Categories
гадаад мэдээ

Буркина-Фасод болсон халдлагын улмаас 138 хүн амиа алджээ

Буркина-Фасогийн зүүн хойд хэсэгт орших Солхан тосгонд зэвсэгт этгээдүүд халдлага үйлдсэний улмаас 138 хүн амиа алджээ.

“Agence France-Presse” агентлагийн мэдээлснээр, энэ халдлага нь 2015 оноос хойш үйлдэгдсэн хамгийн олон хүний амийг авсан халдлага болсон байна. Халдлагын улмаас байшингууд, худалдааны байгууллага шатаж, хамгийн багадаа 7 хүүхэд амиа алдсан байна.

Үүнтэй холбогдуулан Буркина-Фасогийн Засгийн газар үндэсний гурван өдрийн гашуудал зарлажээ.

Халдлагыг НҮБ-ын тэргүүн эрс зэмлэн буруушааж, хүчирхийлэлтэй тэмцэхэд гишүүн орнуудад үзүүлэх дэмжлэгээ олон улсын хамтын нийгэмлэг хоёр дахин нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг онцлон тэмдэглэв.

Map

Categories
мэдээ нийгэм

Найман настай охин ковидын улмаас нас барлаа

Сүүлийн 24 цагт 7500 хүнд шинжилгээ хийхэд 1288 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1027 нь Улаанбаатар хотод, орон нутагт 285, эмнэлгээс шалтгаалах халдвар 3 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 65266 боллоо гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Мөн дөрвөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 311 болж байна.

  • 62 настай эрэгтэй тавдугаар сарын 13-нд онош нь батлагдсан
  • 37 настай эрэгтэй тавдугаар сарын 29-нд онош нь батлагдсан
  • Найман настай охин зургадугаар сарын 01-нд онош нь батлагдсан
  • 62 настай эмэгтэй зургадугаар сарын 03-нд онош нь батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Одоогоор 5802 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн-3430
  • Хүндэвтэр-1765
  • Хүнд-475
  • Маш хүнд – 132 хүн байгаа юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 7500 хүнд шинжилгээ хийхэд 1288 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 7500 хүнд шинжилгээ хийхэд 1288 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 1027 нь Улаанбаатар хотод, орон нутагт 285, эмнэлгээс шалтгаалах халдвар 3 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 65266 боллоо.

Мөн 4 иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 311 болж байна.

  • 62 настай эрэгтэй
  • 37 настай эрэгтэй
  • найман настай охин тавдугаар сарын 01-нд онош нь батлагдсан.
  • 62 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 53780 болов.

Одоогоор 5802 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн-3430
  • Хүндэвтэр-1765
  • Хүнд-475
  • Маш хүнд – 132 хүн байгаа юм.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд ​“АстраЗенека” вакцины 48 мянган тунг авчирчээ

Өчигдөр буюу зургадугаар сарын 05-ны өдөр КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 300кг 48000 тун “АстраЗенека” вакцин, 350кг эм бэлдмэл тариаг тээвэрлэн авчирсан байна.

May be an image of airplane

No photo description available.May be an image of airplane

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусгай үүргийн нислэгээр 95 иргэн эх орондоо иржээ

Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 14:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 95 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг “Дрийм”, “Ти Жи Эс” зочид буудалд тусгаарлалаа.

Мөн дархлаажуулалтын бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 33 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын гавьяат барилгачин О.Балдорж: Хөрсний эрсдэлтэй хоёр сумыг нүүлгэн шилжүүлсэн нь миний эх орондоо хийсэн томоохон хувь нэмэр гэж боддог

Монгол Улсын гавьяат барилгачин, инженер, геологийнТаван Үндэскомпанийн зөвлөх инженер О.Балдоржтой ярилцлаа.


Барилга бүтээн байгуулалтын салбарт хичнээн жил ажиллаж байна вэ. Таныг инженергеологич бас геологич хүн гэдэг юм билээ. Нарийн ялгаа зааг бий юү?

– Би 1968 онд Улаанбаатар хотын Политехникумын геологийн ангийг дунд мэргэжлийн геологичоор төгссөн. МУИС-ийг 1979 онд барилгын инженер, гидрогеологич мэргэжлээр төгсөж барилгын салбарт хөл тавьж байсан түүхтэй. Политехникумын геологийн ангийг төгсөж олж авсан геологийн шинжлэх ухааны суурь мэдлэг инженер-геологич, гидрогеологич болоход, үйлдвэрлэл дээр гараад ажиллахад маш их суурь түлхэц болсон юм. Тиймээс би геологич гэж ярих дуртай. Би инженер-геологич, гидрогеологич мэргэжлээр төгссөн анхны мэргэжлийн инженер Улсын барилгын төв институтийн Инженер-хайгуулын товчоонд орж ажилласан юм. Ийнхүү Барилгын салбартаа ажил мэргэжил, амьдралаа холбосноос хойш 42 дахь жилдээ ажиллаж байна. Үндсэн хуульд “Монгол хүн аюулгүй орчинд амьдрах, Байгалийн эрсдэлээс хамгаалуулах эрхтэй” гэж заасан байдаг. Тэр аюулгүй орчин ба байгалийн эсрдэл гэдэг нь барилга барих газрын геологи орчин буюу газар хөдлөлт, хөрсний нуралт, гулсалт, цөмрөлт, мөнх цэвдэг хөрсний гэсэлт, хөрсний суулт, хөлдөлтөөс үүсэх овоолт, хөрсний усанд авталт зэрэг байгалийн үзэгдэл, хүчин зүйлсийг хэлж байгаа. Энэхүү байгалийн аюул, эрсдэлээс хамгаалахын тулд тэдгээрийг инженер-геологи, гидрогеологийн шинжлэх ухаан, инженер-геологичид, гидрогеологичид судалдаг юм.

Энэхүү судалгааг мэргэжлийн өндөр түвшинд, чанартай баталгаатай хийснээр барилгын зураг төслийн төлөвлөлт тооцоонд байгалийн хүчин зүйлийг оновчтой тооцож түүний үндсэн дээр барилгыг чанартай, бат бөх, урт насжилттай барьж байгуулах үндэс суурь болж өгдөг юм.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш инженергеологийн нөхцөлөөс хамаарч хоёр ч сумыг таны дэмжлэгтэйгээр нүүлгэн шилжүүлсэн гэсэн. Төв суурин газрыг нүүлгэнэ гэдэг асар нарийн судалгаа хийгдэнэ биз?

-Барилгын инженер геологийн судалгааны ажил зөвхөн барилгын зураг төсөл, төлөвлөлтөөөс гадна бүс нутгийн төсөл, хөтөлбөр, хот байгуулалт, сум суурин газрын төлөвлөлтөд зориулсан өргөн нутаг дэвсгэр, талбайг хамарсан инженер-геологийн зураглал судалгааны ажил хийдэг юм. Миний хувьд инженер геологийн салбарт ихэнхдээ удирдах, зохион байгуулах албыг гүйцэтгэж явсан. Ингээд 1990 оноос зах зээлийн тогтолцоонд орж хувийн компаниуд, аж ахуйн нэгжүүд бие дааж ажиллах болсноос хойш мөн бие даасан судалгааны ажилд орсон. Би инженер-хайгуулын албанд техник геологичоос нь эхлээд инженер геологийн компанийн удирдлага хүртэлх бүх ажлыг хийсэн юм. Хувийн компани байгуулснаас эхлэн жинхэнэ өөрийн нарийн мэргэжлээр ажилласан түүхтэй. Зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш байгалийн бэрхшээл, мөнх цэвдэгээс шалтгаалж хоёр сумыг нүүлгэсэн. Нэг нь Өвөрхангай аймгийн Уянга сум мөнх цэвдэг хөрсөн дээр баригдсан байсан. Сумын барилгын 70 орчим хувь нь хагаралт үүссэн, эвдэрсэн, суусан, цуурсан, ашиглах боломжгүй болсон. Тиймээс сумын төвийг нүүлгэх асуудлыг тухайн үеийн Дэд бүтцийн хөгжлийн яамнаас манай компанид, надад итгэл найдвар үзүүлж Уянга сумыг нүүлгэх хамгийн тохиромжтой газар олох, судалгаа хийх тухай үүрэг өгсөн. Ингээд би орон нутгийн хүмүүстэй уулзаж, зургаа, долоон газар судалгаа хийж үзээд сумын төвөөс хоёр километрийн зайд газар зааж өгсөн. Уянга сумын нутаг дэвсгэр уулархаг, мөнх цэвдэг хөрстэй. Сумын төв гэдэг чинь дор хаяж 60, 70 га газар шаардлагатай. Дээр нь тухайн үеийн сумын төвийн хүмүүс сууриа солих дургүй. Эсвэл хол нүүх боломжгүй. Сайн ноён хан Намнансүрэнгийн төвлөрсөн хийд байсан нь нутгийн иргэдийн шүтлэгтэй уялдаж газар нутгаа хол сэлгэх сонирхолгүй байсантай нь холбоотой. Тиймээс судалгааг хийж хоёр километрийн зайд мөнх цэвдэг багатай, сум байгуулах тохиромжтой газрыг судалж, холбогдох тайлан дүгнэлт гаргаснаар сумын төвийг 2000 онд Засгийн газрын тогтоолоор одоогийн байршилд шилжүүлсэн байдаг. Одоо сум сайхан төвхнөөд сайхан болчихсон байгааг харах сайхан байна. Сумын удирдлага, иргэд ч их талархаж явдгаа надад илэрхийлдэг.

Хоёр дахь нь аль аймгийн ямар сум бэ?

-Ховд аймгийн Алтай сумыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Хуучин мод үржүүлгийн газар байсан 30 орчим километрийн зайд газар зааж өгсөн. Тэр үед бүхэл бүтэн сум нүүлгэж газар заана гэдэг чинь Засгийн газар, Улсын Их хурлын шийдвэрээр гарч маш өргөн судалгааг хамарч хийдэг байсан.

Нийслэлийн бүтээн байгуулалттай холбоотой олон сайхан ажлууд бий. Үүнээс хамгийн том нь ямар төслүүд байв?

-Манай компанийн зүгээс олон сайхан ажлыг хийж гүйцэтгэж, улсынхаа бүтээн байгуулалтад тодорхой хувь нэмрээ оруулсан. Ард түмний хамгийн сайн мэдэх төв талбайн зүүн урд байрлах “ UBH центр” барилгын геологийн судалгааг хийсэн. Энэ барилга тухайн үедээ нийслэлийн хамгийн өндөр, олон давхар барилга байлаа. Мөн “Суруга Монгол” компанийн Японы хөрөнгө оруулалттай “Дөрвөн улирлын цэцэрлэг” гээд том төсөл дээр ажилласан. Мөн манайхны мэдэх “Баян Монгол хороолол”-ын төсөл дээр ажиллаж геологийн судалгааг хийсэн байгаа. Эдгээрийг онцолж байгаа нь тухайн үедээ л хамгийн том ажлуудын эхлэл байсан юм. Түүнээс хойш барилгын давхар, хамрах талбай, зориулалтууд асар өргөжсөн шүү дээ.

Таныг Монголын төмөр замын бүтээн байгуулалтад маш үнэтэй хувь нэмрээ оруулсан гэж үздэг… ?

-Зам гүүр, эрчим хүч, цахилгаан станц гээд бүгдэд нь л инженер-геологийн судалгааг хийдэг. Тэр дундаа төрөөс миний хөдөлмөрийг үнэлсэн гол ажлын нэг бол Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх 950 км хурдны авто замын төслийн геологийн судалгааг манай баг хийсэн. Хоёрдугаарт, Таван толгой-Гашуунсухайтын 240 гаруй км төмөр замын ажил байна. Энэ бол Монголын хамгийн том бүтээн байгуулалтад ордог. Уг төмөр замын инженер-геологий судалгаа, төмөр замд ашиглах хайрга, чулуун материалын судалгааг манай компани хийсэн. Хамгийн сүүлд Зүүнбаян Таван толгойн 416 км төмөр замын судалгааг хоёр жилийн өмнө манай компани хийж дуусгаад бүтээн байгуулалтын ажил хийгдээд одоо энэ сард ашиглалтад орох гэж байна.

Манайхан зам тавилаа л гэдэг. Дараа жилийнхээ нүүрийг ч үзэхгүй хагарч, эвдэрдэг. Ер нь төмөр зам болон авто зам барихад хөрсний тал дээр юуг анхаарах ёстой вэ?

-Авто зам ч, төмөр зам ч ялгаагүй. Хөрсний судалгааг хийхэд хэдэн арван километрийн судалгааг хийдэг. Ухах газар нь ухна. Өндөрлөх газар нь өндөрлөнө. Тэгвэл тэр доод байгалийн хөрс ямар шинж чанартай байх нь хамгийн чухал. Намагтай, устай, чийгтэй, суудаг, шахагддаг, хадтай, мөнх цэвдэг хөрс байна уу гэдгээс дараагийн ажил шалтгаална. Замын хамгийн гол асуудал бол байгалийн буурь, ул хөрс. Тиймээс судалгааг маш сайн зөв тооцож зураг төсөл гаргаж хийхээс замын чанар хамаарна. Зам чанартай болоход нөлөөлөх хоёрхон шалтгаан бий. Нэгдүгээрт, хөрсийг сайн судалж, түүнтэйгээ уялдуулж зөв тооцоог гаргаж гүйцэтгэх. Хоёрдугаарт, замын дээд хучаас материалыг маш сайн судалж байж далангийн бат бөх байх, тогтвортой байх, нягт сайн нягтруулсан байхаас хамаарна. Мөнх цэвдэгтэй газар цэвдгийн үзүүлэлтийг бүрэн дүүрэн тогтоож тооцоогүйгээс хагарна, намаг устай газар хөрсийг солихгүй, сайжруулахгүй тавьчихвал бас л хагарна. Энэ мэтчилэн нөлөөлөх хүчин зүйл олон бий. Зам хэдэн арав, зуу, мянган километр үргэлжилдэг учраас судалгааг маш нарийн хийх шаардлагатай байдаг.

Мөнх цэвдэгтэй болон бусад муу хөрстэй газар чанартай барилга барихын тулд хөрс болоод суурийг тавихдаа юуг анхаарах нь чухал вэ?

-Мөнх цэвдэгтэй газар барилгын төлөвлөлт хийх буюу барих хоёр үндсэн арга байдаг. Нэгдүгээрт, мөнх цэвдэгтэй газар барилга барихдаа цэвдгийг гэсгээхгүй барилгыг салхивчтай хийх. Барилгын халаалт ямар нэг байдлаар мөнх цэвдэгт нөлөөлөхгүй байхаар барих. Хоёрдугаарт, барилгын дулаан мөнх цэвдэгт нөлөөлж суулт өглөө гэж бодоход хэр суулт өгөхийг маш нарийн тооцоолох. Арав, хорин жил болоод хөрсний доод мөнх цэвдэг гэсэхэд таван сантиметр суулт үүснэ гэж үзвэл тэр таван сантиметрийн суултыг тэсвэрлэх чадвартай суурь хийх шаардлагатай. Мөн мөнх цэвдгээс гадна улирлын хөлдөлт гэсэлт ч барилгад нөлөөлдөг. Ялангуяа сүүлийн үед зуслангийн газруудад намаг, хөрсний чийг ихтэй газар барьж байгаа нэг хоёр давхар хөрсний хөдлөлтийн овойлтоос хавар эргээд гэсэхэд үүсэх суултаас маш их хагарах, хэв гажих, суух, цуурах асуудлууд гарч байна.

Монгол орны хөрсний онцлог бол суулт үүсгэдэг хөрс гэж бий. Инженер-геологид үүнийг суулттай хөрс гэнэ. Хөрсний байгалийн чийг ямар нэгэн шалтгаанаар нэмэгдэхэд уг хөрс өөрийнхөө жингээр барилгаас дарах ачааллаас хамаарч суулт үүсгэдэг. Ийм онцлог шинж чанартай хөрсөнд хийх инженер-геологийн судалгааг мөн л хариуцлагатай хийх ёстой.

Ер нь манай орны хөрсний бүтцийн хувьд аль төрөлдөө хамрагддаг вэ. Мэргэжлийн талаасаа барилга барихад хэр тохиромжтой вэ?

-Монгол орны нутаг дэвсгэрийн хөрсний байдлыг нийлмэл бүтэцтэй гэж үздэг. Энэ нь их олон төрлийн хөрстэй гэсэн үг л дээ. Шавар хөрс хөлдөхөөр хагардаг, чийг авахаар хөөдөг. Харин манай орны хувьд хөрсний даац, чанарын хувьд өндөртэй гэж үздэг. Барилга барих тохиромжтой хөрстэй. Улаанбаатар хотын тухайд бол гурван үндсэн хөрстэй. Хадан чулуулаг, хайрга, шаварлаг хөрснөөс зонхилж бүрддэг. Элсэн ул хөрс харьцангуй хөрс бага л даа.

Нийслэлийн ихэнх барилга хайрга бүхий хөрстэй хэсэгт баригдаж байгаа. Энэ нь наанадаж газар хөдлөлтөд тэсвэртэй юү гэдэг асуудал яригдах байх?

-Ихэвчлэн хайрган хөрстэй хэсэгт барилга төвлөрч баригдаж байна. Нэн ялангуяа голын хайрга, тэр тусмаа хөрсний устай хөрс шүү дээ. Газрын чичирхийлэл явагдахаар тухайн хөрс устай холилдож маш амархан барьцалдах чанараа алддаг. Улаанбаатар хотын хувьд газар хөдлөлтийн идэвх өндөр буюу ихэнх нь найман баллын бүсд байна. Энэ хэрээрээ барилгад аюултай. Гэхдээ өнөөх суурийн хөрсний геологийн судалгаагаа сайн хийгээд бүх эрсдэлийг тооцоолж зураг төслөө гаргаад хийвэл барилга барихад айлтгүй. Ер нь манай хотод баригдаж буй барилгууд найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй гэдэг л дээ, яг стандартын дагуу хүч, нөлөөллийг тооцоолж барьсан бол шүү дээ. Манайхаас хүнд газрууд бүр олон давхар барилга барьсан л байдаг шүү дээ.

Таны залгамж халаа хангалттай бэлтгэгдэж байгаа болов уу?

-Инженер, геологийн мэргэжлээр олон мэргэжилтэн төгссөн. Манай салбарын Батсүх гэдэг хүн үүнийг бүр санаачлаад ажилласан. Тооны хувьд хангалттай бэлтгэсэн. Гэвч зах зээлийн нийгэмд шилжихэд ихэнх нь наймаа, хувийн бизнес хөөгөөд явчихсан. Манай мэргэжил хүнд ажил. Цастай, бороотой гадаа ажиллана. 12 дугаар сард барилгын ажлыг зогсоодог. Гэтэл бид тэр хүйтэн өвөл, цастайд ажлаа хийж л байдаг. Хуучин бол барилгын ажилтай адил хөрсний судалгааны ажлыг ч зогсоодог байсан. Өрмийн хүнд машинтай ажилладаг учраас өвлийн хүйтэнд эвдрэх аюултай, хүмүүс нь ч эрсдэлтэй, даарч хөрнө гэдэг байлаа. Одоо бол бүхнийг мөнгөөр шийдээд хэрвээ чи хийхгүй бол дараагийн хүн нь байна гэдэг. Тиймээс хүн хийхээс аргагүй болдог. Угтаа хүнээ хайрлаад, машин техникээ бодоод, ажлын чанараа харгалзаж үзээд өвлийн улиралдаа хөрсний судалгааны ажлыг зогсоодог бол бүр л зүгээр. Энэ тал дээр жаахан эмзэглэж явдаг. Харин түрүүн ярьсан мэргэжилтэн хангалттай юу гэвэл хангалттай. Гэхдээ залуус маань сургуулиа төгсөөд шууд инженерээр ажиллаад өндөр цалин аваад дарга болоод явах их сонирхолтой санагддаг. Уучлаарай, энэ миний л бодол шүү. Гэвч энэ мэргэжил ур чадвар туршлагаасаа хамаараад албан тушаал нь хүртэл шат дараатай юм байхгүй юу. Миний хувьд бага техникч, ахлах техникч, инженер, ахлах инженер, товчооны ерөнхий инженер, зөвлөх гээд шат дараатай ажилласан хүн. Тэр болгон өндөр цалин өгөх компани байхгүй байна. Үүнээс болоод залуу хүүхдүүд шантрах, биеэ зовоож байхаар нэг хоолны газар очоод хоол зөөгөөд явах нь илүү санагддаг бололтой. Тэр сайхан мэргэжлийг эзэмшчихээд ингээд явахаар үнэхээр харамсдаг. Тиймээс би сая салбарын яамны сайд хүлээж авахад “Миний насны хүн юу бүтээнэ гэхэв. Бүтээснийг минь үнэлж төр шагнаж байгаад баярлаж байна. Харин би зүгээр суухгүй. Санаанаас цаашгүй боллоо. Тэр санааг минь, сурсан мэдсэн зүйлээ залуу хойч үедээ үлдээх ажлыг минь дэмжээрэй” гэж хэлсэн. Би эрүүл саруул, оюун санаа сэтгэж л байвал залуу үеийнхэндээ сурч мэдсэн зүйлээ зааж сургасаар байх болно.

Таны хүүхдүүд бас мэргэжил нэгтэй байх аа?

-Өвлөж эзэмших мэргэжил гэдэг монгол ёсных юм. Миний хоёр охин аавынхаа мэргэжлийг өвлөөд ажиллаж байгаад бахархдаг. Нэг нь “Таван Үндэс” компанийн захирал. Хятадын Бээжин хотод геологийн мэргэжил эзэмшсэн, нэг нь геологийн мэргэжлээр МУИС-д магистрын зэрэг хамгаалсан. Хоёр охин маань миний мэргэжлийг цаашид авч яваад эх орондоо ихийг хийж бүтээх болов уу л гэж харж байна даа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр буюу 2021 оны зургадугаар сарын 6-нд Улаанбаатар хотод явуулын 4, суурин 39 цэгт 88 багийн 469 эмч, ажилтан ажиллана. Тэд 7548 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг бүрээр нь танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Алимаа: Малчин болгон нэг га газар ногоон тэжээл тариалахад хэцүү биш

Бэлчээрийн даац хэтэрснээр өвс тэжээлийн хүрэлцээ муудаж, мал тарга авахгүй байх, усан тарга суух, давжаарах, цаашлаад өвөл, хавар олноор хорогдох үзэгдэл нэмэгдэх болсон. Уг бэрхшээлтэй тэмцэхэд олон арга замыг эрэлхийлэх шаардлагатай байгаа юм. Тэгвэл ногоон тэжээл тариалж, нөөцлөх нь өвлийг өнтэй давах нэгэн чухал хөшүүрэг болж байна. Энэ талаарГарааны арвин ургацын ундраакомпанийн захирал, Монгол Улсын зөвлөх агрономич, доктор, профессор Д.Алимаатай ярилцлаа.


Ногоон тэжээл тариалах сар эхэлж байна. Манай улс хичнээн гад ногоон тэжээл тариалж байна вэ?

-Эхлээд зааг ялгааг тайлбарлаж өгөх хэрэгтэй болов уу. Бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх нь таримал ногоон тэжээлээс тусдаа асуудал юм. Бэлчээрийн даацыг нэмэгдүүлэхэд олон наст ургамлыг тариалах асуудал хамаарна. Харин таримал ногоон тэжээлийн тухайд нэг наст ургамал юм. Үүнийг хөрс боловсруулж тариална. Манай улсад нийт 50-53 мянган га-д ногоон тэжээл тариалж байна. Үүнд овъёос, арвай, эрдэнэшиш, вандуй, наранцэцэг, рапс гэх мэтийн нэг наст таримлууд байна.

Манай улс нийт тариалангийн талбайн 2-3 хувьд нь байгалийн өвсөөс гадна таримал тэжээл бэлтгэх зорилгоор энэ ургамлуудыг тарьж байна. Тариалах хугацаа, тарих үрийн норм бүс бүсээрээ өөр байдаг. Энэ талаар манай хүрээлэнгүүдийн гаргасан зөвлөмж, мэдээлэл олон бий. Орон нутгийн малчид, тариаланчдад ч сургалт танилцуулга хийгээд явж байдаг. Манайд бол ихэвчлэн хошуу буудай тарьж байна. Үүнийг арвай, вандуй зэрэгтэй хольж тарьж болно. Ингэснээр уургийн агууламжийг нэмэгдүүлж өгдөг. Ер нь олон төрлийн ногоон тэжээлийн ургамал бий л дээ. Гэхдээ олдож байгаа үрийн нэр төрөл нь цөөн учир ингэж тариалдаг. Тарих хугацаа бол ерөнхийдөө зургадугаар сарын 25-ны дотор байна. Энэ жил бороо хур сайтай, сайхан байна.

Таримал ногоон тэжээлийн үрийн олдоц муу байгааг хэлдэг. Үр сонгоход юуг анхаарах вэ?

-Гол нь дээрх таримлуудын үрийг хаанаас бэлдэж, хэрхэн олох вэ гэдэг асуудал байна. Компаниуд л гаднаас оруулж ирж байна. Гэхдээ салбарын яамнаас заагаад өгчихсөн сортыг оруулж ирж чадахгүй байгаа. Бүх таримлын үр стандартын шаардлага хангасан байх ёстой. 99 хувийн цэвэршилттэй, 98 хувийн соёололттой байх ёстой. Уг стандартыг хангасан үрийг олж тариалах шаардлагатай байна. Олдсоныг нь тариад ургац алдаад байдаг.

Эхлээд хөрсөө боловсруулна. Энэ талаар иж бүрэн технологи байгаа. Ямар ургамал тарихаасаа хамаараад ялгаатай. Тиймээс дээр хэлсэнчлэн, мэргэжлийн байгууллагуудаас гаргасан мэдээлэл, зөвлөмжийг цаг гаргаж судлах ёстой. Тарьсны дараа усалгаатай, усалгаагүйгээс хамаарч ургац авна. Овъёосоор тооцвол нэг га-д дунджаар 200 кг үр орно. Хөрсний үржил шим, хангай, хээр, говийн бүсээс хамаарч энэ хэмжээ хэлбэлзэнэ. Намар хурааж авна. Нэг га-гаас янз бүр. Дунджаар 45-50 центр байна. 150-200 боодол өвс преслэж авна гэж ойлгож болно. Уг тэжээлээ бог, бод, төл малд яаж өгөх үү гэсэн зөвлөмж гарсан байдаг. Энэ тухай судлах хэрэгтэй. Говь, хээрт байгалийн хадлан хангалттай бэлтгэж чадахгүй байна. Тийм учраас таримал хадлан буюу таримал ногоон тэжээл бэлтгэж, малаа тэжээх асуудал чухал байна.

Өнгөрсөн жилээс эхлээд тэжээл тариалж байгаа хүмүүсийг улаанбуудай тариалж байгаа хүмүүстэй адил урамшуулалд хамруулна гэсэн зүйл гарсан. Шатахууны хөнгөлөлтөд хамруулж, үрээр хангана гэсэн зүйл байгаа. Гэхдээ үрийн асуудал нэгдсэн шугамаар шийдэгдэхгүй байна. Энэ жил ногоон тэжээлийн үр тонн нь 1,5 сая хүрч байна. Нэг тонн үр 5-6 га-д орно. Үрийн олдоц муу болохоор үнэ нэмэгдээд байна. Өнгөрсөн жил 850 мянга орчим байсан юм. Ногоон тэжээл тарих гэж байгаа хүмүүс үр зарах хүнээс хаанахын, ямар сорт, цэвэршилт, үрийн соёололт нь ямар юм гэх зэргээр асуух ёстой. Энэ бүхнийг тусгасан сертификат байдаг. Үүнийг нэхэх хэрэгтэй. Стандартын шаардлага хангасан үр нэг га-д хамгийн дээд тал нь 200 кг орно. Хэрэв шаардлага хангахгүй бол энэ хэмжээ өсөөд явчихна. Хогтой үр тарихаар талбай алаг цоог ургачихаж байгаа юм. Ингээд ургац алддаг.

Ногоон тэжээл бэлчээрийн өвстэй харьцуулахад шим тэжээлийн хувьд ямар ялгаатай вэ?

-Энэ таримлуудын химийн найрлагыг тодорхойлсон байдаг. Байгалийн өвстэй зүйрлэхийн аргагүй өндөр. Уургийн агууламж сайтай. Жишээ нь, хошуу буудай нь үрэндээ 12-13 хувийн уураг агуулдаг. Тэгэхээр малд өндөр үр шимтэй гэсэн үг. Үрийн дутагдал их байна. Стандартын шаардлага хангасан үрийг малчид, тариаланчдад олж өгч чадахгүй байна.

Бас нэг зүйл нь хураах дээр дутагдал байна. Ногооноор нь хурааж авахын тулд ингэж орой тарьж байгаа шүү дээ. Гэтэл манайхан ногооноор нь хурааж авч чаддаггүй. Байгалийнхаа хадланг хадах гээд явж байгаад ирэхэд нөгөөх нь шарлачихсан байдаг. Уургийн агууламж өндөртэй үед хурааж авч хадгалах ёстой. Хураах технологийн хувьд байгалийн өвс хураахтай ойролцоо. Гэхдээ тохирсон чийгт оруулж хадгалах ёстой. Хэтэрхий чийгтэй бол ялзарна, шатна. Үүн дээр анхаарах ёстой. Таримал бүрээс хамаарч энэ нь хоорондоо ялгаатай байна.

Малчид багахан гад ногоон тэжээл тариалах боломжтой юу. Хэр хүндрэлтэй вэ?

-Ногоон тэжээл тариалахад чиглэсэн хөшүүргийг салбарын яамнаас үзүүлж байна. Нийт тариалангийн талбайн тэдэн хувьд ногоон тэжээл тарих ёстой гэсэн шаардлага байдаг. Гэхдээ тэр зоргоор тарихгүй. Зарим жил энэ тэжээл борлогдохгүй, улс худалдаж авахгүй. Тиймээс урамшуулал энэ тэрийг нь бодоод улаанбуудай тарих нь илүү байгаа. Салбарын яамнаас 5000 га-д улаанбуудай тарих бол 15 хувьд нь тэжээлийн ургамал тарь гэдэг. Гэхдээ хэрэгжүүлэх тал дээр компанийн асуудал болж байгаа юм. Манай малчид өвс тэжээлээ бэлдэхгүй бол болохгүй гэдгийг ойлгож, тарих сонирхол байна. Гэтэл санхүүжилт дутагдалтай гээд суучихдаг. Хоёрдугаарт, талбай байна. Хүн хувьдаа таримал тэжээл тарих талбайтай байх ёстой. Газрын тухай хуулиар сумандаа тогтвор сууршилтай амьдарсан хүмүүст давуу эрхээр тэжээлийн ургамал тариалах таван га газар өгнө гэсэн зохицуулалт гарсан. Уг зохицуулалтыг хүмүүс сүүлийн үед их ашиглаж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ газартай холбоотой асуудлыг нэг мөр, тодорхой, ойлгомжтой байдлаар зохицуулж, шийдвэрлэх шаардлагатай. Говийн бүсэд усалгаагүй бол хэцүү. Тэгэхээр энэ асуудлыг сайн бодолцох хэрэгтэй.

Бид янз бүрийн шугамаар тэжээлийн ургамал тариалах төсөл хэрэгжүүллээ. Худаг гаргаад, хашаа бэлдээд, тариад өгдөг. Гэтэл төсөл дуусаад явахад малчид хаячихдаг. Хашаа нь нураад эхэлж байгаа юм. Ингээд хийгээд өгсөн юмыг цааш нь аваад явахгүй бол хэцүү. Усалгаа хийхэд мотор ажиллуулдаг. Тэгвэл сүүлд НҮБ-аас хэрэгжүүлсэн төслөөр усалгааны систем нь нарны гэрлээр ажилладаг. Кноп дараад усалчихна. Ийм хялбар амархан болоод байхад үргэлжлүүлээд авч явах асуудал дутагдалтай байна.

Уг нь малчин болгон нэг га газар тарихад болно. Нэг га гэдэг сайхан арчлаад аваад явахад түвэг багатай шүү дээ. Жижиг оврын трактор байхад болно. Энэ тракторууд чинь 1-2 га газрыг өлхөн боловсруулна. Үрлэгч гээд бүх юм нь байгаа. Гэвч манайхан ийм трактороо хадлангийн зориулалтаар л ашиглаад байна. Хөдөлмөрлөх хэрэгтэй. Бэлчээр болохоо байлаа, хадлан өвсөө бэлтгэх хэрэгтэй гээд яриад нэмэргүй. Хийх л хэрэгтэй.

Г.БАТ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: Дуучин Ч.Уранхолбоогийн худалдан борлуулдаг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол заргыг ШӨХТГ-т мэдүүлбэл хяналт шалгалт хийнэ

ШӨХТГын дарга Б.БатЭрдэнэтэй ярилцлаа.


Дуучин Ч.Уранхолбоог ШӨХТГын даргаар нэг өдөр ажиллуулах шалтгаан юу байсан юм бол?

-Дуучин Ч.Уранхолбоо “Хөөрхөн дэлхий” ТББ-аараа дамжуулан хүүхэд багачуудын төлөө олон ажил санаачлан хийдэг. Хоёрдугаарт, таван хүүхдийн ээж. Тийм учраас ШӨХТГ-аас санаачлаад хэрэглэгч өөрөө хэрэглэгчийн эрхийн асуудлыг яаж харж байна вэ гэдгийг зургадугаар сарын 1-ний өдрийг угтаад хийсэн. Энэ хүрээнд таны хүүхэд ямар хүнс хэрэглэж байна вэ, юу идэж ууж байна вэ гэх асуудал болон хүнсний аюулгүй байдалтай холбоотой Хүнсний аюулгүй байдлын хууль, Органик хүнсний тухай хуулийн хүрээнд хүүхдүүд ямар бүтээгдэхүүн хэрэглэж байгааг хөндөхийг зорьсон. Энэ хүрээнд бид дөрвөн шатлалын дэлгүүрээр орж хяналт шалгалт хийсэн. Нэгдүгээрт, хүүхдүүд өөрийн дураар орж хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг ТҮЦ, жижиг дэлгүүрүүд, хүнсний сүлжээ дэлгүүрүүд болох Номин, Сансар, Оргил зэрэг дэлгүүрүүд болон хүсний бөөний төв болох Тэнгэр плазагаар орсон. Учир нь БЗД-ийн гэр хороололд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүд Тэнгэр плазагаас хүнсний бүтээгдэхүүнээ авдаг. Түүнчлэн бид амьжиргааны түвшин арай дээгүүр хэрэглэгчид үйлчлүүлдэг Е- Март худалдааны төвд мөн хяналт шалгалт хийсэн.

Хяналт шалгалт хийсэн газруудад нөхцөл байдал ямар байна?

-Монгол Улсад Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.6-д зааснаар импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн монгол, орос, англи хэл дээр байхаар заасан. Тиймээс бусад улсын хэл дээр байгаа хүнсний бараа бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон гэсэн үг. Гэтэл хяналт шалгалтаар зах худалдааны төвүүд, тэр дундаа нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 51 орчим хувь нь амьдардаг гэр хороололд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа эрхлэгчид бодит байдал дээр солонгос, герман, хятад, вьетнам, тайланд, япон зэрэг хэлээр бичигдсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаалж байна. Ялангуяа хамгийн ихээр санаа зовоож байгаа асуудал нь хүүхдэд зориулсан хүнсний бараа бүтээгдэхүүн бидний мэддэггүй хэл дээр бичигдсэн сав баглаа боодол, шошготой байна. Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгожилтод тавих MNS66482016 шаардлага гэж байдаг.Тухайн шаардлага дээр шошгоны мэдээллийг зөвхөн хуулиар зөвшөөрсөн хэлээр бичнэ гэсэн байдаг.

Энэ асуудалд тухайн бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын хил гаалиар орж ирэх үед нь холбогдох байгууллагууд хяналт шалгалт тавих ёстой юм биш үү?

-Монгол Улсын хил гаалиар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг тухайн улсаас нь шууд импортолж байгаа болохоор үйлдвэрлэгч орон монгол, англи, орос хэл дээр бүтээгдэхүүнийхээ шошгыг үйлдвэрлэх боломжгүй. Тиймээс өөрийнх нь хэл дээрх шошготой нь оруулж ирдэг. Ингээд оруулж ирснийхээ дараа Монгол Улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэлээр нь шошгыг нь нааж худалдан борлуулна хэмээн гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагуудад мэдүүлдэг. Гэтэл оруулж ирснийхээ дараа хуулийн дагуу, ном журмаар нь гүйцэтгэлгүйгээр шууд худалдаанд нийлүүлдэг. Үүнээс үүдэн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны асуудалд олон сөрөг нөлөө үзүүлж байна. ДЭМБ-аас хүүхэд насыг 0-19 нас хүртэл байхаар тооцдог. Энэ тооцооллоор хоол боловсруулах тогтолцооны өвчлөлөөр Монгол Улсад жилдээ 0-14 насны 81 мянга орчим хүүхэд өвдөж байна. Харин 0-19 насны заалтаар авч үзвэл 100 мянга гаруй хүүхэд өвдөж байна. Түүнчлэн хорт хавдрын эзлэх хувийг тооцоолоод үзэхэд 2010-2019 онд 0-19 насны 367 хүүхэд хорт хавдрын шалтгааны улмаас нас барсан байна. Тиймээс бид зайлшгүй энэ асуудалд анхаарал хандуулах шаардлагатай.

Таны хэлж байгаагаар дөрвөн шатлалын хүнсний дэлгүүрээр орж хяналт, шалгалт хийсэн юм байна. Тэгвэл яагаад заавал ТҮЦ ажиллуулдаг жирийн иргэн дээр очиж шууд дамжуулалтаа хийсэн юм бэ. Иргэд үүнд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна?

-Бусад газруудад мөн л адилхан хяналт шалгалт хийсэн. Хоёрдугаарт, нэг зүйл хэлчихмээр байгаа юм. Хүнсний аюулгүй байдал, тэр дундаа хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал ТҮЦ, жижиг дэлгүүрийн худалдаа эрхлэгчийн ядарсан байдал, амьжиргаа залгуулж байгаа гэдгээр халхавчлагдах, шалтаглаж болохгүй юм. Хүүхдэд хортой хүнс ерөөсөө худалдан борлуулж болохгүй. Миний хувьд цахим орчинд өрнөж байгаа шүүмжлэлүүдийг харж, анхаарч байгаа. Та бүхэн бодоод үзээрэй. Худалдааны салбарт үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ, мухлаг, лангуу, хүнсний дэлгүүрүүд Монгол Улсын хэмжээнд 90 гаруй мянга бий.

Тухайн ТҮЦний эзэнд торгуулийн арга хэмжээ авсан уу?

-Торгуулийн арга хэмжээ аваагүй. Сануулаад л өнгөрсөн. Хоёрдугаарт,хүнсний бараа бүтээгдэхүүн, хүүхдэд худалдаалж байгаа бараа бүтээгдэхүүнийг сайтар анхаарах ёстой гэдгийг хэлсэн. Бидний шалгалтын үр дүнд цагаан самар оруулж ирдэг Баруун Хөшөөт компани бүтээгдэхүүнийхээ хаяг шошгонд анхаарч, зөрчлөө арилгахаар болсон. Тус компани 2018 онд Мэргэжлийн хяналтын байгууллагаас торгууль шийтгэл авч, хүнсний аюулгүй байдал зөрчсөн асуудлаар сануулах арга хэмжээ авахуулсан юм билээ. Тус компани дээр бид хяналт шалгалт хийж байна.

ШӨХТГ үндсэн чиг үүргээсээ хазайж МХЕГын чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийлээ гэх иргэд ч байна. Танай байгууллагын үндсэн чиг үүрэгт хүнсний бүтээгдэхүүний хаяг шошго, хадгалах горимыг шалгах үйл явц хамаардаг уу?

-Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг байгууллага ШӨХТГ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хуулинд үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн барааны аюулгүй байдлыг хангах шаардлагууд бий. Тухайлбал, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн долдугаар зүйлд барааны талаарх мэдээлэл авах хэрэглэгчийн эрхийг заасан. Тухайн барааны зориулалт, хэрэглээний шинж чанар, барааны орц найрлага, барааны нэр төрөл, үнэ, баталгаат болон эдэлгээт хугацаа, хэрхэн хэрэглэх заавар, үйлдвэрлэгчийн нэр хаяг, таних тэмдэг код гэхчлэн бүх зүйлийг заасан. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль хэрэглэгчийн мэдэх эрхийг хангахын төлөө үйлчилдэг. Энэ хуулийн хүрээнд бид хяналт тавьдаг.

Хүнсний бүтээгдэхүүн оруулж ирж байгаа байгууллага, аж ахуйн нэгжүүд хуульд заасан стандартаа мөрддөг байх юм бол ямар ч асуудал үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр та бүхэн энэ асуудлыг тогтолцоогоор нь өөрчлөх алхам хийж байна гэж ойлгож болох уу?

-Хүнсний аюулгүй байдлын тухай яг энэ асуудлыг хөнддөг байгууллага маш ховор байдаг. ШӨХТГ 16 жилийн турш оршин тогтнохдоо энэ асуудлыг огт хөндөөгүй юм билээ. Б.Бат-Эрдэнэ гэж хувь хүн өөрийнхөө нэр төрийг бодвол энэ асуудлыг хөндөхгүй байж болно. Тухайлбал, Хүчит шонхор захтай холбоотой асуудал ч бас үүнд хамаатай. Тухайн газрын ойр орчим 80 гаруй мянган шарил байдаг. Би ШӨХТГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа хөндөхгүй, өөрийн нэр төрийг бодоод, шүүмжлэлээс айгаад хойш суусаар байвал энэ асуудлууд хэзээ ч шийдэгдэхгүй. Яагаад гэхээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд шийдээгүй л байна шүү дээ. Хууль эрх зүйн орчин байна уу гэвэл байна. Гэтэл гаалийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага хил гаалиар орж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүн дээр үндсэн шаардлагаа тавиад, хуулийн зөрчилтэй бараа бүтээгдэхүүн огт орж ирдэггүй байсан бол бид уухайлаад, ажиллаад, иргэдийг бухимдуулаад байх шаардлагагүй. Монголчууд өрөвч, тусч ард түмэн гэдгийг ойлгож байна. Гэхдээ таны хүүхэд ямар чанартай бүтээгдэхүүн, юу идэж байгааг мэдэхгүйгээр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ярих ямар ч боломжгүй. Үүнийг л сайн ойлгох хэрэгтэй.

Дуучин Ч.Уранхолбоо цахим орчинд олон мянган дагагчтай. Өөрийн цахим хуудсаараа дамжуулж олон төрлийн бараа бүтээгдэхүүн сурталчлан борлуулдаг. Тиймээс зарим иргэд Уранхолбоо иргэдийг шалгах биш, Ч.Уранхолбоог ШӨХТГ шалгах ёстой гэсэн байр суурь илэрхийлж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Бид хуулийн дагуу ажиллаж байгаа. Ч.Уранхолбоо цахим орчинд 400 гаруй мянган дагагчтай. Цахим орчинд идэвхтэй байдаг. Энэ утгаараа бидний тухайн өдрийн үйл ажиллагаа дээрх тооны хэрэглэгчдэд шууд хүрсэн. Бид Ч.Уранхолбоотой хамтран ажилласан үндсэн зорилго бол хүнсний эрүүл, аюулгүй байдал, тэр дундаа хүүхдийн хүнсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг зөвлөмж, сэрэмжлүүлэг байдлаар бодит байдлыг үзүүлэхийг зорьсон. Уранхолбоогийн өөрийнх нь зарж борлуулж байгаа бараа бүтээгдэхүүнтэй холбоотойгоор “Та өөрөө тухайн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэдэг үү. Өөрөө хэрэглэхгүйгээр бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулснаар танд итгэдэг, таныг дагадаг хэрэглэгчид бараа бүтээгдэхүүнээс хордвол яах вэ. Эсвэл эрүүл мэндээрээ хохирвол яах вэ” гэдгийг асуусан. Дуучин Ч.Уранхолбоо “Би өөрөө хэрэглэж үзэж, судалсны үндсэн дээр тухайн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах байдлаар хамтран ажилладаг” гэж хариулсан. Түүний худалдан борлуулдаг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол заргыг манай ШӨХТГ-т мэдүүлбэл хяналт шалгалт хийнэ. Бид жижиг дэлгүүр, том дэлгүүр гэж ялгадаггүйтэй адил энэ хүн, тэр хүн гэж ялгахгүй. Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн дагуу төр иргэний өмнө хүлээсэн үүргийн дагуу шалгалт хийхэд ямар ч асуудал байхгүй. Харин сугалаатай холбоотой асуудал манай чиг үүргийн асуудал биш. Тэр бол цагдаагийн байгууллагын шалгах ёстой асуудал.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөхөгчин тахиа өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 6, Адъяа гариг. Билгийн тооллын 26, Шийдэм одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 04:55 цагт мандан, 20:47 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.