаргахаар бэлдсэн байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 1460 хүнээс халдвар илэрч, арван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1460 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн нь 955 Улаанбаатар хотод, 505 орон нутагт тохиолдол байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 70482 боллоо.

Мөн арван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 334 болж байна.

  • 54 настай эрэгтэй
  • 81 настай эмэгтэй
  • 64 настай эрэгтэй
  • 68 настай эрэгтэй
  • 65 настай эмэгтэй
  • 71 настай эрэгтэй
  • 68 настай эмэгтэй
  • 72 настай эмэгтэй
  • 57 настай эмэгтэй
  • 63 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 412 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний 55569 тоо болов.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Асар их луйврын эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ сонгуулийн үр дүнтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ардчиллын туг сүлд нь болж тусгаар Монгол Улсынхаа баталгаа болсон АН-ын үнэнч шударга гишүүддээ баярласан талархсанаа илэрхийлье. Та бид асар их луйврын хар хүчний эсрэг хүчин мөхөсдсөн ч үзэл санаандаа үнэнч үлдэж чадсандаа бахархах ёстой! Та нар маань ардчиллын баатрууд шүү” хэмээн жиргэжээ.

С.Эрдэнийн хувьд нийт сонгогчдын 6 хувь буюу 72569 хүний саналыг авсан юм.

Categories
мэдээ нийгэм

​Энхийг сахиулагчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна


Ажиллагааны газар оронд үүрэг гүйцэтгэж эхэлснээс хойш манай энхийг сахиулагчид НҮБ-ын мандатаар заагдсан үүргийн дагуу цэргийн багийн хариуцлагын бүс нутагт цагийн байдлыг тогтворжуулах, НҮБ-ын хамгаалалттай Дотоодын дүрвэгсдийн хуарангийн аюулгүй байдлыг хангах, НҮБ-ын ажилтан, албан хаагчдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг сахин хамгаалах, баазын харуул, хамгаалалт болон энгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, эргүүл, цувааны хамгаалалтыг зохион байгуулах, цагийн байдлын мэдээ, мэдээлэл олзворлох, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, бүтээн байгуулалтад оролцох зэрэг олон арван ажлыг хийж гүйцэтгэсээр байна.

Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын хүндрэлтэй нөхцөлд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас гаргасан заавар, зөвлөмжийн хүрээнд бие бүрэлдэхүүний халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулан цэргийн сургалт бэлтгэлийг тогтмол зохион байгуулж, бэлэн байдал, бэлтгэлжилтийн түвшингээ ахиулсаар байгаа билээ.

Үүний тод илрэл нь “Юнити” секторын штабаас улирал тутам явуулдаг бэлэн байдлын шалгалтад цэргийн баг хоёр удаа амжилттай шалгуулж, “Үүрэг гүйцэтгэх боломжтой” гэсэн үнэлгээгээ удаа дараа баталгаажуулсан юм.

Энэхүү шалгалтаар цэргийн багийн нийт бие бүрэлдэхүүн болзошгүй цагийн байдалд хэрхэн ажиллах, тасаг, нэгжүүдийн баримт бичгийн боловсруулалт, “UNMISS” энхийг дэмжих ажиллагааны хүчний командлал болон “Юнити” сектороос ирүүлсэн тушаал, шийдвэр, албан даалгаврын хэрэгжилт, “Ковид-19” цар тахлын үед бие бүрэлдэхүүний халдвар, хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөж байгаа зэрэг олон асуудлыг хөндөж, цэргийн багийн хүний нөөц, тагнуул, ажиллагааны бэлэн байдал, цэргийн алба, харуул хамгаалалт, эргүүл, цувааны үүрэг гүйцэтгэлт, материал, техникийн хангалт, ажиллагааны төлөвлөлт, холбоо мэдээлэл, соёл хүмүүжил, иргэн-цэргийн харилцаа зэрэг чиглэл тус бүрээр шалгаж, үнэллээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.