Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн сурагчид Олон улсын олимпиадаас мөнгө, хүрэл медаль хүртлээ

ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын тав дахь удаагийн олимпиад цар тахлын улмаас өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 19-22-ны хооронд цахимаар зохион байгуулагдсан.

Тус олимпиадад 28 улсын 34 хотоос 280 орчим сурагч оролцжээ. Манай улсаас “Орчлон”, 1-р дунд сургуулийн сурагчид хими, физик, математик, мэдээлэл зүйн төрөлд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртэж, өнөөдөр шагналаа гардан авлаа.

Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулж, улсынхаа нэрийг өндөрт өргөн, үеийнхнээ манлайлсан сурагчдад талархал илэрхийлж, амжилт хүссэн юм. Тэрбээр мөн “Сурагчдаа олон улсын олимпиадад бэлтгэж, амжилт гаргасан багш нар болон эцэг, эхчүүдэд талархал илэрхийлье. Олон улсын олимпиадад амжилт гаргаснаар хүүхдүүд дэлхийн томоохон сургуулиудад суралцах боломж нээгдэж байгаа юм. Манай улс байгалийн шинжлэх ухааны суурь боловсролыг сурагчдадаа маш сайн олгодог. Олон улсын тэмцээн, уралдаан, олимпиадад амжилт гаргаж байгаа багш, сурагчидтай бид тусгайлан уулзана. Олимпиад, олон улсын тэмцээн уралдаанд оролцоход шаардлагатай зүйлээр байнга дэмжиж ажиллана” хэмээн ярилаа.

Олимпиад англи хэлээр болсон бөгөөд сурагчид анх удаагаа оролцсон байна. “Орчлон” сургуулийн багш С.Хүрэлбаатар “2020 оны арванхоёрдугаар сард олон улсын олимпиадын зарыг харж, хими, физик, математик, мэдээлэл зүйн төрөлд сурагчдаа бэлтгэж эхэлсэн. Бүх материалаа англи хэл дээр бэлтгэж, онлайнаар хүргүүлсэн юм. Олимпиадад оролцоход хүндрэлтэй зүйл байгаагүй. Хими, физик, мэдээлэл зүйн олимпиадыг олон улсын хорооны гишүүд маш өндөр түвшинд зохион байгуулж, нууцлал өндөртэй Canvas программаар явуулсан учир сурагчид өгөгдсөн хугацаанд даалгавраа амжиж хийх нь чухал байсан” гэлээ.

Дэлхийн хотуудын олон улсын тав дахь удаагийн олимпиадаас “Орчлон” сургуулийн 11А ангийн сурагч О.Тэмүжин мөнгөн медаль, 12А ангийн сурагч О.Ундрал хүрэл медаль, 10Д ангийн сурагч Л.Оргилболд хүрэл медаль, нийслэлийн 1-р дунд сургуулийн 11Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал хүрэл медаль хүртжээ. Манай улсын хувьд жил бүр зургаан сурагчийг олон улсын олимпиадад бэлтгэдэг байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна их сургуулийн багш нар шигшээ багийн сурагчдыг олон улсын олимпиадад бэлтгэж ирсэн. Энэ удаагийн олимпиадад манай улсын баг багаараа гуравдугаар байр эзэлсэн байна.

“Орчлон” олон улсын сургуулийн 12А ангийн сурагч О.Ундрал “Олон улсын онлайн олимпиадад анх удаагаа оролцож, хүрэл медаль хүртлээ. Техникийн асуудалд анхаарахгүй бол алдаа гаргах магадлалтай байсан. Олимпиадад оролцох үед хичээл онлайнаар явагдаж байсан учир хүндрэлтэй зүйл байгаагүй. Багш нар маань их сургуульд орох бэлтгэлээ ханга гэдэг байсан. Би өмнө нь 9, 10 дугаар ангидаа математикийн улсын олимпиадаас мөнгө, хүрэл медаль авч байсан. Би программ зохиодог хүн болно” гэв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний эх болон Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Ерөө, Тэрэлж, Туул, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Их Хянганы нурууны Халх, Хангай нурууны өврийн Завхан, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, Дэлгэрмөрөн, Идэр, Хэрлэн, Халх, Ховд, Хариг, Түргэн болон Туул гол Лүн сум орчимд үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.

Маргааш буюу 8-нд Сэлэнгэ мөрний эх болон Туул гол Улаанбаатар хот, Ерөө гол Дулаанхаан сум, Хараа гол Дархан хот, Халх гол Ялалт баг орчимд усны түвшин 5-15 см нэмэгдэх төлөвтэй байна.

Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард, иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байж бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжаа сайжруулж, баталгаагүй зам, гарцаар гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон 173 зөрчил илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зургадугаар сарын 4-6-ны өдөр нийт 928 дуудлага мэдээлэл иржээ. Эдгээрээс зам тээврийн ослын шинжтэй 630 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн гудамж замын хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 127, орон нутагт 46, улсын хэмжээнд 173 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Тодруулбал, бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 16, орон нутагт 11 хүн гэмтэж, орон нутагт тав, Налайх дүүрэгт нэг хүний амиа алдсан байна.

ХҮНИЙ АМЬ ХОХИРСОН ОСЛЫН ТУХАЙД:

  • Зургадугаар сарын 4-ний өдрийн 19.00 цагийн орчим Дорнод аймагт мотоцикл онхолдож, жолооч,
  • Зургадугаар сарын 4-ний өдрийн 21.00 цагийн орчим Баянхонгор аймагт мотоцикл онхолдож, жолооч,
  • Зургадугаар сарын 3-ны өдрийн 22.00 цагийн орчим Өвөрхангай аймагт, мотоцикл онхолдож, жолооч,
  • Зургадугаар сарын 5-ны өдрийн 00.10 цагийн орчим Өмнөговь аймагт суудлын автомашин онхолдож, жолооч,
  • Зургадугаар сарын 6-ны өдөр 16.00 цагийн орчим Хэнтий аймагт мотоцикл онхолдож, жолооч,
  • Зургадугаар сарын 6-ны өдрийн 20.00 цагийн орчим Налайх дүүрэгт суудлын автомашин онхолдож, жолооч амиа алдсан хэрэг гарчээ.

ХҮН ГЭМТСЭН ОСЛЫГ ХЭЛБЭРЭЭР НЬ АВЧ ҮЗВЭЛ:

  • Нийслэлд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр-9
  • Мопед автомашинтай мөргөлдөх хэлбэрээр жолооч-1
  • Унадаг дугуй автомашинд автомашинд мөргүүлж-2
  • Мотоцикл автомашин мөргөлдөх хэлбэрээр жолооч-2
  • Гэрлийн шон мөргөх хэлбэрээр зорчигч-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр жолооч-1 тус тус гэмтсэн байна.

ОРОН НУТАГТ:

  • Мотоцикл онхолдох хэлбэрээр зорчигч-2, жолооч-1
  • Хоёр автомашин мөргөлдөх хэлбэрээр зорчигч-1, жолооч-1
  • Автомашин онхолдох хэлбэрээр зорчигч-6 тус тус гэмтжээ.

Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, явган зорчигч та бүхэн гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэх байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ үндэсний-бөx

Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ

МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр тус хорооны тамгыг буцаан өгсөн байна.

Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт холбогдох асуудалд ёс зүйн арга хэмжээ авсан эсэх, мөн тодорхой шийдвэр гаргасан эсэх тухай шаардлагыг тус хороонд удаа дараа ирүүлээд байсан билээ.

Үүсээд буй нөхцөлтэй холбогдуулан МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнгөрөгч тавдугаар сарын 28-нд хуралдаж, тус холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлэх шийдвэрийг гаргасан.

Гэвч олимпийн аварга Н.Түвшинбаяр дээрх шийдвэрийг эсэргүүцэж, олимпийн хорооны тамгыг авч зугтаасан, мөн тус хорооны албан ёсны мэйл хаягны нууц үгийг өөрчлөн Олон улсын олимпийн хороо руу дур мэдэн захидал явуулсан тухай мэдээлэл цацагдсан.

Тэгвэл МҮОХ-ны Ерөнхийлөгч асан Н.Түвшинбаяр тамгыг буцаан өгсөн бөгөөд одоо олимпийн хорооны үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөл бүрдэж байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид 1.9 тэрбумын арилжаа хийв

Монголын Хөрөнгийн биржид өнгөрсөн 7 хоногт 4 удаагийн үнэт цаасны арилжаа болж, нийт 1.920.318.568.89 төгрөгийн арилжаа хийв.

Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаагаар 53 компанийн 2.7 сая хувьцааг 1.812.944.946.40 төгрөгөөр арилжжээ.

Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

“ЛэндМН ББСБ” ХК-ийн ТУЗ-ийн энэ оны 4 дүгээр сарын 23-ны ээлжит хурлын тогтоолын дагуу тус ХК нь дээрх өдрөөс эхлэн Монголын Хөрөнгийн биржээс өөрийн хувьцааг эргүүлэн худалдан авaх боломжтой болж, энэ оны 5 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 4-ний хооронд нийт 309,601 хувьцааг худалдан аваад байна.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд ЕТТ төгрөгийн 22 ширхэг бондыг 2.1 сая төгрөгөөр, ЕТТ ам.долларын 124 ширхэг компанийн бондыг 12,404 ам.доллароор тус тус арилжсан байна. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 263,810 нэгж эрхийг нийт 69,476,457.59 төгрөгөөр арилжив. Өнгөрсөн 7 хоногт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1 үнэт цаасыг нийт 355,000 төгрөгөөр арилжсан байна. 6 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 3,672,699,477,120.24 төгрөг болсон бол ТОП-20 индекс 34,067.67 нэгж болж өмнөх 7 хоногоос 2.34 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ улс-төр

А.Бүрэнбаатар: Мэтгэлцээнийг цахимаар явуулах нь телевизийн шийдэл биш

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнтэй холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн Төв байранд хэвлэлийн бага хурал хийж байна.

МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар “МҮОНРТ мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна. Мэтгэлцээнийг цахимаар явуулах нь ТВ-ийн шийдэл биш. ТВ-ээр гарч байгаа утга учир нь студид ирж, нүүр нүүрээ харж байж л халз мэтгэлцдэг. Ярилцлага, форум гээд дэлхийн нийтээрээ л цахим хэлбэрт шилжиж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн цахимаар болсон түүх одоогоор байхгүй. Онлайнаар мэтгэлцэх асуудал намуудын дунд байж болно” гэсэн юм.

Мөн тэрээр “Мэтгэлцээний бэлтгэл ажил хангагдаж дуусаад байна. Мэтгэлцээнийг Үндэсний ТВ-ээр шууд дамжуулна. Радиогоор шууд дамжуулна. MNB World сувгаар англи орчуулгатай хүргэнэ. Мөн Clubhouse-аар шууд дамжуулна. Дөрвөн дохионы хэлмэрчтэй, нэг синхрон орчуулгатай болох ба Ерөнхийлөгчид 5 сэдвийн хүрээнд мэтгэлцэхээр зохион байгуулахаар төлөвлөж байсан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үйл явцын намуудад танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Ингээд 17:30 минутад хийнэ. 60 орчим сяа төгрөгийн санхүүжилтээр босгосон. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж ажилласан. 190 орчим ажилчид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Өчигдөр ХҮН-аас бидэнд санал тавьсан. Д.Энхбат нэр дэвшигч ковидын халдвар авсан. Иймээс мэтгэлцээнээ яаж хийх вэ гэдгийг ярилцсан. ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг студид авчирч хийж болох уу гэдэг санаачилга гаргасан. Эсвэл гурвууланг нь эмнэлэгт аваачиж хийх боломж байна уу гэдгийг судалсан. Эсвэл Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс нь бусад нэр дэвшигчдийг эндээс оролцуулах гэсэн гурван хувилбар байсан.

Мөн явуулын станц байгуулж нэр дэвшигч Д.Энхбатын хэвтэж буй эмнэлэгт хүргэж зохион байгуулахаар тус эмнэлэгт албан хүсэлт илгээсэн. Улсын хоёрдугаар эмнэлгийн зүгээс УОК-ын шийдвэрийн дагуу улаан бүс рүү хүн нэвтрүүлэхгүй гэж хэлсэн” гэв.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хээрийн түймэр гарчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Халуун рашаан” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид зургаадугаар сарын 6-ны 15:18 цагт түймрийн голомтод очсон байна.

Улмаар алба хаагчдыг гурван бүлэгт хуваагдаж галын унтраахаар ажиллаж буй талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Нэр дэвшигчдийн мэтгэлцээн цуцлагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнтэй холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн Төв байранд хэвлэлийн бага хурал хийж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр буюу өнөөдөр нэр дэвшигчид МҮОНРТ-ээр халз мэтгэлцэх байсан боловч цуцлагджээ.

МҮОНРТ-ийн захирал А.Бүрэнбаатар “Мэтгэлцээний бэлтгэл ажил хангагдаж дуусаад байна. Мэтгэлцээнийг Үндэсний ТВ-ээр шууд дамжуулна. Радиогоор шууд дамжуулна. MNB World сувгаар англи орчуулгатай хүргэнэ. Мөн Clubhouse-аар шууд дамжуулна. Дөрвөн дохионы хэлмэрчтэй, нэг синхрон орчуулгатай болох ба Ерөнхийлөгчид 5 сэдвийн хүрээнд мэтгэлцэхээр зохион байгуулахаар төлөвлөж байсан.

Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээний үйл явцын намуудад танилцуулахад хүлээн зөвшөөрсөн. Ингээд 17:30 минутад хийнэ. 60 орчим сяа төгрөгийн санхүүжилтээр босгосон. Мөн халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталж ажилласан. 190 орчим ажилчид шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан.

Өчигдөр ХҮН-аас бидэнд санал тавьсан. Д.Энхбат нэр дэвшигч ковидын халдвар авсан. Иймээс мэтгэлцээнээ яаж хийх вэ гэдгийг ярилцсан. ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатыг студид авчирч хийж болох уу гэдэг санаачилга гаргасан. Эсвэл гурвууланг нь эмнэлэгт аваачиж хийх боломж байна уу гэдгийг судалсан. Эсвэл Д.Энхбат нэр дэвшигчийг эмнэлгээс нь бусад нэр дэвшигчдийг эндээс оролцуулах гэсэн гурван хувилбар байсан.

Мөн явуулын станц байгуулж нэр дэвшигч Д.Энхбатын хэвтэж буй эмнэлэгт хүргэж зохион байгуулахаар тус эмнэлэгт албан хүсэлт илгээсэн. Улсын хоёрдугаар эмнэлгийн зүгээс УОК-ын шийдвэрийн дагуу улаан бүс рүү хүн нэвтрүүлэхгүй гэж хэлсэн” гэв.

Сэтгүүлчдийн асуултад хариулав.

Мэтгээлцээнийг цахимаар явуулж болохгүй юу. Нэр дэвшигч Д.Энхбат эмнэлэгт байгаа ч өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэтгэлцээнийг цахимаар хийхэд бэлэн байна гэж мэдээлсэн?

– Тэгэхээр МҮОНРТ мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болж байна. Мэтгэлцээнийг цахимаар явуулах нь ТВ-ийн шийдэл биш. Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээн цахимаар болсон түүх байхгүй.

Categories
мэдээ улс-төр

Сонгогчдоос дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй

СЕХ-ноос уриалга гаргажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулий сонгогчдын нэрийн жагсаалтад 2.167.942 сонгогч бүртгэгджээ.


Бүрэн эрхт Монгол Улсын иргэд ээ,

Эрхэм хүндэт сонгогчид оо,

Та бидний өмнө түүхэн сонголтын нэгэн үе ирээд байна. Монголчууд бид төрийн үйл хэрэгт оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгч, төрийн тэргүүнээ сонгох Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх цаг ирлээ. Сонгох, сонгогдох эрх бол хүний заяамал эрхүүдийн нэг билээ. Ард түмэн засгийн эрхээ барих, төлөөлөх байгууллагаар уламжлан эрхээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагаас урган гардаг ойлголт нь сонгууль юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.

Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байгаа үед зохион байгуулж байгаагаарай онцлогтой болж байна. Иргэдийн тэгш оролцоог хангах, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх үүднээс сонгуулийн тухай шинэ хууль тогтоомжид хэд хэдэн онцлог зохицуулалт хийгдсэн. Тухайлбал, гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд, коронавируст /КОВИД-19/ халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан, эмнэлэг болон ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй ажилтан, албан хаагчид санал өгөх, мөн сонгогч өөрөө хүсвэл санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сонгогчийн шилжилт хийлгэх хүсэлтээ гаргаснаар оршин суугаа хаягнаас өөр газарт санал өгөх боломж бүрдлээ. Санал авах байрны орчны хүртээмжийг сайжруулах, бүх нийтийн тэгш оролцоог хангах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангахад онцгойлон анхаарч байна. Монгол Улсын иргэд сонгогчид бүх нийтээрээ, тэгш эрхтэйгээр ардчилсан сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх шатны сонгуулийн байгууллагууд хичээнгүйлэн ажиллаж байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бүхий л үйл ажиллагаа, ялангуяа сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагаанд ашигладаг сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагаагаа сонгуульд оролцогч талуудад, улс төрийн намуудад, хөндлөнгийн хараат бус ажиглагчдад, олон нийтэд нээлттэй танилцуулсаар ирлээ.

Сонгуулийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас сонгогч зөвхөн өөрийн мэдээллийг шалгахаас гадна оршин суугаа хаяг дээрх бусад сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломж бүрдсэн. бүх хэсгийн хороо, санал авах байруудад хяналтын камер суурилуулж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгт үлдээж баримтжуулах болно. Санал өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийнэ. Санал тоолох төхөөрөмжид тоологдсон бүх саналын хуудсыг дахин гараар тоолж, сонгуулийн 2087 хэсгийн хороод 100 хувь хяналтын тооллого хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль нь дэлхий нийтэд тархсан цар тахлын үед зохион байгуулагдаж байна. Иймд коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиулахад онцгойлон анхаарч, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах үед коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Сонгуулийн ерөнхий хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2021 оны 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг батлан, орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сонгуульд оролцоно гэдэг нь хүн бүр өөрийн санаа бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах чухал алхам юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах”-ыг хориглосон байдаг. Сонгуульд оролцож, саналаа өгөхгүй бол таны хүсэл зориг төрийн бодлого, шийдвэрт тусгалаа олж чадахгүйд хүрнэ. Тиймээс сонгуулийн насанд хүрсэн иргэн бүрийн оролцоо хамгаас чухал юм.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулий сонгогчдын нэрийн жагсаалтад 2,167,942 сонгогч бүртгэгджээ. Та тэдний нэг тул сонгуульд саналаа өгч төрийн эрх барих эрхээ эдлээрэй.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны 6 дугаар сарын 09-ний Лхагва гарагт Улаанбаатар хотын цагаар өглөөний 07:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлж, 22:00 цагт дуусна. Санал авах байрандаа Та бүхэн амны хаалтаа зүүж, иргэний баримт бичгээ авч очиход дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй тул сонгуулийн эрх бүхий иргэн Таныг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, бусдын нөлөөнд автахгүйгээр язгуур эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Categories
мэдээ нийгэм

Жижиг, дунд үйлдвэрийн салбар дахь Монгол, Оросын хамтын ажиллагааг хэлэлцэв


ОХУ-ын Санк-Петербург хотноо энэ сарын 2-5-нд болсон Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд “Жижиг, дунд үйлдвэрийн хөгжлийн салбар дахь Монгол, Оросын олон улсын интеграци ба хил орчмын хамтын ажиллагаа” сэдэвт дугуй ширээний хурал болов.

Тус хуралд монголын талаас ХХААХҮЯ, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ, “Монгол-Оросын Бизнес Зөвлөл” (РМДС) төрийн бус байгууллагын төлөөлөл, оросын талаас “Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци”, Буриад Улсын Засгийн газар, Үйлдвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын яам, Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпораци, “Оросын тулгуур” ТББ-ын удирдах албан тушаалтнууд оролцов. Мөн хил орчмын жижиг, дундын бизнес эрхлэгчип, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцсон байна.

Хуралд ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпорацийн Удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирал А.И.Исаевич нар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газар, ОХУ-ын Холбооны жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн корпорацийн хамтын ажиллагааны тухай Санамж бичигт гарын үсэг зурж, хурлын үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэв.

Дугуй ширээний хурлын үеэр Монгол, Оросын жижиг, дунд үйлдвэрлэлийг харилцан ашиг, уялдаатай хөгжүүлэх, боловсруулах үйлдвэрүүдийн нэмүү өртөгийн сүлжээг бий болгох хамтын ажиллагааг дэмжихэд хоёр талын хүчин чармайлт шаардлагатай байгааг талууд онцлов. Мөн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шинэлэг механизмыг бий болгох, монголын уламжлалт анагаах ухаан, эмчилгээний экспорт, аялал жуулчлалын салбарыг дэмжсэн дэд бүтцийг бий болгох төслийг хөхиүлэн дэмжих ёстойг тэмдэглэж, оросын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион бүтээсэн “Бизнес навигатор” аппликейшнийг Монгол Улсын бизнес эрхлэгчдэд хүлээлгэн өгч хамтарсан сургалт зохион байгуулах санал дэвшүүлэв.