Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 27-29 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж хүчтэй шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 2-7 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 16-21 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр 25-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 25-27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Япон Улсын төрийн дээд одонгоор шагнуулсан УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцанд баяр хүргэв

УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан өнөөдөр (2021.06.04) Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Эрико Тамүраг хүлээн авч уулзав.

Хатагтай Эрико Тамүра, Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант эзэн хааны “Мандах нар” одонгийн тэргүүн зэрэг болох “Сүр жавхлант тууз” одонгоор шагнуулсанд нь баяр хүргээд, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Ерөнхийлөгч Шиничи Китаокагийн баярын цахилгааныг уламжиллаа.

Хатагтай Тамүро Эрико “Та бол Монгол Улсын парламентад хамгийн олон жил ажилласан улс төрч. Япон, Монголын парламент хоорондын хамтын ажиллагаа төдийгүй хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан онцгой хувь нэмрээ ийнхүү үнэлүүлсэн Танд баяр хүргэе” гэлээ.

Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай олон талт, өргөн хүрээтэй, үр бүтээлтэй хамтын ажиллагаа өрнүүлж ирснээ УИХ-ын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан тэмдэглэв. Иений хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”, “Улаанбаатар хотын дулааны 4 дүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төсөл”, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлсэн “Улаанбаатар хотын гүүрэн гарц (Нарны гүүр) барих төсөл”, “Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулиудын барилга барих төсөл” зэргийг дурдсан юм. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) нь макро эдийн засгийн эрүүл үйл ажиллагаа ба засаглалыг бэхжүүлэх, хүрээлэн буй орчинтой зохицсон эдийн засгийн тэнцвэртэй өсөлтийг хангах, хүртээмжтэй нийгмийг бий болгох чиглэлээр Монгол Улсад олон төсөл, хөтөлбөрийг өндөр үр дүнтэй хэрэгжүүлж, хамтран ажиллаж ирснийг тэрбээр тэмдэглээд, тус байгууллагын хамт олонд талархал илэрхийлж, цаашдын хамтын ажиллагаа илүү өргөжин, тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой ирэх онд тохиох бөгөөд энэ хүрээнд тус байгууллагаас УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнтэй хамтран Япон Улсын хөгжлийн түүх, шинэчлэл болон боловсролын салбарын талаарх цуврал лекц зохион байгуулахаар төлөвлөсөн болохыг уулзалтын үеэр ярилцсан. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Япон, Монголын харилцааг бэхжүүлж, хоёр орны парламентын гишүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд оруулсан Монгол УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцангийн онцгой хувь нэмрийг нь үнэлж, Япон Улсын төрийн дээд шагнал, Цог жавхлант эзэн хааны “Мандах нар” одонгийн “Сүр жавхлант тууз” зэрэглэлийн одонгоор шагнасныг 2021 оны дөрөвдүгээр сард тус улсын Засгийн газар зарласан юм.

Categories
гадаад мэдээ

Аргентин улс “Sputnik V” вакциныг үйлдвэрлэнэ

ggg

Аргентин улс ОХУ-ын “Sputnik V” вакциныг дотооддоо үйлдвэрлэхээр болоод байгааг тус улсын Эрүүл Мэндийн сайд мэдээлсэн байна. Оросын Гамалейн институц Аргентинд туршилтаар үйлдвэрлэгдсэн вакцины чанар, үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Аргентин улс Оросын вакциныг үйлдвэрлэхээр болоод байгаагаа өнгөрсөн 2 дугаар сард анх мэдээлж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд дөрвөн иргэн нэрээ дэвшүүлжээ

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын дагуу “Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигчийн материал хүлээн авах тухай” зарыг 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр цахим хуудсанд байршуулж, 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 11 цаг хүртэл нэр дэвшүүлэх иргэдийн хүсэлтийг нээлттэй хүлээн авчээ.

Дээрх хугацаанд 4 иргэн Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлж, санал хураалтад оролцохоор материалаа ирүүлжээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэхээр ирүүлсэн иргэдийн мэдээллийг “Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх зарим асуудлын бэлтгэл хангах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу олон нийтэд нээлттэй мэдээлж байна.

Нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчдийн жагсаалт

д/д

Овог, нэр

Төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил

Ажилласан байдал

1

Дорждамбын

Зүмбэрэллхам

ОХУ-д Мөрдөн байцаагчийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Өмнөговь аймгийн Цагдан сэргийлэх ангийн Мөрдөн байцаах албанд мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын 1 дүгээр хэлтэст ахлах мөрдөн байцаагч, Октябрийн район дахь мөрдөн байцаах тасгийн дарга, Цагдаагийн дээд сургуулийн Цагдаагийн тэнхимд багш, Эрдэм шинжилгээ дээд курс хариуцсан арга зүйч, хичээлийн эрхлэгч, ХЗДХЯ-ны харьяа Хуульчдыг давтан сургах төвд багш, Хууль тогтоомж, шүүх эрх мэдлийн эрдэм шинжилгээ, сургалт мэдээлэл сурталчилгааны үндэсний төвийн Криминологийн судалгааны секторын эрхлэгч, Цагдаагийн академид Гадаад харилцаа эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, Сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Хууль зүйн үндэсний хүрээлэнд эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Их хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст ахлах зөвлөх, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албанд зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн гишүүн

2

Пүрэвдолгорын

Одгэрэл

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ХБНГУ-ын Байротын их сургуульд магистр,

МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхим, Нийтийн эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, профессор, эрдэмтэн нарийн бичгийн дарга, БР энд ИНГ ХХК-д ахлах хуульч, “Өмгөөллийн Одгэрэл партнерс” ХХН-ийн захирал

3

Дугарын

Сүнжид

МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг герман хэлний орчуулагч мэргэжлээр тус тус төгссөн. ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуульд магистр, ХБНГУ-ын Мьюнхэн хотын Людвиг-Максимилианы Их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

Шинжлэх ухааны академийн Философи, социологи, эрхийн хүрээлэнд судлаач, Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч, Хөгжлийн төлөө төв ТББ-д гүйцэтгэх захирал, Хууль зүйн яаманд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг хамтарсан “Иргэдийн оролцоо” төслийн зохицуулагч, Хууль зүй, дотоод хэргийн яам, Швейцарын хөгжлийн агентлаг хамтарсан “Иргэдийн оролцоо II” төслийн зохицуулагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимд ахлах багш, гэрээт дэд профессор, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимд багш, ахлах багш, дэд профессор, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн

4

Жамбаачүлтэмийн

Эрхэсхулан

ТИС-ийн харьяа Мэдээлэл техникийн сургуулийг цахилгаан техникч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

МУИС-д Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд дагалдан багш, багш, ахлах багш, дэд профессор, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик судлалын төвийн эрхлэгч

Categories
мэдээ утга-зоxиол

Орос номын яармаг худалдаа энэ сарын 12-нд болно

Зургадугаар сарын 12-нд тохиох Оросын Холбооны улсын өдрөөр Улаанбаатар дахь “Русский дом” (хуучнаар РЦНК)-д Орос номын яармаг худалдаа зохион байгуулагдахаар болжээ.

Хил хаалттай байгаа энэ үед ОХУ-д зарагддаг үнээр бүх төрлийн номын цуглуулгатай болж өөрийгөө болон хүүхдүүдээ баярлуулах боломжийг ийнхүү олгож байгаа аж.

Тодруулбал, тус яармаг худалдаагаар орчин цагийн оросын адал явдал, хайрын туужууд, уран зөгнөлт, шинжлэх ухаан танин мэдэхүйн, дэлхийн номын сонгодог сан хөмрөгт орсон Оросын алдарт зохиолчдын бүтээлүүдийг эх хэлээр нь Оросын орчин үеийн хэвлэх үйлдвэрүүдэд хэвлэгдсэнээр нь худалдан авах боломжтой байна.

Categories
мэдээ нийгэм

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын хуулийн шинжээчийг хүлээн авч уулзав

Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ч.Тунгалаг, Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах түр хорооны хуулийн шинжээч Рената Тардиолиг өнөөдөр буюу зургадугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Танхимын тэргүүн Ч.Тунгалаг уулзалтын үеэр Монгол Улсад сонгуулийн маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин, хэргийн харьяалал, хугацаа зэрэг асуудлуудаар мэдээлэл өгч, шинжээчийн сонирхсон асуултад хариулав.

Дашрамд дурдахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн бөгөөд Дээд шүүхийн холбогдох албан тушаалтантай уулзах хүсэлт ирүүлсэн юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймагт сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлажээ

Хөвсгөл аймагт коронавирусийн тархалт нэмэгдэж байгаатай холбоотойгоор аймаг, сум хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зургадугаар сарын 3-ны 18.00 цагаас зургадугаар сарын 8-ны 06.00 цаг хүртэл хязгаарлахаар тус аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргажээ.

Харин Улаанбаатар хотоос ирэх хөдөлгөөнийг хаагаагүй, иргэд шинжилгээ өгч нэвтрэх боломжтой байгаа аж. Мөрөн сумын хэмжээнд хүнсний дэлгүүрүүдийн үйл ажиллагаа хэвийн ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Энхсаран” сувилалтай холбоотой асуудлыг нийтэд мэдээлсэн иргэнд оногдуулсан торгуулийг хүчингүй болгожээ

2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч, өнөөдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанаар Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн төдийгүй БНСУ-аас эрүүл ирээд “Энхсаран” сувилалд 21 хоног тусгаарлалтад байх явцдаа COVID-19 өвчнөөр өвчилж, хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнээд түүнд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эргэн сануулахад, анх “Энхсаран” сувилалд гадаадаас ирсэн иргэдийг 14-28 хоног тусгаарлаж байх үед тус сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсаны улмаас халдвар тарсан гэж үзэж буй тул цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байдаг.

Тухайн үед “Энхсаран” сувилалд тусгаарлалтад байсан иргэн Д.Мөнхбат өөрийгөө тус сувилалд тусгаарлагдах хугацаандаа халдвар авсан тухай нийтэд мэдээлсэн юм.

Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн 15.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй халдварт өвчний үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хязгаарлалтын дэглэм холбогдох бусад журам заавар, шаардлагыг зориуд санаатайгаар зөрчиж, халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас шалгаж байв.

Categories
гадаад мэдээ

АСЕАН-ын төлөөлөгчид Мьянмарт айлчилна

Мьянмарын холбооны улсад армийнхан төрийн эрхийг гартаа оруулснаас хойш 4 сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Тус улсын иргэд армийнхны төрийн эргэлтийг эсэргүүцэж, үе үе мөргөлдөөн үүсэж, амиа алдсан хүний тоо 700 даваад байгаа юм.

Өнөөдөр Зүүн Өмнөд Азийн Холбооны төлөөлөгчид Мьянмарт айлчлал хийхээр төлөвлөж байна. Тус улсад энх тайвныг бий болгох хүчин чармайлтын хүрээнд энэ айлчлал зохион байгуулагдах юм.

Тодруулбал, АСЕАНны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Лим Жок Хой, болон тус байгууллагын удирдлагын багийн гишүүн Эрюван Юсоф нар Мьянмарын холбооны улсад айлчилна. Бруней улсын улс төрчид АСЕАНыг төлөөлж, хуучнаар Бирмийг ийнхүү зорино. Энэ айлчлалын гол зорилго, мөн хөтөлбөрийн талаарх мэдээлэл олон нийтэд ил болоогүй байгаа.

Гэхдээ дипломат эх сурвалжийн мэдээллээр АСЕАН ны төлөөлөгчид Мьянмар уруу элчээ илгээх асуудлаар тус улсын армийн генералуудтай яриа, хэлэлцээ өрнүүлэх аж. АСЕАН болон Мьянмарын армийн удирдлагуудын хоорондох уулзалт Индонез улсад зохион байгуулагдсанаас хойш сарын дараа энэ айлчлал болж байна.

АСЕАНын гишүүн орнууд тусгай элчийг сонгох асуудал дээр багагүй санал зөрөлдөж байгаа мэдээлэл гарчээ. Лхагва гарагт Индонезийн Гадаад Хэргийн сайд Ретно Марсуди Мьянмар уруу илгээх тусгай элчийг яаралтай сонгохыг АСЕАН-д уриалсан юм.

Categories
мэдээ улс-төр

Энэ жил сонгуулийн санал авах 2087 хэсэгт хяналтын тооллого хийнэ

СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан “Архивын бүх баримтыг хуулбарлан авч болно. Энэ жил сонгуулийн санал авах 2087 хэсэгт хяналтын тооллого хийнэ. Мөнхбат Мөөгий гэх хүн санал тоолох төхөөрөмжийг хакердаж чадна гэж мэдээлснийг цагдаагийн байгууллага шалгаж, үүнийг боломжгүй гэдгийг тодорхойлсон.

Санал авах төхөөрөмжид асуудал байхгүйг мэдсээр байж бусдыг төөрөгдүүлэх, санааг гуйвуулах зорилгоор худал мэдээлэл тараах тохиолдол гардаг. Иргэн танд эргэлзээтэй зүйл байгаа бол албан ёсны байгууллагуудад хандаж, хүсвэл шаардлагатай баримтыг шаардаж болно. Саналын хуудсууд 2 жилийн хугацаанд хадгалагддаг. Маргаан гарвал шүүхээс шалгах эрхтэй. Захирамж гарч, нотлох баримт дээр хяналтын тооллого хийсэн нэг тохиолдол гарсан бөгөөд санал зөрөөгүй. Монгол Улс Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуультай. Үүгээр ямар төхөөрөмж ашиглахыг зохицуулдаг болохоос СЕХ үүнийг шийддэггүй. Төхөөрөмжийг бэлэн болгох үйл ажиллагаанд олон талт төлөөллүүд оролцдог гэдгийг онцолъё. Туршилтыг 10 жилийн сургуулиуд болон цөөнгүй газар очиж хийж үзүүлдэг. Үүнийг лацадсан төхөөрөмж дээр хийдэг” гэлээ.