Categories
гадаад мэдээ

АНУ-д 300 сая тун вакциныг тарьжээ

АНУ-д “COVID-19”-ийн 300 сая гаруй тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлэв.

Тус төвийн мэдээллээр, улсын хэмжээнд 371 520 975 тун вакциныг түгээгээд байгаагаас 81 орчим хувийг нь буюу 300 268 730 тунг тарьжээ.

Тодруулбал, хүн амын 51.2 хувь буюу 170 272 150 хүн вакцины эхний тунг хийлгэсэн бол 138 112 702 хүн /41.6 хувь/ вакцинд бүрэн хамрагдсан байна. АНУ-д сүүлийн долоо хоногийн хугацаанд өдөрт дунджаар 937 669 тун вакцин тарьжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Монгол бөө мөргөлийн бүжиг” олон улсын хурал цахимаар болов

“Монгол бөө мөргөлийн бүжиг” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 5-ны өдөр цахимаар зохион байгууллаа.

Тус хурлыг ЮНЕСКО-гийн Олон Улсын Бүжгийн Зөвлөл (ОУБЗ), Монгол Улсын Соёлын элч Ц.Гэрлээ, СУИС-ийн Бүжгийн Урлагийн Сургууль хамтран зохион байгуулав. Хуралд Монгол Улсаас Франц улсад суугаа Элчин сайд, ЮНЕСКО-гийн байнгын төлөөлөгч А.Баттөр, Соёлын элч Ц.Гэрлээ, ЮНЕСКО-гийн ОУБЗ-ийн ерөнхийлөгч ноён Алкис Рафтис, ЮНЕСКО-гийн Олон нийтийн холбооны дэд ерөнхийлөгч ноён Рао Жак, ЮНЕСКО-гийн ОУБЗ-ийн гүйцэтгэх хорооны гишүүн, Др Константин, СУИС-ийн захирал Э.Сонинтогос нар мэндчилгээ дэвшүүлэв.

Энэхүү хуралд СУИС-ийн БУС-ийн Ардын урлаг, бүжиг судлалын профессорын багийн Тэргүүлэх профессор С.Дулам, СУИС-ийн БУС-ийн дэд профессор Ж.Эрдэнэхорлоо, Соёлын элч Ц.Гэрлээ нар Монголын бөө мөргөл, Монгол бүжиг дэх бөө мөргөлийн илэрхийлэл, Монгол орны соёл түүхийн тухай сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Хуралд Монгол, Франц, Герман, Испани, Швед, Канад, Энэтхэг, Бразил, Австрали, Сири, Грек, Ливан, Украин, Аргентин зэрэг орноос төлөөлөгчд оролцож олон сонирхолтой асуулт асууж, өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийллээ.

Монголын бөө мөргөл, Монгол бүжиг цаашилбал Монгол Улсаа сурталчилсан ач холбогдолтой хурал болсныг зохион байгуулагчид тодотгов. Түүнчлэн монгол бүжгийн сэдвээр анхны олон улсад хийсэн хурал гэдгээрээ онцлог байв

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн залуус сайн дураараа нэгдэн, их цэвэрлэгээ хийж байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар дүүргээ “Хоггүй болгоё” уриатай хаврын их цэвэрлэгээний аян үргэлжилж байна. Тус аянд дүүргийн хороо бүрээс залуус сайн дураараа нэгдэж, 100 залуу өнгөрсөн сарын 28-наас цэвэрлэгээ хийж эхэлсэн. Одоогийн байдлаар залуус дүүргийн 24 хороог цэвэрлэж, 70 тонн орчим хог ачуулаад байна. Аяны хүрээнд ил, задгай хаясан хогийг цэвэрлэхээс гадна хотхоны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбайг угааж, арчин, халдваргүйтгэл хийж байгаа юм.

Өнөөдөр Хужирбулангийн 23 дугаар хороо, Улиастайн 28 дугаар хороонд цэвэрлэгээ хийсэн бол маргааш 11, 20 дугаар хороог цэвэрлээд “Хоггүй болгоё” аян хаалтаа хийнэ. Уг ажил нь иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсэж байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой.

Жил бүр энэхүү аяныг зохион байгуулах бөгөөд тус ажлын хүрээнд гарсан хог хаягдлыг хурдан, шуурхай тээвэрлэх, гуу жалганд үүссэн хур хогийг цэвэрлэх, нийтийн эзэмшилд байгаа эд хөрөнгийн засвар, үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА

Categories
мэдээ спорт

Монголын Үндэсний шигшээ 100 дахь гоолоо орууллаа


Монголын Үндэсний шигшээ баг “Катар-2022” ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн сүүлийн тоглолтоо Киргизийн эсрэг хийж 1:0-ийн харьцаатай хожлоо.
Шинэ ахлах дасгалжуулагч Масе Шүичи эхний тоглолтдоо 5 хамгаалагчтай хувилбарыг сонгон тоглосон бөгөөд энэ нь ч үр дүнгээ өгч 34′ минутад орсон О.Мижиддоржийн гоолыг эцсийн мөч хүртэл хамгаалж чадлаа.
О.Мижиддоржийн гоол ийнхүү Үндэсний шигшээ баг 1993 онд дахин байгуулагдснаас хойшхи 100 дахь гоол болон тэмдэглэгдэн үлдлээ.2 хүн, зогсож буй хүмүүс болон спортоор хичээллэж буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм

Архидалт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэрэг 60-94 хувиар өсчээ

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газраас бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосноос улсын хэмжээнд зөрчлийн хэрэг тодорхой хувиар буурсан байсан бол тавдугаар сард хөл хориог сулруулсантай холбоотойгоор зөрчлийн хэргийн гаралт өсжээ.

Тодруулбал, 5 дугаар сард 189898 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 4 дүгээр сартай харьцуулахад 72 хувиар өссөн байна. Зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэрээр авч үзвэл 73 хувь нь Нийслэлд үйлдэгдэж өмнөх сараас 35 хувиар, орон нутагт өмнөх сараас 3.2 дахин их зөрчлийн хэрэг бүртгэгджээ.

Нийт зөрчлийн хэргийн 99.1 хувийг цагдаагийн байгууллага, 0.2 хувийг мэргэжлийн хяналт, 0.1 хувийг онцгой байдал, 0.6 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалган шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 139727 хүн шийтгүүлсэн нь өмнөх сараас 28 хувиар, 231 хуулийн этгээд шийтгүүлсэн нь 38 хувиар тус тус өссөн байна. Зөрчил үйлдсэн хүмүүсийн 80.2 хувь нь эрэгтэй, 19.7 хувь нь эмэгтэйчүүд байгаа бол 39.8 хувь нь 26-35 насны хүмүүс байна.

Зөрчлийн хэргийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд нийт 443 сая 681 мянган төгрөгийн хохирол учирч, 96.8 хувь нь нөхөн төлөгджээ.

Өнгөрөгч 5 дугаар сард Танхайрах, Хүний биед халдах, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах, Мөрийтэй тоглоом тоглох, Өрсөлдөөний тухай хууль зөрчих зөрчлийн гаралт буурсан бол зарим төрлийн зөрчлийн хэрэг 3-94 хүртэл хувиар өссөн байна. Тухайлбал, Хулгайлах зөрчил 3 хувиар, Олон нийтийн газарт биеэ зүй бусаар авч явах зөрчил 9 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 10 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 19 хувиар, Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 24 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 32 хувиар, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 60 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 94 хувиар тус тус өсжээ.

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албанаас орон даяар зохион байгуулж байгаа “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд прокурорын газрууд холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Энэ оны эхний 5 сарын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэрэг 574 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20.8 хувиар буурсан байгаа боловч зарим газруудад дээрх төрлийн зөрчил өссөн тоон үзүүлэлттэй байна. Тухайлбал, Нийслэлийн Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг, Архангай, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорноговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгуудад дээрх төрлийн зөрчлийн хэрэг өсжээ. Байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах журмын эсрэг зөрчлийн хэргүүдээс Ойн тухай хууль зөрчих, Амьтны тухай хууль зөрчих зөрчил хамгийн их үйлдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Дээд шүүх: “Ардын чуулган” намыг бүртгэхээс татгалзлаа

Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны зургадугаар сарын 7-ны өдөр болов.

“Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхэд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг зохих журмын дагуу нээлттэй зарлаж хэлэлцэхээр тогтов.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 165 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1586 дуудлага, мэдээлэл ирсэн байна.

Үүнээс зөрчлийн 1304, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 92, гэмт хэргийн шинжтэй 61 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 165 хүн эрүүлжүүлэгджээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 75, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 81, танхайрсан 120, хулгайлах 15, хүний биед халдсан 39, тав тух алдагдуулсан 75 дуудлага бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“СХД-т булаг, хөрсний ус ихээр нэвчин гарч буй хороодод үерийн далан барина” гэв

Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Мөнхцэцэг, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай болон холбогдох албаны хүмүүс хөрсний ус ихээр нэвчин, нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамж усанд автаад буй Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 25, 40 дугаар хороодод ажиллалаа.

Тус хороодын булгийн эхийн ойролцоох газруудад хөрсний ус ихээр гарч байгаа нь экологийн тэнцвэрт байдал сэргэж буй сайн хэрэг боловч усны судал, үерийн ам даган буусан айл өрхүүдэд хүндрэл учруулж байна.

Нөхцөл байдал хүндэрсэн гудамж, талбайд ажиллаж 9, 25, 40 дугаар хорооны хөрсний болон булгийн ус ихтэй газруудад ус зайлуулах, хоолой үерийн далан барихаар боллоо.

Мөн усанд автсан хороодын нийтийн эзэмшлийн зам талбай, гудамжнуудад хайрга, дайрга асган зам талбайг зориулалтын техник хэрэгслээр засаж, янзаллаа.

“Булгийн болон хөрсний ус нэвчсэнээс болж өвлийн улиралд халиа дошин хороодод ихээр үүсэж олон айл өрх цаг агаарын нөхцөл байдлаас үл шалтгаалан цутарсан. Энэ байдлыг Геодизи, Усны барилга байгууламжийн газартай хамтарч дулааны улиралд засаж янзлахыг холбогдох албаныханд үүрэг өглөө.

Categories
мэдээ улс-төр

АН-ын бүлэг: Нэхэмжлэгчийг хуралд оролцуулахгүйгээр Цэц дүгнэлт гаргасан нь хардлага төрүүлж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

Үүнд:
  1. Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 06 дугаар дүгнэлт
  2. Улс төрийн нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас баталсан хууль тогтоомжийн биелэлтийг шалгах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явцын талаар мэдээлэл сонсов.
Цэцийн нэг гишүүн нь нөгөө гишүүний гаргасан шийдвэртэй санал нэгдэхгүй бол бичгээр хүсэлт гарган “3 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаан” гэгчээр хэлэлцэх нь Үндсэн хууль зөрчиж байна гэх утгатай гомдлыг нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд гаргажээ. Өөрөөр хэлбэл Цэцийн нэг гишүүн нөгөө гишүүнийхээ шийдвэрт “хориг” тавих нь Үндсэн хууль зөрчсөн гэж тэрбээр үзсэн байна.
Түүний гомдлыг Цэц хэлэлцээд дээрх заалт нь Үндсэн Хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэж 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлжээ. Ардчилсан намын бүлэг энэхүү дүгнэлтийг хэлэлцэв.

Гишүүд, Цэцийн аль нэг гишүүн өөрт нь хуваарилсан мэдээллийг дангаар шалгаж, шийдвэрлэх нь харин ч бусдын нөлөөнд автах магадлалыг нэмэгдүүлнэ. Тухайлбал нэг гишүүн, гомдол гаргасан иргэний нэхэмжлэлийг дангаараа шийдээд, Цэц хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл тэр асуудлыг дахин сөхөлгүй хаадаг.

Нөгөө гишүүн үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа илэрхийлж хамтаараа хэлэлцэх нь харин аливаа нэг улс төрийн нам, төрийн өндөр албан тушаалтан, улс төрчид төдийгүй хөрөнгөлөг аж ахуйн нэгж, гадаад улсын тусгай албад, олон улсын төрийн болон төрийн бус бусад байгууллагын нөлөөнд автахаас урьдчилан сэргийлсэн маш чухал ач холбогдолтой.
Цэцийн гишүүн дотоод итгэл үнэмшлээрээ уг асуудалд хандаж Үндсэн хуулийн маргаан үүсгэх эсэх асуудал нь тухайн хувь гишүүний шийдэх асуудал. Хэрэв бусдын нөлөөнд автаад маргаан бүхий асуудалд маргаан үүсгэхгүй орхивол энэ нь хууль дээдлэх, болоод хүний эрхийн зөрчил үүсгэх эрсдэлтэй. Түүнчлэн нэхэмжлэгчийг хуралд оролцуулалгүйгээр дүгнэлт гаргасан нь хардлага төрүүлж байна гэх зэргээр өөр өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орлоо

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөгдлөө. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:

  1. Баянгол дүүрэг- 96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай/
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Зургадугаар сарын 4-6-ны хооронд иргэдээс нийт 706 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.50 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 45 иргэн хандсанаас 22 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 23 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажилласан байна. Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын 12, суурин 41 цэгт 103 багийн 552 эмч, ажилтан ажиллаж, 13115 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн.

  1. Гадаад улсаас ирсэн иргэд коронавирусийн халдвар аваад эдгэсэн бол тэр тухай бичгээ монгол руу орчуулж, харьяа өрхийн эмнэлэгт баталгаажуулж, тамга даруулна. Харин вакцинд хамрагдсан иргэд гэрчилгээний мэдээллээ дүүргийн Эрүүл мэндийн төвдөө очин, программд бүртгүүлэх юм.

НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ