Categories
амьдралын-өнгө мэдээ

Гурван метр гүн нүхэнд унасан бага насны хүүхдийг аварчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн “Их сургууль”-ийн 6-р гудамжинд бага насны хүүхэд 3 метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан тухай дуудлага хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 км зам туулан 20:17 цагт очиход иргэн Ө 4 настай эрэгтэйхүүхэд гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг: ЕАБХАБ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ажиглах тусгай хорооны төлөөлөгчидтэй уулзав

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ЕАБХАБ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ажиглах тусгай хорооны төлөөлөгчидтэй уулзав.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газраас байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ажиглах тусгай хорооны төлөөлөгчидтэй өнөөдөр /2021.06.04/ уулзлаа. Уулзалтад тус хорооны дэд тэргүүн Жиллес Сафи, улс төрийн шинжээч Мауро Калво оролцов. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн Ажлын албаны дарга Д.Амарбаясгалан, Эдийн засгийн зөвлөх Р.Даваадорж нар байлцлаа.

1 хүн, сууж байгаа болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

Ерөнхийлөгчийн сонгууль ажиглах тусгай хорооны дэд тэргүүн Жиллес Сафи, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбатад цаг гарган уулзаж буйд талархал илэрхийлж, сонирхсон асуултад нь хариулав. Мөн сонгуулийг хэрхэн ажигладаг, сонгууль өнгөрсний дараа гаргадаг дүгнэлтийн талаар тайлбарласан. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн бүртгэлийн явц, сонгуулийн хууль, дахин санал хураалтын онцлог зэргийг тодруулан асууж, харилцан яриа өрнүүллээ.
ЕАБХАБ нь Европ, Америк, Ази тивийн 57 гишүүн оронтой, олон улсын засгийн газар хоорондын хамгийн том байгууллага юм. Европ, Евразийн бүс нутагт мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, маргаантай асуудлыг тайван замаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүй хүчин зүйлсийг саармагжуулахын төлөө ажилладаг байна. Энэ хүрээнд галт зэвсэг, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, шударга сонгууль, терроризмтэй тэмцэх зэрэг асуудалд анхаарал хандуулж асуудлыг хэлэлцдэг.
Монгол Улс 2004 онд ЕАБХАБ-д нэгдэж ажиглагчийн статустай яваад 2012 оноос албан ёсны гишүүн орон болсон билээ.

2 хүн, зогсож буй хүмүүс, сууж буй хүмүүс, дотор болон албан өрөө гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Интернетийн шугам сүлжээ засварлаж байсан иргэн хүчдэлд цохиулж, ЭМ-ийн төвд хүргэгджээ

Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр /2021.06.03/ ирсэн ослын дуудлага, мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


Эрчим хүчний осол: Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны Задгайд гурван давхар барилга дээр интернетийн шугам сүлжээ засварлаж байсан нэг хүн цахилгааны хүчдэлд цохиулж унасан байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр /2021.06.03/ 17.38 цагт хүлээн авчээ.

Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 17.40 цагт очиход “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-ийн ажилтан 32 настай, эрэгтэй нь “Стар” зоогийн газрын гурван давхар барилга дээр интернетийн сүлжээ засварлах явцдаа 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд хүрсний улмаас баруун хөлийн сарвуу, баруун гарын шууны хэсгээр түлэгдсэн байсныг эсэн мэнд буулгаж, дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэж өгчээ.

Усны осол: Ховдаймгийн Мянгад сумын Чацарганат багийн Цоохор харгана гэдэг газар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэн /2021.06.02/00.30 цагт гэрээсээ явган гарч яваад Ховд голын усанд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 09.12 цагт хүлээн авчээ.

Аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд иргэн 48 настай, эмэгтэйг Цоохор харгана гэдэг газраас Бор-Овоо гэдэг газар хүртэл 30 км завиар, Ховд голын эрэг дагуу 20 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20.00 цагт түр зогсоосон. Өнөөдрийн 7.00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн Их сургуулийн зургадугаар гудамжинд бага насны хүүхэд гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байна. Ослын дуудлагыг өчигдөр /2021.06.03/ 20.12 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 1.5 км зам туулан 20.17 цагт очиход дөрвөн настай, хүү гурван метрийн гүнтэй ухсан нүхэнд унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Хадагны зохисгүй хэрэглээ

Манай өвөөгийнх гандангийн хажууханд амьдардаг юм. Тиймээс өвөөгийндөө очих бүртээ замд байдаг болохоор ч тэр үү заавал гандан хийдээр ороод гарна. Ариун бүхний дээд бурханы газарт сүсэгтэн олон сайн сайхныг бодож, сэтгэлийн амар амгаланг хүсч ирнэ. Тэд бурхан шүтээндээ тахил өргөж, лам хуврагат эдийн дээд хадаг барьж хүндэтгэл үзүүлэх нь элбэг. Мөн монголчууд сар шинийн баяраар ахмад буурлууддаа хадаг бариж золгодог уламжлалтай. Тиймээс хадаг гэдэг ариун нандин, хүндэтгэлийн эд гэдгийг хүүхэд байхаасаа л ухаарсан. Гэтэл тэр эдийн дээд хадаг хаа сайгүй хог болон хөглөрч гудамжинд хийсч энэ тэндэхийн хашаа хороонд уяатай байх нь олонтоо болжээ. Тиймээс хадаг гэж юу вэ?Хадаг хог болох хүртлээ үнэгүйдсэн эд үү гэсэн бодол төрж хадагны үүсэл гарлыг судалж үзлээ.

Хадгийг МЭӨ 4 зууны үед энэтхэгийн уран Бишу Гарма анх мяндсаар бүтээсэн гэдэг. Хожим нь хадгийг хүр хорхойн шүлснээс гаргаж авсан зөөлөн торгомсог, ямар ч хор хөнөөлгүй, байгальд шингэдэг материалаар хийдэг болж олдоц маш багатай,өндөр үнэтэй болжээ. Тиймээс зөвхөн онцгой хүндэтгэлт зан үйлд л хэрэглэдэг байж. Хадаг монголд 13 зууны үед хятад, төвөдөөр дамжин нэвтэрсэн гэж судлаачид үздэг байна.

Хадаг монголд маш ховор байсан. Сар шинийн баяраар өвөө эмээ нар хоёр гартаа хүрэхтэй үгүйтэй богинохон, маш олон жил нандигдан хадгалсан хадгаа гаргаж золгодог. Тэр хадаг нь самбай болтол элэгдсэн байдаг ч,тэд хадагны хүндэтгэл гоё сайхандаа биш бэлэгдэлдээ байдаг гэдгийг ухаарч мэдсэнийх биз.

Ийм л ховорхон байсан хадаг зах зээлийн нийгэмтэй зэрэгцэн асар ихээр урд хөршөөс орж ирэх болжээ. Хятадын үйлдвэрлэгчид орчин үеийн синтетик хадгийг маш хямд, өнгө үзэмж сайтай хийж эхэлсэн нь хадаг хэрэглэдэг орнуудын шашны зан үйлд том өөрчлөлт авчирсан гэдэг. Аливаа зүйл элбэг дэлбэг болж өнгө үзэмж сайтай болох нь сайн хэрэг. Тиймээс монголчууд эдийн дээд хадгаа алив баяр ёслол, хүндэтгэлийн үйлд өргөн хэрэглэж амар мэндээ мэдэн золгохоосоо эхлээд, багш шавийн барилдлага тавих, ахас ихсээ хүндлэхдээ алд цэнхэр хадаг барьдаг уламжлалаа үргэлжүүлж байгаа нь сайхан.

Гэтэл сайны хажуугаар саар нь их болжээ. Монголчууд бол байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж,хүндэтгэх өнө эртний уламжлал, үндэсний бодлого, ёс заншилтай ард түмэн.Гэсэн ч энэ цагт мухар сүсэгт автах хүмүүсийн балгаар хадгийг ургаа мод, хад чулуу, тэр бүү хэл төв суурин газрын гүүрний хашлага, шонгийн модонд хүртэл уядаг болсон нь байгаль дэлхийд асар их хөнөөл болж байна. Өнөөдөр бид шүтээн болсон овоо тахилга, аврал эрж мөргөн дээдэлдэг байгаль эхийн хүйн холбоогоо өөрсдийн гараар боомилон зовоож байна. Хэдий шашин шүтлэг, зан үйлтэй холбоотой байж болох ч мухар сүсэг, экологийн боловсрол дутмагийн гайгаар байгаль дэлхийгээ бид хөнөөсөөр байгаа нь юутай эмгэнэлтэй.

Хадгийг
модонд уяснаар модны ургалтыг зогсоодог. Өөрөөр хэлбэл залуу модод их хурдан
ургаж бүдүүрдэг учир түүнд уясан хадаг чивчирч чангараад их бие рүү нь шигдэн
орж, шим шүүс тархахыг нь зогсоон үхүүлдэг байна.

Дээр нь синтетик хадаг барагтай бол тасардаггүй тул цаг хугацааны уртад мод руу яг л төмөр утас мэт шигдэн ордог. Ингэснээр тэрхүү хадаг өт хорхой үүрлэх аятай таатай орон зай болж, мод ороосон хадагны цаагуур том том өт хорхой үржиж, модны шим шүүсээр амьдарч, харин хөөрхий мод хатаж өмхөрдгөөр барахгүй жижиг шувууд сарвуугаараа хадганд орооцолдоод салж чадахгүй үхдэг . Үнэхээр нийслэл хотын эргэн тойрны ногоон бүс тэр чигээрээ хадаг яндар, хог хаягдал. Хөдөө орон нутаг дахь нийтээрээ хүндэлж дээдэлдэг бүх газар ялгаагүй адил байна.

Ингээд энэ талаар явуулдаг ямар арга хэмжээнүүд байдаг талаар сонирхоход:

  • 2013 оны 8дугаар сард МУСГЗ, МСЭ Ерөнхийлөгч Б.Галааридын санаачилсан “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяны хүрээнд “Тэнгэрийн тод тамга” ТББ болон цахим хуудасны идэвхтэй жиргээчид, Сэлэнгэ аймгийн тужийн нарсанд орших Ээж модыг хэдэн зуун хадаг, яндраас нь салгаж, хог хаягдлыг нь цэвэрлэн буянтай үйлс хийжээ. Тэд 5–6 га газрын моддыг хадагнаас нь салгахад 10 орчим тонн болсон байна. Тиймээс тэд ингэж битүү ороосон мод яаж эрүүл ургах вэ? Мод чинь амьсгалдаг шүү дээ гэж, модоо хайрлая хамгаалъя хэмээн уриалж байсан байна.
  • 2017 онд Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажилласан байна.Энэхүү уриалгын хүрээнд Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран цэвэрлэгээ хийсэн байдаг. Цэвэрлэгээгээр 13 га орчим талбайгаас 5 портер хадаг шашны эд хэрэглэлийг хурдан устгалд оруулж цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгуулсан. Тэд цаашид шашны зан үйл хийх, хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамлыг гэмтээхгүй байхыг иргэд сүсэгтэн олонд анхааруулжээ.
  • Мөн өнгөрсөн 2020 оны зун хэсэг иргэд нэгдэж Завхан, Архангай аймгийн заагт орших Солонготын давааг бүрэн цэвэрлэжээ. Ийн цэвэрлэхэд тус овооноос гурван машин хадаг болон бусад хог хаягдал гарсан байна.

Энэ мэтчилэн байгаль дэлхийгээ хайрлах хүмүүс байгаа хэдий ч устгаж сүйтгэдэг нь тэднээс илүү олон болж. Тийм болохоор байгаль дэлхий минь чимээгүй уйлан гаслаж байна. Монгол орны олон аймаг сум бүхэнд булаг шанд ширгэж , цөлжилт, ган гачиг болж эхлэлээ. Газар хөдлөлт ч сүүлийн жилүүдэд эрчимтэй байна. Энэ бүхэн хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Бид л эх болсон байгалиа хайрлан хамгаалахгүй бол өөр хэн хайрлах билээ. Байгаль дэлхий, цэцэг навч, мод ургамал, ус агааргүй бол бид амьдарч чадахгүй.

Тиймээс өвөг дээдсээс уламжлан ирсэн шүтээн хайрханаа тахиж хүндлэхдээ хог болох зүйлсийг битгий тавиач , таны чин сэтгэлээр бодсон сүсэг гэрлийн хурдаар хүрэх газраа очно. Тэрнээс чөдөр тушаа болсон эрээн мяраан хадаг яндар, хийморийн дарцаг биш шүү гэдгийг ойлгох цаг хэдийн болжээ.

Хүмүүсээ мод ургамал минь шим шүүсээ алдаж хатаж хадганд ороогдож үхэж байгаа шиг, монголчууд бидний оюун санаа мухар сүсэгт автаж байна. Тиймээс бүгдээрээ экологийн мэдлэгээ дээшлүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалцгаая

ХИС-ийн сэтгүүл зүйн III курсийн оюутан М.МӨНХЧИМЭГ

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Сербийн парламентын даргатай уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ Бүгд Найрамдах Серби Улсын парламент(Ардын Скупшина)-ын дарга Ивица Дачичтай өчигдөр Санкт-Петербург хотноо уулзав.

Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд, парламентын дарга нар Монгол, Сербийн харилцаа, түүний дотор хоёр улсын парламент, ГХЯ-д хоорондын харилцааг идэвхжүүлэх талаар ярилцаж, ойрын хугацаанд хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллахаар тохиролцов.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Categories
мэдээ нийгэм

PCR шинжилгээний цэгүүдэд түргэвчилсэн шинжилгээ авч эхэллээ

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу зургадугаар сарын 3-нд иргэдээс нийт 389 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 17 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.37 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 26 иргэн хандсанаас 12 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 14 иргэнтэй оператор ажилтан холбогдож, иргэний асуултад мэдээлэл өгч ажиллалаа.

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын дөрөв, суурин 41 цэгт 95 багийн 520 эмч, ажилтан ажиллаж, 10260 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд 18-аас дээш насны иргэдийн 953.764 нь буюу 100 хувь I тунд, 776.787 буюу 81.5 хувь II тунд хамрагдлаа.

Иргэдийн хүсэлтээр хийх коронавируст халдвар илрүүлэх антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээг зургадугаар сарын 3-наас шинжилгээний цэгүүдээр авч эхэлсэн бол PCR шинжилгээг зөвхөн ойрын хавьтал болсон иргэдээс авна. Шинжилгээ авах цэгүүдийн байршилд өөрчлөлт ороогүй. Түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу нь 48 цагийн хугацаанд хүчинтэй. Хөдөө, орон нутаг зорчих иргэд тухайн аймгийнхаа Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутагт зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байна. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутагт 198 шинэ тохиолдол бүртгэгдэж, халдвар огцом нэмэгджээ

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэлээ хүргэлээ.


Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд коронавируст халдварын 1189 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Улсын хэмжээнд нийт халдварын тоо 62.585 болж байна. Мөн хугацаанд халдвар гарснаас хойш хамгийн олон буюу 13 хүн нас барсан харамсалтай мэдээтэй байна. Ковидын шалтгаант нас баралт 301 боллоо.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал:

  • Улаанбаатар-989 (55.409)
  • Зөөвөрлөгдсөн-1 (511) Токио-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэн байна.
  • Эмнэлгээс шалтгаалах-1 (169)
  • Орон нутаг-198

ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР:

(Сүүлийн 24 цагийн байдлаар)

  • Дархан-Уул+12, (Нийт-729)
  • Эрдэнэт+27 (Нийт-804)
  • Баян-Өлгийн +0, (Нийт-34)
  • Увс+4, (Нийт-122)
  • Ховд+0, (Нийт-269)
  • Хөвсгөл+29, (Нийт-150)
  • Завхан+3 (Нийт-501)
  • Булган+1, (Нийт-200)
  • Архангай+17, (Нийт-399)
  • Баянхонгор+14, (Нийт-108)
  • Говь-Алтай+15, (Нийт-309)
  • Өвөрхангай+0, (Нийт-404)
  • Сэлэнгэ+3, (Нийт-524)
  • Төв+39 (Нийт-1232)
  • Хэнтий+7, (Нийт-110)
  • Говьсүмбэр+3, (Нийт-53)
  • Дундговь+3, (Нийт-61)
  • Дорнод+1 (Нийт-71)
  • Сүхбаатар+20, (Нийт-294)
  • Дорноговь+0, (Нийт-74)
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн сард 10834 иргэн элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийлгэжээ

Монгол Улсын Засгийн газраас хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал болон элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байна.

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний B, C вирусийн илрүүлэг, баталгаажуулах, идэвхжил тодорхойлох шинжилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын сан/ЭМД/-гаас 100 хувь бүрэн хариуцдаг.

Өчигдрийн байдлаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрт улсын хэмжээнд 1,175,931 хүн хамрагдснаас хепатит В, С вирусийн илрүүлэг шинжилгээг 1,168,592, баталгаажуулах шинжилгээг 7,339, идэвхжил тодорхойлох шинжилгээг 119,028 хүн хийлгээд байна.

Харин өнгөрсөн сард 10,834 хүн хамрагдсанаас 5,871 хүн хепатет В, С вирусийн илрүүлэг, 144 хүн баталгаажуулах, 1079 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийлгэжээ.

Түүнчлэн элэгний В, C вирусийн эсрэг 16 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлж иргэд, даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалж байна.

Иргэд, даатгуулагч та бүхэн ЭМД-аараа элэгний B,C вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг хүсвэл ЭМДЕГ-тай гэрээт лабораториудад хандах боломжтой хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ерөнхийлөгч уяачдад цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний баяр наадмын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, 8.6, 8.8-д заасан болзол хангасан уяачдад Монгол Улсын цол хүртээх тухай 148 дугаар зарлигийг 2021 оны зургадугаар сарын 2-ны өдөр гаргасан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цол хүртээх ёслол өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 148 дугаар зарлигаар Монгол Улсын Тод манлай 5 уяач, Монгол Улсын Манлай 22 уяач, Монгол Улсын Алдарт 26 уяач төрсний дотор нэг эмэгтэй уяач буюу Эрдэнэ-Очирын Цолмон байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ТОД МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ:

Завхан аймгийн Яруу сумын харьяат Дашзэвэгийн Дагвадорж,

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын харьяат Түмэндэлгэрийн Ихбаяр,

Өмнөговь аймгийн Булган сумын харьяат Намдагийн Хүрлээ,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Чулуунбатын Цэрэнбат,

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Дариймаагийн Чулуунбат нарт,

МОНГОЛ УЛСЫН МАНЛАЙ УЯАЧ ЦОЛЫГ:

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Пүрэвдоржийн Алтансүх,

Ховд аймгийн Дарви сумын харьяат Үржинбадамын Атарсайхан,

Ховд аймгийн Цэцэг сумын харьяат Начингийн Баасанжав,

Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Батмөнхийн Батхүү,

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Хоохорын Бадамсүрэн,

Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат Занабазарын Батбаяр,

Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат Гончигбатын Батболд,

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Балдоржийн Баярдорж,

Дундговь аймгийн Хулд сумын харьяат Бандиагийн Баярсайхан,

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Чойдогсүрэнгийн Бямбасүрэн,

Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат Доржпүрэвийн Ганхуяг,

Ховд аймгийн Чандмань сумын харьяат Батчулууны Ерөөлт,

Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Чинбатын Махбал,

Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын харьяат Мандахын Мөнхбат,

Төв аймгийн Баян сумын харьяат Баасансүрэнгийн Нямжав,

Төв аймгийн Зуунмод сумын харьяат Чулуунбатын Сугар,

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат Пүрэвийн Сэргэлэн,

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Төмөрбаатарын Ууганбаяр,

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Баасангийн Цэдэв,

Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Цэрэндагвын Цэрэнбал,

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Сашкагийн Эрдэнэбат,

Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Тагарваагийн Эрдэнэбулган нарт,

МОНГОЛ УЛСЫН АЛДАРТ УЯАЧ ЦОЛЫГ:

Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн харьяат Мягмарсүрэнгийн Алтан-Очир,

Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат Ганбаатарын Ариунболд,

Төв аймгийн Баянцагаан сумын харьяат Цэндхүүгийн Батболд,

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын харьяат Нямын Баттөмөр,

Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат Гүрбазарын Бат-Эрдэнэ,

Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Эрдэнэбатын Баянзул,

Орхон аймгийн Жаргалант сумын харьяат Хишигсүрэнгийн Баярсайхан,

Архангай аймгийн Их тамир сумын харьяат Түргэнтөрийн Ганболд,

Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Дугаржавын Ганзориг,

Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат Төмөрпүрэвийн Ганзориг,

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат Сайрийсүрэнгийн Гантөмөр,

Архангай аймгийн Хотонт сумын харьяат Дуламсүрэнгийн Лхагвасүрэн,

Сүхбаатар аймгийн Халзан сумын харьяат Рагчаагийн Мөнхтөр,

Завхан аймгийн Завханмандал сумын харьяат Цэрэндоржийн Мөнххуяг,

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат Эзэнмөнхийн Мөнх-Эрдэнэ,

Төв аймгийн Баянцогт сумын харьяат Чулуунбаатарын Отгонбаяр,

Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат Чойдоржийн Содном,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Хүүгийн Түмэнбаяр,

Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн харьяат Хүрэлбаатарын Улам-Өрнөх,

Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Чимэддоржийн Хишигбаатар,

Улаанбаатар хотын харьяат Эрдэнэ-Очирын Цолмон,

Төв аймгийн Баянцогт сумын харьяат Мөнхбатын Цэрэнжав,

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат Гончигийн Чинзориг,

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат Гантөмөрийн Чинзориг,

Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Дэмчигцоодолын Эрболд,

Дундговь аймгийн Хулд сумын харьяат Жаргалсайханы Эрдэнэтөгс нарт тус тус хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЦОЛ ХҮРТЭЭСНИЙХЭЭ ДАРАА:

“Уяачид аа,

Улсын цол хүртэгсэд ээ,

Дэлхий нийтэд тархсан цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил уяачдын цол олголгүй өнжсөн учраас Үндэсний баяр наадмын тухай хуульд заасан болзлыг хангаж, 2019, 2020 оны улс, аймаг, бүсийн наадамд амжилттай оролцсон уяачдад Тулгар төр, Их Монгол Улс, Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгалын тэгш ойн босгон дээр Монгол Улсын цол хүртээлээ. Бүгдэд нь баяр хүргэе.

Монгол наадмын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон хурдан морины уралдаан бол үндэсний өв их соёл, монгол үндэстний ижилсэл бас ялгарал билээ. Биднийг морьтон монгол хэмээн таньдаг, бид мориороо бахархаж, морио дээдэлдэг ард түмэн.

Морин уралдааныг спортын зэрэгт хүргэж, уяачдын амжилтыг бодитоор биежүүлж, хэрэгжүүлж байдаг унаач хүүхдийн асуудал нийгмийн хурц хэлэлцүүлгийн сэдэв болоод удаж байна. Нэг талаас уламжлал, морин уралдааны нөхцөл, боломжийн асуудал, нөгөө талаас хүүхдийн аюулгүй байдал, эрүүл мэнд, нийгмийн болон санхүүгийн асуудал энд мөргөлддөг юм. Олон жил яригдаж, тодорхой шийдлүүд олж байгаа ч асуудал зүгшрээгүй, нэг мөр шийдэгдээгүй л байгааг уяачид анхааралдаа аваарай.

Улсын цол шагнагдсан манлайлагч уяач Та бүхэнд энэ мөчид улсын эрхэм цолныхоо хариуцлагын хүрээнд унаач хүүхдийн аюулгүй байдал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд юуны түрүүнд анхаарч, бусдад үлгэр жишээ байхыг үүрэг болгож захья. Хүүхэд нэгдүгээрт гэдгийг Та бүхэн мэдэж байгаа. Та бүхэнд найдаж байна. Өвөг дээдсээс уламжлан ирсэн морины соёлыг хадгалж, орчин цагийн боломж, шаардлагатай хослуулан монгол морин уралдааныг хөгжүүлж, боловсронгуй болгож, ёс жудгаа дээдэлж, цэвэр ариун байлгах үүрэг улсын цолтнууд Та бүхнээс эхтэй гэдгийг мориор амилсан Төрийн туг, сүлдний өмнө энэ танхимаас ухамсарлаарай гэж хүсье.

Үүнээс гадна морин уралдааны шүүлт, шалгаруулалт, морьдын ангилал зэргийг тойрсон ужиг хэрүүл маргаан, хардлагыг уяачид өөрсдийн галаас эхлээд холбоодынхоо түвшинд ярилцан хэлэлцэж, монгол наадмыг маргаангүй, шударга явуулдаг болгох тал дээр анхаарч, ойрын хугацаанд шийдвэрлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил хууль ёс, дэг журмыг сахиулах ёстой морины комисс нь авлига, хээл хахуулийн асуудалд холбогдсон ноцтой хэл ам гарсан. Морин уралдаан нэг талаас уламжлалт соёл, нөгөө талаас спорт бөгөөд аль аль талаасаа нийт ард түмний цэнгэл баяр юм. Үндэсний баяр наадамтай холбоотой авлигын үйлдэл бол үндэсний өв соёл, ард түмний итгэл үнэмшлийн эсрэг гэмт үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй. Үүнийг хуулиар нарийвчлан зохицуулах ч шаардлага байсаар байна. Авлигаас ангид, шударгаар, хүлгийн шандас, уяачийн эрдмийг сорьж, үнэн хурдыг үзэн наадах нь монгол түмний хүсэл юм. Тийм учраас уяачид Та бүхэн холбооны хэмжээнд ийм ёс бус зүйлсийг цэгцлэх, нийтэд ойлгомжтой, ид тод, шударга дүрэм журам, шалгаруулалттай болох онцгой шаардлага байгааг иргэдийн өмнөөс захиж, дамжуулъя.

Эрхэм уяачид аа,

Наадамд амжилттай оролцож, өндөр амжилт гаргасанд тань дахин баяр хүргэе. Уясан морьд тань жавхаатай, хурдтай байг. Уралдаан тэмцээн тань шударга, уралдсан уяачид нь сэтгэл хангалуун байг ээ.

Мөнх тэнгэрийн хүчин дор монгол наадам үеийн үед тэгш шударга болж, монгол түмнийг ашид цэнгүүлж байх болтугай” гэлээ.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 1189 тохиолдол бүртгэгдэж, 13 хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.


ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10 мянга гаруй хүнд шинжилгээ авахад 1189 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 989 нь Улаанбаатарт, хөдөө орон нутагт 198 , эмнэлгээс шалтгаалах халдвар 1, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 62585 боллоо.

Мөн 13 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 301 болж байна.

  • 76 настай эрэгтэй
  • 86 настай эмэгтэй
  • 77 настай эмэгтэй
  • 72 настай эмэгтэй
  • 82 настай эмэгтэй
  • 47 настай эмэгтэй
  • 57 настай эмэгтэй
  • 66 настай эрэгтэй
  • 91 настай эмэгтэй
  • 74 настай эрэгтэй
  • 66 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 829 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 52812 болов.

Биеийн байдал хүнд 474, маш хүнд 126 хүн байна.