Categories
мэдээ нийгэм

Хувийн сургуулиуд биеийн тамирын талбайтай байх шаардлагатай

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Энэ үеэр НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү “Нийслэлд 275 сургууль байгаагаас төрийн өмчийн 148, төрийн бус өмчийн 127 сургууль байна. Гаднаа спорт талбайгүй 161 сургууль байгаагийн 52 нь төрийнх, 109 нь хувийнх” хэмээн танилцууллаа.

Харин Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд “Сургуулиудын биеийн тамирын талбайг газар дээр нь шалгаж байна. Өнөөдрийн байдлаар 11 сургуулийн биеийн тамирын талбайн газар маргаантай байгаагаас хоёр нь шүүхийн шатанд яваа. Үлдсэн есөн сургууль аж ахуйн нэгж хоорондын маргаантай байна. Тухайлбал, хөл бөмбөгийн талбайд дулааны шугам татчихаад эргэж засаагүй асуудал бий” гэлээ. Хувийн сургуулиуд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг учраас олонх нь биеийн тамирын талбайгүй. Иймд биеийн тамирын талбайтай байх шаардлага тавьж буй аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн эзэмшлийн талбай, газар, ногоон байгууламжийг зориулалтын бусаар ашиглахыг хориглож, нүдний цөцгий мэт хайрлаж, зөрчсөн тохиолдолд хатуу арга хэмжээ авна” гэжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна

Маргааш нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.Энэ сарын 5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус хүрэх юм байна.

Түүнчлэн Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Хотын төвд өндөр барилга бариулахгүй байх бодлого барина

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар харьяа газрын албан хаагчидтай уулзаж, тулгамдаж байгаа асуудлаар санал солилцож байгаа юм. Энэ хүрээнд өнөөдөр Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд тус компанийн гүйцэтгэх захирал Р.Дагдан товч танилцуулга хийв. Тус газар 1920 ажилтантай, Улаанбаатар хотын найман дүүрэг, Төв аймгийн 16 сумыг цахилгаанаар хангадаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүргийн хэмжээнд гэр хорооллын 13681 өрх стандартын шаардлагад нийцсэн цахилгаан эрчим хүчинд холбогдож чадахгүй байгаа. Үүнээс 2021 онд 1928 айл өрхийг улсын төсөв болон компанийн хөрөнгө оруулалтаар 4.4 сая төгрөгийн санхүүжилтээр цахилгаан эрчим хүчинд холбох ажлыг хийж эхлээд байгаа аж. Мөн тэрбээр Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор 138.1 тэрбум төгрөгийн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төрөөс дааж байгаа талаар танилцууллаа. Хэрэглэгчийн дуудлага жилд дунджаар 20.3 хувиар өссөн төдийгүй Улаанбаатар хотын цахилгааны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа аж. Тиймээс цаашид зуслангийн болон гэр хорооллын бүсэд цахилгааны шугам сүлжээг өргөтгөх, шинэчлэх зайлшгүй шаардлагатай бөгөөд үүнд томоохон хөрөнгө оруулалт хэрэгтэйг онцоллоо.

Үүний дараа Хотын дарга Д.Сумъяабазар нийт албан хаагчдад хандаж үг хэлсэн юм. Тэрбээр “Улаанбаатар хотод сүүлийн 30 жил хуримтлагдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа. Мөн засаглалын хувьд томоохон шинэчлэл хийнэ” гэв. Ингэснээр Улаанбаатар хот хууль, эрх зүй, засаглал, эдийн засгийн хувьд бие дааж, цаашид тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн хотын асуудлыг шийдвэрлэхэд хөрөнгө, санхүү шаардлагатай байгаа учраас Засгийн газраас түүхэн шийдвэр гаргаж, жил бүр 420 тэрбум төгрөгийг өгөхөөр болсон. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаад буй. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр, захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгааг уулзалтын үеэр Хотын дарга онцоллоо. Тэрбээр “Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ. Мөн хууль эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд биеэ даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ” гэлээ.

Ирэх жилүүдэд хийх зам, барилга, байгууламжийн томоохон бүтээн байгуулалтын ажилд ялангуяа цахилгаан түгээх сүлжээний компанийн ажилчдын үүрэг, оролцоо чухал байгааг онцолсон. Тухайлбал, хотын төвлөрлийг сааруулах чиглэлээр дэд төвүүдийн ажил хийгдэж байгаа талаар ярьсан юм. Үргэлжлүүлэн “Цаашид дэд төвүүдийг нэмэгдүүлэхэд цахилгааны эрчим хүч шаардлагатай байгаа. Тиймээс цахилгааны эрчим хүчийг нэмэгдүүлэхэд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг судалж, шийдвэрлэнэ. Мөн хотын төвөөр өндөр барилга бариулахгүй байх бодлого барина. Харин дэд төвүүдэд өндрийн хязгаарлалт заахгүйгээр барилга барих зөвшөөрөл олгоно. Тиймээс дэд төвүүдийн цахилгаан эрчим хүчний төлөвлөлтийг хийж, дэд бүтцийг давхар шийдэж явах ёстой” гэлээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Хөл хорихгүй

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг

“Ерөнхий сайд вакцинжуулалтын үр дүн цаашид халдварыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажилтай холбоотой үүрэг даалгавар өгсөнтэй холбоотойгоор УОК хуралдлаа.

Давтан тунгаа аваад 14 хоногоос дээш болсон хүн буюу хоёр сая иргэний 30 орчим хувийн бүрэн дархлаажих хугацаа болж байна. Бид вакцинжуулалтын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна. Халдвар авах нас залуужиж байна. Учир нь 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байгаа юм.

Тархвар судлалын болон МУИС-ийн математик тооцооллын багш нарын хийсэн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины үр дүн гарч халдвараар нас барах, хүндрэх, өвдөх тохиолдол багасаж эхлэх хүлээлт байгаа.

Зургаадугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 953 мянган хүн давтан тундаа хамрагдаж дуусна. Орон нутагт зургаадугаар сарын 15-н гэхэд хамрагдаж дуусах учиртай.Вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, 76 мянга орчим жирэмсэн эх, вакцины эсрэг заалттай хүмүүс байгаа” гэв.

Сэтгүүлчдийн дараах асуултад хариуллаа.

-Шаардлагатай гэж үзвэл хэсэгчилсэн хөл хорио тогтоох уу?
-Хөл хорио тогтоох ямар нэгэн санал гаргаагүй. 5-р сарын 22-ноос орон нутгийн хөдөлгөөнийг нээсэн ч зарим тохиолдолд буюу Увс, Баян өлгий болон Төв аймгийн Чандмань суманд хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон.

-Сонгуулиас болж халдвар нэмэгдэж байгаа юу?
-Нийгмийн амьдралын хөдөлгөөн 95 хувиар нэмэгдсэн. Үүний нэг нь сонгууль. Гэхдээ сонгуулийн үйл явц заавар журмын дагуу халдвар хамгааллын дэглэмийн дагуу явагдаж байна.

-Гадаадаас иргэд ирвэл ямар журам мөрдүүлэх вэ?
-Дэлхийд хилээ нээсэн 10 улс байна. 110 гаруй улс бүтэн болон хэсэгчилсэн байдлаар хаасан. Гэрээ хэлэлцээ хийж байна. Хэрвээ давтан тунд хамрагдаад 14 хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 7 хоног тусгаарлагдана. Мутацтай бүсээс ирж буй бол 14 хоног тусгаарлана.

Categories
мэдээ нийгэм

​Эрүүл мэндийн даатгалаар элэгний В, С вирусийг төлбөргүй тоолох 19 лаборатори

“Гэрээт лабораториудаас үзүүлэх тусламж, үйлчилгээ” сэдвээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн эмнэлзүйн хяналтын ахлах мэргэжилтэн Х.Сувд-Эрдэнэ “Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ-тай гэрээтэй 19 лаборатори “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг хийж байна.

Үүнд,

  1. Улсын нэгдүгээр төв эмнэлэг
  2. Улсын хоёрдугаар төв эмнэлэг
  3. Улсын гуравдугаар төв эмнэлэг
  4. Хавдар судлалын үндэсний төв
  5. Халдвар өвчин судлалын үндэсний төв
  6. Сүхбаатар нэгдсэн эмнэлэг
  7. Төв аймгийн нэгдсэн эмнэлэг
  8. Грандмед
  9. Аллергимед
  10. УБ Сонгдо
  11. Медипас
  12. Меданалитик
  13. Гялс
  14. Ливерцентр
  15. Оношмед
  16. Бонавита
  17. Протлаб
  18. Дермамед ХХК
  19. Евростандарт лабораториуд багтаж байна.

Тодруулбал, уг хөтөлбөрийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд даатгалын сангийн санхүүжилтээр элэгний В, С вирусийн илрүүлэх шинжилгээг иргэдэд үнэгүй хийнэ.

Уг шинжилгээний хариу эргэлзээтэй гарвал аймаг, дүүргийнхээ нэгдсэн эмнэлэгт баталгаажуулах шинжилгээ хийлгэх ёстой. Үүний зардлын 5,000-10,000 төгрөгийг ЭМДС-аас төлдөг юм.

Хамгийн сүүлд баталгаажуулах шинжилгээнд элэгний В, С вирус илэрвэл төрийн болон хувийн хэвшлийн дээрх 19 лабораторид вирусээ өөрөөсөө мөнгө төлөлгүйгээр тоолуулах боломжтой гэсэн үг.

Түүнчлэн элэгний вирусийн улмаас эм уух шаардлагатай иргэдэд ЭМД-ын Сангаас тухайн эмийн үнэд нь хөнгөлөлт үзүүлдэг

Тухайлбал, ЭМД-ын Сангаас элэгний С вирусийн нийлмэл найрлагатай 6, дан найрлагатай хоёр төрлийн эмэнд тус тус хөнгөлөлт үзүүлж байгаа” хэмээв.

Categories
мэдээ нийгэм

​Эрдэмтдийн тооцоолсноор халдварын тохиолдол энэ сарын 15-наас буурна


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар дархлаажуулалтын цэг болон Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 97 дугаар сургууль дахь цэгт өнөөдөр 509 хүн Файзер вакцин хийлгэсэн байна. Дүүргийн хэмжээнд зорилтот бүлэг буюу насанд хүрсэн иргэдийн 89.6 хувь нь нэгдүгээр тунд, 70 орчим хувь нь давтан тунд хамрагджээ.

Ерөнхий сайд дараа нь Улсын онцгой комиссын Шуурхай штабт ажиллав. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээний дархлаажуулалтын явц, бусад асуудлын талаар товч мэдээлэл өгөв.

Нийслэлийн хувьд зорилтот бүлгийн хүн амын 99.8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Улсын хэмжээнд бүрэн тунд хамрагдсан 11913 хүн халдвар авсны ,876 нь давтан тунгаа хийлгэсэн. Гэхдээ бүрэн тунд хамрагдаж, 14 хоносон иргэд халдвар авах нь бага байна.

Эрдэмтдийн тооцоолсноор энэ сарын 15-наас халдварын тохиолдол буурах тухай танилцууллаа.

Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна

Өдөрт батлагдаж байгаа тохиолдлын 25-36 хувийг 0-17 насны хүүхдүүд эзэлж байна. 13197 хүүхэд халдвар авснаас 5-9, 10-14 насныхан дунд өвчлөл өндөр. Насанд хүрэгсдээс 25-34 насны иргэд түлхүү өвчилж байгаа бөгөөд 18-34 насныхны 81-85 хувь, 55-аас дээш насны иргэдийн 95 хувь нь дархлаажуулалтад хамрагджээ.

Засгийн газар саяхан Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун Файзер вакцин хүлээн авсан, үргэлжлүүлэн 2.5 сая тунг худалдан авах гэрээ хийгээд байна.

Ерөнхий сайд дархлаажуулалтын явц тааруу байгаа цэг болон аймгуудын удирдлагуудын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Д.Дамба: Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бол яг нарийндаа тусгаар тогтнолын асуудал

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай ярилцлаа.


-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр Оюу толгойгоос өөр гавьтай төсөл алга л даа, өнөөхөндөө. Гадны хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байгаагийн цаана ковидын нөлөө ч байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид яах ёстой вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн гол хөшүүрэг бол хууль эрх зүйн орчин.

Хууль эрх зүйн орчин тодорхой, тогтвортой байх ёстой. Байсхийгээд хуулийн заалт нь өөрчлөгдөж, татварын орчин нь хувьсаад байгаа улсад гадаадын хөрөнгө оруулагчид их дургүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд татварын болон бусад нөхцөлүүд ч шаардлагатай. 1997 оны Ашигт малтмалын хуулийг баталсны дараа төр засгаас маш олон арга хэмжээ авч байсан л даа.

Наад захын жишээ гэхэд л тогтвортой байдлын гэрээ. Татварын хэмжээний хувьд гээд яривал Монгол дундаждаа орно. Бага татвартай орон биш, их татвартай ч улс биш. Баялаггаа суурилаад хөгжье гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас өөр гарц байхгүй. Сая ярьсан татвар дээр бодлогын түвшинд анхаарах учиртай. Улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах асуудалтай ч холбож үзэж болох асуудал л даа, татвар.

-Татвар ямар утгаараа тусгаар тогтнолтой холбогдоно гэж?

-Ялангуяа манайх шиг хүчирхэг хоёр хөрштэй орны хувьд гуравдагч хөршийн бодлого их чухал гээд ярьдаг даа.

Гуравдагч хөршийн бодлогыг татварын орчноор дамжуулж хийх ёстой. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж чадвал тусгаар тогтнолд хэрэгтэй гээд байгаа нь цаанаа ийм учиртай л даа. Мөнгөө оруулчихсан улс хөрөнгөө хамгаалах бодлого явуулж таарна. Хоёр хөршийн аль нэг улсынх нь давамгайлал гэх мэт асуудал гарлаа гэж бодоход эерэгээр зохицуулах гол арга нь гуравдагч хөршийн бодлого. Гуравдагч хөршийн бодлого гэдгийг АНУ, Англи гэж ойлгож болохгүй. Хоёр хөршөөс гадна маш олон улс бий. Тэдний ашиг сонирхлыг хөрөнгө оруулалт хэлбэрээр татах нь их чухал. Ялангуяа Монголын үе үеийн түүхийг үзэж байхад урд хойд хөрш эвтэй үед Монголд ашиг муутай, халтай гэмээр байдаг. Энэ хоёр таарамж муутай үед бол манайд ашигтай байдаг.

Одоо бол хоёр хөрш маань гар бариад их эе найртай байгаа. Тэгэхээр яг ийм цагт гуравдагч хөршийн бодлогодоо онцгойлж анхаарах ёстой болж таарч байна уу?

-Та зөв анзаарсан байна. Одоогийн байдлаар хоёр хөрш маань их эвтэй байгаа. Тэгэхээр гуравдагч хөршийн бодлого маш чухал. Улс төр, геополитик талаасаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нь тусгаар тогтнолтой холбоотой ойлголт.

Бид баялаг ихтэй учраас тэд гуйгаад ирэхгүй хаачдаг юм гэсэн хандлага манай улстөрчдөд их тод анзаарагддаг. Гэтэл дэлхийн улс гүрнүүд гадны хөрөнгө оруулалтаар цангасан хэвээр байгаа, эдийн засаг нь хүчирхэгжсэн Хятад хүртэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарсаар яваа. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Манайх шиг бага буурай хөгжилтэй орон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж зөв зүйтэй хөгжүүлж байж хөгжсөн түүх дэлхийд өчнөөн л дөө. Азийн бар улсуудын түүхийг сөхөөд харахаар цаана нь ийм л шалтгаан байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж хөгжүүлсний хүчинд хөгжсөн байдаг юм. Гадны хөрөнгө оруулалт орж ирсний сайн тал их шүү. Техник технологийн хөгжил хурдацтай байгаа ийм үед хөрөнгө оруулалтаа дагаад технологийн хөгжил нь ороод ирдэг. Уул уурхайн салбараар жишээлэхэд л манайд дэлхийн уул уурхайн салбарын хамаг сайн техник технологи бүгд байна. Уул уурхайн салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсаны л үр дүн. Гадаадын хөрөнгө оруулалтын бас нэг сайн тал бол хүнийг хөгжүүлж чаддаг. Дэлхийн хэмжээний уул уурхайн төслүүд дээр ажиллах хэмжээний мэргэжилтнүүд аль хэдийнэ бэлтгэгдээд эхэлчихсэн.

Ураны хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт орж ирээд гарсан жишээ бий. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттайгаар хэрэгжиж буй нь хөдөлж өгөхгүй гацсан маягтай байгаа. Уран дээр хоёр хөршийн бодлого нөлөө байх шиг ажиглагддаг. Танд тэгж анзаарагддаг уу?

-Тэгж хардах шалтгаан харагддаг л даа. Хоёр гүрний бодлогоор хөдлөөд байвал хөгжих хэцүү санагддаг юм. Манай улсын тухайд ураны нөөцтэй улсын дэргэд бага нөөцтэй. Харин ураны нөөцгүй улстай харьцуулбал тодорхой хэмжээний нөөцтэй орон. Манайх шиг улс уран олборлох хэрэгтэй. Олборлож баяжмал болгоод, өөрөөр хэлбэл шар нунтаг хэлбэрээр экспортлоход ямар ч аюулгүй. Илт шалтгаан нь ийм байхад улстөржүүлж дэвэргээд байгаа нь хачирхалтай санагддаг. Заримдаа бүр хардмаар мэдрэмж ч төрдөг. Айлын үхэр, тугал үхсэн тохиолдол бий. Яг тиймэрхүү кейс дээр ямар нэгэн нөлөө орчихоод байна уу гэж хардаг. Уран дээр Гурвансайхан гэдэг компани бий. Үндэсний компани л даа. Бас л хөрөнгө оруулалтгүй гэсэн шалтгаанаар төслийнх нь хэрэгжилт удааширсан. Сүүлдээ Канадын “Денисен майнз” гээд ураны салбарын том компани орж ирж хөрөнгө оруулалт хийх гэж нэлээд үзсэн. Нэг хэсэг хайгуул хийсэн юм. Хайгуул хийгээд хэд хэдэн ордын нөөц тогтоосон л доо. Заримынх нь хувьд цооногоор газрын гүнд уусгах технологи туршиж үзсэн. Туршилтын ажил нь ч амжилттай болсон. Нэлээд хөрөнгө зарцуулсан.. Газрын гүнд уусгах аргаар боловсруулдаг энэ технологи дэлхийд маш, ховор сайн технологид багтдаг. Экологид хор хохирол багатай технологи гэж үзэж байгаа. Шахаж хавчаад байхаар тийм том компани яаж тэсэхэв, лицензээ чехүүдэд зарчихаад явсан.

Лицензийг нь авсан чехүүдийн ажил хэр урагштай байгаа вэ?

-Дэмжлэг муутай, хавчлагатай байх шиг анзаарагддаг. Энэ мэт жишээнээс харахад Монголын эдийн засгийг тэлж томруулах сонирхолгүй нэг тийм айхавтар гадаад бодлого байна уу даа гэж бодогддог шүү.

Өмнөх олон кейсээс анзаарахад шахаж хавчиж дарамтлаад байхаар нь гадаадын хөрөнгө оруулагчид залхаад хаядаг, өнөө лицензийг нь урд хөршийн бизнес эрхлэгчид ч юм уу улстөрчид авчихаад байгаа анзаарагддаг. Та энэ хардлагатай санал нийлж байна уу?

-Үгүйсгэхэд хэцүү. Барим тавим жишээ ч дуулддаг. Урд хөршийн бизнес эрхлэгч гэснээс тэдний хувьд нэг онцлог байдаг. Яаж ч шахаж, дарамталсан тоодоггүй. Зүтгээд, бизнесээ хийгээд явдаг. Өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагчид бол өөр. Шахаж хавчаад ирэнгүүт л гараад явахыг илүүд үздэг. Тэгээд ч дэлхий дээр ганцхан Монгол гэдэг улс баялагтай биш учраас тэд өөр сонголт хийгээд явдаг.

Уранаас өөр экспортолж мөнгө олох эрдэс гэвэл та юуг онцлох вэ?

-Газрын ховор элемент дээр хөдөлгөж болох төслүүдээ хөдөлгөмөөр байгаа юм. Хамгийн бага зардлаар их мөнгө олох боломжтой салбар. Германчууд гэхэд л их сонирхдог. Ангела Меркель манайхыг яах гэж зорьж ирсэн бэ гэсэн асуулт тавиад харахаар цаана нь газрын ховор элемент л байдаг. Газрын ховор элемент дээр хамтрах сонирхлоо илэрхийлэхээр ирсэн. Манайхан тухайн үед хамтарч ажиллая гэж толгой дохичихоод явсаных нь дараа таг болсон л доо. Солонгос, Япон, Герман гэх мэт машин үйлдвэрлэгч хэрнээ түүхий эд нь байдаггүй улсууд олон бий. Тэдэнд газрын ховор элементээ нийлүүлэх хэрэгтэй. Орчин үед цахилгаан машины үйлдвэрлэл хүчээ авч байна. Арван жилийн дараа цахилгаан машин ердийн хэрэглээ болно гэцгээж байгаа. Дэлхийн чиг хандлага ийм байхад бид тэр хандлагыг нь мэдэрч, угтаж ажиллах ёстой. Цахилгаан машины гол орц нь газрын ховор элемент. Газрын ховор элементээс гадна холимог металл буюу полиметаллын ордуудыг ашиглах цаг болсон. Цахилгаан машины ирээдүй гэрэлтэй байгаа ийм үед маш хэрэгтэй. Цахилгаан машин үйлдвэрлэлд хэрэглэдэг хар, цагаан тугалга гэхэд л ийм төрлийн ордод бий.

Газрын ховор элемент дээр хайгуул хийж нөөцийг нь багцаалдсан хэд хэдэн орд бий байх шүү…?

-Манайд хайгуул хийсэн хэд хэдэн орд бий, Лугийн гол, Мушгиа худаг, Халзан бүргэдэй гээд.

Бүгдийг нь стратегийн ордод оруулчихсан. Тэгэхээр л хөрөнгө оруулалт ярихад хэцүү болчихоод байх шиг…?

-Яг тэгээд байна л даа. Миний хувьд стратегийн орд гэдэг нэр томьёонд дуртай биш. Их буруу нэр томьёо. Ер нь стратегийн орд гэж байдаггүй. Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж л бий. Тухайн улс орны эдийн засагт үр ашгаа өгөхөөр, тухайн улс орны амьдралд нөлөө үзүүлж чадах зүйлийг л стратегийн бүтээгдэхүүн гэнэ. Заавал уул уурхайтай ч холбогдохгүй. Мах, будаа гээд хүнсний бүтээгдэхүүн ч байж болно.

Өнөөхөндөө ахиу мөнгө олох боломжтой нь зэс, нүүрс л байна. Нүүрсээ ахиухан борлуулъя гэвэл төмөр зам хэрэгтэй. Төмөр зам дээр байр сууриа хуваалцаач?

-Нүүрсээ ахиухан хэмжээгээр бага зардлаар тээвэрлэж экспортолъё гэвэл төмөр зам барихаас өөр гарцгүй. Бид төмөр зам бариагүйгээс болоод өчнөөн боломжийг алдсан. Хувийн компани мөнгөө гаргаад барья гэхэд бариулаагүй улс шүү дээ, бид.

Төр төмөр зам барина, төр тийм үйлдвэр барина гээд төр бизнес рүү орсон, бизнесийнхний боломж руу гар дүрж хүч түрсэн хандлага сүүлийн үед маш тод анзаарагдах боллоо. Энэ хэр зөв хандлага вэ?

-Төр оролцоод ирэхээр л хамаг асуудал үүсдэг. Бүгдийг төрийн мэдэлд авна гэж яриад байдгийн цаад шалтгаан нь их энгийн шүү дээ. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн л сонирхол. Түүнээс биш жирийн нэг иргэнд төрд очих, очихгүй нь огт хамаагүй асуудал. Наад захын жишээ гэхэд л төрийн өмчтэй компанид төрд ажилладаг хүмүүс л юм шахдаг.

Төрд ажилладаг жирийн хүмүүс биш, эрх мэдэлтэй цөөн нөхдөд л тийм боломж ирдэг…?

-Тэгэлгүй яахав, тэр мэдээжийн асуудал. Стратегийн орд гэдэг нэрээр төрд аваад, төрийн менежмэнтээр тухайн уурхайн үйл ажиллагааг явуулна гэдэг төрд ажиллаж байгаа хүмүүсийн л сонирхол. Төрд ажилладаг хүмүүсийн эрх ашиг, сонирхлоос гадна төрийн өмчийн компаниуд дээр л авлига хээл хахуулийн асуудал гарч ирдэг.

Уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт цутгаж, Монголын эдийн засаг 17 хувь хүрч байсан үед дэлхийн том компаниуд олноороо орж ирж байсан. Яг ямар компаниуд орж ирж байсан тухай цухас дурсах уу?

-Тэр үед маш олон том компани орж ирж байлаа. Америкийн “Пийбоди” байна. Нүүрсний талдаа дэлхийд нэг номер шахуу компани. Төмрийн хүдрийн олборлолтоороо дэлхийн номер нэг “Вале” орж ирсэн. Бразилийн компани. Ураны том компани “Денисен майнз”, “Рио тинто”-той өрсөлддөг “BHP Billiton“ байна. Энэ бүх компани Монголд орж ирээд гарсан. “Англо Американ” орж ирэх гэж үзээд шийдвэрээсээ буцсан санагдаж байна. Одоо “Рио тинто”-гоос өөр гэвэл Хятадын хэдэн компани л Монголд хөрөнгө оруулан ажиллаж байна. Гэхдээ урд хөршийн томчууд манайх руу орж ирэхгүй байгаа. Хятадын жижиг хөрөнгө оруулагчдын хувьд стандарт, аюулгүй байдал гэх мэт асуудал тийм ч чухал биш.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зургадугаар сарын 7-нд зохион байгуулна

МҮОНРТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг зургадугаар сарын 7-ны өдөр зохион байгуулна.

Энэхүү мэтгэлцээний үеэр нэр дэвшигчдээс өөрийн сонирхсон сэдвээр асуулт асуух боломж танд олдож байна. Асуултыг зургадугаар сарын 5-ны өдрийн 13:00 цаг хүртэл онлайнаар болон утсаар хүлээн авах аж.

Мэтгэлцээнийг шууд дамжуулах бөгөөд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлэх ажил болон бусад сэдвээр бодлогын мэтгэлцээн хийх аж.

Мэтгэлцээн нь нэр дэвшигчдэд байр сууриа илэрхийлж, давуу талаа харуулах боломж олгодог. Хэн нь Ерөнхийлөгчийн албан тушаалд илүү тохирохыг харуулахад дэмжлэг болдог билээ. Мөн сонгогчдод харьцуулалт хийх боломжийг олгодог. Мэтгэлцээнээр нэр дэвшигчийн улс төрийн итгэл үнэмшлээс гадна өрсөлдөгчийн дайралтад үзүүлж буй сэтгэл хөдлөл, шууд асуултад хэрхэн хариулж буйг ч харах боломжтойгоо илүү онцлог болдог.

Categories
мэдээ нийгэм

Шинэ нисэхийн замд 100 метр урт, 50 см гүн цууралт үүссэн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна

Улаанбаатар хотыг Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудалтай холбосон авто зам нийслэл рүү ирэх чиглэлийн урсгал дагуу цуурчээ.

Цууралт 115 метр урт, 50 см хүртэлх гүнтэй дөрвөн хуруу өргөнтэй байсан бөгөөд эвдрэл гараад удсан байдалтай байна.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын зохицуулалтын газрын дарга Д.Загдраднаа “Барилгын ажил 2019 оны есдүгээр сард дууссан. Өнгөрсөн жил зам дээр дагуудаа хагарал гарсан. Эвдрэлийн шалтгааныг тогтоохоор Зам тээврийн яам гүйцэтгэгч болон төслийн зөвлөгч компанитай хамтран ажлын хэсэг ажиллаж байна. Хагарлыг хэрхэн засах талаар гүйцэтгэгч компани аргачлал төлөвлөгөөгөө гаргаж байна. Улсаас ямар нэг мөнгө гарахгүй гүйцэтгэгч компани өөрийн хөрөнгөөр хийнэ. Олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа долоодугаар сарын 04-нд эхлэхээр төлөвлөж байгаа учраас үүнээс өмнө засварлаж хэвийн болгоно.

Хагарлын шалтгаан тодорхойгүй байна. Гүйцэтгэгч компанийн баталгаат засварын хугацаа гурван жил буюу 2022 оны есдүгээр сард дуусна. Манай орны нөхцөлд замын хөндлөн хагарал байнга гардаг. Одоогийн дагуу хагарлын хувьд 7-10 метрийн өндөртэй эргэц, тойруутай хэсэгт гарсан учраас технологиос эсвэл байгалиас болсон уу гэдгийг тогтооно. Манайхаас байнга шалгадаг. Өнгөрсөн жил нарийхан хагарал байхад нь гагнаас хийсэн байсан ч энэ жил нэмж хагарсан байна” гэв.

Авто замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий” гэсэн чиглэлд 32.226 км урт, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн 31.0 м, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй.

Барилгын ажил гүйцэтгэх түлхүүр гардуулах нөхцөлтэй /EPC/ гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 18-ний өдөр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах Ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус тус ажилласан.

Авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК болон “Эс Ар Пи” ХХК хамтран гүйцэтгэсэн.

Уг төслийн ажлын нийт өртөг нь 140,3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг 3 жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр улсын ашиглалтад оруулсан ч одоог хүртэл нээгээгүй байна

Categories
мэдээ нийгэм

“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах уралдааны ялагчид тодорлоо

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/338 дугаар захирамжийн дагуу иргэдийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх орчин нөхцөлийг бий болгох зорилгоор “Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор” байгуулах үзэл баримтлал /концепц/, загвар зураг боловсруулах уралдаан зарласан. Уралдааныг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 20-ны хооронд, нийт 21 хоногийн хугацаанд зарласан бөгөөд уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуусын хамтарсан нийт найман баг бүтээлээ ирүүлсэн юм. Бүтээлүүдийг тавдугаар сарын 20-23-ныг дуустал Хот байгуулалт, хөгжлийн газрын албан ёсны цахим хуудсанд байршуулж иргэд, олон нийтээс санал авлаа. Нийт 7500 иргэн санал өгч, өргөн цар хүрээг хамарсан уралдаан болж өндөрлөв. Олон нийтээс авсан саналын дараа Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан уралдааныг дүгнэх комисс уралдааны удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу бүтээлүүдийг дүгнэж, нэгдсэн үнэлгээг гаргаж уралдааны шилдгүүдийг тодрууллаа.

Уралдааны тэргүүн байранд шалгарсан “Riverside Paradise” баг, дэд байранд шалгарсан “Оюут ХХК” багийн шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн болон Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар гардуулж, нийслэл хотынхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь амжилт хүссэн.

Дэд байрт шалгарсан “Оюут” ХХК-ийн архитектор С.Мөнхбаяр “Уралдааны хугацаа богино байсан учир бид гол санаагаа барьж, зураг төслөө хийсэн. Туул голыг хамгаалах, байгаль орчинд ээлтэй байхаар төлөвлөлөө. Бид 2700 орчим иргэний санал авсан” гэсэн бол тэргүүн байрт шалгарсан “Riverside Paradise” багийн архитектор О.Буянзаяа “Манай багийнхан хот байгуулалтын архитектор мэргэжлээр төгссөн. Уралдаанд оролцохдоо хэрэгжих боломжтой нөхцөл байдлыг харгалзаж, стандарт шаардлагуудын дагуу концепцоо гаргасан юм. Байгаль орчноо хамгаалах, эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг ашиглах, далангаа зүлэгжүүлсэн технологи зэрэг 3-4 шинэ шийдлүүд орууллаа. Мөн Туул голын урсцын судалгаа хийж, төсөлдөө тусгасан” гэв.

Тэргүүн байранд шалгарсан багийн гол үзэл санаа нь Туул голын эко системийг хамгаалах, байгалийн нөхөн сэргээлт хийж, байгалийн тогтцыг хадгалан, бүх насны болон зорилтот бүлгийн иргэдэд зориулсан олон нийтийн амралт, зугаалгын ая тухтай орчныг бүрдүүлж гадаргын усыг хуримтлуулан нуур, цөөрөм үүсгэн, гүний усны тэжээгдлийг нэмэгдүүлэхийг зорьжээ. Шилдгээр шалгарсан бүтээлийн концепц, үзэл санааны дагуу тохижилтын ажлын зураг, төсвийг хийх юм.

Тэргүүн байрт шалгарсан “Riverside Paradise” багийн бүтээл



Дэд байрт шалгарсан “Оюут” ХХК-ийн бүтээл