Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сергей Лавров Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардууллаа

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-нд Монголын сансрын нисэгч, Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн Ж.Гүррагчааг ОХУ, Монголын бүх талын стратегийн түншлэлийг хөгжүүлэх, ард түмний найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяаг нь үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний зарлигт “ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай” гэжээ.

Тус одонг ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өчигдөр (2021.06.01) Москва хотноо гардуулан өглөө.

Тэрээр “Ерөнхийлөгч В.Путины даалгавраар Монголын ард түмний агуу хүү, Оросын ард түмний анд нөхөр Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулан өгч байгаадаа их баяртай байна” гэж ёслолын үеэр хэллээ.

Жүгдэрдэмидийн Гүррагчаа нь сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн бөгөөд ОХУ-ын төрийн шагнал Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн боллоо.


Categories
гадаад мэдээ

“P4G” цахим уулзалт БНСУ-ын Сөүл хотноо болж өндөрлөжээ

-ТОВЧХОН-


Өнгөрсөн ням гаригт нээлтээ хийсэн “Ногоон хөгжлийн төлөөх түншлэл ба дэлхийн зорилтууд 2030” буюу “P4G” цахим уулзалт БНСУ-ын Сөүл хотноо болж өндөрлөжээ. Хоёр хоног үргэлжилсэн тус уулзалтаар дэлхийн удирдагчид уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөнд хойшлуулшгүй аюул занал учруулж буйг нотлоод, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг хөхиүлэн дэмжихийг уриалцгаажээ. Энэхүү уулзалтад 60 гаруй улс орон, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон байна. БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Ин хэлсэн үгэндээ олон улсын ногоон өсөлтийн институтийн дэргэд таван сая ам.долларын сан байгуулахаа амлажээ. Үүний зэрэгцээ 2030 он гэхэд байгаль орчныг хамгаалсан эдийн засгийг хөгжүүлэхийн тулд төсвийн зардлаа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн байна. Энэ хуралдаанд АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Жон Керри, Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляйен нар оролцжээ.

l l l

Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяхуг өрсөлдөгчид нь эвсэж, албан тушаалаас нь огцруулж магадгүй нөхцөл байдал үүсчээ. Учир нь Израилийн хэт барууны үзэлт “Ямина” намын тэргүүн Н.Беннет өнгөрсөн ням гаригт сөрөг хүчин болох Өөрчлөлтийн блок намын тэргүүн Яир Лапидтай эвслийн засгийн газар байгуулахаар хэлэлцэж буйгаа мэдэгдсэн юм. Түүний онцолсноор хэрэв талууд зөвшилцөлд хүрч чадвал Израилийн улс төрийн тогтвортой байдлыг хангаж, парламентын сонгууль дахин явагдахаас сэргийлэх зорилготой аж. Улмаар 12 жил Засгийн газрыг удирдсан Б.Нетаньяхугийн хувьд төгсгөл ирэх бололтой. Сүүлийн хэдхэн сарын дотор Израильд парламентын сонгууль дөрвөн удаа болжээ. Израилийн дараагийн ерөнхий сайдаар томилогдох өндөр магадлалтай гэгдэж буй Н.Беннет нь 49 настай агаад технологийн салбараас төрсөн саятан аж. Тэрээр 2013 онд улс төрд хөл тавьжээ. Н.Беннет нь Б.Нетаньяхугийн засгийн газарт Батлан хамгаалахын сайдаас гадна Боловсрол болон Сангийн сайдын албан тушаалд ажиллаж байсан туршлагатай нэгэн юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдийн 78 хувь нь II дахь тундаа хамрагдаад байна

Өчигдөр буюу зургадугаар сарын 1-нд нийслэлийн хэмжээнд I тунд 412, II тунд 3835, нийт 4247 иргэнийг дархлаажуулсан байна.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.8 хувь буюу 951.003 нь I тунд, 78.3 хувь буюу 746.176 нь II тунд хамрагджээ.

Улаанбаатар хотод явуулын 2, суурин 44 цэгт 97 багийн 546 эмч, ажилтан ажиллаж, 13885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

Гадаадын 93 орноос 36.145 иргэн эх орондоо иржээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нийт 93 орноос 36.145 иргэн эх орондоо иржээ. Үүнээс 182 удаагийн тусгай үүргийн нислэгээр 29.334, ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6811 иргэнийг татан авах ажиллагааг зохион байгууллаа.

Өнгөрөгч тавдугаар сард 14 удаагийн нислэгээр 1505 иргэнээ татан авсан бол энэ сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг Өмнөд Солонгос, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөөд байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2021 оны зургадугаар сарын 02-нд Улаанбаатар хотод явуулын 2, суурин 44 цэгт 97 багийн 546 эмч, ажилтан ажиллаж, 13885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.








Categories
гадаад мэдээ

Нэг өрх гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрчээ

Хятадын коммунист намын улс төрийн товчоо даваа гаригийн хуралдаанаараа гэр бүл төлөвлөлтийн бодлогыг хэлэлцжээ. Хурлын төгсгөлд нэг өрх гурван хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан байна. Энэ нь хүн амын хөгшрөлтийг бууруулж, насны бүтцийг сайжруулах, ажиллах хүчийг нэмэгдүүлэх зорилготой аж. Тус улсын хувьд насжилтын асуудал гол тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Хятадын эрх баригчид хүн амын хэт өсөлтийг хязгаарлах зорилгоор 1979 онд “Нэг өрх-Нэг хүүхэд” бодлогыг хэрэгжүүлэх болсон. Энэхүү бодлогыг 2016 онд халж, хоёр хүүхэдтэй байхыг зөвшөөрсөн ч төрөлт нэмэгдээгүй нь уг асуудлыг дахин хэлэлцэхэд хүргэжээ. “Нэг өрх хоёр хүүхэд” бодлого хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тодруулбал, өнгөрсөн онд 12 сая хүүхэд мэндэлсэн нь 2016 оныхтой харьцуулахад зургаан саяар бага үзүүлэлт юм.
Хятадын шинжээчдийн тооцоолж буйгаар ирэх таван жилийн хугацаанд хүн ам нь дээд цэгтээ хүрээд буурах юм байна. 2020 оны тооллогоор нийт хүн ам нь 1.412 тэрбумд хүрчээ.
Өнөөдрийн байдлаар Хятадад төрөх насны нэг эмэгтэйд дунджаар 1.3 хүүхэд оногдож байгаа юм. Гэтэл хүн амын тоог тогтворжуулах үүднээс энэ нь 2.1 байх ёстой аж. Мэргэжилтнүүдийн онцолж буйгаар хэрэв төрөлт энэ байдлаар удаашралтай байвал АНУ ирэх 30 жилийн дотор ажиллах хүч 50 сая хүнээр нэмэгдэн, Хятадыг гүйцэх гэнэ. Харин эсрэгээр Хятадын хүн ам 32 саяар буурч, ажиллах хүчний тоо төдий чинээ багасах юм байна.
Тиймээс Хятадын эрх баригчид цаашид тэтгэврийн насыг хойшлуулах, залуу үеийнхэнд гэр бүл, хамтын амьдралын үнэ цэнийг багаас нь ойлгуулах ажлыг боловсролын тогтолцоонд тусгах, хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх, амаржсан эхчүүдэд урт хугацааны чөлөө олгох, төрөлтийн даатгалын тогтолцоо нэвтрүүлэх зэрэг ажлуудыг ажил хэрэг болгохоор төлөвлөж байгаа аж.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Цэцэгнэмэх: Анх мах шулагчаар ажилд ороход ээж маань “Боль, үр минь. Охин хүүхэд байж ийм ажилд дурлаж байдаг” гэж зэмлэж билээ

Мах импэксХКийн Хиам консервийн үйлдвэрийн Бэлтгэх цехийн ажилтан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Сүрэнхорын Цэцэгнэмэхтэй ярилцлаа.


Юуны өмнө танд төрдөө ажил хөдөлмөрөө үнэлүүлж Аж үйлдвэрийн гавьяат болсонд баяр хүргэе. Баярт мэдээг дуулсан агшнаасаа хуваалцахгүй юу?

-Баярлалаа. Би шагнал авна ч гэж мэдээгүй. Шагнал гардуулахын өмнөх орой 20:00 цагийн орчимд ажил дээрээ байхад захирал утасдаад “Тань руу хүн ярина шүү” гэсэн. Тэгээд өөр юм хэлсэнгүй. Тэгсэн 21:00 цаг дөхүүлээд утас дуугараад Аж үйлдвэрийн гавьяат болсон талаар хэлсэн. Баярлах, балмагдах зэрэгцдэг юм байна. Хүн чинь яг тулахаар өөртөө итгэдэггүй юм билээ. “Би ингээд гавьяат боллоо гэж үү” гээд итгэж өгдөггүй. Маргааш нь Монгол Улсын Ерөнхийлөгч шагнал гардуулаад энгэрт маань гавьяатын тэмдэг зүүж өгөхдөө “Та энэ салбарт хэдэн жил ажиллаж байна” гэж асуусан. Би “43 дахь жилдээ ажиллаж байна” гэтэл “За тэгвэл баяр хүргэе. Сайн ажиллаарай” гэж хэлэхэд их сайхан сэтгэгдэл төрсөн. Төрийн тэргүүнээсээ тийм сайхан үг сонсоод гавьяатынхаа тэмдгийг зүүгээд гараад иртэл бөөн хүмүүс баяр хүргээд ирэхээр хүн чинь сандраад яах ухаанаа олдоггүй юм билээ(инээв). Миний дөчин хэдэн жил ажилласан хөдөлмөрийг төр ингэж үнэлж байна гэж бодохоор өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирдэг юм билээ. Сая хамт олон маань хүлээж авлаа. Одоо болтол баярлахтай зэрэгцээд сандрал балмагдал арилахгүй л сууж байна.

Та Аж үйлдвэрийн салбараас төрсөн гурав дахь гавьяат боллоо. Энэ салбартай хэрхэн амьдралаа холбож, ажил амьдралынхаа гарааг эхэлж байв?

-Тийм ээ. Энэ сайхан салбартай хувь заяагаа холбож гавьяат гэх эрхэм цолыг хүртсэн гурав дахь хүн болсондоо баяртай байна. Би 1981 онд Хөнгөн хүнсний ТМС-ийн махны ангийг төгссөн. Төгсөөд 18-хан насандаа л “Мах Импэкс” компанид Хиам, консерив үйлдвэрийн Бэлтгэх цехэд ажилд орж байлаа. Үүнээс хойш тасралтгүй 40 жил ажиллаж байна.Анх мах шулагчаар ажилд орж байлаа. Мах шулагчаар 30 гаруй жил ажиллаж байгаад сүүлийн хэдэн жил ангилагч, сортлогчоор ажиллаж байна. 40 жил энэ байгууллагадаа ажилласан болохоор миний хоёр дахь гэр бүл минь гэсэн үг.

Дөнгөж 18 настай охин мах шулагчаар ажиллана гэдэг амаргүй байсан болов уу. Шантрах үе байв уу?

-Сургуулиа төгсөөд л хуваарилагдаад ирсэн. Би Цэвэлмаа гээд ахлахтай брагидад орлоо.Тухайн үед мах шулагчаар ажиллах болоход үнэхээр хүнд санагдсан. Хүнд ч байсан. Тэгээд нэгэнт л мэргэжлийг нь эзэмшээд, сургуулийг төгссөн юм чинь өөр юу хийх билээ. Би хичнээн хүнд байсан ч энийг л хийж сурах ёстой юм байна гэж бодсон. Дөнгөж сургуулиа төгссөн 18-хан настай охин чинь ажлын туршлагагүй нялцгай байхаас ч яахав. Шантрах үе ч их. Гэхдээ их сайхан ахмад ажилчдын дунд бишгүй ихийг сурсан. Зэмлүүлэх ч зүйл ихтэй байлаа. Нэг удаа айхавтар зэмлүүлсэн нь санаанаас гардаггүй юм. Бид чинь дандаа үхрийн мах шулдаг байлаа. Ингэхдээ жишиг загварын дагуу ясанд нь ямар ч махны цөвдөлгүй шулах ёстой. Ахмад ажилчид махаа шулаад л “За яг ингэж шулна” гээд л харуулна. Гэхдээ тэд нэг л удаа заана уу гэхээс хоёр удаа заана гэж байхгүй шүү дээ. Тиймээс шууд нэг хараад л цэмбийтэл шулчихаж чадахгүй ш дээ. Тэгээд шантарна, мэрийнэ, хичээнэ. Сүүлдээ сурна. Одоо би боддог юм. Тэр үед бид дөнгөж ажлын талбар дээр гараад ахмадууддаа загнуулаад “Чи чадахгүй байна”, “Дахиад хий” гэж зэмлүүлж байсан хэдий ч өдий зэрэгтэй яваа нь тэдний минь ач гавьяа байж. Хэдий загнуулсан ч сурсан эрдэм нь намайг өдий зэрэгт хүргэсэн учраас үе үеийн ахмадууддаа би үнэхээр их баярлаж, талархаж явдаг. Тиймээс би одоо цехийнхээ шинэ залуу үеийнхэнд хэлдэг. Бид та нарын төлөө хэлж, ярьж, зэмлэж байжээ гэдгийг ойлгох цаг ирнэ. Залуучуудыг сайн сураасай, чанартай хөдөлмөрлөж сураасай, цалин мөнгө ахиухан аваасай. Түүгээрээ гэр бүлээ сайхан аваад яваасай л гэсэндээ хэлж байна гэж. Хүний сурч, мэдсэн зүйлийг хэн ч булааж авч чадахгүй шүү дээ.

Анх мах шулагчаар ажилд ороход гэрийнхэн нь таатай хүлээж аваагүй гэж байсан?

-Эхэндээ эсэргүүцэх маягтай байсан. Ажилд ороод өдөржин хутгатай ажиллаж гараа энд тэнд нь исгэчихээд боогоод л гэртээ орно. Манай ээж “Боль, хүү минь. Гар хөлгүй боллоо. Охин хүүхэд байж ийм ажилд дурлаж байдаг” гэж зэмлэж билээ. Уг нь намайг анги сонгох үед гурил, талх чихэр, сантехникч зэрэг олон мэргэжил байсан. Дуртайгаа сонгоод орох боломжтой. Тэр дундаас яагаад ч юм махны ангийг сонгосон. Одоо бодоход миний л хийх ёстой ажил байж л дээ.Би Дундговь аймгийн Адаацаг сумынх. Эхээс тавуулаа. Манай аав малчин Базарсүрэн, ээж цэцэрлэгийн тогооч Сүрэнхор гэж хүмүүс байсан. Одоо бурхны оронд дэвшсэн. Миний ижий аав хоёр амьд сэрүүн байсан бол энэ их баяраа хуваалцаж, ямар их баярлаж талархсанаа хэлэхсэн. Охиноо хараад ямар их баярлаж хөөрөх байсан бол гэж дотроо зураглаж л сууна.

Тухайн үед ажлын төлөвлөгөө, нормтой байсан уу. Нэг хүн өдөрт тэдэн үхрийн мах шулах ёстой гэдэг ч юм уу?

-Нормтой. Өдөрт нэг хүн арван үхрийн мах шулах ёстой. Арван үхэр шулахад нийтдээ тэдэн килограмм мах гаргана гээд төлөвлөгөө норм тавина. Эхний үед нормоо биелүүлж чадахгүй ш дээ. Тэгээд л заавал нормоо биелүүлнэ гээд л хичээнэ. Нэг л мэдэхэд ажил гарт ороод нормоо төвөггүй биелүүлдэг болсон. Ер нь тарган туранхай, сортлогооноос хамаарч нэг үхрээс дунджаар 120 килограмм мах гардаг. 1980, 1990-ээд оны үед дандаа бодын мах шулдаг байсан. Сүүлд богийн мах шулдаг болсон. Одоо бол аль алийг нь шулдаг. Бодын мах шулах, бог малын мах шулах хоёр ялгаатай. Бод малын махыг шулахад том ястай учраас илүү амар. Харин бог малын мах шулахад жаахан ажиллагаа ихтэй.Мах сэврээх хэсгээс өлгөөтэй махнууд дамжлагаар ороод ирнэ. Тэрийг цэвэрлэгээний хүмүүс сайхан цэвэрлэнэ. Үүний дараа дахиад өөр хүн жинлээд ширээн дээр эвдэж, шулахад бэлэн тавьж өгнө. Шулсан мах канивер дээр тавигдаад сортлогооны хэсэг рүү явна. Сортлогооноос ангилагдаад махны машинд орно. Ингээд хиамны цех, бууз, баншны цех рүү хүргэгдээд бүтээгдэхүүн болж гарна даа. Хэрэглэгчдэд бүтээгдэхүүн хүрэх хүртэл олон дамжлага давж олон ч хүний хөдөлмөр шингэдэг юм шүү дээ.

Ер нь нэг үхрийн махыг хэр хугацаанд шулдаг вэ?

-Залуу байхад Үйлдвэрийн аварга шалгаруулахад тав зургаан хүн өрсөлдөнө. Бүтэн үхрийн мах шулна. Би анх аварга болохдоо нэг үхрийн махыг 12 минутад шулсан байдаг.

Таны ажлын багаж зэвсэг бол хутга. Бэртэж гэмтэх тохиолдол их байх уу?

-Оёдолчин хүний ажлын гол зэвсэг зүү утас байдаг бол миний ажлын зэвсэг ерөөсөө л хутга шүү дээ(инээв).Анх хутгатай харьцаж чадахгүй, хутгаа ашиглаж мэдэхгүй гар хуруугаа исгэх үе байсан. Ямар ч байсан энэ миний амьдралыг тэжээж буй, надад мөнгө олж өгч буй багаж минь. Тиймээс үүнийг л сайн ашиглаж сурах ёстой гэж бодож хичээдэг байлаа.Одоо бол мах шулахад даавуун цагаан бээлий өмсөөд гадуур нь төмөр бээлийтэй, төмөр хормогчтой ажилладаг. Манай үйлдвэр аюулгүй байдлыг маш сайн хангаж ажилладаг. Тийм болохоор одоо гараа исгэх, гэмтээх асуудалгүй л дээ. Нэг удаа найзыгаа ажил дээрээ авчраад ажлаа харуулж, танилцуулаад “Найз нь ийм л ажил хийдэг дээ” гэсэн чинь “Яасан хүнд ажил вэ. Ёстой чанга юм байна” гэж дуу алдаж билээ. Орчин үед эмэгтэй хүнд хүчир л санагдах ажил харагдах боловч намайг анх ажиллаж байхад ихэвчлэн эмэгтэйчүүд л энэ ажлыг хийдэг байлаа. Одоо харин эмэгтэй хүн ховор. Дийлэнх нь залуучууд байна.

Та энэ олон жил ажиллахдаа ажлынхаа байрыг солих, арай хөнгөн ажилтай цехэд шилжих талаар ер нь бодож байгаагүй юу. Нэг местэнд 30 гаруй жил ажилласан гэж бодохоор сонирхол татахаас гадна их тэвчээр шиг санагдаж байна?

-Би 30 гаруй жил мах шулахдаа ерөөсөө “Өөр цехэд ажиллах юмсан”, “Бууз баншны цех рүү орох юмсан”, “Хиам руу орж ажиллая” гэж бодож байгаагүй. Харин ганц халгадаг зүйл нь гэртээ хариад хутга барих(инээв). Өдөржин хийдэг ажил учраас тэгдэг байх л даа. Ер нь гэртээ нэг их хоол хийгээд байх цаг зав ч олдохгүй дээ. Өглөө ажилдаа ирээд орой ажлаа дуусгаж байж л харьдаг учраас төдийлөн гэрийн ажил хийгээд байх ч боломж гардаггүй. Би ганц хүүтэй. Хүүгийнхээ гэр бүлтэй буюу бэртэйгээ, ачтайгаа амьдардаг. Бэр маань ч хоол унд, гэрийн ажилд нэг их ойртуулаад байдаггүй.

Тэгэхээр таны амьдралын бүхий л сайхан дурсамжМах Импэксгэх энэ их айлтай холбоотой байх. Байгууллагын, үйлдвэрийн гээд олон ч удаагийн аварга гэж сонссон?

-Тэгэлгүй яахав. 40 жил гэдэг бага хугацаа биш болов уу. Олон ч удаа байгууллагын аварга, үйлдвэрийн аварга, цехийн аварга боллоо. Хүнсний тэргүүний ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медаль, одоо гавьяат гэсэн эрхэм цолыг авлаа. Миний хувь заяа энэ байгууллага, тэр дундаа Хиам, консеривны үйлдвэрийн Бэлтгэх цехтэй салшгүй холбоотой. Хамт олон маань л миний хөдөлмөр хичээл зүтгэлийг үнэлж тодорхойлоогүй бол өнөөдөр би Төрдөө үнэлүүлээд, түмэн олондоо хайрлагдаад явахгүй байсан болов уу. Үнэхээр сэтгэл зүрхнийхээ гүнээс та бүхэндээ баярлаж талархсанаа илэрхийлж байна. Мөн эгч ах, дүү нар, үр хүүхдүүддээ бүгдэд нь баярлаж явдгаа илэрхийлье.

Ер нь залуу үеийнхэндээ юу аминчлан захидаг вэ?

-Манай Бэлтгэх цехийн хамт олон дандаа залуучууд. Үнэхээр ажилдаа сайн. Ажлаас хойш суудаггүй. За энийг нэг ингэсхийгээд дуусгачихъя гэсэн сэтгэлээр ажилдаа ханддаггүй. Нэгнийхээ үгийг маш сайхан хүлээж авдаг. Тийм болохоор би хамт олондоо үнэхээрийн хайртай. Ажилдаа мэрийгээд, хичээгээд л байх юм бол амжилт, гавьяа шагнал өөрөө хүрээд л ирнэ. Гол нь ажлыг цалгардуулахгүй, чанартай хийх хэрэгтэй. Хоёрын хооронд аргацаагаад хүний нүд хуураад сурчихвал өөрийгөө ч гэсэн хуурч байгаа л хэрэг. Цаашдаа ажлыг дутуу хийгээд сурчихна шүү гэж би ажлынхандаа ч захидаг даа.

Categories
мэдээ цаг-үе

Газрын тосны үйлдвэрийн суурийг цутгалаа

Монгол улсын Газрын тосны үйлдвэр суурийн цутгалтаа хийгээд эхэлжээ. Газрын тосоо боловсруулаад ирэхээр литр бензиний үнэ буурч дагаад бараа үйлчилгээний үнэ хямдрах нь дамжиггүй юм. Монгол улсад ийнхүү түүхэн, томоохон ажил ийнхүү биеллээ олж байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар түлш шатахууны импортын хамаарлаас гарч, валютын гарах урсгал 20 орчим хувиар буурч, 600 гаруй ажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нь ээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Тархвар судлаач Э.Тэмүүлэн: Маск зүүсэн ч олноороо нэг дор цугларч байгаа нь халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлж байна

ХӨСҮТийн тархвар судлаач Э.Тэмүүлэнтэй ярилцлаа.


Тавдугаар сарын 8-наас хатуу хөл хориог үе шаттай бууруулж, томоохон худалдааны төв, захууд үүд хаалгаа нээчихлээ. Хөл хориог сулруулсан өдрөөс хойших халдварын тархалт ямар байна вэ?

-Хөл хорио сулруулснаас хойш 2-3 долоо хоногийн дараа үр дүн нь харагддаг. Бид тавдугаар сарын 8-наас хойш хөл хориогоо сулруулаад гурван долоо хоног болж байна. Хөл хорио тогтоосон 27 хоногийн үр дүнд нийгэмд идэвхтэй тархаж байсан халдварыг бууруулах, мөн халдвартай хүмүүсийг цааш нь халдвар тараахаас сэргийлсэн. Тодорхой хэмжээнд эрчимт эмчилгээний ороо дүүргэчихгүйхэн шиг, ачааллыг нь бууруулж чадсан. Өмнө ч бид хэлж байсан, хоёр ч нууц үеийн хугацаа өнгөрөхөөр хэмжээний хөл хорио тогтоосноор тархалтыг зогсоож чадахгүй юм гэхэд халдварын тархалтыг тодорхой хэмжээнд бууруулаад тэр хооронд вакцинаа хийж эмнэлгийн ачааллаа бууруулах зорилготой гэж. Түүнийгээ биелүүлсэн гэж харж байна.

Харин эргээд халдварын тохиолдол ихэсдэг зүй тогтол байдаг. Хэдий хөл хорио тогтоосон ч нийгэмд халдварын гинжин хэлхээ хэвээрээ байгаа. Халдварын гинжин хэлхээг тасалж чадаагүй учраас тэр нь буцаад ихсэх хандлага ажиглагдаж байна. Дараагийн давлагаа хэр их хүнийг хамрах вэ гэдэг нь олон хүчин зүйлээс хамаарна. Нэгдүгээрт, иргэдийн халдвар хамгааллын дэглэмээ баримталж байгаа эсэх. Хоёрдугаарт, Засгийн газраас хөл хорионы дэглэмээ шат дараатай аажмаар бууруулж байж бид дараачийн давлагааг амжилттай давж чадна. Нөгөөтэйгүүр вакцинжуулалтаас шууд хамааралтай.

Дандаа ойрын хавьтал болсон хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа гэсэн. Массын дундахь шинжилгээ авахгүй байсан, хэвээрээ юү?

-Ер нь бол хэвээрээ. Уг нь бидний барих ёстой зарчим бол массын дунд өргөн хүрээгээр шинжилгээ өгөхийг нь хангах ёстой л доо. Хэтэрхий хоёр туйл руугаа хэлбэлзээд байх шиг байна. Эхэндээ маш их хөрөнгө, хүч, оношлуур гаргаад олон хүнээс шинжилгээ авчихсан. Одоо болохоор аль аль талдаа хомдсол үүсээд, шинжилгээний хүртээмж бага болчихоод байна. Үнэхээр сэжигтэй зүйл илэрч байгаа хүмүүсийг чөлөөтэй шинжилгээ өгөх шаардлагаар хангах хэрэгтэй. Хурдан хугацаанд шинжилгээгээ өгөөд, өөрсдийгөө тусгаарлаад байвал нийгэмд их халдвар тархахгүй байх нөхцөл бүрдэнэ.

Өнгөрсөн 24 цагт дөрвөн хүн нас барлаа гэж байна. Урьд нь та хэлж байсан, нас баралтын тоо нэг долоо хоногоор хожигдож явдаг гэж. Тэгэхээр нас баралтын тоо буурах төлөв байна уу?

-Тийм. Олон улсын жишгүүдийг харахад 2-3 долоо хоногийн дараа нас баралтын тоо тодорхой бодитой буурдаг. Монгол Улсын хувьд тухайн иргэнээс шинж тэмдэг илрээд, бүрэн оношлогдоод, эмчилгээ аваад өвчин хүндрэх хүртэл 7-10 хоногийн хугацаа зарцуулагдаад байгаа юм. Тийм учраас нас баралтын тоо хоцрогддог гэж ярьж байсан. Одоо нас баралтын тоо буурч байна.

Вакцинжуулалт нэлээд хурдтай байна. Энэ эрчээрээ яваад байвал Монгол Улсын иргэд ойролцоогоор хэдийд маскаа тайлах боломжтой бол?

-Одоогийн байдлаар Монгол Улсын насанд хүрэгчдийн 55 гаруй хувь нь нэгдүгээр тунгаа хийлгэсэн байна. 23 хувь нь бүрэн тунгаа авсан байна. Тэгэхээр бүрэн тундаа хамрагдаагүй үлдсэн 77 хувь нь халдвар авах эрсдэлтэй хэвээрээ л байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Улаанбаатар хотын хүн амын 90 гаруй хувь нь вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн байна” гэж ярьж байгаа. Энэ 90 хувьд зөвхөн насанд хүрсэн хүмүүс л хамаарч байгаа. Мөн 37 хувь нь бүрэн тунгаа хийлгэсэн. Гэтэл үлдсэн вакцинжуулагдаагүй хүүхдүүд мөн л халдвар авах, цааш нь тараах эрсдэлтэй хэвээр байгаа. Тэрийг ард иргэдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Тийм учраас бид тайвшрах болоогүй, маскаа авах болоогүй байна.

Коронавирусийн халдвараар нас барсан иргэдийн дунд таван хүн вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байсан. Яагаад нас барав?

-Вакцины жинхэнэ үр нөлөө, туршилтын үр нөлөө гэж хоёр янз байдаг. Туршилтын үр нөлөө гэдгийг вакцин үйлдвэрлэгч газрууд зохион байгуулдаг бөгөөд үр нөлөө нь янз бүрийн хувиар гарч байна. Гэхдээ энэ хувиудыг шууд харьцуулахад их учир дутагдалтай. Яагаад гэхээр вакцины туршилтууд цар тахлын ондоо үеүдэд явагдсан, мөн хүн амын хувьд ч ондоо. Тэгэхээр ямар ч вакцин хийлгэсэн халдвараас 100 хувь сэргийлж чадахгүй, өвчилсөн хүмүүс, өвчлөл нь хүндрээд нас барах тохиолдлууд ч гарна. Ямар вакцин хийлгэснээсээ үл хамаараад дэлхийн улс орнуудад ч тийм тохиолдол гарсан. Хамгийн гол нь нийгмийн эрүүл мэндээ бодож нийт хүн амын нас баралт хүндрэлийн тоог бууруулж байгаа хэрэг.

Түүнээс гаднаВакциндаа хамрагдсан иргэдийн группдээрСинофармүйлдвэрийн вакциныг хийлгүүлснээс хойш сарын тэмдэг нь ирэхээ больсон, та нарынх тэгж байна уугэх мэт асуулга явж байх юм. Энэ ямар учиртай юм бол, та бүхэн энэ талаар судалж үзсэн үү?

-Тухайн группт нь байдаггүй болохоор олж хараагүй байна. Ямар нэгэн вакцины дараа гаж нөлөө, сөрөг хариу урвал өрнөж болно.

Тэрийг нь гаж нөлөө байна уу, дархлаажуулалтын дараах хүндрэл байна уу гэдгийг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба тэмдэглэж судалж байгаа. Цахимаар явж байгаа тэр тохиолдлууд нь хэр үнэн бодитой юм, ямар нэгэн байгууллага, хувь хүний явуулга байна уу, шинжлэх ухааны нотолгоо байна уу гэх зэргийг шалгах хэрэгтэй. Хэрэв тийм хүмүүс байгаа бол ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албанд хандаарай гэж хэлэх байна. Энэ талаар судалж байж хариу дүгнэлт гаргах боломжтой.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлчихлээ. Үүнтэй холбоотой иргэд гадаа талбайд олноороо цугларч харагдах юм. Хэдий маскаа зүүсэн ч ингэж нэг дор олноороо цугларах нь эрсдэлийг дагуулж байна уу?

-Яг тийм. Хамгийн тодорхой болчихсон зүйл бол коронавирус ямар нэгэн зүйлийн гадаргуугаар халдахаас илүү агаараар халдах юм байна гэдгийг шинжлэх ухаан нотлоод байна. Хэдийгээр гадаа агаарт маскаа зүүгээд цуглаж байгаа нь дотор гэрт цугласнаас эрсдэл багатай ч ингэж олноороо зайгаа барихгүй байгаа үед халдвар авах эрсдэл ихэснэ. Нэг үгээр хэлбэл, маск зүүсэн хэдий ч олон хүнийг нэг дор цуглуулах нь коронавирус авах эрсдэлийг нэмэгдүүлж байна л гэсэн үг. Хэрэв үнэхээр уулзалт цуглаан хийх шаардлагатай бол дотор биш гадаа, нэг дор олон хүн цуглуулахгүйгээр зайг нь бариулаад халдвар хамгааллын дэглэм бариулах шаардлагатай байна л даа.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Цагаагчин могой өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 2, Буд гариг. Билгийн тооллын 23, Чөдөр одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 4:57 цагт мандан, 20:44 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд эдлэл, идээ ундаа олно.