Categories
амьдралын-өнгө мэдээ спорт

Монголын хөлбөмбөгийн бэлтгэлийн төвийн нээлт боллоо

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг болох Баруун Дэлгэрийн аманд байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төв нь энэ жилийн эхний улиралд ашиглалтад орсон билээ.

Бэлтгэлийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, тус бэлтгэлийн төвийн гүйцэтгэх захирал Ш.Отгон-Өлзий нар үг хэлж, нээсэн юм.

Мөн МХБХ-ны дэд ерөнхийлөгч Х.Азжаргал, Зөвлөлийн гишүүн Б.Гансүх, М.Амарбаясгалан, Б.Болдбаатар, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, Үндэсний шигшээ багийн ахлагч Х.Цэнд-Аюуш нар тууз хайчлах хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцов.

Энэ үеэр МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Тэрбаатар 2021-2028 оны Урт хугацааны стратеги хөтөлбөрийн талаар нээлтийн үйл ажиллагаанд ирсэн зочдод танилцууллаа.

МХБХ-ны Зөвлөлийн шийдвэр болон Ерөнхийлөгчийн тушаалаар Катар ДАШТ-2022 оны Азийн бүсийн урьдчилсан шатны сүүлийн тоглолтоо Киргиз Улсын шигшээ багтай тоглосон шигшээ багийн тамирчдад хоёр сая төгрөг, Үндэсний шигшээ багийн хамтаар ДАШТ-ий урьдчилсан шатны таваас дээш тоглолтод тоглосон долоон тоглогчид 500 мянган төгрөгийн урамшуулал олгосон юм.

Түүнчлэн шигшээ багийн албаны хүмүүст дурсгалын зүйлсийг гардуулан өгч, МХБХ-ны удирдлагуудын зүгээс Киргиз улсын шигшээ багийн эсрэг 1:0 харьцаатай хожил байгуулахад амжилттай тоглосон хаалгач Э. Мөнх-Эрдэнэ, хамгаалагч Г.Бат-Оргил, хагас хамгаалагч Х.Цэнд-Аюуш нарт тус тус 500 мянган төгрөгийн урамшуулал олголоо.

1993 онд Үндэсний шигшээ баг дахин байгуулагдсанаас хойших 100 дахь гоолыг оруулсан О.Мижиддоржид хөлбөмбөгийн элч төлөөлөгч Г.Ганхүү амласан ёсоороо нэг сая төгрөгөөр шагнасан бол түүнд МХБХ-ноос дурсгалын зүйл батламжийг гардуулан өгсөн юм.

МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар нээлтийн үеэр Монголын хөлбөмбөгийн бэлтгэлийн талбайг Монголын хөл бөмбөгийн анхны шигшээ багийн тоглогч, ууган гавьяат дасгалжуулагч, БНМАУ-ын анхны спортын мастер Лувсандоржийн Сандагдоржийн нэрэмжит болгохоор болсныг дуулгахад таатай байна.

Уг бэлтгэлийн төвийн нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн МХБХ-ны Зөвлөлийн гишүүд, Үндэсний шигшээ багийн тамирчид, болон хүндэт зочид тус бүр нэг мод тарьж бэлтгэлийн төвийн өнгө үзэмж, байгаль орчны ногоон ирээдүйд хувь нэмрээ орууллаа.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун жин хасчээ

Умард Солонгосын сэдэвтэй мэдээг англи хэлээр нийтэлдэг NK News сайтад саяхан тус улсын удирдагч Ким Жон Ун жин хассан тухай мэдээлсэн юм.
Зургадугаар сарын 5-нд Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг улс төрийн товчооны хуралд оролцож буй Ким Жон Уны зургийг нийтэлж байв. Энэ зургийг жилийн өмнө авхуулсан бусад зурагнуудтай харьцуулахад үнэхээр “их удирдагч” жин хассан нь мэдэгдэж байжээ.
Тухайлбал түүний зүүн гарын бугуйндаа зүүсэн Швейцарын IWC Schaffhausen компанийн Portofino Automatic цагны оосрын хэмжээг харьцуулж шинжээд турсныг нь тогтоосон байна.

Энэ оны хоёрдугаар сард авхуулсан Ким Жон Уны зураг

Ким Жон Ун турсныг эрүүл мэндтэй нь холбоотой байж болзошгүй гэсэн таамаг яригдаж эхэлжээ.

Өчигдөр Өмнөд Солонгосын эх орноо нэгтгэх яамны төлөөлөгчөөс сэтгүүлчид энэ талаар асууж, хариулт авсан байна. Ким Жон Уны зураг Умард Солонгосын төв хэвлэлд нийтлэгдэх бүрт харьцуулж, судалдаг тухай тус яамны төлөөлөгч мэдээлжээ.

Гэхдээ түүний эрүүл мэндийн талаар гаргасан дүгнэлтээ олон нийтэд зарлах боломжгүйг хэлсэн байна.

Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын алба 2020 оны арваннэгдүгээр сард парламентад өгсөн мэдээлэлдээ 2012 онд 90 кг жинтэй байсан Ким Жон Ун жил бүр 6-7 кг нэмсээр 140 кг хүрээд байгааг нотолж байв.

37 настай, 170 орчим сантиметр өндөртэй Кимийн хувьд энэ нь хэт таргалалт юм.

Зарим ажиглагчид түүнийг удмын зүрх судасны өвчтэй тул зориуд жин хассан байж болзошгүй гэж үзэж байна.

Тухайлбал түүний өвөө Ким Ил Сун 82 насандаа, аав Ким Жон Ил 69 насандаа зүрх судасны өвчнөөр нас барж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Гэрээр эмчлүүлж буй иргэдийн тоо 7988-д хүрч, өрхийн эмч нар ачаалалтай ажиллаж байна

ЭМЯ-наас гэрээр эмчлүүлж буй, хөнгөн оноштой иргэдийн тоо 7988-д хүрсэн гэж мэдээлэв.

Эдгээр иргэдэд биеийн халуунаа тогтмол үзэхийг дахин зөвлөлөө. Учир нь зарим иргэн өрхийн эмч над руу ярьсангүй гэж гомдол мэдүүлжээ. Өрхийн эмч нар ихээхэн ачаалалтай ажиллаж байна. Нөгөө талаас өрхийн эмч нартаа иргэдийг тэвчээртэй, хүлээцтэй сонсож, зөвлөгөө өгөөрэй гэж хүсэх байна.

Халдвар авсан иргэд айж сандрах хэрэггүй. Хариу арга хэмжээ авах баг тантай аль болох хурдан холбогдох болно гэж ЭМЯ-наас мэдээлсэн юм.

Коронавируст халдвар (КОВИД-19): Эмнэлзүйн шинж тэмдэг илэрч гэртээ тусгаарлагдсан хүн болон ойрын хавьталд өгөх зөвлөгөө

• Гэр бүлийн бусад гишүүдээс аль болох өөрийгөө тусгаарлах

• Ам, хоолойг давс, нимбэг, содтай бүлээн уусмалын аль нэгээр зайлах

• Халуун бүлээн шингэн зүйлийг бага, багаар ойр, ойрхон уух

• Витамин С хоногт өндөр тунгаар /1000 мг/ уух

• Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх

• Дасгал хөдөлгөөн хийх

• Тайван байх, сайн унтаж амрах

• Гэрээ 2 цаг тутам агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх

• Өрхийн гишүүд тус бүр өөрийн гарын алчуур, аяга, таваг, халбага, сэрээтэй байх

• Эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл биеийн халуун, захын судасны хүчилтөрөгчийн хэмжээ /пульсоксиметр/-г өглөө, оройд хянаж тэмдэглэх

• Дараах шинж тэмдэг илэрвэл яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандах

– Халуурах

– Амьсгалахад хүндрэлтэй болох

– Цээжээр өвдөх

– Хэл яриа, хөдөлгөөний идэвх буурах

Categories
мэдээ нийгэм

Иргэн, аж ахуйн нэгжид зориулсан 527 үйлчилгээ “e-Mongolia”-д орлоо

Цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д нийгмийн халамжийн тэтгэвэртэй холбоотой 10 гаруй үйлчилгээ нэмэгдсэнээр 527 үйлчилгээ үзүүлж байна.

Тун удахгүй улсын бүртгэлийн багц 30 гаруй үйлчилгээг тус системд нэгтгэхээр ажиллаж байгаа аж.

Ингэснээр энэ оны эцэст төрийн 592 үйлчилгээг “e-Mongolia”-с цахимаар авах боломжтой болно гэж Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар мэдээллээ.

https://www.cita.gov.mn/60537.html-ээс харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Японы ГХЯ-ны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын анхдугаар зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газар, Японы Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газрын Анхдугаар зөвлөлдөх уулзалт өнөөдөр цахимаар болов.

Тус уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Япон Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын эрх зүйн газрын захирал М.Окано нар тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Энэхүү уулзалтаар олон улсын гэрээний тухай хууль тогтоомжийн эрх зүйн зохицуулалт, гадаад улстай олон улсын гэрээ байгуулах, хэлэлцээ хийх явц, Олон улсын эрх зүйн комисс, Ази, Африкийн хуулийн зөвлөлдөх хороо, Олон улсын худалдааны эрх зүйн комисс зэрэг байгууллага дахь талуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар хэлэлцэв.

Мөн олон улсын далайн эрх зүйн зарим асуудал, Далайн эх газрын хормойн хязгаарын асуудал эрхэлсэн комисс болон Олон улсын эрх зүйн комиссын гишүүний сонгуулийн асуудлаар харилцан мэдээлэл солилцов.

Төлөөлөгчдийн тэргүүн нар анхдугаар зөвлөлдөх уулзалт амжилттай болсныг тэмдэглээд, цаашид тогтмол зохион байгуулахаар санал нэгдэв.

Categories
гадаад мэдээ

Израйль ангийн арьс худалдахыг хориглолоо

Израйль улс хувцас загвар, гоёлын зориулалтаар ангийн арьс, үс худалдахыг хориглосон анхны улс болж байгааг тус улсын Экологийн сайд Гила Гамлиэль мэдэгджээ. Энэхүү хориг энэ оны арванхоёрдугаар сараас хүчин төгөлдөр болох бөгөөд ангийн үсийг шашин, шинжлэх ухаан, боловсролын зорилгоор ашиглахыг зөвшөөрөх юм байна.

Өмнө нь уг шийдвэрийг гаргах оролдлого удаа дараа хийж байсан ч улс төрийн хүчнүүд болон шашны асуудлаас болж ажил хэрэг бололгүй хойшилсоор байсан юм.

Израйльд Шаббат болон баярын өдрүүдээр булга, үнэгний сүүлтэй малгай өмсдөг еврейчүүд ангийн арьс, үс ихээр худалдаж авдаг байна. Амьтны эрхийг хамгаалах “PETA” байгууллага Израйль улсын хоригийг түүхэн шийдвэр гэж онцолжээ.

Хэдий худалдаанд хориг тавиагүй ч арьс, үсийг нь зарж борлуулах зорилгоор амьтан үржүүлэхийг хориглосон хэд хэдлэн улс бий. Тухайлбал, Их Британи улс хамгийн анх 2000 онд хориглож, дараа нь 2004 онд Австри улс арьс, үсийг нь зарж борлуулах зорилгоор амьтан үржүүлэхийг хориглож байв. Үүний дараа 2012 онд үслэг эдлэлээрээ алдартай Нидерланд улс амьтны үс, арьсыг ашиглах зорилгоор амьтан үржүүлэхийг хориглож, 2024 он хүртэл булганы үс үйлдвэрийг бүрэн зогсоосон юм.

Эх с

Categories
мэдээ нийгэм

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг ирэх сараас 8.5 хувиар төлнө

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.06.11/ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталсантай холбогдуулж Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, хуулийн төслийг санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.

Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувиар бууруулж байна. Өөрөөр хэлбэл, бүх ажил олгогч болон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ 8.5 хувиар төлөх юм.

Сайн дураар даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг 12.5 хувиар төлдөг байсан бол мөн нэг хувиар бууруулж, 11.5 хувийн шимтгэл төлж эхлэнэ.

2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь Covid-19 цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлж байгааг үндэслэн дээрх хуулийн төслүүдийг санаачлан, батлуулсан талаар гишүүд мэдээлэлдээ дурьдлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Өмнөд Америкийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн даваа гаригт эхэлнэ

Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах “Copa America” тэмцээн ирэх даваа гаригт эхэлнэ. 47 дахь удаагийн Copa America энэ жил Бразил улсад зургадугаар сарын 13-наас долдугаар сарын 10-ны хооронд үргэлжилнэ.

Тэмцээнд нийт 10 баг оролцож байгаа ба таваараа хоёр хэсэгт хуваагдан тоглоно. Хэсэг бүрээс дөрвөн баг гарч нөгөө хэсгийн багуудтайгаа хасагдах шатанд өрсөлдсөнөөр аварга тодорно.

А хэсэг:

  1. Бразил
  2. Колумби
  3. Эквадор
  4. Перу
  5. Венесуэл

В хэсэг:

  1. Аргентин
  2. Боливи
  3. Чили
  4. Парагвай
  5. Урагвай

Тоглолтууд Бразилын дөрвөн хотын таван цэнгэлдэх хүрээлэнд болно. Өмнөх Copa America 2019 онд болоход Бразил түрүүлсэн бол дараагийн тэмцээн 2024 онд Эквадорт болох учиртай.

Тэмцээний нээлтийн тоглолт зургадугаар сарын 14-ний 05:00 цагт Бразил – Венесуэлийн хооронд болно.

Categories
мэдээ спорт

ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн хошой аварга Э.Цэндбаатар Гавьяат тамирчин боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр боксын үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Ажнай” корпорацийн тамирчин, ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ.

Энэхүү хүндтэй шагнал хүртсэн “Рио-2016” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн хошой аварга Э.Цэндбаатар энэ баярт мөчид сэтгэгдлээ хэлэхдээ: “Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсgны 110 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан боксын спортоор хичээллэн, олон улс, тив, дэлхийд эх орныхоо нэрийг олонтоо мандуулсан Э.Цэндбаатар ийнхүү гавьяагаа үнэлүүлсэн маань илүү их итгэл, хариуцлага хүлээлгэж байгааг мэдэрлээ. Улам их хичээж олимпын медальтан болохын төлөө бүх хүч, ур чадвараа дайчлан зүтгэх болно. Боксын хамт олон, ард түмэндээ баярлалаа” гэлээ.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө /2021.05.31/Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-д аваргын төлөөх тулаанд Данияал Шахбахшийг 5:0-ээр илт давуу ялж Азийн хошой аварга болсон билээ.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 2008 оноос боксын спортоор хичээллэхдээ өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 8 удаа алтан медаль хүртсэн байна. Мөн Монголын бүх ард түмний их наадмын алтан медаль, 2012 онд Якутск улсын Саха хотод зохиогдсон хүүхдийн их наадамд мөнгөн медаль, 2013 оны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж, олон улсын А зэрэглэлийн олон тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм.

Тэрбээр 2016 оны 6 дугаар сард Азербайжан улсын Баку хотноо болсон олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд 7 удаа тулалдаж, 6 ялалт байгуулан, мөнгөн медаль хүртэн, “Рио-2016” олимпын наадамд оролцох эрхээ авч байсан билээ.

Өнөөгийн гавьяат Э.Цэндбаатар ийнхүү 20 настайдаа хүн төрөлхтний спортын баяр цэнгэлийн дээд, олимпын наадмыг зорьж “Рио-2016” Зуны олимпын XXXI наадамд шилдгуудтэй 3 тулаан хийж, 2 ялалт байгуулан, шагналт 5 дугаар байрт шалгарсан юм.

Улмаар“Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга болж, 2019 оны ДАШТ-ий хүрэл медаль, 2019, 2021 оны Ази тивийн аварга болоод байгаа бөгөөд “Токио-2020” Зуны олимпын XXXII наадамд хүчээ сорих эрх авсан Монголын шигшээ багийн тамирчдаас олимпын медальтан болох хамгийн их найдвар төрүүлж буй тамирчдын нэг билээ.

Categories
мэдээ нийгэм

СЗХ: Үнэт цаасны бүртгэлтэй холбоотой багц журмыг баталлаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 11 дүгээр хуралдаан өнөөдөр болж салбартай холбоотой бодлого шийдвэр болон хуулийн этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаатай нь холбоотой ажлыг хурдан шуурхай шийдвэрлэх зорилгоор хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооноос олон ажил хэрэгжүүлээд байна. Хамгийн сүүлд гэхэд олон жил орхигдоод байсан биржийн бус зах зээлийн харилцааг зохицуулсан журмыг өнгөрсөн оны ээлжит 23 дугаар хуралдаанаар баталсан. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар хөрөнгийн зах зээлийн үндсэн суурь бүтээгдэхүүн болох хувьцаа болон компанийн бондын бүртгэлийн харилцааг олон улсын жишиг, хөгжиж буй орнуудын туршлага, дотоодын зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлсэн “Үнэт цаасны бүртгэлийн журам”, “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг хэлэлцэж баталлаа.

Энэхүү багц 2 журмыг баталснаар арилжаа эрхлэх байгууллага болон төрийн зохицуулагч байгууллага хоорондох бүртгэлийн давхардал, чирэгдэл арилж, нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааны зохион байгуулалтын үр ашиг нэмэгдэх, андеррайтер, үнэт цаас гаргагчийн чиг үүрэг, хариуцлага, мэдээллийн ил тод байдал сайжрах, компанийн хувьцаа болон өрийн хэрэгслийн зохицуулалтын давхардал арилж товч тодорхой болох боломж бүрдэнэ. Тодруулбал, үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих, түүний тогтвортой байдал, үр ашиг, ил тод байдлыг хангахад чиглэсэн бодлогын чухал арга хэмжээ болох юм.

“НОСК ГУРАВ” ХХК-Д ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОЛОО

Хуралдаанаар “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Мандал ирээдүйн өсөлт” хаалттай хамтын хөрөнгө оруулалтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэхээр шийдвэрлэлээ. Хөрөнгө оруулалтын энэхүү сан нь үүсэн байгуулагдсанаар арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулж олон нийтэд нэгж эрхээ санал болгон худалдах, 50.0 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлж, өгөөж өндөртэй санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулалт хийх замаар хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгийн өгөөжийг нэмэгдүүлэх боломж бий болно. Түүнчлэн “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан “НОСК гурав” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах тусгай зөвшөөрлийг олгож, тус компаниас гаргаж буй 15 жилийн хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй, нэг бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 130,708 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэхээр шийдвэрлэлээ.

Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Коронавируст халдварт цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээ”-ний хүрээнд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн үүсгэн байгуулсан компаниудад Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгож, одоогийн байдлаар нийт 87.8 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэснээр 1030 төрийн албан хаагч түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдах нөхцөл бүрдээд байна.

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦААГ СУНГАВ

Мөн хуралдаанаар хоёр компанид даатгалын болон банк бус санхүүгийн гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх, гурван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, нэг иргэнд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор тус тус шийдвэрлэлээ. Үүний зэрэгцээ таван хадгаламж зээлийн хоршооны хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, хоёр компанид хаалттай өрийн бичгийг бүртгэх, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахыг тус тус зөвшөөрлөө.