Categories
мэдээ нийгэм улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын салбарынханд төрийн дээд цол, одон хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга боловсролын салбарынханд төрийн дээд цол, одон хүртээлээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр 164 дүгээр зарлигийг гаргаж, Монгол Улсын Ардын цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:
  • “Барилга, архитектурын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн Далайн Дашжамц,
  • Хүн ардын эрүүл мэндийг авран хамгаалах болон эрүүл мэндийн салбарын дээд мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн багш, Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан Цэрэнхүүгийн Лхагвасүрэн нарт Ардын багш цол тус тус хүртээсүгэй” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга мөн 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр “Монгол Улсын гавьяат цол хүртээх тухай” 153 дугаар зарлигийг гаргасан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 153 дугаар зарлигаар боловсролын салбараас Гавьяат цол хүртэж буй хүмүүсийн шагналыг гардуулах ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд болов.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Ерөнхий боловсролын “Глобал их оюун” дунд сургуулийн багш Содномын Алтанцэцэг,

Монголын Скаутын холбооны хүндэт Ерөнхийлөгч Хуушааны Баавгай,

“Сан” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга Сономын Баатар,

Баянхонгор аймгийн 3 дугаар цэцэрлэгийн ахмад багш Барамсайн Бадамханд,

Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Жамбалын Балхаажав,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 48 дугаар дунд сургуулийн ахмад багш Балдандоржийн Батлхагва,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны иргэн, ахмад багш Содномпунцагийн Гомбодорж,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 93 дугаар сургуулийн ахмад багш Вандуйн Должин,

“Энх-Орчлон” дээд сургуулийн ахмад багш Бямбадоржийн Онхоон,

Дорнод аймгийн Хэрлэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Балжирын Сандагдорж,

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар сургуулийн ахмад багш Цэрэнтогтохын Сарантуяа,

Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Гочоогийн Түнтгэр,

Ерөнхий боловсролын “Төгс дэлгэрэх” сургуулийн багш Цэндийн Уранчимэг,

Баянзүрх дүүргийн “Хувийн хэвшлийн цэцэрлэгүүд” холбооны зөвлөх багш Рэгзээгийн Цэцэгжаргал,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 33 дугаар дунд сургуулийн сургалтын албаны менежер Чойдогийн Чимгээ,

Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ахмад багш Ойдовын Чинлүү,

Шинжлэх ухаан, Технологийн их сургуулийн багш Гомбосүрэнгийн Энхтайван,

Дундговь аймгийн Хулд сумын Ерөнхий боловсролын сургуулийн багш Хүрэлбаатарын Эрхэмбаяр нарыг тус тус шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

“Улаанбаатар” их сургуулийн захирал Санжаагийн Байгалсайхан,

Монгол Улсын Эрдмийн их сургуулийн захирал Чойдонгийн Зэгиймаа нарыг тус тус шагнав.









МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Эрхэм багш нар аа,

Төрийн дээд цол, шагнал хүртэгсэд ээ,

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүндрэлтэй нөхцөлд хүүхэд багачууд, оюутан сурагчдын сургалтын үйл ажиллагааг тасалдуулалгүй, шинээр үүссэн нөхцөлд зохицуулан зайны сургалтыг зохион байгуулах шаардлага үүссэн билээ. Энэ үүргийг Монголын багш, сурган хүмүүжүүлэгчид хангалттай биелүүлж чадлаа. Цахим сургалт, зайн сургалт нь технологийн дэвшлийг боловсролын салбарт шинэ боломж, хэлбэр байгааг илтгэн харуулсан хоёр жил өнгөрлөө. Цаашид цахим сургалтыг улам боловсронгуй болгож, танхимын сургалттай уялдуулах нь хүйтний улирал урттай Монгол орны нөхцөлд бяцхан иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, боловсролыг чанартай олгох нэгэн шийдэл нь байх юм.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудыг боловсролтой, нийгэмд бэлтгэгдсэн иргэд болгон төлөвшүүлэх амаргүй албыг олон жилийн туршид үр бүтээлтэй хашиж, амжилт гаргасан багш нарт хамт олон, яам сургуулиудаас нь ирүүлсэн тодорхойлолтыг баримтлан төрийн дээд цол, одонгоор өнөөдөр шагналаа. Шагнагдагсдын дунд онцлон дурдах учиртай хүмүүс байна.

Эрүүл мэнд, боловсролын салбарт 1975 оноос хойш багш, их эмч, аспирант, тэнхимийн эрхлэгч, захирал гээд бүхий л албанд хүчин зүтгэж, анагаах ухааны эрдэм боловсролыг мянга мянган эмч, мэргэжилтнүүдэд түгээж, 46 дахь жилдээ ажиллаж байгаа Эрүүлийг хамгаалахын Гавьяат ажилтан, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Зөвлөх профессор Цэрэнхүүгийн Лхагвсүрэн, олон арван ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж, олон чухал барилгын зураг төсөл болон үйлдвэрлэлийн төслүүд гүйцэтгэн хэрэгжүүлж Монгол Улсад барилгын инженер мэргэжилтнүүдийг бэлтгэх, сургах үйлсэд нийтдээ 47 жил зүтгэсэн Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУТИС-ийн Зөвлөх профессор, Барилгын инженер, геотехникч, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Далайн Дашжамц нарт Ардын багш цол хүртээлээ. Баяр хүргэе! Та бүхний Монголын боловсролын салбар, эрдэм судлал, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд оруулсан орлуулшгүй хувь нэмэрт гүнээ талархаж, дахин баяр хүргэе.

1970 оноос хойш бага ангийн багшаар тасралтгүй тавин жил ажилласан Содномын Алтанцэцэгт Монгол Улсын Гавьяат багш цол хүртээлээ. Мөн цэцэрлэгийн багшаар насаараа ажилласан Барамсайн Бадамхандад Гавьяат багш цол хүртээж байна. Сургуулийн өмнөх болон бага ангийн сургалт нь ирээдүйн иргэний хүмүүжил төлөвшлийн суурь, зөв дадал зуршлыг суулгадаг чухал үе нь гэж эрдэмтэд үздэг. Ийм чухал ажлыг олон жил үр бүтээлтэй гүйцэтгэж, олон мянган шавь нарыг хүмүүжүүлсэн хоёр багшдаа халуун баяр хүргэж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Хүүхдийн төлөөх төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын хүүхдийн зуслан зэрэгт 1984 оноос хойш тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан Хуушааны Баавгайд Монгол Улсын Гавьяат багш цол шагнаж байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, албан бус сургалт, соёл, хүүхэд харах үйлчилгээний чиглэлээрх төрийн бодлогыг боловсруулах, сурагч багачуудын амралтыг зохион байгуулах, сургах үйлсэд Х.Баавгай багш үлэмж дадлага туршлага хуримтлуулсан, хүүхдийн байгуулгад өөрийгөө зориулсан гэдгийг онцолж байгаа юм шүү.

Эрхэм багш нар аа,

Боловсролын салбарын манлайлагчид, гавшгайчдыг тусгайлан шагнаж, цол тэмдгийг гардуулж байгаа нь Та бүхэнд нийт иргэдийнхээ өмнөөс хүндэтгэл илэрхийлж, талархал дэвшүүлж байгаа хэрэг юм шүү.

Монгол хүн бүрийн амьдралын салшгүй, зайлшгүй хэрэгцээ бол боловсрол юм. Нийгэмд хүн бүр өөрийн хийх ёстой, гүйцэтгэх ажил үйлсээ олох, түүгээр амьдралаа залгуулах, ихийг хийж бүтээхэд нь боловсрол л тусладаг. Ийм чухал ажлыг олон жил шантралгүй тууштай хашиж, үр бүтээл гаргаж, олон мянган шавь төрүүлсэн Та бүхэнд дахин дахин талархал дэвшүүлье.

Аз хийморь, амжилт бүтээлийн дээдийг ерөөе!

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын багш нарын алдар бадартугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр эхэлж буй “Номын баяр” гурав хоног үргэлжилнэ

Уншигчид болон зохиолчдын хүсэн хүлээдэг “Номын
баяр” өнөөдрөөс эхлэн гурав хоног Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Номын
баяраар бүх ном 5-60 хувь хямдардаг бөгөөд цоо шинэ болон олдоц муутай ховор
номуудыг ч нэг дороос авах боломж энэ баяраар л тохиодог.

Тухайлбал, 29 дэх
удаагийн “Номын баяр”-т “Анд” хэвлэлийн газар хүүхдийн болон уран зохиолын 100
гаруй нэр төрлийн бүтээлээрээ оролцож байна. Түүнчлэн тус хэвлэлийн газар Номын
баярт зориулж, эрхлэн гаргасан бүх номоо 10-60 хувь хүртэл хямдруулж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх зургадугаар сарын 25-нд тангараг өргөнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцлээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд олонхын санал авсан У.Хүрэлсүхийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох асуудлыг хэлэлцэв. Үүний өмнө СЕХ-ноос сонгуулийн дүнг нэгтгэн УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн билээ.

Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хууль батлахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 12 нь дэмжив.

У.Хүрэлсүхийн тангараг өргөх ёслолыг 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр тогтож, 11:45 цагт тангараг өргүүлэхээр тогтов.

Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх болон тангараг өргөх тов тогтоох тухай асуудлыг УИХ-ын чуулганаар эцэслэн батална. Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14:00 цагт товлогдсон билээ.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан УИХ-ын гишүүд СЕХ-ны дарга П.Дэлгэрнарангаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Хэдийгээр бид цар тахалтай нүүр тулсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийнхаа ард гарлаа. Энэ жилийн сонгууль тайван даруухан болж өнгөрлөө.Өмнө нь бол өрсөлдөгч нараа харлуулах, удам угсаа, яс үндсээр нь ярьж пижигнэж өнгөрдөг байлаа. Болсон болоогүй бичлэг тараагаад л нэгнийгээ харлуулах зүйлгүй тайван сонгууль боллоо. Сонгогч нар ч надтай адилхан бодож байгаа байх. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн явуулах сонгуулийн хуулийг шинээр баталж гаргасан. Ингэж хэлэлцэж батлахдаа хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолохоор хуулийн төсөлд тусгаж өгсөн. Өчигдөр цахим хуудсанд саналын зөрүүтэй байсан гэх мэдээлэл тархсан. Энэ талаар СЕХ-ны даргаас тодруулмаар байна. Улсын хэмжээнд хар машины тооллого, гараар тоолсон хооронд ямар нэгэн зөрүү гарсан уу. Зөрүү гарсан бол хэр хэмжээний зөрүү гарав.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран:

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд орсон гол өөрчлөлт нь бүх хэсгийн хороонд хяналтын тооллогыг гараар 100 хувь тоолохоор тусгагдсан. Үүнийг зохицуулсан журмыг СЕХ-оос гаргасан. Үүний дагуу 2087 хэсгийн бүх хороонд гар тооллогыг хийхэд сонгуулийн автоматжуулсан системийн дүнтэй нэг ч санал зөрөөгүй. Энэ хоёр дүн 100 хувь таарсан. Хакердсан гэх зүйл байхгүй.

УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль

95 дугаар зүйл.Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх

95.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын 5 өдрийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлаар дүгнэлт гаргана.

95.2.Нэгдсэн хуралдаан Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор хэлэлцэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг дараах журмаар гаргана:

95.2.1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлийг сонсох;

95.2.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсох;

95.2.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулах;

95.2.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль гаргах.

95.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

УИХ Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хууль баталснаас хойш 30 хоногийн дотор тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.1-т “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө” хэмээн заасан байдаг.

Тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-ны өдрийн 11:45 цагт товлосон байна. Тус асуудлыг өнөөдөр 14:00 цагт болох УИХ-ын чуулганаар эцэслэн батална.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдрийн чуулганаар дараах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд:

  • Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай хуулийн төсөл
  • “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх тов тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт
  • Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эцэслэн батлах үе шат/.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүрээ дээд сургуулиас Өргөө кино театрын уулзвар хүртэлх хойд замыг энэ сарын 20-ныг хүртэл хаана

Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооолол, Бичилийн замыг өнөөдрөөс эхлэн ес хоногийн хугацаатайгаар хаахаар болжээ.

Тодруулбал, тус дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүрээ дээд сургуулиас Өргөө кино театрын хойд замын уулзвар буюу Бичилийн замыг өнөөдөр буюу 2021 оны зургадугаар сарын 11-ний Баасан гарагийн 22:00 цагаас зургадугаар сарын 20-ны 00:00 цаг хүртэл хааж Цэвэр усны шугамын өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдах юм.

Иймд жолооч та бүхэн дээрх зураглалын ногоон болон цэнхэрээр тэмдэглэсэн сумны дагуу явж хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм

Үерийн улмаас Дамбадаржаа дахь гүүр нуржээ

Сүхбаатар дүүргийн 15-р хороо, Дамбадаржаа дахь гүүр үерийн улмаас нурж, орчмын айлууд усанд автсан талаар НЗДТГ-аас мэдээллээ.

Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн ажилтан Г.Хонгорзул “Хотын дарга болон холбогдох албаны хүмүүс үер усны гамшгаас сэргийлэх чиглэлээр газар дээр нь ажиллаж байна. Нөхцөл байдал амаргүй байна. Үерийн хамгаалалтын бүсэд л гэхэд 1098 айл байна” гэв.

Айлууд үерийн усанд автсан байдалтай байгаа ба удахгүй үргэлжилсэн бороо орохыг албаны хүмүүс анхаарууллаа.

Categories
мэдээ утга-зоxиол

“Болор цом” наадмыг ЦЕГ-тай хамтран зохион байгуулна

Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам зургадугаар сарын 19-нд цагдаагийн “Сүлд” чуулгын концертын танхимд болно.

“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд өнөөдөр “Болор цом” наадмын талаар хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав, МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал, МҮОНТ-ийн захирал Р.Тулга, ЦЕГ-ын соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга Д.Долгорсүрэн, “Сүлд” чуулгын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар нар оролцсон юм.

МУУГЗ Ш.Гүрбазар “Болор цом” гэдэг оюуны, яруу найргийн их наадмыг аль болох үзэгчдэдээ шинэ соргог байдлаар хүргэх гэж манай телевиз хичээж байна. Наадам маань ч сайхан болно” гэв.

Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав “Олон түмний хүсэн хүлээдэг 38 дахь удаагийн Болор цом наадмыг зохион байгуулах гэж байна. Болор цом гэдэг бол оюун санааны, яруу найргийн, уншигчдын, зохиолчдын, яруу найрагчдын их том баяр цэнгүүн болдог. 2020 онд “Болор цом” наадмыг зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас явагдаагүй. Болор цом бол алгасч, орхиж болохгүй олон түмэнд нэртэй болсон наадам. Энэ жилийн наадмыг Цагдаагийн ерөнхий газар тэр дундаа “Сүлд” чуулгатай хамтран зохион байгуулж байна. Мөн МҮОНРТ хамтран ажиллаж, тэргүүн байрын яруу найрагчид урлаг, оюун санааны их тэнгэр болсон Янжинлхам бурхны асар хүндэтгэлтэй өргөмжлөлийг гардуулдаг. Яруу найргийг зөөлөн хүчний бодлого гэж их ярьдаг. Хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх, үгийн урлагийг хүмүүст хүргэхэд асар том үүрэгтэй оролцдог. Энэ жилийн “Болор цом”-ыг Засгийн газар болон УОК-ын шийдвэрийн дагуу явуулна. “Сүлд” чуулгад зайгаа бариад зохион байгуулна” гэлээ.

Сүлд чуулгын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар “2021 он бол онцгой жил. Учир нь цагдаагийн байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт, яруу алдарт 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойгоо угтаад цагдаагийн байгууллагаас олон төрлийн арга хэмжээ, ажил зохион байгуулж байгаа. Ялангуяа олон нийт, иргэд рүү чиглэсэн олон ажил төлөвлөсний нэг нь “Болор цом” наадам. Цагдаагийн байгууллагыг төлөөлөөд зургаан яруу найрагч энэ удаагийн наадамд оролцож байгаа” хэмээв.

Монголын зохиолчдын эвлэлийн яруу найргийн төвийн дарга Ж.Баяржаргал “Оны эгшиглэнт яруу найрагч тодруулах, оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” уламжлал наадам 2021 оны зургадугаар сарын дундуур болох гэж байна. Түүхэнд тодоор бичигдэн үлдэх байх. Учир нь нэгдүгээрт, халуун зунаар, хоёрдугаарт, цар тахлаас болж их хойшиллоо. Болор цом наадам хамгийн анх 1983 онд ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн санаачлагаар зохион байгуулагдаж байлаа. Түүнээс хойш 38 дахь удаагаа зохиогдох гэж байна. Энэ хугацаанд ардын уран зохиолч Д.Цоодол, Б.Лхагвасүрэн зэрэг манай нэрт яруу найрагчид гурван удаа түрүүлж байжээ. 2007 онд анх удаагаа хөдөө орон нутагт буюу Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байлаа. Энэ жилийн наадамд 115 яруу найрагч, сонирхогч бүтээлээ ирүүлсэн. Үүнээс 30 яруу найрагч нь шүлгээ уншина. Үүний зургаа нь цагдаагийн байгууллагын алба хаагчид. “Болор цом”-ын гурван эзэн мөн шүлэг, зохиолоо уншина” гэсэн юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хятадын станцын зургийг АНУ-ын хөлөг тойрог замаас авснаа дэлхийд ирүүлжээ

Ангараг гаригийн тойрог замд ажиллаж байгаа АНУ-ын MRO (Mars Reconnaissance Orbiter) хөлөг тус гаригийн гадаргуу дээр ажиллаж буй Хятадын Zhurong робот станцын гэрэл зургийг буулгаснаа дэлхийд ирүүлжээ.
Zhurong станц анх газардсан газраасаа холгүй ажиллаж байгааг уг гэрэл зураг харуулсан байна.
Энэ бол Хятадын робот станц Ангарагт буусныг хөндлөнгийн этгээд баталсан анхны тохиолдол юм.
MRO хөлгийн камерт бас Zhurong станцыг газардуулах үед ашигласан халалтаас хамгаалах бүрхүүлийн хэсгүүд, шүхэр зэрэг өртсөн байна.

Map of Mars

Chinese rover

Хятад улсын судалгааны робот станц тавдугаар сарын 14-ний өдөр Ангараг гарагийн хойд хагасын Utopia Planitia нэртэй тэгш газарт буусан юм. 240 кг жинтэй Zhurong станц нь 2000-аад оны үед NASA-гийн Ангарагт илгээж байсан Spirit, Opportunity станцуудтай төстэй харагддаг.
Хятадын эрдэмтэд уг станцыг хамгийн богинодоо Ангарагийн хэмжүүрээр 90 хоногийн хугацаанд ажиллуулах зорилготой байгаа юм.
Zhurong станц орчноо харах хэд хэдэн камертайгаас гадна чулуулгийн бүтцийг задлан шинжлэх, цаг уурыг судлах зэрэг нийт таван багажаар тоноглогджээ. Ангараг гарагийн өөр хэсэгт АНУ-ын Curiosity, Perseverance нэртэй робот станцууд бас үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Categories
мэдээ нийгэм

Б.Жавхлан: Долдугаар сарын 1-нээс бүх халамжийн үйл ажиллагаа зогсоно

БШУ-ны яаманд өнөөдөр төсвийн тогтолцоог цахим хэлбэрт шилжүүлэх төслийн нээлт боллоо.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Долдугаар сарын 1-нээс бүх халамжийн арга хэмжээ дуусна. Үүн дээр бид эрсдлийн шинжилгээ хийж байна. Долдугаар сарын 1-нээс хойш төсөв яаж явах талаар болоод яаж ажиллах ёстой, ямар дэглэм рүү шилжих ёстойг, тэр тусмаа сүүлийн нэг жил хагасын хугацаанд хийгдсэн халамжийн арга хэмжээ бүгд дуусна.

Хүүхдийн мөнгө 20 мянга болж, мөн тог, дулаан, ус зэргийн төлбөр ч төлөгдөж эхэлнэ.

Торгууль авлагуудаа авч, банкны салбарт уучлал үзүүлж буй зээлийн ангилалын бүх асуудлууд дуусна. Ковидын нөхцөл байдалтай уялдуулан цогцоор нь тооцоолж байна.

Түүнчлэн их, дээд сургуулиудтай холбоотой хавтгайрсан тусламжуудыг хална. Шалгуур үзүүлэлтууд тавьж, шаардлагатай мэргэжлээр суралцаж буй оюутнуудад тэтгэмж олгох чиглэлд ажиллана. Мөн шилдэг 10 их сургуулийг л үүнд хамруулах хэрэгтэй гэж үзэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутаг руу иргэд түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 2-9-ний хооронд иргэдээс нийт 2374 дуудлага ирснээс 2155 буюу 90.77 хувьд нь амжилттай үйлчилж ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 48 буюу 2.13 хувийг эзэлжээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 202 иргэн хандаж, автомат хариулагчтай 95, оператор ажилтантай 107 иргэн холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.

1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.


Нийслэлийн хэмжээнд хэдэн төрлийн вакцин хийж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Вероцел, Спутник-V, Астразенека, Файзер гэсэн дөрвөн төрлийн вакцин хийж байна.

-Файзер вакциныг ямар иргэдэд хийж байна вэ?

-Сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн.

-Файзер вакцин хийлгэх зорилтот бүлгийн иргэд зөвшөөрөл авах уу?

-Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвшөөрлийн хуудас гарсан. Иргэд тухайн дархлаажуулалтын цэг дээр байгаа эмчдээ үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудсыг бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.

-Шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Хэзээнээс ийм болсон бэ?

-Зургадугаар сарын 3-наас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд түргэвчилсэн шинжилгээ авч эхлээд байна. Зөвхөн ойрын хавьтлаас PCR-ын шинжилгээ авахаар Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэсэн.

Хөдөө, орон нутаг руу иргэд хэрхэн зорчих вэ?

-Хөдөө, орон нутаг руу иргэд тухайн аймгийнхаа онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутаг руу зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.

-Шинжилгээний цэгүүд хаана ажиллаж байгаа вэ?

-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орсон. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар Тэнгэр худалдааны төвийн гадна талбай/
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ