Categories
мэдээ улс-төр цаг-үе

А.Бүрэнбаатар: Мэтгэлцээнийг ямар хэлбэрээр зохион байгуулах талаар ярилцаж байна

МҮОНРТ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг зургаадугаар сарын 7-нд буюу өнөөдөр зохион байгуулахаар төлөвлөж байсан.

Гэвч Зөв хүн электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат сонгуулийн ажлаар орон нутагт явж байхдаа коронавирусийн халдвар авсан бөгөөд одоогийн байдлаар Улсын хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж буй юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр товлогдсон мэтгэлцээн болох эсэх болбол ямар хэлбэрээр хэрхэн зохион байгуулах нь тодорхойгүй байгаа юм. Энэ талаар МҮОНРТ-ийн гүйцэтгэх захирал А.Бүрэнбаатар “Мэтгэлцээнийг ямар хэлбэрээр зохион байгуулах талаар бид ярилцаж байна. Зөв хүн электорат эвслээс мэтгэлцээнийг цахимаар явуулах санал гаргасан. Тус саналыг судалж үзэж байна. Хэрэв мэтгэлцээнийг цахимаар явуулсан тохиолдолд хэрхэн зохион байгуулах талаар бид ярилцаж байна. Өнөөдөр үдээс өмнө намын төлөөллүүдтэй уулзаж, эцсийн шийдвэрийг гаргана. Эцсийн шийдвэр гарсны дараа манай телевизийн зүгээс албан ёсны мэдэгдэл хийнэ” гэв.

Categories
мэдээ нийгэм

0-17 насны хүүхдүүд халдварт өртөх нь нэмэгджээ

Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал болон Вакцинжуулалтын асуудлаар Эрүүл мэндийн яаманд ажиллалаа.

Өчигдрийн байдлаар орон даяар вакцины II тунгийн хамрагдалт 72 хувьд хүрсэн бөгөөд зургадугаар сарын 15-н гэхэд энэ үзүүлэлтийг 90 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа юм.

Улсын хэмжээнд 54 мянган жирэмсэн эхчүүд вакцинд хамрагдаагүй байгаа учраас хөл хүнд болон хөхүүл ээжүүдийг удахгүй “AstraZeneca”, “Pfizer”, “VeroCell” вакцинаас сонголтоороо хийлгэх боломжийг олгохоор төлөвлөжээ.

Харин одоо вакцин хийлгээгүй эрсдэлт бүлэг буюу 0-17 насны хүүхдүүдийн дундах халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж, нийт тохиолдлын 27.5 хувьд хүрээд буйг анхаарах нь чухал байгааг онцлов.

КОВИД-19-ийн халдварын улбаатай нас баралтын шалтгаан, нөхцөлийг эмнэлзүйн шинж тэмдэг, суурь өвчлөл тус бүрээр нарийвчлан тогтоож, эрсдэлийн үеийн хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг Шадар сайд үүрэг болгов.

Мөн гаднын цөөнгүй оронд мутацилагдсан хувилбар дэгдсэнтэй холбогдуулан цар тахлын эмчилгээний ямар шинэ арга тактик нэвтэрсэн, ямар үр дүн үзүүлж буйг судалж, Монголд нэвтрүүлэх талаар судалгаа тооцоог яаралтай хийж, идэвхтэй ажиллахыг салбарын мэргэжилтнүүдэд хугацаат үүрэг даалгавар өглөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах PCR шинжилгээ болон дархлаажуулалтын цэгүүд

дархлаажуул

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 7-нд Улаанбаатар хотод явуулын 12, суурин 41 цэгт 103 багийн 552 эмч, ажилтан ажиллаж, 13.115 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ.

Мөн зургаан цэгт шинжилгээ авахаар болсон байна.

PCR шинжилгээ болон дархлаажуулалтын цэгүүдийг танилцуулж байна.


Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

А.Даваадорж: Гангийн үйлдвэр байгуулбал дотоодын эдийн засгийг 30-40 хувь тэлэх боломжтой

Ган төмөр импортлогчдын холбооны тэргүүн А.Даваадоржтой ярилцлаа.


Засгийн газраас дотоодын төмрийн үйлдвэрүүдийг дэмжих бодлого баримталж байгааг салбарын сайд нь мэдэгдлээ. Төмөр үйлдвэрлэгчдэд ямар дэмжлэг шаардлагатай байна вэ?

-Монгол Улсад жил бүр 300 гаруй мянган тонн ган шаардлагатай байдаг. Барилгын салбарт өргөн хэрэглэгддэг арматур төмөр гэхэд 200 мянган тоннын хэрэгцээ гарна. Жилд 300 гаруй сая ам.долларыг гадагш нь урсгаж байна. Дотоодын үйлдвэрүүд нийт хэрэгцээний 30 хүрэхгүй хувийг л хангадаг. Манай үйлдвэрүүдийн гол түүхий эд нь хаягдал төмөр. Ингээд бодоход дотоодын үйлдвэрүүдэд дэмжлэг гэхээс илүү манайх үйлдвэрлэгч улс болох цаг нь аль хэдийнэ ирчихсэн.

Манай улс олон жил гангийн үйлдвэр байгуулах асуудлыг ярьж, төлөвлөж ирсэн л дээ. Биеллээ ололгүй олон жил болж байна. Ган боловсруулах үйлдвэр байгуулах нь үйл явц тийм түвэгтэй юү?

-Гангийн үйлдвэр байгуулахын тулд эхлээд аж үйлдвэрийн парк байгуулах хэрэгтэй. Төмрийн хүдэр, коксжих нүүрс, шохойн чулуу, жоншоо ашиглаад анхдагч ширэм гаргах шаардлагатай. Ингээд ширмээ ган бэлдэц болгоно. Энэ гангаар л бүх төрлийн төмөр хийх боломжтой. Дараагийн үйл явц нь “Таван толгой”-оос гарч байгаа коксжих нүүрсийг шууд ширэм боловсруулахад хэрэглэхэд тохиромжгүй. Буталж боловсруулаад барьцалдуулагч бодистой хольж, хүчилтөрөгчгүй орчинд шатаана. Ингээд л саарал өнгөтэй жинхэнэ кокс гарна. Үүний тулд коксын үйлдвэр байгуулах шаардлага гарч байгаа юм. Коксын үйлдвэр байгуулснаараа төмрийн хүдэр хайлуулах хоёр дахь том алхмаа хийлээ гэж ойлгож болно. Дээрээс нь шохойн чулуу, жонш хэрэгтэй. Энэ дөрөв нь манайд бий. Нэмэгдээд температур өсгөгч ферманган шаардлагатай. Энэ нь бол манайд байхгүй.

Том үйлдвэр дагасан эрчим хүчний асуудал тулгарах байх…?

-Гангийн үйлдвэрийг ажиллуулахад 42 мГв-ын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай.

Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнд үүнийг шийдэх боломжгүй л дээ. Үүнийг шийдэх хэрэгтэй. Ажил хэрэг болгочихвол бид жилд 500-800 мянган тонн ган үйлдвэрлэнэ. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 30-40 мГв-ын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно гэж ойлгож болно.

Ийм хэмжээний хөрөнгө болгоход амар биш байх?

-Бид эрдэс бүтээгдэхүүнээ экспортолж, улс орны орлого нэмэгдэж байна. Энэ орлогын өсөлтийг дэд бүтэц рүү л зарцуулна. Манайх шиг өргөн уудам газар нутагтай оронд барилга байгууламж, зам гүүр нэн тэргүүнд шаардлагатай. Энэ дэд бүтцийг шийдэхэд цемент, арматур гэсэн хоёр зүйл хэрэгтэй. Цементийг бол дотоодын зах зээлээс хангаж болно. Харин 600 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт байвал төмрийн үйлдвэрийг ойрын 3-4 жилийн хугацаанд л байгуулах боломж харагдаж байна. Үүнд төр засаг анхаарал хандуулах шаардлагатай байна. Дээрх санхүүжилтийг босгох хэд хэдэн гарц гаргалгаа байна. Эхнийх нь бартерын гэрээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийлүүлэх гэрээтэйгээр дараа төлбөрт нөхцөл байж болно.

Бид жилд л дунджаар 300 сая ам.доллар гаргаж байгаа талаар яриандаа дурдсан. Хоёр жилийн импортоор гаргах хэмжээний хөрөнгөөр л дотоодын эдийн засгийг 10-15 хувь тэлэх хэмжээний цогцолбортой болно гэсэн үг. Гэхдээ үүнийг ерөнхий дүр зураг гэж ойлгох нь зөв байх.

Үйлдвэр байгуулснаар хамгийн гол нь бүх төмөр хийцийн үйлдвэрлэл, зам гүүр, барилга байшинг дотоодын бүтээдэхүүнээр хийх боломж бүрдэнэ. Үүнийг дагаад ажлын байр, жижиг дунд үйлдвэрүүд хөгжих юм.

Үйлдвэр байгуулсан зардлаа богино хугацаанд нөхөх өөр ямар боломж байна вэ?

-Анхдагч ширмээ экспортод гаргахад нээлттэй. БНХАУ, Япон, БНСУ зэрэг улсуудад ширэм экспортлох боломж бүрдэнэ. Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч орон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэж байна. “Эрдэнэт” үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах харагдаж байгаа биз. Энэ үйлдвэрийг байгуулах нь стратегийн өндөр ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэг гангийн үйлдвэртэй шууд холбоотой.

Дэлхийн зах зээлд төмрийн үнэ тэнгэрт хаджээ. Дагаад барилга орон сууцны үнэ өсч таарах байх. Бүтээн байгуулалт ч өндөр үнээр босох нь, бид цаашид яах вэ?

-Хөл нийлүүлээд алхана. Уул уурхайн супер цикль эхлэх үед нийгмийн тодорхой хэсэг ашиг олж бусад нь хохирч үлддэг. Энэ байдлаас гарахын тулд үйлдвэрлэгч улс болохоос өөр гарц бидэнд байхгүй. Үйлдвэрлэгч улс болсноор уул уурхайн компаниуд ашиг хүртэнэ. Үйлдвэрээс гарч байгаа эцсийн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өссөн байгаа тул үйлдвэрүүд ашиг олох боломжтой. Ингэснээр улсын эдийн засгийн 50-60 хувийг уул уурхай үйлдвэрүүд тогтвортой хангаад явах бололцоо бүрдэнэ.

Үнийн өсөлт хэр хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна вэ?

-Улс орнууд ковидоос болж хямралд орсон эдийн засгаа сэргээхээр бүх хүчин чармайлтаа гаргаж байна. Энэ хүчин чармайлтаар нэг жилд бүх асуудлыг шийдээд сэргэчихгүй л дээ. Тодорхой төлөвлөгөөтэйгөөр гурваас таван жилийн хугацаанд сэргээх төлөвлөгөө гаргасан байгаа. Дэлхийн эдийн засаг хэр богино хугацаанд тогтворжино, төдий хэмжээнд түүхий эдийн үнийн хөөрөгдөл арилна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг анхаарууллаа

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, маргааш нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи ширүүсэж, шороон шуурга шуурч, эрс сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

Зургадугаар сарын 06-ны 20 цагаас 7-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 8-13 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр сэрүүсч, гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ёрөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ёрөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр сэрүүсч 6-11 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 5-7 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 6-8 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 4-6 градус, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Төрийн зохицуулалтыг оновчтой хийх нь хөгжлийг түргэтгэнэ

Төрийн зохицуулалтномын зохиогч УИХын гишүүн Б.Баттөмөртэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.


Төрийн зохицуулалт гээд ярихаар зарим хүмүүс буцаад социализм руугаа орох нь гэж цэрвэдэг.Чөлөөт зах зээлийн үед төрийн зохицуулалт яагаад хэрэгтэй байдаг вэ?

-Төрийн зохицуулалтыг үгүйсгэж, бүхнийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт буюу А.Смитийн “үл үзэгдэгч гар” зохицуулаад явна гэдэг үзэл одоо үед тохирохоо болиод удаж байна.

Зах зээлийн эдийн засаг хөгжихийн хэрээр эдийн засаг нийгмийн хурц асуудлууд гарч ирдэг юм байна. Хувийн хэвшил яаж ч ажиллаад бүгдийг дангаараа шийдэх боломжгүй. Хувийн хэвшил ашгийн төлөө ажиллаж,өрсөлдөх нь үнэн боловч зарим асуудлыг орхигдуулдаг.Ялангуяа ашиг орлого багатай ч нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд амин чухал үүрэгтэй салбаруудад хөрөнгө оруулалт дутагдаж байна.

Төрийн зохицуулалт нь үндэсний хэмжээнд ажлын шинэ байрыг нэмэгдүүлэх, бага орлоготой хүмүүсийг ажлын байраар хангах, өрхийн болон жижиг дунд бизнес эрхлэхэд чухал үүрэгтэй.

Бидний туулж өнгөрүүлсэн 30 орчим жилийн түүх орчин үед нийгэм эдийн засгийн үйл явцад төрийн зохицуулалт зайлшгүй гэдэг нь амьдралаар нотлоод байна. Зах зээл бүхнийг зохицуулна гэж итгэж, хийх естой ажлаа хийгээгүйгээс,ядуурал газар авч, 70 сая малтай мөртлөө махны үнийг дийлэхээ больж ирлээ.

Аялал жуулчлалын дэд бүтцийг бий болгож, хүмүүсийг тохитой тухтай аялах орчин бүрдүүлээгүйгээс унаган байгалиа хүмүүсийн хөлд талхлуулж,сүйтгүүлэх хэмжээнд хүрээд байна. Төр ийм байдалд хүргэхгүйгээр зохицуулж болох л байлаа.

Зохицуулалтгүй явж ирснээс шалтгаалан ямар ч тооцоо судалгаагүйгээр ашигт малтмалын 9000 гаруй лиценз олгож, 120 Их, дээд сургууль, 450 гаруй сүм дуган, 60-70 телевиз байгуулах эрх олгосон байна. Харин одоо эдгээр гажуудлыг засч залруулах ажил эхнээсээ хийгдэж байна.

Төрийн зохицуулалтыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд яах ёстой вэ, энэ талаар таны бодол?

-Эдийн засаг, нийгмийн тулгамдсан зорилтыг ханган биелүүлэх, эдийн засгийн хямралыг даван туулахын тулд тодорхой хугацаанд төрийн зохицуулалт зайлшгүй шаардагдана. Улс орнуудад төрийн зохицуулалт өөрийн гэсэн онцгой хэлбэр, чиглэл, хамрах хүрээтэй байдаг.

Нэгдүгээрт, зах зээл өөрөө зохицуулж чадахгүй тийм нөхцөл үүсвэл төрөөс зохицуулах хэрэгцээ гарна. Мөнгөний эргэлтийг зөв зохицуулах, төрийн үйлчилгээг нийгмийн эмзэг давхаргад хүргэх, баялгийн хуваарилалтад гарч байгаа тэгш бус байдлыг арилгах зэрэгт хэрэгтэй болно.

Хоёрдугаарт, чөлөөт зах зээлийн механизм мөнгөөр илэрхийлэгдсэн хэрэгцээг эрэлт нийлүүлэлтээр дамжуулан хангах боломжийг олгодог.Гэтэл мөнгөөр илэрхийлэгдэхгүй хэрэгцээ гэж бас байна. Нийтийн үйлчилгээ, үндэсний батлан хамгаалах асуудал, төрийн удирдлага, эрчим хүчний нэгдсэн систем, холбооны үндэсний сүлжээ, нийгмийн дэг журмыг сахиулах, вакцинжуулах, ундны усыг хамгаалах зэрэгт төрийн зохицуулалт зайлшгүй шаардагдана. Гуравдугаарт, гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг арилгахад төрийн оролцоо чухал. Зах зээлийн үйлдвэрлэл, хэрэглээнд зах зээл өөрөө зохицуулж чадахгүй, мөнгөөр илэрхийлэгдэхгүй хомсдол гардаг. Энэ нь зах зээлийн тэнцвэрийг алдагдуулж, нөөц баялгийг зохистойгоор хуваарилах боломжийг алдагдуулдаг. Энд төрийн зохицуулалт хэрэгтэй болно.

Мөнгөний эргэлтийг зохицуулах, шаардлагатай бараа, материалаар хангах, гадаад нөлөөллийг сулруулах зэрэг нь чөлөөт зах зээлд төрөөс оролцох оролцооны хязгаар гэж ойлгож болно. Гэхдээ төрөөс аж ахуйн ажилд хэт хутгалдан орж, хувийн бизнесийг булаах, шударга бусаар өрсөлдөж болохгүй.

Төрийн зохицуулалт хэрэгжээгүй учраас учирсан бэрхшээлийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Төрийн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй хэд хэдэн салбар бий. Үүний нэг нь орлого хуваарилах үйл ажиллагаа юм. Чөлөөт зах зээлийн өрсөлдөөний үр дүнд олсон ашиг орлогыг зах зээл шударга гэж үздэг.Олсон ашгийн хэмжээ оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарна.

Гэтэл нийгэмд өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй, ажил хийх чадваргүй хүмүүс олон байдаг.Тэд өрсөлдөөнд орж чадахгүй, учраас ямар ч ашиг орлогогүй. Ажлын чадвартай ч зах зээлд өөрийн байр сууриа олж чадахгүй хүмүүс бас байна.Төрд зүтгэдэг хүмүүс байна.Тэд мөн зах зээлээс ашиг орлогыг авч чадахгүй учраас тэднийг орлогожуулах нь төрийн ажил болохоос зах зээлийнх биш юм. Зах зээлийн эдийн засаг оршин тогтноход зайлшгүй хэрэгтэй чухал үйлчилгээний эрх зүйн үндсийг бүрдүүлэх үүргийг төр өөртөө авна.

Хувийн хэвшилд эрх зүйн статус олгох, хувийн өмч эзэмших эрх олгох, байгуулсан гэрээ хэлцлийг дагаж мөрдөхөд эрх зүйн орчин хэрэгтэй. Нийлүүлэгч, хэрэглэгч болон аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцааг зохицуулсан эрх зүйн орчин буюу “тоглоомын дүрэм “-ийг төрөөс тогтооно. Эдийн засгийн харилцаанд төр арбитрын үүрэг гүйцэтгэнэ.

Барааны нөөц дуусах, импорт нэмэгдэх, төлбөрийн тэнцэл муудах, ажиллах хүчин хомсдох, цалин хөлс нэмэгдэж, үүнийг дагаад бараа үйлчилгээний үнэ өсөх зэрэг сөрөг нөхцөл байдал үүсч болно. Тэр тохиолдолд төрөөс зохицуулалт хийж, хэрэглээний өсөлт, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг тодорхой хэмжээгээр хязгаарлах, барааны үйлдвэрлэл, хөрөнгийн хэт хуримтлалыг сааруулж, ирээдүйд үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, ажлын байрны багасах эрсдэлийг бууруулах хэрэгтэй болно.

Чөлөөт зах зээлийн онолоор бол эрэлт нийлүүлэлт хоёр бие биенээ нөхцөлдүүлж, үл үзэгдэгч гар зохицуулаад явна гэдэг. Монгол нэгэнт чөлөөт зах зээлийг сонгосон юм бол энэ замаар яваад 30 жилийн дотор үсрэнгүй хөгжсөн байх ёстой биш үү. Бид яг хаана нь алдав?

-Төрийн зохицуулалт нь аль ч нийгэмд байдаг хүчирхэг хэрэгсэл. Үүнийг чөлөөт зах зээлийн онолчид эсэргүүцдэг байсан ч өнөөдрийг хүртэл хамгийн хүчирхэг эдийн засагтай орнууд ч маш сайн үр дүнтэй ашигласаар байгаа юм. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлд шилжиж орсон бид зах зээл бүхнийг зохицуулна гэж найдаад төрийн оновчтой зохицуулалтыг орхисон нь буруу байсан. Төлөвлөгөөг зөвхөн социалист нийгэмд байдаг зүйл шигээр төсөөлж, бүхнийг урсгалаар нь хаяснаас улс орны хөгжлийг мухардалд оруулж, бүс нутгийн болон салбар хоорондын хөгжлийн тэнцвэрийг алдагдуулсан сургамжийг бидэнд үлдээлээ.

Хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлж, төлөвлөснөөр зах зээлийн эдийн засгийн дутагдлыг илрүүлж, түүний хязгаарлагдмал боломжийг даван туулах арга зам нээгдэж, хөгжлийн тэнцвэрийг хангах боломжтой байв.

Манайх шиг хүн ам цөөтэй улс оронд хөгжлийг төлөвлөх нь амин чухал үүрэгтэй. Зах зээлийн хуульд захирагдан бүгд нэг төрлийн бизнес эрхэлж, зах зээлээ булаалдах, эцэст нь бүгд ашиг орлогогүй болж, дампуурахгүйн тулд зах зээлийг тэнцвэртэйгээр хөгжүүлэхэд төлөвлөлт зайлшгүй хэрэгтэй. Нөгөө талаар зах зээлийн үр ашигтай орчныг бий болгож, оролцогч талуудын тоглоомын дүрмийг тогтвортой байлгахад төр анхаарах ёстой байжээ.

Зах зээлийг төр зохицуулна гэхээр төрөөс хувийн бизнест оролцох, үнэ тогтворжуулах нэрээр үнээ буулгахыг шахах, эсвэл хувийн бизнесийг боомилох юм шиг ойлгогдоод байдаг л даа. Зах зээлд төр яг ямар байдлаар зохицуулалт хийх ёстой вэ?

-Төрөөс бизнест хутгалдан орохыг бус, бизнес эрхлэх, ашиг орлого олох таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөлөөллийг төрийн оновчтой зохицуулалт гэж хэлээд байгаа юм.

Төрийн зохицуулалтыг хичнээн сайн хийнэ, тэр чинээгээр бизнесийн байгууллагууд зах зээл дээр шударга өрсөлдөж, ашиг орлого нь нэмэгдэнэ.Энэ нь улс орны эдийн засгийн өсөлтийг түргэсгэдэг зүй тогтолтой. Зүй тогтлоороо явж буй бизнесийн орчинд хөндлөнгөөс оролцсоноор байдлыг улам дордуулж, төрдөө итгэх ард түмний итгэлийг алга болгож байгаа юм. Ялангуяа хууль, хүчний байгууллагын үйл ажиллагаанд шударга бус байдал илрэх нь бизнесийг боомилж, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хөсөрдүүлдэг учир энэ хүрээнд шударга ажиллах бүх нөхцөлийг бий болгоход төр онцгой анхаарч ажиллах нь улс орны ирээдүйн хөгжилд үнэлж баршгүй тустай.

Төрийн зохицуулалтын бусад улс орнуудын туршлага олон байгаа байх. Жишээ дурдвал?

-Зах зээлийн өөрийнх нь механизмыг ашиглан, зохицуулалгүй орхисон, зохицуулж чадахгүй тэрхүү хоосон орон зайг дүүргэхэд л төрийн зохицуулалт хэрэгтэй болдог. Эдийн засагт төрөөс зохицуулалт хийх зайлшгүй хэрэгцээ байдаг гэдгийг Английн эдийн засагч Ж.М. Кейнс сургасан байдаг. Кейнсийн онолыг дагаж, олон орны засгийн газрууд эдийн засагт хийх зохицуулалтаа сайжруулж, монополийг хязгаарлаж, орлогын татварыг ногдуулж, ажилгүйчүүдэд тэтгэмж олгон,өндөр настны тэтгэврийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг өргөжүүлж эхэлсэн түүхтэй.

Кейнсийн онолоор бол төрөөс нийгмийн эрэлт хэрэгцээ болон түүний зохицуулалтыг хянаж, хүн амыг аль болох ажилтай, орлоготой байлгах нь чухал. Үндсэндээ орчин үеийн эдийн засаг гэдэг нь зах зээлийн механизм болон төрийн зохицуулалтын нийлбэр гэж ойлгож болно.

Улс орон бүрт төрийн зохицуулалт өөрийн гэсэн онцгой хэлбэр, чиглэл, хамрах хүрээтэй байдаг. Одоогийн байдлаар Баруун Европын хэд хэдэн орнууд, тухайлбал Герман, Их Британи, Франц, Нидерланд, Австри, Испани, Скадиновын орнууд болон Япон, Ази, Латин Америкийн хөгжиж буй нэлээд хэдэн оронд төрийн зохицуулалтын сайтар хөгжсөн механизм бүрэлдээд байна.

Төрийн зохицуулалтаар эдийн засгийн өсөлтийг ханган,хүн амыг ажлын байраар хангаж, салбарын болон бүс нутгийн хэмжээнд хөгжил дэвшлийг урамшуулан, экспортыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж болно.

Үндсэндээ төрийн зохицуулалтаар зах зээлийн эдийн засгийн үед гарсан гажуудал, бодлогын алдааг засаад явах хэрэгтэй юм байна. Ингэж ойлгож болох уу. Төрийн зохицуулалтад хамаарах зүйлсэд эдийн засгийн мөчлөг, салбарын болон орон нутгийн аж ахуйн бүтэц, капитал хуримтлуулах нөхцөл, ажил эрхлэлт, ажилгүйдэл, мөнгөний эргэлт, төлбөрийн тэнцэл, үнэ болон үнийн хэлбэлзэл, өрсөлдөөний нөхцөл, нийгмийн харилцаа, нийгмийн халамж, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх давтан сургах, байгаль орчин, экологийн зохицуулалт, гадаад эдийн засгийн болон улс төрийн харилцаа холбоо орно.Зарим бүс нутагт хөгжил удааширч, төвөөс алслагдсан бүс нутаг эзгүйрэх, хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн улам бүр нэмэгдсээр байна. Иймд төрийн зохицуулалтыг ашиглан, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт хэт төвлөрөхөөс сэргийлж, бүс нутгийг жинхэнэ утгаар нь кластер маягаар хөгжүүлж, үндэсний болон дэлхийн хэмжээнд өрсөлдөх монгол брэнд бүтээгдхүүнийг бий болгож чадна.

-Үндэсний эрх ашгийг дэлхийн эдийн засагт хамгаалах, өрсөлдөх чадвараа дээшлүүлэхийн тулд төрөөс гадаад худалдааны зохистой бодлогыг хэрэгжүүлж, капитал, ажиллах хүчин гадагшлах үйл явцад хяналт тавьж, валютын ханшид нөлөөлж, төлбөрийн тэнцлийг удирдах зэрэгт төрийн зохицуулалт хэрэгтэй. Төрийн зохицуулалтыг зөв хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт хурдасч, улс орны эдийн засгийн бүтэц сайжирч, хүн амын дунд ажилгүйдэл багасч, төлбөрийн тэнцэл эрүүлжиж, инфляцийн өсөлт буурч, амьжиргааны түвшин дээшилнэ. Түүнчлэн нийгмийн бухимдал арилж, ажил хаялт, бослого, жагсаал, цуглаан гарахаа больж, олон түмэн төр засагтаа итгэх итгэл нь сэргэж, төрийн нэр хүнд дээшилж, амар амгалан байдал тогтоно.

Хөгжлийн хэтийн төлөвийг тодорхойлж, төлөвлөснөөр зах зээлийн эдийн засгийн дутагдлыг илрүүлж, түүний хязгаарлагдмал боломжийг даван туулах арга зам нээгдэнэ. Хөгжлийн тэнцвэрийг хангахад хэтийн төлөвийг тодорхойлох, төлөвлөх шаардлага аяндаа гарч ирдэг.

Төрийн зохицуулалтыг хэрхэн хийх нь илүү оновчтой гэж та үзэж байна вэ?

-Зах зээлийн эдийн засаг хөгжихийн хэрээр нийгэмд эдийн засгийн олон хурц асуудлууд тулгардаг. Үүнийг зөвхөн хувийн хэвшилд тулгуурласан эдийн засаг дангаараа шийдэх боломжгүй. Төрийн зохицуулалтыг хэрэгжүүлэхдээ сайтар томьёолсон төрийн эдийн засгийн бодлогод суурилан хэрэгжүүлэх учиртай. Хамгийн чухал нь эдийн засгийн мөчлөгийг тооцоолох, мөнгөний эргэлтийг тогтворжуулах, шударга өрсөлдөөний орчныг бий болгох, ажил эрхлэлтийг сайжруулах, үнийг тогтворжуулах, нийгмийн түншлэлийн таатай нөхцөлийг бий болгоход оршино.

Төрийн зохицуулалтад эх орны бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг урамшуулах, үндэсний агаарын тээврийн компанийг дэмжиж, төрийн зардлаар гадаадад зорчихдоо зөвхөн түүгээр үйлчлүүлэх, төрийн худалдан авалтад үндэсний бүтээгдэхүүнийг түлхүү ашиглах, үнэ тарифыг үндэсний үйлдвэрлэгчээ дэмжсэн байдлаар тогтоох, үндэсний брэнд бүтээгдэхүүн худалдан авсан жуулчдад дотоодын татварыг буцаан олгох үйлчилгээг нэвтрүүлэх, экспортын бүтээгдхүүн үйлдвэрлэгчдэд тодорхой урамшуулал олгох зэрэг нь зах зээл дэх төрийн зохицуулалтын хэлбэрүүд гэж ойлгож болно. Байгалийн баялгийг ашиглахад төрийн зохицуулалт нэн чухал шаардлагатай. Баялгийн оновчтой сайн менежмэнтийг хэрэгжүүлж чадахгүй бол ямар ч баялагтай байгаад хөгжихгүй.Манайд баян хоосны ялгаа ихэсч, баялгийн өгөөжийг цөөн тооны мэдээлэлд ойр хүмүүс, тэдний хүрээллийнхэн хүртэх болсон нь нууц биш.

Төрийн зохицуулалтаар байгалийн баялгийг нэгдмэл бодлогогүйгээр хайр найргүй цөлмөж, экологийн сүйрэл рүү хөтлөх өнөөгийн практикийг халж, урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг дахин хуваарилалтын зарчмаар монгол хүн бүрт тэгш, шударга хүртээх юм.

Монгол Улсын хүн амын 50 хувь Улаанбаатар хотод амьдарч байгаа нь хөгжлийн тэнцвэр хөдөө,хотод алдагдсаны нэг жишээ. Хязгаар нутгийг бүсчлэн хөгжүүлэх, нийслэл хотын хэт төвлөрлийг сааруулах, суурин соёл иргэншлийг хөгжүүлэх гол гаргалгаа нь Дархан, Эрдэнэт зэрэг харьцангуй хүн ам олонтой газруудыг хотын статустай болгон хөгжүүлэх гэж харж байна.

Ядууралтай тэмцэхийн тулд хөдөөг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн хөтөлбөрт хөрөнгө оруулах, ажлын байрыг олноор бий болгох, хөдөө аж ахуйд түшиглэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин урамшуулах, боловсрол, дэд бүтцийг сайжруулах, шаардлагатай.

Түүхийн ахар богино хугацаанд үсрэнгүй хөгжил хүрсэн улс орнуудын туршлагаас харахад төрийн зохицуулалт онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.Технологийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд төрийн оролцоо зайлшгүй хэрэгтэй.Энэ хүрээнд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, тэдэнд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх таатай боломж олгох, шинэ технологи, инновацийг дэмжих, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоход төрийн зохицуулалт онцгой чухал үүрэгтэй.

Төрийн зохицуулалтыг хичнээн сайн хийнэ, тэр чинээгээр бизнесийн байгууллагууд зах зээл дээр шударга өрсөлдөж, ашиг орлого нь нэмэгдэж байдаг. Энэ нь улс орны эдийн засгийн өсөлтийг түргэсгэдэг зүй тогтолтой. Төрөөс бизнест хутгалдан орох бус, бизнес эрхлэх, ашиг орлого олох таатай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, нөлөөллийг төрийн оновчтой зохицуулалт гэж хэлээд байгаа юм. Ийм зохицуулалт өнөөгийн Монголын нөхцөлд хөгжих үү, ухрах уу гэдгээ сонгох амин чухал асуудал болоод байна.

Д.ТУЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Да.Ганболд: Эрх баригчид шоронжуулах, айдсаар удирдах аргадаа гаршчихаж

Д.СОСОРБАРАМ ШИГ ТЭМЦСЭНЭЭС ЧИМЭЭГҮЙ СУУХЫГ ИЛҮҮД ҮЗЭГЧИД ОЛШИРСОН НЬ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛЭЛТ БАЙГААГИЙН Л ИЛРЭЛ-

Монгол улсын Тэргүүн шадар сайд асан Да.Ганболдтой ярилцлаа.


Хорих ангид хэдэн сар болчихов, та?

-Арван сар хагас.

Тэнд арван сарыг өнгөрөөчихөөд гарч ирэхэд юу бодогдож байх юм?

-Мэдээж хэн ч олигтой газар гэхгүй. хүсч ордог хүн гэж хэн байхав. анхнаасаа урт хугацаа сонссон л доо. Давах шатны шүүх тэр хугацааг гурав дахин багасгаж жил болгосон. Нэг жилийг даадаггүй улстөрч гэж юу байхав.

Дээд шүүх таныг хугацаанаас нь өмнө суллалаа. Хугацаанаасаа өмнө гарчихна гэж бодож байсан уу?

-мэдэж байсан. хэрэг хийгээгүйгээ ойлгож явсан хүний хувьд ямар систем ажиллаад, яагаад тэнд орсноо маш сайн мэдэж байсан учраас гомдох, гутрах, цочирдох мэдрэмж бараг байгаагүй.

Бараг гэхээр…?

-Манай шүүхийн тогтолцоо сонгодог сайндаа багтах нь битгий хэл хамгийн муудаа орчихсон тууж яваа. Өөрөөр хэлбэл, бүрэн шударга биш. Зөөлнөөр яривал арын хаалга, улстөржөөд чангаар яривал хонгил, бүр том хатуугаар хэлбэл улс төрийн хэлмэгдүүлэлтийг ганц манай улс туулж яваа юм биш л дээ. Коммунизмаар явсан бүх улсын туулсан зовлон. Тийм юм байдгийг мэднэ. Гэхдээ яг өөрт нь тийм зүйл тохиолдохгүй байлгүй дээ гэсэн бодол хүн бүрд байдаг юм билээ. бид тэдний л нэг байсан. тэр утгаараа бараг цочирдоогүй гээд байгаа юм. Олон хоригдолтой уулзлаа. Үнэхээр хэрэг хийгээд орсон нь ч байна. хэлмэгдээд орсон нь харьцангуй цөөхөн, гэхдээ байна. хэлмэгдэж байгаагаа мэдээд орж ирсэн нь ялаа харьцангуй тайван хүлээж авдаг, мэдэхгүй ороод ирсэн нь шоконд ордог юм билээ. Би мэддэгийнх нь нэг байсан.

Хүнийг хэлмэгдүүлдэг бүхэл бүтэн машин ажиллаж байна гэсэн шүүмжлэл дуулддаг. Энэ хэр ортой яриа бол?

-Шүүх, тэр дундаа прокурор, мөрдөн байцаах, атг-ын дунд аюултай муухай хэлмэгдүүлэлтийн механизм ажилладаг нь өнөөдөр их тод харагдаж байгаа.

Би үүнийг улс төр гэсэн тодотгол дор яримааргүй байна. Бүхэл бүтэн каст, анги, бүлэг гарчихаж.

Хонгилын шүүх гээд ярихаар цаад шалтгаан нь улс төр шиг санагддаг. Тийм биш гэж үү?

-Хонгил гэдгийг би хувьдаа зөвхөн улс төрийн нүдээр харахгүй байна. Мөнгө олдог нэгэн том салбар бий болжээ л гэж харсан. Таван жилийн ял авч болох байтал 20 жил хорих шийд гаргадаг, нэг жил яллах хэрэгт гурван жилийн ял оноодог үзэгдэл хавтгайрчихаж. Би хоригдох хугацаандаа Эрүүгийн хуулийг сайн харлаа. Өмнө нь мэргэжлийн хувьд, хуульчийн нүдээр харж судалж үзсэн удаагүй юм билээ.Эрүүгийн хуультай холбогдоно гэж бодож, төсөөлж явсангүй л дээ. Хэрэгтнүүдийн наяас дээш хувьд нь дандаа хуульд заасан хугацааны дээд ялыг өгдгийг их тод анзаарлаа. Хуульд 1-5 жилээр шийтгэнэ гэж заасан байлаа гэхэд 80 хувьд нь 4-5 жилийг өгдөг гэсэн үг.

Ялын хэмжээг тулгаж өгдөг тохиолдлуудын дийлэнх нь эгэл жирийн хүмүүс байна уу, эсвэл…?

-Хоёр талтай. Мөнгөгүй хүмүүсийн тухайд ял өгөхдөө дунд хавьцааных нь шийтгэлийг оноож байна. Саагаад юм гарахгүй учраас. Сааж болох тохиолдолд дандаа дээд ялыг нь өгч байна. Дунд ба дундаас дээш амьжиргаатай хүмүүсийн тухайд дээд ял өгөөд байгаа анзаарагдсан. Дор хаяж нэг сая төгрөг ч болтугай сааж болно гэж харж байна л даа. Хүнийг хүмүүжүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь 77 дахь асуудал болчихож.

Хэрэгт орсон хүнийг барьж аваад хорьсон бол байгаа бүхнийг нь саах санаатайгаар л ял оноодог болчихсон гэж хэлээд байна уу, та?

-Ер нь тийм санаатайгаар ял оноодог юм байна.

АН сонгуулийн өмнөхөн нэг мэдэгдэл хийлээ л дээ. Шоронд хоригдсон гишүүдээ үзэл санааны хоригдлууд гэж зарлалаа. Яг хоригдох үед нь ямар ч мэдэгдэл хийгээгүй хэрнээ яагаад заавал сонгуулийн өмнө гэнэтхэн ухаарав аа гэсэн бодол төрсөн шүү?

-Сонсонгуутаа шууд хариулж болдог асуулт гэж байна. Шууд хариулах аргагүй, гурав, долоо хоног, магадгүй хэдэн сар жилээр бодож байж хариулах асуулт ч байна.

Миний асуулт тийм байна уу?

-Ер нь тийм асуултдаа багтаж байна. Дэлхийд сонгодог социализмаар явчихсан, нэг намын ноёрхолд хэдэн арван жил болсон улс хуруу дарам цөөхөн. Гарын таван хуруунд багтах байх. Эхнээсээ хоёрт нь, ЗХУ-ын дараа манай улс жагсдаг. Тэр үеийн түүхийг өнөөдрийн залуус мэдэхгүй. Насаар ахимаг хэсэг нь мэдэх ч өдөр тутмын асуудалдаа түүртээд ихэнх нь яг юу болж өнгөрснийг бараг мартчихсан. Талбайн баруун талд байдаг хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх хөшөөг хэдэн хүн сэтгэл зүрхээрээ зорьж очоод, чин үнэнээсээ юу бодож зогсдгийг би мэдэхгүй. Олон биш ч бий байх. Миний хувьд яг одоо танд тэр системийн нэг онцлогийг яримаар байна. Тийм системд юуны өмнө онилсон хүнээ улс төрийнх нь хувьд золигт гаргадаг. Олон нийтэд жигшүүлэх уур амьсгалыг бүрдүүлж өгдөг, тийм суурийг нь тавихад анхаардаг. Нийтийн мэдээлэл гэж гарснаас хойш энэ систем ажиллаж эхэлсэн л дээ. Сонин, радио, сүүлдээ телевиз, өнөөдөр бол сошиал тэр үүргийг гүйцэтгэж байна. Эхлээд олон нийтийн уур амьсгалыг бүрдүүлэхийн тулд “Энэ муухай, буруутан, хулгайч, дайсан” гэж цоллодог. Тодорхой хугацааны дараа өнөө хүмүүсийг хууль шүүхээр буруутгаад эхлэнгүүт олон нийт “Сонин, хэвлэлээр тэгж шүүмжлээд байсан, үнэн байх нь” гэж шуугьдаг, тэгээд хэсэг хугацааны дараа өнөө хүнээ баривчилчихдаг. Баривчилсан үед нь ямар ч хүмүүс гайхдаггүй юм байна л даа. Гишүүдийг нь хоморголж баривчлах үед АН ч ийм өнгөөр хандсан байхыг үгүйсгэхгүй. Нээрээ буруутай бол яах билээ гэж болгоомжлоод хоморголон өмөөрөөгүй байж болох шүү дээ.

Таныг Дубайн төлөвлөгөөг батлахад оролцсон гээд яллачихсан. Засгийн газар Дубайн төлөвлөгөөг цуцална гэж мэдэгдсэн, Монгол Улсын Ерөнхийлөгчид МАНаас нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт ч ийм утгатай өгүүлбэр тусчихсан яваа. Ингээд харахаар Дубайн төлөвлөгөө гэж хадны мангаа байна, тэгэхээр тэр төлөвлөгөөг баталсан хэн ч ардын дайсан гэсэн ойлголт олон нийтэд төрчихөөд байна л даа…?

-Хоёулаа гэрээ байгууллаа гэхэд хоёр талаас наймаалцаж байгаад хувиа тохирно оо доо. Оюу толгой дээр яг ийм зарчмаар 34, 66 гэж эзэмших хувиа тохирсон. Өөр бололцоо байгаагүй. Тэрийг нь би биш, УИХ нь шийдвэрээ гаргаад баталчихсан. Чингис хааны байгуулсан Их Монгол Улс яагаад бутрав, хэний буруу байв гэдгийг одоо шүүх аргагүй. Тэр хүн өдийд 800 гаруй настай өвгөн байлаа гэж төсөөлье. Их Монголыг бутаргасан,төрийн нэгдмэл байдлыг хангаж чадаагүй гээд Чингисийг Эрүүгийн хуулиар яллаад шоронд хийж болох уу. Өнөөдрийн өөртөө тохиолдсон жишээг харвал ингэж буруутгаад шоронд хийх боломж манай нийгэмд байна. Хийсэн нүглийг хоёр янзаар үнэлнэ. Хийж чадах хэмжээндээ хийгээд, хэзээ хожим эргээд харахад мэдлэг, туршлага яалт ч үгүй дутсан байж болно. Гэхдээ энэ эрүүгийн гэмт хэрэг биш байхгүй юу. Тамирчин хүн олимпод ороод алт авч чадалгүй хүрэл авах нь гэмт хэрэг биш. Өөрөөр хэлбэл, Дубайн төлөвлөгөөнд санасан хэмжээнд Монголын сонирхлыг хангаж чадаагүй гэж үзэж болно. Гэвч тэр нь эрүүгийн хэрэг биш. Гэтэл өнөөдөр ард түмний хуулийн мэдлэг дутууг далимдуулж “Эд нар буруу юм хийсэн учраас буруутай” гээд эрүүгийн ял оноож байна. Харин мэдсээр байж худалдагдсан, хахууль авсан бол гэмт хэрэг. Өнөөдөр Оюу толгойг ашигтай, ашиггүйг дүгнэх цаг болоогүй. Далд уурхай гэхэд л дараа жил ашиглалтад орох гэж байна. Бид зургаан жилийн өмнө далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зураагүй бол юун хойтон жил тууз хайчлах манатай сууж байгаа. Дубайн төлөвлөгөөний хувьд ийм маягаар тохирох гэж байна шүү гэдэг төслөө Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлж “Гарын үсэг зур” гэсэн зөвшөөрөл аваад хийсэн ажил. Зөвшөөрөл олгосон Засгийн газрын хуралдаанд идэвхтэй оролцсон хүмүүсийн нэг нь У.Хүрэлсүх. У.Хүрэлсүх тухайн үед Шадар сайд байсныг нь та мэдэж байгаа. Хэрэв үнэхээр илт хууль бус бол тийм шийдвэр гаргуулахгүй буцаахад нөлөөлөх бүрэн боломж тухайн үеийн Засгийн газрын гишүүдэд байсан. Та бод доо, тухайн үед Засгийн газар нэг биш дөрвөн удаа хуралдаж шийдвэр гаргасан. Үнэхээр хууль бус байсан бол тэр олон удаагийн хурлын үеэр хүчтэй эсэргүүцэж болох шүү дээ. Миний хувьд учраа олохгүй залуу хүн биш учраас улс төрийн тоглоом гэдгийг, хаанаас хэн ямар чулуу шидсэнийг, яагаад намайг буруутгав гэдгийг мэдэж байсан учраас цочирдож, гомдож янз бүр болоогүй хэрэг л дээ.

-“Баялагтаа эзэн Монголгэхээр бид баялгийнхаа эзэн болох нь гэсэн хөөрөл массын дунд давамгайлж байна л даа…?

-Сая таны хэлсэн уриаг амлалт болгосон нэр дэвшигч Ерөнхийлөгч болсон хойноо нэг л зүйл хэлнэ. “Монгол Улсын төр та нарын нэрийн өмнөөс энэ уурхайг эзэмшинэ гэсэн биз дээ, тэгээд би хураасан. Ард түмний нэрийн өмнөөс эзэмшээд яваа, би худлаа яриагүй” л гэнэ. Жишээ нь танд эзэмшдэг уурхай бий юү?

Яалаа гэж байхав дээ.

-Харин тийм, үүнтэй л адил шүү дээ. Таны эзэн суусан нэг ч уурхай байхгүй. Хэзээ ч байх боломжгүй. Тэр байтугай надад, У.Хүрэлсүхэд өөрт нь ч эзэн суусан уурхай байхгүй. Гэхдээ “Баялагтаа эзэн Монгол” гэчихээр малаа хариулж яваа иргэн Батаа “Намайг эзэн болгох гэж байна, надад мөнгө өгөх нь” гээд ойлгочихдог. Яг нарийндаа тэр малчинд мөрөөдөөд яваа баялаг нь түй ч хамаагүй. Бүх ордыг хэн нэгэн авлаа гэхэд иргэн Батаа биш улс авна. Улс авна гэдэг чинь эрх мэдэлтэй 5000 хүн л иднэ гэсэн үг. УИХ-ын гишүүн, гишүүний хамаатан, яам тамгын газрын дарга түшмэдэд л хамаатай ойлголт. Төсөв босгодог, төсвийн мөнгө иддэг эрх мэдэл төрөөс өөр хэнд ч байхгүй. Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүх ба МАН үүний төлөө ажиллах гээд байна л даа. Ард түмний мэдэлд байлгана гэдэг уриа бүрийн цаана цөөхөн хэдэн хүний ходоодны сонирхол, хувийн эрх ашгаа гүйцэлдүүлэх эх үүсвэр байдаг юм.

Эрх мэдэлтнүүд зүгээр л ард түмний нэрийг барьж иддэг гэж үү?

-Яг тийм. “Бамбарууш” кафе гэж та түрүүн асуултдаа дурдлаа. Яг үнэндээ “Бамбарууш” кафег мэддэг монгол маш ховор. Залуус бүр сургийг нь ч дуулаагүй, огт мэдэхгүй. “Бамбарууш” кафены асуудал уг нь хотын захиргааны нэг жижиг даргын шийдчих асуудал. Шоронд орчих байх гэж айгаад хэн ч шийдвэр гаргахаа больчихсон. Яг ийм шалтгаанаар “Бамбарууш” кафены асуудлыг Монголын Засгийн газар шийддэг болчихоод байна. Ганцаараа шийдэх л юм бол шоронд орно гэсэн сэтгэлгээ тогтчихлоо. Төрийн өмч гэдэг чинь эрх мэдэлтнүүд ард түмний өмнөөс шийдээд явахын нэр шүү дээ.

Манайх шиг зах зээлийн нийгмүүдэдМуусайн баячуудын хөрөнгийг хураагаад та нарт тараанагэсэн утга, өнгөтэй лоозон хэр нөлөөтэй байдаг юм бол. Социализмаар далан жил явчихсан учраас л бидэнд амь бөхтэй оршоод, үйлчлээд байна уу?

-Зүүний буюу коммунизм, социализмын лоозонгууд ер нь үр нөлөөтэй байдаг. Америкт ч тодорхой хэмжээгээр нөлөөтэй байгаа нь анзаарагддаг. Тийм учраас тодорхой хэмжээнд коммунист, социалист намууд, зүүний хөдөлгөөнүүд одоо хүртэл амь бөхтэй оршсоор яваа. Тоо хэмжээ нь их бага эсэхээс хамаарч хүчтэй, хүчгүй янз бүр байдаг юм. Ядуу хэсэг олшрох тусам хураана, үнэгүй болгоно, тараана гэсэн зүүний амлалт хүчээ авдаг л даа. Гэхдээ тийм уриагаар гарч ирчихээд уриагаа ажил болгосон түүх байдаггүй. Коммунизм байгуулна гэсэн уриа Зөвлөлтөд, Монголд байсан, өнөөдөр Хойд Солонгост байна. Товчхондоо нийгэм ядуу байх тусам ийм өнгөтэй лоозонгууд хүмүүст таалагддаг. Бүр тодруулж хэлбэл, мөнгө тараана гэсэн амлалт иргэдийг улам ядууруулдаг, ажил хийх дургүй сэдлийг нь илүү хүчтэй болгодог. Үүнийг бүх дэлхийн сурах бичигт бичиж, ярьсаар өнөөг хүрсэн. Шуудхан хэлэхэд, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар гурав энэ үнэнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа.

Популизм урт настай эд биш гэж Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэлж байсан л даа. Түрүүн та популизмыг хүний амьдралын хувьд багагүй хугацааны настай байж мэднэ гэсэн утгатай үг хэлчихлээ. Тэгэхээр популизм биднээс мөддөө салахгүй нь ээ?

-Ард түмний ойлголт, мэдрэмж, боловсрол, төлөвшил, хүмүүжил гэдэг бол маш удаан өөрчлөгддөг процесс. Бруног шатааснаас хойш хэдэн зуун жилийн дараа нарыг дэлхий тойрдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн. Гэтэл эдийн засаг, улс төр, хууль эрх зүй, шүүхийн тогтолцоог нар, сар, гарагийн хөдөлгөөн шиг ойлгоогүй хүн өчнөөн бий. Нарыг дэлхий тойрдог шүү гэсэн ойлголтыг нялх хүүхдийн толгойд хүчээр хийж өгч чадаж байна аа даа. Хууль эрх зүй, шүүх ийм байх ёстой, эдийн засаг ингэж байж хөгждөг гэх мэт ойлголтыг яг ингэж хүн бүрийн толгойд хийж өгөх тогтолцоо улстөрд хараахан бүрдээгүй байна. Он, сар, жил шаарддаг процесс үргэлжилсээр байна аа л гэсэн үг.

АН салж бутарсан, АНын нөлөө бүхий гишүүд нь намаасаа нэр дэвшсэн хүнийг илтэд дэмжихгүй гэх мэт танай нам тойрсон өчнөөн асуудал байна л даа. Та намынхаа талаарх сэтгэгдлээ хуваалцаач, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн тухай ямар бодолтой явааг чинь ч сонирхмоор байна?

-Анхнаасаа энэ намыг үүсгэн байгуулсан гэдэг утгаараа АН-ын эсрэг явах, АН-ын суурь үзэл бодол, алс холын ирээдүйд эргэлзэх эргэлзээ байхгүй цөөхөн хүний нэг нь би болов уу. Салсан бутарсан гэдэг нь өнөөдрийн бодит зовлон гарцаагүй мөн. Хагарсан нам ялахад хэцүү, ялах бололцоог эрс багасгадаг, бүр шансгүй болгодгийг дэлхий нийтийн туршлага харуулдаг. Тийм учраас санаа зовж, харамсаж, гутарч байна. Гэхдээ үзэл санаа гэж том үнэ цэнэ бий. Монгол Улсаа ардчилсан замаар яваасай гэж хүсч байна. Манай намын хувьд мотор нь цохичихсон ч юм уу, масло тосгүй болсныг үгүйсгэхгүй. Ийм тохиолдолд янз бүрийн хувилбар гарч болно. Ямар ч байсан манай намын үзэл санаа, бодол Монгол Улсын хөгжилд хэрэгтэй тухай би ярьсаар байх болно. У.Хүрэлсүх ялаад гараад ирсэн ч үүнийг ойлгоосой гэж бодож суугаа. Нийгэмчлэх, хураах, гадны хөрөнгө оруулалтыг хумих гэх мэт хэцүү бодлогыг зөвшөөрдөггүй хүмүүс Монголд өчнөөн бий гэдгийг ойлгуулахын төлөө би л хувьдаа үгээ хэлсээр явна. Миний хувьд Д.Энхбатыг хувь хүнийх нь хувьд сайн мэднэ. Сайн хүн. Монголын урдаа барих сэхээтэн.

С.Эрдэнэ нэр дэвшигчийг юу гэж дүгнэх вэ. Танай намын нөлөө бүхий гишүүд лав нэр дэвшигчийнхээ эсрэг ажиллаад эхэлчихсэн…?

-С.Эрдэнийг сайн, муу гэж дүгнэмээргүй байна. Янз бүрийн шалтгаанаар С.Эрдэнийн шанс унаж байна гэж үзэж суугаа АН-ын гишүүд бийг үгүйсгэхгүй. Дахиад хэлэхэд, миний хувьд үзэл бодлынхоо тухайд АН-д хэзээд үнэнч. Гэхдээ АН хагарч бутарсан ийм хүнд хэцүү үед манай намын дотор үзэл санаанаасаа ухраагүй атлаа У.Хүрэлсүхийн тарааж буй мөнгөнөөс хүртье гэсэн хүмүүс байгаа нь буруу, сөрөг үзэгдэл биш. Тэглээ гээд тэд үзэл санаанаасаа ухрахгүй. Энэ чинь прагматизм. Гэмт хэрэг биш.

Эрдэнэтийн 49 хувийг төр хувийн хэвшлээс булаагаад авчихсан юм уу, эсвэл үнэхээр хууль бус зүйл байсан учраас Эрдэнэт 100 хувь төрийн мэдэлд байна уу гэсэн эргэлзээ нийгэмд байх шиг…?

-Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчирсан явдал уг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гавьяа. Энэ гавьяаг үнэлэх цаг ирнэ гэдэгт би хувьдаа эргэлздэггүй. Гэхдээ хууль ёсоор уу, хууль бусаар уу гэдэг нь жич асуудал. Хууль бус юм бол буруу гэдгийг нь дүгнэх ёстой. Шүүхээр нотлох ёстой. Одоо хүртэл нотлоогүй хэрнээ хувийн хэвшлийн эзэмшиж байсан хувийг төр нь булаагаад авчихсан. Хууль бус юм хийсэн байж магадгүй гэж хардсан Д.Эрдэнэбатыг Б.Болортой нь суллачихлаа. Тэгэхээр эцсийн шийд гараагүй гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл, Эрдэнэтийн 49 хувийг буруу, зөв авсан эсэх дээр эцсийн хариу гараагүй. Гэтэл МАН 2016 оны сонгуулиар Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан гэж улстөржиж, популизмаар тугаа хийж үнэмлэхүй ялалт байгуулж 65-уулаа болсон түүх өнгөрсөнд бий.

Монгол Улс Оюу толгой дээр үнэхээр тэгтлээ хохирчихоод явна уу, эсвэл манай Засгийн газрын популизм хэтрээд байна уу?

-Иргэдийнхээ мэдээлэл муутайг далимдуулж “Оюу толгой төсөл ашиггүй, Монголд хортой” гэсэн улстөржилт төдийгөөс өдий хүртэл амь бөхтэй оршсоор ирлээ л дээ. Социализмын үед капитализмыг ялзарч сөнөсөн нийгэм гэж ухуулж байсан шиг л зүйл. Оюу толгой дээр зуун хувь Монголын сонирхол хангагдсан гэж мэтгэхгүй. Хэдий тийм ч гэрээнд тохирсон ёсоор Монголын ашиг сонирхол хангагдсан гэдэгт огтхон ч эргэлздэггүй. Оюу толгойн гэрээ хэлцлүүд, түүний дотор Дубайн төлөвлөгөөгөөр тохирсон Монголын сонирхол хангалттай хангагдсан, түүгээр ч барахгүй 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээгээр дутуу шийдсэн, ашиггүй шийдсэн олон асуудлыг ашигтай бөгөөд бүрэн шийдсэн олон асуудал бий. Би энэ сэдвээр хэнтэй ч мэтгэлцэхэд бэлэн. Даанч ганцхан хүн энэ талаар яриад нэмэргүй, далайд живчихээд байна. Гурван сарын дараа арбитрын хурал эхлэх гэж байхад ашигтай юу үгүй юу гэдгээ дүгнүүлээгүй сууж байдаг Засгийн газар гэж юү байхав дээ. Оруулсан хөрөнгө оруулалтаасаа хоёр дахин илүү алдагдал хүлээх гэж байна гэсэн солиотой тоо хэлээд суугааг би хувьдаа ойлгохгүй байгаа.

Сүүлийн асуулт. Та ярианыхаа эхэнд хүмүүст ял оноохдоо хуульд заасан хэмжээний хамгийн дээдийг нь өгөөд байна гэж хэлсэн. Шалтгаан нь юундаа байна вэ, өнөөгийн улс төрийн тогтолцоонд байна уу?

-Энэ бол дан ганц улс төрийн асуудал биш. Ц.Нямдорж гэдэг хүн сүүлийн 20 гаруй жил Хууль зүйн сайд, дэд сайдын албыг хашсан. Өөрөөр хэлбэл, хууль зүйн тогтолцоонд энэ хэмжээний урт хугацаанд ямар нэг байдлаар нөлөөлсөөр ирсэн гэсэн үг. Дээд ял өгнө гэдэг нь шүүхийн тогтолцооны зорилгын философийн асуудал. Хүнийг засан хүмүүжүүлэх гэдэг нэртэй ч засан хүмүүжүүлэх гээд байна уу, залхаан цээрлүүлэх гээд байна уу гэдгийг ялгаж салгаж харах цаг болжээ л гэж харж байна. Дарангуйлагч нийгмийн хувьд залхаан цээрлүүлэхийг илүүд үздэг. Э.Бат-Үүл, Д.Сосорбарам шиг тэмцэж явснаас чимээгүй суусан нь дээр гэсэн хүмүүсийн тоо нэмэгдсээр яваа гэдэг чинь залхаан цээрлүүлэлт байна гэсэн үг. Шоронжуулах, айдсаар нь удирдах аргадаа гаршчихаж. Үйлдсэн зөрчлөөсөө хэд дахин чангадсан ял эдэлж суугаа 20-40 настай залуус хэдэн мянгаараа хоригдож байна. Өөрөөр хэлбэл, Монгол даяараа айдас, хүйдсийн өнгө аяс давамгайлж, залхаан цээрлүүлэлт хавтгайрчихсан гэсэн үг. Хууль, шүүхийнхэн өмгөөлөх гэж, ялыг нь багасгах гэж, ер нь бүх шатандаа иргэдийг юу ч үгүй болтол нь сааж байна. Дахиад хэлье, тэр хонгилыг бий болгосон гол хүн Ц.Нямдорж.10 мянган хүнд оногдох хоригдлынхоо тоогоор Монгол улс дэлхийн эхний хэдэн улсын тоонд орчихсон яваа шүү, та нарийн тоог нь сонирхоод үзээрэй.

Categories
мэдээ спорт цаг-үе

3х3 эрэгтэй шигшээ баг Токиогийн олимпод оролцохооргүй боллоо

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг “Токио-2020” олимпийн наадамд оролцох сүүлийн эрхийн төлөөх тэмцээний хагас шигшээд Бельгийн багт 16:15-аар хожигдож, Токиог зорих боломжгүй боллоо.

Энэ удаагийн тэмцээнд Монголын багийг 21:8-аар хожсон Унгарын шигшээ багийг аваргын төлөөх тоглолтод Бельгийн шигшээ баг нутагт нь хожиж “Токио-2020” Зуны XXXII олимпийн наадмыг зорих сүүлийн ганц эрхийн эзэн боллоо.

Categories
мэдээ спорт цаг-үе

М.Уранцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо болов.

Эмэгтэйчүүдийн -48 кг жинд зодоглосон МУГТ М.Уранцэцэг хүрэл медалийн төлөө Косовогийн бөх Красникиг торгуулиар ялснаар ДАШТ-ий дөрөв дэх медалиа хүртлээ.

  • 2013 он Алт
  • 2017 он Мөнгө
  • 2019 он Хүрэл
  • 2021 он Хүрэл

Тэрээр хэсгийн аваргын барилдаанд Японы Кога Ваканад ялагдаж, дагах барилдаанд Францын Ширинэ Буклиг ялснаар хүрэл медалийн төлөө барилдах болсон.

Мөн түүний жинд ОУХМ Г.Наранцэцэг өнөөдөр зодоглосон ч эхний барилдаандаа ялагдаж тэмцээнээ өндөрдүүлсэн. Харин эрэгтэйчүүдийн -60 кг жинд ОУХМ Л.Өнөболд өрсөлдөж дагах барилдаанд ялагдсанаар долоодугаар байраар тэмцээнээ өндөрлүүллээ.

Эмэгтэйчүүдийн -48кг жинд
1. Нацүми Цүнода /Япон/
2. Вакана Кога /Япон/
3. Жулиа Фигуэроа /Испани/
3. Мөнхбатын Уранцэцэг /Монгол /
Эмэгтэйчүүдийн -48кг жингийн шагнал гардуулах ёслолд Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид Сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр оролцлоо.

нэг буюу түүнээс олон хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч С.Оюунцэцэг: С.Зоригийн хэрэгт холбоотой 61 хавтаст хэргээс нэгийг нь ч уншаагүй хүмүүс “Алуурчдыг суллачихлаа” гэж яриад байгаад эмзэглэж байна

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутган Анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноогоод байсан. Тэгвэл Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ялласан гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг хүчингүй болгож сулласан юм. Олон жил иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа энэ хэрэгт хохирогч Т.Чимгээгийн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа С.Оюунцэцэгтэй ярилцлаа.


-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт Т.Чимгээ, Т.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг буруутган Анхан шатны шүүхээс 24-25 жилийн хорих ял оноосон. Таны үйлчлүүлэгч Т.Чимгээ ямар учраас энэ хэрэгт холбогдож, ял авах болов гэдгээс яриагаа эхэлье?

-Энэ хэрэгт Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутгасан гол шалтгаан бол ялтан Ц.Амгаланбаатарын мэдүүлэг юм. Түүнээс биш хуулийн дагуу цугларсан тэднийг буруутган яллах нотлох баримт байдаггүй. Тухайлбал, хурууны хээ, гутлын мөр, үс, хумс зэрэг олон зүйлд ДНК-ийн шинжилгээ хийлгэхээр АНУ руу явуулсан. Хэргийн газраас олдсон хурууны хээ, үс, гутлын мөр зэрэг нь С.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарынх биш, тэдний ул мөр илрээгүй гэдгийг АНУ-ын шинжээч эмэгтэй хэсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Т.Чимгээг мөн Б.Содномдаржааг ялласан шалтгаанд Ц.Амгаланбаатар болон ганц нэг хүний худал мэдүүлгүүдийг дурдаад байдаг. Гэтэл “Энэ хүн мөн” гэж нотолсон гэрч болох хүн нь шүүх хуралдаанд биеэр оролцохдоо “Энэ эмэгтэй өндөр, намаараа таарахгүй байна, нүүр царай нь ч биш байна” гэж Анхан шатны шүүх хурал дээр өмнө нь өгсөн бүх мэдүүлгүүдээ няцааж байсан.

-Ямар учраас Ц.Амгаланбаатар худал мэдүүлэг өгч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг энэ хэрэгт татах болов?

-Ц.Амгаланбаатар нь н.Цэвэлмаа гэх эмэгтэйн өргөж авсан хүүхэд. н.Цэвэлмаагийн төрсөн дүү нь Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгийн ээж юм. Тэгэхээр өргөж авсан ээжийнхээ хамаатан болох С.Бямбасүрэнгийн эхнэр Т.Чимгээг л Ц.Амгаланбаатар гүтгэчихсэн хэрэг. Харин Б.Содномдаржаа бол хөрш зэргэлдээ амьдардаг байсан айлын залуу. Тухайн үед миний үйлчлүүлэгч 28 настай, гурван хүүхэдтэй, Дорноговь аймагт хэвтэрт байсан эмээгээ харж байсан. Дорноговь аймагт байсан гэдгийг нь нотлохын тулд би хүүхдүүдийнх нь сурч байсан сургуулиудаас ирцийн бүртгэл, тодорхойлолтуудыг авсан. Мөн эмээгийнх нь бие муу хэвтэрт байсан гэдэг тодорхойлолтуудыг ч авч ирүүлэн шүүх хуралд оролцсон. Ингээд Дорноговь аймгаас ирүүлсэн 20 гаруй хуудас баримтаа авч Анхан шатны шүүх хуралд орох гэтэл миний баримтыг хурааж авчихаад өгөхгүй бөөн маргаан болж арай гэж авч орсон. Гэтэл тэр баримтуудыг огт үнэлээгүй орхигдуулсан бөгөөд яагаад үнэлэхгүй байгаагаа тодорхой дурдаагүй. Шүүх хурал болохоос өмнө С.Зоригийн хэрэгт холбоотой 61 хавтаст хэргийг шүүх хуралд орж байсан өмгөөлөгчдөөс ганцхан би л бүтэн уншсан. 46 хоног уншиж байж дуусгасан. Бусад өмгөөлөгч нар ажлын ачааллаас болоод бүтэн уншиж амжаагүй байсан. Анхан шатны шүүх хурал эхлэхэд өмгөөлөгчид хэргийн материалыг бүтэн уншаагүй учраас бүтэн унших хугацаа өгнө үү гэсэн хүсэлт, санал өгөхөд огт хүлээж аваагүй нь мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан.

-Т.Чимгээ өнгөрсөн зургаан жилийн хугацаанд хоригдохдоо ямар орчин нөхцөлд байсан бэ. Та анх очихдоо уулзаж чадалгүй дөрвөн удаа буцсан гэдэг?

-Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарласан Т.Хүрэлбат буюу Т.Чимгээгийн төрсөн ах нь 2015 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр анх надтай ирж уулзсан, тэр өдрөөс эхлэн өмгөөлөгчөөр ажилласан. Ингээд Т.Чимгээтэй уулзах гэж Төв аймагт дөрвөн удаа очсон боловч уулзаж чадалгүй буцаж байсан. Төв аймгийн хорих байгууллагын ажилтнууд “Тагнуулын төв газрын дарга О.Бархасбадь хурандаагаас зөвшөөрөл аваагүй бол өмгөөлөгчдийг оруулахгүй” гэж хэлдэг байсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр өмгөөлөгч авах, Эрүүгийн хуульд зааснаар өмгөөлөгчтэйгөө ганцаарчлан уулзах эрхтэй байдаг. Сүүлдээ арга ядаад НПГ-т гомдол гарган, ТЕГ-т очиж нууцын баталгаа гаргаж, зөвшөөрөл аваад очсон байдаг. Намайг очиход заавал 20-30 минут хүлээлгэж уулзалтын өрөөг бэлддэг байсан. Уулзалтын өрөөнд чагнах төхөөрөмж суурилуулж миний яриаг чагнаж байгааг мэддэг байсан. Намайг мэдээгүй гэж боддог байсан байх. Хамгийн анх Т.Чимгээтэй уулзахад гурван сар усанд ороогүй учраас үс нь ширэлдчихсэн, дан цамц, богино өмдтэй, эрэгтэй хүний ижил буруу углааш өмсчихсөн гарч ирсэн.

Тухайн үед Т.Чимгээ “Танд баярлалаа, манай байцаагч нар чам шиг хүнийг өмгөөлөх хүн олддоггүй юм гээд басамжлаад, дарамтлаад байсан. Намайг өмгөөлөх өмгөөлөгч олдсон байна шүү дээ” гэж байсан. Тэгээд “Би гурван сар усанд ороогүй. Надад үзэг, цаас ерөөсөө өгдөггүй. Өрөөнд бие засах газар байхгүй, ганцхан сав байдаг. Миний бие ядруу хэцүү байна, дулаан хувцас өмсмөөр байна” гэж хэлж байсан. Эдгээр нөхцөл байдлын талаар гэрийнхэнд нь дуулгаж ХЭҮК-т бичих өргөдлийг нь бичиж өгч явуулсны эцэст Т.Чимгээгийн ар гэрийнхнээс эргэлт оруулдаг болж, мөн эмчийн үзлэгт ч оруулдаг болсон. Т.Чимгээгийн хоригдож байсан байр нь ямар ч цонхгүй, цементэн шалтай, хана нь хөгцөнд идэгдчихсэн, ариун цэврийн өрөөгүй, ямар ч агааргүй, хонгил юм. Манай үйлчлүүлэгч надад хэлэхдээ “Хар цай орж ирэхээр нь ганцхан л балгадаг. Ариун цэврийн хэрэглэл өгдөггүй болохоор хар цайгаа хурааж байгаад дотуур хувцсаа угаагаад нойтноор нь өмсөөд хатаачихдаг” гэж байсан. Мөн “Миний өрөөний үүдэнд хэдэн цагаар ч хамаагүй эмэгтэй хүн, хүүхдийн уйлах цурхирах дуу тавьж сэтгэл санааг минь хүнд байдалд оруулж байна” гэж ярьж байсан. Би “Яагаад чамайг энэ хэрэгт шалгаад байгаа юм. Ямар нэгэн үндэслэл байна уу?” гэж асуухад Т.Чимгээ “Би 1998 оны аравдугаар сарын дундуур Дорноговь аймагт хэвтэрт байсан эмээгээ харах зорилгоор гурван хүүхдээ аваад очсон. С.Зориг гэдэг хүнийг би мэдэх ч үгүй, тэр хүний талаар сонирхож байсан удаа ч байхгүй. Яагаад намайг гүтгэж хилсдүүлээд байгаа юм бэ” гэж хэлдэг байсан.

-2015 онд Т.Чимгээг зочид буудалд оруулж мансууруулж, улмаар эрхэд нь ноцтой халдаж, нүцгэн зургийг авч байгаа гүйцэтгэх ажиллагааны бичлэг ил болсон. Энэ тухай та яриач?

-Т.Чимгээгээс хурууны хээ авахын тулд нүцгэлчихсэн байгаа үйл явдал нь 2015 оны наймдугаар сарын 30-ны өдөр болсон. Хурууны хээ авахад эмэгтэй хүнийг нүцгэлж, далд хэсгийнх нь зургийг аваад байх шаардлага байхгүй. Хэнийг ч гэсэн сэжиглэж байгаа бол энэ цаасан дээр хурууны хээгээ дарчих гэхэд болох л асуудал. Энэ тухай Т.Чимгээ ярихдаа “Намайг архиар шахаад байсан. Архинаас нэг юм уу хоёр л балгасан байх, тэгээд л мэдэхгүй” гээд байдаг. Тухайн үед түүний уусан архинд ямар нэгэн хүчтэй зүйл хольсон байх гэж Т.Чимгээ өөрөө хэлдэг. Мөн өдөр Т.Чимгээг өргөн том ортой хорихын өрөөнд Ц.Амгаланбаатартай уулзуулсан байдаг бөгөөд Ц.Амгаланбаатар “Чамайг энэ орон дээр аваад гурван хоног хэвтчихэж чадна шүү. Чи С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэсэн байдаг. Энэ бол тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн байцаан шийтгэх тухай хууль зөрчсөн үйлдэл. Хүнийг айлган сүрдүүлэх, хүчилж, тулгаж, хөтөлж байцаалт авахыг хориглосон заалтуудыг зөрчсөн төдийгүй хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ гэсэн Үндсэн хуулийн заалтууд ноцтой зөрчигдсөн. Тухайлбал, олон нийтэд ил болсон баримтад 2015 оны есдүгээр сарын 9-ний үед хорих ангийн өрөөнд Ц.Амгаланбаатарыг оруулж миний үйлчлүүлэгчийг дарамтлуулж байгаа үйлдэл нь маргаашийнх нь полиграффын үеэр хэрэг хүлээлгэх гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа байсан.

Ингээд Анхан шатны шүүх хурал болохын өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюун хэргийг маш сайн уншиж танилцаад “Энэ хүмүүс миний ахыг алсан хүмүүс гэхэд эргэлзээ төрж байна, шүүх хурлыг нээлттэй явуулаач” гэсэн хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй учраас өөрөө хуралд оролгүй, зөвхөн өмгөөлөгч Л.Энхсайханыг оруулсан байдаг. Шүүх хурал эхлэхэд өмгөөлөгч нар нэгдүгээрт шүүх хуралдааныг нээлттэй явуулах, хоёрдугаарт С.Зориг агсны эхнэр Б.Булганыг биеэр оролцуулах, гуравдугаарт өмгөөлөгчид бүгд хавтаст хэргийн материалыг бүрэн уншиж танилцах боломжит хугацаа олгооч гэсэн санал гаргахад хүлээж аваагүй хурлыг эхлүүлсэн. Шүүх хурлын явцад би Ц.Амгаланбаатараас “Чиний яриад байгаа гэрчүүдийн ихэнх нь дандаа нас барчихсан хүмүүс байна. Энэ ямар учиртай юм бэ?” гэж асуухад “Тийм ээ өмгөөлөгч өө, би чинь муу хүн байхгүй юу, олон жилийн ялтай учраас цаг хугацаа хожмоор байна, нар салхинд явмаар байгаа учраас худлаа ярьдаг юм” гэж гурван удаа хариулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Хожим нь бодоход хэрвээ ямар нэгэн байдлаар өөрийг нь буруутгах болвол “Би худлаа ярьж байгаагаа шүүх хуралд хэлээд байсан шүү дээ” гэж хэлэх байж гэж бодогддог. Ц.Амгаланбаатарын мэдүүлэгт үндэслэн Э.Бат-Үүлийг яллагдагчаар татаад хорь гаруй хоногийн дараа энэ хэрэгт хамааралгүй гээд хэрэгсэхгүй болгосон.

-Т.Чимгээг хоригдож байх хугацаанд том охин нь авто ослоор өнгөрсөн байдаг. Энэ хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа Т.Чимгээ ХЗДХЯ-ны сайдад хэлж байсан?

-Энэ хэргээс болж Т.Чимгээгийн амьдрал бүрмөсөн сүйрсэн. Түүний гэр бүл одоо ч айл айлын хашаа, байшин түрээслээд хэцүүхэн амьдарч байна. Т.Чимгээгийн төлөө санаа зовж, хэргийн араас нь явдаг байсан ганц том охин нь нас барчихсан. Охинтой нь сүүлийн удаа салах ёс гүйцэтгүүлэхээр ТЕГ-аас бүрдүүлж ир гэсэн бүх баримтыг бэлэн болгож өгсөн боловч “Салах ёс гүйцэтгүүлэхгүй” гэсэн хариу өгсөн. Талийгаач охиныг оршуулах өдөр байцаагч заавал өнөөдөр Т.Чимгээгээс байцаалт авна гэж дуудсан. Би “Өнөөдөр охиныг нь оршуулж байгаа учраас очих боломжгүй, маш их хямарч байна” гэхэд бид цаг хугацаатай ажилтай хүн гээд маргааш нь байцаалтад оролцуулсан. Тэр үед Т.Чимгээ уйлаад нүүр нь битүү хавдартай болчихсон их хүнд байсан. Би ариун цэврийн өрөө орчихоод ороод ирэхэд Т.Чимгээ маань их сонин болчихсон уйлаад сууж байна. Яасан бэ гэхэд “Байцаагч нүгэл чинь нүдээрээ гарч байгаа юм гээд намайг басамжлаад байна шүү дээ” гээд уйлаад байсан (Уйлав). Ингээд бид байцаалт өгөхгүй гээд больж байсан. Дараагаар нь өөр нэг байцаагч дээр байцаалт өгөхдөө Т.Чимгээ “Ядаж та нар намайг үртэй минь сүүлийн удаа салах ёс хийлгэчихгүй яав даа” гэхэд урдаас нь байцаагч “Чи одоо очих юм уу, овоолготой шороог нь харах уу” гэж хэлсэн байдаг. Энэ байдлаас харахад хүний мөс, хүн чанар ямар их дор болсон юм бэ дээ гэж бодогдсон.

-Зарим хүн С.Зоригийн амь насыг хөнөөсөн иргэд суллагдчихлаа, ингэж болохгүй гэж маш ихээр шүүмжилж байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?

– “Алуурчдыг суллалаа” гэж хэлээд байгаа хүмүүст хандаж хэлэхэд, миний үйлчлүүлэгч Т.Чимгээ нь С.Зоригийг алсан гэдгийг нотлох хуульд заасан арга хэрэгслээр бүрдүүлсэн нотлох баримт байсан бол Улсын дээд шүүх гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй байсан. Мөн Хууль зүйн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр гэж хүн С.Зоригийн хэргийг ярихдаа басамжилсан өнгө аястай, алуурчдыг гаргалаа гэсэн санаагаар яриад байсан. Мөн Б.Мэргэн гэж залуу энэ тэнд яриа өгөөд яваад байна лээ. Б.Энхбаяр, Б.Мэргэн хоёр яагаад С.Зоригийн хэрэгт холбоотой 61 хавтаст хэргээс нэгийг нь ч уншаагүй байж, санаан зоргоороо зургаан жил хилсээр хоригдож зовж шаналсан эх хүнийг доромжлоод байгааг ойлгохгүй байна. Харин энэ хэргийг илрүүлж, олон нийтэд ил болгоход хамгийн их хүчин чармайлт гаргасан хүмүүс бол ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, одоо ажиллаж байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Л.Болд нар болон Монголын шударга үнэний төлөө нийлсэн ард түмний хүчин чармайлт гэж үзэж байна.

-Та “Надад болоод манай гэр бүлд байнгын дарамт шахалт ирэх болсон” гэж жилийн өмнөх ярилцлагадаа дурдсан байсан. Тэр ч байтугай хүүг тань хар тамхины хэрэгт холбогдуулсан байдаг. Түүнээс хойш дахин дарамт шахалт ирсэн үү?

-Тухайн үед Т.Чимгээгээр хэргийг нь хүлээлгэ гэх дарамт надад ирж байсан. “Би нас өндөр хүн, үхэхийн хооронд нүгэл хураахгүй, нөгөөтэйгүүр өмгөөлөгчийн ёс зүй, дүрмээ зөрчихгүй” гэдгээ хэлж байсан. Над руу олон ч өмгөөлөгч “Наад хэргээсээ гар, та одоо боль, юу хийгээд яваад байгаа юм” гэж хэлж байсан. Мөн намайг Солонгост байх хойгуур миний бага хүү над руу яриад “Ээж ээ, шөнө болохоор над руу нууцалсан дугаараас залгаад “Хүүхэн байна уу, татах юм байна уу” гэж яриад байна гэж байсан. Гэтэл удалгүй Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт хүүг маань саатуулчихсан байсан. Том охин маань очиж уулзаад дүүгээ гаргасан. Тэгтэл хорьхон минутын дараа “С.Оюунцэцэг өмгөөлөгч хүүгээ аваад гарлаа” гэсэн худал мэдээлэл цацагдсан. Намайг охинтой минь албаар андуурч бичиж байгаа хэрэг. Түүнээс гадна миний зургийг нэг залуутай хамт эвлүүлээд доллар цацчихсан “С.Оюунцэцэг өмгөөлөгч Ш.Отгонбилэгийн хүү О.Содбилэгээс их хэмжээний мөнгө авч, Солонгос улсад тансаглан амарч явна” гэсэн тайлбар хийсэн байсан. Гэтэл үнэндээ би Солонгост эмчлүүлж байсан. Түүний дараа нь намайг “ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдоржтой БНСУ-д уулзан хуйвалдаж, С.Зоригийн хэргийг будлиантуулах гэж байна” гэж бас л гүтгэж бичсэн. Тэр хүн юу гэж надтай уулзах гээд явж байх вэ дээ. Энэ мэт гүтгэлэг, доромжлол, байнгын дарамт шахалтууд ирсээр байсан.

-Энэ хэргийн цаашдын шалгагдах үйл явц яаж өрнөх бол, та юу гэж харж байна. Ямар шийдэл хүлээж байна вэ?

-Одоо захиалагчийн хэргийг шалгах байх. Төгсгөлд нь хэлэхэд, 1937 онд хүмүүсийг хэлмэгдүүлж байсан нөхцөл өнөөдөр XXI зуунд гарч байгаад би маш ихээр харамсдаг. Яагаад хүний эрх, эрх чөлөөг ингэтэл нь зөрчив өө гэдэгт би эвлэрч чаддаггүй гайхдаг. Би хуулийн мэргэжил эзэмшээд 40 гаруй жил өмгөөлөгчөөр ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд хүнийг ингэтэл нь хэлмэгдүүлж, эрүүдэн шүүсэн удаа гарч байгаагүй. Гэтэл энэ хэргийг уншаагүй, мэдээгүй хүмүүс санаан зоргоороо “Алуурчдыг суллалаа” гэж яриад байгаад маш их эмзэглэж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад Т.Чимгээ суллагдаад цөөн хэд хонож байна, биеийн байдал нь ямар байгаа вэ?

-Сүүлд эмнэлэгт хэвтээд эмчилгээ их хийлгэсэн. Хорихын эмнэлгийн хамт олонд их баярладаг. Эмнэлэгт очоод эмчилгээ хийлгэснээсээ хойш ядаж муухан инээдэг болсон. Сая гараад жаахан тайвширлаа. Хадам ээжийнх нь бие муу, ээжийгээ асарч байгаа даа.