Categories
мэдээ нийгэм

Сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн мэдээллээ хэрхэн шалгах вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 9-ний Лхагва гарагт орон даяар явагдана.

УБЕГ-аас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

– Сонгогч гэж хэнийг хэлэх вэ?

-Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг хэлнэ.

– Сонгуулийн эрх бүхий иргэн гэж хэнийг ойлгох вэ?

-Арван найман нас хүрсэн, иргэний бүртгэлд бүртгүүлсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг хэлнэ.

– Ээлжит сонгуулийн санал авах өдрийг хэд хоногийн өмнө, хаанаас товлодог вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 2 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно. Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 6 дугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байна.

– Сонгогчдын нэрийн жагсаалтаас өөрийн мэдээллээ хэрхэн шалгах вэ?

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн асуудлаар өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санг үндэслэн энэ хуулийн 23.1-д заасны дагуу гомдол гаргасан иргэний мэдээллийн талаар болон иргэний улсын бүртгэлтэй холбоотой өөрчлөлтийн талаар лавлагаа гаргах ба сонгогчийн мэдээлэлтэй холбогдсон өөрчлөлтийг санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгогчдын нэрийн жагсаалтад оруулна.

– Сонгогч саналаа урьдчилан өгөх боломжтой юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлд заасны дагуу дараах сонгогч нь зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ эмнэлэгийн магадлагаа, холбогдох байгууллагын тодорхойлолтын хамт тухайн байгууллагын захиргаа эсхүл өөрийн харьяа хэсгийн хороонд санал авах өдрөөс 7-оос доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч;
  • Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч;
  • Зөрчлийн улмаас баривчлагдсан сонгогч;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогч;
  • Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэргийн анги, салбарт алба хааж байгаа энэ хуулийн 19.6.4, 19.6.5, 19.6.6-д заасны дагуу мэдээллийг нь хүргүүлсэн сонгогч.
  • Хэсгийн хороо болон түүний дэргэд ажиллаж байгаа итгэмжлэгдсэн ажилтан зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчийн хүсэлт, магадлагаа, тодорхойлолтыг хүлээн авч нягтлан шалгана. Зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогчийн саналыг тухайн хэсгийн хорооны хоёроос доошгүй гишүүн хэсгийн хорооны даргын баталсан хуваарь, чиглэлийн дагуу санал авах өдрийн өмнөх өдөр 09.00-20.00 цагийн хооронд оршин байгаа газар нь очиж авна.
Categories
мэдээ нийгэм

​Улаанбаатарын гудамж, талбайд хогийн сав нэмж байршуулахаар боллоо


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хотын дарга холбогдох албаныханд үүрэг өгчээ.

Тодруулбал, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэлийг бүх шатанд хангуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дүүрэг тус бүр сайжруулсан түлшний нөөц бүрдүүлэх шаардлагатайг хэллээ.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын халдвар хамгаалалтын дэглэмийг сайтар мөрдүүлж, ариутгал, халдваргүйжилтийг сайтар хийлгэж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг даалгалаа.

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хогийн сав нэмж байршуулж, хулгайд болон эвдэж гэмтээхээс сэргийлж эзэнжүүлэх, хог хаягдлыг хаяхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалах, цэвэрлэх ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болгожээ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль зургадугаар сарын 9-нд болно. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэй гэв.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 99 дуудлага иржээ

Өчигдөр буюу хүүхдийн баярын өдөр Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийллийн 99 гомдол иржээ. Мөн 137 иргэнийг эрүүлжүүлсэн байна.

Нийт 1281 гомдол мэдээлэл ирүүлснээс

  • Гэмт хэргийн шинжтэй-44
  • хүний биед халдсан-45
  • согтуугаар автомашин жолоодсон-83
  • олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 105
  • оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан гэх 75 дуудлага мэдээлэл ирсэн гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулахаар боллоо

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2021 оны зургадугаар сарын 1-ний өдөр албан ёсны хэлэлцээ хийв.

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээний үеэр хоёр талын харилцаа, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солицлоо. Сайд нар Монгол, Оросын харилцааны явцын өнөөгийн явцыг дүгнэж, харилцааны хөгжлийн цаашдын төлөвлөлтийн талаар, тэр дундаа ойрын хугацаанд хэрэгжүүлэх өндөр, дээд түвшний харилцан айлчлал, тэргүүлэх чиглэлүүдэд хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээ, төслүүдийг урагшлуулах талаар санал солилцлоо.

Сайд нар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хамтарсан төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг ярилцаж, оны үлдсэн хугацаанд холбогдох арга хэмжээг хоёр талаасаа өндөр ач холбогдол өгч хэрэгжүүлэхээр тохиролцлоо

Гадаад харилцааны сайд нар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Тухайлбал, ОХУ, БНХАУ-г холбосон байгалийн хийн хоолойг барих төслийн судалгааны ажил цар тахлын нөхцөлд ч амжилттай урагшилж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлэв.

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төмөр замын суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалт хийх чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.

Боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар тодорхой тохиролцоонд хүрлээ. Тухайлбал, Улаанбаатар хотод Монгол, Оросын хамтарсан ерөнхий боловсролын сургууль байгуулах ажлыг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тогтов.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ойр дотно хамтран ажиллаж ирсэн уламжлалаа цаашид ч идэвхтэй үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийсний дараа хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгөв.

Сайд нар түүнчлэн БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар олгосон “Александр Невский”-н одонг гардуулах ёслолын ажиллагаанд оролцов.

Categories
мэдээ спорт

МҮБХ-ны тэргүүлэгчдийг чөлөөлж, нөхөн бүрдүүлнэ

Монголын Үндэсний Бөхийн Холбооны 2021 оны тавдугаар сарын 29-ний өдөр хуралдсан. Ээлжит бус Их Эе хурлаар МҮБХ-ны дүрмийг шинэчлэн баталж, тэргүүнийг сонгосон.

Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын бэлтгэл ажил хангахтай холбогдуулан МҮБХ-ны байнгын үйл ажиллагааг тасралтгүйгээр явуулах шаардлага тулгарч байна. Иймд МҮБХ-ны дүрмийн 11.26.ё заалтад заасны дагуу МҮБХ-ны тэргүүлэгчдийг нөхөн бүрдүүлэх шаардлагатай байгаа тул дараах тэргүүлэгчдийг чөлөөлж, дүрмийн 11.28-д заасны дагуу тэргүүлэгчдийн үүрэг гүйцэтгэгчдийг Цэцдийн Зөвлөлийн хурлаар баталгаажуулах хүртэл ажиллуулахаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав доорх саналыг оруулж байна. Үүнд:
1. Чөлөөлөх санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
– Дархан аварга Б.Бат-Эрдэнэ. Сонгуульт ажилтай тул,
– Улсын гарьд Ш.Жаргалсайхан. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 24 хувь тул,
– Улсын заан Ц.Мягмарсүрэн. Тэргүүлэгчдийн нийт хуралд оролцсон ирц 18 хувь тул,
– Бөхийн судлаач Б.Цогтбаатар. Гадаадад эмчилгээнд явсан,
– Бөхийн зүтгэлтэн Б.Түмэнбаяр. Өөрийн хүсэлтээр,
2. Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа тэргүүлэгчдийн нэрс:
– Улсын аварга Ч.Санжаадамба,
– Улсын гарьд Б.Гантогтох,
– Улсын начин Д.Жанчивдорж,
– Бөх судлаач, Гавьяат дасгалжуулагч Л.Ням,
– Бөхийн зүтгэлтэн, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэрэнсамбуу,
Нөхөн бүрдүүлэхээр санал оруулж байгаа гишүүд дээрх саналаас өөрийн хүсэлтээр татгалзаж болно. Ээлжит Тэргүүлэгчдийн хурал 2021 оны зургадугаар сарын 03-ны өдрийн 18 цагаас Монгол бөхийн өргөөнд болох бөгөөд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан тэргүүлэгчид цахимаар хуралд оролцох боломжтой.
Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас Хүүхдийн мөнгө, 18-наас Насны хишиг, Одонгийн мөнгө олгогдож эхэлнэ

Тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 6 дугаар сарын хуваарийг танилцуулж байна. Хуваарийн дагуу хүүхдийн мөнгөн тэтгэмж маргаашнаас эхлэн олгогдох бол 15-наас халамж, хүнсний эрхийн бичиг олгогдоно.

Харин Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, Эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж энэ сарын 18-наас эхлэн олгогдож эхлэх юм байна.


Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 1143 хүнээс халдвар илэрч, гурван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 7102 хүнд шинжилгээ хийхэд 1143 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн нь 1052 Улаанбаатар хотод, 91 орон нутагт байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 60372 боллоо.

Мөн гурван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт болж байна.

  • 67 настай эмэгтэй
  • 80 настай эрэгтэй
  • 43 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 685 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 51448 болов.

Хүнд хэлбэрийн 462, маш хүнд 122 хүн байна.

Categories
гадаад мэдээ

Хятадын “Синовак” вакцинд ДЭМБ зөвшөөрөл олголоо

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага БНХАУ-ын Ковидын эсрэг Синовак вакциныг яаралтай горимоор ашиглахыг зөвшөөрчээ. Энэ нь Синофармын дараах ДЭМБ-аас зөвшөөрөл олгож буй Хятадын хоёр дахь вакцин юм. Ингэснээр уг вакциныг Ковакс хөтөлбөрт хэрэглэх боломжийг нээж өгч байгаа аж.

Хэд хэдэн улсад хэрэглэж буй Синовак вакциныг 18-аас дээш насныханд хийхийг зөвлөсөн бөгөөд хоёроос дөрвөн долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийдэг байна. Яаралтай горимоор хэрэглэхийг зөвшөөрсөн гэдэг нь тус вакцин “аюулгүй байдал, үр нөлөө, үйлдвэрлэлийн олон улсын стандартад нийцсэн” гэсэн үг юм гэж ДЭМБ мэдэгджээ.

Судалгаанаас үзэхэд Синовак вакцин хийлгэсэн хүмүүсийн талаас илүү хувьд нь өвчний шинж тэмдэг илрээгүй бөгөөд өвчин хүндэрч, эмнэлэгт хүргэгдэхээс 100 хувь урьдчилан сэргийлж чадсан байна.

Синовак вакциныг яаралтай горимоор хэрэглэх вакцины жагсаалтад оруулсан нь нийлүүлэлтийн асуудалтай тулгараад байсан Ковакс хөтөлбөрт түлхэц болно гэж найдаж байгаа ажээ. Хятадаас гадна Чили, Бразил, Индонез, Мексик, Тайланд, Турк зэрэг оронд Синовак вакциныг хэдийнэ тарьж эхлээд байна.

Тус компани тавдугаар сарын сүүлчээр 600 сая гаруй тунг дотооддоо болон гадаадад нийлүүлсэн ба 430 сая гаруйг нь дархлаажуулалтад хэрэглэжээ. Синовак вакциныг ердийн хөргөгчинд 2-8 хэмийн температурт хадгалах боломжтой нь тус вакцины гол давуу талуудын нэг аж. Ингэснээр бага температурт их хэмжээний вакцин хадгалах боломжгүй хөгжиж буй орнуудад ашигтай гэж үзжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Өнөө маргаашдаа нийт нутгийн уулархаг хэсгээр нойтон цас орж, сэрүүн байна

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, салхитай, сэрүүхэн байхыг малчид, иргэдэд анхааруулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Categories
мэдээ нийгэм

УИХ дахь ажлын хэсгүүд хуралдаж, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

УИХ дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2021.06.02/ хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

-Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;

-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;

-Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.