Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 23-25 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон говь, хээрийн нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 градус, Их нуурууд болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 7-12 градус, Их нууруудын хотгор, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 31-36 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Хоосон торх шиг хоёрын дундаас хонины хээр шиг С.Эрдэнэ цухуйх юм биш биз

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сурталчилгаа ид өрнөж, одоо төгсгөлийн шат руугаа орж байна. Үе үеийн Ерөнхийлөгчийн сонгуулиар “Өдрийн сонин” үйл явдлыг тоймлож гаргадаг. Одоо яг тэр үе нь таарч байна. Өнгөрсөн өдрүүдэд юу болов, ямар үйл явдал өрнөв, тэр бүгдийг багцлаад нэг харъя.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАНаас нэр дэвшигч У.Хүрэлсүх. Ерөнхий сайд байсан, МАНын одоогийн дарга энэ хүн ёстой л шуугиулж байна аа. Амтай болгон У.Хүрэлсүхийг гэж байна. Хуучны монгол кинон дээр Жа ламыг морилж ирэхэд сүсэгтэн олон хуйгаараа ханарч мөргөдөг бол бүр цаашаа. Нэр дэвшигч У.Хүрэлсүхтэй гар барих, нүүрээ харуулчих санаатай олны хөл хөдөлгөөн дийлдэшгүй байна. Гар барина, ариун мэлмийд нь таалагдана гэдэг бол хуучны сүсэгтнүүдийн хувьд тун ховор олдох боломж юм. Түүний сууж байгаа ширээний булангаас адис авч байна уу гэлтэй зураг хөрөг ч гарлаа. “Хүрэлсүх сонгогдоно. Юм хийх хүү” гэж тэд хир халдаагүй өмөөрч байна. “Намбарын Энхбаяр Самбарын Энхбаяр боллоо” гэж 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бид шүүмжилж байлаа. Гэтэл тэр үе үнэнгээсээ юу ч биш болов. Нутаг оронд шинэ хувилгаан тодорсон мэт л Хүрэлсүх ханаруулан шуугиулж байна. Хамаг сайн сайхан бүхэн нэг хүнд бүрэн цогцолсон мэт сурталчлах болов. Гэхдээ энэ их дуулиан шуугиан зөвхөн өөрийнх нь хүрээлэл дотор л өрнөж байна. МАНын гишүүд, энэ намын тойрон хүрээлэгчид, фенүүдийнх нь дотор л ийм дуулиан шуугиан цуурайтаж,бужигнаж байгаа харагдах юм.

Хар машинаар сонгуулийн санал тоолох болсноос хойш сонгуулийн бульхай гэж гарахаа больсон нь үнэн юм. Хэнд хэдэн хувийн санал өгсөн нь тов тодорхой харагддаг болсон. Хар машинаар санал авснаас хойш МАН Ерөнхийлөгчийн сонгуульд 50 хувийн амжилт үзүүлсэн түүх алга. 2009 онд МАХН (МАН)аас нэр дэвшигч Н.Энхбаяр 47.41 хувийн санал авч Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болов. 2013 онд МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 41.47 хувийн санал авснаар Ц.Элбэгдорж улиран сонгогдов. 2017 онд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд 41.16 хувийн санал авснаар Х.Баттулга Ерөнхийлөгч болж байлаа. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх энэ их дуулиан нам доторх “бүүм” байж мэдэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮНаас нэр дэвшигч Д.Энхбат. Энэ хүний сонгуулийн сурталчилгаа мөн л шагшаан шуугиан дүүрэн өрнөж байна. Энэ жижиг Монголоос хэтийдсэн гэмээр л энэ хүний тухай дуулдах юм. “Ард түмний хүсэн хүлээж байгаа Ерөнхийлөгч. У.Хүрэлсүхээс илүү гарна уу гэхээс дутахгүй” гэсэн сурталчилгаа хөвөрнө. Гэхдээ ийм сурталчилгаа мөн л сошиал хүрээнд сүйдийг нь хийж байгаа. Тэнд Д.Энхбат хэдийнэ Ерөнхийлөгч болчихсон мэт. Энхбатыг сүхээр цохисон ч эмтэрч элтрэхгүй юм шиг санагдаж байна. Энэ бол сошиал доторх үйл явдал юм аа.

Сошиалаас гаднах үйл явдлыг дүгнэх нь одоохондоо эрт төдийгүй хууль эрх зүйн хувьд боломж бага байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд АНаас нэр дэвшигч С.Эрдэнэ. Нам нь дотроо хагарчихсан. Сонгуулийн сурталчилгаа хийхээр очсон газар бүрд нь шахуу “Санал өгөхгүй” гэж хөөж туусан дүр зураг харагдаж байна. С.Эрдэнийг эсэргүүцэж жагсав. “Даргагүй учир дансгүй. Сонгуульд зориуд бууж өгөх гэж орсон” гэсэн хар пиарын тоосонд булуулж сонгуульд орсон С.Эрдэнийн сурталчилгаа ямархуу байна вэ.

Тэр номхон томоотой, аядуу зөөлөн. Яг хонины номхон хээр морь мэт нэгэн жигд зөөлөн явж байгаа. Залуус хонины хээр гэж мэдэхгүй байх. Хүүхэд хөгшид ноолсон, ямар ч үед гараар баригддаг, ядарсан үед хөл дүүжилдэг морь. Хэзээд л иймээрээ байдаг морь. С.Эрдэнэ яг хонины хээр шиг нэгэн жигд, цуцашгүй сурталчилгаагаа хийж байна. Хар, цагаан хэл амны дундуур тэрээр өөрийнхөөрөө энгийн даруу явсаар л. Хайр хүрэм биш, сайхан биш, гоё биш, гэхдээ энгийн даруу өөрийнхөөрөө. Уулзсан хүн бүр “Нээрэн ийм л байдаг даа” гэж итгэл төрөм даруу. Нэвтрүүлгийг нь үзсэн хүмүүс нийтээрээ нулимс унаган магтан дуулахгүй ээ.

Гэхдээ сэтгэлийн чинадад “Дажгүй юм аа” гэсэн үнэлэлт дүгнэлт өгмөөр тийм энгийн. С.Эрдэнэ УИХд суухдаа Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хууль санаачилж хэрэгжүүлсэн нь олон олон хүний амьдралд үр өгөөжөө өгсөөр байна. УИХ-д насаараа суусан ч юу хийсэн нь мэдэгдэхгүй олон хүн байдаг. Түүний хажууд С.Эрдэнийн санаачилсан хуулиуд амьдралд хэрэгжиж, үр өгөөжөө өгсөөр байна. Баянгол дүүргийг Эрдэнэ вангийн хошуу гэж зарим нь шоглож ярьдаг. Үнэндээ сүүлийн хэдэн жил Баянгол дүүрэгт хамгийн олон эмнэлэг, ахмадын сувилал баригджээ. Баянгол дүүрэг хамгийн анх Хүүхдийн эмнэлэгтэй болов. Хүмүүст хамгийн хэрэгтэй үйлчилгээ тэр юм. Хүмүүс одоо санаж байгаа байх аа. АН өнөөдөр хоёр хуваагдсан мэт харагдаж байна. Яг санал өгөх дээрээ тулаад ирэхээр энэ намынхан өөрийнхөө хүнд санал өгөх нь тодорхой. Үүнд С.Эрдэнийн туйлбартай, илүү дутуу зангүй зан шууд нөлөөлнө.

МАН нэгэн цул мэт харагдаж байгаа ч дотроо асар олон бүлэглэлтэй, өнгө мөнгөний эрх ашиг хуваагдмал. Үүний дэргэд АНын өнөөдрийн хуваагдал өчүүхэн төдий юм.

Өнөөдрийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль иймэрхүү янзтай өрнөж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хоёр үе шаттай болно гэж таамаглаж байгаа хүмүүс бий. Тэднийхээр бол У.Хүрэлсүх, С.Эрдэнэ хоёр тунаж, дараагийн сонгууль болоход Д.Энхбатыг дэмжигчид С.Эрдэнэд саналаа өгөх магадлал өндөр гэж тааж байгаа. Тэгвэл хоосон торх шиг хоёрын дундаас хонины хээр шиг С.Эрдэнэ цухуйх юм биш биз гэсэн таамаг байна.

Д.ТУЯА

Categories
мэдээ нийгэм

Франц улсад зорчиход юуг анхаарах вэ?

Франц Улс 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс “ногоон”, “улбар шар”, “улаан” гэсэн ангиллаар халдвар, хамгааллын нөхцөл байдалд тулгуурлан бусад улс орноос ирэх зорчигчдыг эрүүл ахуйн дараах шаардлага, шалгуураар нэвтрүүлэхээр болсон байна.

Үүнд :

Европын Холбооны Эмийн агентлагийн зөвшөөрөл бүхий вакцин (PfizerBioNTech, Moderna, AstraZeneca, Janssen) хийлгэсэн эсэх, вакцинд хамрагдаагүй бол 72 цагийн доторх PCR шинжилгээний сөрөг хариу, 48 цагийн доторх эсрэг биетийн шинжилгээ, онц шаардлагатай зорилгоор зорчих эсэх гэсэн шалгуур тавигдаж байна.

Монгол Улс “улбар шар” ангилалд байгаа бөгөөд Европын Холбооны Эмийн агентлагаар хүлээн зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан зорчигч 72 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний сөрөг хариу, эсхүл 48 цагийн дотор хийлгэсэн эсрэг биетийн шинжилгээтэй байх шаардлагатай.

Харин вакцинд хамрагдаагүй зорчигч зорчихоосоо 72 цагийн дотор хийлгэсэн PCR сөрөг хариу, эсхүл эсрэг биетийн шинжилгээ 48 цагийн дотор хийлгэсэн байх, түүнчлэн онц шаардлагатай зорилгоор зорчих, 7 хоног гэрээр тусгаарлагдах журам үйлчилнэ.

Франц болон Европын иргэд, Франц Улсад урт хугацаагаар оршин суух бичиг баримттай зорчигчид нэвтэрнэ гэж Бүгд Найрамдах Франц Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээлжээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хогийг булж устгах, далан босгох ажлыг хийж байна

Сэлэнгэ аймгийн Хушаат сум олон нийтийн оролцооны аргаар хогийг булж устгах, далан босгох ажлыг хийжээ.

Энэхүү ажлыг сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Д.Сэр-Од, Н.Атаржолоо ахлагчтай иргэдийн бүлгүүд хогийг булж устгах, хогийн далан босгох ажлын тендерт шалгарч энэхүү ажлыг гүйцэтгэж байгаа гэв. Хушаат сумын төв бууриа сэлгэж, шинэ газарт нүүж ирснээс хойш эдүгээ 26 жилийн хугацаанд анх удаа хогийн цэгт хандсан ажлыг хийж байгаа аж. Олон жилийн турш хуримтлагдсан хур хогийн тархалт эрчимтэй нэмэгдэн нийт 15 га талбайг хамарсан байжээ. Энэхүү ажлын үр дүнд цаашид хог тархах байдал хумигдаж, шинээр хогийн далан үүсгэн хөрсөөр хучиж хур хогийг устгажээ. Мөн шатаах боломжтой хогийг ангилан шатаах зуух барьж байгаа аж. Түүнчлэн сумын төвийн өрх бүрийг хогийн савтай болгож, өрх бүр хогоо ангилан ялгаж хэвших ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэв.

Categories
гадаад мэдээ

Турк Хар тэнгист хийн шинэ орд газрыг илрүүлжээ

Эрх баригчид Хар тэнгист хийн шинэ орд газар илрүүлсэн тухай Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган баасан гарагт мэдэгджээ.

“Фатих” хайгуулын хөлөг онгоц 135 тэрбум шоо метр байгалийн хийн нөөц бүхий шинэ орд газрыг Хар тэнгисийн “Сакарья” дахь “Амасра-1” хэсэгт илрүүлсэн” хэмээн тэрбээр хэлсэн байна.

Одоогоор Туркаас Хар тэнгист илрүүлсэн байгалийн хийн нөөцийн нийт хэмжээ 540 тэрбум шоо метрт хүрээд байгаа тухай Т.Эрдогэн хэлжээ.

Турк улс 2020 оны 8 дугаар сарын 21-нд Хар тэнгист байгалийн хийн томоохон нөөц газрыг илрүүлсэн юм. Эрх баригчид 2023 он гэхэд дотоодын зах зээлд нийлүүлэлт хийнэ гэж тооцоолж байна. Эрх баригчид хийн олборлолттой холбоотой техникийн асуудлуудыг ойрын хугацаанд шийдэж, даруй өрөмдлөгийг эхлүүлнэ гэдгийг Туркийн Ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймгийн баяр наадам 7 дугаар сарын 1, 2-ны өдөр болно

Говь-Алтай аймгийн 98 жилийн ойн баяр наадам 7 дугаар сарын 1, 2-ны өдөр болно.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 38 дугаар тогтоолоор Тулгар төрийн 2230, Их Монгол улс байгуулагдсаны 815 жил, Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жил, аймгийн баяр наадмыг 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулахаар баталсан байна. Энэ жилийн аймгийн баяр наадамд улсын цолтой бөхчүүдийг барилдуулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Одоогоор баяр наадмыг зохион байгуулах комисс, хороодыг байгуулан бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр “Дэлхийн байгаль орчны өдөр” тохиож байна

1972 онд НҮБ-ын Ерөнхий ассемблейгаас 6-р сарын 5-ны энэ өдрийг Дэлхийн байгаль орчны өдөр болгон зарласан билээ.

1974 онд “Зөвхөн нэг дэлхий” уриан дор анх арга хэмжээг зохион байгуулж байсан бол дараа дараагийн жилүүдээс энэ өдрийг агаарын бохирдол, хуванцар хош хаягдал, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаа, тогтвортой хэрэглээ зэрэг хүрээлэн буй орчинд тулгарч буй бэрхшээл, хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх платформ болгон хөгжүүлж ирсэн.

Цаашлаад Дэлхийн байгаль орчны өдрийг тохиолдуулан хэрэглээний хэв маяг, үндэсний болон олон улсын түвшинд байгаль орчны бодлогыг сайжруулан өөрчлөхөд дэмжин ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Мексикийн далбаа нөмөрсөн төгсөх ангийн сурагчийн дипломыг гардуулахаас татгалзжээ

Хойд Каролинагийн ахлах ангийн сурагчийг төгсөлтийн өмсгөл дээрээ Мексикийн далбааг нөмөрлөө хэмээн диплом гардуулахаас татгалзаж буй бичлэг TikTok цахим хуудаст тавигдсанаар олон нийтийн анхаарлыг татжээ. Бичлэгт тайзан дээр Мексикийн далбааг мөрөн дээгүүрээ нөмөрсөн Эвер Лопез хүүд нэгэн багш диплом гардуулахаас татгалзаж байгаа дүр зураг гарна.

Мөн бичлэгт Лопез нөмөрч байсан далбаагаа тайлах гэж хичээж буй дүр зураг гарах аж. Энэхүү ёслолын үйл ажиллагааг мөн Сити сургуулийн фэйсбүүк хаягаар шууд дамжуулсан байна. Дүүргийн удирдлагууд түүнийг хувцаслалтын дүрмийг зөрчсөнийхөө төлөө уучлалт гуйхыг хүсч байгаа аж.

Түүний үеэл Хуртадо “Харамсалтай нь тэр дипломоо авч чадаагүй. Багш болон сургуулийн удирдлага түүнийг уучлалт гуйхыг хүсэж байна. Мэдээжийн хэрэг тэр тэгэхгүй” гэжээ. Сурагчийн гэр бүлийнхэн сургуулийн захиргаатай уулзахад “Лопез хувцаслалтын дүрмийг зөрчсөн учир дипломоо авахын тулд уучлалт гуйх шаардлагатай” гэжээ.

Ёслолын ажиллагаанд оролцож, бичлэгийг үзсэн хүмүүс сургуулийн удирдлагыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэж буруутгаж байгаа ч сургуулийн зүгээс өгч буй мэдэгдэлдээ “Энэ үйл явдлыг олон нийтийн сүлжээгээр “ташаа мэдээлэл” болгож байна, тэр зөвхөн хувцаслалтын дүрмийг зөрчсөн тул зөвшөөрөөгүй юм” гэжээ. Нэг үгээр Мексикийн далбаа эсэх нь үүнд хамаагүй юм гэсэн тайлбарыг өгчээ.

Сурагчид баасан гарагт ахлах сургууль дээр эсэргүүцлийн жагсаал хийсэн ба Лопезд дипломыг нь өгөхийг шаардсан Change.org-ийн өргөдөлд 63 мянга гаруй гарын үсэг цуглуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Налайхын зам, барилгын ажлын явц 81 хувьтай байна

Налайхын авто замын өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Тодруулбал, Налайхаас хот руу чиглэсэн авто замын өнгө хучилтын ажил бүрэн хийгдсэн. Харин Баянзүрхийн гүүрнээс Налайх чиглэлд замыг хэсэгчлэн хааж, хучилтын ажлыг хийж байгаа юм. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх тус 20.9 км зам, барилгын ажил 81 хувьтай байгааг албаныхан хэлж байлаа.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох “2020 онд нэг чиглэлийн замынхаа өнгө хучилтыг хийсэн юм. Өнгөрсөн жил есдүгээр сарын 15-наас нэг сар хагас ажиллаж, цар тахалтай холбоотойгоор ажил хийгдээгүй. Харин энэ жилийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Өдгөө өнгө хучилтын ажил үргэлжилж байна. Дөрвөн эгнээ бүхий 20.9 км замын ажлын хүрээнд туслах 3.7 км зам, 38 цэгт ус зайлуулах хоолой, 21 метр урт гүүр, мал, амьтанд зориулсан болон машин гарах тус бүр нэг нүхэн гарц хийхээс өнгө хучилтын ажил үлдсэн. Зургадугаар сарын 30-нд өнгө хучилтын ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Үлдэгдэл ажлыг долдугаар сард багтаан хийж дуусгана” гэв.

Өнөөдрийн байдлаар хятад, монгол 170 орчим ажилтан өнгө хучилт, туузан хашлага, гялбаа сарниулагч суурилуулах, ус зайлуулах хоолойн амсрын бэхэлгээ зэрэг ажил хийж байгаа аж.

Тус замын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа “Мөнхөд ашдын зам” ХХК-ийн зөвлөх Д.Нанзаддорж “Бид замын технологи, ажлын чанар, явцад хяналт тавьж, 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Замын чанар сайн байгаа” хэмээв.

Налайхын замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хийж байгаа юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

“Гандангийн 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийнэ” гэв

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлт, барилгажуулах ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Гэр хорооллын 226 мянган өрхийг орон сууцны төлөвлөлтөд хамруулах ажил эрчимтэй явж байна. Төсөв, санхүү, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаас болж Улаанбаатар хотод сүүлийн 30 жилд хуримтлагдсан, шийдэж чадаагүй олон ажил бий. Тиймээс Улаанбаатар хотын гэр хорооллын төлөвлөлтийг шинэчлэх, хотын төвлөрлийг задлах, түгжрэлийг бууруулах шаардлагатай байгаа. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хамт төвийн зургаан дүүргээр явж, бүтээн байгуулалт хийх хэд хэдэн байршилтай танилцлаа. Бодит байдалтай газар дээр нь очиж танилцана гэдэг бол хамгийн сайн үр дүн байдаг. Яагаад гэвэл оновчтой, зөв шийдвэр гаргана. Үүнээс үүдэн дараагийн хөрөнгө оруулалтын ажлууд шуурхай явдаг.

Баянгол дүүрэгт хэсэгчилсэн инженерийн байгууламжаар гэр хорооллыг барилгажуулах ажил хэд хэдэн байршилд хэрэгжиж байна. Цаашлаад гэр хорооллыг барилгажуулахад иргэдийн оролцоо чухал. Хамгийн гол нь иргэдтэйгээ ойлголцож, хамтарч ажиллах шаардлагатай байгаа.

Сүүлийн 30 жилд хуримтлагдаж ирсэн хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Засгийн газар, УИХ-ын түвшинд дэмжиж, оновчтой шийдвэр гаргасан. Мөн нэгдмэл зохион байгуулалтад ороод ажиллаж эхлэхээр гаднын хөрөнгө оруулагч нар Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж байна. Яриа, хэлэлцээр эхэлсэн. Засгийн газрын хуралдаанд хийж байгаа ажлаа үе шаттай танилцуулна. Гандан хийдийг өв соёл дээр суурилсан соёлын аялал жуулчлалын байдлаар хөгжүүлнэ. 53 га газарт иргэдтэй ярилцаж, төлөвлөлт хийж, улс, нийслэл, бусад эх үүсвэрээр хөрөнгө оруулалтыг шийднэ. Үүнийг Засгийн газрын хуралдаанд 14 хоногийн дотор танилцуулахаар боллоо.

Инженерийн шугам сүлжээг өргөтгөж, газар доорх байгууламжаа зохион байгуулбал Улаанбаатар ирээдүйд зөв төлөвлөлттэй хот болох суурь тавигдана. Засгийн газрын зүгээс Улаанбаатар хотыг түүхэндээ анх удаа бодлого, санхүү, эрх зүйгээр нь дэмжиж байгаад талархаж байна. 1.5 сая иргэний эрх ашгийн төлөө УИХ, Засгийн газар маш сайн бодлогын дэмжлэг үзүүлж байгаа. Хотын даргын хувьд гэр хорооллын айл өрхөөрөө байнга явж, санал бодлыг нь сонсоно” хэмээн ярилаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС