Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хүүхдийн төрөлхийн гажиг засах мэс заслын зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцна

Хүүхдийн төрөлхийн гажиг засах мэс заслын тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь бүрэн хариуцна гэж ЭМД-ын ерөнхий газраас мэдээлэв

Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны “Төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай” 03 дугаар тогтоолыг хэрэгжүүлж эхэлсэн. Тус тогтоолд тусгагдснаар хүүхдийн бүх төрлийн төрөлхийн гажиг засах мэс заслийн тусламж, үйлчилгээний зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах болжээ.

ЭМД-ын сангаас III, IV-р сард хүүхдийн 25 оношийн хамааралтай бүлгийн 214 мэс заслын тохиолдолд 917.4 сая төгрөгийн санхүүжилт олголоо. 0-18 насны хүүхдүүдэд үзүүлсэн тусламж, үйлчилгээний тохиолдлын тоогоор гэдэсний халдварт өвчин, миелом ба плазмоцитийн өмөн, зүрх, зүрх судасны төрөлхийн гажгийн тохиолдлууд зонхилж байна.

Үүнийг мэс заслын төрлөөр нь авч үзэхэд дунд чих, хөхлөг сэртэнгийн өвчин, зүрхний болон гол судасны төрөлхийн гажиг болон хүүхдийн түлэгдэлтийн онош дийлэнх хувийг эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр ажиллах PCR шинжилгээ болон дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр/2021.05.30/ Улаанбаатар хотод явуулын хоёр, суурин 56 цэгт 117 багийн 697 эмч, ажилтан ажиллаж, 8,932 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулахаар төлөвлөжээ.
Хөхүүл хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүд, байнгын асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй иргэдэд “Pfizer” вакциныг хийж эхэлж байна.
Харин PCR шинжилгээний цэгийг нэмэгдүүлж, дөрвөн цэг ажиллуулахаар болжээ.

Цагийн хуваарь:

  • Дархлаажуулалтын цэгүүд 09:00-17:00 цаг
  • Шинжилгээний цэгүүд 09:00-12:00 цаг хүртэл ажиллана.

PCR шинжилгээ болон дархлаажуулалтын цэгүүд:




Categories
их-уншсан мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Бараадууз: Мод гэдэг намайг мандуулж, шагнадаг ачтан

Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн, “Ойн хишиг” төвийн захирал, Байгаль орчны гавьяат ажилтан Дэмчигийн Бараадуузтай ярилцлаа.


-Танд баяр хүргэе. “Нүдээ олсон шагнал” гэж хүмүүс ярьж байна. Та Хөдөлмөрийн баатар болтлоо хэдэн мод тарив?

-13 аймаг, зургаан дүүргийн нутагт миний тарьц, суулгац ургаж байгаа. Нийтдээ 400 гаруй мянган мод байгаа юм. “Ногоон хэрэм” төсөлд гэхэд Өмнөговийн төвд 28 мянган мод надаас авч тарьсан юм. Миний байгаа Ханхонгор сумын нутаг Багабулаг гэдэг газар мод үржүүлгийн газар маань бий. Энд бас 20-30 мянган тарьц, суулгац лавтай бий. Эндээ 16 га газрыг л модтой болгох гээд оролдоод байгаа юм. Байгаль орчны гавьяат ажилтан гэдэг шагнал авчихаад, өртэй юм шиг санагдаад, найман га газар хашиж, мод тарьсан юм. Тэр нь жижигхэн, хөлд орж байгаа хүүхэд шиг долоо, найман мянган мод байгаа юм. Тэрнийгээ усалж тордоод явдаг. Миний цэрэг байсан найз маань надад үнэ төлбөргүйгээр худаг гаргаж тусалдаг юм. Манай мод очсон газраа сайн ургадаг бололтой. Улаанбаатараас зүүн тийш бүх аймгуудад манай мод ургаж байгаа л даа. Усалгааны өртгөөр нь хамгийн хямдаар тарьц, суулгац нийлүүлдэг.


-Говьд мод тарихаар бороо татдаг болсон гэдэг үнэн үү?

-Аймгийн төвд “Ногоон хэрэм” төсөл гэж БОЯ-наас Солонгосын хөрөнгө оруулалттай том төсөл хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд 500 га газар ойжуулсан юм. Мод тарьснаас хойш ган болоогүй. Үүл гарвал энэ дээр ирж хуримтлагдаад, бороо ороод байдаг юм л даа. Эрдэмтэд 100 га газрын ой хур тунадас татах чадвартай гэж тогтоосон байдаг.

Үнэндээ их халж байна шүү дээ. Ингэж халж байхад манай талбайд хайсан ой дотор хүйт оргиод, жин цохимоор юм шиг сэрүү татаж байдаг юм шүү дээ. Ойгоос сэрүүн агаар дээшээ цацраад, дээгүүр нь гарсан үүл тэндээ хуримтлагдаад, борооны дусал болж орж байгаа үзэгдэл гэж судлаачид тайлбарладаг юм л даа. Манай аймаг таримал ойгоороо улсад дээгүүр байрт ордог юм гэнэ. Хамгийн их цөлжиж байгаа газар Өмнөговь аймаг шүү дээ. Үе үеийн аймаг, сумдын удирдлагууд мод тарих юмсан гэж мэрийж ирсэн. Өмнөговь аймгийн ИТХ нэг сайн журам гаргасан юм. Мод тарьсан хүн бүрт мөнгө өгдөг. Эхний жилд мод тарихад мод тутам мянган төгрөг, хоёр дахь жилд нь 1500 төгрөг, гурав дахь жилдээ ургуулсан бол 2000 төгрөг гээд нэг модыг Өмнөговьд 4500 төгрөгөөр ургуулж байгаа юм. Ийм болзолтой болоод арав гаруй жил болсон. Хүмүүс хувиараа мод тариад, намар Байгаль орчны албаны мэргэжлийн улсууд явж тоолж үзээд, шагналыг нь өгдөг. Өмнөговь аймгийн Хүрмэн суманд Мүнсэл гэдэг малчин залуу нэг га газар мод тариад, ёстой гоё болгосон байна лээ. Хүрмэн Батмөнх даян хааны төрсөн нутаг л даа. Өмнөговиор явбал хаа сайгүй л улсууд мод тариад, мянга, 2000 мод тарьсан улсууд зөндөө бий. Одоо бол аав, ээжийнхээ дурсгалд мод тарья ч гэж байх шиг. Тариачид ногоочид нөмөр бодож мод их тарьж байна.

-Та ерээд оны эхээр мод тарьж эхэлсэн юм билээ. Анхны модоо ямар шалтгаанаар тарьж байсан бэ?

-Би 1992 оноос эхэлж мод тарьсан хүн. Тэгэхэд би дарга байлаа. 52 хүрчихсэн. Манай үеийнхнийг бүгдийг ажлаас нь халаад эхлэхэд би бодохгүй юу. Надаас илүү эрдэм чадалтай, сайн дарга нарыг ажлаас нь халж байгаа юм чинь хэнд ч гай болохгүй өөрөө өргөдлөө өгөөд гаръя гэж шийдсэн юм. Хагас сайн өдөр өргөдөл бичээд, нэг дэх өдөр захирамж гараад, ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Тэгээд 1992 оны хавраас эхлээд, хөдөө гарч, ногоо тарьсан юм. Ногоо тарьж эхлэхэд говийн их шуурга тавиад, талд ногоо тарих боломж муу юм билээ. Ялангуяа, байцаа, манжин их хэцүү. Навчийг нь салхи хугалж хаяад болдоггүй. Тарьсан ногоогоо нөмөрлөж, мод тарихгүй бол болохгүй юм байна гээд амьдралын шаардлагаар мод тарьсан. Хайлаасны үрээр зургаан эгнээ мод тарьсан. Дөрвөлжилж тарьсан модон дунд байцаа, манжингаа тарихаар огт салхи орж ирэхгүй болдог. Түүндээ урамшаад мод тарьж эхэлсэн. Мод тарих талаар номноос олж, уншаад, мод үржүүлгийн газар байгуулсан даа. Хайлаасны үр тарьсан. Тэгж байтал “Ногоон хэрэм” гээд сайхан төсөл яригдаад эхэлсэн. “Ногоон хэрэм” төслийн анхны модыг Ц.Элбэгдорж гуай ирж тарьсан юм шүү дээ. Ерөнхий сайд ирж мод тарихаар болсон чинь ногоон мод байдаггүй. Геоэкологийн хүрээлэнгийн захирал Ж.Цогтбаатар гэж хүн байсан юм. Ж.Цогтбаатар гуай мод тарих бэлтгэл хангуулахаар ирээд, ногоон мод хайгаад манайд ирж таарсан юм. Манай мод эрт ногоордог юм л даа. Тэгээд Ерөнхий сайдын тарих модыг манайхаас авсан юм. Намайг 50 мод аваачиж өг гэхээр нь би хүн гуйгаад, модоо аваад очихгүй юу. Ерөнхий сайд анхны нов ногоон мод тариад баяртай байсан л даа. “Мод тарих ажлаа битгий орхиорой, мод тарихад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг бодоорой” гэж надад хэлсэн юм. Төрийнхөө Ерөнхий сайдыг үүрэг өгч байхад яаж үгүй гэх вэ. Чадах чинээгээрээ нэмж тарьсаар, овоо юм болчихгүй юу.

-Тэр үед мод тарьсан газрыг иргэнд өмчлүүлнэ гэж байсан бил үү?

-ХААЯ манайд булгийн адагт малын тэжээл, төмс, хүнсний ногоо тарь гэж тохижуулж өгсөн юм. 40 хувийг нь би өөрөө гаргаж, цөөрөм байгуулсан юм. Нэлээд том цөөрөм байгуулсан л даа. Ногоо тарьж, хэдэн жилийн дараа говийн бүсийн аварга тариаланч болж байлаа. Тэр бол ногоо, малын тэжээлийн ургамлын төсөл байсан л даа. Жилдээ манайхаас арван хэдэн портер өвс, олон мянган модноос гахай гэж нэрлэдэг 30-аад хүүдий навч гардаг. Тэр навчаар хавийн улс малаа тэжээгээд, 400-гаад тонн ногоо авч зах зээлд нийлүүлсэн удаатай. Одоо 83-тай, нас өндөр болоод ирэхээр гар хөдөлмөр шаардсан их ажил амжуулахад түвэгтэй. Одоо жимс тарьдаг. Алим, үхрийн нүд, чацаргана, мойл, бөөрөлзгөнө тарьдаг. Намартаа тонн шахуу алим хураадаг юм.

-Алимаа хаана нийлүүлдэг вэ?

-Аймгийн төвд нийлүүлнэ. Миний тарьсан юм амархан алга болдог.

-Хүүхдүүд чинь таны баянбүрдэд ажилладаг уу?

-Би гурван хүүхэдтэй. Хүүхдүүд маань “Таван төгрөг илүү гарвал энэ муу хашаандаа нэмэрлэнэ” гэдэг. Бизнес хийдэг хүү маань 13 сая төгрөгөөр хашаа авч татаж өгсөн шүү дээ. Том хүү маань зун ирэхээрээ мод сөөг засч янзлаад, нэмж тариад нэг сар шахуу ажиллаж байгаад буцдаг. Нэг ач маань бүх модоо торддог. Ах дүү, садангийн улсууд ч тусалдаг. Ноднин чацарганаа хурааж авч чаддаггүй. Ханхонгорын багш нар ирж, чацаргана хурааж аваад явсан. Энэ жил тэд модыг маань арчилж тордож тусална гэж захиалга өгөөд байгаа. Хүмүүсийн тусламжаар л явдаг даа.

-Д.Бараадууз гэдэг нэр ямар учиртай билээ?

-Санскрит үг. Цагаан лянхуа гэдэг том судар байдаг. Тэр сударт Амин гавьяат Бараадууз гэдэг бурхны тухай гардаг. 23 бурхны тухай бичсэн ном л доо. Тэдний нэг нь ийм нэртэй. Яг махчилж орчуулбал “Ачаа үүрэгч” гэсэн үг. Нэг их бяртай амьтан байх юм байлгүй. “Ялгуулсан үүрэгч” гэж орчуулдаг юм билээ.

-Та амьтай болгонд туслах ганц арга нь мод тарих гэж хэлсэн байна лээ. Монголчууд мод тарьж чаддаггүй гэж ярьдаг хүмүүс ч байдаг. Та үүнд ямар хариу хэлэх вэ?

-Монгол хүн мод тарьж чадахгүй гэж дэмий юм ярьдаг нөхдийн ам руу нь алгадчихмаар байгаа юм. Мод ургадаггүй газар гэж байхгүй. Говьд мод ургаж байхад хангайн шар тос шиг сайхан хөрсөнд яахаараа ургадаггүй юм. Тийм зөрүүд мод гэж байхгүй шүү дээ. Мод бол ерөөсөө бурхан байхгүй юу. Бурхны номд эх болсон зургаан зүйл хамаг амьтан амар амгалан байх болтугай гэсэн залбирал байдаг. Эх болсон зургаан зүйлд зургууланд нь тус болж чаддаг зүйл мод байхгүй юу. Хөх тэнгэрт хүчилтөрөгч илгээнэ. Хөрст дэлхийд шим бордоо илгээнэ. Хөвөлзөн мяралзах эх далайд усан дусал нэмэрлэнэ. Бие гүйцсэн том модны ёзоорт таван тонн ус хадгалагдаж байдаг гэдэг. Амьтанд хоол, бусад ургамалдаа нөмөр, хүнд байр, түлш болж байгаа биз дээ.

-Ерээд онд хүн болгон ганзагын наймаа хийж байсан үе. Мод тарих тухай олон хүн бодоогүй байх л даа?

-Би бол наймаа хийгээд явахгүй юм байна гэдгээ сүрхий мэдсэн юм. Нэг удаа зах дээр ээжийнхээ хийж өгсөн цоо шинэ хурган дотортой, торгон дээлийг 300 төгрөгөөр өгье гэхэд бүтэн өдөр зогсоод, нэг ч хүн авъя гээгүй шүү дээ. Тийм учраас би бол наймааны одгүй хүн юм байна гэж ойлгосон. Тэгээд бурхантай адилхан мод тарья гэж шийдээд, мод тарих ажлаа хийсэн хүн. Мод тарьдаггүй байсан бол би “Өдрийн сонин”-д бичигдэх үү, мод гэдэг намайг мандуулж, шагнадаг ачтан. Үнэн хэрэгтээ Ханхонгор сумын Багабулаг гэдэг газар маань надад одон зүүгээд өгчихлөө шүү дээ. Тэндээс олон мянган мод ургаж гарсан. Би өдөр болгон рашаан ууж, хүчилтөрөгчөөр амьсгалж, марлайчихаад явж байгаа хүн. Хараал хэлээгүй гучин жил болж байгаа. Энд байхад уурлах, хараал хэлэх хэрэгцээ гарсангүй. Дандаа баяртай явдаг хүн шүү дээ. Мод сайхан ургаж байна, цэцэг жимс сайхан ургаж байна. Манай хонхорт ургасан төмс хүртэл бусдаас амттай, сонгино илүү аагтай байдаг юм. Хортон шавьж байхгүй. Өнгө өнгийн шувуу шулганаад, зарим нь миний толгой дээр ирээд суудаг юм шүү дээ. Байгаль дотроо явахад их гоё л доо.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Жо Байден, В.Путин нарын хэлэлцээнд Ойрхи Дорнодын асуудал том байр суурийг эзлэх болов уу


Гадаад бодлогын эксперт, судлаачпрофессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


ОХУын төрийн тэргүүн Владимир Путин, АНУын ерөнхийлөгч Жо Байден нарын дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 16-нд Швейцарийн Женев хотод товлогдоо. Энэ уулзалтаар юу яригдах бол, хоёр орны харилцаанд эерэг үр дүн бий болж чадах уу?

-ОХУ, АНУ-ын харилцаа доод түвшиндээ хүртэл муудаж хурцадсан байдалтай байгаа. Хоёр орны харилцаа 2014 оноос хойш жил дараалан уруудсан. Шалтгаан нь ОХУ Крымын хойгийг өөртөө хавсарган нэгтгэж, Дорнод Украин-Донбассын мөргөлдөөнд шууд бусаар татагдан оролцлоо гэсэн ял АНУ, Өрнөдийн зүгээс Орост тулгасан. Энэ хэрээрээ Оросын эсрэг хийрхэл АНУ төдийгүй өрнөд ертөнцөд дэгдэж энэ нь яван явсаар АНУ-ын гурван ерөнхийлөгчийн нүүр үзлээ. Гурван төрийн тэргүүн дамжсан их хямрал үргэлжиллээ. Хурцадмал ийм нөхцөл байдлыг “Шинэ Хүйтэн дайн” гэж нэрлэж байна. “Хоёрдугаар Хүйтэн дайн” ч гэж нэрлэх нь байна. “Хүйтэн дайн”-ы ийм хурц үед хоёр улсын удирдагч уулзах гэж байгаа нь дэлхий дахины улс төрийн өрсөлдөөн, сөргөлдөөнийг намжаахад нааштай алхам эхлүүлэх байх гэсэн горьдлого дэлхий нийтийн дунд байна. Тэр дундаа энэ хоёр гүрэнтэй хоёулантай нь найрсаг сайхан харилцаатай Монгол Улсын хувьд ч хүлээлттэй байна гэсэн үг.

Чамлахааргүй хугацаа өнгөрчихөөд байхадХүйтэн дайн”-ы тийм нөхцөл байдал намжихгүй байгаа нь ямар учиртай юм бэ?

-Ухаандаа АНУ-д болоод Өрнөдөд ОХУ-ыг шүүмжилдгээр бол Украины дотоод хэрэгт оролцож, Донбассын тогтворгүй байдлыг өдөөж, Крымыг нэгтгэн авсныг нь огтоос хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дэлхийн II дайны дараа тогтсон газар нутгийн хөдөлшгүй, халдашгүй дархан байдлыг эвдсэн хэмээн тэд ОХУ-ыг шүүмжилж, тэр алдаагаа засахаас хоёр талын харилцаа сайжрах эхлэл тавигдана гэж АНУ, Өрнөд Европт үзэж байна. Харин ОХУ хэзээ ч буруугаа хүлээж, харилцаагаа тийм эхлэлээр сайжруулъя гэж эргэхгүй. ОХУ өөрийн үндэснийхээ эрх ашиг дээр хатуу зогсоно, үүн дээр буулт хийнэ гэж байхгүй. Тэс хөндлөн ийм байр суурьтай байгаагаас Орос ба Өрнөдийн харилцаа доод түвшиндээ хүртэл уначихаад байна. Мөн өнөөдөр даян дэлхийд ОХУ, АНУ-ын хоёр талын харилцаанаас ч илүү ноцтой олон асуудал тулгараад байна. Хүн төрөлхтнийг сандаргасан ковид гэх цар тахлаас үүдэн дэлхийн эдийн засаг-нийгэм зогсонги байдалд орсон. Үүн дээр нэрмээс болгож их гүрнүүд толхилцох нь дэлхий дахины байдлыг улам л дордуулах аюултай бус уу.

-“Хүйтэн дайнбусад улс орнуудын харилцаанд хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулаач?

-“Шинэ хүйтэн дайн”-д БНХАУ татагдан орсон. БНХАУ-АНУ-ын харилцаа тун хүнд байна. БНХАУ-Японы харилцаа ч тэр, Орос-Японы харилцаа ч тэр тааруухан байна. Ороос-Европын харилцаа ч сайнгүй байна. Энэ олон таагүй харилцааг зөөлрүүлэхэд луужин болох нь Орос-Америкийн харилцаа юм л даа.

АНУ, ОхУын төрийн тэргүүнүүдийн уулзалтаар дорвитой үр дүн гарч чадах болов уу?

-Хоёр гүрний төрийн тэргүүнүүдийн уулзалтаар ийм тийм үр дүн гарна, тийм дэвшилд хүрнэ гэж хэлэх бололцоо үнэндээ алга. Миний ойлгосноор бол эдүгээ аль ч салбарт Орос-Америкийн ямарваа түвшний яриа хэлэлцээ явагдаагүй. Зэвсэглэлийн ч, бүс нутгийн мөргөлдөөний ч, хоёр талын худалдаа-эдийн засгийн ч, хүмүүнлэгчийн ч гээд аль ч салбарыг авч үзэхэд Орос-Америкийн харилцаа зогссон байдалтай, хэзээ эргэж сэргэх нь ч тун бүрхэг байна. Гэхдээ хүн төрөлхтөн энэ “Шинэ хүйтэн дайн” гэдэг ч юм уу, Орос-Америк, Орос-Өрнөдийн харилцааны зөрчлөөс залхчихсан байна. Том гүрнүүд учраа олж, найрсаг харилцаатай байж, хамтын ажиллагаагаа эрүүл саруулаар эхлүүлж, зөв явуулж байж дэлхий дахин тогтвортой байх ёстой. Адаглаад бүс нутгийн мөргөлдөөний голомтууд ч гэсэн дэлхийн бодлого тодорхойлдог дэлхийн том гүрнүүдийн харилцааны дунд зүгшрэх ёстой. Тэр утгаараа ОХУ, АНУ-ын дээд хэмжээний уулзалтыг дэлхий нийтээрээ тэсэн ядан хүлээж, басхүү онц ач холбогдол өгөх нь ойлгомжтой юм. Улс төрийн онц ач холбогдол өгч байгаа болохоос өөр тодорхой салбарт тийм ийм дэвшил гарчихна, зэвсэглэлийг тэгээд хорогдуулчихна, дайны аюулыг урьдчилан сэргийлчихнэ гэж хэн ч зориглож ярихгүй байна.

АНУын ерөнхийлөгч Жо Байдены хувьд төрийн тэргүүнээр сонгогдоод тийм ч урт хугацааг өнгөрүүлээгүй байгаа. Гэсэн ч ОХУтай яаравчлан уулзаж байгаа нь харилцаагаа өөр түвшинд гаргахыг ихээхэн зорьж байна уу гэж харагдахаар байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Жо Байден АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдоод хагас жил болчихсон. Энэ нь тийм ч чамлахаар хугацаа биш. Гол нь Жо Байден Ерөнхийлөгч болоод хамгийн эхний хоёр талын өндөр дээд хэмжээний уулзалтаа БНХАУ-тай хийсэн. Энэ юу харуулав гэхлээр ноён Жо Байден Хятадтай харилцаагаа цааш нь хэрхэн авч явах вэ гэдэг дээр ОХУ-тай харилцаанаас ч илүүтэй тархиа гашилгаж байгаа юм байна гэдэг нь харагдсан. Аляскад ширүүхэн явагдсан Америк-Хятадын “2+2” форматын уулзалтыг би хэлж байна. Харин одоо Орос, Америк хоёр гүрний төрийн тэргүүнүүд анх удаа шууд халз тулж уулзахаар боллоо. ОХУ-АНУ-ын харилцаа нэн хүнд байгаа нөхцөлд хоёр орны аль нэгэнд нь энэ уулзалтыг хийхгүйгээр гуравдагч улс, болж өгвөл төвийг сахисан бүс нутаг, улсад хийе гэж тохироод Швейцарийн Женевийг сонгож авсан.

Нэг зүйлийг онцлоход, хэд хоногийн өмнө нэлээн ширүүссэн Израиль-Палестины мөргөлдөөн хүн төрөлхтөнд айдас түгшүүр төрүүллээ. Энэ мөргөлдөөн зогсохгүй бол юу болох вэ, яах вэ гэсэн асуулт тавигдсан. Үүнд АНУ, ОХУ төдийгүй дэлхийн гүрнүүд оролцож, тал бүрээс нь уриалан дуудсанаар Израиль зарим талаар буулт хийж энэ мөргөлдөөнийг түр зогсоолоо. Ойрхи Дорнодын энэхүү мөргөлдөөнийг зогсоох асуудлаар АНУ тун идэвхтэй ажиллаж байна. Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен одоо хүртэл Ойрхи Дорнодын орнуудаар явж байна. Тэр ч утгаараа хоёр гүрний төрийн тэргүүнүүдийн уулзалт Ойрхи Дорнодод мөргөлдөөний гал бүрэн намжаагүй үетэй давхцаж таарах нь байна. Тиймдээ ч Ойрхи Дорнодын асуудал хэлэлцээний сэдэвт томхон байр суурь эзлэх нь гэж ойлгож байна. Сирид хоёр гүрэн халз тулгарч тулалдахад тун ойртсон, Сирид явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг АНУ, түүний холбоотнууд хүлээн зөвшөөрөхгүй, Ирантай АНУ ямар харилцаа хөгжүүлэх нь нэн бүрхэг, Орос ба хуучин Зөвлөлтийн БНУ-ын өвөр хоорондын харилцаа, Армен-Азербайжаны зөрчил, Орос-Украины зөрчил, шинээр үүсээд буй Беларусь-Прибалтикийн харилцааны хурцдал гээд хэлэлцээнд хөндөх асуудал хангалттай хуримтлагдсан болов уу.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Шар бар өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 30, Адъяа гариг. Билгийн тооллын 19, Элдэв тэнгэртэн одтой, шар бар өдөр. Өдрийн наран 04:59 цагт мандан, 20:41 цагт жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бомбын үйл, бэрийн үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаараа нойтон цас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0-5 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 11-16 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшиж, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүлэрхэг, бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

Categories
гадаад мэдээ

БНСУ вакцины хаягдал гарахаас сэргийлэх цахим систем үүсгэжээ

Өмнөд Солонгосын Засгийн газар коронавирусний вакцины хаягдал гаргахгүйн тулд цахим шинэ систем бүрдүүлсэн байна. Ингэснээр эмнэлгийн байгууллагууд нь хэдэн тун вакцин байгаа, хэдэн тун үлдсэн тухайгаа цахим мэдээллийн санд мэдээлэх, иргэд нь цахим сайт болон байршлын аппликейшн ашиглан хэзээ, хаана, ямар байршилд хэдэн тун вакцин байгааг харах боломжтой болж буй юм байна.

Мөн иргэд вакцин хийлгэх цагаа цахим нэгдсэн системээс авч, заавал утсаар залгаж авах шаардлагагүй болжээ. Уг системд 30 болон түүнээс дээш насны, коронавирусний вакцин хийлгээгүй, вакцины захиалга, цаг аваагүй хүн нэвтрэх боломжтой юм байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын сангаас 12 мянга гаруй иргэнд 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Эрүүл мэндийн даатгалын сангаас хоёр сарын хугацаанд 12 мянга гаруй иргэнд 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ.

Тодруулбал, 2021 оны гурав болон дөрөвдүгээр сард 12,439 даатгуулагчид 6.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байна.

Ингэхдээ нөхөн үржихүй, жирэмслэлт, төрөлт, нярайд үзүүлэх тусламж, үйлчилгээтэй холбоотой 33 оношийн хамааралтай бүлгийн эмийн эмчилгээ болон мэс заслын тусламж, үйлчилгээнд санхүүжилт олгосон болохыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Азийн хөгжлийн банк вакцинжуулалтад зориулан Монгол Улсад 19 сая ам.доллар олгохоор боллоо

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын эсрэг үр дүнтэй, аюулгүй вакцин худалдан авч, иргэдээ дархлаажуулахад нь Монгол Улсад дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн Хөгжлийн Банк (АХБ) 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн багцыг баталлаа.

Энэхүү төслийг хөгжиж буй гишүүн орнуудынхаа вакцинжуулалтыг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй дэмжих зорилгоор АХБ-наас 2020 оны 12 дугаар сард эхлүүлсэн Ази, Номхон далайн орнуудыг вакцинд хамруулах 9 тэрбум ам.долларын АПВАКС хөтөлбөрийн хүрээнд санхүүжүүлэх юм.

Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалд орж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 5.3 хувиар агшиж, нийт ажилчдын 5.4% буюу 63,900 хүн ажлын байраа алдсан

“КОВИД-19 цар тахал Монгол Улсын эдийн засаг, иргэдийн эрүүл мэнд, амьдрал ахуйд ихээхэн хэмжээний хохирол учруулаад байна,” хэмээн АХБ-ны Ерөнхийлөгч Масацугу Асакава хэлээд, “АПВАКС хөтөлбөрийн хүрээнд үзүүлэх дэмжлэг нь Монгол Улсын Засгийн газарт уян хатан санхүүжилтийг шуурхай олгох замаар нэн тэргүүнд вакцинжуулах шаардлагатай хүн амын бүлэг, тэр дундаа халдвар авах өндөр эрсдэлтэй хүмүүсийг вакцинд хамруулж, халдварт өвчний сөрөг нөлөөг бууруулж, цар тахлаас тогтвортой сэргэхэд нь туслалцаа үзүүлэх юм” хэмээн цохон тэмдэглэв.

2020 оны эхээр КОВИД-19-ийн халдвар анх гарч эхлэхэд Монгол Улс шуурхай арга хэмжээ авч халдварыг дотооддоо алдалгүй сэргийлж чадсан. Гэсэн хэдий ч 2020 оны 11 дүгээр сард дотоодод халдвар тархсанаар эрүүл мэндийн тогтолцооны хүчин чадалд хүндрэл учруулж эхэлсэн юм. Цаашлаад Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалд орж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 5.3 хувиар агшиж, нийт ажилчдын 5.4% буюу 63,900 хүн ажлын байраа алдсан. КОВИД-19-ийн улмаас ядуурлын түвшин 2018 оны 28.4 хувиаc эрс нэмэгдэх төлөвтэй байна.

КОВИД-19-ийн улмаас ядуурлын түвшин 2018 оны 28.4 хувиаc эрс нэмэгдэх төлөвтэй байна

Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллагсдын 82 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд КОВИД-19 цар тахлын нөлөөлөлд тэгш бус байдлаар өртөж байгаа бөгөөд халдвар авах эрсдэл нь илүү өндөр байна. Мөн хямралын улмаас жендерт суурилсан хүчирхийллийн тохиолдол өсөж, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага болон түр хамгаалах байранд ирэх эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгджээ.

АПВАКС хөтөлбөрийн хүрээнд олгож буй АХБ-ны санхүүжилтээр худалдан авах вакцин нь Монгол Улсын Засгийн газрын Вакцинжуулалтын үндэсний төлөвлөгөөнд тодорхойлсон нэн тэргүүнд вакцинд хамруулах зорилтот бүлэг буюу нийт хүн амын дор хаяж 30 хувийг дархлаажуулахад дэмжлэг болно. Үүнд, КОВИД-19-ийн улмаас нас барах хамгийн өндөр эрсдэлтэй хүн ам болон тэргүүн эгнээнд ажиллаж буй 200,000 орчим хүн орж байгаа юм. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архаг, хууч өвчтэй хүмүүс болон туслалцаа шаардлагатай байгаа нийгмийн эмзэг бүлгийн хүн амыг вакцинжуулалтад хамруулна.

Нэн тэргүүнд вакцинд хамруулах зорилтот бүлэг буюу нийт хүн амын дор хаяж 30 хувийг дархлаажуулахад дэмжлэг болно

АПВАКС төслийн нийт санхүүжилт нь 43.82 сая ам.доллар байх бөгөөд үүнд АХБ-наас олгож буй тус бүр нь 9.5 сая ам.долларын дүнтэй энгийн болон нэн хөнгөлөлттэй зээл багтаж байгаа юм. Эдгээр зээлийн гэрээнд АХБ-ыг төлөөлж Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Павит Рамачандран, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан нар мөн гарын үсэг зурлаа. Энэхүү төслийн хүрээнд Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк 21 сая ам.долларын хамтарсан санхүүжилтийг олгохоор төлөвлөөд байгаа бол Засгийн газрын зүгээс 3.82 сая ам.долларыг санхүүжүүлэх юм.

АПВАКС-ийн санхүүжилт нь АХБ-аас Монгол Улсад КОВИД-19-ийн үед олгож буй олон талт, цогц дэмжлэгийн нэг хэсэг болж буй бөгөөд 1993 оноос хойш тус банкнаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт олгосон олон тооны төслүүдийн, тухайлбал 7 зээл, 10 буцалтгүй тусламж, 19 техникийн туслалцааны төслийн туршлага, сургамжид суурилан хэрэгжинэ.

Мөн түүнчлэн шинжилгээний лабораториудад тоног төхөөрөмж нийлүүлэх, КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалт хийх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг Ядуурлыг бууруулах Японы сангаас нэмэлтээр батлуулахаар АХБ ажиллаж байна.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ хүртээмжтэй, тогтвортой, эрсдлийг даван туулах чадвартай хөгжлийг бүс нутагт цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Categories
мэдээ спорт

З.Болортунгалаг Алтан гран пригээс алтан медаль хүртлээ

Чөлөөт бөхийн Иван Ярыгиний нэрэмжит XXXII удаагийн гран при тэмцээн ОХУ-д үргэлжилж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Шоовдор алт, Э.Даваачимэг мөнгөн медаль хүртэн, Монголын багийн амжилтын салхийг хагалсан.

Тэдний амжилтыг “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Зоригтын Болортунгалаг үргэлжлүүллээ.

Сарын өмнө Азийн АШТ-д түрүүлбэр Ярыгиний дэвжээнээс алтан медаль хүртэхдээ Красноярскийн дэвжээнд эзэн орны Мария Кузнецова, Динара Кудаева, Алина Климова, Евгения Апевалова нарыг ялжээ.