Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн 2087 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмжийг туршив

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн автоматжуулсан системийг туршлаа.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд сонгуулийн үйл ажиллагаанд ашиглах автоматжуулсан хэрэгслийн иж бүрдлийн бэлэн байдлыг шалгах, ирц бүртгэлийн болон санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор туршилтын ажлыг ээлж дараатай зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд байгуулагдсан сонгуулийн 2087 хэсгийн хороонд байрлуулсан хяналтын камерын бүрэн бүтэн байдал, суурилуулалт, ирц бүртгэлийн программын ажиллагааг энэ сарын 2-нд, сонгогчдын ирцийн мэдээ дамжуулах, хүлээн авах, нэгтгэх туршилтыг өчигдөр явууллаа. Уг ажиллагааг СЕХ-ноос баталсан тусгай удирдамжийн дагуу Мэдээллийн технологийн төв, мэдээллийн технологийн багийн 148 гишүүн, 2481 даамал, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнуудын оролцоотойгоор гүйцэтгэсэн байна. Туршилт, хяналтын ажиллагааг бүхэлд нь “Сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулах, гэрчилгээ олгох” Ажлын хэсэг хяналт тавьж байгаа юм. Өнөөдөр санал тоолох төхөөрөмжийн ажиллагааг турших, өгөгдөл дамжуулж, сүлжээний бэлэн байдлыг шалгах туршилтын ажиллагааг орон даяар явуулж, ажиглагч, олон нийтэд нээлттэй танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“COVID-19 Ersdel” системийг 415 мянган хүн ашиглаж байна

Коронавируст халдварын тархалт манай улсад буурахгүй байгаа энэ үед та өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалж, хөл хөдөлгөөн ихтэй газраар зорчихдоо COVID-19 ERSDEL системийг гар утсандаа суулгахыг Apple болон Google компаниас зөвлөж байна. Тус системийг дэлхийн 60 гаруй улсад 130 сая хүн ашиглаж байгаа бөгөөд манай улсад 2021 оны дөрөвдүгээр сарын 19-нд нэвтэрснээс хойш өдгөө 415 мянган хүн ашиглаж, коронавирустай тэмцэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

COVID-19 ERSDEL систем нь иргэдэд коронавируст халдварт өртсөн байж болзошгүй тухай мэдэгдлийг цаг алдалгүй мэдээлэх боломжийг олгох юм. Мөн коронавируст халдвартай өвчтөн болон хавьтлыг илрүүлэх, тандан судалгааны ажлыг нь хялбарчлахад үндсэн үүрэг нь оршино.

COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Коронавируст халдварын шинжилгээний хариу эерэг гарсан иргэний гар утсанд Улсын Онцгой комиссоос мессиж бүхий мэдэгдэл очно. Тус мэдэгдэлээр ирж буй линк дээр дармагц тухайн иргэн COVID-19 ERSDEL систем руу автоматаар нэвтэрч, шинжилгээний хариугаа 24 цагийн дотор бусадтай хуваалцаж, өөрт ойр байсан хүмүүст халдварт өртсөн байж болзошгүй талаарх сэрэмжлүүлгийг хүргэх юм. Энэ үед таны хувийн болон байршлын талаарх мэдээлэл COVID-19 ERSDEL системд хадгалагдахгүй мөн цааш дамжуулагдахгүй гэдгийн санаарай.

COVID-19 ERSDEL системийг ашиглан шинжилгээний хариугаа бусадтай хуваалцсанаар Ковид-19 вирусийн тархалтыг бууруулах, гэр бүл, хайртай дотнын хүмүүсээ цар тахлаас хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой юм.

COVID-19 ERSDEL СИСТЕМД ЮУГ АНХААРАХ ВЭ?

  • Энэхүү систем нь Bluetooth технологийг ашиглан хэдэн минут тутамд өөрчлөгддөг, санамсаргүй тоон дарааллыг үүсгэдэг тул таны гар утасны Bluetooth асаалттай байх ёстой. Bluetooth нь асаалттай байснаар таны гар утасны цэнэгт ачаалал үзүүлэхгүй.
  • Энэхүү систем нь тухайн иргэний байршлын мэдээллийг хянахгүй, цуглуулахгүй
  • Таны хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй.
  • Дата унахгүй
  • Хэрвээ та халдвартай хүнтэй ойр байж халдварт өртсөн байж болзошгүй бол танд мэдэгдэнэ.

COVID-19 ERSDEL СИСТЕМИЙГ ГАР УТСАНДАА СУУЛГАХ ЗААВАР

Хэрвээ та iPhone хэрэглэгдэг бол үйлдлийн систем нь 12.5, 13.7 хувилбар эсхүл түүнээс хойших хувилбарууд дээр “Settings” цэсээс тохиргоо хийх боломжтой.

iOS -Settings – Exposure Notification -“Turn On Exposure Notifications” хийж идэвхжүүлнэ. Үргэлжлүүлэх товч дараад тэндээс Монгол Улсыг сонгож AGREE буюу ЗӨВШӨӨРӨХ товч дарна.

Харин Android үйлдлийн системтэй бол Playstore -оос COVID19 ERSDEL аппликейшныг татаж авснаар ашиглах боломжтой.

Android утасны хувьд Play Store-оосоо Ersdel гэсэн түлхүүр үгээр хайлт хийж “Ковид-19 Эрсдэл” апп -г суулгаж зөвшөөрөх товчийг дарснаар идэвхжинэ.

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ улс-төр

МАН сонгуулийн сурталчилгаагаа цахимаар үргэлжлүүлэхээр болжээ

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн Д.Амарбаясгалан сонгуулийн сурталчилгаагаа өнөөдрөөр зогсоож цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

Тэрээр “МАН сонгуулийн сурталчилгаагаа зогсоож байна

“Зөв ХҮН электорат” эвслээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Д.Энхбат коронавирусийн халдвар авсан тул сонгуулийн сурталчилгаагаа цахимаар явуулахыг бусад нэр дэвшигчдэд уриалсан.

Тэгвэл ХҮН-ын саналыг МАН хүлээн авч байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “МАН-ын зүгээс ХҮН-ын уриалгыг хүлээн авч коронавирусийн халдварын эрсдэл нэмэгдэж байгаа тул сонгуулийн сурталчилгаагаа өнөөдрөөр зогсоож байна. Цаашид зөвхөн цахимаар болон хэвлэл мэдээллийн сувгаар сурталчилгааг үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдлээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Виртуал уран зургийн үзэсгэлэнгээр зочлоорой

Цар тахал, эдийн засгийн хүнд нөхцөл, улс төрийн будлиан болон сонгууль зэрэг олон асуудлууд биднийг тойрон хүрээлж байна. Уран зургийг харж эсвэл дүрслэх урлагаар хичээллэх нь хуримтлагдсан стрессийг буруулдаг болох нь нэг биш судалгаагаар батлагдсан байдаг.

Тухайлбал, Норвеги улсын 130.000 хүний дунд хийсэн нэгэн судалгаанд хамгийн багадаа дөрвөн удаа урлагтай холбогдолтой арга хэмжээнд оролцсон хүмүүсийн 84 хувь нь эрүүл мэндийн асуудалгүй байсан ба 91 хувь нь өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байдгаа санал асуулгын үеэр хэлсэн байна. Тиймээс уран зургийн үзэсгэлэнгүүдээс сонгон үзэж гоо зүйн мэдрэмжээ сэргээхийн сацуу стрессээ тайлаарай.


“Faces of Frida”

Google Arts & Culture тавцангаас нэгэн гайхалтай бэлгийг задалсан байна. Тэд домогт зураач Фрида Калогийн 800 гаруй зураг болон түүний эдэлж хэрэглэж байсан хувцаснуудтай ямар ч үнэ төлбөргүйгээр онлайнаар танилцах боломжийг нээжээ. Энэхүү үзэсгэлэн нь анх 2018 онд Лондон хотын Виктория болон Альбертын музейд тавигдаж байсан бөгөөд энэ удаад Google компани нийт 33 олон улсын музейтэй хамтран ажилласны үр дүнд хүн бүрд утас, компьютерын дэлгэцээсээ Фридагийн ертөнцөөр аялах боломжийг бий болгосон байна.

Үзэсгэлэнг энд дарж үзнэ үү.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 1)

“Platform: New York”

Цар тахал дэгдсэнээс улбаалан уран зургийн галерей, музей үүд хаалгаа барьсан билээ. Энэхүү нөхцөл байдал нь ялангуяа үйлчлүүлэгч цөөн, олонд танигдаж амжаагүй газруудад хүндхэн туссан байна. Иймд Нью Йорк хотын David Zwirner галерей-с Манхэттен, Брүклиний дүүргүүдэд байрлах нийт 12 галерейтай хамтран “Platform: New York” виртуал үзэсгэлэнг нээжээ. Та тус үзэсгэлэнгээс хараахан дэлхийд танигдаж амжаагүй байгаа уран бүтээлчдийн бүтээлүүдтэй танилцаж тэдний дотоод ертөнцийг мэдрэх боломжтой.

Зураачдын уран бүтээлтэй энд дарж танилцаарай.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 2)

“From Station to the Renovated Musée d’Orsay”

Seine голын зүүн эрэг дээр байрлах төмөр замын буудлын барилга дотор Парисын хамгийн алдартай музейн нэг Musée d’Orsay байрладаг бөгөөд энэхүү музей нь импрессионизмыг бишрэгчдийн зүглэх дуртай газар гэдгээрээ алдартай билээ. Musée d’Orsay-д хадгалагддаг Эдуард Манегийн “The Luncheon on the Grass”, “Olympia” Винсент Ван Гогийн “The Starry Night” болон Жан Франсуа Миллегийн “The Gleaners” уран зургуудыг үзэхээр хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс айлчлан ирдэг билээ. Харин тэд цар тахал дэгдэж хүндхэн нөхцөл байдал үүссэний улмаас олон сонирхолтой подкаст болон виртуал үзэсгэлэнг нэвтрүүлээд байна. Бидний зүгээс музейн бүтээн байгуулалтын үйл явцын талаар өгүүлдэг “From Station to the Renovated Musée d’ Orsay” үзэсгэлэнг онцолж байна.

Дэлхийд алдартай Musée d’Orsay-ийн түүхийг эндээс үзээрэй.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 3)

“ATELIER E.B: PASSER”

ОХУ-ын нийслэл Москва хотод байрлах “Гараж” орчин үеийн дүрслэх урлагийн музейд нээгдсэн “ATELIER E.B: PASSER” виртуал үзэсгэлэнгээр ороод гарахыг зөвлөе. Тус үзэсгэлэнг загвар зохион бүтээгч Беки Липскомб болон зураач Люси Маккензи нар зохион байгуулжээ. Тэд бүтээлүүдээрээ дамжуулан загварын утга учрын талаарх үзэл бодлоо илэрхийлсэн бөгөөд загварыг дүрслэх урлаг болон дизайны салбаруудтай нэгтгэхийг зорьсон байна. Сонирхуулахад, “Гараж” музей нь тусгаарлалтын горим тогтоосноос шалтгаалан бүтээлүүддээ зориулан сонирхолтой playlist-ийг гаргажээ.

Урлаг ба загварын нэгдлийг эндээс үзээрэй

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 4)

“Cats in Art History”

Эртний Египетчүүд бол муурыг шүтэж муурын сэдэвтэй шүлэг, кино болон уран зургийг туурвих дуртай байсан ард түмэн. Тиймээс Universal museum of Arts болон Парисын Grand Palais нар хамтран муурыг дүрсэлсэн уран зургуудаар дэлхийн хаанаас ч онлайнаар үзэх боломжтой үзэсгэлэнг гаргажээ. Эндээс Теодор Жерикогийн бүтээлээс авахуулан Стейнлейны зураг хүртэл дамжин явж буй муурыг харах боломжтой бөгөөд бүтээл бүрт тэдний бэлгэдлийг шингээсэн байна. Тодруулбал, дундад зууны зураг дээр муурыг Сатантай адилтгаж дүрсэлсэн бол эртний Египетчүүд сайхан сэтгэл, эхийн хайрыг муураар дамжуулан харуулжээ.

Тэдний ертөнцөөр энд дарж аялаарай.

Өнөөдөр Facebook, Instagram-аар биш виртуал уран зургийн үзэсгэлэнгээр аялъя (фото 5)
Categories
мэдээ улс-төр

СЕХ: Сонгуулийн сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарьт өөрчлөлт оруулжээ

Монголын Үндэсний Олон Нийтийн радио, телевизээр энэ сарын 07-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мэтгэлцээн зохион байгуулахтай холбогдуулан тухайн өдрийн сонгуулийн сурталчилгааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 41 дүгээр тогтоолоор сурталчилгааны төлбөргүй нэвтрүүлгийн хуваарь, цагт оруулсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нисэхийн аюулгүйн тойргоос Буянт-Ухаа чиглэлд мод тарина

Нисэхийн аюулгүйн тойргоос Буянт-Ухаа нисэх онгоцны буудал чиглэлд мод тарина.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас моддыг ялгаж ачууллаа. Учир нь ирсэн моднууд 6м өндөртэй бусад моднуудтай харьцуулахад титэм бага, үндэсний ком жижигтэй тул дээрх салхи ихтэй байршилд ургалт удаашрах эрсдэлтэй юм. Үлдсэн моднуудыг байшингийн нөмөрт, орон сууцны хотхон дотор бичил цэцэрлэгт хүрээлэн чиглэлээр бөөнд нь тарихаар төлөвлөж байна.

Хотын Ерөнхий менежер гудамж талбайд таригдах том оврын нарс моднуудын титэм, өндрийг шалгаж таригдах байршлуудыг нэг бүрчлэн зааж өгчээ. Талбай дээр Хотын Ерөнхий менежерээс гадна Чанарын менежментийн зөвлөлийн доктор, дэд профессор Д.Чанцалням, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн, хяналтын төрийн бус байгууллагын албан хаагчид ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга: Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат цол, төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ОЛГОХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсад стратегийн өндөр ач холбогдол бүхий эдийн засгийн асар их өгөөжтэй Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргал, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхан нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км шинэ төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай удирдан хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын баг болон эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Улаанбаатар БҮК” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Даваагийн Нямхүү,

“Мах импекс” ХХК-ийн ахмад ажилтан Жамцын Сүхболд нарыг,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ахмад багш Жаргалын Тангад,

Монголын залуу багш нарын холбооны зөвлөх багш Дүгэржавын Цэдэнпил,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

“Бидний зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шижирийн Алтангэрэл,

“Түм арвижих” ХХК-ийн захирал Буяндэлгэрийн Болд,

Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Хошууч генерал Пүрэвийн Доржсүрэн,

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын орлогч дарга, хурандаа Цэгмэдийн Ганхөлөг,

“Арц суварга” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Шажинбатын Алтансүх,

“Би Би Би сервис” ХХК-ийн захирал Ням-Осорын Батбаяр,

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Батсуурийн Энхбаяр,

“Өрнөлком” ХХК-ийн захирал Жалбуугийн Шажинбат нарыг,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Рэнцэнхандын Батсүх,

Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн ачаа тээврийн бүлгийн жолооч, ахлах ахлагч Борчулууны Мөнхтөр,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Дамдинсүрэнгийн Жигжиднямаа,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Замын аж ахуйн албаны дарга Юмжээгийн Нямжаргал,

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар татах хэсгийн инженер Хандсүрэнгийн Сүрэнжав,

“Айсвн” ХХК-ийн захирал Дамбын Туяа нарыг,

МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

МОНЦАМЭ агентлагийн ахмад сэтгүүлч Чулуунбатын Эрдэнэ,

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Эрэнжидийн Хархүү,

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын ахмад настан Түгжийн Элбэгдорж,

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:

Зэвсэгт хүчний 027 дугаар ангийн орлогч, хурандаа Галхүүгийн Наранхүү,

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Касины Хымбат,

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:

“Ситинэтком” компанийн зөвлөх Пунцагийн Улаанхүү,

Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Цэндийн Баатар,

Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн салбарын эрхлэгч Эрдэнийн Пүрэвжав,

Шинжлэх ухааны академийн Химийн технологийн хүрээлэнгийн ажлын удирдагч Пэлжээгийн Одонмажиг,

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Цэргийн төв эмнэлгийн дарга, ерөнхий эмч Сүхбаатарын Батболд,

Цэргийн төв эмнэлгийн сувилагч Агваансодовын Сольхүү,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

“Партизан тэнхлэг” ХЗХ-ны захирал Чоглонгийн Даваасамбуу,

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Суурь бүтэц хариуцсан орлогч дарга Константин Ремович Белош,

Зэвсэгт хүчний Жанжин штабын ахмад ажилтан, Бригадын генерал Монтойн Хүрлээ нарыг тус тус шагналаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

Бүтээн байгуулагчид аа,

Манлайлагчид аа,

Монголчууд түүхэндээ анх удаа бие даан гүйцэтгэсэн үндэсний томоохон түүхэн бүтээн байгуулалт, эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх нэгэн том үйлс Та бүхний зүтгэл, сэтгэлээр бий болж байна. “Шинэ төмөр зам” төслийн “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416 км, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км, нийт 700 гаруй км төмөр замын бүтээн байгуулалт төгсгөлийн шатандаа орж, хэзээ мөдгүй анхны тээвэрлэлтээ хийх гэж байна.

Монголчууд том бүтээн байгуулалт хийх чадваргүй хэмээн биднийг мохоохыг чармайж, санхүүжилтээс бодлоготойгоор татгалзаж, үл итгэн гацааж байсан төслийг Та бид саад бэрхшээлийг үл хайхран өнөөдөр бодит ажил болгосонд бахархал омогшил өөрийн эрхгүй төрж байна.

Монголчууд УИХ-ын 2008 оны зургадугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг анх удаа батлуулсан. Энэ бол Монголын төрөөс эдийн засгийн тусгаар тогтнолыг бэхжүүлэх, баялгийн экспортыг эрс нэмэгдүүлэх чиглэлээр дор хаяж 10-100 хүртэлх жилийн цаадхыг тооцоолж гаргасан бодлого юм.

Дээрх бодлого хэрэгжих хүртлээ олон саад бэрхшээлийг даван та бүхний хамтын хүчээр өнөөдөр бодит ажил болж эхэлж байна.

Нийт 6,000 гаруй км төмөр замын үндэсний сүлжээг гурван үе шаттайгаар байгуулах “Шинэ төмөр зам” төслийн эхний үе шат болох “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалт дотоодын санхүүжилтийн эх үүсвэрээр хоёрхон жилийн дотор бүтээн байгуулагдлаа. Улс төржилт, бүлэглэлийн ашиг сонирхол саад болоогүй бол ямар их боломж нээгдэж, үр дүнгээ өгч болохыг бид харж байна.

2019 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүн санал нэгтэйгээр энэхүү төрийн бодлогыг дэмжин ажилласныг энд цохон тэмдэглэмээр байна.

“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замыг бүтээн байгуулах ажлыг төрийн өмчит “Эрдэнэс-Тавантолгой” компани болон “Монголын Төмөр зам” компанийн хувь эзэмшлийн “Тавантолгой төмөр зам” компани гардан гүйцэтгэж байгаа, тун удахгүй дуусна. Овоолсон шороо хэмээн адлагдаж байсан энэ их ажил амжилттай үргэлжилж байна. Шинэ төмөр замын ажилд бие сэтгэлээ зориулсан, оролцсон, дэмжсэн бүх хүнд талархлаа.

“Монголын төмөр зам”, “Тавантолгой төмөр зам” Зэвсэгт хүчний Жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” тэргүүтэй үндэсний хэмжээний 120 гаруй аж ахуйн нэгж, төрийн өмчийн үйлдвэрийн газруудаас нийтдээ 10 мянга гаруй хүн, 3 мянган хүнд даацын техник, тоног төхөөрөмж төмөр замын бүтээн байгуулалтад оролцжээ. Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэлээ.

Монгол инженерүүдийн ур чадвар, мэдлэг боловсрол нь их бүтээн байгуулалтыг бүтээн босгох чадвартайг бид өнөөдөр харж, бахдаж байна. Бид чадсан. Монгол залуус, инженерүүдээрээ бахархаж байна.

Энэ бүтээн байгуулалт экспортын орлогыг 5 дахин өсгөж, замын дагуу орших 37 орд газрын баялгийг эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж байгааг энд дурдмаар байна. Шинэ төмөр замын төсөл нь нийгэм, эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх, хэдэн арван мянган ажлын байр бий болгох бодит ач холбогдол, нөлөө бүхий бүтээн байгуулалт юм. Эдийн засгийн хараат бус байдлыг баталгаажуулах, олон зах зээлд гарцтай болох, газрын баялгийг эргэлтэд оруулж, нийт монголчууд баялгийнхаа үр шимийг бодитоор хүртэх боломжийг нээж байгаа нь хамгийн гол ач холбогдол хэмээн дүгнэж байна.

Эрхэм төмөр замчид, бүтээн байгуулагчид аа,

Манлайлагчид аа,

Та бүхэнд дахин талархал илэрхийлж, төрийн дээд цол, одон медалиар шагнагдсанд баяр хүргэе. Өнөөдөр шагнагдагсдын дундаас онцлон дурдах учиртай хүмүүс байна.

Монгол Улсын стратегийн онцгой чухал ач холбогдол бүхий “Тавантолгой-Зүүнбаян”, “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг амжилттай удирдан зохион байгуулж, оновчтой шийдэл бүхий менежментийг гардан хэрэгжүүлж, мэргэжлийн удирдлагаар хангаж, зөвлөх үйлчилгээ үзүүлж, захиалагчийн хяналтыг онц сайн хийж гүйцэтгэсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргалд баяр хүргэе!

Зэвсэгт хүчний Жанжин штабын Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайханы удирдан зохион байгуулсан Зэвсэгт хүчний Барилга-инженерийн анги, салбарууд энэ бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэхдээ төмөр замын доод бүтцийг барих ажлыг хугацаанд нь дуусгаж чадсан юм. Төсөлд оролцсоноор барилга-инженерийн ангиудын чадавх, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар нэмэгдэж, цаашид томоохон бүтээн байгуулалтад оролцох, бие даан үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтойг нотлон харууллаа. Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон Зэвсэгт хүчний Жанжин штабын нийт бие бүрэлдэхүүний хөдөлмөр зүтгэлд Танаар дамжуулан талархал илэрхийлж, халуун баяр хүргэе. Өнөө жил 100 жилийн ойтойгоо золгож буй ялгуусан түүхт орчин цагийн Монголын Зэвсэгт хүчин үндэсний түүхэн бүтээн байгуулалтын фронтод ялалт байгуулан ард түмнийхээ бахархал, хөдөлмөр алдрын баатар болж байна.

Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол шагнагдсан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал Рэнцэнхандын Батсүхэд баяр хүргэе. Монголчуудын анхны бие даан босгосон түүхэн бүтээн байгуулалтын захиалагчаар ажиллаж, Техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олныг төлөөлүүлэн Таныг шагнаж байгаа юм шүү.

Төмөр замын доод бүтцийн Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан Зэвсэгт хүчний Жанжин штаб, гүйцэтгэлийг газар дээр нь удирдсан Зэвсэгт хүчний 7781 дүгээр ангийн захирагч, Хошууч генерал Пүрэвийн Доржсүрэнд Гавьяат барилгачин цол шагнаж байна. Баяр хүргэе.

Төмөр замын дээд бүтцийн үндсэн ажлыг удирдаж ажилласан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Дамдинсүрэнгийн Жигжиднямаад Гавьяат тээвэрчин цол, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн суурь бүтэц хариуцсан орлогч дарга Константин Ремович Белошид Сүхбаатарын одон хүртээлээ. Энэ хоёр эрхэм эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирж чадаагүй. Давхар баяр хүргэе!

Эх орныхоо нэрийг тив дэлхийн тавцанд өндөрт өргөсөн чөлөөт бөхийн тамирчны замналаараа 1984 онд Гавьяат тамирчин болж байсан Буяндэлгэрийн Болд “Түм арвижих” компанийн захирлын хувиар төмөр замын түүхэн бүтээн байгуулалтад хамт олныхоо хамтаар гар бие оролцон, сэтгэл зүтгэл гарган ажиллаж, Гавьяат барилгачин цолоор шагнагдаж, давхар Гавьяат цолны эзэн болсонд баяр хүргэе!

Энэ төслийн явцад төмөр замын бетон дэрийг Монгол Улсад 100 хувь үйлдвэрлэсэн нь онцлууштай хэрэг болсон юм. Бетон дэрийн 50 хувийг үйлдвэрлэн хангасан “Улаанбаатар БҮК” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Даваагийн Нямхүүг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор шагнаж байна.

Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн ачаа тээврийн бүлгийн жолооч Борчулууны Мөнхтөрд өнөөдөр Гавьяат тээвэрчин цол олголоо. Төмөр замын бүтээн байгуулалтын түүхий эд, бараа материал, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тээвэрлэж цаг тухайд, осол эндэгдэлгүйгээр тээвэрлэн хангасан олон зуун жолоочдыг манлайлан ажилласан гавьяаг тань үнэлж байгаа юм шүү. Тээвэрчдэдээ баярлалаа.

Дорноговь аймгийн Мандах сумын нутагт төмөр замын доод, дээд бүтцийн ажлыг гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийг үлгэрлэж, консорциум хэмжээнд зохион байгуулж, манлайлан ажилласан “Бидний зам” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шижирийн Алтангэрэл, Зүүнбаян багийн хэсэгт онцгой зүтгэл гарган ажилласан “Би Би Би сервис” ХХК-ийн захирал Ням-Осорын Батбаяр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт ажилласан “Арц суварга” ХХК-ийн гүйцэтгэх захирал Шажинбатын Алтансүх нарын гавьяа зүтгэлийг үнэлж, Гавьяат барилгачин цол хүртээж байгаадаа туйлын баяртай байна.

Цар тахлын онцгой нөхцөл байдалд бие бүрэлдэхүүнийг халдвараас холуур байлгах, осол эндлээс урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой удирдлага, зохион байгуулалтаар ханган ажилласан эмнэлгийн багийн хичээл зүтгэлийг үнэлж, Цэргийн төв эмнэлгийн Ерөнхий эмч Сүхбаатарын Батболд, Цэргийн төв эмнэлгийн сувилагч Агваансодовын Сольхүү нарт Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолыг шагналаа. Баяр хүргэе!

Манлайлагчид аа,

Төрийн цол, одон медаль хүртэгсэд ээ,

Шинэ төмөр замын бүтээн байгуулалтыг богино хугацаанд хариуцлагатайгаар амжуулж, улс эх орондоо эдийн засаг, нийгмийн цогц дэвшлийг бий болгоход хүчин зүтгэсэн гавьяа зүтгэлийг тань үнэлэх үүргийг бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувиар би гардан гүйцээж, ард түмнийхээ нэрийн өмнөөс Та бүхэнд мэхийн ёслоё. Баярлалаа.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улсад бүтээн байгуулалт өрнөж, хөгжин цэцэглэж, монголчууд сайн сайхан, амар тайван амьдрах цаг наашилж байна.

Монгол Улс бадартугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Халдвар авсан 122 хүний биеийн байдал маш хүнд байна

Коронавируст цар тахлын тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээллээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 1393 хүнээс халдвар илэрч, зургаан хүн нас баржээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 63978, нас баралт 307 болж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 5315 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 122 хүний биеийн байдал маш хүнд байгаа аж. Харин хөнгөн 2995, хүндэвтэр 1694, хүнд 504 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Яруу найрагч Эрэнжидийн Хархүү Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, “Зиндаа” сэтгүүлийн уран сайхны зөвлөх Эрэнжидийн Хархүү өнөөдөр /2021.06.05/ төр түмнийхээ хайр хүндэтгэлийг хүртэж Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.

Э.Хархүү нь Бичин жил буюу 1944 онд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг Зүүн улаан овоонд төржээ. Амьдралынхаа 30-аад жилийг ардын багшаар титэмлэж, аглагхан өмнийн говьдоо даруухан атлаа асаж дүрэлзэж, яруу найргаар хөглөгдөж яваа тэрбээр утга зохиолын алтан үеийнхэн дундаа говийн тос даасан ааруул шиг, сэвшээ хонгор салхи шиг уянга утга томсон шүлгээрээ цолгорч явсан түүхтэй. “Хайрын дулаан хорвоо”, “Би говийн хүү”, “Цомбон туурайтай хүрэн”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Улаан овооноос эхэлсэн зам”, “Амгалан цэнхэр тал”, “Миний сайхан хөдөө” зэрэг шүлэг найраг, өгүүллэг, хөрөг дурсамжийн 40 шахам ном эмхэтгэж өөрийн тод мөрөө тунхаглаж яваа билээ.

Categories
мэдээ спорт

Монголын шигшээ баг Япон улс дахь анхны бэлтгэлээ хийжээ

ДАШТ-ий урьдчилсан шатны “F” хэсгийн сүүлийн тоглолтоо 6 дугаар сарын 7-нд Киргизийн багтай хийх Монголын шигшээ баг тамирчид Япон улсын Осака хотноо баасан гарагт анхны албан ёсны бэлтгэлээ хийлээ.

Цагийн нөхцөл байдлаас үүдэн ахлах дасгалжуулагч Масэ Шүичитэй цахимаар холбогдож зөвлөгөө авч байсан манай шигшээ анх удаа дасгалжуулагчтайгаа уулзаж ийнхүү бэлтгэл хийсэн байна.

Япон дасгалжуулагч Масэ Шүичи өнөөдрийн бэлтгэлийн дараа багийн дотоод уур амьсгал халуун дулаан байж, эв нэгдэлтэй байж чадвал ямар ч багт хүчтэй өрсөлдөөн үзүүлж чадах талаар онцоллоо.

Киргизтэй хийх тоглолт 6 дугаар сарын 7-ны 15.00 цагт эхэлнэ. Тус тоглолтыг та бүхэн SPS, MNB телевизүүдээр шууд хүлээн авч үзээрэй.