Categories
мэдээ спорт

“Токио-2020” наадмын медаль, медалийн тавцан, хөгжмийг танилцуулжээ

“Токио-2020” зуны олимпийн наадмыг зохион байгуулагчид өчигдөр уг арга хэмжээнд хэрэглэх шагналын тавцан, медаль, медаль гардуулах ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг танилцуулжээ.

Мөн медалийг тавцанд хүргэж өгөх сайн дурын ажилтнуудын өмсөх хувцасны загварыг танилцуулсан байна. Наадмын үеэр нийт 98 медалийн тавцанг хэрэглэх ба эдгээрийг Японы 2000 гаруй газраас цуглуулсан хуванцар хаягдлыг дахин боловсруулж, 3D хэвлэгчээр үйлдвэрлэжээ.

Токио2020 наадмын 33 спортын төрлийн 339, паралимпын 22 төрлийн 539, нийт 878 медаль гардуулах ёслол болохоор төлөвлөгдсөн байна.

Медалиудыг мөн электроникийн хаягдлыг дахин боловсруулах замаар гаргаж авсан үнэт металлаар бүтээсэн юм.

Медалиудыг шагналын тавцанд хүргэж өгөх сайн дурын ажилтнууд Японы уламжлалт кимоно болон орчин үеийн хувцасны хосолмол загвартай хувцсыг өмсөх гэнэ. Тэдний барьж явах медалийн тавиурыг ч бас дахин боловсруулсан хуванцар хаягдлаар бүтээжээ.

Медаль гардуулах ёслолын үеэр эгшиглэх хөгжмийг Японы нэрт хөгжмийн зохиолч Наоки Сато зохиосон байна.

Тэрбээр “Ruroun Kenshin”, “Eien no Zero” зэрэг хит кинонуудын хөгжмийг зохиож байжээ. Токио 2020 зуны олимпийн наадам эхлэхэд 50 өдөр үлдээд байна

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховдоос Улаанбаатар хүртэл гүйх Э.Даваажамц өдөрт 40-45 км зам туулахаар төлөвлөжээ

Э.Даваажамц өдөрт 40-45 км гүйж, Ховдоос Улаанбаатар хүрэхээр төлөвлөжээ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр уржигдар гараанаасаа гарчээ.

Монгол улсын Зэвсэгт хүчний анги салбараас анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан Э.Даваацамцыг Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав болон ЗХ-ний 123 дугаар анги, Цагдаагийн газрын удирдлага, хамт олны төлөөлөл, найз нөхөд, ар гэрийнхэн нь амжилт хүсч, аймгийн төв талбайгаас үдэн гаргасан байна.

Э.Даваажамц 3 сарын хугацаанд бэлтгэл хийсэн бөгөөд тэрбээр өдөрт 40-45 км гүйнэ. Ингээд долдугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолсон байна.

Э.Даваажамц энэ удаагийн гүйлтээ Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж байгаа хэмээн Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ

Categories
мэдээ улс-төр

Н.Наранбаатар: Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулснаар 49.7 мянган ажил олгогч, 168 мянган даатгалын шимтгэл төлөгч хөнгөлөлт эдэлнэ

УИХын гишүүн Н.Наранбаатартай ярилцлаа.


Та бүхний санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХын чуулганаар хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар улсын төсөвт хэдий хэмжээний ачаалал бий болох вэ?

-Энэхүү хуулийн төслийг Г.Ганболд, Ж.Батжаргал, Д.Батлут, Т.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нарын гишүүдтэй хамтран санаачилж, Улсын Их Хурлын даргад энэ сарын 4-ний өдөр өргөн барьсан. Улсын Их Хурлын хаврын чуулганы тавдугаар сарын 13-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжсэн. Нийгмийн бодлогын байнгын хорооны тавдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэж, байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болсон.

Нийгмийн даатгалын шимтгэлийг хуулийн төслийн хэмжээнд бууруулахад 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжих тохиолдолд 94,6 тэрбум төгрөг, 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс бол 140,9 тэрбум төгрөгийн эх үүсвэр улсын төсөвт шаардлагатай болно. Хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллагын судалгаанд тулгуурлан энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөх нь зүйтэй юм байна гэж хууль санаачлагчид үзсэн. Хэдий улсын төсөвт ачаалал өгөх ч коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал хоёр жил үргэлжилсэн, нийгэм эдийн засгийн амьдрал хүндэрсэн энэ үед аж ахуйн нэгжүүдийг төрөөс дэмжих зайлшгүй шаардлагатай байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аас баталсан хуулиар Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд өөрчлөлт оруулан Тэтгэврийн даатгал болон даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлсэн. Тухайн үед буюу 2019 оны арванхоёрдугаар сард коронавируст халдварт цар тахал гарах, энэ цар тахал нь 2020, 2021 онд үргэлжлэн нийгэм, эдийн засгийн амьдралд хүндрэл үүсгэнэ гэж тооцоолох боломжгүй байсан.

Цар тахлын үеийн нийгэм эдийн засгийн энэ нөхцөлд Үйлдвэрчний байгууллагын судалгаагаар 2019 оны есдүгээр сарын 30-ны байдлаар 19 мянган аж ахуйн нэгж нийгмийн даатгалын шимтгэлийн 176.0 тэрбум төгрөгийн өртэй, ажиллагсдын дундаж цалин 1162 200 төгрөгөөс 34.7 хувийг татвар шимтгэлд зарцуулж байна. Сүүлийн нэг жил гаруй хугацаанд энэ байдал улам дордсон учраас Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулж, нийгмийн даатгалын шимтгэлийг тодорхой хэмжээгээр бууруулах шаардлага бий болсон.

Энэ хуулийн төслөөр хэр хэмжээний даатгалын шимтгэлийг бууруулсан бэ?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүснэгтийн Тэтгэврийн даатгал-Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Тэтгэврийн даатгал-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “9.5” гэснийг “8.5”, Шимтгэлийн дүн- Ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.7” гэснийг “11.7”, Шимтгэлийн дүн-Даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хувь хэмжээ /хувиар/ гэсний “12.5” гэснийг “11.5”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “12.5 хувиас” гэснийг “11.5 хувиас” гэж тус тус өөрчлөхөөр тусгасан.

Хуулийн төсөлд нийцүүлэн Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд хамтад нь өөрчлөлт оруулах юм. Учир нь Нийгмийн даатгалын тухай хуульд 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр өөрчлөлт оруулахдаа Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд тухайн өөрчлөлтийг бас оруулсан. Эдгээр хууль батлагдсанаар нийт 49.7 мянган ажил олгогч, 168 мянган даатгалын шимтгэл төлөгч энэхүү хөнгөлөлтөд хамрагдана.

Нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлт нь ОУВСгийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтэд нөлөөлөх үү?

-Манай улс Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт 2017 оноос хамрагдаж, энэхүү тохиролцооны хүрээнд зарим төрлийн татвар болон нийгмийн даатгалыг нэмэгдүүлэх үүрэг авч, нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд хоёр, 2019 онд нэг, 2020 онд хоёр хувиар өсгөхөөр хуульчилсан байна. Энэ нь санхүүгийн орчинг эрүүлжүүлэх, нийгмийн даатгалын тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдэг нь маргаангүй. Өнөөдөр 1995 оны шинэтгэлээс өмнөх 286 мянган /одоо 56 мянга/, цэргийн албан хаагч байсан 19 мянган иргэн зэрэг зарим төрлийн даатгалын шимтгэл болох 499 тэрбум орчим төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлж байна.

Онцгой нөхцөл байдлын улмаас хуульд өөрчлөлт оруулах асуудлаар Олон улсын валютын сангийн хэлэлцэн тохиролцож, цар тахлын улмаас эдийн засагт учирсан бэрхшээлийг даван туулсны дараа нийгмийн даатгалын сангийн бие даасан байдлыг бэхжүүлэх бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх бололцоотой. Наад зах нь нийгмийн даатгалын багц хууль тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэх хүртэл төслөөр дэвшүүлж байгаа бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Та Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн шаардлага нь юу байсан бэ?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Чинзориг, Г.Ганболд, Т.Энхтүвшин нарын хамтаар тавдугаар сарын 14-ний өдөр өргөн барьсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэл, аймгийн төвөөс бусад алслагдсан нутаг дэвсгэрт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа албан хаагчдад мөнгөн урамшуулал олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй нөхцөл, шаардлага бий болсон.

Мөнгөн урамшуулалд хамрагдах албан хаагчид 30 сарын үндсэн цалинтай хэмжээний мөнгөн урамшууллыг таван жил тутам олгох болно. Цагдаагийн байгууллагын тухай хуульд энэ хуулийн төслийн хэмжээний урамшууллыг олгох, журмыг Засгийн газар батална гэж зохицуулсан байдаг.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын зүгээс албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор ая тухтай ажиллах, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, албан хаагчдыг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа. Гэвч нийгэм, эдийн засгийн байдал болон хорих ангиудын ачаалал нэмэгдэж байгаагаас аймгийн төвөөс алслагдмал хорих байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах алба хаагчдын тоо багассаар байна.

Сүүлийн гурван жилийн тоон үзүүлэлтээр орон нутгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, хорих анги, салбар нэгжээс 360 албан хаагч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, 1325 албан хаагч шилжин ажиллах хүсэлт гаргасан.

Хуулийн төсөл батлагдсанаар эхний жилд 281 хүнд олгох мөнгөн урамшуулал 6.2 тэрбум төгрөг, цаашид жил бүр 2.3 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд уг зардлын эх үүсвэрийг улсын төсвөөс санхүүжүүлнэ.Төсөл батлагдсанаар алслагдсан аймаг, суманд ажиллаж байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл нь бүрдэнэ гэж үзсэн.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж буйтай холбоотойгоор санал, дүгнэлт авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Хуульд орж байгаа гол зохицуулалт нь юу вэ?

-Эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд зөрчлийн харилцааг зохицуулах төрөлжүүлэн нэгтгэсэн хууль болох Зөрчлийн тухай хуулийг 2017 онд батлан гаргасан нь энэ салбарт хөгжлийн томоохон дэвшил болсон. Уг хууль нь олон салбарт мөрдөж байсан хэм хэмжээг механикаар нэгтгэсэн нь дотоод бүтэц, шийтгэлийн бодлогын уялдаа зохицол хангалтгүй, эрүүгийн хэрэг ба энэ хуулиар зохицуулах зөрчлийн ялгаа зааг тодорхойгүй, нийгмийн гишүүд гаргасан зөрчлөө өөрөө арилгах бололцоог бага олгож, шийтгэлийн хэмжээ нь төлбөрийн чадварт тохирохгүй байх оноосон шийтгэлийн хэрэгжилтэд хяналт тавих систем бүрдээгүй зэрэг дутагдлаас зайлсхийж чадаагүй байсан.

Юуны өмнө нэг буруутай үйлдлийн төлөө давхар шийтгэл оногдуулах, шийтгэлийн төрлүүдийг зэрэгцүүлж хэрэглэхийг зогсоосноор хөдөө орон нутгийн иргэдийн төлбөрийн чадварт тохирох, байгалиас хараат мал аж ахуйгаа тасралтгүй эрхлэх, боломж нэмэгдэн нийгмийн нэлээд гишүүдийн сэтгэлд нийцнэ. Эдгээр өөрчлөлтийг оруулсан нь энэ салбарын харилцааг зохицуулсан төрөлжүүлэн нэгтгэсэн хууль бүрдэхэд хувь нэмэр болно.

Мөн нийгэмд тулгамдаж байгаа зохицуулах шаардлагатай шинэ төрлийн харилцааг тусгасан. Шинээр сануулах шийтгэлийг шийтгэлийн төрөлд оруулсан. Энэ шийтгэлийг хэрэглэх, нэгдсэн бүртгэлд оруулж хяналт тавих, техник технологийн нөхцөл бүрдүүлэхэд зохих хэмжээний зардлыг төсөвт нэмж тусгах шаардлага гарна. Тээврийн цагдаагийн албаны хувьд сануулах шийтгэлийг хэрэглэх, бүртгэх үед техникийн хувьд боломж, нөхцөл бүрдсэн байна лээ. Зөрчлийн хуулийн хэрэгжилт хэвшээд тодорхой хугацаа өнгөрсөн учир үүнээс өөр нэмэгдэх зардал гарахгүй гэж хууль санаачлагчид үзсэн.

Р.ЖАРГАЛ

Categories
гадаад мэдээ

NASA сугар гариг руу хоёр станцаа илгээнэ

АНУ-ын сансар судлалын төв байгууллага болох NASA нь хоёр тусдаа судалгааны станцыг Сугар гариг руу 2028-2030 оны үед илгээх аж. Бэлтгэл ажлыг хангах зорилгоор 500 сая ам.долларыг төсөвлөжээ. Хоёр станцын нэг болох DaVinci+ төслийн хүрээнд Сугар гаригийн агаар мандлын бүтэц, үүслийн талаар судлах юм байна. Хоёр дахь нь болох Veritas төслийн хүрээнд Сугарын гадаргын зургийг буулгаж, геологийн түүхийг нь тодорхойлох юм. Төсөлд Германы сансар судлаачид хэт улаан туяаны газрын зураг бүтээгч багажаар, харин Итали, Францын эрдэмтэд радарын техник нийлүүлж оролцохоор болжээ. Сугар гариг нь наранд хамгийн ойр оршдог хоёр дахь гариг аж. Хамгийн сүүлд АНУ-ын сансар судлалын төв “Magellan” нэртэй тойрог замын станцаа 1990 онд Сугарт илгээж байсан түүхтэй.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Вакцинжуулалт хүний эрхийг зөрчиж буй эсэх асуудлаар Ажлын хэсэг байгуулна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний төлөөлөл, иргэн Ж.Занаа, Д.Сүхгэрэл, Цэрэн, Ж.Одонгоо, Отгонцэцэг нарын зэрэг хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр нар байлцав.

“Бидний хүүхэд засаг, төрийн өмч биш” хөдөлгөөний гишүүд:

-КОВИД-19-ийн бүх төрлийн вакцинжуулалтыг зогсоох;

-Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрхийг хаан боогдуулсан, хясан хавчсан, ялгаварлан гадуурхсан, тулган шаардсан үйлдлүүд болон Засгийн газар, бусад шатанд хэрэгжиж байгаа журам, заавруудыг хүчингүй болгох; (Тухайлбал, Засгийн газрын 124-р тогтоол, УОК-ын 2021 оны 40-р тушаал, Эрүүл мэндийн сайдын А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамж)

-Дархлаажуулалтын хууль, Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиудад заасан хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, эрүүл мэндийн үйлчилгээ тэгш, хүртээмжтэй байх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор бусад хуульд зааснаас өөр журам тогтоохгүй байх, ялгаварлахгүй, гутаан доромжлохгүй байх, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх зэрэг заалтуудын хэрэгжилтийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг нэн даруй зохион байгуулах гэсэн шаардлагыг УИХ-ын даргад өргөн барилаа.

Тэд вакцинжуулалт нь монгол хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулж байна, 15-17 насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар бэлтгэлээ хангаж байгаа нь буруу, вакцинжуулалтад хамрагдаагүй гэдэг шалтгаанаар иргэдийн зорчих, эрүүл мэндээ хамгаалуулах, үйлчилгээний болон бусад байгууллагаар үйлчлүүлэх, олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох зэрэг эрхийг хаан боогдуулж, сайн дурын үндсэн дээр вакцинд хамруулна гэсэн мөртлөө хүчээр хамруулж, шахан дарамталж байна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар Та бүхний хүний эрх, хүүхдийн эрхийн асуудлыг хөндөж байгааг буруутгахгүй байна. Гэхдээ нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг гэдгийг мартаж болохгүй. УИХ хүний эрхийг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 200 гаруй хуульд хүний эрхийн талаас нь үнэлгээ хийх гэж байна.

Хэрвээ коронавирусийн халдвараас сэргийлэх, вакцинжуулах арга хэмжээг зохион байгуулахдаа хүний эрхийг зөрчиж байгаа бол анхааралдаа авч, хэлэлцэж ярилцах ёстой. Тиймээс Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсэг байгуулж ажиллуулъя, иргэдийн оролцоотой Нийтийн сонсгол зохион байгуулъя. Та бүхэн энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой гэлээ.

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Манай байнгын хороо КОВИД-оос урьдчилан сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалтын явц, үр дүн, хүний эрхийг хамгаалах асуудлаар байнга ярилцаж, холбогдох зөвлөгөө, санал, дүгнэлтийг Засгийн газар, УОК-т өгч ажиллаж байна. Та бүхэн өөрсдийн санал бодлоо манай Байнгын хорооны нэр дээр ирүүлж, хамтран ажиллаж болно” гэсэн бол УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Энхбаяр “Ойрын үед УИХ Хүний эрхийн үндэсний комиссын тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хүрээнд Та бүхний хөндсөн хүний эрх зөрчигдөж байна гэсэн асуудлаар тусгайлан Нээлттэй сонсгол хийе” гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Categories
гадаад мэдээ

Карин Кнайсл ОХУ-ын төрийн өмчит Роснефть компанийн хараат бус захирлаар томилогдлоо

Австри улсын Гадаад хэргийн сайд асан Карин Кнайсл ОХУ-ын төрийн өмчит Роснефть компанийн төлөөлөн удирдах зөвлөлд хараат бус захирлаар томилогдсон байна.

Гурван жилийн өмнө Австрийн нэгэн бизнесмэнтэй хуримлахдаа тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг урьсан юм. Хуримын даашинзтай К.Кнайслын Оросын төрийн тэргүүнтэй бүжиглэж буй зураг тухайн үед дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Энэ нь Оросын тагнуулч С.Скрипаль Их Британид хорлогдсон тухай дуулиан гарч, Европын холбоо ОХУ-ын эсрэг хориг тавихаа зарлаад удаагүй байсан үе.
Тухайн үед Австри улс төвийг сахисан бодлого барьж байсан нь Гадаад хэргийн сайдынх нь дээрх үйлдэл барууны орнуудын зүгээс шүүмжлэл дагуулсан билээ. Мэргэжлийн дипломатч, 56 настай Карин Кнайсл 2018 онд буюу гэрлэснээсээ хойш удалгүй нөхрөөсөө салсан юм байна.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн 18-аас дээш насны иргэд вакцины I тундаа бүрэн хамрагдлаа

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1128, II тунд 15312, нийт 16440 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь буюу 953.764 нь I тунд, 81.5 хувь буюу 776.787 нь II тунд хамрагдаад байна.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

З.Батжаргал: Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч байна

БОАЖЯны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн шинжлэх ухааны зөвлөх, доктор З.Батжаргалтай ярилцлаа.


Зун болохгүй байна гэж хүмүүс яриад байна. Хүйтэн сэрүүн өдрүүд үргэлжилж байна. Ингэж байснаа айхавтар халуун болно гэх юм. Энэ бүхэн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу?

-Хоёр талтай. Хүмүүс урьд өмнө байсан зүйлсээс мууг нь мартаад, сайныг нь санадаг. Сүүлийн үед л бүх юм болохгүй байгаа юм шиг санагддаг тал бий. тийм учраас зун болохгүй байна. Урьд нь сайхан ногоо гардаг байсан, одоо тийм биш байна гэх мэтээр яриад байна л даа. нэг талаас хүмүүсийн сэтгэл санааны асуудал бий. Нөгөө талаас яг ийм өөрчлөлт гарч байгаа юу гэвэл тийм. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой юу гэвэл бас холбоотой. Уур амьсгалын өөрчлөлт, даян дэлхийн дулаарал гэж хоёр юм яриад байна шүү дээ. Уур амьсгал өөрчлөгдөж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөөд, энэ хэвээрээ яваад байвал аль ч орны нийгэм эдийн засагт сөрөг нөлөөтэй юм байна. үүнийг хязгаарлахгүй бол болохгүй нь ээ гээд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай нүб-ын суурь конвенц байгуулаад, үүнийгээ хэрэгжүүлэх Киотогийн протокол баталсан. Зарим хүлэмжийн хий ялгаруулдаг орнууд нэгдэж ороогүй учраас Киотогийн протокол тавьсан зорилгоо биелүүлж чадаагүй. Тийм учраас 2015 онд Парисын хэлэлцээр гэж байгуулсан. Дэлхийн улс орнууд үүнд нэгдээд, манай УиХ ч энэхүү Парисын хэлэлцээрийг соёрхон баталсан. монгол дэлхийн дунджаас эрчимтэй дулаарч байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байгаа л даа. агаарын дундаж температур 2.25 хэм орчмоор сүүлийн 80 жилд нэмэгдсэн. Хүмүүс гайхдаг л даа. дулаарсан гэчихээд өвөлдөө гэнэт огцом хүйтэрч, зун сэрүү оргиод байх юм гэдэг. Одоо ч сэрүүн байна л даа. Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад хур тунадасны хэмжээ буурч байгаа. Дулааны улирал уртасч байгаа ч ууршилт нэмэгдэж байгаа. Хур бороо орохгүй бол бэлчээрийн ургамал, тариа ногоо ч олигтой ургахгүй шүү дээ.

Та хур тунадасны хэмжээ долоон хувиар буурсан гэж хэлсэн байна лээ?

-Сүүлийн 80-аад жил 7-8 хувиар буурсан байгаа юм. Өвөл цас ороод байгаа шүү дээ гэж хүмүүс хэлэх байх. Мэргэжлийн хүний хувьд 20 гаруй жил үргэлжилсэн хуурай үе дуусч, ганц хоёр жил арай ахиу хур тундастай жил үргэлжлэх юм биш байгаа гэсэн горьдлого байгаа.

Бид дэлхийн дулаарал яриад байдаг. Гадаа хүйтэн сэрүүн өдрүүд үргэлжлээд байдаг. Үүнийг яаж тайлбарлах вэ?

-Дэлхийн дулаарал гэж ерөнхийдөө агаарын дундаж температурын тухай ярьж байгаа юм. энэ тухай ганцхан манайд ч ярьж байгаа юм биш. Америкт өмнөх Ерөнхийлөгч нь зарлаж байгаад бүр Парисын хэлэлцээрээс гарчихсан шүү дээ. Хойд америкт цасан шуурга болоод, сүйд болоод байхад та нар юун дулаарал яриад байна гэцгээдэг. гэнэт хүйтэрч байгаа нь дулааралтын нөлөөнөөс болж байгаа юм гэж эрдэмтэд нь тайлбарлаад байхад ойлгодоггүй.

Тэгэхээр даян дэлхийн дулааралтаар илэрч байгаа уур амьсгалын өөрчлөлтийн нэг том үр дагавар нь дэлхийн агаар мандал тогтворгүй байдалд орж байгаа. Урьд нь Монголд цаг агаар тогтвортой, сайхан шиврээ бороо ороод, хөрсөнд уусч шингэдэг байснаа одоо бол бороо орохгүй байснаа гэнэт аадар асгаад, үер болдог. Ганцхан Монголд биш, дундад өргөргийн бүс нутагт агаар мандлын тогтворгүй байдал нэмэгдэж, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, эрч нь ихсээд байна. Энэ бол санамсаргүй тохиолдол бус. Даян дэлхийн дулаарал энэ байдлаар үргэлжилбэл манайд улам хүнд тусна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас агаар мандал тогтворгүй байдалд ороод, гэнэт дулаарах, хүйтрэх үзэгдэл олширч байна.

Сэрүүхэн өдрүүд үргэлжилж байснаа гэнэт аагим халуун болно гэцгээгээд байгаа нь үнэн үү?

-Та нар цаг уурын мэдээ харсан уу. Хэд хоногийн дараа 30 хэм хүрэхээр зарлаж байгаа биз дээ. Зургадугаар сар гарч байхад зарим газар хасах хэмтэй байна. Аль хэдийнэ суулгасан эмзэг ногоо цочир хүйтрэлд өртөх аюултай байна. Ийм болно гэдгийг аль хэдийнэ мэргэжилтнүүд судалж, шинжлээд, ном бичиг гаргачихсан. Манайх ч Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны тайлангууд гаргаад явж байна. Иргэд тэр бүр тайлан унших биш. Гайхаж цочирдох юм байна. Шинжлэх ухаан талаасаа энэ бүхэн тайлбаргүй зүйл биш. Улс орны хөгжлийн бодлогод ямар нэг хэмжээгээр тусгаж байгаа. Алсын хараа 2050 гээд том бичиг баримт гарсан. Тэрэнд “Ногоон хөгжил” гэсэн бүлэг оруулаад, уур амьсгалын өөрчлөлт одоо ийм байна цаашид 2030 болон 2050 онд ийм болно гээд шинжлэх ухааны аргаар урьдчилаад баримжаалаад, улс орны эдийн засгийг хөгжүүлэх бодлогод харгалзах ёстойг хэлсэн байгаа.

Та Алсын хараа 2050-д байгаль орчны ажлын хэсгийг ахалсан. Усны гачаалаас хамаарахгүй байх эдийн засгийн хөгжлийн загварыг бодож олох ёстой гэсэн. Хөв цөөрөм, усан сан байгуулна гээд баахан ажил төлөвлөсөн байна лээ. Бодитой хэрэгжиж байгаа юу. Тухайлбал 2021, 2022 онд хэдэн хөв цөөрөм, усан сан байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Хэрэгжүүлэхгүй бол болохгүй, хэрэгжүүлэх ёстой. Сүүлийн хэдэн өдөр уулын цас хайлаад, Туул савандаа багтахгүй хальж урсаж байна. Тэр их ус урсаад хил гараад алга болж байна. Энэ их усыг Туул гол дагасан цувраа цөөрөм байгуулаад, авч хоцорч чадвал зун сайхан сэрүү татаад, уснаас нь ашиглах боломжтой болно. Энэ мэтээр асар их хэмжээний байгалийн баялгийг ашиглаж чадахгүй байна. Зүй нь хуурайшилтын дарамтыг сөрж зогсох ганц арга нь том голуудыг дагасан цувраа усан сан байгуулах юм. Гадагшаа урсгалтай голуудын хамаг усыг хамаад авчихвал хөршүүд яриа хөөрөө гаргана. Бид борооны усыг тогтоож авъя гэж байгаа юм. Усан сангууд байгуулбал үерийн аюулыг бууруулна. Мөнх цас, мөсөн гол хайлаад, ууршдаг нь ууршаад, урсдаг нь урсаад гарч байна. Монголд мөстлөгийн хэлбэрээр хуримтлагдсан усны бараг тал нь алга болсон гэж үздэг. Эдгээр идүүдэл усыг бүгдийг хуримтлуулж, тогтоож чадвал бид нэг хэсэгтээ уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсч байгаа ган гачгийн дарамтыг тэсч чадна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж гарсан. Одоо 10 их наяд төгрөг гаргаад, ойрын хугацаанд хэрэгжүүлэх 100 гаруй төсөл зарлаж байна. Тэрэн дотор усны нөөц хадгалах хөв цөөрөм байгуулах талаар тодорхой юм орсон гэж би хэлж чадахгүй. БОАЖЯ-наас “Хөх морь” нэртэй том хөтөлбөр зарласан. Тэрэн дотор хаана хаана ямар цөөрөм, усан сан байгуулах талаар оруулсан байна лээ. Түүнийгээ төлөвлөгөөнд тусгаад хэрэгжүүлэх, эзнийг нь оноогоод, мөнгө хөрөнгө гаргасан эсэхийг БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газрынхнаас асуух хэрэгтэй.

Хүмүүс тогтвортой цаг агаар хүсч байна л даа. Тариа, ногоогоо тарьж, малаа маллах хэрэгтэй. Нэг өдөр зун болоод, маргааш нь өвөл болоод байвал хэцүү л дээ. Үүний төлөө бид юу хийж чадах вэ?

-Энэ байдлыг зогсоохын тулд ний нуугүй хэлэхэд бид их юм хийж чадахгүй. 1850-иад оны үед аж үйлдвэрийн хувьсгал гарч, олон үйлдвэр байгуулагдаж, их хэмжээний нүүрс шатаан, агаарт хүлэмжийн хий ихээр гаргачихсан учраас дэлхийн агаар мандал дулаарч эхэлсэн. Өнөөдөр ялгарч байгаа бүх хүлэмжийн хийг зогсоолоо ч өмнөх хүлэмжийн хийг арилгах аргагүй. Одоо бол нэмж гаргаж байгаа хүлэмжийн хийгээ багасгая гэж байгаа юм. Хүлэмжийн хийг шингээдэг юм бий. Ой, өвс ургамал шингээдэг. Ялгарч байгаа, шингээж байгаа юмаа ойртуулаад, агаарт байгаа хүлэмжийн хийг багасгая гэж уриалж байгаа юм. Хүлэмжийн хийг хэн ялгаруулж байна гэхээр өндөр хөгжилтэй орнууд, энэ улсууд хүлэмжийн хийгээ их хэмжээгээр бууруулах ёстой. Манай улс ч бууруулах ёстой. Гэхдээ ялгаруулж байгаа хүлэмжийн хий маань харьцангуй бага.

Гэхдээ нэг хүн, нэгж бүтээгдэхүүнд ногдох хүлэмжийн хий их гээд байгаа биз дээ?

– Тийм ээ, нэг хүнд ногдох хэмжээ юм уу үйлдвэрлэж байгаа нэгж бүтээгдэхүүнд ногдох хэмжээгээрээ тооцвол их өндөр. Нүүрс шатааж гаргаж байгаа хэмжээ өндөр. Дээр нь малын амьсгал, өтөг шивхнээс ялгардаг метан хийн хэмжээ их учраас манайхан тийм ч хор шаргүй улс гэж тооцогдохгүй байгаа.Тийм учраас бид Парисын хэлэлцээрт нэгдээд үүрэг хүлээгээд явж байгаа.

Бид олон улсын хэмжээнд хүлээсэн үүргээ хэр биелүүлдэг юм бэ?

-Биелүүлэх гэж оролдоод, Засгийн газраас Монгол Улсын оруулах хувь нэмэр гэсэн бичиг баримтыг боловсруулаад, батлаад хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргаад байна. Түрүүн та дулаараад, хүйтрээд байна яах вэ гэсэн. Тохиолдож байгаа үзэгдлүүдийг зогсоохын тулд бид том нөлөө үзүүлж чадахгүй. Гэсэн ч шинээр тулгарч байгаа бэрхшээлд дасан зохицох, гарз хохирол багатай даван туулах, бэрхшээл дагасан сорилыг боломж болгон ашиглах хэрэгтэй байна.

Хамгийн наад зах нь хайлж урсаад алга болж байгаа усыг хуримтлуулах усан сангууд байгуулъя. Хур тунадас нь багасаад, дулаан нэмэгдээд байвал аль болох ус чийг бага шаарддаг ургамал тариалж, хүнсний хэрэгцээгээ хангая. Мал аж ахуйнхаа тодорхой хэсгийг эрчимжүүлэх гэх мэт арга хэмжээ авах, дээр нь хөдөө орон нутагт амьдарч байгаа иргэдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, аялал жуулчлал оруулж ирэх гэх мэтээр эдийн засгаа солонгоруулах шаардлагатай байна.

Машинуудаас ялгарч байгаа хий хүлэмжийн хийд нөлөөлнө биз дээ?

-Нөлөөлөлгүй яах вэ. Цахилгаан станцуудын яндангаас гарч байгаа утаа, айлуудын гэрийн яндангаас гарч байгаа утаа, машины яндангаас гарч байгаа утаа, малаас гарч байгаа, хогноос ялгарч байгаа хий, гэр хорооллын өчнөөн мянган жорлонгоос ялгарч байгаа хий цөм агаарын бохирдол, хүлэмжийн хий ихээр ялгахарад нөлөөлж байгаа. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах нь давхар ашиг тустай. Хүлэмжийн хийг бас бууруулна гэсэн үг. Түгжрэлийг бууруулна гэдэг агаарын бохирдол, хүлэмжийн хийг давхар бууруулж байгаа гэсэн үг.

Цогцоор нь асуудлыг харж шийдвэрлэх, хөрөнгө зарах талаар Засгийн газрын урт болоод дунд хугацааны хөтөлбөр үйл ажиллагаанд туссан. Дасан зохицох гэдэг том арга хэмжээг БОАЖЯ-наас Уур амьсгалын Ногоон сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулж байна. Уур амьсгалын болзошгүй өөрчлөлтийн сөрөг нөлөөг давж гарахын тулд Монгол Улсад мал аж ахуй, газар тариалан, зам тээвэр яах ёстой вэ, хог хаягдлыг яах ёстой вэ гэдгийг шийдэх Үндэсний Дасан зохицох төлөвлөгөө боловсруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 10260 иргэнийг дархлаажуулна

Өнөөдөр буюу зургадугаар сарын 04-ны өдөр Улаанбаатар хотод явуулын 4, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.


бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.


Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Амартүвшин: Монголын ардчилсан нийгэмд аажмаар дарангуйлал тогтоох хөрс байхгүй

УИХын гишүүн Г.Амартүвшинтэй ярилцлаа.


Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлох Түр хороо байгуулагдсан. Түр хорооны эрхлэх чиг үүрэг нь юу юм бэ. Хэзээнээс хуралдаж, ажлаа юунаас эхлэх вэ?

-Анхны хурал нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа болно. бүрэлдэхүүн нь нийслэлээс сонгогдсон гишүүдээс бүрдэж байгаа. Дундаасаа даргаа сонгоно. Одоогоор хэлэлцэх асуудлын дарааллыг гаргаагүй байна. Түр хорооны ач холбогдол нь бусад байнгын хорооны адил статустай байна. гэхдээ хоёр чуулганы буюу энэ хаврын, ирэх намрын чуулганы хугацаанд ажиллана. Өөрөөр хэлбэл, энэ ондоо багтаж ажлаа хийж дуусгаад УиХ-д тайлагнана. энд нийслэл хоттой холбоотой аливаа хууль, тогтоомж эхлээд түр хороогоор хэлэлцэгдэж дэмжигдвэл үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэнэ. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийг хянана. төсвийн байнгын хорооноос гадна хотын төсөвтэй холбоотой асуудлыг мөн хэлэлцэнэ. Бүтээн байгуулалт, том хөрөнгө оруулалтын асуудлыг нийслэлийн удирдлагууд түр хорооны хуралд танилцуулна гэх мэтчилэн нийслэлийн хөгжлийг цогцоор нь харж байгаад нэн түрүүнд шийдэх асуудлыг тодорхойлох, шийдэх чиглэл өгнө.

Нийслэлийн эрх зүйн тухай хуулийг удахгүй хэлэлцэнэ. Энэ хуулиар нийслэл өөрийгөө удирдах тодорхой эрх зүйн нөхцөлтэй болно. Хоёрдугаарт, газрын тухай хууль хэлэлцэгдэнэ. яармаг, Зайсан орчмын газрын тал нь нийслэлийн харьяанд, тал нь байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд байдаг. газар олголт маш эмх замбараагүй, үүнээс үүдэж олон асуудал үүсдэг. Тиймээс үүний зааг хязгаарыг өөрчлөхгүй бол Яармаг, Зайсан орчим аль хэзээний суурьшлын бүс болчихсон. үүнийгээ ч одоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ мэтчилэн нийслэл хоттой холбоотой хууль, тогтоомж батлах, хэрэгжилтэд хяналт тавина. мөн нийслэл 400 тэрбум төгрөгийн төсөвтэй болж байгаа учраас төсвийн зарцуулалтад хяналт тавих хэрэгтэй. Мөн түгжрэлийн асуудлыг маш яаралтай шийдэхгүй бол таван жилийн дараа 0 зогсолт хийхээр байна.

Түгжрэлийг яаж шийдэхээр ярилцаж байна вэ?

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо өсөөд байдаг, гэтэл замын ачааллыг бууруулах гарц нэмэгддэггүй. Өөрөөр хэлбэл, шинэ зам тавигддаггүй. Тэгэхээр богино хугацааны шийдэл нь, гүүрэн гарц, шинэ зам, хороолол дундах замуудыг ашиглалтад оруулна. Нийслэлээс сонгогдсон гишүүд Д.Сумъяабазар даргад “Орон сууц барихаар шинээр зөвшөөрөл авч байгаа компаниудад цэцэрлэгийн асуудлыг заавал шийдэж байж зөвшөөрлийг нь өг” гэсэн шаардлага тавьж байна. Тэгэхгүй болохоор байшин бариад орхидгоос болж тэр хавийн оршин суугчид нь хүүхдээ цэцэрлэг, сургуульд өгье гэхэд байхгүй, хүртээмжгүйгээс өөр дүүрэг, хорооны цэцэрлэг, сургууль руу хүүхдээ зөөдөг. Ингээд нийслэлийн замын түгжрэлийн 40 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөж байгаагаас үүдэлтэй байна.

Урт хугацаанд бол метроны төсөл хэрэгжинэ. Гэхдээ 10-аад жилийн хугацаа шаардагдах болов уу. Замын хөдөлгөөнийг багасгахын тулд замын сүлжээг нэмэгдүүлэхээс гадна нийтийн тээврийн чадамж, нөөцийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Одоо явж байгаа автобуснуудын ашиглалтын хугацаа нь дуусчихсан. Тиймээс дунд хугацаандаа автобусны парк шинэчлэлт хийх хэрэгтэй. Нийтийн тээвэр хангалттай байвал хүмүүс заавал машинаа бариад хөдөлгөөнд оролцох шаардлагагүй болно. Тэгэхээр нийтийн тээврээ дэмжих нь маш чухал.

Нийслэлд амьдарч байгаа хөдөө орон нутгийн иргэдээс татвар авах санаачилга гарсан. Ямар хуулийн төсөлд тусч байгаа вэ. Түр хорооноос энэ чиглэлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үүнийг хэлэлцэх байх. Яг аль хуульд нь тусгагдахыг одоогоор сайн мэдэхгүй байна. Ер нь аль ч орны том хотуудад бусад хот, улсын иргэдийг шууд оршин суугчаар бүртгэдэггүй. Нийслэлийн багтаамж дийлдэхээ байлаа. Газар, орон сууц, зам, сургууль, цэцэрлэг ямар ч хүртээмжгүй байна. Тиймээс үүнийг зохицуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, орон нутгийн иргэдийн хотод суурьших, ажиллах хүслийг нь бууруулах гээд байгаа юм. Аль болохоор орон нутгийг хөгжүүлж, тэнд нь ажлын байр, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Амьдрах орчин, дэд бүтцээр хангаж, бизнес аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого хэрэгтэй. Мөн орон нутаг өөрийн татварын эх үүсвэртэй болж байгаа шүү дээ. Ингэхгүй болохоор гурван сая 300 мянган хүний тал нь энэ хотдоо бөөгнөрөөд байхаар дээр хэлсэнчлэн олон асуудал үүсээд байгаа юм.

Та нэр бүхий гишүүдийн хамт Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барьсан байсан. Энэ хуулийн гол ач холбогдол нь юу вэ?

-Танхимыг салбар танхимтай болгоё гэж байгаа. Тухайлбал, уул уурхай, ноос ноолуур, газар тариалан гэх мэтчилэн салбар танхимтай болчихоор тодорхой хэмжээний зөвшөөрлийг салбар танхим нь хариуцдаг болохоор зохицуулж байгаа. Бизнес эрхэлж байгаа хүмүүс 1500 янз бүрийн тусгай зөвшөөрөл заавал авах ёстой байдаг. Салбар танхим нь зөвшөөрлийг олгодог болгосныхоо дараа залгуулаад Зөвшөөрлийн тухай хуулийг өргөн барьж хэлэлцүүлнэ. Зөвшөөрлийн тухай хуулиар нийт авах тусгай зөвшөөрлийг 400, 500-гаас хэтрүүлэхгүй байхаар болгох гэж байгаа. Ингэвэл бизнес хийхэд төрийн албанаас нугалаа гаргаж дарамталдаг байдал нь өөрчлөгдөж, сайжирна. Тэгэхгүй бол бизнес хийхэд үнэхээр хэцүү болж байгаа юм. Тэр дундаа цар тахлын үед бизнесийнхэн уналтад орсон, одоо дөнгөж сэргэж байхад нь дэмнэж, дэмжих шаардлагатай байгаа юм.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсан. Энэ хуулийн гол зохицуулалт нь юу вэ?

-Банкны тухай хоёр хууль байгаа. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийг би ахалж байгаа. Нөгөөх нь Хадгаламж зээлийн үйл ажиллагааг зохицуулсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл л дөө. Энэ хуулийг би өргөн барьсан ч ажлын хэсэгт ороогүй. Энэхүү хуулийн ач холбогдол нь банк гэрээндээ заасны дагуу зээл олгоно. Гэнэт нэмэлт шимтгэл төлөх, урьдчилж хүүгээ авахгүй байхаар зохицуулсан. Тусгай нөхцөлтэй хадгаламж тохирохыг зогсоочихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, аливаа арилжааны банк зарласан хадгаламжийн хүүгээрээ л хадгаламжаа татаж гэрээгээ хийнэ. Өмнө нь төгрөг есөн хувийн хүүтэй гэж байхад өндөр дүнтэй хадгаламжтай хүн ирээд түүнээс илүү хүү авдаг. Ингээд эх үүсвэрийн өртөг нь нэмэгдэхээр нөгөө талд зээлийн хүү нэмэгддэг байсан. Тэгэхээр үүнийг зогсоож байгаа юм. Жишээлбэл, 1000 төгрөгийн зээлтэй байлаа гэж бодоход 10 хувийн хүү тооцуулна. Ингэхдээ авсан өдөр буюу зургадугаар сарын 1-нд зээл авлаа гэхэд зургадугаар сарын хүүгээ сарын сүүлээр төлнө гэсэн үг. Ингэж зохицуулахгүй бол зарим банкууд зээлийн хүүгээ урьдчилж авах нөхцөл байдал үүсдэг. Өөрөөр хэлбэл, хугацаа өнгөрснийх нь дараа нь зээлийн хүүгээ авна. Энэ нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалсан зохицуулалтыг тодорхой тусгасан хууль болсон. Ер нь аль болохоор хэрэглэгчийн эрхийг хамгаалсан заалтууд оруулсан хуулийн төсөл сая батлагдлаа. Удахгүй хэрэгжиж эхэлнэ.

Харин Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болохоор том арилжааны банкууд бүгд нээлттэй болж, иргэд хувьцаа эзэмших боломжтой болох юм. Банкны салбар бол гайгүй ашигтай салбар, жилийн 270-280 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийдэг. Энэ ашгаас иргэд, хувьцаа эзэмшигчид нь ногдол ашгаар хүртэх боломж бий болж байгаа юм. Мөн дээрээс нь аливаа банк нэг, хоёр эзэнтэй байж, зөвхөн эздийнхээ төлөө ажилладаг ч юм уу эсвэл ашиг сонирхлын зөрчил гаргахгүйн тулд хяналтыг нь илүү чангаруулчихаж байгаа. Банкны реформын энэ хууль батлагдахгүй долоо, найман жил гацаж байгаад он гараад саяхан л батлагдлаа.

Хар жагсаалтад багтсан иргэн, аж ахуйн нэгжүүдийг нэг удаа цагаатгахаар болсон. Банкир байсан хүний хувьд үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Шүүмжлэлтэй хандаж байгаа. Учир нь, эдийн засаг хамгийн муу үедээ чанаргүй зээлдэгч 20 хувьтай байдаг. Одоогоор 10 хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, 10 хувь нь зээлээ төлөлгүй хоцорчихсон, 90 хувь нь хугацаандаа зээлээ хариуцлагатайгаар төлсөн байна гэсэн үг л дээ. Гэтэл алгасалгүй, сар бүр зээлээ төлж байсан сайн ангилалтай харилцагч, зээлдэгч нь хохирч байгаа юм шиг харагдаж байна. Энэ нь цаашид “Зээлээ төлөхгүй байсан ч болно. Дараа нь баллуурдчихдаг юм чинь” гэсэн хандлага үүсэх вий дээ гэсэн болгоомжлол байна л даа. Яахав, миний ойлгосноор саяны зохицуулалтаар муу зээлдэгчдийг бүгдийг нь харагдахгүй болгочихъё гэж байгаа юм байна лээ. Өөрөөр хэлбэл, зээлээ төлдөггүй байсан буюу муу ангилалтай зээлдэгч банк дээр очоод банк зээлдэгчийн мэдээллийн сангаас харахаар муу ангилалд байгаа нь харагдахгүй гэсэн үг. Цаашдаа зээл авчихаад дахиад зээлээ хугацаандаа төлөхгүй бол гарч ирэхээр зохицуулсан байна лээ.

Ерөнхийлөгчийн сонгуулийн процессыг хэрхэн дүгнэж байна?

-Нэг өөрчлөлт нь энд тэндгүй салбар байршуулдаг хоцрогдсон технологиосоо салсан байна. Бүх зүйл цахим болчихсон энэ үед нэр дэвшигчид заавал 2, 3 сонин тараагаад байх шаардлагагүй байхгүй юу. Энэ чиглэлд санхүүжилтийн гайгүй хэмнэлттэй явж байна гэж харж байна. Зарим хүмүүс нэг л их дарангуйлал үүсэх нь гэсэн юм яриад байна. Гэтэл манай улс чинь ардчилсан парламентын засаглалтай улс шүү дээ. Тэгэхээр яаж ч бодсон дарангуйлал бий болно гэж байхгүй шүү дээ.

Дахиж сонгогдохгүй болохоор заавал хонгил үүсгэж шүүх, прокурорыг базаад хэрэггүй. Бид 30 жилийн хугацаанд 32 Ерөнхий сайдтай байсан гээд бод доо. Маш тогтворгүй. Шинэ сайд гарч ирэхдээ бүхнийг шинээр эхлүүлж өмнөхөө үгүйсгэдэг. Үүнээс нь болж иргэд ядарч байна шүү дээ. Төмөр замын бүтээн байгуулалт 20 гаруй жил гацсан шалтгаан нь төрийн гурван өндөрлөг хоорондоо хэл амаа ололцохгүй байгаагаас болсон. Энэ мэтээр улсын ирээдүйн бодлого, бүтээн байгуулалт саатдаг. Одоо бол Ерөнхий сайд хариуцлагаа хүлээж шийдвэрээ гаргаж, алсын харааныхаа дагуу улсын хөгжлийн гол гол бүтээн байгуулалтыг хийх боломж нь үүсэж байгаа юм. Жишээлбэл, Япон улсыг хар л даа. Японы либерал ардчилсан нам нь 1955 оноос хойш хоёрхон удаа л ялагдаж байсан. Бусад үед нь тогтвортой засаглаж байгаа. тогтвортой засагласны үр дүнд өнөөдөр Японы хөгжил ямар түвшинд байна. Мөн Герман улсыг жишээ татаж болно. Германы Христийн ардчилсан холбоо (CDU) 1990 оноос хойш засаглаж байна. Өмнөх парламентын үед байсхийгээд л нэг сайдыг сугалж огцруулдаг, байсхийгээд л Ерөнхий сайдаа кабинетаар нь огцруулдаг байсан. Монголын ардчилсан нийгэмд аажмаар дарангуйлал тогтоох хөрс байхгүй. Би бол улс төрд харьцангуй шинээр орж ирсэн дүрийн хувьд тийм засаглалыг хүлээн зөвшөөрөхгүй. Юуны төлөө сонгуулиар амлалт өгч гарч ирсэн билээ, юуны төлөө ажиллаж байгаа билээ. Дарангуйллын талд зогсож, кноптоод сууж байна гэвэл тийм юм байхгүй. Залуу хүний хувьд ч түүнийг хүлээн зөвшөөрч болохгүй, чадахгүй. Бид өнөөг хүртэл хараат шүүхтэй явлаа. Одоо хараат бус шүүхтэй болсон. Хэн ч хэзээ ч том бай, жижиг ч бай, иргэн ч бай, аж ахуйн нэгж ч бай шүүхийн өмнө очоод эрх тэгш байх ёстой.

Р.ХИШИГЖАРГАЛ