Categories
мэдээ нийгэм

“Хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөг тутмын 11 мянга нь боловсролын салбараас татагдаж байна” гэв

Энэ жил боловсролын салбарын санхүүжилтээс хасаж, хүүхдийн мөнгө олгож байгааг БШУ-ны сайд хэллээ.
Тэрбээр “Жил бүр Боловсролын зээлийн санд улсын төсвөөс 30-35 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэй болдог. Харин энэ жил коронавируст халдварын улмаас боловсролын салбараас нэлээд санхүүжилт татагдсан.
Тухайлбал, хүүхдийн мөнгөний 100 мянган төгрөгт боловсролын салбарын санхүүжилтээс татагдсан. Өнөөдөр хүүхэд бүрд сар болгон олгож буй 100 мянган төгрөгийн 11 мянган төгрөг нь боловсролын салбараас татагдсан санхүүжилт юм.
Үүнтэй уялдуулж Боловсролын зээлийн сан энэ жил гадаадад болон дотоодод сурч байгаа оюутнууд болон хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн, хагас өнчин оюутнуудад олгодог тусламжийн мөнгөнөөс ихээхэн хасагдсан.
Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар 6000 орчим оюутанд шаардлагатай 5.6 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн санхүүжилтийг шийдвэрлэсэн тул их, дээд сургуулиуд ямар нэг байдлаар цаг хугацаа тавьж, тэтгэлэг төлөгдөөгүй оюутнуудын дипломыг өгөхгүй гэх барьцаалсан арга хэмжээ байж болохгүй талаар БШУЯ чиглэл өгсөн.

Энэ жил их, дээд сургуулиа төгсөж байгаа, Боловсролын зээлийн санхүүжилтээр сурсан оюутнууд дипломоо авах боломж нь нээгдсэнийг хариуцлагатайгаар мэдэгдье” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“НҮБ-ын хязгааргүй үе түншлэл”-ийн асуудлаар уулзалт боллоо

Залуучууд, өсвөр насныханд зориулсан хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд болон НҮБ-ын Залуучуудын стратегийн хэрэгжилтийг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор 2018 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр “Хязгааргүй үе түншлэл” хөтөлбөрийг байгуулсан. Энэхүү хөтөлбөр нь 10-24 насны залуучууд, өсвөр насныханд чанартай боловсрол, сургалт, ур чадвар эзэмшүүлэх, улмаар зохистой хөдөлмөр эрхлэх боломжийг нь нэмэгдүүлэх зорилготой олон талт хамтын ажиллагаа юм.

Уг хөтөлбөрт одоогийн байдлаар 46 улс орон албан ёсоор нэгдээд байгаа бөгөөд Монгол Улс 47 дахь улс болон нэгдэн орлоо.

2021 оны зургаадугаар сарын 10-ны өдөр уг хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ болон тэдгээр арга хэмжээнүүдийг хэрхэн хэрэгжүүлэх арга, механизмын талаар санал солилцох уулзалт болов.

Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон НҮБ, ХНХЯ болон Гадаад харилцааны яамны албаны төлөөлөгчид оролцлоо. Уг уулзалтын дүнд талууд хөтөлбөрийг хэрэгжүүлэх Удирдах болон Техникийн хороо байгуулах, суурь судалгаа хийх, зураглал гаргахаар тохирлоо.

Эх сурвалж: ХНХЯ


Categories
мэдээ улс-төр

СЕХ: У. Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцов

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнг хэлэлцэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.7, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд оролцож саналаа өгсөн нийт 1,216,246 сонгогчдын олонхийн буюу 823,326 /67.69 хувь/ санал авсан нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрийг гаргажээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн болон дээрх шийдвэрийг өнөөдөр УИХ-д өргөн мэдүүлнэ.

Уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнгийн хамт танилцуулж байна.



Categories
мэдээ нийгэм

Нийслэлд үерт өртөх магадлалтай 200 мянган хүн, 43.5 мянган объект, барилга байна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй байна.

Үүнээс 383 байгууллага, аж ахуйн нэгжид үерийн аюултай бүсээс нүүж, газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлэн, Баянзүрх дүүргийн зургаан айлыг нүүлгэн шилжүүлжээ.

Зөвлөгөөний эхэнд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын эсрэг авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулж, нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 85 хувь нь дархлаажуулалтын II тундаа хамрагдаад байгааг хэлсэн юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Долдугаар сарын 1-н гэхэд нийслэлийн иргэдийг вакцинд бүрэн хамруулах хэрэгтэй. Тэгж байж нийгэм, эдийн засгийн хувьд хэвийн амьдралдаа орно” гэдгийг онцолсон юм.

Үүний дараа үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон үүссэн нөхцөл байдлын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар мэдээлэл өглөө. Улаанбаатар хотод зургадугаар сарын 6, 7–ны өдрүүдэд орсон 20-25 см зузаантай цас, хур борооны улмаас зуслангийн бүсийн Сэлбэ, Толгойтын гол руу уулын цасны шар ус их хэмжээгээр бууснаар голын усны түвшин олон жилийн дунджаас давж үерлэсэн. Иймээс байшин, барилга, авто зам, талбайг үерийн усанд автахаас урьдчилан сэргийлж, аваарын нөхцөл байдалд 85 хүн, 15 машин механизмтай ажиллаж байна.

Үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байна

Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын далан 33 км, үерийн суваг 97 км, тосох байгууламж зургаа, зам талбайн борооны ус зайлуулах шугам, сүлжээ 85 км, үзлэгийн 1486 худаг, шүүрт 2044 худаг, хөрсний ус зайлуулах шугам, сүлжээ 13.8 км байдаг. Улаанбаатар хотын хэмжээнд ашиглаж буй 148.3 км урт үерийн хамгаалалтын барилга, байгууламж, далан сувгийн 67 хувь буюу 100 км орчим нь 1966-1987 онд, 33 хувь буюу 48 км нь 1987-2020 онуудад баригдсан байна. Харин авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээний 16-н гол төв магистраль шугам нь 1970-1980 онд баригдсан, эвдрэл ихтэй байдаг. Мэргэжлийн байгууллагаас гаргасан судалгаагаар нийслэлийн хэмжээнд үерийн гамшгийн аюулд өртөх магадлалтай 200 мянган хүн, 43.5 мянган объект, барилга байгууламж бий. Нийслэлийн хэмжээнд үерийн хамгаалалтын бүсэд буусан 1098 өрх, аж ахуйн нэгж байгаагаас 108 нь зөвшөөрөлгүй, 386 нь өмчлөх, 604 нь эзэмших эрхтэй байна. Үүнээс 383 байгууллага, аж ахуйн нэгжид үерийн аюултай бүсээс нүүж, газар чөлөөлөх мэдэгдэх хуудас хүргүүлэн, Баянзүрх дүүргийн зургаан айлыг нүүлгэн шилжүүлжээ. Үргэлжилсэн борооны улмаас усны түвшин нэмэгдэж, нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шар усны үер болж, зам талбай, айл өрхийн хашаа, байшин усанд автсан. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар зам засвар ашиглалтын газрууд шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.

Д.Сумъяабазар: Үер, усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллаарай

Богдхан уулын Дугуй цагаан чиглэлийн явган аяллын замыг тохижуулах ажлын талаар Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга танилцуулсан. Тэрбээр Туул гол дагуух тохижилтын ажилд уралдаан зарлаж, найман бүтээл ирснээс шилдгийг шалгаруулсан. Мөн Дугуй цагаан чиглэлийн явган аяллын замыг тохижуулах Ажлын хэсэг гарсан гэдгийг хэллээ. Хотын дарга ажлаа шуурхай хийхийг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнөөр дараах үүрэг, даалгавар өглөө. Тодруулбал, “Ковид-19” цар тахалтай тэмцэх, хариу арга хэмжээний хүрээнд хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг холбогдох яамтай зөвшилцөж, зохион байгуулахыг үүрэг болгосон юм. Мөн үерийн улмаас эвдэрч, гэмтсэн зам болон бусад нөхцөл байдлын талаар дүн шинжилгээ хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийг цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ногоон байгууламжуудын усалгааг хийж, хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ажиллах, тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажлуудаа эрчимжүүлэхийг үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үндэсний Урлагийн Их Театр “Сүхбаатарын одон” хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, 70 гаруй жилийн түүхт Үндэсний Урлагийн Их Театр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Сүхбаатарын одон”-гоор шагналаа.

Энэ бол үе үеийн уран бүтээлчид, ажилтан, албан хаагчдын нөр их хөдөлмөр, авьяас чадварыг үнэлж буй хэрэг билээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
“Монгол Улсын үндэсний язгуур урлаг, өв соёлыг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэх, үндэстний соёлын дархлааг хадгалах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагч, уран бүтээлчдийн гавьяа зүтгэлийг өндрөөр үнэлж, Үндэсний урлагийн их театрыг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол үндэсний дуу, хөгжим, бүжгийн урлагийг 1945 оноос хойш өнөөдрийг хүртэл орчин цагийнхаа аясаар хөгжүүлэн дэлгэрүүлж, ардын өв соёлыг уламжлан баяжуулж ирсэн хуучнаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга буюу өнөөгийн Үндэсний урлагийн их театрын хамт олныг Сүхбаатарын одонгоор шагнаж байна. Баяр хүргэе!

Үндэсний дуу бүжгийн чуулгын түүх нь угтаа их Юань улс, Хубилай сэцэн хааны үеэс эхтэй юм. “Монголын нууц товчоо”, “Юань улсын судар”, “Алтан товч” зэрэг хөлгөн судрууд болон тухайн үеийн аялагчид Марко Поло, Плано Карпини нарын тэмдэглэл зэрэг баримтуудад Хубилай хааны ордонд 600 гаруй хөгжимчинтэй их, бага, цөөхүүл, найрал хөгжмийн бие бүрэлдэхүүн байсныг маш тодорхой дурдсан нь бий.

Энэ уламжлалыг тээж, Монголын соёл, урлагийг Ази, Африк, Америк, Европ тивийн 50 гаруй улс орнуудад сурталчилж, төрийн ёслол, баяр наадмын үйл ажиллагаанд оролцож, ёслол хүндэтгэлийг илэрхийлж, ард олны бишрэл хүндэтгэлийг хүлээсэн энэ хамт олны хөдөлмөр, бүтээлийг төр өнөөдөр үнэлж байна, үнэлэх ч ёстой юм.

Та бүхэнд баяр хүргэж, уран бүтээлийн арвин амжилтыг ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын урлаг соёл ашид бадартугай” гэв.

Эх сурвалж: Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр хуудас

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт найман хүн амиа алджээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс дөрвөн өдөрт 1026 дуудлага мэдээлэл иржээ.

Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 681 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 23, орон нутагт зургаан хүн гэмтэж, зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг, орон нутагт найман хүний амь хохирсон байна.
Тухайлбал, 2021.06.07-ны өдрийн 12:00 цагийн орчимд Өвөрхангай аймагт, суудлын автомашин онхолдож, жолоочийн амь хохирсон.

2021.06.07-ны өдрийн 20.00 цагийн орчимд Баян-Өлгий аймагт, ачааны автомашин явган зорчигч мөргөж, 9 настай хүүхдийн амь хохирсон.

2021.06.10-ны 00.00 цагийн орчимд Налайх дүүрэгт, суудлын автомашин онхолдож, зорчигч гэмтэж, жолоочийн амь хохирсон.

2021.06.08-ны өдрийн 10.00 цагийн орчимд Өмнө-Говь аймагт, том оврын механизм явган зорчигч мөргөж, 13 настай хүүхдийн амь хохирсон.

2021.06.08-ны өдрийн 22.00 цагийн орчимд Төв аймагт, улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолоочийн амь хохирсон.

2021.06.09-ний өдрийн 20.10 цагийн орчимд Дорноговь аймагт, суудлын автомашины жолооч явган зорчигч мөргөж, 1 ой 9 сартай хүүхдийн амь хохирсон.

2021.06.10-ны өдөр 07.00 цагийн орчимд Завхан аймагт, суудлын автомашин онхолдож, 2 хүний амь хохирсон.

2021.06.10-ны өдрийн 17.00 цагийн орчимд Төв аймагт, суудлын автомашин өнхөрч, 5 настай хүүхдийн амь хохирсон.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 90, орон нутагт 49, улсын хэмжээнд 139 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм

“Боловсролын салбарын төсөв цахимд шилжсэнээр жил бүр 1.7 их наяд төгрөг сурагчдад хүрч байгаа эсэхийг хянана” гэв

Боловсрол, шинжлэх ухааны яам бусад салбараасаа хамгийн эхэнд төсвөө цахим хэлбэрт шилжүүлж, нээлттэй ил тод болгох ажлыг эхлүүлж байна.

Нээлтийн үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Засгийн газрын Цахим үндэстэн хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагыг цахим болгох нь хамгийн том зорилго юм.

Боловсролын салбар анх удаа буюу бусад салбараасаа түрүүлж цахимаар төвсөө эхлүүлэх үйл ажиллагаа болж байгаад баяртай байна.
Өнөөдөр төрийн албан хаагчийн 50 хувь нь буюу 100 мянга орчим төрийн албан хаагч Боловсролын салбарт ажилладаг. Нөгөө талаар Боловсролын салбарт зарцуулж буй хөрөнгө нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьтай тэнцэх хэмжээний буюу 1.7 их наяд төгрөг. Манай салбарт хийгдэж байгаа 300-400 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт нь Монгол Улсад нийт төсвөөр хийгдэж байгаа хөрөнгө оруулалтын 60-70 хувийг эзэлдэг.
Тиймээс боловсролын салбарын төсвийн шинэчлэлт нь Монгол Улсын төсвийн шинэчлэлтийн томоохон хэсгийн нэг юм.
Боловсролын салбарын төсөв ийнхүү цахимд шилжсэнээр жил бүр төсөвлөдөг 1.7 их наяд төгрөг сурагчдад хүрч байгаа эсэх, мөн 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт нь сурагчдын сурах орчин, сургалтын чанар хүртээмжид шууд зарцуулагдаж чадаж байгаа эсэхийг хянах боломжтой анхны алхам болж байна.
Түүнчлэн эцэг, эхчүүд хүүхдүүдээ цэцэрлэг, сургуульд ямар өртөгөөр сургадаг болон төрөөс нэг хүүхдэд оноож буй хувьсах зардлын хэдэн хувь нь сурах орчинд, хэдэн хувь нь сурлагын ахицад нөлөөлдөг гэдгийг хянах боломж нээгдэнэ.Зөв төсөв байж түүнээс зөв бодлого байна. Зөв бодлогоос зөв үр дүн гарна. Монгол Улсад байгаа цэцэрлэг сургуулийн тоо өнөөдөр 2,500-д хүрсэн байна.
Боловсролын салбар цахимаар төсвөө хийх болсноор асар богино хугацааны дотор одоогийн жилд гарч байгаа зардлаас 1 тэрбум төгрөг хэмнэж байна. Нэг тэрбум төгрөг гэдэг бол 150 хүүхдийн цэцэрлэгтэй тэнцэх хэмжээний төсөв юм. Тиймээс цахим төсөв нь боловсролын салбарт гарч байгаа том хэмнэлт гэж ойлгож болно. Бид эхний ээлжид сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-ийн хүрээнд төсвийн шинэчлэлийг хийнэ. Харин Их, дээд сургуулиудийн хувьд ирэх намраас эхлүүлэхээр төлөвлөсөн” хэмээв.
Сангийн сайд Б.Жавхлан “Боловсрол, нийгэм хамгаалал болон эрүүл мэндийн салбар нь манай улсын нийт төсвийн 75 хувийг эзэлдэг. Тиймээс төсвийн шинэчлэлт нь хамгийн түрүүнд дээрх гурван салбарын төсвийн шинэчлэлт байх болно.
Энэхүү төсвийн шинэчлэлийн амин хүнс нь боловсролын салбарын чанар үр дүн, хүртээмжид суурилсан санхүүжилтийн системийг бий болгох юм.
Энэ хүрээнд БШУ-ны сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар тус салбараас нийгэмд үзүүлж байгаа үйлчилгээг илүү хүртээмжтэй, гүйцэтгэл сайтай болгож, үүнийг санхүүжилтээр нь хянах цогц хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гарган ажиллаж байна.
Боловсролын салбарт зарцуулж байгаа нэг төгрөг болгон нь чанарт суурилах ёстой. Тиймээс өнөөдрийн цахим төсвийн цогц систем нь төсвийн төлөвлөлт, хяналтын шатанд маш том үүрэг гүйцэтгэнэ.
Энэ нь цаашид ЕБС, цэцэрлэг нь нам, танил талаараа төсвөө нэмүүлдэг бус хэдэн хүүхдийг сургаж, боловсролын чанарыг хэрхэн сайжруулсан гэдгээрээ санхүүжилтээ авч, түүгээрээ үр дүнг сайжруулахад чиглэсэн менежментийн үйл ажиллагааг хагас бие даасан байдлаар шийдвэрлэж чаддаг тогтолцоог бий болгох эхний алхам боллоо” гэсэн юм.
Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 1816 иргэний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд нийт 1782 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 370 хүн амь насаа алдаж, 357 хүн гэмтэж бэртэн, 153365 толгой мал, амьтан хорогдож, 9,9 сая төгрөгийн хохирол учирчээ.

Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1816 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 36,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1,5 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 70 хувь буюу 1239 нь гал түймэр, 13 хувь буюу 237 нь геологийн гаралтай холбоотой осол, 12 хувь буюу 213 нь хүний буруутай үйл ажиллагаанаас, 3 хувь буюу 60 нь нь ус, цаг уурын гаралтай, 2 хувь буюу 33 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, тус тус эзэлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1622 хүнээс халдвар илэрч, найман хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10653 сорьцоос шинжилгээ авахад 1622 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1100 нь Улаанбаатар хотод, орон нутагт 491, эмнэлгээс шалтгаалах халдвар 1, зөөвөрлөгдсөн 30 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 72104 боллоо.

Зөөвөрлөгдсөн тохиолдол нь зургадугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар-Афганистан чиглэлийн нислэгээр ирсэн 30 хүнээс халдвар илэрлээ.

Мөн найман иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 342 болж байна.

  • 59 настай эмэгтэй
  • 50 настай эмэгтэй
  • 44 настай эмэгтэй
  • 48 настай эмэгтэй
  • 67 настай эмэгтэй
  • 82 настай эрэгтэй
  • 82 настай эмэгтэй
  • 56 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт684 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 56253 болов.

Биеийн байдал хүнд 623 , маш хүнд 138 хүн байна.

Categories
мэдээ улс-төр

Чуулганы хуралдаанаар шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлоно

УИХ-ын Тамгын газраас өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороог 12:00 цагаас, УИХ-ын чуулганыг 14:00 цагаас хуралдуулахаар товлолоо.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн дүнтэй албан ёсоор танилцаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай суудлыг хэлэлцэнэ гэж эх сурвалжууд мэдээллээ. Мөн шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлоно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлд:

  • 72.3.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн дүн болон Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг санал хураалт дууссан өдрөөс хойш 10 хоногийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
  • 73 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах
  • 73.1.Монгол Улсын Их Хурал анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг үндэслэн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль гаргана.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлд:

  • 1.Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө.
  • 2.Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно.
  • 3.Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно гэж заажээ.