Categories
мэдээ нийгэм

​Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутгаар, Дундговийн хойд хэсгээр бороо орж байна

Булган Сэлэнгэ Төв аймгийн ихэнх нутгаар Дундговийн хойд хэсгээр бороо орж байна.

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бороо, уулархаг нутгаараа нойтон цас орж, говь, талын нутгаар салхи шуургатай, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

2021 оны 06 дугаар сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 5-10 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ёрөө Туул голын хөндийгөөр 9-14 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 21-26 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 9-11 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 11-13 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо, уулаараа нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 7-9 хэм дулаан байна.

2021 оны 06 дугаар сарын 09-нөөс 06 дугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

9-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 9-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. 9-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

map, тэнгэр болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗӨВЛӨГӨӨ: Ажлын байранд аюулгүй байдлаа хангаарай

Оффисын ажлын байранд КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж байна

Үүнд:

  • Зайнаас мэндлэх
  • Битүү орчинд олуулаа цуглахгүй байх
  • Өвдсөн бол гэртээ байх
  • Гараа угаах
  • Амны хаалт зүүх

Мөн ажлын байрандаа ажил эхлэхээс өмнө болоод ажиллаж байхдаа, ажил дууссаны дараа ямар дэглэмийг баримталж өөрийгөө КОВИД-19 халдвараас хамгаалж болох дараах мэдээллийг хүргэж байна.


Categories
мэдээ улс-төр

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаан болно

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн өнөөдрийн /2021.06.08/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.


НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

  • Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Засаг” танхимд.

ХОЁР. АЖЛЫН ДЭД ХЭСГИЙН ХУРАЛДААН

  • Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 11.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
Categories
булангууд их-уншсан мэдээ туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Уйгурын хааны ордны худаг

Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхон голын хөвөөнд орших VIII-IX зууны Уйгурын нийслэл Ордубалык буюу Хар балгасын Ордон хотын дүүргээс Монгол-Германы хамтарсан Орхон экспедици 2017 онд эртний худгийг илрүүлж байжээ.
Улмаар 2018 оны зун бүтэн талбайгаар малтаж баримтжуулсан нь манай оронд судалсан эртний хот балгадын тууриас ийм төрлийн дурсгалыг илрүүлэн олж шинжилсэн анхны тохиолдол болсон юм. Энэхүү худаг нь өвөрмөц хийц, инженерийн нарийн шийдэл бүхий бүтэцтэй. Мод болон боржин чулуун доторлогоотой. Худаг хамгийн багадаа 12 орчим метр гүн байжээ.
Уг худгийн доторлогооны чулуун өрлөг, модон хийц бүтцүүд нь огт хөндөгдөөгүй бүрэн бүтнээрээ хадгалагдан үлдсэн төдийгүй ёроолд нь хүрэхэд одоо хүртэл устайгаа байсан нь гайхалтай байв. Худгийн чулуун доторлогоо нь зургаан талтай бөгөөд тал бүрийн хана нь яг адилхан, амсраас эхлээд хамгийн доод давхарлиг хүртэл ижилхэн арга зарчмаар өрсөн, нийт 12 үе өрлөгтэй болох нь мэдэгдэв. Энэ нь цаг тутамд 1300 литр орчим буюу хоногт 30 гаруй тонн ус гаргах хүчин чадалтай байсныг нь судлаачид урьдчилсан байдлаар тооцоолж гаргасан байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Эх сурвалж: ШУА-ийн Археологийн хүрээлэн

Categories
мэдээ нийгэм

PCR шинжилгээ авах цэгүүдийн байршил

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн.

Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цагийн хооронд ажиллана. Үүнд:

  1. Баянгол дүүрэг- 96 дугаар цэцэрлэг
  2. Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
  3. Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
  4. Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар “Тэнгэр” худалдааны төвийн гадна талбай/
  5. Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
  6. Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дархлаажуулалтын 54 цэг ажиллана

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 13, суурин 41 цэгт дархлаажуулалтын 104 багийн 556 эмч, ажилтан ажиллаж, 11.888 иргэнийг вакцинжуулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр буюу зургадугаар сарын 07-ны өдөр I тунд 892, II тунд 8895, нийт 9787 иргэнийг дархлаажуулалтад хамрагджээ. Мөн вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.4 хувь буюу 957.615 нь I тунд, 85.2 хувь буюу 812.503 нь II тунд хамрагдаад байна.

Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Categories
гадаад мэдээ

Испани “Sinopharm” зэрэг вакцинд хамрагдсан гадаадын жуулчдад хилээ нээв

Испани коронавируст цар тахлын хөл хорионоос үүдэн уналтад орсон аялал жуулчлалын салбараа сэргээх зорилгоор ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн ковидын эсрэг “Pfizer/BioNTech”,

“Moderna”, “AstraZeneca”, “Johnson & Johnson” болон Хятадын “Sinopharm” вакцинд хамрагдсан гадаадын жуулчдад өнөөдрөөс эхлэн хилээ нээжээ. Тус улсын эрүүл мэндийн сайд Каролина Дариасын мэдээлснээр, аялалд гарахаасаа дор хаяж 14 хоногийн өмнө ДЭМБ болон ЕМА (Европын эмийн агентлаг)-аас хүлээн зөвшөөрсөн дээрх дөрвөн төрлийн вакцины сүүлийн тунгаа хийлгэсэн аль ч орны иргэн тус улсад зорчих эрхтэй аж. Ингэхдээ, дархлаажуулалтад бүрэн хамрагдсаныг нотлох сертификаттай байх ёстой юм байна. Харин ЕМА-гаас хүлээн зөвшөөрөөгүй ОХУ-д үйлдвэрлэсэн “Спутник V”, “Эпиваккорона”, “Ковивак” вакцинд хамрагдсан жуулчдыг Испани улс хүлээн авахгүй гэдгээ анхааруулжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Гангийн үйлдвэртэй болж эдийн засгийн хараат бус байдлаас гарснаар Монгол Улс хөгжинө

Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолын хувьд ямар ч баталгаагүй, үхээнц дорой болох нь ковидын цар тахлын үед улам их анзаарагдаж байна. Өнөөдөр сонгууль гээд эрх баригч намын нөхөд, дарга сайд төрийн бүх шатны албан тушаалтнууд нэр дэвшигчээ даган хөөрцөглөж, энд тэндгүй уухай хашгирч явна. Гэтэл ард түмний ахуй амьдрал, хоол хүнснээс аваад улс орны цусны эргэлт болсон аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүн бүхий л зүйл Замын-Үүдийн хилийн боомт дээр гацаатай байна. Уг хилийн боомтоор Монгол Улсын нийт импортын бараа бүтээгдэхүүний 80 хувь дамждаг. Урд хөрш дургүйгээ хүрэхээр Эрээний хилийн боомтоо чангаруулж, улс төрийн сануулга өгөх үүднээс 14 хоног хилээ хаахад Монголын эдийн засагт хүнд цохилт болж байгаа юм. Америк, Япон, Солонгос гээд ихэнх улсаас газраар ирж байгаа ачаа тээвэр, өргөн хэрэглээний бараа, хүнс ногоо, эм бэлдмэл гээд бүх төрлийн импортын бараа Замын-Үүд дээр бараг жилийн туршид гацаж, сүүлийн хэдэн сар манай 800 гаруй ачааны машин бараагаа авахаар царайчлан хүлээж байна. Гэвч үүнийг анзаарч, ярьж хөөрч, ард иргэд аж ахуйн нэгжүүдийнхээ төлөө санаа тавьж байгаа эрх мэдэлтэн албан тушаалтан байна уу.

Монголчууд бид эдийн засгийн хувьд ийм хэврэг байна. Бүх зүйлээ гаднаас авч, хоёр хөршийнхөө гар хөл аяг аашийг харж харьяат улс шиг гөлгөнөн амьдарч байна. Туурга тусгаар улс орны хувьд энэ бол дэндүү гунигтай, байж боломгүй зүйл. Өмнө нь энэ бүхэн тэгтлээ анзаарагддаггүй, монголчууд бид зүгээр л урсгалаараа амьдраад, дор бүрнээ болох болохоороо амиа хоохойлоод яваад байж. Харин өвчин зовлонтой, хил гаалийн асуудалтай ийм цаг үед хоёр хөршөөсөө эдийн засгийн хувьд хараат байгаа маань айхавтар мэдрэгдэж Монгол Улс маань ямар арчаагүй, тусгаар улсын бодлогогүй явж ирээ вэ гэх харуусал өөрийн эрхгүй төрж байна. Яг л нөгөө бороотой өдөр такси олдохоо байдаг шиг. Нартай сайхан өдөр зүгээр явуулахгүй ээрээд хаашаа явах вэ гээд шалаад байдаг. Гэтэл тэнгэр муухайрах юм уу хүмүүст тавгүй болоод ирэхлээр хэн ч таксинд явахаа больдог доо. Уул нь үүнийг нартай сайхан өдөр нь ийм үйлчилгээ явуулдаг компани байгуулах хэрэгтэй байдаг даа.

Яг үүн шиг тахал гарсан хүнд хэцүү үед Эрээний хил хаагдахад эдийн засаг нам зогсдог, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг, наад зах нь нарийн ногоо олдохоо больдог, эм тан тасардаг, айл өрх бүр аргаа бардаг энэ байдлаасаа одоо гарах хэрэгтэй. Тэгэхээр монголчууд бид одоо үйлдвэрлэгч орон болох цаг нь ирсэн. Аль юм болгон гадагшаа царайчилж, гараа сунгаж гуйлгачин ядуу амьдрах юм бэ.

Дотооддоо үйлдвэрлэгч болж эдийн засгийн салбар бүр нь тэлж хөгжсөн, хүн бүр шаргуу хөдөлмөрлөсөн ажлын байр хэдэн зуун мянгаар нэмэгдсэн, ард иргэдийнх нь ахуй амьдрал дээшилсэн бүтээгч улс орон болох хэрэгтэй. Улс орны бүх бодлого, стратеги үүнд чиглэгдэх хэрэгтэй байна. Ерөөсөө төр засгийн удирдагчдын гол бодлого ажлын байрыг нэмэгдүүлж, ард иргэдээ ажилтай орлоготой амар тайван сайн сайхан амьдруулахад л зориулагддаг. Нэг үеэ бодоход бид бүхэн бас ч гэж эдийн засгийн хувьд хөгжих хөрс суурьтай, техник технологи болоод ажиллах хүчний хувьд ч боломжтой болсон. Хамгийн гол нь засаг төрийн бодлого зөв, тууштай байх нь чухал.

Үйлдвэрлэгч орон болоход хамгийн түрүүнд эрчим хүч цахилгааны асуудал, дараа нь төмөрлөгийн үйлдвэр, гангийн үйлдвэр хэрэгтэй гэх алтан томьёолол бий. Эрчим хүчний асуудлаа шийдэж гангийн үйлдвэрээ босгоод авсан байхад тухайн улс орон эдийн засгийн тусгаар тогтнолоо баталгаажуулаад авлаа гэсэн үг. Эдийн засгийн хөгжлийн тулгуур хуулийн дагуу Монгол Улс өөрсдөө төмрөө хайлж гангаа цутгадаг болох хэрэгтэй. Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж тусгаар тогтнолоо тунхаглаад 110 жил, Ардын хувьсгал ялаад 100 жил болж байхад гангийн үйлдвэргүй ийм олон жил болсон нь харуусалтай. Хуучин Богдын засгийн үед нэг ийм яриа байдаг байсан гэж хууччуул ярилцдаг. “Манай хоёр хөрш биднийг төмөр хийлгэдэггүй юм. Хэрвээ монголчууд төмөр үйлдвэрлээд хөрөө хийгээд сурчихвал хоёр хөршөө хөрөөдөөд дуусна гэж айдаг юм” гэсэн Богдын харуусал дүүрэн яриа бий. Яг л тэр маягаар биднийг төмрийн үйлдвэртэй байлгаж болохгүй гэсэн хоёр хөршийн энэ бодлого зуун жилийн хойно ч өнөөдөр хадгалагдсан хэвээр байдаг бололтой гэж хардахаар.

“Монгол Улс гурван жилийн дотор гангийн үйлдвэртэй болох боломжтой. Энэ үйлдвэрлэлийг ажиллуулахад 42 мГвын хүчин чадалтай цахилгаан станц шаардлагатай. Өнөөгийн эрчим хүчний тулсан хэрэглээнүүдийг шийдэх боломжгүй ч цахилгааны асуудлыг шийдчихвэл бид жилд 500800 мянган тонн ган үйлдвэрлэнэ гэсэн үг. Эхний хоёр үйлдвэр барихад 450 орчим сая ам.доллар хэрэгтэй. Харин 3040 мГвын цахилгаан станц байгуулахад ойролцоогоор 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Бидэнд 600 орчим сая ам.доллар байхад гангийн цогцолбор үйлдвэртэй болно” гэдгийг мэргэжлийн судлаачид хэлж байна. Ерөөсөө гангийн үйлдвэртэй болох боломж бидэнд бүрэн байна гэдгийг тэд хэлээд байгаа.

“Гангийн үйлдвэр байгуулах нь стратегийн ач холбогдолтой. Ирэх 10 жилд Монгол Улс хөгжих үү, уруудах уу гэдэгтэй шууд холбоотой зүйл. Манайх дэлхийд эхний тавд орохоор зэсийн баяжмал экспортлогч болсон. Зэсийн баяжмалын үйлдвэрлэлд шаардлагатай чухал орц нь ган бөмбөлөг байдаг. Үйлдвэр байгуулснаар үүнийг дотооддоо хийнэ гэсэн үг. Өнөөдөр “Оюу толгой” компани ойролцоогоор 50 орчим сая ам.долларын ган бөмбөлөг хэрэглэдэг. Эрдэнэт үйлдвэр ч тэр хэмжээний ган бөмбөлөг хэрэглэдэг. Энэ өөрөө том зах зээл. Бид өмнөх 10 жилд үүнийг хийчихээр байсан л даа. Сэтгэл дутаад л байна. Манайх олон улсын айлчлалаар хүнд хүртээлгүй жижиг сажиг төсөл барьж явахаа одоо болих цаг болсон. Өөрсдөө шийдэх боломжтой зүйлийг гаднаас хайсны хэрэггүй” гэж “Үүр тээл” компанийн захирал А.Даваадорж шулуун шударга хэлсэн.

Нэг хэсэг Сайншандын аж үйлдвэрийн парк байгуулна, Гангийн үйлдвэртэй болно гээд баахан яригдсан. Хятадын гангийн үйлдвэртэй танилцаж туршлага судалж байна гэх мэдээ яваад л удаагүй Сайншандын аж үйлдвэрийн парк чимээгүй болсон. Өнөө хоёр хөршийн өөрсдийг нь хөрөөдчихнө гэсэн бодлогын үр нөлөө тусаа байлгүй дээ. Хэрвээ гангийн үйлдвэртэй болбол ёстой бид “хөрөө”-тэй болно. Үндсэндээ бид хэнээс ч гуйхгүй, бас хэнээс ч айхгүй болно.

Төмрийн худалдаанд жил бүр 300 орчим сая ам.долларыг гадагш урсгадаг энэ урсгал Монголдоо үлдэж, хамгийн гол нь бид барилгын арматур төмрөө өөрсдөө цутгаж, барилгын салбарт эргэлт ирж, адаглаад хадаасаа хийж, гүүрний гулдан төмөр, барилгын гулдан төмрууд, машины гол гээд хийх өч төчнөөн юм байдаг. Хэрэв төмөр цутгаж ган хатаагаад эхэлбэл хэнээс ч айхгүй болно гэдэг маань энэ. Гэтэл өнөөдөр Хятадын арматур төмөр сайн хямд, мөн үйлдвэр байгуулснаас гаднаас авах нь хамаагүй хямд, ашигтай гэх ойлголт төмрийн зах зээлд ноёрхож, хоёр хөршийн бодлого үйлчилж байгааг нуух аргагүй. Гангийн үйлдвэр баригдсанаар, үндсэндээ Монгол Улс үйлдвэрлэгч орон болсноор эдийн засгийн тусгаар тогтнол баталгаажиж, аль нэг улсаас хараат бус болж ДНБий хэм хэмжээ эрс өсч, Монгол Улсын өрсөлдөх чадварын индекс огцом урагшлах ийм л бодит ирээдүй харагдаж байна. Нийт бараа бүтээгдэхүүний 80 хувийг гаднаас авдаг бус дотооддоо үйлдвэрлэдэг, гадагшаа экспортолдог үйлдвэрлэгч орон болж хөгжин дэвших цаг болсныг ковидын нөхцөл байдал тод томруун харуулж байна. Тэгэхэд энэ талаар ярьж хэлж байгаа нэр дэвшигч байгаа юу. Хэн гэдэг нэр дэвшигч энэ талаар ярьж байгаа вэ. Хэдэн ажлын байр бий болгоно гэж хэн амлаж байна вэ. Яг хуучнаараа төрөөс зүгээр юм өгөхөө л ярьцгаагаад байх юм. Одоо бид зүгээр сууж, бэлэн шороо ухаж гадагш зарж хоолоо дөнгөн данган олж идэж болсоон. Цахилгаан станцаа барьж, гангын үйлдвэрээ байгуулж тэр ухсан шороогоор нь эцсийн бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэж, ажлын байр бий болгож хүн төрөлхтөнтэй адилхан амьдрах цаг ирсэн шүү.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шүүх А.И.Цэдэнбал Филатоваг цагаатгалаа

А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгажээ.

Тодруулбал, цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нэхэмжлэлтэй, А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өчигдөр /2021 оны зургадугаар сарын 07-нд/ хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дөрвөн үндэслэл зааж А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож цагаатгуулахаар шаардсан. Үүнээс шүүх гурван үндэслэлийг баримтаар тогтоогдоогүй, хамаарахгүй гэж үзсэн. Харин түүнд олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй гэж үзэн шүүх энэ үндэслэлээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал Филатоваг цагаатгаж шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Categories
мэдээ нийгэм

Улсдаа нэртэй тоочдын уурхай болсон сургууль

Эрдмийн саруул өргөөгөө эрдэмтэн багш нар, эгэлгүй хүүхдүүдийнхээ амжилтаар гоёхоос илүү үнэт гоёл юу байх билээ. Ийнхүү багш, сурагчдынхаа амжилтаар сургуулийнхаа ханыг гоёсон хамт олон бол физик – математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Нийслэлийн Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийнхан юм. Тус сургуулийн хамт олон мянга мянган хүүхдийг тооны ухаанд дурлуулж, улсдаа нэртэй тоочдын уурхай болсон сургууль юм.

Тэртээ 1947 онд Улаанбаатар хотынБаруун дүүргийн бага сургууль нэртэй нэг давхар модон байшинд анхныхаа сурагчдаа хүлээн авснаар тус сургууль анх байгуулагдсан түүхтэй. Монгол Улсын боловсролын салбарт нэгэн цуцал нэмж өдрөөс өдөрт сургалтын үйл ажиллагаа, цар хүрээгээ тэлсээр 1950-1951 онд дунд сургууль болон өргөжжээ.

Хөгжил дэвшлийн түүчээ тасралтгүйүргэлжилсээр 1990 онд физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болсноор өнөөдрийг хүртэл Монгол Улсын хөгжил цэцэглэлт, оюуны түүчээ болсон мянга мянган залуучуудыг төгсгөөд байгаа аж. Ийнхүү Монгол Улсад анх удаа физик, математикаар гүнзгийрүүлсэн сургалт явуулах төрийн өмчийн сургууль бий болсон түүхтэй. Тухайн үед математик, физикийн шилдэг багш нар болон шилдэг сурагчдыг сонгон авч тус сургуулийг байгуулсан ачтай багшийг Ц. Гантулга гэдэг. Мөн Ардын багш Ү.Маам, математикийн багш Б.Ганбат, А.Наранхүү, Л.Эрдэнэсувд, А.Энхжаргал, фикикийн багш С.Гэрэлмаа, Ц.Энхтуулгэх мэт олон арван эрдэмтэн багш нар тус сургуулийн түүхийн шаргал хуудсыг бичилцсэнийг физик, математикийн гүнзгийрүүлсэн Нийслэлийн Ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирал Д.Энхжаргал бахархан дурсаж байна.

Хэдхэн хоногийн дараа эрдэмтэн олон багш нар, эрдмийн саруул өргөөнөөсөө даль жигүүрээ дэлгэн нисэх төгсөх ангийн сурагчид амжилт бүтээл дүүрэн амьдралын их далайд хөл тавих гэж байна. Тэд Монол Улсын хэмжээнд зохиогдсон олимпиад, уралдаан тэмцээнд оролцож эрдэм мэдлэгээ сорихоос гадна олон улсын хэмжээнд зохиогддог олимпиадуудад ч амжилттай оролцож улсынхаа нэрийг, сургуулийнхаа алдрыг цуурайтуулсаар байна. Өнгөрсөн хугацаанд тус сургуулийг төгссөн хүүхдүүдийн гаргасан амжилт, гавьяа шагналыг дурдвал тоймгүй олон. Тиймээс энэ жилийн шилдэг төгсөгчдөөс дурдахад Б.Хантүшиг, Ананд, Баяржавхлан, Билэгдэмбэрэл зэрэг олон хүүхдүүд байгаа гэдгийг захирал багш хэлж байна. Эдгээр шилдэг төгсөгчдийн дотор олон улсын математикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн, улсын олимпиадад удаа дараа оролцож байр эзэлсэн хүүхдүүд олон бий. Олон улсын олимпиад гэдэг бол оюун ухааны олимп. Энэхүү оюун ухааны олимпиад Монгол Улсын жирийн нэгэн сургуулийн багш нар хүүхдүүдээ бэлтгээд жил бүр медаль хүртэнэ гэдэг тус сургуулийн эрдэмтэн багш нар болон хүүхдүүдийн оюун ухааны цар хүрээг илтгэж буй биз ээ.

Тус сургуулийн сургалтын менежер Б.Хишигбаяр “Дэлхийн хэмжээнд оюуны хүчтэй өрсөлдөөн болох математикийн ОУ-ын олимпиадад Монгол улс өндөр амжилттай оролцож байгаагийн ар талд шат шатны олон хүний хөдөлмөр зүтгэл, хамтын ажиллагаа байдаг. Манай сургууль математикт сонирхолтой хүүхдийг багаас нь сонгон аваад,мэргэжлийн чадварлаг багшаар ханган, тогтвортой хөтөлбөрийн дагуу хичээллүүлэх бодлогыг баримталж ажилладаг. Шилдэг хүүхдүүдтэй байж чадаж байж, тэдний дундаас дэлхийд өрсөлдөх хүүхэд гарч байгаа. Мөн массын сургалтын чанарт анхааран ажилладаг. Тэгж байж улсдаа үлгэр жишээ байж чадаж байгаа юм” гэсэн.

Багш нар нь өрөөндөө бодлого ярьж байдаг математикийн энерги хуралдсан ийм сургууль гарын таван хуруунд багтахаар л байдаг гэхэд хилсдэхгүй болов уу. Ёстой нөгөө хөл бөмбөгийн бурхан тэнгэрүүд гэдэг шиг тооны ухааны бурхан тэнгэрүүд эндээс л төрдөг гэлтэй.

Тус сургуулийн сурагчдын сүүлийн гурван жилд гаргасан олимпиад, уралдаан тэмцээний амжилтаас харахад олон улс, улс, хот, дүүргийн хэмжээнд албан ёсны төрөлжсөн олимпиад, уралдаанаас нийт 270 гаруй медаль хүртсэн байна. Тухайлбал, олон улсын олимпиадаас 7, уралдаан тэмцээнээс 12 медаль, улсын олимпиадаас 14 медаль, уралдаан тэмцээнээс 30 медаль, хотын хэмжээний олимпиадаас 31, уралдаан тэмцээнээс 47 медаль хүртсэн бол дүүргийн хэмжээний олимпиадаас 74, уралдаан тэмцээнээс 51 медаль хүртсэн бахархам амжилттайгаар энэ хичээлийн жилийг үдэж байна.

Сүүлийн жилүүдэд тус сургуулийн хүүхдүүд олон улс, улс, хот дүүргийн хэмжээнд зохиогддог олимпиадад амжилттай оролцоход Б.Эрдэнэбаяр математикийн багш чухал үүрэг гүйцэтгэдэг.

Түүний хувьд тус сургуулийн төгсөгч бөгөөд сурагч байхдаа шавь нарынхаа адил олон улсын болон улсын хэмжээний олимпиадад удаа дараа оролцож, амжилт гаргаж байсан түүхтэй. Тухайлбал улсын олимпиадаас гурван мөнгө, нэг алтан медаль, олон улсын олимпиадаас хүрэл медаль хүртсэн туршлагатай. Тэрээр 2016 оноос хойш тус сургуулийн хүүхдүүдийн олимпиадын бэлтгэлийг хариуцан ажиллаж байна. Тухайлбал, түүний удирдлагад сургуулийнхаа шилдэг сурагчдын төлөөлөл Б.Хантүшиг, Б.Билэгдэмбэрэл нар олимпиадын бэлтгэл сургуулилтаа хийж олон улсын олимпиадаас хүрэл медаль, улсын олимпиадаас мөнгө, хүрэл медаль тус тус хүртжээ.

Энэ жил цахимаар хичээллэсэн болохоор багш болон эцэг эх, сургуулийн удирдлагын хамтын ажиллагаа чухал байсан талаар Б.Эрдэнэбаяр багш хэлж байна. Тэрээр өдөр бүр өглөөний 08 цагаас 17 цаг хүртэл олимпиадын бэлтгэл хүүхдүүдтэйгээ хийж давтлага тоогоо боддог байна. Хүүхдийнхээ бодлого бодох арга техникт бэлдэхээс гадна сэтгэлзүйг нь давхар бэлдэх чухал аж. Учир нь улсын олимпиадад анх удаа орж байгаа хүүхдүүдийн хувьд “Хэцүү бодлогууд ирнэ” гэсэн сэтгэлзүйтэй орвол “чаддаг, мэддэг зүйлээ чадахгүй байх тохиолдол байдаг байна. Нэг удаа улсын олимпиадад ороод үзсэн хүүхдүүд дараа дараагийн жилд нь амжилт үзүүлэх байдал улам нэмэгддэг гэдгийг онцолсон юм.

Шавийн эрдэм багшаас гэдэг. Тус сургуулийн багш нар ур чадвар, мэдлэг боловсролоороо улсдаа тэргүүлдэг. Багш нарын ур чадварын уралдаанаас удаа дараа тэргүүн байрын эзнээр тодорч байсан шилдэг баг хамт олноор эгнээгээ өргөтгөсөөр байна. Нийт багш нарын 80 хувь нь тэргүүлэх зэргийн багш байдаг бол зөвлөх багш дөрөв байна. Түүнчлэн доктороор суралцаж байгаа гурван багш бий. Шинэ залуу багш нарын хувьд ахмад багш нараасаа суралцаж, амжилт бүтээлээрээ манлайлсаар байгаа аж. Тэдний нэг бол Д.Хосбаяр багш юм. Тэрээр физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуульд ажиллаж эхэлснээс хойш гурав дахь жилтэйгээ золгож байна. Энэ жил тэрээр 12 дугаар анги төгсгөж байна. Д.Хосбаярын хувьд багаасаа л математикийн хичээлд дуртай онцгой хүүхэд байсан аж. Тэрээр хүүхдүүд найман настайдаа нэгдүгээр ангид элсэн суралцдаг байхад зургаан настайдаа сургуульд оржээ. Түүгээр ч зогсохгүй дунд нь ангидаа дэвшин суралцсаар 15 настайдаа арван жилээ дүүргэсэн байна. Ингээд МУИС-ийн Эдийн засгийн ангийг 19 настайдаа төгсөж, ажиллах явцдаа математикийн багшийн мэргэжлээр амжилттай суралцаж төгсжээ. Ийм л гоц авьяастан багш нар тийм л чадварлаг хүүхдүүдийг төрүүлдэг байх нь. Тэрээр “Манай сургуулийн хүүхдүүд математик суурьтай болохоор бүх зүйлд хариуцлагатай, бие даасан, бүтээлч суурь төлөвшил сайтай хүүхдүүд байдаг. Хичээлээ хийхгүй хойш сууна гэсэн ойлголт огт байдаггүй юм” хэмээн шавь нараа дүгнэсэн юм.

Жил бүр 80-120 хүүхэд тус сургуулийг төгсөж амьдралын их далайд итгэл дүүрэн хөл тавьдаг. Тэгэхээр математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай болсноос хойших 30 жилийн хугацаанд 2000 гаруй хүүхэд төгссөн тооцоо гарч байна. Тус сургуулийг төгсөж байгаа хүүхдүүд математик, физикийн хичээлийн ЭЕШ-ын оноогоор улсдаа үргэлж тэргүүн байр эзэлдэг гэдгийг багш нар нь бахархан ярьж байна.

Түүнчлэн сургалтын чанарын үнэлгээгээр улсын топ 20 сургуулийг шалгаруулахад 2019 онд тэргүүн байранд оржээ. ЭЕШ-ын математик, физикийн оноогоор улсын сургуулиуд дотроосоо тэргүүн байранд ордог бол, хувийн хэвшлийн сургуулиудаа оролцуулаад Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт Ерөнхий боловсролын сургуулиудтайгаа харьцуулахад эхний таван байрт тогтмол шалгарч байжээ

Тус сургуулийн төгсөгчдөөс улс орныхоо хөгжлийг тодорхойлогч IT инженер, барилгын инженер, эдийн засагчид түлхүү төрдөг Монгол Улсынхаа шилдэг мэргэжилтнүүд бөгөөд гадаад дотоодын их дээд сургуульд багшлах, дэлхийд данстай томоохон компаниудад урилгаар ажилладаг төгсөгчидтэй. Тухайлбал, Google болон Мicrosoft компанийн мэргэжилтэн Канад, Америк, Герман зэрэг улсын их дээд сургуулийн багш нар байна.

Ийнхүү шилдэг мэргэжилтнүүдийн сайн гараа болдог физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуульд элсэн суралцах сонирхолтой хүүхдүүдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа гэдгийг тус сургуулийн удирдлагууд хэлж байна. Жилд тус сургуульд элсэн суралцах хүсэлтэй 1400-1500 хүүхэд шалгалт өгснөөс 90 орчим хүүхдийг элсүүлэн суралцуулдаг байна. Ийм л өндөр шалгууртай сургуулийн босгыг давж, элсэн суралцаж байгаа хүүхдүүдийн ирээдүйн зорилго нь тодорхой болчихсон учраас анхнаасаа юу хийх, яах ёстойгоо ойлгочихсон байдаг ажээ.

Тиймээс хүүхдүүд зорилгодоо хүрэхийн тулд улам их мэрийлттэй суралцдаг байна. Зөвхөн математик, физикийн хичээл гэлтгүй бусад хичээлийн чанар, үзүүлэлтээр ч үргэлж дээгүүр байрт жагсахад чадварлаг багш, чанартай хүүхэд, хариуцлагатай эцэг эх гэсэн тулгын гурван чулуу шиг ойлголт зэрэгцэн оршдог байна. Дээр дурдсанчлан олон улс, улс, хот, дүүргийн олимпиадад амжилт үзүүлэхийн зэрэгцээ спорт, урлаг, соёлын чиглэлээр зохион байгуулагддаг бүхий л арга хэмжээнд сурагчдаа оролцуулан хөгжүүлдэг юм байна.

Тухайлбал 2018-2021 оны хичээлийн жилд Улсын “Хүрэл тулга” яруу найргийн тэмцээнд 12а ангийн сурагч Б.Саранжил 2-р байр, Монголын хүүхдийн их наадмын хүндийн өргөлтийн төрөлд 12-р ангийн сурагч 3-р байр, “Өсвөрийн аврагч” улсын тэмцээнд Ц.Март багштай 11а анги 3-р байр, 9б ангийн сурагч Тулуй усанд сэлэлтийн улсын уралдаанд тэргүүлсэн зэрэг олон олон амжилтыг дурдаж болно.

Амжилт гэдэг дан ганц хэн нэгний хичээл зүтгэлээр бий болдоггүй. Гагцхүү тасралтгүй, уйгагүй хамтын ажиллагааны үр шим юм. Тиймээс “Сургууль-эцэгэх-сурагч” гэсэн гурвалсан гэрээ байгуулж хамтран ажиллаж, гэрээг хагас, бүтэн жилээр дүгнэж эцэг, эхчүүдэд тайлагнадаг. Гэрээгээ сайн биелүүлсэн эцэг эхэд талархлын хуудас, сурагчдад урамшууллын хуудас олгох зэргээр үйл ажиллагаагаа нээлттэй ил тодоор явуулж цаашид ажиллах зөвлөн туслах чиглэл гарган эцэг, эхчүүдтэй хамтран ажилладагньтус сургуулийн хамт олныбас нэгэн давуу тал юм.

Ялангуяа дэлхий нийтээр цар тахлын үеийн хөл хорионд орж цахимаар хичээллэсэн энэ үед эцэг эх, сурагч, сургуулийн багш нарын хамтын ажиллагааны үр дүн урьд урдынхаас чухал байсныг хэлж байна. Тус сургуулийн хамт олон өнгөрсөн хугацаанд цахим хичээлийг тасралтгүй, чанартай, хуваарийн дагуу нэгдсэн зохион байгуулалттайгаар явуулж сурагчдаа 100 хувь оролцуулсан нь бас нэгэн амжилт гэдгийг сургалтын менежер хэлж байна. Теле хичээлийн хуваарьтай зохицуулан сурагчдын ачааллыг тооцож, цахим хичээлийн нэгдсэн хуваарийг сургуулийн хэмжээнд гарган ажиллажээ. Тус сургуулийн багш нараас дөрвөн багш үндэсний хэмжээнд 67 удаагийн теле хичээл бол сургуулийн хэмжээнд 44 багш 1123 цахим хичээл бэлтгэн хүргэсэн байна.

Тус сургууль, баг хамт олон, сурагчдын амжилтын бас нэгэн шалтгаан нь тогтвортой удирдлагын баг гэдгийг багш нар бол хүүхдүүд хэлж байна. Математик физикийн чиглэлээр гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн менежер болон захирал нь математик, физикийн мэргэжлийн багш хүнбайх нь зайлшгүй шаардлагатай байдаг. Яг энэ зарчмын дагуу тус сургуулийн захирал болон менежер ажилласаар иржээ.

Физик-математикийн гүнзгийрүүлсэн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн захирал Д.Энхжаргал физикийн багшаар 18 жил, 2002-2007 онд Завхан аймгийн 1-р 10 жилд, 2007 оноос тус сургуульд сургалтын менежерээр анх ажиллаж байгаад 2011 оноос өнөөдрийг хүртэл захирлаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл тус сургуульд 13 дахь жилдээ ажиллаж байна. Тийм ч учраас сургуулийнхаа хэв шинжийг алдагдуулахгүй, чанарыг хэвийн түвшинд авч явахын төлөө хамт олноо атгасан гар мэт зангидан ажилладаг биз ээ. Харин сургалтын менежер Б.Хишигбаяр нь “Сэлэнгийн” Нанжидсүрэн гэх улсын математикийн багш нарын олимпиадад дээгүүр байр эзэлдэг шилдэг багшийн шавь бөгөөд аймгийн математикийн гүнзгийрүүлсэн ангийг төгсөөд математикийн мэргэжлийг эзэмшсэн байна. Түүний хувьд математикийн багшаар 12 жил багшилж, Улсын тэргүүний нэгдүгээр сургуульд долоон жил, тус сургуульд 2014 онооссургалтын менежерээр ажиллаж байгаа арвин туршлагатай нэгэн.

Ийнхүү насаараа тоо, физиктэй амьдарлаа холбосон ясны тоочин баг хамт олноор удирдуулж байгаа болохоор тус сургуулийн сурагчдын ирээдүй гэрэл гэгээ, амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Монгол Улсын Засгийн газар, НЗДТГ, дүүргийн удирдлагууд, БШУЯ, Нийслэлийн Боловсролын газар төрийн болон төрийн бус байгууллагууд, эцэг эхийн дэмжлэгээр сургалтын орчин, нөхцөлийг таатай сайхан болгож 2016 онд тус сургууль 320 хүүхдийн багтаамжтай гурван давхар хичээлийн шинэ байртай болжээ. Энэ цаг үеэс тус сургуулийн сурагчид сурч хөгжих болон багш нар хичээлээ улам чанартай заах таатай орчин нөхцөл бүрдсэн аж. Монгол Улсын ирээдүй хойч болсон хүүхэд багачуудын боловсролд бодитой хөрөнгө оруулалт хийсэн, сэтгэл зүрхээрээ дэмжсэн хэн бүхэнд баярлаж, талархснаа тус сургуулийн удирдлагууд уламжилсан юм.

Багш та хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм хэмээн Монгол Улсын Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав “Багш” найраглалдаа бичсэн байдаг. Оюун ухааны өчүүхэн цоморлогийг рашаан мэт, эрдэм оюуны шим охиор тэжээн тэтгэгч, хөлгүй далайгаас шүр сувдыг эрэн цуглуулагч хайгуулчин адил цуцалтгүй хөдөлмөрч мянган мянган багшийн алдрыг үе үеийн шавь нар нь бахархан дуурссаар байх болно. Монгол Улсынхаа нэртэй тоочдын уурхай болсон физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийнханы алдар гавьяа үеийн үед тодоос тод гялалзсаар байх болно.

П.ЗАЯА