Categories
мэдээ нийгэм

Нийслэлчүүдийн 85.2 хувь нь вакцины II тунд хамрагджээ

Өчигдөр улсын хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг вакцинаар нийт 21583 иргэнийг дархлаажуулжээ.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100 хувь буюу 957 838 нь эхний тунг, 85.2 хувь буюу 812 530 нь хоёрдугаар тунг тариулаад байна.

Орон нутагт вакцины нэгдүгээр тунг 917 165 хүн, хоёрдугаар тунг 749 195 хүн тариулаад байгаа юм.

Харин улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунгаар нийт 1875 003 хүн, хоёрдугаар тунгаар 1 561 698 хүнийг дархлаажуулаад байна.

Вакцин хийлгэхийн өмнө анхаарах зүйлс:

• “Ковид-19”-ийн вакцины талаар тодорхой мэдээлэлтэй байх

• Дулаан хувцаслах

• Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх

• Вакцинжуулалтын цэгт очиж вакцинаа хийлгэх

• Эмчийн үзлэгт орох

• Вакцин хийлгэсний дараа 30 минут ажиглалтанд байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

Вакцин хийлгэсний дараа юу анхаарах вэ?

• Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх

• Даарахгүй байх, хоёр хоног ус хүргэхгүй байх

• Вакцин хийлгэхийн өмнө ба дараа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх

• Халдвар хамгааллын дэглэмийг сахих (амны хаалт зүүх, гараа халдваргүйжүүлэх, хүн хоорондын зай барих)

• Халуурах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрвэл 119 дугаарт хандах

• Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх

• Давтан тунгаа товлолт хугацаандаа хийлгэх

Categories
гадаад мэдээ

АНУ анх удаа Альцгеймерийн эмэнд зөвшөөрөл олгов

АНУ-ын Хүнс, эмийн агентлаг 20 жилийн түүхэнд анх удаа Альцгеймерийн өвчин буюу тархины хатангиршлийг эмчлэх эмэнд зөвшөөрөл олголоо.

Альцгеймерийн өвчинтэй тэмцэх “aducanumab” хэмээх эмийг албан ёсоор бүртгэсэн ба энэхүү эм нь “Biogen” компанийн бүтээгдэхүүн юм.

“Адуканумаб ” нь хүний тархины эсийг гэмтээж, ой санамж, сэтгэхүй, харилцааны асуудалтай болгодог амилоид уургийг устгадаг байна. Дэлхий дахинд 65-аас дээш насны 30 гаруй сая хүн Альцгеймерийн өвчнөөр шаналж байна. Мөн 80-аас доош насныханд буюу өвчний эрт шатандаа байгаа хүмүүст илүү тохиромжтой аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд Альцгеймерийн өвчнийг анагаах зориулалттай 100 гаруй эм бэлдмэлийг судалсан ч аль нь ч үр дүнгээ үзүүлж чадахгүй байв.

Уг эм нь хөгшрөлтийн хамгийн түгээмэл хэлбэр болох Альцгеймерийн өвчний шинж тэмдгийг арилгах бус харин үндсэн шалтгаанд нөлөөлж үйлчилдэг аж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Энхжаргал: Төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна

“Гэрэгэ системс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Энхжаргалтай ярилцлаа.


-“Гэрэгэ киоск”-оор дамжуулан гадаадын иргэд төрийн зарим үйлчилгээг илүү амар хялбар аргаар авах боломж бүрдсэн. Гадаадын иргэд ямар ямар үйлчилгээ авч болох вэ? Энэ үйлчилгээг нэвтрүүлэхээс өмнө иргэдэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв?

-“Гэрэгэ Системс” компани “Гэрэгэ киоск” зах зээлд нэвтрүүлээд гурван жил гаруй болж байна.Хамгийн анхны киоскийг 2017 оны 10 дугаар сард зах зээлд нэвтрүүлсэн. Энэ цагаас хойш бид үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж ирлээ. Бид хамгийн сүүлд Гадаадын Иргэн, Харьяатын Газартай хамтран гадаадын иргэд тус байгууллагаас авдаг 66 төрлийн үйлчилгээг цахимаар авч, төлбөрөө төлөх боломжтой боллоо. Өмнө нь “Гэрэгэ киоск”-оос зөвхөн монгол иргэд л үйлчилгээ авдаг байсан бол одоо Монголд оршин сууж байгаа гадаадын иргэд ч энэ үйлчилгээг авах боломжтой болсон. Түүнчлэн манай улсад хамгийн олноор зорчдог БНХАУ, БНСУ, Япон, ОХУ, АНУ-ын иргэд өөр өөрсдийн орны хэлээр “Гэрэгэ киоск”-оос үйлчилгээ авч болно. Гадаадын иргэд заавал Гадаадын Иргэн, Харьяатын Газар очиж визний төлбөр, тэмдэгтийн хураамжаа төлдөг, банкны урт дараалалд зогсдог байсан бол “Гэрэгэ киоск”-оор үйлчлүүлснээр хамгийн багадаа 30 секундэд хүссэн үйлчилгээгээ авна. Гадаадын Иргэн, Харьяатын Газартай хамтран нэвтрүүлсэн үйлчилгээний бас нэг онцлог бол MRZ унших төхөөрөмж холбосон явдал юм. Энгийн үгээр хэлбэл гадаад паспорт дээр байрлах, дахин давтагддаггүй олон тоо бүхий дугаарыг аливаа улсын хилээр орох юм уу гарах үед уншуулж тухайн иргэн аль орны хэн гэдэг хүн бэ гэдгийг дэлхий нийтээрээ нэг стандартын дагуу шалгадаг. Манай компани Гадаадын Иргэн, Харьяатын Газартай хамтарч ажиллах гэрээний үндсэн дээр MRZ үйлчилгээг албан ёсоор ашиглах зөвшөөрөл авч уг үйлчилгээг нэвтрүүллээ. Өөр ямар ч киоск машинд байхгүй үйлчилгээг нэвтрүүлсэндээ бид баяртай байна.

-Иргэд танай компанийг коронавирусийн PCR шинжилгээний хариу хүлээн авдаг www.eruul.gerege.mn сайтаар түлхүү мэддэг болжээ. Технологийн дэвшлийг ашиглаж төрийн үйлчилгээг төвөггүй хүргэсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна.

– Баярлалаа. Цар тахлын онцгой нөхцөлд бид ковидын шинжилгээний бүртгэлийн ажилд компанийнхаа нөөц бололцоог бүрэн дайчилж ажиллалаа. Зарим нэг төслийн ажлаа ч зогсоосон. Үүний хүчинд давхардсан тоогоор 2.7 сая PCR шинжилгээний хариуг иргэдэд цаг тухайд нь элдэв чирэгдэл, хүнд сурталгүй хүргэж чадсан. Энэ ажлыг технологийн өндөр түвшинд, гар ажиллагаа бараг л байхгүйгээр зохион байгуулсан. Шинжилгээ өгөхөөр очсон иргэний үнэмлэхний QR кодыг уншуулснаар мэдээллийг нь хялбар баталгаажуулж байна. Утасны дугаарыг буруу бүртгэснээс үүдэн хариу зөрөх цөөхөн тохиолдол гарсан. Ямартай ч гар ажиллагаа шаардаж байгаа цөөхөн хэдхэн үйлдлийг эс тооцвол энэ төсөл ямар ч асуудалгүй амжилттай хэрэгжиж байна.

Түүнчлэн бид ЭрүүлМН платформоороо дамжуулан шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэдийн тандалтын бааз бий болгож байна. Энэхүү дата баазад зөвхөн ХӨСҮТ биш нийслэл хотын өрхийн эмнэлгүүд, бүх аймгийн эрүүл мэндийн төвүүд, сумын эмнэлгүүд хамтарч ажиллаж байгаа ба тухайн дүүрэг, хороо, суманд ямар иргэний хариу эерэг гарч, тухайн иргэн ямар ямар хүмүүстэй хавьталд орсныг бүртгэдэг болсон юм. Энэхүү бааз системийн мэдээллийг ТЕГ, ЦЕГ, Нийслэлийн Засаг захиргааны байгууллага дундаа ашиглаж богино хугацаанд мэдээллээ солилцох боломжтой болсон. Үүний үр дүнд улс орон даяар эрүүл мэндийн салбарын цахим хөгжилд бас нэгэн том алхам, дэвшил гарлаа.

-Та бүхнийг төрөөс бодлогоор хэрхэн дэмжиж байна вэ? Манай улс цахим үндэстэн болохоор зорьж байгаа шүү дээ.

-Манай “Гэрэгэ киоск”-оос 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээг цахимаар авч, хураамж төлөх боломжтойгоос 70 орчим хувь нь төрийн үйлчилгээ. Төрийн байгууллагууд Засгийн газрын бодлого шийдвэрээ дагаад цахим хөгжилд эрчимтэй нэгдэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ асуудалд өндөр ач холбогдол өгч авилгыг бууруулах, төрийн үйлчилгээг иргэн бүрт хүртээмжтэй, тэгш байдлаар хүргэхийн тулд цахим үндэстэн болох ёстой гэдгийг хэлж байна. Түүнчлэн мэдээллийн технологийн салбарыг онцгойлон дэмжих үүднээс Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх бодлого болгож, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1-т “Цахим хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлт, удирдлагаар хангаж, төрийн үйлчилгээг шуурхай, хариуцлагатай, хүртээмжтэй хүргэх нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэнэ.” хэмээн тусгасныг хараад мэдээллийн технологийн салбарынхан, тэр дундаа Гэрэгэ Системс ХХК-ийн хамт олон талархан хүлээж авсан. Засгийн газар, төрийн байгууллагууд энэ чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа боловч зарим нэг төрийн байгууллага ойлгомжгүй шалтгаанаар цахим үйлчилгээг хамтран нэвтрүүлэх талаар хойрго хандсаар л байна. Гэтэл төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа ус, агаар мэт хэрэгтэй байна.

-Таны ярианаас төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг арай өөр шатанд хүргэх хүсэл эрмэлзэл харагдаж байна л даа?

-Бид уг нь хаа холын Камбож, Филиппин, Узбекистаныг хөгжүүлж байхаар цөөн хүн амтай ч гэсэн эх орноо л хөгжүүлж, эх орондоо сайхан амьдармаар байна. Яг үнэнийг хэлэхэд манай компани гадаадад гарч олон сая доллар олно гэхээс илүүтэй өөрсдийн ур чадвар, мэддэг, чаддаг бүхнээ Монгол Улсынхаа салбар бүрт тулгарч буй асуудлуудыг шийдэлцэж, эх орондоо Монголчууд технологийн хүртээмжтэй үйлчилгээг авч, хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжүүдийг ашиглан аж амьдралаа хялбар, аз жаргалтай болгоход нь хувь нэмрээ оруулах энгийн зүйл л хүсээд байгаа юм. Учир нь бид өдөрт 5-10 мянган хүнд, сардаа 150 000 – 200 000 хүнд Улаанбаатар хотын 60 байршилд, орон нутгийн 15 аймагт байрших нийт 160 гаруй киоскоор 50 гаруй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын үйлчилгээг хүргэж байгаа. Тийм ч учраас энэ технологийн бүтцээ төрдөө ашиглуулъя гэх үүднээс бүх “Гэрэгэ киоск” дээрээ E-Mongolia-с хүргэдэг төрийн байгууллагын лавлагаа үйлчилгээг гаргая гэсэн саналаа ХХМТГ-д нийт долоон удаа тавьсан байна. Хэрэв E-Mongolia-с болон ТҮЦ машинаас гаргаж байгаа лавлагаа, үйлчилгээнүүд “Гэрэгэ Киоск”-д орвол ухаалаг гар утасгүй, ухаалаг гар утастай байсан ч датагүй иргэд хаа явж байгаа газраасаа өөрт ойр ухаалаг төхөөрөмж ашиглан үйлчилгээ авах боломж бүрдүүлье гэсэн татгалзахын аргагүй саналаас төр татгалзаад байгаа мэт хариу өгөхгүй байгааг бид гайхаад байгаа юм.

Ярилцлагандаа энэ асуудлыг яагаад дурдаж байна гэхээр Засгийн Газрын зөв бодлого, журам нь дунд шатны төрийн албан хаагчид, төрийн хүнд сурталд дарагдаад хэрэгжүүлэх шатанд замхрах тохиолдол их байдаг. Тиймээс мэдээллийн технологийн салбарт Засгийн газрын бодлого, тогтоол, шийдвэр хөрсөн дээрээ зөв бууж гүйцэтгэл сайтай байгаасай гэж хүсч байна. Учир нь манай салбарын ирээдүйн хөгжлийн үндсэн суурь нь одоо л тавигдах гэж байгаа учраас анхнаас нь суурийг нь өөгүй тэгшхэн тавьчих юмсан гэсэндээ энэ асуудлыг хөндөөд байгаа юм.

-Нөгөө талаас харахад төр, хувийн хэвшлийн давхцал цахим монгол шилжилтийн хүрээнд ажиглагдаж байна. Энэ талаар Та юу хэлэх вэ?

-Ерөнхий Сайд бизнесийн салбарын төлөөллийг урьж Ковид-19 цар тахлыг давах олон их наяд төгрөгийн төсөв бүхий төлөвлөгөөг танилцуулахдаа дурдсан 100 чухал ажил дундаас 10-г чухалчилсан байдаг. Тэр дунд төрийн үйлчилгээг цахимжуулах ажлыг онцгойлон дурдсан билээ. Улсын төсөв тасалдсан, улс орны эдийн засаг хүндхэн байгаа энэ үед Монгол Улсын Засгийн газар ковидын дараах эдийн засгаа сэргээх том сорилт, даалгавартай тулгараад байна. Тиймээс төсвийн зарцуулалтыг ковидын үед боловсролын хоцрогдолд орсон хүүхдүүдийнхээ боловсролд анхаарах, эмзэг бүлэг рүү гулган орсон айл өрхүүдээ өөд татах, нийгмийн олон асуудлыг шийдвэрлэх, ажлын байр шинээр бий болгох зэрэг хийх ажил их, тулгамдсан олон асуудалдаа чиглүүлээсэй гэж хүсэж байна.

Тиймээс хувийн хэвшлийнхний өөрийн хөрөнгө санхүүгээр хийж хэрэгжүүлээд удаж байгаа ажлыг улсын төсвөөс их хэмжээний хөрөнгө зарцуулж давхардуулан хийх шаардлагагүй гэж бодож байна. Ингэж үйл ажиллагааны давхцал төр, хувийн хэвшилд бий болсноор зах зээлээс хувийн хэвшлийг шахах бодлого хэрэгжээд байгааг анхаараасай. Тиймээс software хөгжүүлэх ажлыг хувийн хэвшилд нь даатгаад гагцхүү, хөрөнгө оруулалт ихээхэн шаардах мэдээллийн технологийн дэд бүтэц бий болгох, үүсч байгаа датагаа хадгалах нөөцлөх, дата төв барих, интернетийн сүлжээ олон улс руу гаргах шилэн гарцаа нэмэгдүүлэх зэрэг суурь ажлаа төр хийгээсэй гэж хүсч байна. Харин дата мэдээллийн нууц хамгаалах, хадгалах нөхцлөө хувийн хэвшилтэй сайтар тохироод төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх зэрэг жижиг ажлыг хувийн хэвшлээр хийлгэх нь зүйтэй.

– Цахим техник, технологи өндөр хөгжсөн улс орнуудын төр, засаг нь хувийн компаниудтайгаа энэ чиглэлээр хэрхэн хамтарч ажилладаг юм бэ?
– Олон улсын жишгийг ярихаас өмнө манай улсад төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэх чиглэлээр цаашид ямар бодлого, чиглэлээр ажиллах гэж байгаа талаар тодорхой ойлголттой байх хэрэгцээ шаардлага бий. Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэх ажлыг төр дангаараа хийх төлөвлөгөөтэй байгаа юу? Яг энэ чиглэлээр ажиллаж байгаа хувийн компаниудын хувьд төр ямар бодлого барьж байгаа вэ? Төр хувийн хэвшлийнхний өөрсдөө хийж бий болгосон технологи дээр суурилан өрсөлдөгч болж орж ирснээр зах зээлийг хумьж байгаа нь цахим техник технологийн хувьд Монгол улсын сонгосон хөгжлийн стратеги мөн үү? гэх мэт даруй шийдвэл зохилтой асуудлыг эхлээд тодорхой болгох шаардлагатай байна.

Гадны улс орнуудад хувийн хэвшлийнхний өөрсдийн хөрөнгө зардлаар хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг нь төр засаг бодлогоор дэмжиж тэдний санал болгосон үйлчилгээг тодорхой хэмжээний хураамж төлж ашиглах байдлаар зохицуулдаг. Өөрөөр хэлбэл төр нь өмнөө тулгарсан технологийн асуудлаа нээлттэй тавьдаг, шийдэл олох ажилдаа хувийн хэвшлийнхнийг урьдаг, эргээд хувийн компаниуд нь шийдэл гаргах явцдаа хоорондоо өрсөлддөг, үнэхээр хамгийн тохиромжтой шийдэл санал болгож чадаж байгаа нэг нь сонгогддог нийтлэг схем олон улсад үйлчилдэг. Хувийн хэвшил нь хөгжүүлж буй бүх технологийн зардлаа тухайн үедээ өөрөө даагаад явдаг, сонгогдсоныхоо дараа гаргасан санхүүжилтээ төрөөс нөхөж авах зарчмаар энэ схем ажилладаг. Төрийн бодлого, төрийн дэмжлэг гэдэг нь хувийн хэвшлийнхнийгээ шахах бус далайцтай сэтгээд, хувийн технологийн компаниудын санхүүгийн бэл бэнчин нь хүрэхгүй төслүүдийг төр нь хэрэгжүүлэх замаар хамтран ажилладаг. Ямар ч улсад төр хамгийн найдвартай хамтран ажиллагч, туслагч байдгаас гадна дээр дурдсан зарчим тодорхой болсон үед л гадны компаниуд хөрөнгө оруулдаг зарчимтай.

Ер нь технологийн салбарт хуучны аргаар тендер зарлаад их хэмжээний төлбөр төлөөд араас нь ажлаа хүлээгээд суудаг арга тохиромжгүй. Харин оюуны патенттай, илүү өргөн шийдэлтэй, хэрэгжээд явж байгаа бэлэн болсон төслүүдтэй хамтран ажиллаж, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахыг зорих нь цахим шилжилтийн амжилтанд хүрэх үндэс суурь болно гэж бодож байна.

-Та бүхэн цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаасаа дурдана уу. Хийх ажил их байгаа болов уу?

– Энэ жил бид Киоск дээр байгаа 55 байгууллагын 600 гаруй үйлчилгээний төлбөрийг заавал “Гэрэгэ киоск” гэхгүйгээр “Гэрэгэ апп” дээрээ гарган, гар утсаараа төлбөр төлөх, үйлчилгээ авах бололцоотой болгохоор зорьж байна. Мөн “Гэрэгэ апп”-ыг дэлгүүр хоршоо, үйлчилгээний төвүүдээр үйлчлүүлэхэд төлбөрийн хэрэгсэл болгож ашиглах боломжтой болно. Мөн “Гэрэгэ карт”-ыг ЗТЯ-тай хамтран тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэх, иргэд нэг картаар орон нутгийн автобус, галт тэргэнд сэлгэн сууж, үйлчлүүлэх бололцоотой болно. Ингэснээр иргэд хот хооронд ирж очих бүрдээ галт тэрэг, автобусны билет авах биш картаа цэнэглээд зорчих боломжтой болно. Энэ асуудлаар ЗТЯ-тай хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар ажил эхлээд явж байна. Мөн тээврийн салбарт технологийн олон төрлийн шийдэл нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна.

Түүнчлэн БШУЯ-ны удирдлагуудтай мөн л хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зураад байна. Сурагч бүр Гэрэгэ цахим карттай болсноор энэ карт хүүхдүүдийн өдрийн хоол, хоолны илчлэг, сурах бичиг, хүүхдийн автобус зэрэг олон үйлчилгээнд эцэг эхийн хяналт тавих хэрэгсэл болох юм. Мөн өнгөрсөн хугацаанд эрүүл мэндийн салбартай хамтран ажиллаж ковидын эсрэг ажилд оролцсоны хувьд цаашид эрүүл мэндийн салбарын ажлыг цахимжуулах, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх тал дээр ажиллах төлөвлөгөөтэй байна. Үүний тулд иргэд өөрийн эрүүл мэндийн талаарх мэдээллээ цахим байдлаар гар утсандаа хадгалах боломж олгох DeVita төслийг Солонгос хамтрагч нартайгаа эхлүүлээд байна. Энэ төслийн хүрээнд blockchain-д суурилсан эрүүл мэндийн платформ үүсгэх ба тус платформоор дамжуулж иргэд өөрийн эрүүл мэндийн мэдээллээ хадгалах, эмчээс зөвлөгөө авах боломжууд нээгдэнэ. Бид цаашид энэхүү төслийг Солонгос болон Азийн зах зээл дээр гаргах зорилготой байна

Мөн бид “Гэрэгэ ПОС” төхөөрөмжиндөө анхаарч ажиллаж байна. Учир нь зах худалдааны төвүүдэд бэлнээр эргэлдэж байгаа гүйлгээг цахим руу шилжүүлж, бүртгэлжүүлэхэд “Гэрэгэ ПОС” хувь нэмрээ оруулж хяналтгүй эргэлдэж байгаа мөнгөний урсгалыг бүртгэлжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Бид цаашид ч уйгагүй хөдөлмөрлөж, Монголын хэрэглэгчиддээ технологийн ачаар алтан цагаа хэмнэж, уур уцааргүй, оочер дараалалгүй төрийн болон хувийн үйлчилгээг гар утсаар болон бусад цахим төхөөрөмжөөр авч болдгийг олон улсын стандартад нийцүүлж хөгжүүлсэн систем, төхөөрөмжүүдээрээ хүргэх болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

ЗГ: Насанд хүрсэн иргэдийг жилд нэг удаа ЭМ-ийн үзлэгт хамруулах хөтөлбөр боловсруулна

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаж байна.

Хуралдаанаар 20 орчим асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд одоогийн байдлаар дараах 4 асуудлыг шийдвэрлээд байна.

Хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.

  1. Иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамрагдах боломжоор хангах хөтөлбөр боловсруулах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өглөө. Монгол Улсын хувь нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны шалтгаант өвчин. Мөн хоёрдугаар хавдар байна. 2010 онд хорт хавдрын 4000 гаруй тохиолдол илэрсэн бол 2020 онд 6.000 гаруй болж нэмэгдсэн байна. Шинээр оношлогдсон хорт хавдрын 70 гаруй хувь нь хожуу үедээ оношлогдож байгаа. Иймд насанд хүрсэн иргэдээ жилд нэг удаа эрүүл мэндийн эрт үзлэгт хамруулахаар төлөвлөж байгаа юм.
  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх багц бодлого, үүрэг чиглэлийг сайд нарт өглөө.
  3. Нийслэл хотод тулгамдсан асуудлыг цогцоор шийднэ. Тавдугаар сарын 10-нд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, асуудлуудыг цогцоор нь хэлэлцсэн. Мөн сүүлийн сар гаруйн хугацаанд Засгийн газрын тэргүүн болон холбогдох албаныхан нийслэлийн зургаан дүүрэгт ажилласан. Дүүргүүдэд ажилласан тэмдэглэлүүдийг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж,
  4. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг Сангийн яамнаас танилцууллаа. 8768 иргэд гурван хүүтэй зээлийг олгожээ. Ажлын байрыг дэмжих зээлийн хүрээнд 62.132 ажлын байрыг хамгаалсан байна. Өнөөдрийн байдлаар 11.193 зээлдэгч зээл авсан байна. Шаардлагатай гэж үзвэл эх үүсвэрийг гурван их наяд болгон нэмэгдүүлэх боломжтой тухай чиглэл өгсөн” гэв.

Categories
мэдээ

Тусгаарлан ажиглах 154 байранд 7349 иргэн байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 154 тусгаарлан ажиглах байранд 7349 иргэн байна. Үүнээс нийслэлд 10 тусгаарлах байранд 399, эмнэлгийн 35 байршилд 4637, орон нутагт 109 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 2313 иргэн байна.

Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 1377 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв аймгийн Батсүмбэрт, Дорнодын Баяндундад 30-51 мм хур тунадас оржээ

Өнгөрсөн хоногт Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнодын нутаг, Өвөрхангай, Дундговь, Хэнтийн хойд, Хөвсгөл, Баянхонгорын зарим газраар 0.0-51.0 мм бороо, нойтон цас оржээ.

Харин хамгийн их нь Төв аймгийн Батсүмбэрт 51.0 мм, Дорнодын Баяндунд 30.0 мм, Нийслэлийн Партизанд 29.0 мм, Төв аймгийн Залуучуудад 22.0 мм, Сэлэнгийн Хүдэр, Төв аймгийн Баянчандманьд 19.0 мм, Сэлэнгийн Зүүнхараа, Нийслэлийн Өлзийт, Төв аймгийн Борнуурт 17.0-18.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Categories
мэдээ улс-төр

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ

Итгэмжлэлийн болон тохирлын үнэлгээний байгууллагын үе үеийн ажилтан алба хаагчиддаа энэ өдрийн мэндийг хүндэтгэн дэвшүүлье.

Жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг Дэлхийн Итгэмжлэлийн өдөр болгон олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд энэ жил НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг Итгэмжлэлээр дэмжих нь” уриан дор тэмдэглэж байна.

Дэлхийн улс орнууд нэгдэн 2030 он хүртэлх “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг нийгэм болон эдийн засгийн хөгжлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах гэсэн гурван тулгуурт суурилсан 17 зорилго, 169 зорилттойгоор тодорхойлж, 2015 оны 9 дүгээр сард хуралдсан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан.

“Тогтвортой хөгжлийн зорилго” нь ядуурал, орлогын ялгаатай байдлыг арилгах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай болгох, эрчим хүч, дэд бүтцийн хангамжийг сайжруулах, эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, улмаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зэрэг асуудалд анхаарлаа хандуулах дэлхий нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

Монгол Улсын хувьд Улсын Их Хурлаас 2020 онд “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ыг баталж, “2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болох” зорилт тавин үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Тогтвортой хөгжлийн зорилго”-ыг хэрэгжүүлэхэд тохирлын үнэлгээний итгэмжлэл болон чанарын дэд бүтцийг бүрдүүлэгч бусад байгууллагууд болох стандартчилал, хэмжил зүй, тохирлын үнэлгээ, зах зээлийн хяналтын байгууллагын үүрэг оролцоо нэн чухал билээ.

Иймд 2017 онд шинэчлэн баталсан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалын голлохзарчим нь Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн байгууллагыг олон улсын жишигт нийцүүлэн бие даасан хараат бус байдалтайгаар Монгол Улсын Шадар Сайдын харьяанд байгуулсан явдал юм.

Шинэ тутам бий болж буй тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тогтолцоог зөв зохистой хөгжүүлэх замаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах, үйлдвэрлэл, худалдааны үр ашгийг нэмэгдүүлэн улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлье.

Итгэмжлэлийн болон тохирлын үнэлгээний салбарын ажилтнууд болон хэрэглэгчид Та бүхэнд Дэлхийн итгэмжлэлийн өдрийн мэндийг дэвшүүлж, Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ШАДАР САЙД САЙНБУЯНГИЙН АМАРСАЙХАН

Categories
мэдээ улс-төр

СЕХ: Улсын хэмжээнд 25690 хүн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлт гаргасан

СЕХ-ноос Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийг гадаадын 11 хэвлэл мэдээллийн байгууллага хянана.

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран “Энэ удаагийн сонгуулийн онцлог нь 100 хувь гар тооллого хийнэ. Мөн сонгууль өгсний бэхэн тэмдэглэгээ хийнэ. Түүнчлэн цар тахал дотоодод тархсан энэ үед бид сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үндсэн хуулиар заагдсан сонгох, сонгогдох эрхийг цар тахлын үед хангах талаар онцгой анхаарал хандуулж ажиллав. Өнөөдрийн байдлаар зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах ажиллагаа явагдаж байна. Улсын хэмжээнд 25690 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр хүсэлт гаргасан. Эдгээрээс эрүүл мэндийн шалтгааны улмаас саналаа зөөврийн хайрцгаар өгөхөөр 18 мянган хүн бүртгүүлсэн. Харин үлдсэн 7050 хүн нь улаан бүсэд байгаа эсвэл тусгаарлалтад байгаа хүмүүс юм. Түүнчлэн улаан бүсэд ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагч нар багтаж буй юм.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 457 хэсгийн хороо ажиллаж байна. Үүнд 1600 орчим тээврийн хэрэгсэл болон 3000 гаруй хэсгийн хорооны ажилтан ажиллаж байна. Засгийн газрын 152 дугаар тогтоолын дагуу хэсгийн хороодод ажиллах цагдаа эмнэлгийн ажилтнуудыг УОК-оос томилсон.

Өнгөрөгч тавдугаар сарын сүүлээр гадаадад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулсан. Нийтдээ 8000 гаруй хүн бүртгүүлснээс 5800 орчим хүн саналаа өгсөн. Цар тахлын энэ хүнд нөхцөлд иргэд сонгуульд харьцангүй идэвхтэй оролцсон гэж бодож байна. Цаашид гадаадад байгаа иргэд, уул уурхайн ажилчид, оюутнууд зэрэг хүмүүст цахимаар санал өгөх боломжийг нь олгох ёстой юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Маргааш улс орон даяар сонгуулийн санал хураалтыг явуулахад бэлэн боллоо. Сонгуулийн санал тоолох төхөөрөмжийн ил тод байдлыг хангаж ажилласан. Дүн өгөгдөл дамжуулах туршилтыг амжилттай хийсэн. Хэсгийн хороо болгонд дүн дамжуулах өгөгдлийг хүргүүлсэн” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1267 хүнээс халдвар илэрч, таван хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 9631 хүнд шинжилгээ хийхэд 1267 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 962 нь Улаанбаатар хотод, орон нутагт 305 тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 67710 боллоо.

ОРОН НУТАГТ: Орхон 55, Булган 30, Увс 9, Хөвсгөл 9, Баян-Өлгий 4, Ховд 5, Говь-Алтай 16, Өвөрхангай 7, Архангай 19, Төв 22, Сүхбаатар 30, Дорнод 1, Баянхонгор 35 тохиолдол бүртгэгдлээ. Мөн таван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 318 болж байна.

  • 57 настай эрэгтэй
  • 73 настай эрэгтэй
  • 65 настай эрэгтэй
  • 61 настай эрэгтэй
  • 65 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 632 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 54713 болов.

Одоогоор 6423 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

  • Хөнгөн-3892
  • Хүндэвтэр- 1892
  • Хүнд- 506
  • Маш хүнд – 133 хүн байгаа юм.
Categories
мэдээ үндэсний-бөx

МҮОХ: Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлнэ

Монголын Үндэсний Олимпын Хорооноос Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудыг үргэлжлүүлэн өрнүүлнэ гэж мэдэгдлээ.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргээс түдгэлзүүлсэн Н.Түвшинбаяр зургадугаар сарын 05-ны өдөр МҮОХ-ны тамгыг МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарт албан ёсоор хүлээлгэн өгчээ.

Тамга хүлээлгэн өгөх үеэр “МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын санаачилгаар хэрэгжүүлж буй олимп, тивийн наадмуудад Монголын баг тамирчдаа амжилттай оролцуулах бэлтгэл ажлыг хангах, спорт холбоод, аймаг дүүргийн олимпын зөвлөлийн үйл ажиллагааг түлхүү дэмжих, МҮОХ-ны төв байранд иж бүрэн засвар хийх, олимпын музей, номын санг шинэчлэн байгуулах болон спорт-олимпизмийг түгээн дэлгэрүүлэх “Олимпизмын шинэ эрин” төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг үргэлжлүүлэн өрнүүлэхээр санал солилцов” гэж МҮОХ-ноос мэдээллээ.

“Токио-2020” олимпын наадамд Монголын баг тамирчдаа зохион байгуулж оролцуулах, олимпизмын үзэл санааг сурталчлан таниулах, байгууллагын сайн засаглалыг хэрэгжүүлэх зэрэг МҮОХ-ны өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна гэж Монголын Үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.