Categories
амьдралын-өнгө мэдээ

Хараа голын усны түвшин нэмэгдэж, айл өрхүүд усанд автжээ

Хараа голын усны түвшин өмнөх жилүүдийн дунджаас нэмэгдэж, үерийн түвшинг давж 176 см хүрч үерлэж, зарим налуу хэсгээр ус эргээ хальжээ.

Орсон хур борооны эрчимшил хэмжээнээс хамаарч гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж, үерлэж байгаа тул голын сав дагуу суурьшиж зусаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, ард иргэдийг үeр усны аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна.

ус гэх мэтийн зураг байж болно

Үүнд:
• Ард иргэд цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ, мэдээлэлтэй цаг тухай бүрд нь танилцаж болзошгүй гэнэтийн үер усны аюул, цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх
• Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх.
• Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах.
• Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх.
• Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих.
• Төв суурин газрын үерийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авах
•Хол замд тээвэр хийж яваа жолооч нар баталгаат гүүр гармаар гарах
. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байж, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг зөвлөж байна.

гадаа гэх мэтийн зураг байж болно

ус гэх мэтийн зураг байж болно

байгаль, ус, зүлэг болон тэнгэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ спорт

Ц.Амарсанаа өнөөдөр “Lightweight” жинд Америкийн Билл Вилхелмтэй хүч үзнэ

Холимог тулааны дэлхийн шилдэг холбоодын нэг One Championship-д тоглож буй Ц.Амарсанаа өнөөдөр тус холбооны хүрээнд гурав дахь тулаанаа хийнэ.

Түүний тулаан “ONE: FULL BLAST II” арга хэмжээний гол тулаануудын нэг байх бөгөөд “Lightweight” жинд Америкийн Билл Вилхелмтэй хүч үзнэ.

“MGL-1 Lightweight Championship”-т 5-1 амжилттай байсан Ц.Амарсанаагийн хувьд 2019 оны хоёрдугаар сарын 16-нд One Championship-ийн эхний тулаанаа хийж ялсан. Мөн оны арваннэгдүгээр сард хоёр дахь тулаанаа хийж ялагдсанаас хойш цар тахлын улмаас албан ёсны тулаан хийгээгүй байна.

Харин түүний өрсөлдөгч Билл Вилхелм 5-0 амжилттай нэг ч ялагдаагүй байгаа бөгөөд One Championship-ийн эхний тулаан нь энэ болох учиртай.

“ONE: FULL BLAST II” арга хэмжээ Улаанбаатарын цагаар 20:30 цагаас эхэлнэ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: У.Хүрэлсүх та Монголын ард түмэнд хандаж хэлсэн үг, амлалтаа бүү мартаарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн үйл ажиллагаа явагдаж өндөрлөлөө. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн эцсийн дүнгээ гаргаж, тогтоол гаргасан байна. Сонгуулийн үйл ажиллагааг сонгуулийн хуулийн хүрээнд явагдсан боловч их хэмжээний зөрчил гарсан.
Ер нь бол Зөрчлийн болон Эрүүгийн хуулийн хэлбэртэй олон үйлдэл хийгдсэн. Их хэмжээний мөнгө тараалт боллоо. Төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтнуудыг оролцуулсан.
Төрийн бүх шатанд удирдах дээд байгууллагаас чиглэл өгч шахаж шаардсан байна. Сонгуулийн компанит ажилд төрийн албыг бүхэлд нь дайчилж оролцуулсан.
Энэ сонгуулийн дүнг харахад эрх барьж буй МАН зарим улс төрийн хүчинтэй хамтарч, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар, хуулийн хүрээнд бус аргаар зохицуулах үйл ажиллагааг явуулсан байх магадлалтай. Энэ тал дээр АН цаашид хяналт тавина.

Нийгэм, эдийн засаг ээдрээтэй байгаа үед У.Хүрэлсүх та Монголын ард түмэнд хандаж хэлсэн үг, амлалтаа бүү мартаарай. Үүсээд байгаа нөхцөл байдлын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, төрийн тэргүүний хувьд хариуцлагатай ажиллаарай гэж хэлмээр байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Хятадад биткойноор мөнгө угаасан хэрэгт 1100 хүнийг баривчлав


БНХАУ цахим валютыг хүчтэй эсэргүүцэж байгаа энэ үед эрх баригчид биткоин худалдан авч хууль бус мөнгө угаадаг сүлжээг илрүүлэн 1100 хүнийг баривчилжээ.

Цагдаа нарын мэдээлж байгаагаар баривчлагдсан сэжигтнүүд үйлчлүүлэгчдийнхээ хууль бус аргаар олсон мөнгийг цахим валют худалдаж авах замаар угаадаг байжээ. Гэхдээ тус сүлжээ өнөөг хүртэл хэр хэмжээний мөнгө угаасан талаар нарийн мэдээлэл өгөөгүй байна.

Хятадын хэд хэдэн муж сүүлийн үед эрчим хүч хэмнэхийн төлөө цахим валют олборлохыг бүрэн хориглосон билээ. Гэсэн ч Хятад улсад дэлхийн нийт биткоины гүйлгээний 80 орчим хувийг дангаараа эзэлж буй хэвээрээ байна. Харин биткоин олборлоход зарцуулагддаг нийт эрчим хүчний найман хувь нь Азиас гардаг аж.

Хятадад энэ оны эхээр крипто валютын бирж болон төлбөрийн хэлбэр санал болгохыг албан ёсоор хоригложээ. Түүнчлэн 2019 онд дотооддоо крипто валютаар гүйлгээ хийхийг хориглож байсан билээ. Гэсэн ч одоохондоо ард иргэд цахим валют эзэмших талаар ямар нэг байдлаар хязгаарлаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

НДШ-ийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл эцэслэн баталлаа.

Чуулганы хуралдаанд 61 гишүүн оролцсоноос 43 нь дэмжлээ.

Манай улс 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь хэмжээг үе шаттайгаар 5 хувь хүртэл нэмэгдүүлэх байсан. Энэ дагуу 2017 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь (тус бүр 7 хувь) байсныг 19 хувь (тус бүр 9.75 хувь)-д хүргэн баталсан.

Энэ өөрчлөлтийг ажил олгогч болон ажилтанд дарамт үүсгэхгүйн үүднээс холбогдох хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажил олгогч болон ажилтан тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж, энэ оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байдаг.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд НДШ-ийг 2 хувиар бууруулахаар тусгасан. Тодруулбал, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт багасахаар байна.

Хуулийн төсөл 2021 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр төсөлд тусгажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэрэмжлүүлэг: Гол, мөрний усны түвшин үерийн аюултай түвшинг давж үерлэж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 11-ний өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Туул зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Орхон, Алтай нуруунаас эхтэй Сагсай, Харбут Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-40 см нэмэгдэж, Орхон, Хараа, Туул, Сэлбэ, Сөгнөгөр, Хэрлэн, Балж, Онон, Халх, Түргэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см Хүдэр, Ерөө гол Дулаанхаан сум орчимд үерийн аюултай 25-50 см даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу 12-нд Туул гол Алтанбулаг, Хараа гол Дархан, Ерөө гол Дулаанхаан сум орчимд усны түвшин 10-35 см нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав, эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Согтуугаар автомашин жолоодсон 33 хэрэг бүртгэгджээ

.

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 971, хулгайтай холбоотой 17, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 78, гэмт хэргийн шинжтэй 64 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 33, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 97, хүний биед халдсан 31, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 69, эрүүлжүүлэгдсэн 108, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 51 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд 1.6 сая иргэн бүрэн тундаа хамрагджээ

Өнөөдрийн байдлаар манай улсын 1.6 сая иргэн бүрэн тундаа хамрагджээ. Ингэснээр манай улсын нийт насанд хүрэгчдийн 78 хувь нь бүрэн тунгаа хийлгэж, өөрийгөө халдвараас хамгаалжээ. 18 буюу түүнээс дээш насны нийт 2 сая 67 мянган хүнд вакцин хийнэ.

Насны бүлгээр нь харвал 25-29 насны иргэд дархлаажуулалтад хамгийн бага хамрагджээ. Тэдний 82 хувь нь эхний тундаа, 68 хувь нь хоёр дахь тунгаа хийлгэжээ. 25-29 насны иргэдийн бага насны хүүхэдтэй, залуу гэр бүлүүд байдаг тул вакцинаа хийлгэснээр хүүхдээ ч халдвараас давхар хамгаална гэдгийг ЭМЯ-наас зөвлөв. Мөн өнөөдрөөс эхлэн арав хоног халдвар хамгааллын дэглэмээ ягштал баримтлахыг иргэдэд уриалсан юм. Учир нь нэг өдөрт бүртгэх халдварын тоо буурахгүй, тогтмол өссөөр байна. Сүүлийн 24 цагт 1622 тохиолдол бүртгэсэн юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ: Шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, 2021 оны зургадугаар сарын 25-нд тангараг өргүүлэхийг дэмжив

Ерөнхийлөгчийн тангараг өргөх товыг тогтох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Шинэ Ерөнхийлөгчийг 2021 оны зургадугаар сарын 25-ны 11:40 цагт тангараг өргүүлэхийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийг олонхын саналаар дэмжив.
Шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг батлах эсэхээр санал хураалт явууллаа.
Чуулганы танхимаас санал хураалтад оролцсон 14 гишүүнээс нь татгалзсан бол цахимаар оролцсон 49 гишүүнээс нэг нь татгалзав. Тодруулбал, цахимаар оролцсон Н.Алтанхуяг, танхимаас оролцсон Б.Пүрэвдорж нар эсэргүүцэв.
Ийнхүү санал хураалтад оролцсон нийт 63 гишүүний 61-ийнх саналаар Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг баталлаа.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Энэ удаа сонгууль болсонгүй. Маш муухай шившигтэй жүжиг болоод дууслаа. Сонгуулиар далимдуулж КОВИД гэдэг өвчнийг нэлээн даамжрууллаа. Тэгэхээр цар тахлыг иргэд биш дарга нар тараадаг гэдэг нь сая харагдлаа.
Сонгуулийг маш муу зохион байгууллаа. СЕХ-ны даргыг огцруулах хэрэгтэй.
Төсвийн мөнгийг гарын салаагаар урсгалаа. Гадаадаас зээл авч байгаад байгалийн баялгийн хувь мэтээр худал хэлж тараалаа. Энэ сонгууль үндсэндээ хяналтгүй боллоо.
Хар машин шатаагаад явж байсан нөхдүүд өнөөдөр хар машинаа тэврээд сууж байна. Ер нь Монгол Улс сонгуулиа хийж чадахаа байж.
УИХ-ын гишүүн Н.Энхболд: СЕХ-ны удирдлагын талаар хэлсэн зарим хүнтэй санал нийлэхгүй байна. Харин ч хариуцлагатай сайн ажилласан.
Сонгуулийн үеэр яригдаж байсан нэг нам, нэг хүний дарангуйлан тогтлоо гэдэг зүйлд тайлбар хиймээр байна. Өнөөгийн нийгэмд нэг хүний дарангуйлал тогтох боломжгүй. Ерөнхийлөгчийн эрх мэдэл, улс төр, гүйцэтгэх эрх мэдэлд оролцдог байсан нөлөөллийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хязгаарласан. Ингэж хязгаарлахыг У.Хүрэлсүх өөрөө намаа уриалж батлуулсан юм.
Categories
мэдээ нийгэм улс-төр

Ерөнхийлөгч Генерал цол хүртээлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн зарлигаар батлагдсан Цэргийн дээд цол олгох журмыг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 10-ны өдөр зарлиг гаргаж, цэргийн дээд цол хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Довчинсүрэнгийн Ганзоригт Дэслэгч генерал цолыг,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, Бригадын генерал Лхагвасүрэнгийн Гансэлэмд Хошууч генерал цолыг,
  • Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, хурандаа Төмөрбаатарын Лодойдамбад Бригадын генерал цолыг тус тус хүртээв.
  • Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 42 дугаар зарлигаар цолоо хасуулсан Чимэддоржийн Амарболдын Хошууч генерал цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга сэргээлээ.