Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн шигшээ баг маргааш Киргизийг зорино

Монголын Үндэсний шигшээ баг “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Киргиз улсын эсрэг энэ сарын 7-нд хийнэ.

Үндэсний шигшээ баг Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах Монголын хөлбөмбөгийн холбооны бэлтгэлийн төвд байрлаж буй.

Бэлтгэлийн сүүлчийн өдөр нь өнөөдөр бөгөөд маргааш 08:00 цагаас хилийн чанадыг зорино.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ФОТО: Ерөнхийлөгч Х.Баттулга БЗД-ийн 971 ээжид “Эхийн алдар” I, II зэргийн одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 971 ээжид “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулж, баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд төр туслах ёстой

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Эрхэм хүндэт эхчүүд ээ,

Монголын сайхан ээж нар аа,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг, нийслэлийн хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулж байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 971 элбэрэлт ээжийн “Эхийн алдар” одонг Монгол төрийн тэргүүний хувьд Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье.

Нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулахад нь, монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулан мэдүүлж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд чадах бүхнээрээ, байгаа боломжоороо төр туслах ёстой юм. Монголын төр хүн амаа өсгөх, хүүхдийг хэвийн орчин нөхцөлд бойжуулахад нь эхчүүдэд туслах бодлогоо хэзээ ч орхигдуулж, дутааж болохгүй.

Хүүхдийг хамгаална гэдэг Монголын ирээдүйг хамгаалж байгаа хэрэг бөгөөд төрийн үндсэн үүрэг мөн.

Тийм учраас миний бие өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бидний хамгийн нандин эрдэнэ, хайр, бахархлын дээд болсон эх хүний ач гавьяаг “Эхийн алдар” одон гардуулж алдаршуулахын хамт хүүхэд хамгааллын асуудал хариуцсан төрийн байгууллагуудын удирдлагуудтай цуврал уулзалт хийж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлах тухай зарлиг гаргаж, хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгох, хэмжээг нь нэмэгдүүлэх, өрх бүрд нэг сая төгрөгийн тэтгэмж олгох зэрэг олон чухал ажлуудыг санаачилж, УИХ, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллаж ирсэн.

Цаашдаа ч монгол төрийн энэ бодлого тууштай үргэлжилж, эрчимжих ёстой гэж үзэж байна.

Монголын үзэсгэлэнт эхчүүд, ээж нар аа,

Өнөөдөр Алдарт эхийн одонгоо гардан авч байгаа, бидний хайр хүндэтгэлийн эзэн-ээжүүд Та бүхэндээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн угаас дахин баяр хүргэж, халуун талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монголын гэр бүл бүхэн үр хүүхдийнхээ хамтаар өнөр өтгөн, аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрж, монгол эхчүүдийн алдар бадартугай” гэлээ.

Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон хүртэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зургадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358, зургадугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Баянгол дүүргийн 649 ээжид“Эхийн алдар” одон гардуулаад байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед халдсан хэргийг цагдаагийн газар хянаж дуусаад Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлжээ.

Хэрэг “Одоогоор прокурор дээр хянагдаж байна” гэж Нийслэлийн Прокурорын газраас мэдээллээ.

Үндэсний Олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчийн суудлаас түдгэлзүүлсэн бөгөөд оронд нь Ч.Наранбаатар үүрэг гүйцэтгэж байна.

Categories
гадаад мэдээ

Жо Байден В.Путинтэй цахим халдлагын талаар хэлэлцэнэ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй энэ сарын сүүлээр уулзах үеэрээ саяхан “JBS” мах боловсруулах компанийг онилон цахим халдлага үйлдсэн хэмээн үзэж буй этгээдүүдийг орогнуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэнэ гэж Цагаан ордон мэдээлэв.

Лхагва гарагт Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псакийн мэдээлснээр, Ж.Байден Бразилын мах боловсруулах компанийн Америк дахь охин компани болох “JBS”-ийн Австрали, Хойд Америк дахь үйл ажиллагааг доголдуулсан халдлагыг шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.

Сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх асуудлаас гадна хүний эрх, Украиныг чиглэсэн ОХУ-ын түрэмгий бодлого зэргийн улмаас хоёр их гүрний харилцаа хурцдаад буй үед Ж.Байден ОХУ-ын Ерөнхийлөгчтэй Швейцарын Женев хотноо зургаадугаар сарын 16-нд уулзахаар товлоод буй юм.

Орост байрладаг хэмээн таамаглаж буй хакеруудын бүлэглэл төлбөр төлөхийг шаардсан гэдгийг “JBS” компани АНУ-ын Засгийн газарт мэдээлснийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Карин Жан-Пьер мягмар гарагт уламжилсан байна. Мөн “Цагаан ордон энэ асуудлаар ОХУ-ын Засгийн газартай холбоо тогтоож, хариуцлагатай улс орнууд цахим орчинд гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг орогнуулдаггүй гэдгийг мэдэгдэж байна” хэмээн мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

С.Оюунтуяа: Хаана хүрэхээ мэдсэн бол түүнийхээ төлөө огт ухралгүй зүтгээд байхад үр дүн нь хэзээ нэгэн өдөр гарна

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” II зэргийн одонгоо гардан авсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн С.Оюунтуяатай ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” II зэргийн одонгоо гардан авсанд баяр хүргэе. Одонгийн эздийн талаар танилцуулахгүй юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс одонгоо гардан авсан тэр мөч үгээр хэлэхийн аргагүй, маш гайхалтай сэтгэгдэл төрүүллээ.

Манайх гэдэг айл гурван охинтой байж байгаад 2019 онд хоёр ихэр хүү төрж, “Эхийн алдар” II зэргийн одон авахаар болсон. Би өөрөө айлын тав дахь хүүхэд л дээ. Ээжийнхээ одонгийн хүүхэд болж ирсэн. Тухайн үед таван хүүхэд төрүүлсэн ээж нар II зэргийн одон авдаг байсан. Сэтгэгдэл маш өндөр байна.

-Гурван охинтой айлд хүү заяахдаа ихэр хүү ирсэн нь танай гэр бүлийн хувьд маш сайхан үйл явдал болсон байх?

-Ер нь манай гэр бүл хүүхдүүдээ төлөвлөж гаргадаг. Гэхдээ ихэр төрүүлнэ гэж төсөөлж ч байгаагүй. Хоёр хүүгээ сар гарантай байхад нь ихэр гэдгийг нь мэдсэн. Анх эмчид үзүүлэхдээ “Хүйсийг нь мэдэж болох уу, би гурван охинтой юм аа” гэж асууж байсан. Эмч надад “Хүйс яах вэ, харин баяртай мэдээ байна. Ихэр байх магадлал 70-80 хувь байна” гэж хэлсэн. 70-80 хувийн магадлалтай гэж хэлсэн ч гэсэн би тухайн үедээ шууд ихэр гэдэгт нь итгэж, дотроос огших мэдрэмж төрсөн. Ховорхон заяах хос эрдэнэтэй болж байгаа шүү дээ гэж бодоод хүйсийн тухай мартсан даа. Дараа нь таван сартай байхдаа эмчид үзүүлэхэд “Яах аргагүй хоёр ихэр хүү байна” гэж хэлсэн. Тэр өдөр Цэргийн баяр байсан учраас нөхөртөө маш том гэнэтийн бэлэг барьсан.

Ингээд манай хоёр хүү 2019 оны есдүгээр сарын 5-ны өдөр мэндэлсэн. Ихэр хүүгээ төрүүлсний дараах яг тэр мөчид надад юу дутагдаж байсныг ойлгосон гэж хэлж болно. Надад өмнө нь миний амьдралд ямар нэг зүйл дутуу, дулимаг байна гэсэн сэтгэгдэл төрж байгаагүй л дээ. Гэхдээ л хоёр ихэр хүүгээ харах бүрдээ бүх талаараа дүүрсэн, гүйцсэн юм шиг санагдаж байсан.

Та Монгол Улсын таван бяцхан иргэнийг өсгөн хүмүүжүүлж байгаа хүн. Хүүхдүүдээ хүмүүжүүлэхдээ юунд нь илүү анхаардаг вэ?

-Ер нь хүнд хүн шиг хэрэгтэй юм байхгүй. Миний нэг, хоёр хүүхэд гадагшаа явлаа гэж бодоход үлдсэн хүүхдүүд маань надад хань болно шүү дээ. Ийм учраас манай гэр бүл өнөр олуулаа сайхан байдаг.

Хүүхдүүдээ хүнд тустай, хүнийг мэдэрдэг, юмны учрыг ойлгодог, хүн шиг хүмүүс болоосой гэж боддог. Өсөж том болоод тодорхой хэмжээгээр боловсрол эзэмшинэ. Гэхдээ улс орондоо хэрэгтэй, сайн хүн болгож хүмүүжүүлэхийг хичээдэг.

-Танай гэр бүл хэзээ хүүхэдтэй болохоо урьдчилан төлөвлөдөг гэж та хэлсэн. Ер нь гэр бүл төлөвлөлтийг сайн хийх юм бол одонтой ээжүүд ажил, амьдралаа зохицуулаад явах боломжтой байдаг уу?

-Манай хоёр том охин 14, 12 настай. Би оюутан байхдаа төрүүлсэн. Манай ээж, эмээ хүүхдүүдээ өсгөхөд тусалсан учраас би сургуулиа төгсөөд шууд ажилд орж, “Өгөөж” ХХК-иас ажлын гараагаа эхэлж байлаа. Хоёр том охиноо гаргаснаас хойш би найман жил тасралтгүй ажиллаж, ажил амьдралаа төвхнүүлчихээд дараагийн 3 хүүхдээ гаргасан.

Залуу охидод хандаж хэлэхэд, өөрийн хүссэн ажил, хөдөлмөрийг цаг алдалгүй эхлүүлж, залуу байгаа дээрээ зориг гаргаад, сэтгэл шулуудаад хүсэл, мөрөөдлийнхөө хойноос бартаа саадыг үл ажран явах хэрэгтэй. Хаана хүрэхээ мэдсэн бол түүнийхээ төлөө огт ухралгүй зүтгээд байхад үр дүн нь хэзээ нэгэн өдөр гарна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Дорноговь аймагт 32701 иргэнийг вакцины II тунд хамруулжээ

Дорноговь аймгийн ЭМГ-аас корона вирусийн халдварын эсрэг вакциныг өссөн дүнгээр нэгдүгээр тунд 41662 хүнийг хамруулсан нь нийт хамрагдах хүний 91.9 хувь, вакцины хоёрдугаар тунд 32701 хүнийг хамруулсан нь нийт хамрагдах хүний 72.2 хувийг тус тус эзэлж байна.

Аймгийн хэмжээнд нийт 15 цэгт эрүүл мэндийн байгууллагын 70 ажилтан дархлаажуулах ажлыг гүйцэтгэж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 416 PCR шинжилгээ авч 588 хүнд түргэвчилсэн шинжилгээ хийжээ.

Хүмүүсийг шинжилгээнд хамруулахдаа онош батлагдсан болон сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал, худалдаа үйлчилгээ болон эмнэлгийн ажилтнууд зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа хүмүүсийг түлхүү хамруулж байгаа гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатараас Итали улс руу анх удаа 20 тонн ноолуур автомашинаар тээвэрлэгдлээ

Манай улс бэлтгэсэн ноолуурынхаа 60-70 хувьд анхан шатны боловсруулалт хийж, угаасан байдлаар экспортолдог.

Цаашид угаасан ноолуурын экспортыг багасгаж улмаар зогсоох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна.

Өнөөдөр Улаанбаатар хотоос Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуур анх удаа газраар тээвэрлэгдсэн чухал үйл явдал тохиолоо.

Итали руу экспортод гарч буй 20 тонн ноолуурын 10 тонн нь Монголын хаан ширхэгт тохирлын тэмдэгтэй. Тодруулбал, тухайн ноос ноолуураар бүтээгдсэн бүтээгдэхүүн нь тогтоосон стандарт шаардлагыг бүрэн хангасан, Монголын гарал үүсэлтэй, 100 хувь ноолуураар үйлдвэрлэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн, байгальд ээлтэй, өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгийг гэрчилдэг.

“Ханбогд кашмер” компани урьд нь Итали улс руу Хятадаар дамжуулан 90 хоногийн хугацаанд ноолуураа экспортолдог байсан бол ийнхүү газраар тээвэрлэлт хийснээр 20 гаруй хоногийн хугацаанд зорьсон газраа хүрэх юм байна.


Categories
мэдээ нийгэм

“Дэд төвүүдэд бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлнэ” гэв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сүхбаатар дүүрэг, “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн Сэлбэ дэд төвд ажиллалаа. Тэрээр Сэлбэ голын дагуу тавьсан 6,6 км автозам, 60 метр гүүр, үерийн далангаас гадна тоглоомын талбай, ногоон байгууламж бүхий тохижилт, Сэлбийн хурдны зам, дулааны станц, “Ногоон нуур-1008 айлын орон сууц” төсөл зэргийн явцтай танилцав.“Сэлбэ” дэд төв нь СБД-ийн 13,14 дүгээр хороо, ЧД-ийн 14,18 дугаар хорооны 156 га газрыг хамардаг. 3,000 орчим өрхийн 11 мянга орчим хүн оршин суудаг. 2040 он гэхэд өрхийн тоо 6,520, хүн ам 23 мянга хүрэх төлөвтэй байна.

Сэлбэ гол дагуу 6,6 км авто зам, явган хүний зам, гэрэлтүүлэг, төмөр бетон гүүр, автобусны зогсоолыг ашиглалтад оруулаад байна. Мөн Сэлбийн 25.2 км урт хурдны зам нь захын гэр хороолол, зусланг хотын төвтэй холбох юм. Дэд бүтцийн бүтээн байгуулалтыг цогцоор нь хийснээр хотын түгжрэл 30-40 хувь буурах тооцоо гарсан байна.

Азийн хөгжлийн банк, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалтаар “Сэлбэ” дэд төвийн 28 МВт хүчин чадалтай дулааны станц энэ гуравдугаар улиралд ашиглалтад орно. Станц 3,000 гаруй айл өрх, 100 гаруй аж ахуйн нэгжийг дулаанаар хангах бөгөөд энэ нь 3,000 гаруй яндан байхгүй болно гэсэн үг юм.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр СБД-ийн есдүгээр хорооны нутагт “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд автозам, зогсоол, ногоон байгууламж, 960 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг зэргийг барихаар төлөвлөсөн. Төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхлэх байсан ч “Ковид-19” цар тахлын улмаас хойшилжээ.

Цаашид Сэлбэ голын дагуух тохижилтын ажилд шаардагдах тодорхой хэмжээний хөрөнгийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, Бэлх, Сэлхийн үерийн хамгаалалтын далан барих 16 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тусгахаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.

Тэрээр дэд төвүүдэд хөрөнгө оруулж, бүтээн байгуулалт хийх хувийн хэвшилд онцгой дэмжлэг үзүүлнэ. Ойрын хугацаанд хувийн хэвшлийнхэнтэй уулзаж энэ талаар ярилцана гэдгээ хэлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан энэ сарын 11-нд болно

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаан ирэх баасан гаригт буюу 2021 оны зургаадугаар сарын 11-ний өдөр болно.

Хуралдаанаар УИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Допингтой холбогдсон гэх 38 бөхийн нэрийг ил болгохыг шаардлаа

Допингтой холбоотой зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны 06-р сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх шаардлагыг Нийслэлийн Прокурорын газарт хүргүүллээ.

Тус албан бичигт “Монголын Үндэсний Бөхийн Холбооноос Таны нэр дээр 2021 оны 5-р сарын 17-ны өдөр №01/72 тоот “Допингтой холбоотой хэргийн талаар” тодруулга авахаар албан хүсэлт хүргүүлсэн бөгөөд 2021 оны 05-р сарын 29-ний өдөр МҮБХ-ны ээлжит бус Их Эе хурал болж өндөрлөлөө. Хурлаас Авилгатай Тэмцэх Газар шалгаж, танай байгууллага хяналт тавьж ажилласан “… Допингтой холбоотой 38 бөхийн зөрчил…” гэсэн одоогоор хаагдаад байгаа эрүүгийн тоот хэргийн талаарх шаардлагыг хүргүүлэхийг хуралд оролцогсдын 100 хувийн саналаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийн дагуу гаргаж байгаа шаардлагаар дээрх зөрчил гаргасан гэх 38 бөхийн нэрийг 2021 оны 06-р сарын 10-ны өдрийн дотор МҮБХ-нд ирүүлэх, хэргийн мэдээллийг зохих хуулийн хүрээнд гарган өгөхийг шаардан гомдол гаргаж байна. Хэрэв энэхүү албан шаардлагын хариуг заагдсан хугацаанд ирүүлэхгүй бол дээд шатны байгууллагад хандах, тэмцлийн бусад хэлбэрт шилжихийг хуралд оролцогсод анхааруулсаар байна” гэжээ.