Categories
гадаад мэдээ

Австралид коронавирусийн шинэ хувилбар бүртгэгджээ

Австрали улсын Виктория мужид коронавирусийн халдварын мутацлагдсан “Delta” нэртэй шинэ хувилбар бүртгэгдсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

Шинэ хувилбар Энэтхэгийн хувилбараас илүү халдварлах эрсдэлтэй гэсэн байна. Тиймээс мужийн эрх баригчид энэ шинэ хувилбарын халдвар улам дэгдэхээс болгоомжилж байна. “Delta” шинэ хувилбар зэргэлдээх мужийн аялал жуулалчлалын газраар зочлоод ирсэн нэг гэр бүлийн хоёр гишүүнээс илэрчээ. Одоогоор тус улсын Эрүүл мэндийн салбар халдварын тархалт, тархвар судлал дээр ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Э.Даваажамц дунд сургуулийн сурагч байхдаа гүйлтийн спортоор хичээллэдэг байжээ

Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховдоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр төлөвлөж, зургадугаар сарын 02-нд гараанаасаа гарсан юм.

Энэ удаагийн гүйлтээ Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж байгаа аж.

Харин өнөөдөр Ховд аймгийн Дарви сумын нутагт иржээ.

Тэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолжээ. Ингэхдээ гурван сарын хугацаанд бэлтгэл хийж өдөрт 40-45 км гүйхээр төлөвлөөд буй.

Э.Даваажамц дунд сургуулийн сурагч байхдаа гүйлтийн спортоор хичээллэдэг байжээ.

Алтан шар зам нь өлзийтэй байг.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1046 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1.046 ээжид “Эхийн алдар” одон гардуулав.

Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа эхчүүдэд “Эхийн алдар” одон хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил улсын хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг хүртээж байгаа юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Эрхэм хүндэт эхчүүд ээ,

Монголын сайхан ээж нар аа,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг нийслэлийн хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулж байгаа юм.

Бүх цаг үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, хүсэн хүлээж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн, ийм сайхан уламжлалтай ард түмэн. Эхийн ачийг хариулахын аргагүй гэж монголчууд бид ярьдаг. Үрээ гэсэн хязгааргүй их хайр, тэвчээр, олон зуун шөнө нойроо хугаслан асарч өсгөдөг эх хүний сэтгэл зүтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй юм.

Өнөөдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1046 элбэрэлт ээжийн “Эхийн алдар” одонг Монгол төрийн тэргүүний хувьд Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн Их танхимд өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье. Бяцхан үрсэд нь ээж бүрийн хүсдэг гэгээн гэрэлт ирээдүйг ерөөж байна.

Нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулахад нь, монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулан мэдүүлж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд чадах бүхнээрээ, байгаа боломжоороо төр туслах ёстой юм. Монголын төр хүн амаа өсгөх, хүүхдийг хэвийн орчин нөхцөлд бойжуулахад нь эхчүүдэд туслах бодлогоо хэзээ ч орхиж, дутааж болохгүй. Цаашдаа ч монгол төрийн энэ бодлого тууштай үргэлжилж, эрчимжих ёстой гэж үзэж байна.

Монголын үзэсгэлэнт эхчүүд ээ,

Өнөр баян монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн угаас дахин баяр хүргэж, халуун талархал илэрхийлье.

Мөнх тэнгэрийн ивээлээр монгол гэр бүл бүхэн аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрж, монгол эхчүүдийн алдар бадартугай” гэлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
  • Зургадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358,
  • Зургадугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 649,
  • Зургадугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 971,
  • Зургадугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 566, Багануур дүүргийн 80 ээж, Багахангай дүүргийн 20,
  • Зургадугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 425, Налайх дүүргийн 136, Төв аймгийн 392,
  • Зургадугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1,046 ээжид “Эхийн алдар” одон гардуулснаар энэ жилийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаа өндөрлөж байна.

“Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулав.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч зогсоолд байсан автомашинуудыг дайрсан хэрэг гарчээ

Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр буюу Гуравдугаар хорооллын 13-ын Б, В, 14-р байрны гадаах зогсоол дээр болон зам дагуу байрлуулсан 20-иод машиныг “Prius-30” машинтай согтуу эрэгтэй жолооч мөргөсөн хэрэг гарсан байна.

Зургадугаар сарын 5-ны 22:00 цагийн үед энэ хэрэг болсон бөгөөд гадаа чимээ дуугарахад зогсоол руу харсан цонхтой айлууд мэдэж, согтуу хүнийг зогсоожээ.

машин

Оршин суугчид цагдаа дуудаж, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон жолоочийг эрүүлжүүлэхэд хүргүүлсэн байна.

“Одоогоор машинаа мөргүүлсэн оршин суугчид үнэлгээний байгууллагаар хохирлоо тогтоолгож байгаа бөгөөд шүүхэд хандаж, хохирлоо барагдуулна. Засвар авахааргүй болтлоо эвдэрсэн машин ч байна гэж хүмүүс ярьж байна. Энэ үед нь хүн явж таарсан бол дайруулж мэдэхээр байлаа. Зөв зүгээр байсан иргэд бидний ажлыг алдуулж, маш их хохирол учрууллаа” хэмээн хохирогч иргэн мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүсэлтээ ирүүлсэн намын төлөөлөлд сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хэлбэрээр олгов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.15 дахь хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.11-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгоно” гэж заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар авах хүсэлтээ ирүүлсэн Монгол ардын нам болон Ардчилсан намын төлөөлөлд өнөөдөр /2021.06.05/ сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар олголоо.

Энэхүү үйл ажиллагаанд Улсын бүртгэлийн ерөнхий газрыг төлөөлж дэд дарга Г.Билгүүн, Иргэний улсын бүртгэлийн газрын дарга Т.Нармандах, Хяналт шалгалтын газрын дарга Б.Ганзориг, Мэдээллийн технологийн газрын дарга П.Нэргүй, Тамгын газрын ахлах мэргэжилтэн Г.Амаржавхлан, Монгол Ардын намыг төлөөлж хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Сүнжидмаа, Ардчилсан намыг төлөөлж тус намын дэд дарга Д.Ганбаяр нар болон холбогдох хүмүүс оролцов.

Эх сурвалж: УБЕГ-ын Хамтын ажиллагаа, сургалтын хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Их нууруудын хотгор, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 градус, говийн бүс нутгийн баруун хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 25-30 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 30-35 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 24-26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 23-25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно . Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 21-23 градус дулаан байна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Хүүхдүүдээ коронавируст халдвараас хамгаалъя

Сүүлийн 24 цагт ковидын халдвараар дөрвөн хүн нас барсны нэг нь найман настай хүүхэд байсан юм.

Мөн хүүхдүүд хөнгөн хэлбэрээр өвдөөд эдгэж байна гэж байгаа ч цаашид хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй хүүхдүүдэд халдвал хүндрэх эрсдэлтэйг мэргэжлийн хүмүүс мэдээлж байсан.

Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүдээ олон нийтийн газраар авч явахгүй байх, тоглоомын талбайд олон хүүхэдтэй хамт тоглуулахгүй байх зэрэг халдвар хамгаалаллын дэглэмээ сайтар баримтлахыг зөвлөж байна.

May be an image of one or more people and text

Image

Шинэ төрлийн короновирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

  • Гараа сайтар савандаж угаах, халдваргүйжүүлэгч хэрэглэх;
  • Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  • Мах, өндгийг гүйцэд болгож идэх;
  • Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  • Мал, тэжээвэр болон зэрлэг амьтантай хүрэлцэхгүй байх;
  • Шүүрхий мах, махан бүтээгдэхүүн идэхгүй байх;
  • Түүхий ус уухгүй байх;
  • Далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг сайтар буцалгаж хэрэглэх;
  • Арьс, салстаа гэмтээхгүй байх;
  • Мал, амьтны зах, аж ахуйгаар орохгүй байх;
  • Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй, зочин урихгүй байх;
  • Хүн ихээр цугларсан газарт аль болох очихгүй байх;
  • Зэрлэг амьтдын мах, эд эрхтэнг хүнсэнд хэрэглэхгүй байх;
  • Нус, цэрээ ил задгай хаяхгүй байх.
Categories
мэдээ нийгэм

Д.Жаргалсайхан: Зэвсэгт хүчин энэ ажилд оролцсоноороо богино цаг хугацаанд ажил гүйцэтгэх үндэс суурь нь тавигдсан

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга Дамдинсүрэнгийн Жаргалсайхантай ярилцлаа.

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн танд баяр хүргэе. Танаар төлөөлүүлж төмөр замыг амжилттай барьж байгуулсан Зэвсэгт хүчинд өгсөн шагнал болов уу гэж бодож байна. Та сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын түүхэн том бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлж, 2021 оны зургаан сард ашиглалтад орж анхны галт тэрэг төмөр замаар явсан. Монголчууд бид бүхэн анхлан зураг төслөө хийж, төсөв мөнгөө босгож, монгол залуучууд, монгол инженерүүд, дотоодын аж ахуйн нэгж, байгууллагууд барьж байгуулснаараа түүхэн ажил болсон. Тийм учраас энэ бүтээн байгуулалтын ажилд олгож байгаа шагнал болов уу гэж бодож байна. Бас үндэсний томоохон төрийн өмчит компаниуд, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон ийм түүхэн ажил цаашдаа үргэлжлэх байх гэж бидэнд өгч байгаа болов уу. Төслийн хэмжээнд нийт 10 мянга гаруй хүн, 3,000 гаруй техник тоног төхөөрөмжөөр ажиллаж байж ард нь гарсан. Байгаль цаг уурын хувь таатай биш бүс нутаг л даа. Саад бэрхшээл маш их байсан. Гэсэн хэдий ч бид ажлынхаа ард гарч чадлаа.

Зэвсэгт хүчин энэ төсөлд оролцсоноороо техник, тоног төхөөрөмж, материаллаг бааз, хүн хүчний нөөц бололцоо маш их сайжирсан. Ажил хийсэн хүмүүсийн хувьд ч нийгмийн асуудлуудаа шийдсэн. Хугацаат цэргийн албан хаагчид гэхэд өдрийн 60 мянган төгрөг авна гэдэг маань сард хоёр сая далан мянган төгрөгийн цалин. Цэргийн албаа хаагаад цалин аваад явах жишээтэй. Тэгэхээр нэг талдаа хугацаат цэргийн алба цаг хугацаандаа ажил мэргэжил олоод, ажил хийж сураад, гэртээ харьж байгаа нь цааш цаашдаа хөдөлмөр хийх бааз суурийг, хөдөлмөрт сургах бодлого, зорилготой явж байгаа ажил юм. Ийм учраас төрөөс маш том бодлогын хэмжээнд хийгдсэн ажил.

-Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч 2018 оны нэгдүгээр сард Зэвсэгт хүчнийг улс орны бүтээн байгуулалтад оролцуулах тухай журмыг баталсан. Энэ журам гарснаар Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн улс орны томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцох болж, эхний төслөө дуусгалаа?

-Тийм. Зэвсэгт хүчин энэ ажилд оролцсоноороо богино цаг хугацаанд ажил гүйцэтгэх үндэс суурь нь тавигдсан. Төмөр замын доод бүтэц гэдэг бол төмөр замын нийт ажлын гуравны хоёртой тэнцэх ажил. Далан барих, хоолой хийх зэрэг ажлыг газар дээр нь хийж гүйцэтгэдэг. Энэ их ажлыг Зэвсэгт хүчин богино цаг хугацаанд удирдаж зохион байгуулсан. Зэвсэгт хүчний давуу тал юу вэ гэхээр цаг наргүй ажиллаж чаддаг. Нэг командаар ажиллаж чаддаг. Цэрэг гэдэг маань зэрэг гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр шагнал гардуулах үгэн дээрээ хэлсэн. Монголчуудыг ажил хийх чадваргүй, залхуу хойрго, том ажлыг удирдаад аваад явж чадахгүй, боловсруулж чадахгүй, төсөв мөнгийг нь ч гаргаж чадахгүй гэж хэлдэг, ярьдаг. Гэтэл өнөөдөр Зэвсэгт хүчин, аж ахуйн нэгжүүд, төр засгийн удирдлагууд нь нийлээд, бүгд эрвийх дэрвийхээрээ ажиллалаа. Цар тахалтай, төсөв мөнгө муутай, эдийн засгийн хямралтай ийм нөхцөлд ажил хийх хүнд байсан. Монголчууд ийм том ажлыг хийж чадах юм байна гэдгийг харуулж чадсан. Үүгээрээ цааш цаашдаа манай залуучууд, монголчууд урам зориг авч байгаа байх аа гэж бодож байна. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч үнэхээр итгүүлж, удирдаж, зохион байгуулж чадсаныг цохон тэмдэглэж хэлмээр байна. Үндсэндээ монголчууд хийж чадна, монголчууд хийж чадсан гэдгийг онцгойлж харуулахын тулд өнөөдрийн шагналыг өгч байгаа болов уу.

Хоёр жил энэ төсөл дээр ажилласныхаа хувьд Монгол Улсын цаашдын хөгжлийн үндэс суурь тавигдаж байна гэж харж байна. Монголчуудын итгэл үнэмшил үнэхээр төрж байгаа. Цаашид хөгжих бүрэн боломжтой. Энэ бол бидний түүхэнд бичигдэх том бүтээн байгуулалтын ажил.

-Зэвсэгт хүчин цаашид бүтээн байгуулалтын ажилд манлайлан оролцоно гэсэн хүлээлт үүслээ шүү дээ.

-Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн эхний үе шатанд барихаар тусгасан 416 км төмөр зам дээр вагон яваад эхэлчихлээ. Үүний үргэлжлэл нь Сүхбаатар, Хөөт, Чойбалсан чиглэлийн зам. Энэ зам үндсэндээ 700 гаруй км. “Монголын төмөр зам” ТӨХК одоогоор зураг төслийг нь хийж байгаа. Бид нар энэ ажил руу орно гэж төлөвлөж байна. Мөн Богдхаан төмөр замын төсөл байна. Өнөөдрийн төмөр зам бол хот дундуураа явж байгаа. Автозамын түгжрэл, вагоны дуу чимээ, нэвтрэн өнгөрүүлэх чадвар нь хязгаарлагдмал. Энэ төсөл дээр Зэвсэгт хүчин мөн төмөр замын доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгчээр орохоор болж, ажлын хэсэгт орсон. Ийм хоёр том төсөл байгаа.

Түүнчлэн шинэ суурьшлын бүсүүд, томоохон үйлдвэрүүд, дулааны станц, усан цахилгаан станц, төмөрлөгийн үйлдвэр болон бусад үйлдвэрүүдийн төсөл рүү орох талаар судалгаа, шинжилгээний ажлуудаа хийсэн. Монгол Улсын төрөөс барьж байгаа бодлого, хөтөлбөртэй уялдуулаад өөрсдийн санал санаачилгаа гаргаж, Засгийн газарт хүргүүлчихсэн байгаа. Бид цаашдаа ийм хэмжээний ажлууд руу орж ажиллана.

Танд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлчүүдийн 83.7 хувь нь вакцины II тунд хамрагдлаа

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 624, II тунд 7150, нийт 7774 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.3 хувь буюу 956.021 нь I тунд, 83.7 хувь буюу 797.855 нь II тунд хамрагдаад байна.
Categories
мэдээ нийгэм

Н.Удаанжаргал: Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолыг надад биш, манай хамт олонд, монгол инженерүүдэд өглөө гэж ойлгож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Норовсамбуугийн Удаанжаргалтай ярилцлаа.

-Юуны өмнө танд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсанд баяр хүргэе. Таныг гавьяат цол хүртэж байгаа гэсэн хүлээлттэй байлаа?

-Тийм ээ. Гэнэтийн үйл явдал боллоо. Маш өндөр сэтгэгдэлтэй, хэлэх үг олдохгүй байна. Юутай ч намайг өдий зэрэгт хүргэсэн аав, ээждээ баярлалаа.

-Төмөр замын томоохон бүтээн байгуулалтын төслүүд дээр таны удирдсан “Тавантолгой төмөр зам” ХХК амжилттай ажиллаж байгааг үнэлж, энэ шагналыг өгсөн байх?

-Тэгэлгүй яах вэ. Ер нь монголчууд яагаад чаддаггүй юм бэ гэсэн асуулт байсан. Гурван жилийн өмнө надад төр засаг маш том үүрэг даалгавар өгч, Засгийн газрын тогтоол хүлээлгэн өгсөн. 10 жил гацсан төслийг явуулах боломж байна уу, чи л чадах юм байна гээд. Одоо манай хамт олон 380 инженер, техникийн ажилтантай. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн инженерийн хяналтыг амжилттай хийж дуусгаад, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын төсөл дээр захиалагчийн хяналтаа хийгээд ажиллаж байна. Одоо манай төслийн талбай дээр 2,300 хүн ажиллаж байна. Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм хүндтэй цолыг надад биш, манай хамт олонд, монгол инженерүүдэд өглөө гэж ойлгож байна.

-“Монгол Улс түүхэндээ анх удаа төмөр замын том бүтээн байгуулалтыг бие даан гүйцэтгэлээ” гэж Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж үг хэлэхдээ онцолж байсан. Энэ хоёр төсөл бол монголчуудын өөрсдийн хүчин чадлаар барьсан анхны томоохон бүтээн байгуулалт гэж хэлж болох уу?

-Бололгүй яах вэ. “Улаанбаатар төмөр зам” ХНН хамгийн сүүлд 1955 онд төмөр замаа Замын-Үүд хүртэл барьж, өргөн царигийн төмөр замыг БНХАУ-ын хилд хүргэсэн. 1994 онд нарийн царигийн төмөр зам орж ирснээр хоёр талын технологийн паркууд байгуулагдаж байсан. Яг үүн шигээр, энэ гол замаас Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам, үндсэндээ 700 км орчим төмөр зам салаад, улсын хил дээр Гашуунсухайт гэдэг өртөөг бий болгож байна. Одоо Гашуунсухайт, Ганцмод өртөөдийн царигийн паркийг байгуулах асуудал яригдаж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдын БНХАУ-д хийх айлчлал, түүний өмнө Гадаад харилцааны сайдын тус улсад хийх айлчлалын үеэр энэ асуудал яригдана.

УИХ-аас 2010 онд баталсан Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичигт 6,000 гаруй км урттай төмөр замыг барихаар тусгасан байдаг. Ямар ч байсан эхний ээлжинд инженеринг компанийг нь бий боллоо. Инженеринг компани бий болно гэдэг нь техник, эдийн засгийн үндэслэлээ өөрсдөө хийнэ гэсэн үг. Бүх шатны технологийн хяналтаа өөрсдөө хийж байна. Төслийн удирдлагын баг, барилга угсралтын багтай.

Түүнчлэн Тавантолгой-Зүүнбаян төслийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн цэвэр ашгаас санхүүжүүлсэн бол Тавантолгой-Гашуунсухайт төсөл дээр улсын төсөв, төрөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр санхүүгийн тусгай схем боловсруулж хэрэгжүүлсэн. Газар доорх байгалийн баялгаас буюу төмөр замын ашиглалтын явцад төлбөрөө төлж барагдуулна. Энэ төслийн хөрөнгө болох 1 тэрбум ам.долларыг босгосон онцлогтой. Монгол Улс асар их байгалийн баялагтай. Энэ байгалийн баялгийн өгөөжийг дэд бүтэц, бүтээн байгуулалт руу оруулж байгаа анхны том тохиолдол болж байгаа юм.

Үндсэндээ Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод туссан 6,000 км төмөр замыг монголчууд өөрсдөө барьж чадахаар боллоо шүү дээ?

-Бид хангалттай чадна. Монгол Улсад метро болон цахилгаанжсан галт тэргийн түвшинд гадны тусламж, зөвлөгөө хэрэгтэй. Гэхдээ бид суралцаж болно гэж бодож байна. Төмөр замыг аваад үзвэл, бид нэг, гуравдугаар зэрэглэлийн төмөр замыг барьчихлаа. Төмөр замын гүүрэн байгууламж, дэд бүтцийг бид өөрсдөө барьж байгуулж чадахаар боллоо. Иймээс 6,000 км төмөр замаа өөрсдөө барьж чадна гэж үзэж байна.

Одоо Засгийн газар дээр Богд хан төмөр замын төсөл яригдаж байна. Энэ төмөр зам 12-13 км туннельтэй зам байх юм. Монголчууд анх удаа уул нүхэлж туннель барих ажил руу орно. “Тавантолгой төмөр зам” ХХК энэ төсөл дээр инженерингийн зөвлөгөө өгч оролцох бүрэн боломжтойгоо илэрхийлсэн.

Мөн манай компани Зүүн Азийн эдийн засгийн коридор гэж ярьдаг зүүн бүсийн босоо тэнхлэгийн төмөр зам, тухайлбал, Бичигт-Эрээнцав чиглэлийн судалгааны ажил руу энэ долдугаар сараас орж байна. Цаашлаад баруун бүсийн 1,200 гаруй км төмөр замын бүтээн байгуулалтын инженер, технологийн асуудлыг бүрэн шийдээд явах боломжтой 100 хувь төрийн өмчит компани болж байна.

Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлснээр Монгол Улс инженерингийн компани, барилга-инженерийн цэргийн анги, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын газартай боллоо. Сүүлийн 30 гаруй жилд зөвхөн авто зам дээр ажиллаж байсан олон зуун компани энэ бүтээн байгуулалтын төсөлд оролцож, инженерингийн хяналтын доор төмөр замыг яаж барих ёстой талаар мэдлэг, туршлага хуримтлууллаа. Тэгэхээр Монгол Улс цаашдаа төмөр замын энэ хэмжээний томоохон бүтээн байгуулалтыг гадны тусламж аваад байхааргүйгээр барих боломжтой болсон гэдгийг л онцолж хэлмээр байна.

-Танд баярлалаа.