Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 396.000 га талбайд тариалалт хийжээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 348.4 мянган га-д үр тариа тарьжээ.

Үүнээс,

  • 334.7 мянган га-д улаанбуудай,
  • 12.4 мянган га-д төмс,
  • 5 мянган га-д хүнсний ногоо,
  • 7.5 мянган га-д малын тэжээл,
  • 19.3 мянган га-д тосны ургамал тарьж, нийтдээ 396 мянган га-д тариалалт хийсэн байна.

Одоогоор үр тарианы тариалалт 89.5 хувьтай байгаа. Үүнээс улаанбуудайн тариалалт 90.9 хувь, төмс 69.3 хувь, хүнсний ногоо 52.1 хувь, малын тэжээл 11.3 хувь, тосны ургамал 48.3 хувьтай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан ХААДС-гаас хүсэлт гаргасан 579 иргэн, аж ахуйн нэгжид 12.1 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 289.4 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 25.1 тонн ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр олгоод байгаа аж.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 772 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 179 иргэн, аж ахуйн нэгжид 9 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

“Хүнсний ногоо” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Өрхийн тариалан” хөдөлгөөн өрнүүлж тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хангамжийг тогтворжуулах зорилгоор улсын төсвийн 1.89 тэрбум төгрөгийн хөрөнгөөр 10 нэр төрлийн 176.2 тонн ил талбайн болон хүлэмжийн ногооны үр худалдан авч, ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлж тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжид олгосноор тариалалт хэвийн явагдаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

ОХУ коронавирусийн бүх мутациас хамгаалах вакцин туршиж эхэлжээ

Оросын Холбооны Эмнэлгийн болон биологийн агентлаг (ХЭБА-ФМБА) “Ковид-19” халдварын эсрэг өнөөгийн вакцинуудаас эрс өөр вакцины эмнэл зүйн урьдчилсан туршилт хийгдэж байгаа талаар мэдээллээ. Шинэ вакцин нь эсийн түвшинд дархлаа үүсгэх бөгөөд арван хэдэн жилээр эсийн санамжид дархлааг тогтоох юм. Түүнчлэн шинэ вакцин коронавирусийн бүхий л мутациас хамгаалах ажээ.

Агентлагийн орлогч дарга Татьяна Яковлева “Энэ вакцин нь бусдаас огт өөр, бидний хүлээлт болсон эм. Өнөөдрийн вакцинууд зургаан сараас хэтрэхгүй буюу уургийн гумораль дархлалыг үүсгэдэг. Гэтэл SARS-2 нь мутацид орон шинэ уургуудыг бий болгодог. Бидний бүтээж буй вакцин нь эсийн дархлааг буюу консерватив уурагт чиглүүлэгдсэн. Вирусийн ямар ч мутаци гарсан энэ вакцин биднийг ковидоос хамгаална” хэмээн ярьжээ.

Агентлаг одоогоор вакциныхаа үр дүнг ил гаргаагүй, бүр нэр өгөөгүй байгаа ч сайн чанартай болно гэдэгт итгэлтэй байна. Клиникийн эм зүйн туршилт ирэх долдугаар сард эхэлнэ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Түвшинбаярын хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатын биед халдсан хэргийг цагдаагийн газар хянаж дуусаад Хан-Уул дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн тухай бид мэдээлж байсан.

Тэгвэл хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийхээр цагдаагийн байгууллага руу буцаасан байна. Н.Түвшинбаяр нь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих ангид түр саатуулагдаж байгаад батлан даалтаар гарсан билээ.

Үндэсний Олимпын хорооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчийн суудлаас түдгэлзүүлсэн ба оронд нь Ч.Наранбаатар үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулж, баяр хүргэлээ.

Энэ жил нийслэлийн Хан-Уул дүүргээс 566 ээж, Багануур дүүргээс 80 ээж, Багахангай дүүргээс 20 ээж “Эхийн алдар” одонгоо Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гардан авч байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:

“Эрхэм хүндэт эхчүүд ээ,

Монголын сайхан ээж нар аа,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг нийслэлийн хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” нэг, хоёрдугаар зэргийн одон гардуулж байна.

Бүх цаг үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, хүсэн хүлээж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн уламжлалтай, ийм сайхан ард түмэн. Эхийн ачийг хариулахын аргагүй гэж монголчууд бид ярьдаг. Үрээ гэсэн хязгааргүй их хайр, тэвчээр, олон зуун шөнө нойроо хугаслан асарч өсгөдөг эх хүний сэтгэл зүтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй юм.

Монголын төр 64 жилийн өмнөөс улс, үндэстнийхээ ирээдүй болсон үр хүүхдийнхээ төлөө гаргасан эхчүүдийнхээ зүтгэл, сэтгэл, хайр энэрэлд жилд нэг удаа талархал илэрхийлж, “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлж ирсэн.

Өнөөдөр Улаанбаатар хотын Хан-Уул, Багануур, Багахангай дүүргийн нийт 666 элбэрэлт ээжийн “Эхийн алдар” одонг Монгол төрийн тэргүүний хувьд Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн Их танхимд өөрийн биеэр гардуулж байгаадаа миний бие туйлын баяртай байна. Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье. Бяцхан үрсэд нь ээж бүрийн хүсдэг гэгээн гэрэлт ирээдүйг ерөөе.

Монголын үзэсгэлэнт эхчүүд ээ,

Өнөр баян монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн угаас дахин баяр хүргэж, халуун талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн ивээлээр монгол гэр бүл бүхэн аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрж, монгол эхчүүдийн алдар бадартугай” гэлээ.

Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж буй ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил улсын хэмжээнд нийт 10,843 ээж “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон хүртэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зургадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358, зургадугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 649, зургадугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 971 ээжид “Эхийн алдар” одон гардуулаад байна. “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

“Зүрх мартахгүй төсөл”-д хүмүүжигчийн бяцхан хүүг хамруулжээ

“Улаанбаатар Сонгдо” эмнэлгээс санаачлан хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” төсөлд ШШГЕГ-ын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Б-гийн хүү Б хамрагдаж 16 сая төгрөгийн өртөг бүхий хагалгаанд үнэ төлбөргүй орлоо.

Бяцхан хүү зүрхний цоорхой гэх оноштойгоор Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төвд эмч нарын байнгын хяналтад эмчлэгдэж байгаад өнгөрсөн сард зүрхний хагалгаанд орж одоогоор биеийн байдал хэвийн сайн байна.

Хүү одоогоор “Нандин амьдрал” асрамжийн төвийн багш, ажилчдын халамжинд эрүүл саруул өсөж байна. Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан бяцхан хүү Б-г өсгөн хүмүүжүүлж буй “Нандин амьдрал” асрах төвийн удирдлага, багш, ажилчдад талархал илэрхийлж 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн нийт алба хаагч болон хүмүүжигч нар сэтгэлийн хандив өргөж, хүүхэд, багачуудад гарын бэлэг гардуулсан байна.

Дэлхий дахинд түгээмэл тохиолддог гажгуудын нэг болох зүрхний төрөлхийн гажиг оноштой хүүхэд манай улсад жилд дунджаар 1000 орчим төрдөг бөгөөд үүнээс 200-300 нь мэс засал хийлгэх нэн шаардлагатай байдаг байна. Бусад өвчинтэй харьцуулахад зөв цаг үед нь мэс засал хийлгэвэл бүрэн эдгэрдэг аж.

Categories
мэдээ нийгэм

Тосон-Хулстайн шим мандлын нөөц газрын батламж гардуулах ёслол болов

Монгол Улсын Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг 2020 оны 10 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд цахимаар болсон ЮНЕСКО-ийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн 32 дугаар хуралдаанаар ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэсэн билээ. Үүнтэй холбогдуулан Тосон-Хулстайн шим мандлын нөөц газрыг бүртгэсэн тухай батламж гардуулах ёслолын ажиллагааг 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.

No description available.

Манай улс 1990-2007 оны хооронд ЮНЕСКО-ийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд нийт 6 газрыг бүртгүүлсэн бөгөөд ийнхүү үүнээс хойш 13 жилийн дараа Тосон-Хулстайн байгалийн нөөц газрыг тус сүлжээнд бүртгүүлэв.

Тосон-Хулстайн шим мандлын нөөц газар нь Монгол орны зүүн хойд хэсэгт оршдог бөгөөд Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Баянтүмэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумдын нутгийг хамардаг. Тус газар нь ойт болон тал хээрийн экосистемтэй, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг бөгөөд нуур, тойром элбэгтэй учир усны шувууд зусах, өндөглөн үржих таатай орчин болдог. Мөн монгол тарвага, манжуурын номин, огодой зэрэг төрөл зүйлүүд энд олноор амьдардаг тул эдгээр амьтад нь тухайн нутаг дэвсгэрийн экологи болон хөрсний үржил шимийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

No description available.No description available.

No description available.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Биелэгдэшгүй даалгавар 7” киноны зураг авалт түр хойшилжээ

“Mission: Impossible” буюу “Биелэгдэшгүй даалгавар” цуврал киноны долдугаар ангийн зураг авалт кино багийнхан дунд халдвар илэрсний улмаас түр зогсжээ.

Зураг авалтын багийн 14 гишүүнээс “COVID-19”-ийн халдвар илэрч, багийн бүх 60 гишүүн 14 хоног тусгаарлагдахаас аргагүй болсон байна. Халдвар илэрсэн хүмүүсийн ихэнх нь гол дүрийн жүжигчин Том Крузийн туслахууд аж. Том Круз мягмар гаргаас эхлэн тусгаарлагдсан байна. Кино зураг авалт Их Британид үргэлжилж байжээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сард киноны багийнхан Италийн Венец хотод зураг авалтаа эхлүүлж байсан ч коронавирусний улмаас зураг авалтаа зургаан сараар зогсоож байсан юм.

Найруулагч Кристофер МакКуарригийн найруулсан энэхүү кино 2022 оны тавдугаар сард дэлгэцнээ гарна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 184 хүн эрүүлжүүлэгдэв

Цагдаагийн байгууллагад өчигдөр буюу зургадугаар сарын 03-ны өдөр нийт 1754 дуудлага, мэдээлэл иржээ.

Үүнээс зөрчлийн 1476, хулгайлах 17, гэр бүлийн хүчирхийллийн 122, эрүүлжүүлэгдсэн 184, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 155 дуудлага бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

БХБЯ: Амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулна

Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг Сайдын зөвлөлийн хурлаар дэмжлээ. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр амины орон сууцыг ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамруулах боломж нэмэгдэх юм. Өнгөрсөн 2013 оноос хойш 179 иргэн амины орон сууцны хөнгөлөлттэй зээлэнд хамрагджээ. Учир нь амины орон сууцны чанар, стандарт тодорхой бус байснаас хамаарч банкны зүгээс энэ төрлийн зээлийг төдийлөн олгохоос татгалздаг байна

“Амины орон сууцны барилга угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам” хэрэгжсэнээр иргэд, аж ахуй нэгж байгууллагын хүсэлтийн дагуу ипотекийн зээлд хамруулах зураг төсөлтэй амины орон сууцны барилга угсралтын ажилд үе шатны хяналтыг хэрэгжүүлэх, тэдэнтэй захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх гэрээ байгуулах, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах аж.

Барилга, хот байгуулалтын яамны харьяа “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ нь амины орон сууцанд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлнэ. Ингэхдээ Барилгын тухай хууль, Засгийн газрын 2017 оны 170 дугаар тогтоолоор батлагдсан Барилгын ажлын захиалагчийн дүрмийг баримталж ажиллах юм.

“Амины орон сууц” гэдэгт аймаг, нийслэл, сумын төвийн батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу, нэг айлын сууц болон шаардлагатай бусад өрөө тасалгааг багтаасан блокчилсон орон сууцны барилгын бие даасан хэсэг бүхий тусдаа газарт баригдсан орон сууцны зориулалттай сууцыг” хэлнэ. Тиймээс дээрх журмын дагуу иргэд амины орон сууц барихдаа Ипотекийн зээлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой боллоо.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бага ангийн сурагчид ирэх оны хичээлийн жилд “Үдийн хоол” хөтөлбөрт хамрагдана

БШУЯ-ны сурагчийн хоол үйлдвэрлэлийн хэлтсээс цахим сургалт зохион байгууллаа.

Сургалтад аймаг, нийслэлийн боловсрол соёл урлагийн газрын мэргэжилтнүүд, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, дотуур байрны тогооч, нярав зэрэг 5500 гаруй хүн хамрагдаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хууль 2019 онд батлагдсан. Энэ намар бага ангийн сурагчдад үдийн хоол өгч эхэлнэ. Цаашид дунд, ахлах ангийнхан ч үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж эхлэх юм. Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд нэг сурагчид ногдох хоолны зардлыг нэмэх, хоолзүйч, тогооч зэрэг мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, хоолны газрыг стандартын шаардлагад нийцүүлэх, зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах, хүнсний хангамжийн тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай байгаа юм.

Сургалтын үеэрСургууль цэцэрлэгийн хоолны газрын зохион байгуулалтын онцлог, тавигдах шаардлага, Хоолны технологийн карт боловсруулах, Илчлэг тооцох аргачлал, Хүнсний түүхий эдийн анхан шатны боловсруулалт, Хүнсний харшил, тусгай хэрэгцээт хүүхдийн хоол хүнс, Тогооч мэргэжлийн түвшин ба үнэлгээний зарчим зэрэг сэдвээр илтгэл тавьж мэдээлэл өглөө.