Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ мөрөнд осолдсон иргэний цогцсыг олжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг дөрөвдүгээр сарын 21-нд гарсан. Тус аймгийн харъяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон. Энэ үеэр 3, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолдсон юм.

Осолдсон газраас 3-20 километр зайтай газраас дөрөвдүгээр сарын 23-нд 50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярай, найман настай хүүхдийн цогцсыг тус, тус олсон.

Эрэн хайх ажиллагааг тавдугаар сарын 2-ыг хүртэл зохион байгуулахад дөрвөн хүний цогцсыг олж, гурван хүний цогцос олдоогүй тул эрэн хайх ажиллагааг ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж зогсоогоод байсан юм. Улмаар иргэний өгсөн дуудлагын дагуу зургадугаар сарын 3-ны өдрийн 21:40 цагт “Сэлэнгэ мөрөн”-ний эрэг дээр буюу осолдсон газраас 43 км-ын зайтай газраас 32 настай, эмэгтэй У-гийн цогцсыг олж Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Зэвэг загасны тухай сонирхолтой баримтууд

Цэнгэг усны индикатор гэж нэрлэгдэх Зэвэг загасны биеийн урт нь 70-90 см бөгөөд 6-8 кг жинтэй. Байгалийн нөхцөлд дунджаар 15 жил насалдаг.

Зэвэг загасны амьдрах орчин насны хэлбэлзлээс нь хамааран харилцан адилгүй байдаг. Тухайлбал, бие гүйцсэн зэвэг уулын ширүүн урсгалт голын цүнхээл, харгиа хэсэгт ганц нэгээрээ амьдардаг бол өсвөр насны зэвэг голын гүехэн хэсэг, харгиа, боргио, булан тохойд сүрэглэн амьдардаг байна.

Зэвэг нь холимог идэштэн бөгөөд эрүү, хэл, тагнайдаа хөрөөний ир шиг олон жижиг хурц шүдтэй учир жараахай, соно, шумуул, усны ургамал зэргийг үйртэл нь жижиглэж иддэг.


Монгол оронд шөвгөр хоншоорт, монхор хоншоорт гэсэн 2 зүйлийн зэвэг загас Сэлэнгэ, Орхон, Эг, Үүрийн гол зэрэг ихэнх гол мөрөнд тархан амьдардаг.


Зэвэг загас нь хаврын улиралд усны температур 6-12 хэм болох үед үржилд орж эхлэх бөгөөд эм нь түрсээ шахах, үржлийн талбай бэлдэж, эр нь дагалдан явж, хамгаалдаг байна.


Загасчид уг загасыг ааш муутай, хянуур хэмээн тодорхойлдог аж. Учир нь тэрээр аюул заналхийлж байгааг мэдвэл даруй өөр газар луу шилждэг. Хэрэв дэгээнд орсон бол идэвхитэй эсэргүүцэл үзүүлэх бөгөөд дэгээний утсыг ийш тийш чирэх, уснаас дээш үсрэн унах, эргэх, дэгээг тэгшлэх зэрэг зан төрхийн үйлдэл гаргадаг байна.
Зэвэг загасыг жил бүрийн 4-р сарын 1-ий өдрөөс 6-р сарын 14-ний өдөр хүртэл ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хуулиар хориглосон байдаг. Энэ үед хууль бусаар агнасан тохиолдолд Монгол улсын амьтны тухай хуулийн 37.2 д зааснаар амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг.

Загасыг үржлийн үед нь баривал бүр мөсөн устах аюултай. Тиймээс байгаль орчин, гол мөрний экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн хувь нэмрээ оруулан загас барих, агнах талаар мэдлэг мэдээллээ дээшлүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж:

Экологийн Цагдаагийн Алба

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлчүүдийн 82 хувь нь вакцины II тунг тариулжээ

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь буюу 955.345 нь I тунд, 82.9 хувь буюу 790.523 нь II тунд хамрагдаад байна.

Өнөөдөр буюу зургадугаар сарын 4-нд нийслэлийн хэмжээнд I тунд 1318, II тунд 13.004, нийт 14322 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: 1393 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 10700 хүнд шинжилгээ хийхэд 1393 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1092 нь Улаанбаатар хотод, орон нутагт 299, зөөвөрлөгдсөн 2 байна. Зөвөөрлөгдсөн тохиолдлыг авч үзвэл, Сөүл-Улаанбаатар чиглэлээр ирсэн хоёр иргэнээс ковид илэрсэн. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 63978 боллоо.

Мөн 6 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 307 болж байна.

  • 69 настай эрэгтэй
  • 59 настай эмэгтэй
  • 68 настай эмэгтэй
  • 74 настай эрэгтэй
  • 62 настай эрэгтэй
  • 92 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 783 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 53595 болов.

Одоогоор 5315 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн- 2995
  • Хүндэвтэр- 1694
  • Хүнд-504
  • Маш хүнд – 122 хүн байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй уулзлаа. Уулзалтад Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл болон яам, агентлаг, байгууллагууд, нийслэл, аймаг, дүүргийн салбар зөвлөлийн гишүүд танхим болон цахимаар оролцов. Залуучууд голчлон гарааны бизнесийг дэмжих, тогтвортой ажлын байр, боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, орон сууц, орон нутаг, хилийн боомтуудад ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, эдгээрт залуучуудын оролцоо ямар байж болох талаар байр сууриа илэрхийллээ.

Залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр Засгийн газар боломжит бүх арга хэмжээг авна гэдгээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотголоо. 2022 оны улсын төсвийг батлуулахдаа:

– Иргэд, ялангуяа залуучууд, залуу гэр бүлийг орон сууцжуулах

– Цахим шилжилт хийх

– Төвлөрлийг сааруулах

– Ногоон байгууламж бий болгох

– Экспортыг дэмжиж, ажлын байр бий болгох тусам тухайн аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжих бодлого барихаа хэлэв.

Залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөлүүд залуучуудын өмнө тулгарч байгаа асуудал, түүний гарц шийдлийг нь олж хардаг, мэдрэмжтэй, мэргэжлийн, сайн зөвлөгч байхыг хүслээ. Засгийн газар ч санал, зөвлөгөөг нь ажилдаа тусгаж, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог хангаж байхаа хэлэв.

2017 онд УИХ Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батласан байна. Энэ хүрээнд 2018 онд Залуучуудын хөгжлийн төвүүд байгуулагдсан бол 2019 онд Үндэсний хөтөлбөртэй болжээ. Өнгөрсөн сард Үндэсний зөвлөл анхны хуралдаанаа хийн 2021 онд хийх ажлын төлөвлөгөөгөө батласан юм. Зөвлөл нь залуучуудын хөгжлийг дэмжих, эрхийг нь хангах, шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний үзэл бодлыг сонсох, санал, санаачилгыг нь дэмжих замаар үнэлэмж, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилготой.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 300 гаруй салбар зөвлөл 6,000 гаруй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ахалдаг юм.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “ЗЭРЛЭГ АМЬТДЫН ИНЖЕНЕР буюу амьтныг хайрлахуй”

Энэ номонд жинхэнэ “күүл” охины тухай гарна. Тэр охины нэрийг Мүүч гэдэг. Та амьтанд дургүй, бүр айдаг ч байж болно. Бас зэрлэг онгон байгальд тэр бүр очдоггүй, хол ч байж мэднэ. Харин та нэг ч амьд амьтангүй, бүх зүйл нь хиймэл дэлхийд амьдарч байна гээд төсөөл дөө!

Хүн төрөлхтний хурдацтай өсөлт, технологийн дэвшил, байгаль орчинд нөлөөтэй буруутай үйлдэл зэргээс үүдсэн экологийн сүйрэл дэлхийг хорт агаар, үхмэл хөрстэй, зэрлэг амьтангүй, зэлүүд хоосон газар болгож хувиргана. Хүмүүс бөмбөгөр дээвэртэй битүү хотуудад амьдрахаас аргагүй болжээ. Тэдгээр хотуудын сүлжээ бий болов. Байгалийн гамшиггүй, аюул заналгүй, эмх цэгцтэй, техникжсэн, хиймэл нар, хиймэл уул, хиймэл агаар гээд л байгалийн жинхэнэ зүйл ерөөс үгүй, бүх зүйл нь хиймэл энэхүү шинэ ертөнцөд амьд амьтан тэжээхийг хориглодог. Эдгээр хотуудын нэг Шинэ Бостонд робот амьтны хүрээлэн ажиллуулдаг, зэрлэг амьтдын инженер Орландо Спинкс амьдардаг. Нэгэн удаа 13 настай Мүүч амьтны хүрээлэнд ирж, механикжсан арслангийн дуу хоолойг амьд мэт болгон өөрчилснөөр адал явдал эхэлнэ. Асрамжийн газрын өнчин охин Мүүчийн зохион бүтээх, механикийн гоц авьяас, хүсэл тэмүүлэл, гал цогтой чанар, байгаль дэлхий, ан амьтдыг хайрлах үзэл инженер Орландогийн зүрх сэтгэлийг төрсөн охин нь мэт татаж, улмаар охины асран хамгаалагч болохыг хүсдэг. Охин өөрийн төрсөн түүхийг инженерт ярих ч угтаа тэр бодит түүх биш гэдгийг Орландо охиныг дадлагажигчаа болгон авахаар асрамжийн газарт очих үедээ мэдэж авна. Охины энэ хорвоо дээр төрсөн үнэн түүх юу болохыг та зохиолоос уншаарай.

Дисней амьтны хүрээлэнд зочлон ирсэн зочид амьтадтай тоглоом адил харьцаж, тэднийг хүндлэхгүй байгаад ихэд дургүйцсэн, асрамжийн газрын захирлын сахилгагүй, худалч, хулгайч, хэргийн эзэн гэж цоллодог Мүүч, робот амьтад хийдэг инженер Орландо хоёр робот амьтдыг байгалийн зэрлэг зан араншинтай болгон программчилж эхэлнэ. Охин өмнө нь тоглоом мэт байж, онигоо ярьж, дуулж, бүжиглэж, хошин шогийн үзүүлбэр үзүүлж, хүмүүсийг зугаацуулдаг байсан амьтны үс нөмөрсөн алиалагч робот амьтдыг байгалийн буюу амиа хамгаалах хариу урвалтай болгон программчилна. Үзэгчид өмнөх шигээ л амьтдын орон зайд халдан, биед нь хамаагүй хүрч, дээр нь дураараа мордон ташуурдаж, өшиглөхөд амьтад шинэхэн программчлалаараа хэдэн сахилгагүй хүүхдүүдийг багахан гэмтээснээр Дисней хаагдаж, бүх төмөр амьтдыг уурын хайлуулагчаар хайлуулж, олон нийтэд аюултай зүйл хийж, иргэдийн тайван байдлыг алдагдуулсан хэмээн үзэж, инженер Орландог гурван жилийн турш сайн дурын ажил хийлгэж, харин охиныг хүмүүжүүлэх газарт хүргэнэ. Энэ зуур инженер МАШИНЫ ЭМЧ. БҮХНИЙГ ҮНЭГҮЙ ЗАСНА засварын машинтайгаа гудамжнуудад очин, явуулын засварын цех ажиллуулж, үйлчлүүлэгчдийн авчирсан төрөл бүрийн жижиг робот, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэргийг засдаг засварчин хийнэ.

Харин Мүүч Ферм хүмүүжүүлэх газрын бүхий л тоног төхөөрөмжийг засна. Охины хүмүүжүүлэх газарт байх хугацаа дуусах дөхөхөд дуулгавартай сайн байсных нь хариуд Фермийн даргын зөвшөөрөлтэйгөөр бөмбөгөр оройт битүү хотоос гарч, байгаль орчны судалгааны станцад дагалдан засварчнаар очин, жинхэнэ тэнгэрт жинхэнэ наран мандсан, жинхэнэ салхи үлээж, жинхэнэ өвс ногоо ургаж, ихэнх нь устан үгүй болсон ч цөөн хэдэн үлдсэн амьтадтай амьд байгальд гарч, чин зүрхнийхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэх билээ.

Асрамжийн газарт хамт байсан, Мүүч охинд дурласан өсвөр насны хүү Гаррисон бас энэхүү зохиолын нэгэн гол дүр бөгөөд охиныг Дисней робот амьтны хүрээлэнд дадлагажигч болон асрамжийн газрын орхин явснаас хойш олон адал явдлыг туулж эцэст нь Мүүчтэй уулзана. Тус зохиол та болон таны хүүхдийг ирээдүйн ертөнцөөр аялуулж, байгаль дэлхий, ан амьтдаа хайрлахын эрхэм чухлыг ойлгуулна. Зөгнөлт зохиол нь хүүхдийн төсөөлөн бодох чадварыг нэмэгдүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чухал хувь нэмэртэй билээ. Салбартаа амжилт гаргасан олон хүмүүс хүүхэд наснаасаа уран зөгнөлт зохиол уншиж өссөн байдаг. Таны хүүхэд ч гэсэн ирээдүйн тод од байж яагаад болохгүй гэж…

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол, Оросын хилийг хамтран шалгана

Монгол, Оросын хилийг газар дээр нь тэмдэглэн тогтоосон хилийн гэрээг бататгаж, хоёр улсын хилийг 1987-2001 онд анх удаа хамтран шалгасан байдаг.

“Монгол, Оросын хилийн дэглэмийн тухай гэрээ”-ний дагуу Талууд улсын хилийг хамтран шалгах ажлыг 15-20 жил тутам зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2022 оноос хамтарсан шалгалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Энэ хүрээнд Монгол, Оросын хилийн ээлжит хамтарсан шалгалтын бэлтгэл хангах Ажлын хэсэг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Тус Ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал С.Сүхболд, Нарийн бичгийн дарга Олон улсын гэрээ эрх зүйн газрын Хилийн хэлтсийн дарга Д.Болд нар Сэлэнгэ аймаг дахь хилийн цэргийн ангиудад ажиллаж, салбарын удирдлагатай уулзаж, шалгалтын бэлтгэл хангах талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын болон PCR шинжилгээний цэгүүд

Энэ сарын 04-ний өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 1318, II тунд 13.004, нийт 14322 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэд 100 хувь буюу 955.345 нь I тунд, 82.9 хувь буюу 790.523 нь II тунд хамрагдаад байна.

Өнөөдөр Улаанбаатарт явуулын 6, суурин 39 цэгт дархлаажуулалтын 90 багийн 479 эмч, ажилтан ажиллаж, 8363 иргэнийг дархлаажуулна. Мөн PCR шинжилгээний 3 цэг ажиллах юм байна.

PCR шинжиилгээний цэг 09:00-12:00 цагт ажиллана.

Дархлаажуулалтын болон PCR цэгүүдийг дүүрэг бүрээр танилцуулж байна.


No description available.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Тулгат: Сонгууль жилээс жилд намдуу болж байна

Ардчилсан намын дарга М.Тулгаттай ярилцлаа.


Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцож байна вэ. сонгуулийн сурталчилгааны явцаас танилцуулахгүй юу?

-Сонгууль эхлээд ид дундаа орж байна. Уулзалтууд хуваарийн дагуу явагдаж байна. Нэр дэвшигч маань сая орон нутагт ажиллаад ирлээ. Би зарим аймгуудаар хамт явж ажилласан. Уулзалтад оролцсон иргэд нэр дэвшигчийн талаар зөв ойлголт авлаа, дэмжих сэтгэл төрлөө гэх мэтээр сэтгэгдлээ хэлж байсан. Миний хувьд амжилттай боллоо гэж дүгнэж байна.

нэр дэвшигч с.эрдэнийг зарим аймагт эсэргүүцэж, хүлээж авахгүй, хөөж байгаа бичлэг цахим орчинд явж байсан. ардчилсан намын гишүүд өөрсдөө С.Эрдэнийг эсэргүүцсэн гэх мэдээлэл цахим орчинд явж тарсан. Юу болсон талаар тодруулахгүй юу?

-Миний явсан аймгуудаас ганцхан аймагт буюу Дорнод аймаг дахь уулзалтын үеэр нэг уриа лоозон барьсан эмэгтэй нэр дэвшигчийг юм ярьж байхад арваад минут зэрэгцэж ярьж, орилж саад хийсэн. Гэхдээ тэнд байсан бусад иргэд, намын дэмжигчид тэр хүнд шаардлага тавьж, тэгсхийгээд намжсан. Дорнодын “Найрамдал” паркт болсон тэр уулзалт ерөнхийдөө их сайхан болж, сүүлд нь зураг хөргөө авахуулж, чөлөөт ярилцлага өрнөөд дууссан даа. Харин яг тэр хүний саад хийж байгаа бичлэгийг тасдаж аваад “Дорнодод хөөгдлөө” гэсэн гарчиг тавиад цахим орчинд зориуд явуулаад байна лээ. Ер нь бол орон нутагт нэр дэвшигчийг сайхан хүлээж авсан. Ардчилсан намын дотоод асуудлаас шалтгаалаад зарим орон нутагт нэр дэвшигчийг дэмжихгүй, эсрэг ажиллана гэх мэт яриа дуулдаж байсан. Санаа зовж байсан, гэтэл яг яваад очиход бол намын гишүүд, дэмжигчид маань дуу нэгтэй бид ардчиллаа дэмжилгүй яахав гэсэн байр суурьтай байна лээ. Намын дотоод асуудлын тухайд гишүүд маань “Та нар минь хурдхан учраа олоорой, итгэж хүлээж байгаа шүү. Ерөнхийлөгчийн сонгууль дээр бол намаа дэмжилгүй яахав” гэж ярьж байсан.

Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль намдуу болоод байна уу. Та улстөрч хүний хувьд сонгуулийн уур амьсгалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Сонгууль жилээс жилд намдуу болж байгаа шүү дээ. Арав, хорин жилийн өмнөх сонгуулийн үеэр энэ тэндгүй концерт, найр наадам болж, ухуулга сурталчилгаа нүсэр болдог байсан. Сүүлийн жилүүдэд үзэгдэх байдлын хувьд сонгуулийн сурталчилгаа аядуу, даруухан гэмээр болж байгаа тал бий. Нөгөө талаас, яг цаанаа бол зорилтот сегмент бүлэг рүүгээ илүү фокуслаж ажилладаг болж байна. Ялангуяа Монгол Ардын Нам төрийн аппарат, төрийн эрх мэдэл, асар их мөнгөөр бярдаж сонгууль хийж байна. Өчигдрөөс малчдад 100 мянган төгрөгийн шилжүүлэг орж эхэлсэн мэдээлэл авлаа. Засгийн газраас тусламж гэдэг нэрээр. Энэ бол шууд санал худалдан авч буй үйлдэл. Үүнийг шалгах ёстой.

Саяхан залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж санаачилга гаргадагөглөөтөсөл зогсож байгаагаа мэдэгдлээ. Үүнийг юу гэж харж байна?

-Залуучуудын төлөөлөл болж ажилладаг энэ байгууллага өмнөх сонгуулиар иргэд, олон нийт, залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, хүчтэй акц хийсэн.

Гэтэл сая ямар нэг нууцлаг шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоох болсон тухай мэдэгдлээ. Улс төрийн дарамт шахалт юмуу, юу юм. Хачирхалтай л санагдаж байна. Эрх баригч намын хувьд сонгуулийн ирц муу байх нь ашигтай. Учир нь найдваргүй, савласан саарал хэсэг цөөн байх тусмаа, өөрсдийнх нь хайрцагласан, сүлжээ үүсгэж ажилласан хатуу хэсэг нь жин дарна гэсэн үг.

Уих дахь Ардчилсан намын гишүүд нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжиж байгаа юу. Тэд өлсгөлөн зарлаж, эсэргүүцэж байсан шүү дээ. Одоо ямар байр суурьтай оролцож байгаа вэ?

-Бүлгийн дарга Н.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нарын тухайд намынхаа албан ёсны нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн байр суурьтай, өөр өөрийн онцлогтойгоор дэмжиж ажиллаж байгаа. Бусдын тухайд тодорхой мэдээлэл байхгүй байна.

Ардчилсан нам үе үеийн сонгуульд амжилттай оролцож ирсэн. Гэтэл Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгуульд ялна гэсэн итгэлгүй оролцож байгаа нь гайхширал төрүүлж байна гэх шүүмжлэл гарч байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Нэр дэвшигчтэй ойр байгаа хүний хувьд хэлэхэд, манай нэр дэвшигч ялна гэсэн гүн итгэл үнэмшилтэй явж байгаа. Дээрх асуултын буюу сонгууль даруухан болж байна гэдэг утгаар тэгж харж байхыг үгүйсгэхгүй. Үндэсний хэмжээнд явагдаж байгаа сонгууль болохын хувьд маш өндөр зардалтай байдаг, үүний нэлээд хэсгийг олон нийтийн хандив, дэмжлэгээр бүрдүүлж явдаг. Ардчилсан намыг дэмждэг үндсэн масс бол баялаг бүтээгчид, тэр дундаа олигархиуд биш, жижиг дунд бизнесийнхэн байдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн маань сүүлийн хоёр жилд цар тахлын нөлөөгөөр гүн хямралд өртсөн. Ер нь Ковидын энэ хүнд үед сонгуулиар хамаа намаагүй цацаж байх нь утгагүй юм. Харин нөгөө талд эрх баригч намд юу л байна, данхайсан том төр, данхайсан том төсөв л байна. Хэдий тийм ч, Ерөнхийлөгчийн сонгууль бол Ардчилсан намын “бөхөд” ээлтэй “наадам”. Бид ялна гэсэн итгэлтэй байгаа. Ер нь манай төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгч гэдэг инстутици бол дэлхийд ховорхон жишиг, өөрийн гэсэн онцлогтой. Үндсэн хуулиар манайх парламентын засалалтай орон хэдий ч, парламент дээр аль нэг нам хэт давуу болж, ноёрхох тохиолдолд сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч хяналт, тэнцвэрийг бий болгож өгдөг онцлогтой. Тиймээс ч Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйлээ болгосон Ардчилсан намын нэр дэвшигчид илүүтэй итгэл өгч байсан.

Ардчилсан намын зүгээс нэр дэвшигчдийн дунд таван удаагийн мэтгэлцээн хийе, бусад зардлуудаа хэмнэе, иргэд сонгогчиддоо өөрсдийнхөө үзэл бодол, бодлого төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө ярьж уралдая гэдэг уриалга гаргасан. Үүнийг “Зөв хүн электорат” эвсэл дэмжсэн. МАН-аас хараахан хариу ирээгүй байна. Дахиад бид энэ хүсэлтээ тавина. Ийм байдлаар монголчууд бид сонгуулийн утга учиргүй их зардал, хэнээрхлийг хэмнэх, илүү үр дүнтэй уралдаан зохиох ёстой юм.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө Ардчилсан намаас СЕХнд мэдэгдэл хүргүүлсэн. Сонгуулийн санал хураалт шударга болж чадах эсэхэд та бүхэн юу хэлэх вэ?

-2020 оны УИХ-ын сонгуулиар программ хангамжид зохион байгуулалттайгаар нөлөөлсөн байх магадлалтай баримтууд дэлгэгдэж байна. Тэр хэргийг хууль хяналтын байгууллага шалгаад, “хохирогчгүй хэрэг” гээд хаасан байна. Хохирогчгүй гэж юу гэсэн үг вэ? Сонгууль шударга бус явагдвал хохирогчид нь Монголын нийт сонгогчид, мөн нэр дэвшсэн, саналаа луйвардуулан ялагдсан бүх нэр дэвшигчид юм. Ер нь 2020 оны сонгуулиас хойш хар машиныг тойрсон янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Тиймээс үүнийг маш сайн шалгаж, үнэн мөнийг ньтогтоож мухарлаад явах ёстой гэдэг байр суурин дээр байна. Шударга сонгууль байхгүй болвол Монголын ардчилал мөхнө. Тэгэхээр Ардчилсан нам энэ асуудал дээр цаашид ч анхаарал тавьж, сонгуулийн луйвар гаргуулахгүй байхын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллана.

Ардчилсан нам дотооддоо нэгдэхээр боллоо гэсэн мэдээлэл цацагдаж байгаад чимээгүй болчихлоо. Юу болсон бэ?

-Ардчилсан намын гишүүд нь хоёр хуваагдаад хагарчихсан зүйл байхгүй байна. Сонгуульдаа бүгд нэгдмэл байр сууриндаа, Ардчилсан намын нэр дэвшигчээ дэмжиж оролцож байна. Харин намын дунд шатанд зарим дарга нар эсрэг байр суурь илэрхийлж, түүнийгээ нийт гишүүдийн санал мэтээр зарлаж яваа тал бий. Гэхдээ анх эсэргүүцэж байсан хүмүүс хүртэл одоо дэмжинэ ээ, ардчиллаа хамгаалж авч үлдэх үү, үгүй юү гэдэг энэ сонгуулиас ихээхэн хамаарна гэж ярьж байна. Нам бус хүмүүс ч гэсэн манай нэр дэвшигчийг дэмжиж, уриалж байгаад баяртай байна. Нэр дэвшигч С.Эрдэнэ хүний зовлонг сонсдог, ойлгодог, олон хүнийг чирч явдаг ийм онцлогтой нэр дэвшигч. Хуурамч гоё сайхан ярьдаггүй, хэлье гэснээ шулуухан хэлчихдэг. Сурталчилгааны явцад нэр дэвшигчийн маань чанар чансаа хүмүүст танигдаж, үнэлгээ нь өссөөр байна.

Харин хоёр даргын асуудал нэг талдаа шийдэгдэж байна уу гэвэл, одоогоор үгүй. Би О.Цогтгэрэл гишүүнд уулзах саналыг сүүлийн гурван долоо хоногийн турш тавьсан ч, хүлээж авсангүй. Хамгийн сүүлд манай намын Open democracy буюу “Нээлттэй ардчилал”гэдэг клубийн залуучууд хоёр талыг зуучлах уулзалт зохион байгуулахаар болсон. Яг уулзахаар болж байтал, нөгөө талаас сонгуулийн дараа болъё гээд цуцалсан. Миний хувьд, сонгуулийн өмнө уулзаж, ойлголцох санаатай байсан ч, бүтэлтэй болсонгүй.

Та ойрын үеийн улс орны нийгэм, эдийн засгийн байдлын тухайд юу хэлэх вэ?

-Одоо бол их шуурганы өмнөх нам гүм байдал гэдэг шиг л байна. Удаан хөл хорионд байсан аж ахуйн нэгжүүд дөнгөж ажиллаж эхэллээ. Цар тахал хумигдаагүй байгаа ч гэсэн иргэд маань ажил төрлөө амжуулах гээд бүгд л хөлхөлдөж байна. Жинхэнэ хямралын гамшиг долдугаар сараас эхэлнэ. Зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлт, хүүхдийн мөнгө олголт, ус цахилгааны төлбөрийн чөлөөлөлт гээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд долдугаар сарын 1-нээр дуусгавар болно. Эрх баригчдаас эдгээр арга хэмжээг цааш сунгах талаар судална гэж байгаа ч, үнэндээ бол үүнээс цааш төсөв санхүүгийн боломж байхгүй. Ердөө сонгуулийн өмнө аргацаасан мэдэгдэл. Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа “Уучлаарай бид нар чадахгүй нь ээ” гэх болов уу. Ер нь Монгол Ардын Нам, Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдээ бодохгүй, тэдний үйл ажиллагаанд санаа зовохгүй байна. Ганц жишээ хэлэхэд худалдаа эрхлэгчид, бизнес эрхлэгчид маань хил гаалийн асуудалд үнэхээр үгээ барж байна. Хил гаалийн зардал нь дөрөв дахин өссөн. Захиалсан бараа, түүхий эд хил дээр гацчихсан. Хурдан гаргаж авах нь авлигаас хамааралтай. Худалдаа наймаа хийдэг хүмүүсийн хувьд, өндөр хүүтэй зээл аваад эргэлтийн хөрөнгөөрөө бараа, түүхий эдээ захиалчихдаг. Гэтэл тэдгээр нь хил дээр нам гацаатай. Хэн ч үүн дээр ажиллахгүй байна. УИХ-ын гишүүд, сайд нар, агентлагийн дарга нар нь орон нутагт хуваарилагдан явж, нэр дэвшигчийнхээ сурталчилгааг хийгээд явж байна.

Та Ерөнхий сайд асан М.Энхсайхантай хорих ангид очиж уулзсан. Юу ярилцсан бэ?

-Сая хэд хоногийн өмнө миний бие Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайханыг эргэж очлоо. Өмнө нь 2020 оны аравдугаар сарын 10-нд хүний эрхийн өдрөөр мөн би үзэл санааны хоригдол болсон Ардчилсан намын лидерүүдээ эргэж очиж байсан. Ардчилсан нам шударга шүүхээр шүүлгүүлж чадаагүй үзэл санааны хоригдол болсон энэ хүмүүсээ хамгаалж өмгөөлж дуугарах ёстой. Олон нийтэд шүүхийн хараат бус байдал, хэргийн цаад учир шалтгаан, үнэн мөнийг олон нийтэд гаргаж тавьж, сануулж байх ёстой.

Бид хуулийн засаглалтай оронд амьдарч байгаа учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Хамгийн гол нь тэр шүүх маань хараат бус байж, шүүхийн процесс нь хуулийн дагуу байх ёстой. XX зуунд Монголын тусгаар тогтнолын төлөө явсан төрийн зүтгэлтнүүд толгой дараалан хядуулсан. Хилсээр цаазлуулж, шоронд тамлагдсан. Тэгвэл өнөөдөр гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилласан, чөлөөт зах зээлийн нийгэм, эдийн засгийн тэлэлтийн бодлого дээр гардаж ажилласан төрийн зүтгэлтнүүд шоронд хоригдож байна. Дубайн гэрээ гэдэг ч юм уу сүртэй нэртэй хэрэг ярьж байгаад, эцэст нь албаны автомашины үнийн зөрүү гэх мэт зүйл ангиар яаж ийгээд буруутгах жишээтэй. Сталины “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг зарчим шүү дээ. Тиймээс цаашид ч бид энэ хэргийн үнэн мөнийг тогтоох хүртэл явах ёстой.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх бич өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 5, Санчир гариг. Билгийн тооллын 25, Дэлгэрүүлэгч одтой, хөх бич өдөр. Өдрийн наран 04:55 цагт мандан, 20:46 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.