Categories
мэдээ нийгэм

Н.Сугар: Гэрээр дүүрэн хүүхдүүд бужигнаж, хөөцөлдөн гүйж байхыг нь харах хамгийн сайхан


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр “Эхийн алдар” I, II зэргийн одон хүртэж буй ээжүүдэд одонг нь гардуулж, баяр хүргэлээ. Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I зэргийн одон гардан авсан Н.Сугартай цөөн хором ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе.

–Үнэхээр их баяртай байна. Төрүүлж өсгөсөн аав ээж, хайрт хань, үр хүүхдүүддээ маш их баярлалаа. Би 6 хүүхэд төрүүлсэн. 3-8 насны 2 охин 2 хүүтэй. Багууд маань 1 ой гарантай 2 ихэр охин байна.

Манай хүүхдүүд ээжийгээ одон медалиар шагнуулахыг сонсоод их баяртай хүлээж авсан. “Ээж ёстой гоё. Ерөнхийлөгчөөс одонгоо авна” гээд хөөрөөд л, гүйгээд л маш гоё байсан. Би 1991 онд төрсөн залуу ээж. Өчигдөрхөн дөнгөж 30 нас хүрч байна./Инээв/ Өнөөдөр магадгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I одон авсан хамгийн залуу ээж болсон байх. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2 одонгоо хоёуланг нь авлаа. Их бэлгэшээж байна. Ерөнхийлөгчдөө маш их баярлалаа.

-Эх хүн байхын хамгийн сайхан зүйл юу вэ?

– Өөрийгөө эх хүн гэж мэдрэхийн хамгийн сайхан зүйл бол үр хүүхдээсээ үргэлж аз жаргалыг мэдэрдэгт орших байх. Үр хүүхдийнхээ баяртай, хөгжилдөж байхыг нь харах хамгийн сайхан байдаг. Харин хүүхдүүд минь өвдсөн байхыг харах хамгийн хэцүү байдаг даа. Эх хүн гэдэг дагаад өвддөг шүү дээ. Тийм болохоор хүүхдүүдээ аль болох эрүүл байлгахыг л хичээж явна. Хүүхдийг ээж хүн ганцаараа өсгөнө гэдэг хэцүү. Ямар нэгэн байдлаар тусламж, дэмжлэг, хүн хүч шаардагддаг. Ханьдаа маш их баярлалаа. Дандаа тусалж, дэмжиж арыг минь даадагт баярлалаа.

-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвшөөсэй гэж боддог вэ?

-Мэдлэг, боловсрол бол хүн болж төлөвшихөд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйл байх. Тийм ч учраас хүүхдүүдээ эрдэм, мэдлэгтэй хүмүүс болгохыг хичээдэг. Үүний суурь нь хүмүүжил болох болов уу. Тэгэхээр хамгийн түрүүнд хүмүүжилтэй хүмүүс болгохыг эрмэлзэж байна.

-Ээжүүд бараг бүх мэргэжлийг эзэмшсэн хэмжээний байдаг шүү дээ.

-Тийм шүү. Тэр тусмаа ихэр хүүхдийг өсгөх их онцлогтой, хэцүү байдаг юм аа. Их арчилгаа шаардагддаг. Хамгийн чухал нь эрүүл өсгөж, торниулах.

-Аз жаргалтай гэр бүлийг та юу гэж тодорхойлох вэ?

– Ер нь хүүхдүүд эрүүл байхад гэр бүл аз жаргалтай байдаг юм даа. Гэрээр дүүрэн хүүхдүүд бужигнаж, хөөцөлдөн гүйж байхыг нь харах хамгийн сайхан. Инээд хөөр дүүрэн байх нь гэр бүлийг аз жаргалтай байлгах гол түлхүүр нь болдог гэдгийг хүүхдүүдээсээ мэдэрдэг. Хүүхэд эрүүл байх нь гэр бүлийн аз жаргал.

-Баярлалаа.

Categories
мэдээ улс-төр

МАН мэргэжлийн холбоод, ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар нар өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн иргэний нийгэм, төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

МАН мэргэжлийн холбоод, ТББ-уудтай  хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ”Улсынхаа Ерөнхийлөгчийг анх удаа зургаан жилийн хугацаатайгаар сонгох энэ удаагийн сонгуулийг ихээхэн ач холбогдолтой сонгууль гэж үзэж байна. Улс орон ард иргэдийнхээ эрх ашгийг дээдэлж, тусгаар тогтнол аюулгүй байдлыг бататган бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн дээдлэх, сонгодог парламентын ардчилсан зарчмыг бий болгон хэрэгжүүлэх, шударга шүүхийн хараат бус байдлыг дэмжих, хүчирхэг эдийн засагтай баялагтаа эзэн болсон Монгол Улсыг бий болгохын төлөө хичээн зүтгэхээр зорьж байна. Монголын ард түмнээ чинээлэг хангалуун, Монгол Улсаа эрчимтэй хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэе” гэлээ.

Мөн “Ардчилсан тогтолцооны хамгийн чухал зүйл нь иргэний нийгмийн байгууллагууд байдаг. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж дээдлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын манлайлал, оролцоо юу юунаас чухал. Өөрчлөлт шинэчлэлийн 30 жилийн хугацаанд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн арвин их туршлага МАН-д бий. Тэр ч утгаараа иргэний нийгмийн байгууллагууд өнөөдөр эрх барьж байгаа намдаа итгэж, дэмжлэг үзүүлж хамтын зорилтоо хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ирсэн. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн улс орны хөгжилд ихээхэн чухал үүрэгтэй. Төрийн өндөрлөгүүд бие биедээ чөдөр тушаа болдоггүй, нэг цонхоор харах боломжийг бүрдүүлж өгөх сонгууль юм. Төрийн гурван өндөрлөг нэг бодлоготой нэгдсэн хөтөлбөртэй, ажиллаж чадвал улс орныг хөгжилд хөтлөх томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх боломж бий болно” гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрийг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн МҮЭХ, Монголын багш нарын холбоо, Монголын залуучуудын холбоо, Монголын оюутны холбоо, Сонгогч ард иргэдийн нэгдэл, Барилгын салбарын ахмадын хороо ТББ, Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо, Монголын Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо зэрэг 20 гаруй ТББ, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй өнөөдөр санамж бичиг байгуулсан юм.

МҮЭХ-ноос гэхэд л “Иргэд хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг өнгөрсөн гуравдугаар сард эцэслэн боловсруулж дуусгасан байна. Жирийн иргэд, хөдөлмөрчид юу хүсэн хүлээж байгааг энэхүү баримт бичгээр гаргаж ирсэн байна. Уг баримт бичгээ сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдөр гурван нэр дэвшигчдэд нэгэн зэрэг хүргүүлсэн бөгөөд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийлснээр ийнхүү хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулав.

Categories
мэдээ нийгэм

​Л.Оюун-Эрдэнэ: Цаашид хатуу хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол хэсэгчилсэн хязгаарлалт тавина


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр УОК-ийн Шуурхай штабад ажиллаа. Тэрбээр вакцинжуулалтын нөхцөл байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгөв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Иргэд вакцинжуулалтад идэвхтэй хамрагдсаны дүнд улсын хэмжээнд зургаадугаар сарын 1-ний байдлаар нэгдүгээр тунд 1.8 сая хүн, хоёрдугаар тун вакцинд 1.3 сая хүн хамрагдаа байна.

Вакцин хийлгээгүй үлдсэн 1.2 сая хүүхэд, 200 орчим мянган иргэн үүн дотор 80 мянган жирэмсэн эмэгтэй байгаа. Эрүүл мэндийн сайдын өгсөн мэдээллээр вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийн хувьд халдварын тоо буурч байгаа юм байна. Хүүхэд, залуучуудын хувьд өндөр эрсдэлтэй байна. Өөрөөр хэлбэл, вакцинд хамруулах шаардлагагүй гэж үзэж байсан хүн амын хэсэг маань хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогддог болж байна. Иргэд хоёр тунд вакцинд хамрагдсан ч шинж тэмдэггүй, тээгч хэлбэрээр халдвар авах эрсдэл их байна. Энэ нь хүүхдийн өвчлөл их байгаагаас харагдаж байна гэж ойлголоо.

Тиймээс орон нутагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн вакцинд бүрэн хамрагдсан ч халдвар авах эрсдэл их байгаа учир халдвар хамгааллын дэглэм сахихыг иргэддээ уриалах шаардлагатай байна. Үүнд анхаар ажиллахыг Ерөнхий сайдын хувиар чиглэл өгч байна.

Вакцины үр дүн зургаадугаар сарын 15-наас мэдэгдэж эхэлнэ гэж эрдэмтэд тооцоолсон. Долоодугаар сарын 1-н гэхэд вакцинжуулалт дуусна. Намар гэхэд вакцины үр нөлөө гарч, халдварын тоо нэлээд буурна гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргасан. Ингэвэл маш сайн. Бидны тавьсан зорилт үндсэндээ биелэнэ гэсэн үг.

Харин бидний тооцоолсноос өөр үр дүн гарвал яах вэ гэдгээ маш сайн тооцоолох шаардлагатай байна. Эрсдэлт бүлгийн иргэдийнхээ 90 орчим хувийг вакцинд хамруулсан болохоор цаашид хатуу хөл хорио тавихгүй. Шаардлагатай бол хэсэгчилсэн хязгаарлалт хийгээд явахаас өөр гарцгүй.

Өчигдрөөс хойш тусгай албадаас КОВИД 35 гэдэг ч юм уу өөр вирус дэгдэх магадлалтай гэсэн дэлгэрэнгүй мэдээллүүд ирсэн. Энэ мэдээлэлд урьдчилсан шинжилгээ хийж, анхаарах шаардлагатай байна. Цаашид шинэ нөхцөл байдал үүсвэл ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр эрдэмтийн баг, их сургуулиудтай хамтран ажиллах шаардлага байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

​Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин нэмж худалдан авах гэрээ хийжээ


Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин нэмж худалдан авахаар гэрээ хийсэн тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Pfizer вакцины татан авалтыг зургаадугаар сарын дундаас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлж буйгаар 2.5 сая тун Pfizer вакцин авахаар гэрээ хэлцлүүд хийж байгаа. Хэрэв долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой” хэмээн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлж байв.

Одоогоор АНУ болон Европын эмийн агентлаг Pfizer вакциныг 12-15 насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрөөд байгаа юм.

Гэхдээ манай улс хүүхдүүдийг вакцинжуулах эсэх талаар албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа. Мөн шинээр татан авах гэж буй 2.5 сая тун вакциныг ямар бүлгийнхэнд хийх тухай тодорхой мэдээлэл гараагүй байгааг энд тодотгоё.

Засгийн газар 2.5 сая тун Pfizer вакцин нэмж худалдан авахаар гэрээ хийсэн тухай Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.

Pfizer вакцины татан авалтыг зургаадугаар сарын дундаас эхлүүлэхээр төлөвлөсөн байна.

“Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэлж буйгаар 2.5 сая тун Pfizer вакцин авахаар гэрээ хэлцлүүд хийж байгаа. Хэрэв долоо, наймдугаар сард вакцин ирвэл хүүхдүүдээ вакцинжуулах бүрэн боломжтой” хэмээн ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр хэлж байв.

Одоогоор АНУ болон Европын эмийн агентлаг Pfizer вакциныг 12-15 насны хүүхдүүдэд тарихыг зөвшөөрөөд байгаа юм.

Гэхдээ манай улс хүүхдүүдийг вакцинжуулах эсэх талаар албан ёсны шийдвэр гаргаагүй байгаа. Мөн шинээр татан авах гэж буй 2.5 сая тун вакциныг ямар бүлгийнхэнд хийх тухай тодорхой мэдээлэл гараагүй байгааг энд тодотгоё.

Categories
их-уншсан мэдээ нийгэм спорт туслах-ангилал

​”Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг эргүүлж өгөхгүй бол хүчингүй болгуулж, үйл ажиллагаагаа сэргээн явуулах болно” гэв

Монголын Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлсэн.

Гэвч Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг авч зугтаасан тухай мэдээлэл гараад байна. Энэ талаар МҮОХ-ноос тодруулахад “Дээрх мэдээлэл үнэн” гэж хариулав.

Мөн Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Наранбаатар “Хэрэв Н.Түвшинбаяр Монголын үндэсний олимпийн хорооны тамгыг өгөхгүй бол хууль, цагдаагийн байгууллагаар тус тамгыг хүчингүй болгуулж, ойрын үед үйл ажиллагаагаа сэргээн явуулна” гэдгийг хэллээ.

Түүнчлэн “Олон улсын олимпийн хорооноос Монголын Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдолтой асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан тухай шаардлагыг МҮОХ-нд удаа дараа ирүүлсэн.

Бид өмнө нь Н.Түвшинбаяр өөрөө үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх шийдвэрээ амаараа гаргасныг албажихыг хүлээж байгаа тухай Олон улсын олимпийн хороонд хүргэж байв.

Гэвч сүүлдээ МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл энэ тал дээр ямар нэг шийдвэрт хүрэхгүй бол үүнийг Олон улсын олимпийн хорооны Ёс зүйн хорооны хурлаар шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн.

Тодруулбал, тавдугаар сарын 27-ны өдөр Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орохоор болсон бөгөөд тухайн өдөр МҮОХ-ны албан ёсны и-мэйл хаягийн нууц үгийг өөрчилж, өөрөө гарын үсэг, тамгаа дараад Олон улсын олимпийн хороо руу “Ажлаа үргэлжлүүлэн хиймээр байна” гэсэн утгатай бичиг явуулсан байсан.

Харин Олон улсын олимпийн хорооноос хэрэг түвэгт орооцолдсон ерөнхийлөгчдөө ёс зүйн хариуцлага хүлээлгэхгүй байгаа тул ОУОХ-ны Ёс зүйн хороогоор хэлэлцэхэд хүрэх болсныг эргүүлж мэдэгдсэн. Иймд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл яаралтай хуралдаж, дүрмийн дагуу гишүүдийн саналаар Н.Түвшинбаярыг МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргээс түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Биднийг хуралдаж байх хооронд Н.Түвшинбаяр Олон улсын олимпийн хороо руу бичиг хүргүүлээд өөрөө тамгаа аваад явчихсан байсан.

Үүний улмаас манай улс түүхэндээ байгаагүй байдалтайгаар олимпод орох нөхцөл байдал үүсэж магадгүй болоод байна. Гэхдээ бидний шийдвэрийг ОУОХ хүлээж аван хамтарч ажиллана гэж бодож байна.

Тамганы хувьд бид одоогоор Н.Түвшинбаярт шаардах хуудас өгсөн байгаа. Хэрвээ тамгыг эргүүлж өгөхгүй бол хууль, цагдаагийн байгууллагаар хүчингүй болгуулж, ойрын үед үйл ажиллагаагаа сэргээн явуулах болно.

Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөл ч ойрын үед үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор хуралдаж шийдвэрээ гаргана” гэв.

Categories
мэдээ нийгэм

12-17 насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулна

Файзер вакцины дараагийн татан авалтаар 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөг боловсруулж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Засгийн газар Файзер вакцины 2.5 сая тунг татан авах гэрээ хийсэн байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд “Бид 1.185.991 хүүхдийг вакцинжуулах бэлтгэл ажлыг хангаад явж байна. Одоогоор дэлхийд Европын холбоо болон Канад, Америк гэх мэт улсуудад 12-15 настай хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулаад эхэлсэн байгаа. Бидний хувьд Файзер вакцины дараагийн татан авалтаар 12-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулах төлөвлөгөөг боловсруулж байна. Хэрэв бид 12-17 насны 290 мянган хүүхдэд вакцин хийвэл хүн амынхаа 68.6 хувийг дархлаажуулалтад бүрэн хамруулна гэсэн тооцоолол байна” гэж хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх санал гаргав

“Ковидийн дараах эдийн засгийн их сэргэлт” сэдэвт хэвлэлийн бага хурлыг МҮХАҮТ-аас зохион байгуулав. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар дараах мэдээллийг өглөө.

Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг МҮХАҮТ-аас дэвшүүлэв. Уг санаачилгад цар тахлын улмаас хүнд байдалд орсон аж ахуйн нэгж, иргэдэд татварын өршөөл үзүүлэх замаар эдийн засагт тохируулга хийж, ижил гараанаас дахин эхлэх боломжийг олгох асуудлыг хөндөж,

  • Аж ахуй нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх (ААН-үүд өөрсдийн буруугаас ийм байдалд ороогүй. Өрхүүд сар бүр -80 мянган төгрөгийн алдагдалтай, жилд 800 орчим мянган төгрөгийн зээл авдаг гэсэн судалгаа бий)
  • Монгол банкны Зээлийн Мэдээллийн Сангийн хар жагсаалтыг цагаатгах
  • Гурван жил Х-тайлан өгсөн ААН-ийг улсын бүртгэлээс хасах
  • Эдийн засгийг эрчимжүүлэх тусгай нэгж байгуулах (Хөрөнгө оруулалт, менежментийн компани)
  • Эдийн засгийн Хамтын ажиллагааны бүсийг нээх саналуудыг багтаажээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар бизнес эрхлэгчидтэй уулзах үеэр (2021.05.28) “Эдийн засгийн салбараар дагнасан танхимууд байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг МҮХАҮТ-аас өргөн барьсан юм. Түүнчлэн ойрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөө үзүүлж байгаа Зөрчлийн тухай, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Үүнээс гадна УИХ-ын даргын дэргэд “Худалдаа аж үйлдвэрийн зөвлөл” байгуулахаар болж, бизнесийн орчныг сайжруулах, эдийн засгийн “Их сэргэлт”-ийн бодлогыг эрчимжүүлэх, ДНБ-ий хэмжээг тэлэх, худалдааны эргэлтийг хурдасгах үүднээс Эдийн засгийн хөгжлийн яам байгуулах шийдвэрүүд гараад байна.

Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтыг цагаатгах МҮХАҮТ-ын саналыг Монголбанк захирлуудын зөвлөлийн хурлаараа хэлэлцэн дэмжсэн юм. Өнөөдрийн байдлаар тус мэдээллийн санд 65.105 иргэн, 2428 аж ахуйн нэгжийн мэдээллийг бүртгэжээ. Эдгээр иргэн, аж ахуйн нэгжүүд зээлээ бүрэн төлж дууссан ч банкнаас дахин зээл авч чадахгүй нөхцөл байдалд байгаа тул муу зээлдэгчийн мэдээлэл нь харагдахгүй болсноор дахин зээл авах боломжтой болов.

МҮХАҮТ-аас Хууль, эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд:

  1. Эдийн засаг, Худалдааны яам байгуулах
  2. НӨАТ, НДШ-ийн хувь хэмжээг бууруулах
  3. Төрийн өмчийн (оролцоотой) аж ахуйн нэгжүүдийн засаглалд эрс шинэчлэл хийх, хувьчлах
  4. Зөвшөөрлийн тухай хуулийг батлах
  5. Чөлөөт бүсийн тухай хуулийг шинэчлэх
  6. Танхимын тухай хуулийг шинээр батлах
  7. Хөдөлмөрийн тухай хуулийг батлах
  8. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг батлах
  9. Хайгуулын лицензийг эргэн харах
  10. Өсөн нэмэгдэх АМНАТ-ыг болих саналуудыг УИХ, ЗГ-т хүргүүлээд байна.

УИХ-аас танхимын тухай болон бусад бизнес, эдийн засагтай холбоотой хуулийн төслүүдийг хойшлуулахгүйгээр, ойрын үед хэлэлцэн батална гэсэн учраас үүнд хувийн хэвшил, бизнесийн салбарынхны оролцоо чухал гэдгийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Вакцинд хамрагдаагүй 25-44 насныхан халдвар авах нь их байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллалаа. Өнөөдөр Вероцел, Файзер вакцин хийж байгаа учраас дархлаажуулалтын цэгт ачаалал их байв.

Улсын хэмжээнд иргэдийн I тунд хамрагдалт 89.8, II тунд хамрагдалт 64 хувьтай байна. Харин нийслэлийн хэмжээнд I тунд хамрагдалт 99.8, II тунд хамрагдалт 78.3 хувьтай байгаа юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “25-44 насныхан коронавирусийн халдварт их өртөж байна. Мөн 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байгаа. 25-44 насны 130 мянган хүн вакциндаа хамрагдаагүй” хэмээв. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдаагүй иргэд халдвар авах нь их байгаа юм.

Баянзүрх дүүрэгт өнөөдөр найман цэгт вакцин хийж байна. Дархлаажуулалтын цэгт ажиллаж байгаа эмч нар иргэд вакциндаа идэвхтэй хамрагдаж байгааг хэлж байлаа. Файзер вакциныг тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн. Тус вакциныг хөгжлийн бэрхшээлтэй, гэрийн асаргаанд байдаг, архаг өвчтэй болон хөхүүл хүмүүст хийж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Зургаан шүүгчид “Сахилгын хэрэг” нээхээр шийдвэрлэлээ

С.Соёмбо-Эрдэнэ, Т.Өсөхбаяр, М.Алдар, З.Болдбаатар, Б.Халиун, Б.Ариунхишиг нарын эрэгтэй эмэгтэй 6 шүүгчид 2020.12.08-ны өдөр Энканто хотхоны 305-ын 106 тоотод өмгөөлөгч Баасанцогтын хамт хонож, архидан согтуурсан байж болзошгүй асуудлаар ДМНН, ННБЗХ-с гаргасан нэхэмжлэлийн дагуу өнөөдөр “Шүүхийн ёс зүйн хороо”-ны хурлаар авч хэлэлцэн “Сахилгын хэрэг” нээхээр шийдвэрлэлээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Баянгол дүүргийн 649 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Элбэрэлт ээж нар аа,

Энхрий үрсийнхээ бахархал болсон эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, бидний ирээдүй, баяр баясал, гэрэл гэгээ болсон энхрий үрсийг эрүүл саруул, хайр халамж дүүрэн өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг нийслэлийн хэмжээнд 10 мянга 843 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулах ажиллагаа явагдаж байна.

Бүх цаг үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, хүсэн хүлээж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн уламжлалтай ард түмэн. Монголын төр 64 жилийн өмнөөс улс үндэстнийхээ ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө гаргасан эхчүүдийнхээ зүтгэл, сэтгэл, хайр энэрэлд жилд нэг удаа талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

Өнөөдөр Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 649 элбэрэлт ээжийн “Эхийн алдар” одонг Монгол төрийн тэргүүний хувьд Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн Их танхимд өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье. Бяцхан үрсэд нь ээж бүрийн хүсдэг гэгээн гэрэлт ирээдүйг ерөөж байна.

Нийгмийн хамгийн үнэт баялаг болсон, үндэстний гэрэлт ирээдүйг тодорхойлох хүүхдүүд эрүүл аюулгүй орчинд өсөж бойжих, сурч хүмүүжих учиртай юм. Энэ нөхцөлийг бүрдүүлэхэд төр онцгой анхаарч, тодорхой бодлого шийдлүүдийг гаргаж, хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах үүрэгтэй билээ.

Хүүхдийг хамгаална гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг бөгөөд төрийн үндсэн үүрэг мөн.

Алдарт эхчүүд ээ,

Эрхэм дотнын ээж нар аа,

Өнөр баян Монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн ивээлээр монгол гэр бүл бүхэн аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрж, монгол эхчүүдийн алдар бадартугай” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд нийслэлийн харьяат ээжүүдэд “Эхийн алдар” одонг гардуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өчигдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358 ээжид “Эхийн алдар” одон гардуулсан билээ.

“Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байна.