Categories
мэдээ спорт

Өнөөдөр Ц.Энхчимэг, Г.Алтанбагана нар зодоглоно

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгар улсын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна.

Тэмцээний тав дахь өдөр эмэгтэйчүүдийн -70 кг жинд ОУХМ Ц.Энхчимэг, эрэгтэйчүүдийн -90 кг жинд ОУХМ Г.Алтанбагана нар зодоглоно

ОУХМ Г.Алтанбагана эхний барилдаанаа Сербийн Боско Бореновичтой хийх ба давбал Чех, Словакийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Харин ОУХМ Ц.Энхчимэг эхний шатандаа хийлж, хоёрдугаар шатанд БНСУ-ын Ким Сон Ёнтой хийнэ.

Тэмцээний эхний дөрвөн өдрийн байдлаар манай 7 бөх дөрвөн жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ё.Басхүү)

Харин ОУХМ Л.Өнөболд -60 кг жннд, ОУХМ, Л.Сосорбарам -52 кг жинд, дэлхийн аварга Саид Моллаи -81 кг жинд нар долоодугаар байр эзлээд байна.

Тэмцээнийг 16:00 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.

Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн шинэ дарга ирэх сард тодорно

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг ирэх сарын 18-нд болох Ерөнхий Ассамблейн хурлаар тодруулах юм. Үүнтэй холбогдуулан Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн мягмар гаригт болсон хаалттай хуралдаанаараа НҮБ-ын одоогийн тэргүүн А.Гүттэришийг нэр дэвшүүлэхээр санал нэгтэй дэмжжээ. Хэрэв тэрээр сонгогдвол дараагийн таван жил улиран ажиллах юм байна. Түүний бүрэн эрхийн хугацаа энэ оны сүүлчээр дуусгавар болох аж. А.Гүттэриш “Аюулгүйн зөвлөлийн шийдвэр нь намайг хүндэлсэн хэрэг юм” гэжээ. Португалийн ерөнхий сайд асан, НҮБ-ын тэргүүний дүрвэгсдийн асуудлыг эрхэлж байсан түүний хувьд 2016 онд байгууллагынхаа тэргүүнээр сонгогдож, 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс үүрэгт ажилдаа оржээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
амьдралын-өнгө мэдээ

Салбар дундын ес дэх удаагийн эрсдэлийн үнэлгээ хийлээ

Өмнөговь аймгийн хэмжээнд коронавируст халдвар тархах эрсдэлийн салбар дундын ес дэх удаагийн үнэлгээг хийлээ.

Шадар сайдын 2017 оны наймдугаар тушаалын дагуу эрсдэлийн үнэлгээг 8 байгууллагын 9 эмч мэргэжилтэн, албан хаагч хамтран зохион байгуулахад маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байна.

Эрсдэлийн үнэлгээний дагуу мэргэжлийн байгууллагууд зөвлөмж гарган Аймгийн шуурхай штабд хүргүүлэн, Онцгой Комиссын хуралд танилцууллаа гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнгөрсөн долоо хоногт ашиг сонирхлын зөрчилтэй 11 гомдол мэдээллийг хянан шийдвэрлэжээ

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2021 оны тавдугаар сарын 31- нээс зургадугаар сарын 4-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 179 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч, 115 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 64 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 25 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгаж, 7 албан тушаалтны мэдүүлгийг хянан шийдвэрлээд байна.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Өмнөд Солонгост барилга нурсны улмаас 9 хүн амиа алджээ

Өмнөд Солонгосын Кванжү хотод буулгахаар бэлдэж байсан таван давхар барилга автобус дээр нурсны улмаас есөн хүн амиа алдаж, найман хүн гэмтэж бэртжээ. Үндэсний гал хамгаалах албаны мэдээлснээр 17 хүн тээвэрлэж явсан уг автобус барилгын дэргэд түр зогсож байх мөчид байшин нуржээ.

Аврагчид нуранги дороос амьд үлдсэн хүн байж магадгүй хэмээн эрэн хайх ажиллагаа явуулж байна. Одоогоор байшин нурсан шалтгаан тодорхойгүй байгаа аж.

Өмнөд Солонгост барилга нурсны улмаас автобус дарагдаж, 9 хүн амиа алджээ

Тус барилгыг байсан бүх ажилчдыг байшин нурахаас өмнө нүүлгэн шилжүүлсэн байжээ. Байшин автобус дээр нуран унаж буй бичлэгийг нийгмийн сүлжээнд тавьсан байна.

Нурсан барилгын эсрэг талын дэлгүүрийн эзэн яг л газар хөдөлж байгаа мэт санагдсан гэжээ. “Би замаа ч харж чадахгүй байсан. Бүхэлдээ манан буусан мэт болчихсон байлаа. Дараа нь би гудамжны камерын бичлэг хараад автобус дээр байшин нуран унасныг мэдсэн” гэжээ.

1995 онд Өмнөд Солонгосын Сөүл хотноо “Сампун” хэмээх таван давхар худалдааны төв нурсны улмаас 500 гаруй хүн амиа алдсан байна.

Categories
гадаад мэдээ

Хятадын бодлого Шинжаан дахь уйгар үндэстний төрөлтийг хэдэн саяар бууруулах зорилготой

Германы судлаач Адриан Зенцийн “Ройтерс” агентлагт өгсөн мэдээллээр, Хятадын төрөлтийг хянах бодлого тус улсын өмнөд Шинжаан дахь уйгар болон бусад цөөнх үндэстний төрөлтийг ойрын 20 жилд 2.6-4.5 саяар бууруулж болох ажээ.

Бээжингийн явуулж буй Шинжаан дахь төрөлтийг хянах бодлогын үрээр 2017-2019 онуудад уйгар үндэстний төрөлтийн хэмжээ хэдийнэ 48.7 хувиар буурчээ. Хүний эрхийг хамгаалах байгууллагууд, судлаачдын үзэж буйгаар тэрхүү бодлого нь саяхнаас хэрэгжүүлж эхэлсэн Шинжааны уйгар зэрэг ихэвчлэн лалын шашинтай цөөнх үндэстнүүдийн төрөлтийг хязгаарлах шийдвэр, цөөнх үндэстэн ажилчдыг бусад муж руу олноор татан ажиллуулах, нэг сая орчим уйгар болон бусад цөөнх үндэстнийг мэргэжил олгох нэртэй хорих лагерьт байрлуулах зэргээс бүрддэг байна. Энэ нь өмнөд Шинжааны нийт хүн амд эзлэх хятад иргэдийн хувийг одоогийн 8.4-өөс 25 хувьд хүргэх зорилго агуулсан тухай Адриан Зенц мэдэгдэж, Шинжаан дахь Хятадын явуулж буй бодлогыг геноцид гэж үзэхийг уриалж буй өрнөдийн орнуудын сонорт хүргэхийг эрмэлзсэнээ тэмдэглэжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 10, суурин 40 цэгт 98 багийн 524 эмч, ажилтан ажиллаж, 8978 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

бичвэр гэх мэтийн зураг байж болно

бичвэр гэх мэтийн зураг байж болно




Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэн Д.Мөнхбатын өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Иргэд үг хэлэх эрх чөлөөтэй боловч, хэлснийхээ төлөө эрх чөлөөгүй байж болохгүй гэдгийг баталгаажуулах түүхэн жишээ боллоо

Энхсарансувиллын асуудлыг нийтэд мэдээлсэн иргэн Д.Мөнхбатад оногдуулсан торгуулийг хүчингүй болгожээ. Түүнийг Зөрчлийн тухай хуулийн 5.13.1 дэх заалтаар буруутгаж, олон нийтэд худал мэдээлэл түгээсэн хэмээн үзсэн байдаг. Тэрбээр шийтгэлийн хуудасны дагуу ХанУул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хэлэлцсэн байна. Үүнтэй холбоотойгоор иргэн Д.Мөнхбатын өмгөөлөгч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


Олон нийтэд худал мэдээлэл түгээсэн үндэслэлээр иргэн Д.Мөнхбатыг буруутгаж байсан. Тэгвэл энэ сарын 4-нд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу түүнд хамаарах Зөрчлийн хэрэг хаагдсан гэсэн үг үү?

-Иргэн Д.Мөнхбат нь “Энхсаран сувиллаас ковидын халдвар дамжин тархах эрсдэл байна” гэсэн асуудлыг өөрийн цахим хуудаст нийтэлсэн байдаг. Тодруулбал, бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр Засгийн газрын 178 дугаар тогтоолоор батлахаас нэг хоногийн өмнө буюу арваннэгдүгээр сарын 10-нд нийтэд мэдээлсэн байгаа юм. Ингэж хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлж үг хэлснийх нь төлөө ямар ч үндэслэлгүйгээр торгуулийн шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн хуулийн дагуу “Цар тахлын үед олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, мэдээлэл тараасан” хэмээх үндэслэлээр нэгдүгээр сарын 18-нд Д.Мөнхбатыг 500 мянган төгрөгөөр торгохоор болсон. Тодруулбал, ЦЕГ-ын нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны нэр бүхий мөрдөгч түүний эсрэг гомдол гаргасан байдаг. Тиймээс зөвхөн шийтгэх талыг барьж, гэм буруутай л гэж үзэхийн тулд хэргийн материалыг цуглуулсан байгаа юм. Ерөөс олон нийтийг төөрөгдүүлэх мэдээлэл гэж юу болох талаарх үндсэн тодорхойлолт хуульд байхгүй. Үүнд, эрх бүхий албан тушаалтан буюу түүнийг шалгаж буй мөрдөгч нь өөрөө тодорхойлолт, тайлбар өгч асуудалд субьектив байдлаар хандах нь буруу хэмээн бидний зүгээс үзсэн. Улмаар нэгдүгээр сарын 21-ний өдөр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд бид гомдлоо гаргасан. Үүнээс хойш таван сарын дараа шүүх дахин хуралдаж, шийдвэрээ танилцууллаа. Буруутай үйл ажиллагааг нь тухайн үедээ мэдээлж гаргасан нь зөвтгөгдөх үндэслэлтэй. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуульд олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хамгаалагдах ёстой шүү дээ.

Үг хэлснийхээ төлөө шүүгддэг, цагдаа шүүхийн хаалга татдаг ийм жишээ нийгэмд цөөнгүй байна. Энэ нь эргээд иргэдийн дунд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэхээс айх айдсыг бий болгох эрсдэлтэй болов уу?

-Үг хэлснийхээ төлөө эрх чөлөөгүй байж болохгүй гэдгийг шүүх хурал тод харууллаа. Зөрчлийн хэргийн шүүх хурал 16:00-17:00 цагийн хооронд үргэлжилсэн. Ерөөс манай улсын иргэд үг хэлэх эрх чөлөөтэй боловч, үг хэлснийхээ төлөө эрх чөлөөгүй байж болохгүй гэдгийг баталгаажуулах кейс, түүхэн шийдвэр хэмээн харж байгаа. Олон нийтийн мэдэх эрхэд чиглэж, шударга шүүмжлэлийг өрнүүлж, үнэн бодит мэдээллийг мэдээлсэн байтал эргээд буруутан болж хувирсан жишээ цөөнгүй бий. Асуудлыг олж харсан иргэнийг торгохын араас хөөцөлдөх бус, түүний мэдээлсэн агуулгын дагуу хяналт шалгалтаа эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах нь ардчилсан нийгмийн үнэт зүйл юм. Гэтэл эсрэгээрээ цар тахлын нөхцөл байдалд бодит хяналт тавих ёстой эрх бүхий субьектүүд хариуцлагагүй ажилласан алдаагаа өөрсдөөсөө биш, иргэдээс хайж байгаа ийм үйл явдал болсон. Өмнө нь анхааруулаад байхад ач холбогдол өгөөгүй. Нэг ёсондоо иргэн Д.Мөнхбат хохирогч болсон. Өөрийн эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодиор хохирч үлдсэн гэсэн үг. Миний үйлчлүүлэгч үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн болохоос биш олон нийтийг төөрөгдүүлж, худал мэдээлэл тараагаагүй.

Өмнө нь түүнд хамаарах зөрчлийн хэргийн шүүх хурлыг зарласан ч хойшлогдож байсан гэх мэдээлэл бий. Ингэж хойшилсон шалтгааныг тодруулбал?

-Тийм ээ. Шүүх хурлыг зохион байгуулахдаа урьдчилж хэргийн материалаа татаж аваагүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн зохион байгуулалтын буруутай үйл ажиллагаанаас болж хойшилж байсан. Ингээд өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт зөрчлийн хэргийн шүүх хурал дахин товлоод амжилттай дууслаа. Одоогийн байдлаар Д.Мөнхбатад хамаарах Эрүүгийн хуулийн шүүх хурлын тов гараагүй байгаа. Сүүлийн хугацаа нь 30 хоног байдаг. Тэгэхээр наадмаас өмнө зарлагдаж магадгүй хэмээн харж байна. Гэхдээ хэргийн ээдрээт төвөгтэй байдлыг харгалзан үзвэл дахиад 30 хоногоор сунгаж болно. Тэгэхээр наадмаас хойш зохион байгуулж болох юм.

Манай улсад шүгэл үлээгчийг хамгаалах эрх зүйн орчин сул байгаа гэдгийг Д.Мөнхбат иргэний жишээнээс харж болохуйц байна л даа. Тиймээс асуудлыг анзаарах хэрэгтэй болов уу?

-Нийгэмд шүгэл үлээсэн иргэдийг хамгаалах эрх зүйн орчин Монголд байхгүй. Гамшгийн гоц халдварт өвчний үеэр торгуулсан Д.Мөнхбат шиг олон иргэн бий. Тэгэхээр нэн яаралтай шүгэлдэгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлж, хуулиар батлах шаардлагатай байна. Энэхүү хуулийн төслийг 2019 онд УИХ-д өргөн барьсан. Миний бие тус хуулийн төслийн ажлын хэсэгт гишүүнээр орж ажиллаж байсан. Тиймээс яаралтай шүгэлдэгчийн эрхийг хамгаалах механизм буюу хууль зүйн төсөл батлах хэрэгтэй боллоо. Нөгөө талаас Хүний эрхийг хамгаалагчийн хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Үүнд тодорхой хэмжээний дэвшил гарах болов уу хэмээн найдаж байна.

Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх хэсэгт заасан, халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээх үндэслэлээр Д.Мөнхбатад хэрэг үүсгэсэн байна. Энэ хэргийн процессыг ярих боломжтой юу?

-Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөх боломжгүй. Гэхдээ ерөнхийд нь хэлэхэд, Д.Мөнхбат эх орондоо ирэхийн тулд асар хүнд замыг туулсан. Улмаар Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдал, ардчиллын үнэлэмж, хууль сахиулах байгууллагын нөлөөг өөрийн биеэр харуулж байгаа амьд хэмжүүр болоод байна л даа. Түүнийг Эрүүгийн хуулийн 15.6.1 дэх заалтаар бусдад гоц халдварт өвчин тараасан хэмээн прокуророос яллаж, хэргийг шүүх рүү шилжүүлсэн. Үнэндээ үйлчлүүлэгч маань гоц халдварт өвчнийг “Энхсаран” сувиллын буруутай үйл ажиллагааны улмаас авч, өөрөө хохирогч болсон. Өөрөөр хэлбэл, бусдад халдвар түгээсэн субьект биш гэсэн үг. Гурван удаагийн давтан шинжилгээгээр ковидын хариу нь сөрөг гарч, дөрөв дэх шинжилгээ нь батлагдсан. Гэтэл гоц халдварт өвчин тараасан гэдэг үндэслэлээр яллаж байгаа нь алдаа мадгийг уялдаа холбоогүй шийдвэрээсээ олж харахгүйгээр иргэнд тохох гэж байгаа арга ядсан хэлбэр юм. Өмнө нь манай улсад Эрүүгийн хуулийн 15.6.1 хэмээх зүйл заалтаар нэг ч иргэн гэм буруутай гэж шүүхээс ял шийтгэл эдлээгүй. Эрүүгийн хуульд ХДХВ тараах зүйл анги байсан, улмаар өнгөрсөн жил гоц халдварт өвчин тараасан, халдаасан гэх заалт нэмэгдсэн байгаа. Энэ хэргийг тавдугаар сарын 30-ны өдөр шүүхэд яллах дүгнэлт үйлдээд шилжүүлсэн.

Халдварт өвчин бусдад халдаах, эсхүл тархах нөхцөл бүрдүүлсэн хэмээх үндэслэлээр есөн хүнийг яллагдагчаар татсан гэсэн үү?

-Иргэн Д.Мөнхбаттай адил шалтгаанаар есөн иргэнд хэрэг нээж, яллах дүгнэлт үйлдээд шүүх рүү шилжүүлсэн байна лээ. Эдгээр иргэний дөрөв нь “Энхсаран” сувилалд хэвтэн эмчлүүлж байсан. Харин дөрөв нь тухайн үед албан тушаал хашиж байсан, хяналт тавих эрх бүхий хүмүүс байгаа юм. Түүнчлэн “Энхсаран” сувиллын захирал гэж залуу бий. Эдгээр есөн иргэнд хэрэг нээж, 15.6.1-ээр яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлээд байна. Үүнд шүүх шударга хандаж, бодит нөхцөл байдлыг үнэлэх байх. Үнэхээр тараасан, түгээсэн, гэм буруугийн асуудлыг ярилцсаны үндсэнд шийдвэр гаргах болов уу.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Эрдэнэбаяр: Эдийн засгийн хөдөлгөгч хүч болсон геологи, уул уурхайн салбараа дэмжих ёстой

-БҮГД ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД БИДНИЙ АЖЛЫГ ХИЙЛГЭДЭГГҮЙ. ОРОН НУТГИЙНХАН Ч ХИЙЛГЭДЭГГҮЙ ТЭГСЭН МӨРТЛӨӨ БҮГД УУЛ УУРХАЙН БАЯЛГААС АШИГ ХҮРТЭНЭ ГЭЖ ЯРЬДАГ-


Геологи, уул уурхайн салбарын өнөөгийн төлөв байдлын талаар геологич Г.Эрдэнэбаяртай ярилцлаа.


-Цар тахлын улмаас хүндхэн байдалд ороогүй салбар ховор байна. Улсын эдийн засгийг нуруундаа үүрч яваа геологи, уул уурхайнхны хувьд ч байдал сайнгүй байгаа. Геологи, уул уурхайн салбарт эрх зүйн ямар орчин үгүйлэгдэж байна вэ гэдэг асуултаас ярилцлагаа эхлэх нь зөв болов уу?

-Ашигт малтмалын тухай хуулийг шинэчилж геологи, уул уурхайн салбарыг цэгцэлмээр байна. Ашигт малтмалын тухай хуулиас гадна Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 оны 1 дүгээр сард батлагдсан.Энэ хуулийг анх яах гэж гаргасан бэ гэхээр 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг найман жил хориглосноос геологи, уул уурхай, салбар уналтад орж, энэ салбарт ажиллаж байсан ихэнх гадны хөрөнгө оруулагчид Монголоос гарсан. Улмаар барилгын салбар түүхий эдгүй болж,бетон зуурмагийн үйлдвэрүүд элс хайрга дайрганы хомсдолд орж, тоосгоны үйлдвэрүүд шаврын нөөцгүй болж эхэлсэн. Иймээс тухайн үед салбарын сайд Д.Ганхуягийн санаачилгаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль батлагдсан. Гэтэл нийслэл, аймаг болгон Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд олгож, хайгуул, ашиглалтын тайлан төлөвлөгөөг баталж, аймаг болгон уул уурхайн яамтай болсон. Тэнд нь геологи, уул уурхайн мэргэжлийн боловсон хүчин байхгүй. Зөвхөн авлигаар ажил явагдаж байна. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хуулиар зөвхөн элс, хайрга, дайрга, тоосгоны шавар, шохойн чулуу, боржин чулууг хайж олборлох ёстой боловч орон нутагт хэн танилтай нь авлига өгч элс хайрга хайх нэрийдлээр өөр ашигт малтмал тухайлбал жонш,алт, гянтболд олборлож байна.Тийм учраас Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг Ашигт малтмалын тухай хуультай нэгтгэх хэрэгтэй, өөр салбарласан ашигт малтмалтай холбоотой бүх хуулиудыг нэгтгэж төрөөс геологи уул уурхайн салбарт нэгдсэн нэг хуультай, нэг бодлоготой болмоор байна.

-Элс, хайрга олборлоно гэж зөвшөөрөл авчихаад тухайн талбай дээрээ алт, жонш ухаад байгаад хариуцлага тооцох, зохицуулах хууль одоогоор байхгүй юу?

-Орон нутагт хяналт алга. Хайрга олборлоно гэж зөвшөөрөл авангуутаа алт, жонш олборлоод байдаг. Үүнийг зохицуулах хууль байхгүй. Зүй нь хайрга олборлох үед алт, жонш илэрвэл үйл ажиллагаагаа зогсоож Ашигт малтмалын газарт мэдэгдээд жоншоор нь ч юм уу, алтаар нь юм уу тендерт оролцоод албан ёсны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл авах ёстой.Өөрөөр хэлбэл, тухайн ашигт малтмал дээрээ хайгуул хийн нөөцөө тогтоон,Техник, эдийн засгийн үндэслэлээ Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулж, Байгаль орчны ерөнхий, нарийвчилсан үнэлгээгээ яамаар батлуулаад орон нутаг, АМГТГ-аас ашиглалтын тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулах ёстой. Орон нутгаас маш олон зөвшөөрөл авна, жил болгон уулын ажлын төлөвлөгөө, тайлангаа өгнө. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө гаргаж, мөнгөө байршуулна, маш олон шат дамжлага, зөвшөөрөлүүд авч үйл ажиллагаагаа эхэлдэг учиртай. Зарим нөхдийн ойлгоод байдаг шиг шууд очоод л газар ухаад унадаг хүмүүс бид биш. Бүх зүйл хууль журмын дагуу явагддаг. Нэг л буруу юм хийвэл тусгай зөвшөөрөл цуцлах 20 гаруй үндэслэл бий. Тийм л эрсдэлтэй нөхцөлд дэнжигнэж ажилладаг юм. Хэдэн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулаад маргааш нь тусгай зөвшөөрөл нь цуцлагдлаа гэхэд тухайн аж ахуйн нэгжээс өөр харамсах хүн байхгүй. 10 хайгуулын тусгай зөвшөөрөлтэй компани байлаа гэхэд бүгдээрээ орд болохгүй. Арвуулаа эрсдэл болоод хэдэн сая ам.доллараар хохироход тэр компанийн л эрсдэл болохоос биш тэр нэг улстөрч, малчин тоохгүй. Тэгэхлээр экспортын 80 хувийг, улсын төсвийн ихэнхийг бүрдүүлж байгаа уул уурхайн аж ахуйн нэгжүүдээ бодох ёстой, дэмжих ёстой. Улсын эдийн засгийг уул уурхайн салбар л чирж явж байна шүү дээ. Стратегийн том ордууд байхгүй байсан бол яах юм. Муу хэлээд байгаа “Оюу толгой”, “Таван толгой” байхгүй байсан бол яах байсан юм. Саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр маань байхгүй байсан бол ямар хэцүү байх байсан бол гэж хүн бүр эргэцүүлж бодох ёстой.

-Та бол геологич хүн. Үндэсний геологийн алба байгуулагдсанаар танай салбарын аж ахуйн нэгжүүдэд ямар өөрчлөлт гарч байна вэ?

-Үндэсний геологийн алба (ҮГА) байгуулагдсан нь сайн хэрэг.Гэхдээ Д.Сумъяабазарыг салбарын сайд байх үед анх 68 хүний орон тоотой баталсан гэдэг. Харин засаг солигдонгуут өөрчлөгдөж, одоо 35 хүн ажиллаж байгаа юм билээ. Үндэсний геологийн алба гэж байгаа хэр нь АМГТГ-т бас Геологийн алба бий. Өөрөөр хэлбэл, хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын асуудлыг хариуцдаг. Монголын үндэсний геологийн асуудал л юм бол хувь, хувьсгал гэж ялгах хэрэггүй. Тийм учраас Үндэсний геологийн албатай нэгтгэх ёстой юм. ҮГА-ны 35 хүн дотор геологич мэргэжилтэй цөөхөн хүн бий. Тэр хүмүүс яаж үндэсний геологийн бодлогыг хэрэгжүүлэх вэ. Дээр нь орон тоо цөөхөн, төсөв мөнгө нь хангалтгүй. Дахин хэлэхэд, миний бодлоор АМГТГ-ын Геологийн албыг Үндэсний геологийн албатай нэгтгээд геологийн мэргэжлийн боловсон хүчнүүдийг нэмэгдүүлээд, геологийн холбоодыг хажуудаа аваад үндэсний хэмжээний бодлого боловсруулаад явбал зүгээр байгаа юм. Тэгж байж Үндэсний геологийн алба жинхэнэ утгаараа ажиллана.

-Үндэсний геологийн алба гээд нэрнээс нь үзвэл их л том агентлаг шиг. Гэтэл хүний нөөц, төсөв хөрөнгө нь хангалтгүй болохоор зорилго, агуулгадаа нийцсэн бодлого хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн үг үү?

-Төсөв багатай ийм байгууллага яаж цаашаа явах юм. Жилийн төсөв нь тэрбум хүрэхгүй. Нэг хувийн геологийн компанийн л төсөв. Ашигт малтмал, газрын тосны газарт ч гэсэн геологич мэргэжилтэй нь 20 хувь хүрэхгүй. Дандаа Төрийн ордноос шахсан хүмүүс ажилд орсон. Нөгөөдүүлийг нь дарга нь халж чаддаггүй. Геологи, уул уурхайтай асуудлыг нь шийддэг энэ агентлагийн ажилтнуудын дийлэнх нь мэргэжлийн боловсон хүчин байх ёстой гэж боддог. Одоо бол ихэнх нь Төрийн захиргааны өөр мэргэжлийн хүмүүс байгаа.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог байсныг болиулаад тендер шалгаруулах замаар олгодог болсон. Энэ нь хэр оновчтой вэ?

-Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд болонгуутаа нэг өөрчлөлт хийсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг тэр чигт нь хассан явдал юм. Улсаас тендерийн талбайнуудыг зарлаж босго үнэ тавин аж ахуйн нэгжүүд босго үнээ төлөөд, худалдаж авах үнийн саналаа зарлан төслөө танилцуулж, хамгийн их үнэ санал болгосон компани хайгуулын тусгай зөвшөөрөл авч байна. Энэ нь нэг талдаа зөв. Цаашаа яаж үргэлжлэхийг цаг хугацаа харуулах биз. Дүгнэхэд одоохондоо эрт байна. Одоогоор цөөхөн тусгай зөвшөөрөл олгогдоод байна.

-Геологи, уул уурхайн салбарт ямар эрх зүйн орчин үгүйлэгдэж байгаа талаар таны байр суурийг сонслоо. Ер нь өнөөгийн байдал ямар түвшинд байна вэ?

-Уул уурхай уруудаад л явж байна. Манай улстөрчид бүгдээрээ эх орончид болсон. Дээр нь иргэний хөдөлгөөнүүд бидний ажлыг хийлгэдэггүй. Орон нутгийнхан ч хийлгэдэггүй. Тэгсэн мөртөө бүгд уул уурхайн баялгаас ашиг хүртэнэ гэж ярьдаг. Хэзээ хайгуул хийгээд, хэзээ нөөцийг нь тогтоогоод, хэзээ үр ашгийг нь хүртэхийг хэлж мэдэхгүй. Уг нь бидний эдэлж хэрэглэж байгаа бүхэн геологи, уул уурхайгаас хамаарч байгаа. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байж эдийн засаг хөгжинө. Манай салбарыг муухай харагдуулж байгаа нь техниктэй нинжа нар. Тэд дуртай газраа ухаж байна, уул усыг сүйтгэж байна. Шалгалт яваад очихоор зугтаагаад алга болчихдог.Харин хариуцах эзэнтэй аж ахуйн нэгжүүдийн шүүсийг хамаг байдгаар нь шахдаг,татварын дарамтаас эхлээд, хууль ёсны үйл ажиллагаатай компаниудад зориулж зөндөө хууль гаргасан. Тухайлбал, урт нэртэй хууль гээд байна. Ингээд яриад байвал зовлон маш их байна.

-Эдийн засгийн гол түүчээ болсон геологи, уул уурхайн салбарын үйл ажиллагаа уруудаад байхаар улс орон урагшаа явахгүй нь ойлгомжтой асуудал. Хүндрэлээс гарах ямар гарц байна вэ?

-Салбарын бүх хуулиудыг нэгтгэх, тоглоомын дүрмүүдийг тодорхой болгох хэрэгтэй. Цөмийн энергийн хууль, Газрын тосны тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль гээд бүх хуулиудыг базаад нэгдмэл цогц хууль гаргах нь зөв гарц. Хамгийн гол нь хууль эрх зүйн тогтвортой байдал, гадны хөрөнгө оруулагчдыг татан оруулж ирэхэд чиглэх ёстой юм. Өнөөдөр монголчууд бидэнд дэлхийн хэмжээний том ордуудаа ашиглах туршлага байхгүй. Одооноос л суралцаж байна. “Оюу толгойн” гэрээ л гэнэ. Алдсан ч зүйл бий, оносон ч зүйл бий. Геологи, уул уурхайн салбараа өөд татахын тулд нэгдүгээрт, хууль эрх зүйн орчноо тогтвортой болгох хэрэгтэй. Өнөөдөр нэг хууль гаргаад маргааш нь өөрчлөөд байвал асуудал урагшаа явахгүй. Орон нутаг болгон дээр очоод “Бид газар шорооны эзэн, бүх уул уурхай, хайгуулыг зогсооно” гээд байвал уул уурхай хөгжихгүй. Геологи хайгуулын ажлыг зогсоох шаардлага байхгүй, элдэв тендер шаардлагагүй, илүү нээлттэй болгох хэрэгтэй байна. Хайгуулаа хийн ордоо нээсний дараа ашиглах асуудлын хувьд гэвэл тухайн орд техник, эдийн засгийн ямар үр өгөөжтэй вэ, улсын төсөвт хэчнээн мөнгө оруулах вэ, хэчнээн ажлын байр бий болох вэ гэх мэт олон талаас нь харж ашиглах хэсгээ шийдэж болно. Тэгээд ажлыг нь хийлгэ л дээ. Хүмүүс ажилтай болог л дээ. Заавал Засгийн газраас 300.000, эсвэл 50 мянган төгрөг авах шаардлагагүй.

-Засгийн газрын геологи, уул уурхайн салбарт баримталж буй бодлогын талаар та юу хэлэх вэ?

-Засгийн газрын Салхитын мөнгөний ордыг мэдэлдээ авч ахмадуудын тэтгэврийг тэглэснийг нь зөв гэж боддог. “Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг” гэдэг үүднээс зарим нэг компаниудад сургамж болсон байх. Тухайн ордыг төрд эргүүлж авах үндэслэл хууль эрх зүйн талаасаа байсан. Харин гадны хөрөнгө оруулалттай компани болгон дээр давхиж очоод төрд аваад байх нь мэдээж буруу. Олон улсын болоод Монголын бусад хуулийг зөрчинө. Үүнийг ялгаж салгаж ойлгох ёстой. Зарим хүмүүс нутагт нь ажиллаж байгаа уурхайг УИХ-ын гишүүнээр дамжуулаад цэрэг цагдаа хөдөлгөж байгаад төрийн мэдэлд авах юм ярьдаг. Энэ бол маш буруу ойлголт. Хоердугаарт, Эрдэнэтийн ашигаас айл өрх, албан байгууллагын цахилгаан, дулааны төлбөрийг төлөх шийдвэр гаргасныг цар тахлын үед авсан маш зөв арга хэмжээ гэж бодож байна. Харин “Оюу толгойн” татварын орлогоос иргэн бүрт 300,000 төгрөг бэлнээр тараасан нь маш буруу. Дээрх мөнгөөр томоохон үйлдвэрүүд барьж, ажлын байр нэмэгдүүлэх нь зөв байсан.

Г.БАТЗОРИГ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шарагчин үхэр өдөр

Аргын тооллын зургадугаар сарын 10, Бархасвадь гариг. Билгийн тооллын 30, Гөрөөсөн толгой одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран 4:53 цагт мандан, 20:50 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Нар хиртэнэ, 19:20 цагаас 20:50 цагийн хооронд 1 цаг 30 минут үргэлжлэх ба оргил үе нь 20:14 цагт харагдана

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.