Categories
мэдээ улс-төр

Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслол боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн нутагт орших Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай 131 дүгээр зарлигийг гаргасан.

Зарлигийн дагуу Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслолыг Арван долоодугаар жарны Цагаагчин үхэр жилийн зуны эхэн харагчин могой сарын шинийн арван есний бэлгэт сайн шар барс өдөр /2021.05.30/ үйлдлээ.

Их Богд хайрхны тэнгэрийг тайх анхны төрийн тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалахын бодлогын зөвлөх Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, Хошууч генерал Д.Ганзориг, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан нарын албан ёсны төлөөлөгчид, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн тэргүүтэй лам хуврагууд, нутгийн ард иргэд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирснээр Их Богд хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол эхэлсэн юм.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч “Ганжуур” их хөлгөн судраас адис авч ёслоход хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Өрнийн элч сүлд, Баянхонгор аймгийн далбааг тахилгын талбайн хоёр талд, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилгын талбайн голд залав.

Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Ламын гэгээн Данзанжамбалчойжишинэн нар үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Баянхонгорчууд аа,

Ард иргэд ээ,

Говь-Алтайн нурууны ноён оргилуудын нэг Их Богд хайрхны төрийн тахилгад хүрэлцэн ирсэн бүх хүмүүст мэнд дэвшүүлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Баянхонгор аймгийн иргэдийн хүсэлт, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг дэмжиж, 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Их Богд хайрхан уулыг төрийн тахилгатай болгох тухай” 131 дүгээр зарлигийг гаргасан билээ. Үүний дагуу өнөөдөр энэ бэлгэт сайн өдөр Их Богд хайрхнаа тахиж байна.

Уул овооны тайлга тахилга бол мухар сүсэг, улирсан ёс заншил огт биш. Энэ бол үеийн үед байгалиа дээдэлж, зохицон амьдрахыг чухалчилж ирсэн нүүдэлчин ард түмнээс үр хойчдоо нутаг усаа хайрлан хамгаалахыг сургаж, ухааруулах, дадал болгох агуулгатай уламжлалт ухаан юм. Сав шим ертөнцийн жам зохилдлогыг танин барьж, зохирон аж төрдөг монголчууд байгалийг сөрөх, дийлэх гэж муйхарлах бус жам ёсыг нь танин зохицож, ээл ивээлд биширч, дээдлэл хүндэтгэлээ үзүүлэн элбэрэл даатгалыг хүсэн талбидаг уламжлалт зан үйл нь уул усны тахилга билээ.

Энэ бол байгаль, эх нутгаа хайрлан хүндэтгэх, хамгаалахыг үеэс үед сануулж, төрийн санах ой, бодлого болгон дамжуулж байдаг цогц үйл ажиллагаа юм.

Өнөөдөр Та бидний тахиж, тайж буй Их Богд уул нь далайн түвшнээс 3,957 метр өндөрт, 262 мянга 856 га талбайг эзлэн оршдог. УИХ-ын 2008 оны 5 тоот тогтоолоор Байгалийн цогцолборт газрын ангилалд оруулж, улсын тусгай хамгаалалтад авсан нутаг юм. Хайрхны ургамлын зүйл гэхэд ойн хэлбэртэн, бүрхүүл үртний 51 овог, 218 төрөл, 500 гаруй зүйл бүртгэгдсэн. Энд Монгол орны хоёр нутагтан, мөлхөгчдийн зүйлийн 25 хувь нь идээшин амьдардаг. Дэлхийд ховордож дархлагдсан аргаль, янгир, ирвэс зэрэг ан амьтад амьдарч, вансэмбэрүү, алтан гагнуур, лидэр зэрэг ховор эмийн ургамлууд ургадаг ариун дагшин газар юм. Хамгаалахгүй, тахихгүй байхын аргагүй өгөөжтэй уул, сүрлэг сайхан хайрхан билээ.

Тэнгэр газарт шүтэж, уул усаа түшиж ирсэн монгол заншил, урьдын журмыг баримтлан, төрт ёс, түүхэн уламжлалын дагуу Арван долоодугаар жарны Цагаагчин үхэр жилийн зуны эхэн харагчин могой сарын шинийн арван есний бэлгэт сайн шар барс өдөр Их Богд хайрхны анхны төрийн тахилгыг үйлдэж байна.

Ард иргэд ээ,

Баянхонгорчууд аа,

Их Богд хайрхныг төрийн тахилгат уул болгож, тахиж буй энэ ёслолын агуулгыг хүүхэд залуучуудад ойлгуулж, өдөр бүр уул усаа хайрлан хамгаалж, сүслэн дээдэлж заншихыг уриалж байна. Нутаг усаа бохирдуулах, эвдэн сүйтгэх, байгалийн баялаг, ан амьтныг устгах, олз ашгийн золиосонд үрэгдүүлэх зэрэг зохисгүй зүйлсээс сэрэмжилж, нүдний цэцгий мэт хайрлах сэтгэхүйг нийт иргэд өөртөө болон үр хүүхдэдээ суулгах нь байгаль орчинтойгоо зохицож, өнө удаан, өнөр жаргалтай амьдрахын үндэс болохыг үргэлж санаж явагтун.

Өвөг дээдсийн авшиг, буян заяаг оршоосон, өргөн түмний минь бишрэл хүндлэл шингэсэн өгөөмөр баян Их Богд хайрхан минь монгол биднийгээ ивээн, нүд сэтгэлийг баясган ашид амгалан оршиг ээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол түмэн уул усаа дээдлэн, байгаль эхтэйгээ зохирон төвшрөн жаргах болтугай.

Хурай, хурай, хурай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа Их Богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир дуудан сонсгож, эх хувийг аймгийн музейд дурсгал болгон хадгалуулав.

Тахилгын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх сумыг хуяг дуулга бүхий мэргэн харваачид өгөв. Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат, аймгийн Шүүхийн шинжилгээний газрын дэд дарга, аймгийн мэргэн, хурандаа Б.Мөнх-Эрдэнэ дуут сумыг тэнгэрт илгээлээ.

Үүний дараа лам хуврагууд “Морины сэтэр” номыг унших үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч морь сэтэрлэх ёс үйлдэж, дэлэнд нь хадаг уялаа. Сэтэрлэсэн цагаан морийг Баянхонгор аймгийн Богд сумын Алтай 3 дугаар багийн малчин Д.Энх-Эрдэнийн адуун сүргээс сонгожээ.

Ийнхүү Монгол Улсын төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Өрнийн элч сүлд, Баянхонгор аймгийн далбааг тахилгын талбайн хоёр талд, Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилгын буцаан залснаар төрийн тахилгын ёслол өндөрлөв.

Тахилгын ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Их Богд хайрхан уулын Гэгээн овоонд гарч, хүндэтгэл үзүүлсэн юм.

Categories
мэдээ эдийн-засаг

“₮-Карт” дурсгалын мөнгөн зоос худалдаанд гаргав

1990 онд “Аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрэм”, 1991 онд “Банкны тухай хууль” батлагдсанаар Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигджээ.

Монголбанкны Эрдэнэсийн сангаас 2021 онд тохиож буй Монгол Улсад 2 шатлалт банкны тогтолцоо үүссэний 30 жилийн ой, Үндэсний төлбөрийн ₮ карт EMV чиптэй болсныг тэмдэглэж, төлбөрийн картны хэмжээтэй “9496-1924-1991-2021” дугаар бүхий “₮-Карт” дурсгалын зоос худалдаанд гаргалаа.

Мөн Монголбанкны Эрдэнэсийн сангаас дурсгалын зоос, алт, мөнгөн гулдмай, үрлэн мөнгийг худалдан борлуулж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.coin.mongolbank.mn цахим хуудасаар авах боломжтой.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дундговь аймаг: Газрын доройтол, цөлжилтийн нөхцөл байдлыг судлан зураглал гаргана

2021 оны зургадугаар сараас 10 дугаар сарын 20-ныг хүртэл таван сарын хугацаанд Дундговь аймагт газрын доройтол, цөлжилтийн үнэлгээ зураглал гаргах судалгааны ажил хийхээр боллоо.

Тус аймгийн нийт нутгаар цөлжилт нүүрлэж, байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэн, бэлчээрийн хомсдол үүссэн тул аймгийн ХХААГ-аас санаачилга гаргасны үндсэн дээр ус судлаач, доктор, профессор Д.Чандмань төсөл боловсруулж, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас дэмжин санхүүжүүлэхээр болжээ.

Судалгааны ажлыг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ, Дундговь аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ ургамал судлал, хөрс судлал, ус цаг уур, уур амьсгал судлаач, ойжуулалт нөхөн сэргээлт зэрэг салбарын 12 эрдэмтэн судлаачид хамтран ажиллах ажээ.

Энэхүү судалгааны хүрээнд цөлжилтийн шалтгааныг тодруулж, байгаль, цаг уурын өөрчлөлтийг тодорхойлон, бэлчээрийн даацыг тооцон, үнэлгээ өгөх ба дараах үр дүнг гаргахаар төлөвлөсөн байна. Тодруулбал:

1.Аймгийн 15 суманд бэлчээрийн хөрс, ургамлын өнөөгийн төлөв байдлыг тодорхойлж, бэлчээрийн төрлийн зураглал, хөрсний шинж чанарын зураглалыг шинэчлэн зохиох,

2.Сум бүрээр бэлчээрийн хөрс ба ургамлан нөмөргийн доройтлын зураг гаргах,

3.Аймгийн хэмжээнд цөлжилтийн зургийг шинэчлэн зохиох,

4.Гадаргын ус буюу гол, горхи, булаг шанд, гүний ус, энгийн уурхайн болон гүн өрмийн худгийн байршлын зургийг гаргах,

5.Байгаль цаг уурын (олон жилийн дундаж мэдээгээр) өөрчлөлтийг илрүүлэн үнэлгээ өгнө.

6.Сум бүрээр талхлагдан доройтсон газрын байршлыг тогтоож, нөхөн сэргээх, бэлчээр сайжруулалт хийх зөвлөмж гаргах,

7.Байгаль хамгааллын менементийн төлөвлөгөөг ойрын (5 жил) болон дунд (10-15- жилээр) хугацааны төлөвлөлт хийх ажээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаад дахь сонгогчдын 76.8 хувь нь саналаа өгчээ

Гадаад харилцааны яам, Сонгуулийн ерөнхий хорооноос гадаад дахь сонгогчдын санал авах ажиллааг зохион байгуулсан талаар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд саналаа өгөхөөр 7398 иргэн бүртгүүлсэн байна. Үүнээс дөрөв нь зөрчилтэй байсан тул бүртгэл баталгаажаагүй байгаа аж. Нийт 7398 иргэн бүртгүүлснээс 5618 нь буюу 76.8 хувь нь саналаа өгсөн байна.

Санал хураалт тавдугаар сарын 30, 31-нд орон нутгийн цагаар 07:00-22:00 цагийн хооронд амжилттай болж өндөрлөснийг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. Мөн цаашид гадаад дахь иргэдийн саналыг цахимаар авах тухай судалж, саналаа Байнгын хороодод хүргүүлжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Д.Баяндүүрэн “Энэ удаагийн сонгуулийн тухайд сонгогч биечлэн санал авах байранд саналаа өгнө гэсэн хуулийн зохицуулалт байгаа учраас гадаад дахь сонгогчид тухайн улс дахь дипломат төлөөлөгчийн газарт саналаа өгсөн. Цаашид Сонгуулийн ерөнхий хорооноос эхний ээлжинд гадаад дахь сонгогчдын саналыг цахимаар авах ажлыг зохион байгуулах судалгаа, саналыг Байнгын хороодод хүргүүлэн ажиллаж байна. Бусад улс орнуудад цахимаар саналыг нь авдаг туршлага байна” гэв.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр “Ерөнхийлөгчийн сонгуулийн гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр тавдугаар сарын 30, 31-нд хоёр өдөр тухайн улсын орон нутгийн цагаар өглөө 07:00-22:00 цагт амжилттай зохион байгуулж дууслаа. Нийт 187 төрийн албан хаагч ажилласан. Энэ удаагийн сонгуульд хилийн чанадад байгаа иргэд идэвхтэй оролцож байна. Тухайлбал, Сөүл дэх салбар комисс 753, Токио 719, Канбариа 532 хүн саналаа өгсөн байна.

Энэ удаагийн сонгуулийн онцлог улс орнуудын дийлэнх нь хилээ хэсэгчлэн хаасан, цар тахлын нөлөөгөөр хөл хорионы үед зохион байгуулснаар онцлогтой. Хуулийн хугацаанд буюу зургадугаар сарын 9-ний 22:00 цагт хилийн чанад дахь иргэдийн саналын хуудсыг тоолох ажиллагаа Сонгуулийн ерөнхий хороонд болно. Саналын хуудсыг татан авах хугацаанд нь татаж авахаар хуваарь гарган ажиллаж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: ​Амаржих газруудад их засвар хийхэд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо.

Хуралдаанаар, Хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгад их засвар хийхэд шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар боллоо.
1959 онд байгуулагдсан “Хүрээ” амаржих газар гэхэд л 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. 1978 онд байгуулагдсан “Өргөө” амаржих газарт 2013 онд өргөтгөл хийснээр 150 ортой ажиллаж байгаа.
“Амгалан” амаржих газар 2015 онд шинэ байранд орж 200 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Улаанбаатар хот дахь амаржих газруудын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авах боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

​Г.К.Жуковын талбайн хойд талын газрыг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна

Засгийн газрын хуралдаан 2021 оны зургадугаар сарын 01-ний өдөр болж, Г.К.Жуковын талбайн хойд талын газрыг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулахаар болов.

Нийслэлийн БЗД-ийн дөрөвдүгээр хороо, жанжин Ж.Лхагвасүрэнгийн гудамж-9, Г.К.Жуковын нэрэмжит талбайн хойд талд аж ахуйн нэгжүүдэд олгосон газар эзэмших эрхийг цуцлах, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгав.
2006-2015 онд нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар таван аж ахуйн нэгж, байгууллагад үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрх олгосон байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах албанаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Хүүхэд, залуучуудын театрыг дахин байгуулна


Нийслэлийн СХД-ийн тавдугаар хороонд барьж байгаа дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгохоор шийдвэрлэлээ.
Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргалаа. Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм.
Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд “Хүүхдийн төв театр” нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байна. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болжээ.
Categories
амьдралын-өнгө мэдээ

Сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгоно

Засгийн газрын хуралдаан өнөөдөр болж, сумдыг инженерийн дэд бүтэцтэй болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор “Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх болов.

Энэ хүрээнд нэр бүхий 19 аймгийн 59 сумыг дэд бүтэцтэй болгоно. Сумдыг хүн амын тоо, газар зүйн байршил, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль экологийн эмзэг байдал, газар нутгийн даац, ус хангамжийн эх үүсвэр, усны нөөц зэргийг харгалзан сонгосон байна. 2024 он гэхэд:

– Иргэдийг шаардлага хангасан ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж, цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэрлэх

-Дулаан, хэрэгцээний халуун устай болгох

– Сумын төвийн орон сууц, худалдаа, үйлчилгээний зэрэг барилга, байгууламж, айл, өрхийн 40 хүртэлх хувийг буюу нийт 7,800 өрхийн 31 мянган хүн амыг төвлөрсөн шугам сүлжээтэй болгох

– Шилжилт хөдөлгөөнийг бууруулж, сумандаа ая тухтай амьдрах боломж бүрдүүлэх

– Бичил өрхийн үйлдвэрлэл хөгжих нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилт тавьж байна.

Барилга, хот байгуулалтын яам Төв аймгийн Бүрэн суманд “Сумын төвийн шинэчлэл” төсөл хэрэгжүүлсэн байна. Ингэснээр:

– Сумын төвийн байгууллага, аж ахуйн нэгжүүд ус, дулааны төвлөрсөн шугамд холбогдож, 10 гаруй нүхэн жорлонг халсан

– Байгууллага, аж ахуйн нэгжүүд тус бүрдээ халаалтын зуух ажиллуулж агаар, орчин бохирдуулахаа больсон

– Сургууль, цэцэрлэгт явах хүүхдийн тоо нэмэгдсэн

– Иргэд, аж ахуйн нэгжүүд найман айлын орон сууц, нарийн боовны цех, бусад барилга ашиглалтад оруулсан

– Газрын үнэ нэмэгдсэн зэрэг эерэг үр дүн гарчээ.

“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 238 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд жил бүрийн улсын төсөв, гадаадын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм байна.

Categories
гадаад мэдээ

ДЭМБ коронавирусийн хувилбаруудыг грек цагаан толгойн үсгээр нэрлэнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага “Covid-19”-ийн хувилбаруудад шинээр нэр өгөхөө мэдэгджээ.

Их Британи, Өмнөд Африк, Энэтхэг зэрэг оронд анх илэрсэн эдгээр хувилбарыг тодорхойлохдоо ДЭМБ цаашид грек цагаан толгойн үсгүүдийг ашиглана.

Тухайлбал, Их Британийн хувилбарыг Alpha, Өмнөд Африкийн хувилбарыг Beta, Энэтхэгийн хувилбарыг Delta хэмээн тэмдэглэх аж.

Тийнхүү өөрөөр тэмдэглэснээр хэлэлцүүлэг хийхэд илүү хялбар болохоос гадна улс орны нэр хүндийг гутаахаас сэргийлнэ хэмээн ДЭМБ-ын мэдэгдэлд дурджээ.

Энэтхэгийн Засгийн газар өнгөрсөн оны 10 дугаар сард тус улсад анх удаа илэрсэн “B.1.617.2” хувилбарыг “Энэтхэгийн хувилбар” хэмээн тодорхойлж буйг шүүмжилжээ. Гэсэн ч ДЭМБ энэ хувилбарыг албан ёсоор “Энэтхэгийн хувилбар” гэж нэрлээгүй юм.

Грек цагаан толгойн үсгүүд гол, чухал хувилбаруудад хамааралтай бөгөөд нэрсийн жагсаалтыг бүрэн эхээр нь ДЭМБ-ын цахим хуудсанд нийтлэх аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт өрхийн 0.2 хувь буюу 1120 өрх мөнгөний ихэнх хувийг архи, согтууруулах ундаанд зарцуулдаг

Засгийн газрын хуралдаан болж, Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохтой холбоотой журамд нэмэлт, өөрчлөлт оруулав.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тухайн хүүхэд, асран хамгаалагч өрх, иргэн авч чадахгүй байх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлддэг асран хамгаалагч мөнгийг зохисгүй хэрэглэдэг бол мөнгийг хүүхдийн нэр дээрх дансанд нь шилжүүлнэ. Ингэхдээ хүүхдийн байгууллагын дүгнэлтийг үндэслэх юм байна.

Ингэснээр хүүхдийн эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, төрийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үүрэг, хариуцлага сайжрана гэж Засгийн газар үзлээ.

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг эцэг, эх, асран хамгаалагч нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламж нээж, эсвэл өөрсдийн данстай холбуулан авч байна. Мөнгөн тэтгэмжийн дансны 85.6 хувийг эх, 10.7 хувийг эцэг, 3.5 хувийг асран хамгаалагч, 0.3 хувийг 16 нас хүрсэн хүүхэд өөрийн дансанд холбуулжээ.

Нийт өрхийн 0.2 хувь буюу 1120 өрх мөнгөний ихэнх хувийг архи, согтууруулах ундаанд зарцуулдаг байна.

Нийт хүүхдийн 97.1 хувь нь хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхтэй хүнтэй хамт амьдардаг. Харин 2.9 хувь буюу 22 орчим мянган хүүхэд тусдаа амьдардаг бөгөөд тэдний 900 орчим нь албан бус гэр бүл салалтаас болж мөнгөө өөртөө болон тухайн амьдарч байгаа өрхийн хэрэглээнд зарцуулж чаддаггүй судалгаа гарчээ.