Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгийн ирэх долоо хоногийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
05 дугаар сарын 31-ний Даваа гарагт:
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.
ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН
05 дугаар сарын 31-ний Даваа гарагт:
Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхүүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас 334 тоот өрөөнд.
6 дугаар сарын 2-ны Лхагва гарагт:
Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.
6 дугаар сарын 3-ны Пүрэв гарагт:
Соёлын тухай хуулийн шинчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамалын тухай, Амьтны тухай, Ойн тухай, Усны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
Биеийн тамир, спортын тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилт, тамирчдын сахилга бат, ёс зүйн асуудлаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд.
6 дугаар сарын 4-ний Баасан гарагт:
Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл болон Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тухай хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгүүдийн хамтарсан хуралдаан 11.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;
Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана;

Усны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана.

Categories
мэдээ нийгэм

Тусгай үүргийн онгоцоор 150 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой 19:02 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр Монгол Улсын 150 иргэн, гадаадын 7 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Вензөү”, “Монголика”, “Гайде”, “Мөнххустай” зочид буудлуудад тусгаарласан юм.

Түүнчлэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад 14 хоносон 11 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд тусгаарлан ажиглах байранд 5802 иргэн байна

Халдвар авсан, гадаадаас ирсэн, халдвар аваад эдгэсэн гээд иргэдийг тусгаарлах, ажиглах байранд байршуулж, эмч, сувилагч нарын хяналтад байлгаж байгаа. Улсын хэмжээнд өнөөдөр /2021.05.30/-ийн байдлаар 87 байранд 5802 иргэн байна. Үүнээс нийслэлд 30 эмнэлэгт 3749, тусгаарлан ажиглах 27 байранд 1113, 17 аймгийн 54 эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 940 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт 999 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Хамгийн сүүлд гэхэд, өчигдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр Монгол Улсын 150 иргэн, гадаадын 7 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Вензөү”, “Монголика”, “Гайде”, “Мөнххустай” зочид буудлуудад тусгаарласан юм.

Гадаадаас ирж байгаа иргэд заавал вакцинд хамрагдсан байх шаардлагагүй бөгөөд эх орондоо ирж, вакцинд хамрагдах боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Халдвар авсан 434 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.05.30/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ хүргэв.

Сүүлийн 24 цагт 891 хүнээс халдвар нэмж илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт халдвар авсан иргэдийн тоо 57512 болж байна. Харин халдвар авсан нь батлагдаж, эмчлэгдэж байсан 434 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Нийт эдгэрэлт 49754 боллоо.

Тэгвэл өнгөрсөн хоногт коронавирусийн нэн хүнд оноштойгоор эмчлэгдэж байсан дөрвөн хүн нас барж, нас баралт 272 болов.

Өнөөдрийн байдлаар халдвар авч, эмчлүүлж буй 4533 хүнээс 122 хүний биеийн байдал маш хүнд байна.

Categories
мэдээ нийгэм

Гадаад дахь монголчууд Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсаас гадаадын 29 улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газрын байранд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт зохион байгуулна.

Гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ.

Австрали Улс дахь Монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 13:00 цаг гэхэд 405 сонгогч саналаа өгөөд байгаа юм. Токио хотод тухайн улсын цагаар 12 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх мэтчилэн цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагаас зургадугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийн мэдээллийг гаргасан байна.

Энэ сард нутгийн хойд хэсгээр хур тунадас олон жилийн дунджаас ахиу, мөн нэгдүгээр арав хоногийн сүүл хоёрдугаар арав хоногийн эхээр хэт халалт ажиглагдах магадлал өндөр байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Увсын ихэнх нутаг, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6°С-аар сэрүүснэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Төв аймгийн өмнөд, Өвөрхангайн зүүн хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх нутаг, Архангайн баруун, Өвөрхангайн баруун хойд, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 2-4°С-аар сэрүүснэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Хэнтийн ихэнх нутаг, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 4-6°С-аар сэрүүснэ. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө ширүүсч зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 14-16 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур өмнөх үеэсээ 3-5°С-аар сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи зарим газраар 12-14 м/с, зарим үед түр зуур 18-20 м/с хүрч ширүүсч болзошгүй.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Ханх суманд дахин газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуун” гэдэг газар өчигдөр/2021.05.29/ 07:36 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг даргаас тухайн газарт нутагладаг малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Categories
мэдээ үндэсний-бөx

Ц.Магалжав МҮБХ-ны тэргүүнээр сонгогдов

Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит бус Их Эе хурал өчигдөр/2021.05.29/ болж, бөхийн ертөнцийн өнөөгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.

Асуудлууд дотроос ганц шийдэлд хүрсэн нь холбооны шинэ тэргүүнийг сонгосон явдал гэж хэлж болно. Тэргүүний сонгуульд зургаан хүн нэр дэвшсэн боловч О.Балжинням аварга, Г.Өсөхбаяр аварга, С.Мөнхбат аварга нар өөрсдийн хүсэлтээр нэрээ татсан. Ийнхүү тэргүүний төлөө улсын заан Ц.Магалжав, улсын заан Б.Сайнбаяр, бөх сонирхогч Б.Баярбаатар нар өрсөлдөж, улсын заан Ц.Магалжав ялалт байгуулан, шинэ тэргүүнээр сонгогдов.

2018 онд Монголын үндэсний бөхийн холбооны ээлжит VIII Их Эе хуралдаж, Ц.Магалжав дэд тэргүүнээр сонгогдож, түүнтэй сая тэргүүний сонгуульд өрсөлдсөн Б.Сайнбаяр гүйцэтгэх захирлаар сонгогдож байв. Гэвч Б.Сайнбаяр заан өнгөрсөн 2020 онд гүйцэтгэх захирлын ажлаа улсын гарьд И.Доржсамбууд хүлээлгэн өгсөн.

2020 оны дөрөвдүгээр сард Б.Бат-Эрдэнэ аварга өөрийн хүсэлтээр МҮБХ-ны тэргүүний ажлаа хүлээлгэн өгч, дараагийн Их Эе хурал болох хүртэл дэд тэргүүн Ц.Магалжав тэргүүний үүрэг гүйцэтгэгч болоод байв.

Өдгөө 44 настай Ц.Магалжав нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат бөгөөд МУБИС-ийг багш, дасгалжуулагч мэргэжлээр төгссөн нэгэн. Түүний хувьд 1996 оны Сүхбаатар аймгийн баяр наадамд аймгийн заан П.Мөнхбатаар долоо даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн. Харин 2001 оны улсын их баяр наадмаар улсын начин Ж.Чулуунаар дөрөв, улсын начин Б.Адъяахүүгээр тав давж улсын цолтнуудын эгнээнд нэгдэж байв. Хожим нь 2006 он улсын их баяр наадмаар улсын харцага Ш.Мөнгөнбаатараар дөрөв, улсын начин Д.Лхагвадоржоор тав, улсын харцага Т.Мөнгөнцоожоор зургаа давж, долоогийн даваанд улсын гарьд Д.Рагчаад өвдөг шороодон шөвгөрч Монгол улсын харцага цолыг хүртсэн. Гэвч улсын гарьд Д.Рагчаагаас допинг илэрч, Ц.Магалжавт Монгол Улсын заан цолыг нь 2016 онд нөхөн олгосон юм.

Мөн тэрбээр барилгын материалын худалдаа, гадаад худалдааны чиглэлийн АМЭ Трейд компанийн захирал ажээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭМЯ: Коронавирусийн 891 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 891 хүнээс халдвар илэрлээ.

Эдгээрийн 836 нь Улаанбаатар хотод, орон нутагт 54, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 байна. Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 57512 боллоо.

Мөн дөрвөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 272 болж байна.

  • 32 настай эрэгтэй
  • 37 настай эмэгтэй
  • 71 настай эрэгтэй
  • 83 настай эрэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Сүүлийн 24 цагт 434 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Ийнхүү нийт эдгэрсэн хүний тоо 49754 болов.

Биеийн байдал хүнд 486 , маш хүнд 122 хүн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол руу тээвэрлэх 4000 чингэлэг Тяньжин боомтод саатжээ

Цар тахлын улмаас гадаад худалдаанд удаашрал үүсэж, урд хойд хил дээр олон тооны чингэлэг, ачааны машины дараалал үүссэн. Манай улсын нийт ААН-үүдийн 25 хувь нь гадаад худалдаа эрхэлдэг, 250 мянган хүн энэ салбарт ажиллаж байна.

БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжин АНУ, БНСУ, БНТУ болон Азийн орнуудаас импортолдог бараа бүтээгдэхүүнийг Монгол руу тээвэрлэдэг. Гэвч тус боомтод нэг сарын өмнө 5500 чингэлэг овоорсон байсан бол одоо 4000 болж буурчээ.

Тус улсын экспорт нэмэгдсэн, эдийн засаг нь эргээд сэргэсэн тул галт тэрэгний эрэлт нэмэгдсэнээс тээвэрлэлт саатсан гэж манай талд албан бусаар мэдээлсэн байна.

Гадаад худалдаа эрхлэгчид чингэлгийг түрээсэлж ашигладаг тул зардал гарсаар байна. Энэ нь барааны үнийг өсгөлөө. 2008 онд мөн ийм байдал үүсэж байсан тул анхаарал тавьж ажиллахыг бизнес эрхлэгчид УИХ-ын дарга Г.Занданшатар, ГХЯ-наас хүсэв.