Categories
мэдээ улс-төр цаг-үе

СОНГУУЛЬ 2021: Та хаана санал өгөхөө ЭНДЭЭС хараарай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт улс орон даяар эхэлнэ.

Та харьяа хэсгийн хорооны санал өгөх байрыг харахыг хүсвэл ЭНД дарж нэвтрээд, регистерийн дугаараа кирилл үсгээр оруулан харна уу.

Мөн уг жагсаалтаас таны овог нэр, нас хүйс, оршин суугаа хаяг болон хэсгийн дугаарыг харах боломжтой ба та өөрийн хувийн мэдээллийг нягталж шалгаарай.

Түүнчлэн “Байнга оршин суугаа газрын хаягт бүртгэгдсэн сонгогчийн мэдээлэл” хэсгээс хамт амьдардаг сонгуулийн насны иргэдийн мэдээллийг харах боломжтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гацууртын босс төмсөө тарьж хөдөлмөрлөсөөр, бид телевизийнх нь шоуг жарган үзэж алхайж хэвтсээр…

Монголын ард түмэн өдөр бүр зурагтаар шоу үзэн жаргаж байна. “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг”… өөр юу юу ч билээ үндэстнээрээ, хөдөө хотгүй цэнгэн үзсээр удлаа. Манай “Гачуурт” компанийн “Монгол HD” телевиз нь монголчууд жарган үзсэн бүжгийн шоугаа сая дуусгах жишээтэй. Хөл хорионы үе ч юм, энтертаймент энэ олон нэвтрүүлгийг харахаар монголчууд үнэхээр жаргалтай ард түмэн юм байна. Нийгмээр нь аз жаргалд умбуулсан, хөгжөөн баясгасан, хөнжилдөө хэвтсэн энэ үед нэмээд иргэн бүртээ мөнгө өглөө. 300 мянга, 50 мянга, 100 мянга… шууд л хувийн данс руу. Мөнгө тараах дэд бүтэц ямар их сайжирсан юм бэ. Сангийн сайд гарч ирээд “300 мянгыг иргэн бүртээ өгнө” гэж мэдээлээд буцаад орлоо, зэрэгцээд “Ура, 300 мянга орсон шүү” гэсэн пост нийгмийн сүлжээнд тарав.

Одоо бид дараагийн шоугаа тэсэн ядан хүлээж байна. Шинэ шинэ шоу контентууд гарахын хэрээр шинэ шинэ одууд төрж байна. Уйдаахгүй, нийгмийг тэр чигээр нь цэнгүүлж буй эдгээр дэлхийн хэмжээний контентуудыг “Гачуурт” компанийн телевиз оруулж ирж байна.

Хамгийн сонирхолтой нь бид телевизийг нь өдөр бүхэн үзэж, бүр дотор нь орчихсон явахад “Гачуурт” компанийн захирал Л.Чинбат маань Сэлэнгийн бүсэд өнөөдөр зовж явна. Өдөр шөнөгүй тоосонд булуулсан амьтан төмс ногоогоо тарьж явна. Гачууртын босс “Монголчууд минь өлсчихнө” гэж энэ их тариа ногооны ажлыг хийгээгүй нь лав. Зүгээр л миний шоунуудыг өдөр шөнөгүй үзэн алхайж ялхайж хэвтээ монголчууд ажил хийхгүй нь тодорхой, тэгэхээр намар надаас төмс ногоо худалдаж авч таарна хэмээн тооцож, тооцсоноор нь болдог учраас төмс ногоо тарьж байгаа юм.

Хүний нийгэмд, ялангуяа 100, 100 саяар тоологдох хүн амтай улс оронд нийгмээ хоёр хуваасан байдгийг бүгд мэднэ. Үүнийг нийгмийн давхарга гэж ярих нь бий. Ер нь бол судлаачид нийгмийн инженерчлэл гэж хэлж бичдэг. Одоо монголчууд нийтээрээ үзэж баясаад, сэтгэл санаагаа зөвхөн шоунд төвлөрүүлдэг давхаргатай болчихлоо. Энэ бол үнэндээ нийгмийн доод давхарга, ажил хийдэггүй, идэвхгүй, хоолны мөнгөнийхөө төлөө жаахан цаг гаргадаг, бусад үед нь шоу нэвтрүүлэг үзээд цаг нөгцөөж суудаг аймаар том масс. Монголын нийгмийн 50 хувь ийм болчихсон гэвэл та үнэмших үү, үнэмшихээс өөр аргагүй судалгаа гараад байна.

Энэ үйл явц хар аяндаа бий болдог зүй тогтол биш юм. Аль ч улс оронд бодлогоор хийгддэг, дэлхийд бий болсон практик. Сийрэг, хэрсүү, ухаалаг үндэстэн, улс орнууд бол ийм зүйлээс өөрсдийгөө аваад гарчихдаг. Израиль, Дани, Швед, Швейцарь… гээд нэрлэвэл цөөнгүй дээ. Эдгээр улс орнууд хүн амынхаа их бага тооноос хамааралгүйгээр үүнд маш цензуртай ханддаг. Ард түмнээ аль болох хувь хүнийг хөгжихөд, хөдөлмөрлөх зүгт чиглүүлэн авч явахыг хичээдэг. Шоунаас өөр хийх зүйлгүй давхаргаа зах зээл болгоод ашиглачихдаг, муу үгээр бол мөлжиж суудаг хөгжсөн нийгэмүүд ч бий. Америкийн Холливуд, Энэтхэгийн кино ертөнцөөс эхлээд алдартай шоу нэвтрүүлгүүд санаачилж, алдартай хөтлөгчид, одууд хүчээр бий болгож нийгмийн тодорхой хэсгээ зугаацуулан мөнгө олж байдаг. Хамгийн аюултай нь энэ давхаргынхан улс төр, эдийн засгийн ямар ч идэвхгүй хэсгийнхэн болж хувирдагт аюул нь бий. Эдгээр хэдэн зуун сая идэвхгүй тэжээлгэгчдэд зориулж нөгөө хямдхан үнэтэй, алдартай хоолны сүлжээнүүд чинь, хувцасны дэлгүүрүүд чинь бий болсон юм шүү дээ. Монголд орлого муу хэрнээ “Ододтой бүжиглэе” шоуг үзээд орон дотроо кола ууж, бургер идэж, дуулж уйлаад хэвтэж буй хэдэн мянган иргэн бий. Арван төгрөгийн цалингүй хэрнээ “Авьяаслаг монголчууд”-ыг үзээд атар талх, Гачууртын төмстэй шарж идээд орилоод, чарлаад сууж байгаа халамжийнхан мянга мянгаараа бий. Орой тэдэн цагаас тэр шоу гарна, тэр тэгж бүжиглэнэ, ингэж дуулна, энэ шүүгч ингэж хэлнэ, энэ нь хасагдана, хасагдахгүй… гээд аль хэдийнэ цагийн хуваарийг нь цээжилчихсэн завгүй хүмүүс. Тэгсэн хэрнээ хүүхдүүдийнхээ онлайн хичээлийн цагийн хуваарийг мартчихсан. Монголын нийгмийн аймаар том хэсэг ийм болчихлоо. Ард нь цөөн хэдхэн хүн хөдөлмөрлөж байна. Тэд шоунд донтсон том масст зориулсан бизнесээ хөдөлгөж, хөдөлмөрлөж байна. Улстөрчид “За мангарууд шоундаа манарч сууцгаана уу, шоу дундуур нь миний ийм рекламыг хийчих” гэж доёолсон шиг.

Монголчууд бид ийм байж болохгүй. Гуравхан сая үндэстэн ийм байх нь мөхөл юм. Цөөхөн тусмаа хэрсүү, далдгануур биш, үйлдэл бүрээ цэнэж, дотроо бодолтой, дороо суурьтай байх ёстой. Залуу үе чинь, үр хүүхдүүд чинь шинжлэх ухааныг бус, нэгэн бүжигчин залууг шүтэн өсч болохгүй. Хөдөлмөрлөж байж өндөрт гардгийг ойлгохгүй, хөнгөн шингэн амьдралаар од болох хүсэлд автаж, хар тамхины зүгт явцгаах нь байна шүү дээ. Ирээдүйн эхнэр, нөхөр болох хүнээ иймэрхүү бүжигчин, жүжигчнээр төсөөлсөөр өсөцгөөх нь. Амьдрал тийм биш. Монголын амьдрал бүр ч тийм биш. Хатуу ширүүн уур амьсгалтай Монголд эрдэм мэдлэгтэй, эр зоригтой, эр нь эр шиг, эм нь эм шиг байж чадсанууд нь хүн шиг амьдарна гэдгийг үр хүүхдүүддээ та минь эрт ойлгуулж, ухааруул. Үр хүүхдүүдтэйгээ зэрэгцэж суучихаад шоу дотор орилж суудгаа больцгоо. Амьдрал шоу биш. Цаана чинь хүн ам нь тэр чигээрээ эрүүл саруул, эрдэм боловсролтой, хүн сайхан амьдрах бүх нөхцөлийг бүрдүүлсэн улс орнууд хүүхдүүдээ багаас нь хэд хэдэн их сургуульд сургаж, хоёр гурван гадаад хэлтэй, санхүүгийн өргөн мэдлэгтэй, биржээс мөнгө босгосон, айл өрх бүр хувь хувьдаа жижиг аж ахуй байгуулчихсан, урт насалж, удаан амьдарч, 100 жилийн дараах дэлхийн ертөнц ямар байх тухай уншаад, бичээд, яриад, дэлхийгээр аялаад явж байна.

Бидний амьдарч буй дэлхий ийм байхад, бидэнтэй зэрэгцэн оршиж буй улс үндэстнүүд ийм байхад монголчууд шоу нэвтрүүлгээр өдрийг өнгөрөөсөн ард түмэн байгааг “Өдрийн сонин” олон удаа бичдэг, энтертаймент нэвтрүүлгүүдэд хэмжээ хязгаартай ханд гэж шүүмжилдэг. Сонины зүгээс судалгаа харж байж бодлогын ийм нийтлэлүүдээ бичдэг. Сүүлийн судалгаагаар Монголын нийт хүн амын 2/3 нь шоу нэвтрүүлгүүдэд хамааралтай болсон гэсэн албан ёсны судалгаа гарсан байна. “Монгол HD”-ээс ч манай нэвтрүүлгүүдийг Монголын хүн амын тэдэн хувь нь үзжээ гээд мэдээлдэг. Шоу цэнгээнд хамаг цагаа барж буй хоёр сая монголчууд байна гэсэн судалгаа бодитой байх.

“Адуу шиг унтаж, шувуу шиг сэрж” амьдарсан тийм ард түмэн бол монголчууд. Гачуурт компанид атаархсандаа ийм юм бичиж байгаа юм биш. Хөрөнгөтэй мөнгөтэй баян хүн хувийн телевизээрээ сайн контентууд худалдаж аваад үйлчлүүлэгчдийнхээ, хэрэглэгчдийнхээ тоог нэмэх нь буруу юм биш. Гэхдээ ийм идэвхгүй болгодог ажлыг энэ компани бас шунан дурлан хийж болохгүй. Ард түмэн анзаарахгүй юм аа гэхэд анзаарч сэрэмжлүүлэх үүрэгтэй хэвлэл мэдээллийн редакциуд бий. Гачууртын эзэн Л.Чинбатад хэлье, Та бол санаснаараа сайхан амьдарч байна. Сайхан шоунууд чинь дээшээ явсаар охиноо Соёлын сайд болгох хэмжээнд аваачлаа. Улам л шоуч ард түмэн болох зам засагдаж, одоо бүр төрийн бодлогын хэмжээнд залхуу, хөнгөн хөөр амьдралд дасгах нь. Диван дээрээ тэрийж хэвтээд зурагттай цуг амьдарч буй иргэдийн ард Гачууртын босс тэргүүтэй хэдэн хүн яаж хөдөлмөрлөж, мөнгө олж байна. Хүмүүсийн атаархал төрүүлж байдаг MCS-ийн Оджаргал, Таван богдын Баатарсайхан, АПУ-гийн Батсайхан, Гачууртын Чинбат… нарын компанийн захирлууд сошиалд байхыг нь харсан уу, шоу нэвтрүүлэг үзэж байна гэж сонссон уу, тэдэнд тийм зав байна уу. Тэд хөдөлмөрлөж мөнгө олж байна, харин ард түмэн нь алхайж хэвтэн шоугаар цаг нөхцөөж байна. Ийм л давхарга Монголын нийгэмд бий боллоо. Энэ хоёр давхаргын дунд агуу их улстөрчид маань тоглолт хийн тохуурхсаар…

Эцсийн бүлэгтээ энэ бүхэнд эдгээр хөрөнгөтнүүд, тухайлбал Гачуурт групп буруугүй. Харин ард түмэн бид тэдний шоу “тоглолтод” автахгүй байя. Түүний оронд өөрсдийгөө хөгжүүлье, ядаж сонин хэвлэл уншиж, энэ улс оронд чухам юу болоод байгаа талаар тулхтай мэдээлэлтэй болцгооё, бас хөдөлмөрлөе, сурч боловсоръё, жижиг ч болтугай аж ахуйнуудтай болцгоохын төлөө завгүй хөдөлмөрлөцгөөе.

Аль юм болгон Чингис ярьж, уйгаржин бичиг ярьж, угаагдсан уушги шиг ард түмэн байх юм бэ. Энэ бүгд бидний хариуцлагагүйгээс улбаатай. Монголчуудын модоо барьсан үе гэж энэ цаг үеийг бид түүхэнд үлдэх ёсгүй. Гэхдээ модоо барихад бол ойрхон боллоо, зорилтот шоунд нь зориулж утаснаасаа тэрийг энийг дэмжлээ гэсэн мессэж арван удаа явуулахад л 5000 төгрөг хэн нэгний халаасанд орж буй системчлэгдсэн, инженерчлэгдсэн нийгэмд өөрсдөө мэдэхгүй амьдарч байна шүү дээ. Монголчууд минь хэрсүү, хэрсүү, бас дахин хэрсүү байя. Гарцаагүй ганц үнэн бол “Гачуурт”-ын Л.Чинбат төмс ногоогоо тарьж, уул уурхайгаа эрхлэн хөдөлмөрлөсөөр, бид түүний телевизийн шоуг жарган үзэж, алхайж хэвтсээр, цаг хугацааг урсгаж байна даа…

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт явуулах өдөр бүх нийтийн амралтын өдөр байна гэж хуульд заасан байдаг.
Бүх нийтийн амралтын өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байх зохицуулалттай. Энэ дагуу өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
НИТХ-аас анх 2012 онд Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийсэн билээ.

Харин маргааш буюу пүрэв гаригт хэвийн горимд шилжиж, 4, 9-өөр төгссөн дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцохгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: Гадаадын хөрөнгө оруулалт татарсан хамгийн том шалтгаан бол Г.Занданшатарын хууль

-ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛИЙГ ҮНДСЭН ХУУЛЬ ШИГ ХАТУУ ХАМГААЛАЛТТАЙ БОЛГОЖ БАЙЖ ЭДИЙН ЗАСАГ ТЭЛНЭ-


Эдийн засагч, АНын дэд дарга Ч.Отгочулуутай ярилцлаа.


Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээсэн анхны хууль гэвэл г.Занданшатар нарын санаачилж батлуулсан стратегийн ач холбогдолтой салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль байсан. энэ хуулийн талаар сэтгэгдлээ хуваалцаач?

-Таны асууж байгаа хуулиар Монголд, гадаадын хөрөнгө оруулагчдад ашигтай бүх салбарт 100 саяас доош хөрөнгө оруулалтыг нь засгийн газраар хэлэлцүүлнэ, дээш бол УИХ-аар хэлэлцүүлнэ гэсэн утгатай заалт туссан санагдаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын урам зоригийг мохоосон, тэр байтугай Монголд хөрөнгөө оруулсан хэнийг ч гаргахаар маш сөрөг хууль болсон л доо.Тэр хуулийн гайгаар долларын ханш өсч төгрөг сулрах, эдийн засагт шаардлагатай хөрөнгө оруулалт хомсдох, эдийн засаг агших сөрөг талууд их тод ажиглагдаж эхэлсэн.Айхавтар популист хууль болсон.зүй ёсоороо хэрэгжиж байсан нүүрсний төслийг гацаах зорилгоор батлагдсан хууль шүү дээ.2012 оны сонгуулийн өмнө популизм хийгээд батлуулсан хууль.Тэгсний уршгаар өнөө нүүрсний уурхай нь ч үнэд хүрч чадаагүй.Уг нь их хэмжээний үнэ хүрэхээр уурхай байсан юм.

Г.Занданшатарын гэсэн тодотголтой тэр хуулийн дараа гадаадын хөрөнгө оруулалт үргэж, эдийн засаг агшсан шүү…?

-Эдийн засагт маш том сөрөг нөлөө үзүүлсэн. Ядаж байхад яг тэр үед дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүхий эдийн үнэ унаж таарсан.

Дараа ньУучлаарай бид буруу хууль гаргажээгээд өөрчилсөн…?

-Тэгсэн. Миний санаж байгаагаар 2013 онд өнөө популист хуулиа хүчингүй болгосон. Оронд нь арай илүү чөлөөтэй хууль батлуулах гэж оролдсон байдаг юм. Хэрвээ хөрөнгө оруулагч хүсвэл татварын орчноо тогтворжуулж болно гэсэн утгатай хууль баталсан л даа.Гэхдээ шинэ хуулиа сурталчлах ажлаа их муу хийсэн. 2017 онд санагдаж байна, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалдаг орчныг хялбарчилчихсан.Гадаадын хөрөнгө оруулалтыг татдаг гол салбар бол уул уурхай. Уул уурхайн салбар руу гадны хөрөнгө оруулагчид мөнгөө хийж байсан хоёр үндсэн шалтгаан бий. Нэг нь гол хэрэглэгч Хятадтай ойрхон байрлал маань. Нөгөө нь ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хэн дуртай нь цуцлаад байдаггүй хууль эрх зүйн орчин. Заавал шүүхээр ордог хамгаалалттай байлаа л даа. “А” лицензийг эзэмшиж байгаа компани дампуурлаа гэхэд “А” лиценз буюу ашигт малтмалыг ашиглах тусгай зөвшөөрөл нь хүчинтэй хэвээр үлддэг байсан юм. Тийм учраас өөр хөрөнгө оруулагч нэр дээрээ шилжүүлээд авч болдог байлаа. Энэ нь хөрөнгө оруулагчийг татах маш чухал эрх зүйн хамгаалалт болж байсан л даа. Гэтэл үүнийг бас өөрчилчихсөн. Өөрөөр хэлбэл, байхгүй болгосон.Орон нутаг, Байгаль орчны яам хоёр хүсвэл “А” лицензийг цуцалж болдог орчин бүрдчихсэн. “А” лицензтэй хүмүүсийг айлгаж, сүрдүүлж, шантаажилж, сонгуулийн гэх мэт янз бүрийн мөнгө төгрөг босгох боломжтой болгосон нь уул уурхай дахь хөрөнгө оруулалтыг зогсоосон.

Гадаадын хөрөнгө оруулагчид өөр салбарууд руу хөрөнгө оруулах сонирхолгүй байдаг нь хууль эрх зүйн орчинтой холбоотой юу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Бусад салбарт үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг тухайн компанийн гэрчилгээний ар талд нь хэвлээд өгчихдөг. Тэгээд сайдын үзэмжээс шалтгаалаад 1-3 жилээр олгодог.Ийм нөхцөлд бусад салбарт хөрөнгө оруулалт орж ирэх боломж их бага.Ингээд харахаар гадаадын хөрөнгө оруулалт бол хууль эрх зүйн орчноос маш их хамаардаг эд л дээ.Манайх шиг популист Засгийн газартай, тэрийгээ дагаад бодлого нь тогтворгүй, хууль эрх зүйн орчин нь хувьсамтгай, гадаад дотоодоос элдэв санхүүжилттэй, хийрхэл нь хэтэрсэн ТББ олонтой улсад гадаадын хөрөнгө оруулалт хөгжих боломж маш бага шүү дээ.Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчин муудсан хамгийн том шалтгаан гэвэл ярилцлагын эхэнд дурдагдсан Г.Занданшатарын хууль.Өөр нэг хууль бий.2017 онд Ашигт малтмалын хуульд оруулсан өөрчлөлт гадаадын хөрөнгө оруулалт гацахад маш том үүрэг гүйцэтгэсэн.Шуудхан хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг үндсэндээ байхгүй болгосон.

Гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд ажилладаг агентлаг газрууд ер нь хэр идэвхтэй ажиллаж ирсэн гэж та хардаг вэ?

-Маш муу ажилласан. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилготой агентлаг 1996 онд байгуулагдсан. Тэр агентлагийн түүхийг харахаар 20 жилийн хугацаанд 20 удаа өөрчилсөн байдаг юм. Нэг бол нэрийг нь өөрчилж, эсвэл харьяа яамыг нь сольдог байсан. Гэхдээ энэ хугацаанд дэлхийн банкнаас их олон сая долларын тусламж авсан байдаг юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах зорилготой агентлагийг сайжруулна гэж ийм их мөнгө авсан хэрнээ 2016 онд энэ агентлагаа татан буулгасан.Түүнээс хойш нэг том асуудал үүссэн. Гадаадын хөрөнгө оруулалтаа бүртгэж чадахаа больсон. Монголбанк нэг өөрөөр, Сангийн яам нэг өөрөөр бүртгэдэг, бүртгэлийн газар нь бүр өөрөөр бүртгэдэг болсон.

Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэмжиж чадахаа больсон гэж хэлэх гээд байна уу?

-Бодит үнэн нь тэр шүү дээ. Гадаадын байгууллагын статистик манай дотоодын албан ёсны статистиктай зөрдөг. Удирдлагын шинжлэх ухаанд нэг алтан дүрэм бий.Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй, удирдаж чадахгүй бол сайжруулж чадахгүй гэсэн дүрэм. Товчхондоо бид гадаадын хөрөнгө оруулалтаа хэмжиж чадахаа ч больсон, энэ талаар ажиллахаа ч байсан.

Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлд жишиг болохуйц түүх бүтээсэн ямар улсууд байна, жишээ дурдаач?

-Наад захын жишээ гэвэл Хонконг байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр агентлаг нь яамны хэмжээнд тасралтгүй, уйгагүй ажилладаг. Асар том агентлагийг 25 жилийн турш тасралтгүй ажиллуулчихсан. Үр дүнд нь хөрөнгө оруулалтын орчноороо дэлхийд нэгд бичигдэж байна. Хамгийн сүүлийн жишээ гэвэл Турк.Туркийн ерөнхийлөгч Эрдагон өөрийнхөө дэргэд, тодруулж хэлбэл Ерөнхийлөгчийн дэргэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөл гэж байгуулсан. Тэр зөвлөл нь ямар ч яам, агентлагаас илүү хүч, нөлөөтэй. Зөвлөлийн гол ажил нь Европ, Америкийн хамгийн сүүлийн үеийн технологийг оруулж ирэхэд дэмжлэг үзүүлэх, Туркийг хөрөнгө оруулалтын гол бүс болгох. Ийм том амбицтай ажилладаг зөвлөл. За тэгээд Хятад, Япон, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг хөгжилтэй улсууд бултаараа гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэж босч ирсэн. Гэтэл манайд эсрэгээрээ, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг гацаадаг, хөөж гаргадаг тогтворгүй бодлоготой явж ирсэн учраас гадаад өр зээлдээ баригдчихаад байна л даа. Ер нь гадаадын хөрөнгө оруулалт сайтай орнуудад гаднаас өр зээл авах шаардлага бараг гардаггүй. Ер нь аливаа улсад зохистой харьцаа гэж бий.Гадаадын шууд хөрөнгө оруулалт их, гадаадаас авч буй зээл нь бага байх ёстой байдаг юм. Хятад, Өмнөд Солонгос зэрэг улсын тухайд яг энэ арга замыг барьж хөгжсөн.

Гэтэл манайх гадаадын хөрөнгө оруулалтыг зогсоогоод гадаадын зээл тусламжаар амь зогоож яваа. Манайх шиг ийм замаар яваа улс гэвэл та аль орнуудыг онцлох вэ?

-Венесуэл, Аргентин л байна даа. Манай улсын гадаадын зээл тусламжийн хэмжээ асар өссөнийг та сайн мэдэж байгаа.Бид уг нь ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо Оюу толгой, Таван толгой шиг төслүүдтэй болно, хөрөнгө оруулалтыг татна гэсэн том амлалт өгсөн.Харамсалтай нь амласан хэлсэндээ хүрсэнгүй л дээ. Эдийн засгийнхаа бараг 80 хувьтай тэнцэх Засгийн газрын гадаад өртэй сууж байна.

Энэ замаас гарах ямар арга байна?

-Казахстан, Чилийн жишээ байна шүү дээ. Өөрсдөө эрсдлээ даая гээд хүрээд ирж байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалтын эдийн засагт нь эзлэх хувь хэмжээ энэ улсуудад их өндөр байдаг.Энэ бол эдийн засгийн тогтвортой хөгжлийн хамгийн чухал зарчим.Харамсалтай нь энэ алтан зарчим манайд алдагдаад их удаж байна.

Гадаадын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн өнөөгийн орчин яг ямархуу байна, хөрөнгө оруулалтыг дэмжсэн эрх зүйн орчинтой улс болохын тулд ямар өөрчлөлт шийдлүүд хэрэгтэй байна вэ?

-Өнөөдрийн тухайд гээд харвал хөрөнгө оруулалтын тухай хууль шаардлага хангахгүй байгаа. Хөрөнгө оруулалтыг урих, татах, хамгаалах ажлыг хэн хийх нь ойлгомжгүй байна. Хөрөнгө оруулалтыг хамгаалах зөвлөл гэж байгуулсан ч Г.Занданшатарын үед алдаг оног ажиллачихаад эргээд ажиллахаа байсан.Гадаадын байтугай дотоодын хөрөнгө оруулагчдад маш ойлгомжгүй байдал үүсчихсэн байгаа. Маш олон тусгай зөвшөөрөл шаардлагатай, тэр зөвшөөрлүүдийнх нь хугацаа хурдан дуусдаг, жил бүр сунгуулдаг, тэгж сунгуулахад агентлаг, яамд өөр өөр байр суурь илэрхийлдэг. Ялангуяа боловсруулах үйлдвэрүүдэд маш хүнд нөхцөл үүсчихсэн.Тодруулж хэлбэл, нэг яам нь НӨАТ төлөх ёстой гэдэг, нөгөөх нь НӨАТ төлөх ёсгүй гэдэг. Нэг яам нь мэргэжлийн хяналтынхнаар гарын үсэг зуруул гэж шаарддаг, нөгөө яам нь зуруулах шаардлагагүй гэж үздэг. Мэргэжлийн хяналт нь яамнаас дутахгүй эрх мэдэлтэй болчихсон.Өөрөөр хэлбэл, хянадаг, шалгадаг, зөвшөөрөл өгдөг байгууллагууд нь хэт олон, төрийн байгууллагууд нь бие биенээ үгүйсгэдэг байдал хавтгайрчихсан.Ийм ойлгомжгүй орчин үүсчихсэн байгаа. Гэтэл богино хугацаанд хурдтай хөгжсөн орнууд гадаадын хөрөнгө оруулагчидтай нэг л цонхоор харилцдаг.

Уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр маш сайн түүхтэй, үлгэр загвар авмаар орнууд гэвэл ямар улс байна?

-Би хувьдаа Канадыг онцолно. Уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалтыг татах маш сайн цогц бодлоготой. Ерөнхий сайдынхаа дэргэд тусгай бүтэцтэй. Тэрэнд нь байгаль орчин, татвар, онцгой байдал, мэргэжлийн хяналт гээд бүх байгууллагынх нь төлөөлөл багтдаг. Гадаадын хөрөнгө оруулагч нэг л хүнтэй харилцдаг.Зөвшөөрлөө өгсөн л бол эргэж буцсан бодлого, шийдвэр гэсэн ойлголт байхгүй. Австрали байна. Австралийн гадаадын хөрөнгө оруулалтын агентлагтай нь яриад зөвшөөрлөө авчихсан хөрөнгө оруулагчтай хэн ч олон юм ярихгүй. Гэтэл манайд эсрэгээрээ. Наад захын жишээ гэхэд л Оюу толгой байна.Татварыг нь тогтворжуулаад өгчихсөн хэрнээ 2011 онд хуулиа өөрчлөнгүүтээ шинээр татвар авна гэчихсэн.Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ олон улсын гэрээ мөн биш эсэх дээр гурван яам нь гурван өөр юм яриад сууж байх жишээний. Жишээ нь, Сангийн яам биш гэж үздэг. Тэр утгаараа татварын хууль давж үйлчилнэ гэсэн байр суурь барьдаг. Гадаад харилцааны яам нь мөн гэдэг. Хууль зүйн яам бөөрөнхийлдөг. Олон улсын эрх зүйн чанартай баримт бичиг мөн гэсэн хариу өгдөг. Манай дарга нар зурагтаар ярихаараа “Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол олон улсын гэрээ биш. Тийм учраас бид алаад өгнө” гэсэн утгатай мэдэгдэл хийдэг. Тэгсэн хэрнээ Засгийн газар нь олон улсын арбитрт хандчихсан яваа. Ингээд харахаар олон улсын гэрээ гэдгийг нь үйлдлээрээ хүлээн зөвшөөрчихөөд байгаа юм. Үнэхээр олон улсын гэрээ биш гэж үзэж байгаа юм бол яахаараа ч олон улсын арбитрт ханддаг юм. УИХ-ын гишүүд нь хүртэл олон улсын арбитрт хандаач гэж шахаж шаарддаг, зарим нь бүр өлсгөлөн зарлаж байгаад шахдаг. Тэгэхээр ийм ойлгомжгүй хууль эрх зүйн орчинд гадаадын хөрөнгө оруулалтыг татах хэцүү.

Засгийн газрын өгсөн тусгай зөвшөөрлийг шүүх нь хэн нэг иргэний гомдлын дагуу хэлэлцээд цуцалчихдаг орчинд хөрөнгө оруулалт татахад хэцүү л дээ. Ураны лицензүүдийг лав эхнээсээ цуцлаад эхэлчихсэн байх жишээний…?

-Санал нэг байна. Уг нь ирэх жилүүдэд ханш нь тогтвортой өсөх, ирээдүйтэй бүтээгдэхүүн бол уран, газрын ховор элемент. Одоо супер цикл эхэллээ гэж ярьж байна.Өнгөрсөн зуунд дөрвөн том супер цикл тохиосон юм. Эхний супер циклийн үед монголчууд “Монголор” гээд алтны уурхай ажиллуулаад овоо ахиу мөнгөтэй болсон.Оросуудын сонирхлыг татсан.Богд хаан Өвөр Монголыг чөлөөлөх дайн хүртэл хийж байсан түүхтэй. Хоёр дахь супер циклийн үед төмөр замтай болоод авсан. Зөвхөн ах, дүүгийн найрамдал гэсэн шалтгаанаар төмөр замтай болоогүй л дээ. Оросууд, ер нь хэн ч байсан ашиггүй бол ямар нэгэн улсад том бүтээн байгуулалт өрнүүлэхгүй.Оросууд тухайн үед өөрсдөө маш ядуу байсан. Төмөр зам тавих нь ашигтай байсан учраас л тэр том бүтээн байгуулалтыг өрнүүлэхэд дэм үзүүлсэн. Гурав дахь супер циклийн үеэр монголчууд Эрдэнэт үйлдвэрээ босгоод авсан. Дөрөв дэх супер циклийн үед Таван толгой, Оюу толгойгоо өндийлгөсөн.Одоо тав дахь супер цикл эхэлчихлээ. Харамсалтай нь бид энэ супер циклийг ашиглаж чадахгүй байдалд орчихлоо. Гол шалтгаан нь хэрээс хэтэрсэн улс төрийн популизм.

Тав дахь супер циклийг ашиглахын тулд яах ёстой юм бол?

-Хууль эрх зүйн орчноо тодорхой, ойлгомжтой болгоод Монголын төр бүх түвшиндээ яг тэр хуулийнхаа талд зогсох хэрэгтэй. Өнөөдрийн хувьд байдал маш хэцүү байгаа.Орон нутаг гэхэд л тусдаа Засгийн газар шиг болчихсон.Хөрөнгө оруулагчдыг очихоор элдэв юм нэхэж, шантаажлаад хөөгөөд явуулчихдаг.Засгийн газраас зөвшөөрөл авчихаад байхад л орон нутаг нь Засгийн газраасаа том нөлөөтэй ажилладаг. Засгийн газар нь гаргасан шийдвэрээ хамгаалж чаддаггүй. Орон нутаг нь зөвшөөрөл өгөхгүй болохоор салбарын сайд нь хөрөнгө оруулагчдаа хамгаалж чаддаггүй маш тодорхойгүй, үлбэгэр ийм орчинд хөрөнгө оруулалт орж ирэхгүй л дээ. Тэгэхээр Хөрөнгө оруулалтын хуулийг Үндсэн хуулиас дутахгүй хатуу хамгаалалттай болгож, тэр хуулиа бүх түвшинд ижил өнгөөр харж, ягштал мөрддөг болох хэрэгтэй. Тэгэхгүй бол эдийн засаг агшсан, бодит орлого буурсан, залуус гадагш зугтсан хэвээр байна.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол цаг-үе

Замын-Үүд-Эрээний ачаа тээврийн эргэлтийг хэвийн болгох ажлын хэсэг байгуулав

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар боомтын үйл ажиллагааг хэвийн горимд оруулах хүртэл байнгын ажиллагаатай Ажлын хэсгийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулан байгуулжээ.

Ажлын хэсгийг энэ долоо хоногоос эхлэн боомтод бүтэн цагаар ажиллаж, үүсээд буй нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх үүргийг Ерөнхий сайд өгсөн байна.

БНХАУ-ын тал цар тахлын халдвар хамгааллын дэглэм мөрдөж байгаатай холбоотойгоор Замын-Үүд-Эрээн чиглэлийн орох, гарах авто тээврийн хөдөлгөөнд саатал үүсээд байгаа юм.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар хулгана өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 9, Буд гариг. Билгийн тооллын 29, Чөлөөт эх одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:49 цагт жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 20-22 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Увс нуур болон Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 25-30 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 17-19 градус дулаан байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ

Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00 цагт эхэллээ.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Энэ удаагийн сонгуулиар манай улсын зургаа дахь Ерөнхийлөгч тодрох бөгөөд өмнөх сонгуулиудаас онцлогтой.

Тодруулбал, Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар хуульчилсан.

Өмнөх таван Ерөнхийлөгчөөс П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус тус хоёр удаа сонгогдож байсан бол цаашид дээр дурдсанчлан зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульд тусгаад буй.

Ерөнхийлөгч нарын бүрэн эрхийн хугацаа:

  1. П.Очирбат 1993-1997,
  2. Н.Багабанди 1997-2005,
  3. Н.Энхбаяр 2005-2009,
  4. Ц.Элбэгдорж 2009-2017,
  5. Х.Баттулга 2017 онд тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.

УБЕГ-аас мэдээлснээр энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 2,040,556 сонгогч саналаа өгнө. Нийт 2,087 хэсгийн хороо байгуулагдсан бөгөөд уг хэсгийн хороодод 18,146 төрийн албан хаагчид ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд нийт 2,641 даамал сонгуулийн дүн дамжуулах ажлыг хариуцаж ажиллах юм. Түүнчлэн сонгуулийн саналын хуудас хүргүүлэх, санал авах байрны хамгаалалтад 9,535 цагдаагийн албан хаагчид сонгогдон, үүрэг гүйцэтгэж байна.

Өөрийн санал өгөх байрын мэдээллийг election.burtgel.gov.mn холбоосоор регистрийн дугаараа оруулан мэдэж авах боломжтой.

СЕХ-ноос санал хураалтын ирцийн мэдээллийг өнөөдөр 12:00, 16:00, 22:00 цагт олон нийтэд мэдээлнэ.

Categories
мэдээ нийгэм

​Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэлх дугуйн 7.2 км замыг ирэх сард ашиглалтад орно

Маршалын гүүрнээс Улиастайн гүүр хүртэл дугуйн 7.2 км урт замыг долдугаар сард ашиглалтад оруулна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд дугуйн замын хучилтыг хуулж байгаа мэдээлэл цахим орчинд гарсантай холбогдуулан тус замын ажлыг гүйцэтгэгч “Алтай Рөүд” ХХК-ийн захирал Д.Ганзориг тайлбар өгснийг НЗДТГ-ын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Тэрбээр “Туул гол дагуух үерийн усны даланг ашиглан, дугуйн зам тавьж байгаа. Тавин метр орчим газарт шороо сольж, хөрс нягтаршуулж байна. Хүлээлгэж өгсөн ажлыг эвдэж, дахин хөрөнгө гаргаагүй.

Одоогоор хоёрдугаар ээлжийн ажил буюу амралтын цэг, нийтийн бие засах газар, камер, замын гэрэлтүүлэг хийж, гэрээт хугацаанд буюу долдугаар сарын 5-нд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Хуулж байгаа хэсэгт бага зэргийн суулт өгсөн нь цаашдаа эвдрэх магадлалтай тул гүйцэтгэх компани шийдвэр гаргаж, засаж байна” гэжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

“Булган ундрага”, “Мерекс”-ийн ханш хамгийн их өсөв

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 32 ХК-ийн 666,451,691.98 төгрөгийн үнийн дүнтэй 8.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 19 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Энэ өдөр “Булган ундрага” (BUN+14.93%) болон “Мерекс” ХК (MRX+7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ариг гал” (EER-15.00%) болон “Сонсголон бармат” ХК (SSG-14.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 58,269 нэгж эрхийг нийт 14.7 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 1 үнэт цаасыг 102,000 төгрөгөөр арилжсан байна. ТOП-20 индекс 1.02 хувиар буурч, 33720.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,666,921,529,836.73 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.