Categories
мэдээ нийгэм

Төгсөх ангийн суралцагчдын 67 хувь нь шалгалтын айдас, түгшүүрийн улмаас зөвлөгөө авчээ

Зургадугаар сарын 1-ний байдлаар чатбокс сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нийт давхардсан тоогоор 248 хүн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсны 239 нь хүүхдүүд байна.

Чатбоксоор сэтгэл зүйн зөвлөгөө авсан 173 үйлчлүүлэгчийн дийлэнх буюу 67 хувь нь шалгалтын айдас, түгшүүрийн улмаас зөвлөгөө авчээ. Мөн эцэг эх гэр бүлийн асуудалтай дуудлагууд түлхүү байгааг сэтгэл зүйчид хэлж байна. Хүүхдүүд ярилцах, зарим нь бэлэн хариулт зөвлөгөө хүсэж байгаа тохиолдол түгээмэл ажиглагджээ.

Чатбокс зөвлөгөөнд хамрагдагсад

Мэдээллийн ангилал

Хэлбэр

Тоо

Нийт

Мэдээлэл хүссэн зөвлөгөө

Чатбокс үйлчилгээний талаарх мэдээлэл

11

14

Холбогдох байгууллагын хаяг, мэдээлэл

2

Сэтгэл зүйчийн цагийн хуваарь

1

Сэтгэл зүйн зөвлөгөө

Үе тэнгийнхий харилцаа

5

173

Гэр бүлийн харилцаа

10

Шалгалтын айдас, түгшүүр

115

Үерхэл нөхөрлөл, хайр дурлал

4

Мэргэжил сонголт

13

Стресс, уур бухимдал

1

Айдас, түгшүүр

1

Сэтгэл гутрал

2

Өөртөө итгэх итгэл

4

Шийдвэр гаргалт

2

Хувийн зохион байгуулалт

4

Сэтгэл зүйн хямрал

12

Хоосон

Хоосон

61

61

Бүгд

248

Сэтгэл зүйн зөвлөгөөний үргэлжлэх хугацаа дунджаар 10 минутаас 7 цаг хүртэл үргэлжилсэн байна. Сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээг эхлүүлэхийн өмнө сэтгэл зүйчдийг 8 цагийн чадавхжуулах 2 хоногийн сургалтанд бүрэн хамруулжээ. Мөн 7 хоног бүрийн баасан гаригт сэтгэл зүйчдийн супервишн уулзалтыг зохион байгуулж байна.

12 дугаар ангийн суралцагчдад шалгалтын өмнөх стресс менежмент, сэтгэл зүйн бэлтгэлд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн сэтгэл зүйн зөвлөгөө “Чатбокс” үйлчилгээ 2021 оны 6 дугаар сарын 24 хүртэл үргэлжилнэ. Даваа-Баасан гарагт 10:00-22:00 цагийн хооронд “Боловсролын үнэлгээний төвийн https://www.facebook.com/eec.mn фэйсбүүк хуудаст холбогдон сэтгэл зүйчийн зөвлөгөөг авах боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн чөлөөт бүс болгох хуулийн төсөл боловсруулжээ

УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Д.Цогтбаатар, Н.Учрал нар Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэв.

Уг хуулийн төслийг ирэх мягмар гаригт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ.

Өнгөрсөн жил залуучуудтай уулзаж байхад мэдээллийн технологийн гарааны бизнесийг татварын бодлогоор дэмжих цаг болсон учир хууль, эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгөхийг цөөнгүй удаа хүсэж байсан. Төрөөс дэмжлэг үзүүлбэл дотоод, гадаадын, тэр дундаа Монгол Улсад бүртгэлтэй олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ гэдгийг хууль санаачлагчид хэлэв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цахим үндэстэн” болно гэдэг нь зөвхөн төрийн үйлчилгээг цахимжуулах биш, олон салбар, ялангуяа мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлнэ гэсэн үг. Иймээс ирэх намар Цахим хөгжлийн яам байгуулахаар төлөвлөж байна. Энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй хоёр ч удаа уулзаж ярилцсан. Ирэх мягмар гаригт болох Засгийн газрын хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэнэ” гэлээ.

Монгол Улсыг мэдээллийн технологийн гарааны бизнесийн эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай хуулийн төсөл нь энэ салбар дахь хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлэх, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоход төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэрийг тодорхойлох, салбарын эдийн засагт оруулах хувь нэмрийг өсгөх зорилготой юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд дэргэдээ “Gen Z” клубийг байгуулав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Z Generation”-ий төлөөллийг хүлээн авч уулзаж, тэдний санал бодлыг сонсон ярилцлаа.

Уулзалтаас Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд залуучуудын “Gen Z” клуб байгуулахаар шийдвэрлэв.


Эдгээр залуус 2019 онд зохион байгуулсан “Алсын хараа 25 “Z” үеийнхэн” сэдвээр чуулсан 600 өсвөр үе, залуусын төлөөлөл юм байна.

Засгийн газрын бодлогод шинэ үеийнхий санал бодлыг тусгах болон “Алсын хараа 2050” бодлогыг илүү олон хүнд, ялангуяа залууст хүргэхэд клубийн гишүүд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн залуус өөрсдийн нийгмийн асуудалд гарц, шийдэл эрэлхийлсэн санал, судалгааг боловсруулж өгдөг байх нь зүйтэй гэлээ.

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт байгалийн ухааны хичээлийн цагийг нэмэх, сурагчдыг шинжлэх ухаанд сонирхолтой болгох, багш нарын заах арга, чадварыг нэмэгдүүлэх, оюутнууд сурч буй мэргэжлийнхээ хичээлээр сурагчдад давтлага өгч, зааж зөвлөх, хүүхэд, залууст мэргэжил сонголт, сэтгэл зүйн болон гэр бүл төлөвлөлтийн зөвлөгөө мэдлэг олгох зэрэг саналыг тэд хэлж байлаа.

“Z Generation” гэдэгт ойролцоогоор 10-25 настай хүүхэд залуусыг хамруулдаг. Тэд техник технологийн мэдлэг сайтай, түүндээ тулгуурлаж нийгмийн харилцаанаас онлайн харилцааг илүүд үздэг, эерэг өөрчлөлтийг түүчээлэгчид, шинийг эрэлхийлэгчид байхыг хүсдэг хэмээн судлаачид тодорхойлдог байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ховд аймгийн Мөст суманд коронавирусийн шинэ голомт үүсч, 72 цаг хөл хорио тогтоолоо

Ховд аймгийн Мөст сумын нэг гэр бүлийн 3 иргэнээс халдвар илэрч шинэ голомт үүслээ.

2021 оны 06 дугаар сарын 03-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 04-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 504 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 225 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 279 сорьцод PCR шинжилгээ тус тус хийжээ.

Халдварын батлагдсан тохиолдол 5-аар нэмэгдэж нийт 285 боллоо. Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 2 иргэнээс халдвар илэрсэн байна. Мөст сумын 3 иргэн /нэг гэр бүлийн/-ээс халдвар илэрчээ. Мөст сумын халдвартай иргэн нь Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байгаад 05 дугаар сарын 31-нд Мөст суманд иржээ.

Мэргэжлийн байгууллагууд ойрын хавьтлын иргэдийг олж тогтоон тусгаарлалтад авсан байна. Мөн тандалт судалгааг үргэлжлүүлэн хийж байна. Халдварын шинэ голомт үүссэнтэй холбогдуулан Мөст суманд 72 цагийн 0 зогсолт хийлээ.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.04/ байдлаар 31 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-6 бусад нь хөнгөн байна. Халдвартай 6 иргэнийг өнөөдөр /2021.06.04/ “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ.

Өнөөдрийн /2021.06.04-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 146, тусгаарлан ажиглах байранд 108, гэрийн тусгаарлалтад-7, гэрийн ажиглалтад-413 иргэн байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ирэх долоо хоногийн лхагва гаригт бүх нийтээр амарна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны зургадугаар 9-ний өдөр орон даяар явагдана.

Сонгуулийн өдөр буюу ирэх долоо хоногийн лхагва гаригт бүх нийтээрээ амарна.

Санал авах өдөр дараах үйл ажиллагааг хориглохоор хуульд заажээ.

  • согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах;
  • соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээг зохион байгуулах;
  • гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах.

Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв хүн Электорат” эвслээс Д.Энхбат нэр дэвшиж, сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын наадамд Монгол морийг эрлийзээс тусад нь уралдуулахыг шаардав

Улсын наадамд Монгол морийг эрлийзээс тусад нь уралдуулах асуудлыг хуульчилж өгөхийг шаардаж, Монголын Үндэсний морин уралдаан уяачдын холбооноос мэдээлэл хийлээ.

Тус холбооноос “Эрлийз болон монгол адууг хооронд нь нийлүүлээд уралдуулж ирсэн нь баяр наадмыг будлиантуулах гол асуудал болдог. Өөр өгөгдөлтэй, хурдлуулах зорилгоор гаргаж авсан эрлийз адууг Монгол наадамд монгол адуутай уралдуулахаар хүссэн хүсээгүй монгол адууг уяачидтай нь наадмаас шахаж гаргаж байна. Ингэж болохгүй бөгөөд уламжлал тасарч наадам наадам биш болж байна гэдэг нийгмийн хурц асуудлыг бид тавьж байна.

Наадмаас наадам дамжин зусдаг хөдөөгийн ард түмэн, малчин монгол уяачид наадамдаа ирж чадахаа байлаа. Наадамд ирэхийн тулд адуугаа эрлийзжүүлэх тулгалтад орж байна. Адуугаа эрлийзжүүлнэ гэхээр амьдрал дээрээ дахиад зардал нэмж, малчид өөрсдөө эрсдэлд орж байна. Иймээс энэ нь зөвхөн уяачдын бус нийгмийн том давхаргыг хамарсан зөрчил болж хувирлаа. Баяр наадмын тухай хуульд үүнийг шийдсэн зохицуулалтыг яаралтай хийгээч. Монгол болон эрлийз адуу тусдаа уралддаг байя гэсэн тодорхой санал тавьж байна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

Жо Байден БНХАУ-ын 59 компанийг “Хар жагсаалт”-д оруулахаар шийдвэрлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын 59 компанийг “Хар жагсаалт”-д оруулахаар шийдвэрлэлээ.

“Хар жагсаалт”-д орсон компаниуд АНУ-аас хөрөнгө оруулалт татах боломжгүй болно. Мөн нэмэлт торгууль ногдуулахаар тусгасан байна. Дональд Трампын засаг захиргааны үед гаргасан “Хар жагсаалт”-д “Huawei” болон бусад харилцаа холбооны компаниуд багтаж байгаа аж.

Компаниудыг БНХАУ-ын цэрэг, тагнуулын үйл ажиллагаатай холбоотой гэсэн үндэслэлээр жагсаалтад оруулсан байна.

Хориг арга хэмжээ наймдугаар сарын хоёрны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Харин хөрөнгө оруулагчдад хөрөнгөө эргүүлэн татах нэг жилийн хугацаа өгчээ.

Эх сурвалж: BloombergTV

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

ЗГ: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг цогцоор нь шийдэх гурван жилийн төлөвлөгөөг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсын 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй энэ сарын 03-ны өдөр уулзалт хийж тулгамдаж буй асуудлыг нь сонсож, шийдэх арга замын талаар ярилцлаа. Энэхүү уулзалт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд боллоо.

Иргэд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээл болон орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дөнгөж 55 хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдаж байна. Бүгдийг тэгш хамруулах, хөгжүүлэхэд Засгийн газар анхаарахыг тэд хүслээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих сан байгуулах, тэргэнцэртэй иргэд зорчих автобустай болох, явган хүний зам дагуу тэргэнцэртэй иргэдэд зориулсан зам байгуулах, телевизүүдийн хөтөлбөр бүрт дохионы хэлмэрчтэй болох зэрэг саналыг иргэд Ерөнхий сайдад тавилаа.


Иргэдийнхээ асуудлыг Засгийн газар цогцоор нь шийдэх ёстой. Энэ уулзалтын үеэр гарсан санал бүрийг нэгтгэж ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад үүрэг болгоод гурван жилийн ажлын төлөвлөгөө гаргаж ажиллана гэлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжихэд бэлэн. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань нийгмийн дунд ажиллаж амьдрах учиртай. Харин орон сууц, албан байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй нэг стандартай байх ёстой гэдгийг Засгийн газрын тэргүүн онцлоод анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажиллуулаагүйн төлбөрт аж ахуйн нэгж байгууллагаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлдэг хөрөнгийн хэмжээ жил бүр нэмэгдэж байна. 2020 онд төвлөрсөн 8,3 тэрбум төгрөгийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд бүрэн зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргаад байна.

Хөдөлмөрийн тухай хуульд 25 ба түүнээс дээш ажилтантай ААН, байгууллага ажилтан, албан хаагчдынхаа 4 ба түүнээс дээш хувийн орон тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулахаар заасан. Гэвч энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа юм. Ерөнхий сайд энэ асуудалд шан татаж, Ерөнхий сайдын нэг зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс ажиллуулахаа энэ үеэр мэдэгдлээ. Мөн төрийн байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах хуулиа хэрэгжүүлэхийг үүрэг болгож, аж ахуй нэгж байгууллагуудад уриаллаа.

Төрийн бүх шатны байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилласнаар 108 мянган иргэдийн өмнө тулгамдсан асуудлууд шийдвэрлэгдэх боломж бүрдэнэ гэж Ерөнхий сайд хэллээ. Засгийн газрын хуралдааны мэдээллийг Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд танилцуулдаг. Энэхүү мэдээллийг ирэх долоо хоногоос эхлэн дохионы хэлний хэлмэрч орчуулж хамт хүргэнэ.

Categories
мэдээ улс-төр

СЕХ: Ерөнхийлөгчийн сонгуулийн автоматжуулсан системийг туршлаа

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийн бэлэн байдлыг шалгах, ирц бүртгэлийн болон санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор туршилтын ажлыг ээлж дараатай зохион байгуулж эхэлжээ.

Улсын хэмжээнд байгуулагдсан сонгуулийн 2,087 хэсгийн хороонд байрлуулсан хяналтын камерын холболт, тусгал, нэгдсэн сүлжээнд холбосон байдал, ирц бүртгэлийн программын ажиллагааг туршив. Энэ ажилд мэдээллийн технологийн багийн 148 гишүүд, мэдээллийн технологийн 2,481 даамлууд болон иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд оролцон Мэдээллийн технологийн төвийн удирдлаган дор хийж гүйцэтгэлээ.

Туршилтын ажилд сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах, гэрчилгээ олгох Ажлын хэсэг хяналт тавьсан юм.

Өнөөдрийн туршилтаар СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төвөөс өгсөн зааврын дагуу камерын нэгдсэн системын туршилтыг 728 хэсэгт хийж, камерын тусгалыг сонгогчийн саналын нууцлалыг хангасан байдлаар суурилуулан, тусгалыг тохируулсан эсэхэд онцгойлон анхаарал хандуулсан бөгөөд сонгуулийн автоматжуулсан системийн найдвартай ажиллагааг хангах ийм төрлийн туршилтыг сонгуулийн санал авах хүртэл нийтдээ 3 удаа явуулж, ажиглагчдад танилцуулах ажлыг зохион байгуулах болно.

Categories
мэдээ нийгэм

Э.Цолмон: Хүний энэрэнгүй сэтгэл, хайрлах сэтгэлийг адуу мэддэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Алдарч уяач цол хүртсэн Эрдэнэ-Очирын Цолмонтой ярилцлаа.

-Танд Монгол Улсын Алдарт уяач цол хүртсэнд баяр хүргэе. Эмэгтэй уяач олон байдаггүй учраас та өнөөдрийн содон дүр боллоо?

-Баярлалаа. Би Ховд аймгийн уугуул хүн. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алдарт уяач цол хүртсэндээ маш их баяртай байна. Энэ хүртэл надтай хамт явсан, намайг дэмжиж байсан ханьдаа, ээж аав, ах дүү, хамаатан саданд талархал илэрхийлмээр байна. Намайг маш сайн дэмждэг. Миний хань Монгол Улсын Манлай уяач Т.Энхбат гэж хүн бий. Миний дүү Э.Тамир бас морь уядаг. Намайг яг өдий зэрэгт хүргэж, морины уяа сургаж өгсөн Монгол Улсын Тод манлай уяач Ц.Дуламсүрэнд онцгойлон талархал илэрхийлье.

-Та анх хэзээнээс морь уяж эхэлсэн бэ?

-Уяач болгоны ард эхнэр нь байдаг. Уяачдын эхнэрүүд яг л надтай адилхан, морь уялцах үед нь уялцана, хоолыг нь тааруулна, уралдаанч хүүхдүүдийнхээ хоол ундыг зэхнэ гээд ажилтай байдаг. Морь уяхад арын фронт маш чухал. Надтай адилхан маш олон эмэгтэйчүүд байгаа гэж бодож байна. Би монгол эмэгтэй болж төрсөндөө маш их бахархдаг. Морин уралдаан бол бидний сэтгэл зүрхэнд оршдог үнэт өв. Би үүнтэй 2004 оноос хойш холбогдоод явж байна.

Та 17 жил морь уяж байгаа юм байна. Таны гаргасан онцлох амжилтуудаас сонсож болох уу?

-Надад хамгийн анх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Б.Пүрэвжав гэдэг хүнээс “Наран шарга” азарга маань ирж байлаа. Энэ азарга манай адууны эхийг тавьсан гэж хэлж болно. Надад маш олон сайхан хүлэг бий. Өнөөдөр би “Төгс хүрэн” азаргаа онцолмоор байна. Миний “Төгс хүрэн” азарга 2008 онд Дундговь аймгийн Сайхан-Овоод уралдаж, аман хүзүүдсэн. Мөн тэр зундаа Алтан овооны наадамд дөрвөөр давхисан.

-Эмэгтэй хүн морь уяж болдгийн нэгэн бодит жишээ нь Та болж, өнөөдөр Алдарт уяач цолоо хүртлээ. Та ямар уяачаас үлгэр дуурайл авдаг вэ?

-Монгол Улсын Алдарт уяач Хорлоодой гэж мундаг эмэгтэй байсан. Тэр хүнээс урам авдаг байсан. Бас би анх Гавжийн шандад морь уяж байхдаа Сундуй гэдэг шарга морьтой настай уяачтай танилцсан. Тэр хүн “Чи моринд нүдтэй юм байна. Би чамд уяаныхаа эрдмээс зааж өгнө” гэж хэлж байсан. Тэр хүн өөд болохоосоо өмнө надад морь хэрхэн уях талаар нарийн ширийн зүйлсийг зааж өгсөн. Надад урам өгдөг олон уяач бий.

-Сайн уяачийн нууц гэж байдаг уу? Адууг хэрхэн сайн уях вэ?

-Миний бодлоор сайн уяачийн нууц гэж байхгүй, харин сайн хүний нууц гэж байдаг. Хүн хүнээрээ л байх нь чухал. Ганцхан өөрийгөө биш бусдыг хайрлах, амьтныг хайрлах сэтгэл чухал. Хүний энэрэнгүй сэтгэл, хайрлах сэтгэлийг адуу мэддэг. Ер нь дан ганц адуу биш, амьтад бүгд мэдэрдэг. Тийм учраас хүнтэй тогтоосон нарийн холбоо гэж байдаг. Амьтан ч гэсэн сэтгэлтэй учраас уяагаар биш сэтгэлээр холбогдох, тийм нандин холбоо үүсгэх хэрэгтэй гэж хэлмээр байна.

Би Ардын хувьсгалын 100 жилийн Үндэсний баяр наадамд “Хонгор” азаргаа уяж сойно гэсэн бодолтой байгаа. Өнөөдөр адуу руугаа явах байсан боловч ийм сайхан үйл явдал болсон учраас маргааш явна /инээв/.

-Танд баярлалаа.