Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт аадар бороо орно

Ойрын хоногуудад уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулав.

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх орчмоор 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө аадар бороо орно. Салхи өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

Энэ сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 13-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,
  • 14-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар,
  • 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 14, 15-нд зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
гадаад мэдээ

Францын Ерөнхийлөгчийг алгадсан этгээд дөрвөн сарын хорих ялаар шийтгүүлжээ

Мягмар гаригт орон нутгийн иргэдтэйгээ уулзаж явсан Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроныг нэг этгээд алгадсан хэрэг гарсан билээ.

Уг халдлагыг үйлдсэн 28 настай Дамиен Тарел гэгчийг цагдаа нар баривчлан шалгаж эхэлсэн юм.

Өчигдөр Францын зүүн өмнөд бүсийн Валенс хотын шүүх түүнийг төрийн өндөр албан тушаалтны биед халдсан хэргээр яллаж, дөрвөн сар хорих шийтгэл, нэмэлт 14 сарын тэнсэн харгалзах шийтгэл оноожээ.

Үүнээс гадна таван жилийн хугацаанд зэвсэг эзэмших эрхийг нь хасаж, насан туршид нь төрийн албанд ажиллах эрхгүй болгосон байна.

Тарел өөрийгөө хэт үндсэрхэг үзэлтэн, засгийн газрын эсрэг тэмцдэг “шар хантаазтан” хөдөлгөөний гишүүн гэж мэдүүлжээ.

“Би ерөнхийлөгчтэй нүүр тулахдаа түүний худалч царайг хараад гэнэт уур хүрч, цохимоор санагдсан. Энэ бол гэнэтийн үйлдэл байсан. Дараа нь би хийсэн зүйлдээ өөрөө ч итгээгүй” гэж тэр шүүхэд мэдүүлсэн байна.

Тарел эхлээд ерөнхийлөгч рүү өндөг, эсвэл бялуу шидэхээр найзтайгаа ярилцаж байсан ч эцэст нь больсон гэнэ.

Харин алгадах талаар ямар ч төлөвлөгөө байгаагүйг шүүгчдэд хэлжээ.

Шүүхийн шийдвэрийг сонссон Макрон “Ардчилсан нийгэмд хүчирхийллийг юугаар ч зөвтгөх боломжгүй” гэж хэвлэлд ярьсан байна.

Categories
мэдээ спорт

Э.Сумъяа Польшид таван жилийн дараа дахин үзүүрлэлээ

“Будапешт-2013” ДАШТ-ий мөнгө, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, Дэлхийн оюутан залуучуудын “Универсиад” наадмын мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа Варшавт болж буй “Poland Open” тэмцээнд 55 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр финалд хэсгийн барилдаанд дийлдсэн “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай дахин хүч үзэж цэвэр ялагдаж үзүүрлэлээ.

Э.Сумъяа 2016 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа дахин үзүүрлэж, хошой медальтан болов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай үүргийн онгоцоор 270 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр буюу 11-ний 22:03 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 270 иргэн ирж, “Тоёоко-Инн” зочид буудалд тусгаарласан.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоносон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэдийг гэрийн ажиглалтад шижлүүлэд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе

Хэвлэлийн бага хуралд урья

“Болор цом” яруу найргийн наадам 38 дахь жилдээ болох гэж байна. Монголын зохиолчдын эвлэл, Цагдаагийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй тус наадмын хэвлэлийн хурал 2021.06.11-ны 11:00 цагт “Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд болно. Хуралд МЗЭ-ийн дарга До.Цэнджав, ЦЕГ-ын Соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга Д.Долгорсүрэн, Сүлд чуулгын дарга Гг.Эрдэнэбаатар, МҮОНТ-ийн дэд захирал Р.Тулга, МУСГЗ Ш.Гүрбазар нар оролцоно. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхныг урьж байна.

Холбогдох утас: 89998988, 80060607

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сонгуульд ялалт байгуулсан У.Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ухнаагийн Хүрэлсүхэд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баяр хүргэж, захидал илгээсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан ёсны сайтаар мэдээлжээ.

Баярын захидалд “Санал хураалтын үр дүн таны улс төрийн нэр хүнд өндөр байгааг харууллаа. Төрийн тэргүүний хувьд Орос, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг улам бүр бэхжүүлнэ гэдэгт найдаж байна” хэмээн онцолсон байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

С.Болд-Эрдэнэ: Сэтгэл зүй, оюун санааны хувьд ямар ч дүрд тоглоход үргэлж бэлэн байх ёстой

Монгол Улсын Гавьяат жүжигчин Сугарын БолдЭрдэнэтэй ярилцлаа.


та суис төгсөөд л Улсын драмын эрдмийн театрын жүжигчин болж байв уу. Одоо хэд дэх жилдээ театрын жүжигчнээр ажиллаж байна вэ?

-1995-1999 онд СУИС-д сурсан. Сургуулиа төгсөөд 2000 оноос өнөөг хүртэл УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байна.1999 онд сургуулиа төгсөөд анх УДЭТ-ын Ч.Түвшин найруулагч Уильям Шекспирийн “Зуны шөнийн зүүд” хэмээх алдартай жүжгийг тайзнаа тавьж байлаа. Тэрхүү жүжигт тоглож байсан. Гар урчууд гээд хэсэг нөхдүүд будлиад яваад байдаг. Тэдний нэг дүрд тоглосон. Уг жүжигт манай төгсөлтийнхнөөс Эби, Ялалт, Батболд зэрэг олон хүн тоглосон. Ер нь залуу бүрэлдэхүүнтэй жүжиг байсан. Манай ахмад жүжигчдээс Ардын жүжигчин П.Цэрэндагва ах байсан. Их сонирхолтой шийдэлтэй жүжиг болсон. Энэ бол сургуулиа төгсөөд тоглосон хамгийн анхны жүжиг.

Тэрнээс хойш 20 гаруй жил театрынхаа тайзан дээр үе үеийн олон сайхан уран бүтээлчидтэйгээ бүхий л уран бүтээлүүдэд оролцож тоглоод явж байна. Урлагт ажилласан энэ хөдөлмөрийг маань төр үнэлж “гавьяат” хэмээх эрхэм цол олголоо. Үүнийгээ дагаад давхар хариуцлага ирдэг юм байна. Цаашдаа уран бүтээлдээ илүү их анхаарах ёстой гэж бодож байна.

Өнгөрсөн хугацаанд тоглосон уран бүтээлээ тоолж байв уу?

-Драмын театрын болон гэрээт уран бүтээлүүд гээд нийтдээ 70 гаруй жүжигт гол болон туслах дүрүүдэд тоглосон болов уу. 30 орчим кино уран бүтээлд тоглосон байгаа. Мөн манай “Драмын дөрөв” гэж хүмүүс ярьдаг ш дээ. Бид, хоёр ч цомог гаргаж байсан. Ер нь дөнгөж сургуулиа төгсөөд удаагүй байхдаа юм юм л туршиж үзээд завгүй явсан. Үүний нэг нь хамтлаг болж дуулсан явдал. Орцны гэж яригддаг хөнгөн хэлбэрийн өнгө аястай хайрын тухай дуунуудыг нэгтгэж “Хайрын дурсамж”, “Бүсгүй чамд” гэсэн хоёр цомог гаргасан. Хоёр удаа “UB Place”-д тоглолт хийсэн гэж байгаа(инээв).

Ер нь хамтдаа дуулах санаа яаж төрсөн юм бэ. Одоодрамын дөрөвдахин дуулах талаар ярьж байгаа болов уу?

-Дуулж барья гэж бодохгүй байна. Хийх, туурвих уран бүтээлүүд ч их байна. Бүгд үндсэн ажилдаа анхаараад завгүй л явна. Анх Драмын мэргэжлийн жүжигчдийн төвөөс “Жүжигчид дуулж байна” уралдаан зарласан юм. 2004 оны үед байх. Тэр үед бид дөрөв нийлээд “Коммунист” нэртэй улс төрийн холбогдолтой дуунуудаас бүрдсэн попури дуулаад уралдаанд түрүүлж байсан. Тэгээд ер нь жаахан дуулаад үзье, жүжигчид юм чинь өөрсдийгөө давхар хөгжүүлье гээд дуулаад цомог хүртэл гаргасан байдаг юм. Хамтлагийн санаа ингэж л төрж байлаа шүү дээ.

Таны бүтээсэн, амилуулсан дүр бүр л үзэгчдийн сэтгэлд хоногшиж үлддэгээрээ хэр уран бүтээлч вэ гэдгийг тамгалах байх. Харин таны хувьд тэр олон дүрээсээ алийг нь илүү хайрладаг вэ?

-Жүжигчин хүн аливаа уран бүтээлд муу тоглоё гэж бодохгүй шүү дээ. Аль болох сайн тоглох юмсан, дүрээ зөв, сонирхолтой өнцгөөс гаргахын тулд л хичээдэг. Харин дүр таарсан таараагүй, өөрөө ажилласан ажиллаагүй яриа байж болно. Мэдээж жүжигчин хүн дүр бүртээ л хайртай. Яахав, арай илүү гэж онцолбол би Гамлетын дүрээ хэлнэ. Дэлхийн сонгодог жүжгийн ноён оргил гэгддэг гурван жүжгийн нэг “Гамлет” жүжгийн Гамлетын дүрд тоглоно гэдэг бол чухал хувь заяа.

Мөн ноён оргилГётежүжгийн Фаустын дүрийг ч үзэгчид танаар л төсөөлдөг гэхэд бараг хэтийдэхгүй болов уу?

-Дэлхийн жүжгийн “Гамлет”, “Фауст”, “Дон Кихот” гээд гурван ноён оргил байна. Тэр утгаараа уран бүтээлчээс ч маш их хүч, хөдөлмөр, ур чадвар, ухаан шаарддаг. “Фауст” бол далан нас хүртлээ зөвхөн шинжлэх ухаанаар энэ хорвоог танин мэдэж, түүний төлөө бүхнээ зориулж умгар өрөөнөөсөө цааших амьдралыг үзээгүй тийм л хүн. Гэхдээ ганцхан шинжлэх ухаанаар эрдэм мэдлэгийн оройд гарсан ч аз жаргал биш болохыг мэдээд хүний гэх амьдралыг танин мэдэхийн тулд чөтгөртэй гэрээ хийдэг. Хүний амьдрал гэгчийг огт мэдэхгүй, өөрөөр хэлбэл, хүний хайр гэдгийг үзээгүй хүүхдээрээ үлдчихсэн байсан ч гэдэг юм уу тийм л дүр. Фауст хүн төрөлхтний үеийн үед эрж хайсан асуултыг л энэ цаг үед дахиад биднээс асууж л байна.

Сонгодог болон дэлгэцийн ч уран бүтээлд тоглохын тулд маш их судалгаа хийдэг байх. Ялангуяа сонгодог жүжигт ажиллахдаа дүрээ гаргахын тулд хэрхэн ажилладаг вэ?

-Аливаа уран бүтээлд тоглоно гэдэг тухайн жүжигчин нэг шат ахиж суралцана л гэсэн үг. Тэр тусмаа сонгодог уран бүтээлийн дүр дээр ажиллана гэдэг сургууль төгссөн дайны хэмжээнд хүн хөгждөг. Сонгодог уран бүтээлийг тавихын тулд судалгаанууд хийгдэнэ. Зохиолчийн үзэл санааг судлах хэрэгтэй болно. Тухайн зохиолчийн амьдарч байсан цаг үеийн онцлогийг судална. Дүрийн дотоод зөрчил, мөн чанарыг судална. Ер нь жүжигчний урлаг гэдэг өөрөө хүн судлал. Хүний дотоод зөрчлийг зөв олж илрүүлэх, гадаад дүр төрхийг дотроо төсөөлөх зэрэг олон судалгаа хийгдэнэ. Сонгодог жүжиг гэдэг бол тухайн дүрийг маш сонирхолтойгоор баялаг далай мэт дүрсэлж тавьсан байгаа. Тэрийг уран бүтээлч хүн өөр өөрийн өнцгөөс хардаг. Сонгодог зохиол гэдэг өөрөө он удаан жилийн туршид өгөөжтэй. Үе үеийн уран бүтээлчид шандасаа сорьсон өөр өөр өнцгөөс харж туурвидаг. Тэр бүхнийг уран бүтээлчид судалж үзэх хэрэгтэй. Түүнийхээ хэрээр уран бүтээлчдэд өгөөжөө өгдөг.

Дүрийнхээ дотоод зөрчлүүдийг судалж гаргана, ажиллана. Тухайн зохиолчтой холбогдолтой зохиолуудыг уншиж судална. Ингээд ирэхээр хүн хөгжихөөс аргагүй болно л доо.Хамгийн гол зүйл бол дүрээ графиклаж гаргах. Жүжгийн оргил хэсэг нь хаана байна, аль хэсэгт унаж байна, дүрийн зорилго нь аль юм, хүнтэй харьцахдаа хүртэл үгийн далд утга нь юу юм гээд бодож ажиллана. Хэдийгээр “Би чамд хайртай” гэж хэлж байгаа боловч үүний цаана хайрлаагүй байж болно. Энэ болгоныг уран бүтээлчид илрүүлж гаргадаг. Тиймээс энэ олон судалгааг нарийн хийдэг учраас уран бүтээлчид гарцаагүй хөгжиж байдаг. Сонгодог бүтээл маш нарийн мэдрэмж шаарддаг учраас энэ хэрээрээ өгөөжөө өгдөг. Сонгодог бүтээлд ажиллана гэдэг хөгжихийн үндэс.

Сонгодог жүжиг бэлтгэл их байх тусам дүрийн ажиллагаа улам чамбайрна биз?

-Эхлээд найруулагчийн толгойд хэдий хугацаанд явахав, үйл ажиллагаандаа ороод жүжигчид ажиллаад эхлэхээр дор хаяж 2-3 сар бэлтгэл хийж ажилладаг. Судалгаанууд хийгдэнэ. Хоорондоо мэдээллээ солилцоно. Нэг гар дор зангидагдана. Энэ шугамыг барьж, энэ зөрчлийг барьж, энэ үзэл санааг барьж жүжгийг гаргана гэдгээ ойлголцоно. Зохиол уншигдана, дүр хуваарилагдана, ширээний уншлагууд хийгдэнэ. Уншлага эхлээд нэгдсэн журмаар явна. Дараа нь дүр дүрээ уншина. Үүний дараа засварууд хийгдэнэ. Ингээд ширээний уншлага хэсэг явсны дараа хөдөлж эхлэнэ. Дүрийн зорилго, зан ааш, зөрчлийг илрүүлж бий болгоод босч уншлага хийж эхэлнэ. Дараа нь тайзны сургуулилтууд хийгдэнэ. Жүжгийн хувцсаа тааруулна, тайзны гэрлээ тааруулна гээд маш олон процессын дараа хөгжим орж ирнэ, тайзны шийдлүүд орж ирнэ. Тайзтайгаа харьцаж сурна. Уран сайхны зөвлөлд шалгуулаад хасах хэсгээ хасна. Шүүмжүүдээ аваад янзлаад дахиад дотоод хяналт, дараа нь гадаад хяналтаар орж байж тоглолт хийгддэг. Энэ урт процессыг давж байж жүжиг үзэгчдэд хүрнэ шүү дээ. Асар олон хүмүүсийн хамтын хүч хөдөлмөр шингэдэг. Жүжгийн бэлтгэлийн их хийх тусам л сайжирна. Жүжиг нээлтэд их ач холбогдол өгдөг. Нээлтэд бүх хүчээ гаргаж, дээд цэгтээ хүртэл ажиллаж асар өндөр мэдрэмжээ гаргадаг. Бэлтгэл хэр сайн хийгдэнэ, тэр чинээгээр тоглолт гоё болдог. Түүнчлэн тоглолт бүрийн явцад дахиад дүр дээрээ ажиллаад сайжруулаад явна.

Нэг дүрээс дараагийн дүрд шилжихдээ оюун санаа, сэтгэл зүйн хувьд хэрхэн өөрийгөө бэлддэг вэ?

-Жүжигчин хүн элдсэн гурил шиг байх ёстой гэдэг. Тэр гурилаар юу ч хийж болно. Балетчин, барилгачин гээд хэнийг ч хийж болно. Тийм хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой. Жүжигчин хүн форумтай байх хэрэгтэй. Ялангуяа сонгодог жүжигт алхаа гишгээ, үг яриа, харц, бие хаа бэлэн байх ёстой. Дүрийн судалгаагаа хийхээс гадна, биеэ бэлэн байлгах нь хамгийн чухал. Сэтгэл санаа тайван байх, гэмтэж бэртэхгүй байх, эрүүл саруул байх. Санамсаргүй байдлаар халтирч унаж ч болохгүй. Дуу хоолойгоо хэвийн хэмжээнд байлгахын тулд нойр бүтэн, ядраагүй, хоол ундаа зохицуулах, таргалахгүй байх гээд бүхий л талаараа бэлэн байх ёстой. Жүжигчин хүн сайхан элдүүр нь ханасан гурил шиг л байнгын бэлэн байдалд байх ёстой гэж боддог.

Таныг найруулагчидБолдЭрдэнэ шинэ уран бүтээл дээр ажиллахдаа цагаан цаас шиг байдаг. Тэр цагаан цаасан дээр юу ч бичихэд бэлэнгэж ярьдаг юм билээ. Бэлэн байдлаас гадна таны төрмөл авьяастай холбоотой байх. Ер нь цагаан цаас шиг болохын тулд та бэлтгэлээс гадна их уншиж судалдаг санагддаг?

-Уншдаг хүмүүсийн хажууд бага уншина. Тодорхой хэмжээнд ном зохиол уншдаг. Ялангуяа уран зохиолын ном унших их дуртай. Ер нь ямар ч жүжиг, ямар ч дүр ирж болзошгүй учраас аль ч талаараа бэлтгэлтэй байх ёстой л гэж боддог. Энэ чинь миний ажил. Тиймээс дуртай байх хэрэгтэй. Дуртай байна гэдэг чинь аз жаргалыг өгч чадна. Сэтгэл санаа, оюун санааны хувьд ямар ч дүрд тоглох бэлтгэлтэй байх хэрэгтэй. Үүний тулд өөрийгөө хөгжүүлэх л хэрэгтэй.

Найруулагчтай хамтарч ажиллахад бэлэн. Найруулагч биднийг урдаас харж байгаа учраас бидний толь болж зөвлөгөөгөө өгнө, бид дотроо боловсруулна. Үүнийгэээ гаргана, харилцан тохирлцоно, ярилцана. Жүжигчин хүн ч гэсэн тактиктай байна. Дотроо тактикаа боловсруулна. Дүрийнхээ оргил цэгийг олно. Энэ дээр хүчтэй тэсрэлт, энэ дээр зөөлөн явна гэдгээ бэлтгэлийн үеэр найруулагчдаа харуулна гээд ажиллах бодох зүйл их л дээ.

-“Хоёр амь”, “Солонго үүл”, “Орхидосзэрэг таны тоглосон дэлгэцийн бүтээлүүдээс ч хараад байхад найруулагчид танд яриа багатай харцаараа, биеийн хэлэмжээрээ үзэгчидтэй харьцах дүрийг өгдөг юм шиг?

-Жүжигчид тоглох юмтай дүр гэж ярьдаг л даа. Тоглох юмтай байна гэдэг чинь зохиол сайн бичигдсэн гэсэн үг. Тоглолт багатай “цагаан” дүрүүд байдаг. Юу тоглох нь мэдэгдэхгүй хэцүү. Аятайхан зохиолтой дүрүүдэд тоглохыг бодож сонголтоо хийдэг. Дүр их гоё бичигдсэн. Дээр нь би энэ хэсэгт ингэж тогловол яахав гэж санаагаа илэрхийлэх, найруулагчидтайгаа ярилцах хэмжээний задлах юмтай, сонирхолтой, ажиллахад урамтай дүрийг бодолцож л сонголтоо хийдэг дээ.

Аль хэдийнэ үзэгчдэд хүрчихсэн хэрнээ таны оюун бодлоос гардаггүй дүр гэж байх уу?

-Байна. Жишээлбэл, Гамлетын дүрд тоглосон нэг алдартай жүжигчин 60 нас хүрээд хэлсэн байдаг. “Одоо л Гамлетад нэг тогловол болох юм шиг байна даа” гэж. Гамлетад маш олон уран бүтээлчид янз бүрээр тоглож илэрхийлэхийг зорьсон байдаг.“Гамлет” жүжиг бол их том эрдэнэсийн сан байхгүй юу.Ялангуяа Гамлетын дүрийг яаж ч илэрхийлж болох, ямар ч байдлаар тоглож болно. Энэ дүрд олон уран бүтээлч тоглож мандаж, олон уран бүтээлч унаж байсан. Тэгж байж өөрсдийгөө хөгжүүлдэг дүр. Тэгэхээр дээрх жүжигчин ч гэсэн маш удаан хугацаанд бодож боловсруулж туршлагатай болсныхоо дараа дахиад өөрөөр харж байна. Гамлетыг дахиад өөр янзаар хийж болох, өөр өнцгөөс илэрхийлж болох шижир алт лугаа дүр. Фаустын дүр ч мөн адилхан. Сонгодог гэдэг нь үүндээ л байгаа юм. Энэ утгаараа жаахан ингэх байж, тэгэх байж гэж бодогдож л явдаг. Сэтгэлгээний хувьд онцлогтой учраас энэ талаар бодно л доо.

ТэгэхээрГамлетжүжгийг өөр найруулагч өөр өнцгөөс тавихаар болбол таны хувьд дахин Гамлетад тоглоход бэлэн гэж ойлгож болох нь ээ?

-Болох л байх. Хэн ч ямар ч уран бүтээл хийхэд чөлөөтэй шүү дээ. Тиймээс магадгүй хэн нэгэн найруулагч таны хэлдгээр хүсэлт тавибал тоглох байх л даа. Тэр бол найруулагчийн л сонголт.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ онд 19 цэцэрлэг, 11 сургууль ашиглалтад оруулна

Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аятай тухтай сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүднээс 2021 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар шинээр 19 цэцэрлэгийн барилга, 11 ерөнхий боловсролын сургуулийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөн захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэж байна.

Үүнээс найман цэцэрлэгийн барилга баригдаж дууссан бөгөөд 11 цэцэрлэг, 11 сургуулийн барилга угсралт, тохижилтын ажил гүйцэтгэлийн шатандаа явж байна. Энэ онд нийслэлд Улсын төсвийн хөрөнгө оруулалт, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлж буй 19 цэцэрлэг ашиглалтад орсноор 3650 ор, 11 сургуулийн барилга байгууламж баригдсанаар 6400 суудал шинээр нэмэгдэх аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Дэлгэрсайхан: Дорноговьд 20-30 мянган ажлын байр нэмж бий болно

УИХын гишүүн Б.Дэлгэрсайхантай ярилцлаа.


Та орон нутагт, тойрогтоо ажиллаад ирлээ. дорноговь аймагт нөхцөл байдал ямар байна вэ. тэр дундаа Замынүүд боомтод байдал хүндэрч байгаа талаарх мэдээлл бий?

-Дорноговь аймагтаа ажиллаад ирсэн. Сумдаар бүтэн тойрлоо. Замын-Үүдэд ажиллалаа. БНХАУ-ын талаас цар тахлын халдвар хамгааллын дэглэм барьж Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах хөдөлгөөнд саатал үүсээд байгааг та бүхэн мэднэ. Аймгийн хэмжээнд нэгдүгээр тунд бараг 100 хувь, хоёрдугаар тунд 70 хувь хамрагдалттай байна. Уг нь сая нэг хэсэг халдварын тархалт нэлээд хумигдаж байсан ч дахиад дэгдэж эхэлсэн. Цаашид Замын-Үүдийг дан ганц тээвэр ложистикийн чиглэлээр хараад байж болохгүй юм байна. Ачаа тээвэр зогсоход тэнд ажиллаж байсан жолооч, тэдний ар гэрийнхэн гээд олон хүний амьдрал хүнд байдалд орсон. Тиймээс Замын-Үүдийг ганц тээвэр ложистик гэж харахгүйгээр, томоохон үйлдвэрүүд барих ёстой. Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдэд ажилласан. Монгол Улсын Засгийн газраас энэ ондоо багтаад Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийг нээхээр боллоо.Чөлөөт бүсийг нээж байж газар авсан аж ахуйн нэгжүүд барилга, үйлдвэрүүдээ барьж, үйл ажиллагаагаа эхлүүлэх бололцоог хангана.

Замын-Үүдийг эдийн засгийн чөлөөт бүс болгохтой холбоотойгоор Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Үүгээр дэд бүтцийн ажлууд, зам талбайг барина. Мөн зургаа, долоон жил гацаад явахгүй байгаа дулааны станцыг ашиглалтад оруулахаар хөрөнгө мөнгийг нь шийдэхээр боллоо. Дэд бүтийг нь шийдэж байж олон барилга байгууламж баригдах юм. Одоо Замын-Үүдэд хоёр ч томоохон үйлдвэр баригдаад эхэлсэн. Мах боловсруулах, мах савлаж ууталдаг үйлдвэр баригдаж байна.

Замынүүд боомтын байрыг шинэчлэн барьж байгаа. энэ ажил хэр урагшилж байна вэ?

-Замын-Үүд болон бусад Гашуунсухайт, Шивээхүрэн, Ханги-Мандал боомтуудад БНХАУ-ын буцалтгүй тусламжаар шинэчлэл хийж байгаа. Энэ хүрээнд Замын-Үүдийн боомтын хуучин шалган нэвтрүүлэх боомтыг найм дахин томсгон барьж, ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Дорноговь аймагт том төслүүд хэргэжиж байгаа. эдгээр бүтээн байгуулалтууд цаашид хэрхэн үргэлжлэхээр харагдаж байна вэ?

-Дорноговьд 2016-2020 онд томоохон бүтээн байгуулалтууд хийгдсэн.

Эргээд харахад цаг хожсон, хурдан хийсэн, олон давуу талууд бий. хэн ч цар тахал гарна гэж төсөөлж, тооцоолоогүй байсан. Үүнээс урьтаж олон том төсөл, бүтээн байгуулалт баригдлаа. томууд нь, нефть боловсруулах үйлдвэр, зүүнбаян-Таван толгойн төмөр зам. Ерөнхийлөгч гурван долоо хоногийн өмнө дорноговь аймагт ирж, Зүүнбаян-Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалттай танилцсан. Одоо тохиолдол холбооны багахан ажил үлдсэн. Долдугаар сард эхний галт тэрэг аялах байх. нефтийн үйлдвэрийн тухайд, тус үйлдвэрийг дагалдуулаад 20-иод үйлдвэр нэмж баригдана. Төмөр нойтон аргаар баяжуулах, нүүрс угаах, угаасан нүүрсээ коксжуулах, тэндээс гарсан төмрийн хүдрийн баяжмал, кокс хоёроо нийлүүлээд ширэм болгох гэх мэт үйлдвэрүүд дэс дараатай баригдаад явж байгаа. Энэ үйлдвэрүүд баригдах дэд бүтцийг засгийн газар шийдэж өгсөн. Гэх мэт эдгээр томоохон бүтээн байгуулалт ашиглалтад ороход дорноговьд 20-30 мянган ажлын байр нэмж бий болно. Ядаж бид арматураа хийдэг болбол барилгын материалын үнийн цохилтод орохгүй шүү дээ.

Олон үйлдвэрүүд баригдахаар ажиллах хүч, мэргэшсэн боловсон хүчин дутагдах асуудал үүсэх үү. Энэ тал дээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна?

-Төмөр замчдаа бэлдмээр байна, баяжуулах үйлдвэрлэлийн ажилчдаа бэлдмээр байна. мал аж ахуйн салбар, хүнд уул уурхайн салбарт ажиллах хүчээ орон нутагтаа бэлтгэх зайлшгүй шаардлага бий болж байгаа. орон нутгийнхаа залуучууд, хүүхдүүдийг Дорноговь аймагтаа бэлтгэх зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тиймээс БСШУЯ- тай ярилцаад, Дорноговь аймагт Политехникийн коллеж байгуулсан. энэ коллежиор төмөр замчид, салбарын мэргэжилтнүүд бэлтгэгдэх юм.

Аймгийн бүх сумд дэд бүтцэд холбогдсон байх аа. Мөн орон сууцжуулах хөтөлбөр ямар шатанд явж байна вэ?

Дорноговь аймагт хүн амын тоо хурдацтай өсч байна. Иргэд ажлын байраа дагаж нүүж ирсээр, дээр нь төрөлт нэмэгдсэн. Өнгөрсөн дөрвөн жилд орон сууцжуулах хөтөлбөр эрчтэй явагдсан. Энэ жил ч мөн орон сууц хөтөлбөр үргэлжилж байна. Аймгийн бүх сум инженерийн шугам сүлжээнд холбогдсон. Одоо араас нь сумдад орон сууц барьж байна. Суманд ажиллаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлгийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулах, малчдыг сумандаа ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, хүн амынх нь тооноос хамаарсан орон сууц барьж эхэлсэн. Зарим сумдад баригдаж буй орон сууц ашиглалтад орох гэж байна. Сайншанд, Замын-Үүдэд 2000 орон сууц барина гэсэн төлөвлөлт хийсэн.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай гэж ярьж байгаа. Та энэ тал дээр юу хэлэх вэ?

-Төр тогтвортой байх асуудал гадаадын хөрөнгө оруулагчдад амин чухал ач холбогдолтой. Монгол Улсын Засгийн газар, цар тахалтай байгаа ч эдийн засгаа орхихгүй гэдэг бодлого барьж байгаа. Эдийн засгийн гол тулгуур нь дорноговь юм. тиймээс томоохон бүтээн байгуулалтыг хурдлуулах, гадны хөрөнгө оруулалтыг татах зэргээр ажил үргэлжилнэ. Дорноговь гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн боломжтой аймаг. Яагаад гэвэл, дэд бүтэц, зам, эрчим хүч нь байна. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтаар нар салхины станцууд манайд баригдлаа. одоо усны асуудлаа бодлогоор шийдэж байна. дорноговьд хоёр дахь хийгдэх том бүтээн байгуулалт бол зүүнбаян-Ханги мандалын төмөр замын асуудал байна. засгийн газраас төлөвлөсөн 100 том төслийн эхний 30 төсөл дотор зүүнбаян-ханги мандалын төмөр зам орсон. Ерөнхий сайд л.оюун-эрдэнийн хувьд, энэ том бүтээн байгуулалтыг Улсын төсвөөр гэхээсээ илүү хувийн болон гадна, дотны хөрөнгө оруулалтаар шийдье гэж хэлсэн. Энэ мэдэгдэл, гадныханд болоод дотоодынхонд том мессэж болсон. Тэр утгаараа энэ том төслийг богино хугацаанд явуулах боломжийг тавьж өгч байгаа юм.

Мөн гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль Уих-ын чуулганаар хэлэлцэгдсэн. Энэ хуулиар жуулчдыг татах, хил орчмын болоод “өдрийн жуулчин” гэдэг шинэ нэр томьёог анх удаа хуулинд суулгаж өглөө. ингэснээр, ханги-мандал болон замын-үүд боомтоор урд хөршөөс жуулчид орж ирээд нэг өдөр болоод гарах ийм боломжтой. энэ нь Монгол Улсын эдийн засагт нэмэр болох, жуулчдыг татах бодлогод тодорхой хэмжээнд нөлөөлнө. Жилдээ 125 мянган жуулчин хамрын хийдэд ирдэг. Ихэнх нь дотоодын жуулчин, 5-10 хувь нь барууныхан, япончууд байдаг. нэг өдрийн жуулчин гэдэг нь, тухайлбал, Өмнөдмонгол, хятад жуулчид Монгол руу өдрөөр орж ирээд, дэлгүүр хоршоогоор худалдан авалт хийж, хилийн багана дээр зургаа авахуулаад буцдаг ийм жуулчин юм. Яагаад ийм жуулчдыг татах гээд байгаа юм гэхээр, Эрээн болоод баяннуур, хөх хот руу цаанаас гурваас найман сая жуулчин ирдэг юм байна лээ. Энэ олон жуулчдаас ядаж бид таваас арван хувийг нь монгол Улс руу татвал, хил орчмын иргэдийн амьдрал сайжирч, малчдын орлого нэмэгдэх юм. хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг. тэр жуулчид орж ирээд эхний ээлжинд иднэ шүү дээ. Тэр хэмжээгээр махны үнэ өсөх, .иргэдийн орлого нэмэгдэх, өөрсдийн эко махыг сурталчлах гээд олон давуу тал харагдаж байгаа. Сүүлийн жилүүдэд монголчуудын махны экспорт нэмэгдэж байна. махаа гурван улс руу экспортолж байна. Голдуу бнхАУ руу, мөн АнэУ, охУ руу махаа экспортолж байгаа.

Гадаадын хөрөнгө оруулалт дээр хоёр зүйл нэмж хэлэхэд, туркүүд манай аймагт жилийн дөрвөн улирлын хүлэмж барьж өгөхөөр болсон. Нөгөөх нь, томоохон хэмжээний мах боловсруулах үйлдвэр хоёр жилийн дотор барьж өгнө. энэ үйлдвэрт малчдынхаа махыг худалдан авч эргүүлээд нядалж, бэлтгэсэн махаа том бүтээн байгуулалт хийж байгаа уул уурхай, баяжуулах үйлдвэр, цэргийн ангиудаа ханган нийлүүлэн ийм циклиэр бид ажиллах юм. ингэснээр махны үнийг тогтвортой байлгах, уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах юм. энэ жишиг Өмнөговь аймагт хийгдсэн байдаг.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Зургадугаар сарын 11-нд Улаанбаатар хотод явуулын 12, суурин 42 цэгт 99 багийн 525 эмч, ажилтан ажиллаж, 6589 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.