Categories
мэдээ нийгэм

Улсдаа нэртэй тоочдын уурхай болсон сургууль

Эрдмийн саруул өргөөгөө эрдэмтэн багш нар, эгэлгүй хүүхдүүдийнхээ амжилтаар гоёхоос илүү үнэт гоёл юу байх билээ. Ийнхүү багш, сурагчдынхаа амжилтаар сургуулийнхаа ханыг гоёсон хамт олон бол физик – математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Нийслэлийн Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийнхан юм. Тус сургуулийн хамт олон мянга мянган хүүхдийг тооны ухаанд дурлуулж, улсдаа нэртэй тоочдын уурхай болсон сургууль юм.

Тэртээ 1947 онд Улаанбаатар хотынБаруун дүүргийн бага сургууль нэртэй нэг давхар модон байшинд анхныхаа сурагчдаа хүлээн авснаар тус сургууль анх байгуулагдсан түүхтэй. Монгол Улсын боловсролын салбарт нэгэн цуцал нэмж өдрөөс өдөрт сургалтын үйл ажиллагаа, цар хүрээгээ тэлсээр 1950-1951 онд дунд сургууль болон өргөжжээ.

Хөгжил дэвшлийн түүчээ тасралтгүйүргэлжилсээр 1990 онд физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болсноор өнөөдрийг хүртэл Монгол Улсын хөгжил цэцэглэлт, оюуны түүчээ болсон мянга мянган залуучуудыг төгсгөөд байгаа аж. Ийнхүү Монгол Улсад анх удаа физик, математикаар гүнзгийрүүлсэн сургалт явуулах төрийн өмчийн сургууль бий болсон түүхтэй. Тухайн үед математик, физикийн шилдэг багш нар болон шилдэг сурагчдыг сонгон авч тус сургуулийг байгуулсан ачтай багшийг Ц. Гантулга гэдэг. Мөн Ардын багш Ү.Маам, математикийн багш Б.Ганбат, А.Наранхүү, Л.Эрдэнэсувд, А.Энхжаргал, фикикийн багш С.Гэрэлмаа, Ц.Энхтуулгэх мэт олон арван эрдэмтэн багш нар тус сургуулийн түүхийн шаргал хуудсыг бичилцсэнийг физик, математикийн гүнзгийрүүлсэн Нийслэлийн Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирал Д.Энхжаргал бахархан дурсаж байна.

Хэдхэн хоногийн дараа эрдэмтэн олон багш нар, эрдмийн саруул өргөөнөөсөө даль жигүүрээ дэлгэн нисэх төгсөх ангийн сурагчид амжилт бүтээл дүүрэн амьдралын их далайд хөл тавих гэж байна. Тэд Монол Улсын хэмжээнд зохиогдсон олимпиад, уралдаан тэмцээнд оролцож эрдэм мэдлэгээ сорихоос гадна олон улсын хэмжээнд зохиогддог олимпиадуудад ч амжилттай оролцож улсынхаа нэрийг, сургуулийнхаа алдрыг цуурайтуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийг төгссөн хүүхдүүдийн гаргасан амжилт, гавьяа шагналыг дурдвал тоймгүй олон. Тиймээс энэ жилийн шилдэг төгсөгчдөөс дурдахад Б.Хантүшиг, Ананд, Баяржавхлан, Билэгдэмбэрэл зэрэг олон хүүхдүүд байгаа гэдгийг захирал багш хэлж байна. Эдгээр шилдэг төгсөгчдийн дотор олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн, улсын олимпиадад удаа дараа оролцож байр эзэлсэн хүүхдүүд олон бий. Олон улсын олимпиад гэдэг бол оюун ухааны олимп. Энэхүү оюун ухааны олимпиад Монгол Улсын жирийн нэгэн сургуулийн багш нар хүүхдүүдээ бэлтгээд жил бүр медаль хүртэнэ гэдэг тус сургуулийн эрдэмтэн багш нар болон хүүхдүүдийн оюун ухааны цар хүрээг илтгэж буй биз ээ.

Тус сургуулийн сургалтын менежер Б.Хишигбаяр “Дэлхийн хэмжээнд оюуны хүчтэй өрсөлдөөн болох математикийн ОУ-ын олимпиадад Монгол улс өндөр амжилттай оролцож байгаагийн ар талд шат шатны олон хүний хөдөлмөр зүтгэл, хамтын ажиллагаа байдаг. Манай сургууль математикт сонирхолтой хүүхдийг багаас нь сонгон аваад,мэргэжлийн чадварлаг багшаар ханган, тогтвортой хөтөлбөрийн дагуу хичээллүүлэх бодлогыг баримталж ажилладаг. Шилдэг хүүхдүүдтэй байж чадаж байж, тэдний дундаас дэлхийд өрсөлдөх хүүхэд гарч байгаа. Мөн массын сургалтын чанарт анхааран ажилладаг. Тэгж байж улсдаа үлгэр жишээ байж чадаж байгаа юм” гэсэн.

Багш нар нь өрөөндөө бодлого ярьж байдаг математикийн энерги хуралдсан ийм сургууль гарын таван хуруунд багтахаар л байдаг гэхэд хилсдэхгүй болов уу. Ёстой нөгөө хөл бөмбөгийн бурхан тэнгэрүүд гэдэг шиг тооны ухааны бурхан тэнгэрүүд эндээс л төрдөг гэлтэй.

Тус сургуулийн сурагчдын сүүлийн гурван жилд гаргасан олимпиад, уралдаан тэмцээний амжилтаас харахад олон улс, улс, хот, дүүргийн хэмжээнд албан ёсны төрөлжсөн олимпиад, уралдаанаас нийт 270 гаруй медаль хүртсэн байна. Тухайлбал, олон улсын олимпиадаас 7, уралдаан тэмцээнээс 12 медаль, улсын олимпиадаас 14 медаль, уралдаан тэмцээнээс 30 медаль, хотын хэмжээний олимпиадаас 31, уралдаан тэмцээнээс 47 медаль хүртсэн бол дүүргийн хэмжээний олимпиадаас 74, уралдаан тэмцээнээс 51 медаль хүртсэн бахархам амжилттайгаар энэ хичээлийн жилийг үдэж байна.

Сүүлийн жилүүдэд тус сургуулийн хүүхдүүд олон улс, улс, хот дүүргийн хэмжээнд зохиогддог олимпиадад амжилттай оролцоход Б.Эрдэнэбаяр математикийн багш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Түүний хувьд тус сургуулийн төгсөгч бөгөөд сурагч байхдаа шавь нарынхаа адил олон улсын болон улсын хэмжээний олимпиадад удаа дараа оролцож, амжилт гаргаж байсан түүхтэй. Тухайлбал улсын олимпиадаас гурван мөнгө, нэг алтан медаль, олон улсын олимпиадаас хүрэл медаль хүртсэн туршлагатай. Тэрээр 2016 оноос хойш тус сургуулийн хүүхдүүдийн олимпиадын бэлтгэлийг хариуцан ажиллаж байна. Тухайлбал, түүний удирдлагад сургуулийнхаа шилдэг сурагчдын төлөөлөл Б.Хантүшиг, Б.Билэгдэмбэрэл нар олимпиадын бэлтгэл сургуулилтаа хийж олон улсын олимпиадаас хүрэл медаль, улсын олимпиадаас мөнгө, хүрэл медаль тус тус хүртжээ.

Энэ жил цахимаар хичээллэсэн болохоор багш болон эцэг эх, сургуулийн удирдлагын хамтын ажиллагаа чухал байсан талаар Б.Эрдэнэбаяр багш хэлж байна. Тэрээр өдөр бүр өглөөний 08 цагаас 17 цаг хүртэл олимпиадын бэлтгэл хүүхдүүдтэйгээ хийж давтлага тоогоо боддог байна. Хүүхдийнхээ бодлого бодох арга техникт бэлдэхээс гадна сэтгэлзүйг нь давхар бэлдэх чухал аж. Учир нь улсын олимпиадад анх удаа орж байгаа хүүхдүүдийн хувьд “Хэцүү бодлогууд ирнэ” гэсэн сэтгэлзүйтэй орвол “чаддаг, мэддэг зүйлээ чадахгүй байх тохиолдол байдаг байна. Нэг удаа улсын олимпиадад ороод үзсэн хүүхдүүд дараа дараагийн жилд нь амжилт үзүүлэх байдал улам нэмэгддэг гэдгийг онцолсон юм.

Шавийн эрдэм багшаас гэдэг. Тус сургуулийн багш нар ур чадвар, мэдлэг боловсролоороо улсдаа тэргүүлдэг. Багш нарын ур чадварын уралдаанаас удаа дараа тэргүүн байрын эзнээр тодорч байсан шилдэг баг хамт олноор эгнээгээ өргөтгөсөөр байна. Нийт багш нарын 80 хувь нь тэргүүлэх зэргийн багш байдаг бол зөвлөх багш дөрөв байна. Түүнчлэн доктороор суралцаж байгаа гурван багш бий. Шинэ залуу багш нарын хувьд ахмад багш нараасаа суралцаж, амжилт бүтээлээрээ манлайлсаар байгаа аж. Тэдний нэг бол Д.Хосбаяр багш юм. Тэрээр физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд ажиллаж эхэлснээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил тэрээр 12 дугаар анги төгсгөж байна. Д.Хосбаярын хувьд багаасаа л математикийн хичээлд дуртай онцгой хүүхэд байсан аж. Тэрээр хүүхдүүд найман настайдаа нэгдүгээр ангид элсэн суралцдаг байхад зургаан настайдаа сургуульд оржээ. Түүгээр ч зогсохгүй дунд нь ангидаа дэвшин суралцсаар 15 настайдаа арван жилээ дүүргэсэн байна. Ингээд МУИС-ийн Эдийн засгийн ангийг 19 настайдаа төгсөж, ажиллах явцдаа математикийн багшийн мэргэжлээр амжилттай суралцаж төгсжээ. Ийм л гоц авьяастан багш нар тийм л чадварлаг хүүхдүүдийг төрүүлдэг байх нь. Тэрээр “Манай сургуулийн хүүхдүүд математик суурьтай болохоор бүх зүйлд хариуцлагатай, бие даасан, бүтээлч суурь төлөвшил сайтай хүүхдүүд байдаг. Хичээлээ хийхгүй хойш сууна гэсэн ойлголт огт байдаггүй юм” хэмээн шавь нараа дүгнэсэн юм.

Жил бүр 80-120 хүүхэд тус сургуулийг төгсөж амьдралын их далайд итгэл дүүрэн хөл тавьдаг. Тэгэхээр математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай болсноос хойших 30 жилийн хугацаанд 2000 гаруй хүүхэд төгссөн тооцоо гарч байна. Тус сургуулийг төгсөж байгаа хүүхдүүд математик, физикийн хичээлийн ЭЕШ-ын оноогоор улсдаа үргэлж тэргүүн байр эзэлдэг гэдгийг багш нар нь бахархан ярьж байна.

Түүнчлэн сургалтын чанарын үнэлгээгээр улсын топ 20 сургуулийг шалгаруулахад 2019 онд тэргүүн байранд оржээ. ЭЕШ-ын математик, физикийн оноогоор улсын сургуулиуд дотроосоо тэргүүн байранд ордог бол, хувийн хэвшлийн сургуулиудаа оролцуулаад Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт Ерөнхий боловсролын сургуулиудтайгаа харьцуулахад эхний таван байрт тогтмол шалгарч байжээ

Тус сургуулийн төгсөгчдөөс улс орныхоо хөгжлийг тодорхойлогч IT инженер, барилгын инженер, эдийн засагчид түлхүү төрдөг Монгол Улсынхаа шилдэг мэргэжилтнүүд бөгөөд гадаад дотоодын их дээд сургуульд багшлах, дэлхийд данстай томоохон компаниудад урилгаар ажилладаг төгсөгчидтэй. Тухайлбал, Google болон Мicrosoft компанийн мэргэжилтэн Канад, Америк, Герман зэрэг улсын их дээд сургуулийн багш нар байна.

Ийнхүү шилдэг мэргэжилтнүүдийн сайн гараа болдог физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуульд элсэн суралцах сонирхолтой хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэдгийг тус сургуулийн удирдлагууд хэлж байна. Жилд тус сургуульд элсэн суралцах хүсэлтэй 1400-1500 хүүхэд шалгалт өгснөөс 90 орчим хүүхдийг элсүүлэн суралцуулдаг байна. Ийм л өндөр шалгууртай сургуулийн босгыг давж, элсэн суралцаж байгаа хүүхдүүдийн ирээдүйн зорилго нь тодорхой болчихсон учраас анхнаасаа юу хийх, яах ёстойгоо ойлгочихсон байдаг ажээ.

Тиймээс хүүхдүүд зорилгодоо хүрэхийн тулд улам их мэрийлттэй суралцдаг байна. Зөвхөн математик, физикийн хичээл гэлтгүй бусад хичээлийн чанар, үзүүлэлтээр ч үргэлж дээгүүр байрт жагсахад чадварлаг багш, чанартай хүүхэд, хариуцлагатай эцэг эх гэсэн тулгын гурван чулуу шиг ойлголт зэрэгцэн оршдог байна. Дээр дурдсанчлан олон улс, улс, хот, дүүргийн олимпиадад амжилт үзүүлэхийн зэрэгцээ спорт, урлаг, соёлын чиглэлээр зохион байгуулагддаг бүхий л арга хэмжээнд сурагчдаа оролцуулан хөгжүүлдэг юм байна.

Тухайлбал 2018-2021 оны хичээлийн жилд Улсын “Хүрэл тулга” яруу найргийн тэмцээнд 12а ангийн сурагч Б.Саранжил 2-р байр, Монголын хүүхдийн их наадмын хүндийн өргөлтийн төрөлд 12-р ангийн сурагч 3-р байр, “Өсвөрийн аврагч” улсын тэмцээнд Ц.Март багштай 11а анги 3-р байр, 9б ангийн сурагч Тулуй усанд сэлэлтийн улсын уралдаанд тэргүүлсэн зэрэг олон олон амжилтыг дурдаж болно.

Амжилт гэдэг дан ганц хэн нэгний хичээл зүтгэлээр бий болдоггүй. Гагцхүү тасралтгүй, уйгагүй хамтын ажиллагааны үр шим юм. Тиймээс “Сургууль-эцэгэх-сурагч” гэсэн гурвалсан гэрээ байгуулж хамтран ажиллаж, гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж эцэг, эхчүүдэд тайлагнадаг. Гэрээгээ сайн биелүүлсэн эцэг эхэд талархлын хуудас, сурагчдад урамшууллын хуудас олгох зэргээр үйл ажиллагаагаа нээлттэй ил тодоор явуулж цаашид ажиллах зөвлөн туслах чиглэл гарган эцэг, эхчүүдтэй хамтран ажилладагньтус сургуулийн хамт олныбас нэгэн давуу тал юм.

Ялангуяа дэлхий нийтээр цар тахлын үеийн хөл хорионд орж цахимаар хичээллэсэн энэ үед эцэг эх, сурагч, сургуулийн багш нарын хамтын ажиллагааны үр дүн урьд урдынхаас чухал байсныг хэлж байна. Тус сургуулийн хамт олон өнгөрсөн хугацаанд цахим хичээлийг тасралтгүй, чанартай, хуваарийн дагуу нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулж сурагчдаа 100 хувь оролцуулсан нь бас нэгэн амжилт гэдгийг сургалтын менежер хэлж байна. Теле хичээлийн хуваарьтай зохицуулан сурагчдын ачааллыг тооцож, цахим хичээлийн нэгдсэн хуваарийг сургуулийн хэмжээнд гарган ажиллажээ. Тус сургуулийн багш нараас дөрвөн багш үндэсний хэмжээнд 67 удаагийн теле хичээл бол сургуулийн хэмжээнд 44 багш 1123 цахим хичээл бэлтгэн хүргэсэн байна.

Тус сургууль, баг хамт олон, сурагчдын амжилтын бас нэгэн шалтгаан нь тогтвортой удирдлагын баг гэдгийг багш нар бол хүүхдүүд хэлж байна. Математик физикийн чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн менежер болон захирал нь математик, физикийн мэргэжлийн багш хүнбайх нь зайлшгүй шаардлагатай байдаг. Яг энэ зарчмын дагуу тус сургуулийн захирал болон менежер ажилласаар иржээ.

Физик-математикийн гүнзгийрүүлсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирал Д.Энхжаргал физикийн багшаар 18 жил, 2002-2007 онд Завхан аймгийн 1-р 10 жилд, 2007 оноос тус сургуульд сургалтын менежерээр анх ажиллаж байгаад 2011 оноос өнөөдрийг хүртэл захирлаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тус сургуульд 13 дахь жилдээ ажиллаж байна. Тийм ч учраас сургуулийнхаа хэв шинжийг алдагдуулахгүй, чанарыг хэвийн түвшинд авч явахын төлөө хамт олноо атгасан гар мэт зангидан ажилладаг биз ээ. Харин сургалтын менежер Б.Хишигбаяр нь “Сэлэнгийн” Нанжидсүрэн гэх улсын математикийн багш нарын олимпиадад дээгүүр байр эзэлдэг шилдэг багшийн шавь бөгөөд аймгийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгсөөд математикийн мэргэжлийг эзэмшсэн байна. Түүний хувьд математикийн багшаар 12 жил багшилж, Улсын тэргүүний нэгдүгээр сургуульд долоон жил, тус сургуульд 2014 онооссургалтын менежерээр ажиллаж байгаа арвин туршлагатай нэгэн.

Ийнхүү насаараа тоо, физиктэй амьдарлаа холбосон ясны тоочин баг хамт олноор удирдуулж байгаа болохоор тус сургуулийн сурагчдын ирээдүй гэрэл гэгээ, амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, дүүргийн удирдлагууд, БШУЯ, Нийслэлийн Боловсролын газар төрийн болон төрийн бус байгууллагууд, эцэг эхийн дэмжлэгээр сургалтын орчин, нөхцөлийг таатай сайхан болгож 2016 онд тус сургууль 320 хүүхдийн багтаамжтай гурван давхар хичээлийн шинэ байртай болжээ. Энэ цаг үеэс тус сургуулийн сурагчид сурч хөгжих болон багш нар хичээлээ улам чанартай заах таатай орчин нөхцөл бүрдсэн аж. Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд багачуудын боловсролд бодитой хөрөнгө оруулалт хийсэн, сэтгэл зүрхээрээ дэмжсэн хэн бүхэнд баярлаж, талархснаа тус сургуулийн удирдлагууд уламжилсан юм.

Багш та хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм хэмээн Монгол Улсын Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав “Багш” найраглалдаа бичсэн байдаг. Оюун ухааны өчүүхэн цоморлогийг рашаан мэт, эрдэм оюуны шим охиор тэжээн тэтгэгч, хөлгүй далайгаас шүр сувдыг эрэн цуглуулагч хайгуулчин адил цуцалтгүй хөдөлмөрч мянган мянган багшийн алдрыг үе үеийн шавь нар нь бахархан дуурссаар байх болно. Монгол Улсынхаа нэртэй тоочдын уурхай болсон физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийнханы алдар гавьяа үеийн үед тодоос тод гялалзсаар байх болно.

П.ЗАЯА

Categories
мэдээ спорт цаг-үе

Ё.Басхүү ДАШТ-ээс Монголын хоёр дахь хүрэл медалийг авчирлаа

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр медалийн төлөө Казахстаны Елдос Жумакановтой барилдах ч тэр бэртлийн улмаас дэвжээнд гаргаагүй тул манай бөх багтаа ДАШТ-ий 2 дахь хүрэл медалийг авчирсан юм.

Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Францын бөхийг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон байна.

Энэ өдөр 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой нар хүчээ сорьсон ч ялагдсан юм.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин гахай өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 8, Ангараг гариг. Билгийн тооллын 28, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 4:54 цагт мандан, 20:49 цагт жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 9-11 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 9-11 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Байдраг, Туул, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Гачууртын босс төмсөө тарьж хөдөлмөрлөсөөр, бид телевизийнх нь шоуг жарган үзэж алхайж хэвтсээр” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Эдийн засагч, АН-ын
дэд дарга Ч.Отгочулуу “Гадаадын хөрөнгө оруулалт
татарсан хамгийн том шалтгаан бол
Г.Занданшатарын хууль” хэмээн I,II нүүрээс уншаарай.

“Сонгогчдын боловсрол
төв”-ийн гүйцэтгэх
захирал С.Оюунтуяа “Ард түмэн
засгийн эрх барих эрхээ
хэрэгжүүлэхэд цар тахал
саад болохгүй гэдгийг
олон орны туршлага
харуулж байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Гачууртын босс төмсөө тарьж хөдөлмөрлөсөөр, бид
телевизийнх нь шоуг жарган үзэж алхайж хэвтсээр” хэмээн өгүүллээ.

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт “Нарантуул” худалдааны
төвийн радио узелийн зарын
дийлэнхийг ажлын байр
эзэлж байна гэв.

Монгол Улсын Ардын жүжигчин А.Бүтэд “Их урлагт хөл алхуулсан
Гонгорын Хайдав багшаараа
би бахархаж байна” хэмээн “Ардын цолтон” нүүрт ярилаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийг коронавируст халдвараас сэргийлье

Монгол Улсад одоогийн байдлаар коронавируст халдвар (Ковид-19)-аар өвчилж буй гурван хүн тутмын нэг нь хүүхэд байна. Цаашид хүүхдийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
• Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх
• Айл хэсэхгүй байх
• 5-аас дээш хүүхдийг хамт тоглуулахгүй байх
• Автомат тоглоомын газарт хүүхдийг тоглуулахгүй байх
• Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх
• Амны хаалт зүүлгэх
• Гарыг сайтар савандаж угаах
• 1-1,5 метрийн зай барих
• Хүүхдийн хоолойг сод, давсны уусмалаар ээлжлэн зайлуулах
• Хүүхдэд А, С, Д амин дэм өгөх
• Сайн унтаж амруулах
– 3-5 насныхан 10-13 цаг
– 6-12 насныхан 9-12 цаг
– 12-аас дээш насныхан 8-10 цаг унтаж амрах
• Зөв хооллох
– Илчлэг сайтай хоол унд хэрэглэх
– Жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэх
– Сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэх
– Чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг багасгах
– Халуун бүлээн шингэн сайн уулгах
• Агаар, ус, нараар хүүхдээ чийрэгжүүлэх
• Хүүхдийн цахим хэрэглээг хязгаарлах
• Хүүхэдтэйгээ ярилцах, таагүй бодол, мэдрэмжийг хуваалцахыг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

Ахлагчийн зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, зөвлөл байгуулагдсанаас хойш хийсэн ажил, цаашид хийж хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дарга, тэргүүн ахлагч Х.Цогбадрах танилцуулсан юм.

Хуралдаанд НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням оролцож, ахлагчийн зөвлөлөөс зохион байгуулсан ажлыг сайшааж, цаашид даргын зөвлөлөөс зохион байгуулах ажлуулыг дэмжиж ажиллахаа илэрхийлж, зөв бодлого, зөв зохион байгуулалттай ажиллахыг чиглэл болголоо.

Ахлагчийн зөвлөл нь нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/12 дугаар тушаалаар шинэчлэн баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”, “Зөвлөл байгуулах тухай” А/23 дугаар тушаалыг үндэслэн байгуулагдсан орон тооны бус зөвлөл юм.

Зөвлөлийн зорилго нь бүтцийн нэгжийн ахлагч бүрэлдэхүүний эрх ашгийг хамгаалах, авъяас чадвар, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ажиллах орчин нөхцөл, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн асуудал, албандаа хандах хандлагыг төлөвшүүлэх, Онцгой байдлын албаны нэр хүндийг өндөрт өргөж, тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
булангууд мэдээ сав-шимийн-ертөнц

Биеэсээ цахилгаан ялгаруулдаг загас

Цахилгаан могой загас анх 1766 онд бүртгэгдсэн байдаг. Могой шиг урт биетэй боловч могойн төрөл зүйл биш юм. Биеийн урт нь 2 метр хүрэх бөгөөд нас бие гүйцсэн цахилгаан могой 20 кг жинтэй байдаг.

Цахилгаан могой загас биеэсээ 650 вольтын цахилгаан хүчдэл гаргах чадвартай бөгөөд үүнийхээ тусламжтайгаар өөрийгөө хамгаалах, хоол тэжээл олзоо барих, тэр бүү хэл бусад амьтдын оюун санааг удирддаг өвөрмөц амьтан аж. Мөн нүдний хараа нь маш муу учраас биеэс ялгаруулах цахилгаан нь тэднийг замаа чиглүүлэхэд тусалдаг байна.

Цахилгаан могой загасны ялгаруулах цахилгаан хүчдэл нь матар, морь зэрэг том амьтдыг ч хөнөөхөд хангалттай. Горхи, цөөрөм, шаварлаг газрууд, булингартай усанд амьдрах нь түгээмэл бөгөөд усанд амьсгалахаас гадна агаар мандлаас хүчилтөрөгч авч чаддаг. Яг л халим, усны гахай шиг усны гадаргууд 10 минут тутамд гарч ирэн амьсгал авдаг ажээ.

Цахилгаан могой загас цэнхэр, ягаан, цагаан, саарал, хар гэх мэт олон янзын өнгөтэй. Шавж, загас, шувуу, жижиг хөхтөн амьтан, хоёр нутагтан зэргээр хооллодог шөнийн махчин загас юм.

Цахилгаан могой загасыг эрчим хүчний үйлдвэрлэгч хэмээн үзэж олон төрлийн цахилгаан хэрэгсэлтэй харьцуулсан судалгаанууд хийгдсэн байдаг. Одоо ч төрөл зүйл болон чадваруудыг нь судалсаар байна.

Categories
мэдээ нийгэм

Маршалын гүүрээс Улиастайн гүүр хүртэлх 7.2 км дугуйн зам ирэх сард ашиглалтад орно

Маршалын гүүрээс Улиастайн гүүр хүртэл дугуйн 7.2 км зам тавьж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус дугуйн замын хучилтыг хуулж байна гэх мэдээлэл цахим орчинд гарсан. Үүнтэй холбогдуулан тус замын ажлыг гүйцэтгэж буй “Алтай Рөүд” ХХК-ийн захирал Д.Ганзориг тайлбар өглөө.

Тэрбээр “Туул гол дагуух үерийн усны даланг ашиглан, дугуйн зам тавьж байгаа. Бид 50 метр орчим газарт шороо сольж, хөрс нягтаршуулах ажил хийж байна. Хүлээлгэж өгсөн ажлыг эвдэж, дахин хөрөнгө гаргасан зүйл байхгүй. Одоо хоёрдугаар ээлжийн ажил буюу амралтын цэг, нийтийн бие засах газар, камер, замын гэрэлтүүлэг хийж, гэрээт хугацаандаа буюу долоодугаар сарын 5-нд хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хуулалт хийж байгаа хэсэгт бага зэргийн суулт өгсөн. Энэ нь цаашдаа эвдрэл үүсгэх магадлалтай учир гүйцэтгэх компани шийдвэр гаргаж, засварын ажил хийж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга төрийн дээд одон, медаль гардууллаа

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан.

Энэ дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар боксын спортынхон болон бусад салбарынханд төрийн дээд одон, медаль гардууллаа. Тэрбээр шагнал хүртсэн иргэдэд хандаж “Энэ бол өөрсдийнхөө хийж, бүтээсэн зүйлсээ төр засагтаа үнэлүүлж буй сайхан үйл явдал. Шагнал хүртсэн хүмүүстээ халуун баяр хүргэе. Боксын спортынхон хүн төрөлхтний их наадамд амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, алтан соёмбот төрийн далбаагаа Япон Улсын тэнгэрт мандуулна гэдэгт эргэлзэхгүй байна” гэж ярив.

Алтангадас одонгоор шагнуулсан “TV-6” телевизийн захирал Ж.Баяржаргал “Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор төрийн одон медаль хүртэж, энгэрээ мялаасандаа маш их баяртай байна. Сэтгүүл зүйн салбарт тасралтгүй ажиллаж, олон байгууллагад туршлагажиж, суралцаж ирсэн. Ажлын гараагаа эхэлж, сэтгүүлч болох анхны суртахууныг маань ойлгуулж өгсөн “Таван цагариг”, “Өнөөдөр” сонин болон “MNC”, “25 дугаар суваг” телевизийн хамт олондоо баярлалаа. Мөн одоо ажиллаж байгаа “TV-6” телевизийн хамт олон маань сэтгэл зүйн салбарт өөрийн өнгийг тодорхойлохоор хичээж байна. Үүнийгээ хийж, бүтээж байгаа ажлаараа харуулж байгаа. Энэ ч утгаараа хамт олныг маань үнэлж, надаар төлөөлүүлж, одон медаль гардуулж байна гэж ойлгож байна. Хамт олондоо халуун баяр хүргэе. Та бүхнийхээ хийж, бүтээж байгаа зүйл, контентоос урам авч, тэтгэгдэж яваагаа энэ ташрамд дуулгая” гэсэн юм.