Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Ширчинжав: Нэг боодол царгас 3-4 боодол өвстэй тэнцэх шим тэжээлтэй


Бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт эрчимтэй явагдсаны улмаас мал идэх өвсгүй болж, давжаарах, мах, сүүний чанарт нөлөөлөх асуудал сүүлийн жилүүдэд хүчтэй яригдах болсон. Тэгвэл бэлчээрийн ургамал царгас нь малыг шаардлагатай шим тэжээлээр хангаж, мах, сүүний чанар, тарга тэвээрт онцгой нөлөө үзүүлээд зогсохгүй улаан шороо эргэсэн ямар ч хөрсийг эргээд нөхөн сэргээж чаддаг байна. Энэ талаар Монгол Улсын гавьяат агрономич, “Хүүлэй хааны хишигкомпанийн зөвлөх Ц.Ширчинжаваас тодрууллаа. Тэрбээр Хөвсгөл аймагт яваа аж.


Сайн явж байна уу. Та орон нутагт царгас тариалах ажлаар явж байна уу?

-Тийм ээ. Бид техник, үрээ ачаад бэлчээрийн хүрэлцээ муутай, цөлжсөн, алслагдсан бүс нутгуудад малчдын хүсэлтээр очиж, орон нутагт нь тэжээлийн нөөц бүрдүүлэх зорилгоор ажиллаж байна. Малчин тэжээлийн нөөцөө бүрдүүлэхэд царгас тариалах нь чухал ач холбогдолтой. Малын тоо толгойноос хамаарч бэлчээр талхлагдах, нөөц нь хүрэлцэхгүй байх, үүний улмаас мал олигтой цадахгүй, усан тарга авах зэрэг олон сөрөг үр дагавар гарч, малчдын эдийн засаг, байгаль орчинд хохирол учирч байгааг бид харж байна. Энэ бүхнээс гаргах гол арга зам нь царгас тариалах явдал юм. Дагалдах ач холбогдол гэвэл царгас тарьснаар хөрсийг азотоор баяжуулж, үржил шимээр хангадаг. Цөлжсөн, малд талхлагдсан, хадлангийн талбай хүрэлцээ муутай газар нэг удаа тарьчихсан байхад 1020 жилээр үр шимийг нь хүртээд явна. Жилээс жилд ургац нь нэмэгддэг. Царгас уургаар нэн баялаг. Махтай дүйх уургийн агууламжтай гэж хэлж болно. Нөгөө талаас шим тэжээлийн хувьд нэг боодол царгас 3-4 боодолтой өвстэй тэнцдэг. Манай гариг дээр 60 сая га газар царгас тариалж байна. Малын бэлчээргүй, суурин мал аж ахуй эрхэлдэг улс орнууд царгас тариалж, аж ахуйгаа эрхэлдэг юм.

Малчид царгас тариалахад хэр хүндрэлтэй вэ?

-Техникийн нөөцтэй, технологийн арга аргачлалаа мэдэж байвал болно. Хөдөөгийн алслагдсан бүс нутаг, тэр дундаа газар тариалан хөгжөөгүй хөдөө техник технологийн хүрэлцээгүй байдал хамгийн том эрсдэл болдог юм. Хөрсөө боловсруулахад техник хэрэгтэй. Хэрэв техникийн боломжтой бол надтай холбогдоод зөвлөгөө мэдээлэл авбал би төвөгшөөхгүй зааж зааварлаад өгнө. Яахав, орон нутгаар явахад нэг хүндрэлтэй асуудал байна. Сум орны захиргаа, Иргэдийн хурал, газрын албаны хүмүүс царгасын ач холбогдлыг дутуу ойлгосонтой холбоотой юм уу, малчдын хүсэлтийн дагуу очоод үйлчилгээ үзүүлээд хөрс боловсруулж тариалалт хийх гэхэд зөвшөөрөхгүй, эсэргүүцэх хандлага түгээмэл байна. Газрын тухай хуульд бэлчээртэй холбоотой зохицуулалт бий. Малын бэлчээрийг хашиж хамгаалах, тордож сайжруулах, бэлчээрийн ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэхэд санаачилгатай ажилласан хүмүүст тухайн газрыг эзэмшүүлж болно гэсэн заалтыг харгалзаж үзэхгүй байна. Газрын төлөвлөгөөндөө тусгахгүй байна. Бэлчээрээ хамгаалах, малчдын амьдрал ахуйг тэтгэх, газар хөрсөө сэргээх ач холбогдолтойг мэдсээр байж эсэргүүцэх, зохион байгуулалт хийж мэдэхгүй байх асуудал гарч байна. Үүнд төрөөс анхаармаар байна.

Царгас бэлчээрийн бусад өвс ургамалтай харьцуулахад нөхөн сэргээгдэх, ургах чадвар хэр вэ?

-Тун гайхалтай. Царгас дөрөвдүгээр сарын сүүлээр ургаж эхэлдэг юм. Энэ хавар сэрүүхэн, нохой орой цухуйж байхад царгас аль эрт 10 гаруй см болоод ургачихсан байх жишээтэй. Бас намар 11 сар гэхэд бэлчээрийн өвс ургамал шарлаад, хагдарчихсан байхад царгас нов ногооноороо байж, мал тэжээж байдаг ургамал шүү дээ. Хүйтэнд онцгой тэсвэртэй. Хавар яагаад эрт гарч байна гэвэл гүн үндэстэй. Газрын хөрс доороосоо эхэлж гэсдэг. Тиймээс хамгийн түрүүн үндэс нь амилж дээшээ хөгжиж ургах нөхцөл бүрддэг юм. Хоёрдугаарт, жил ахих тусам улам өтгөн сайхан ургана. Газрын хөрсийг талхлагдаж, цөлжихөөс хамгаална. Бид Архангай аймгийн Өгийнуур сумын ойролцоо цөлжсөн газар тарьж байна. Дажгүй сайхан ургана. Энэ хэсэг газар гүний усны нөөцтэй учир бүр ч таатай байна.

Зарим хүн царгас тарихаар хожим хөрс гэмтдэг гэж ярьдаг. Энэ тухай тодруулахгүй юу?

-Тийм асуудал огт байхгүй. Харин ч муудсан хөрсийг чинь тэтгэж, амьдруулдаг бурханлаг ургамал шүү дээ. Хөрс нь цөлжиж, элэгдэлд орсон, уурхайн үйл ажиллагаанд өртөж бүтцээ алдсан хөрсийг амьдруулж сэхээдэг юм. Бэлчээрийн ургамал хөрснөөсөө үржил шимийг нь сорж ургадаг бол царгас хөрсөө тэтгэж ургадаг. Малд өгөх тэжээллэг чанараараа буюу малын сонгомол үүлдрийн генийг хамгийн түрүүн тэтгэдэг. Өөрөөр хэлбэл, сүү, мах, үржлийн чиглэлийн мал байлаа гэхэд тухайн чиглэл бүрээр нь тэтгэнэ гэсэн үг. Сүүний чиглэлийн малд өгөхөд сүү нь улам арвин болж, махны чиглэлийн бол энэ талын ашиг шим нь улам өсөх юм. Мөн сульдсан малыг маш богино хугацаанд тэнхрүүлдэг. Нөгөө талаар үс ноосыг нь сорлог, өнгөлөг болгоно.

Үр сонгоход юунд анхаарах вэ. Үр нь ямар үнэтэй байна вэ?

-Манай улсад 5-6 төрлийн үр гаднаас оруулж ирж байна. Үүнийг Монголд тарихад эхний жилдээ ургана. Харин дараа хавар ургах чадвар тэг. Харин монгол царгасын үрээр тарьсан бол дөрөвдүгээр сарын сүүлээр гараад ирнэ. Тийм учраас үрийн сонголтод онцгой анхаарах хэрэгтэй. Монгол царгасны үр кг нь 45 мянган төгрөгийн үнэтэй байна. Нэг га-д 16 кг-аар тарьдаг. Манайд 1000 га-д тарих үрийн нөөц бий. Харин гаднаас оруулж ирж байгаа үр 28, 30 мянга гэх зэргээр янз бүрийн ханштай байгаа. Хэлбэр дүрс ижил болохоор хүмүүс мэдэлгүй авдаг. Гэтэл дараа жил ургахгүй, дахиад л үр авах асуудал ярина. Тэгэхээр Монгол орны хөрсөнд нутагшсан үрээ авч тарих хэрэгтэй.

-500 малтай айл хэдэн гад царгас тариалахад болох вэ?

-Ерөөсөө гэр бүлийнхээ эдийн засгийг тэтгэх малаа тэжээлээр хангахад 10 га газар тариалахад хангалттай. Усалгаатай бол бүр сайн. Энэ тохиолдолд малаа бэлчээрлүүлэх шаардлагагүй, суурин байдлаар маллахад хүрэлцэх царгас хурааж авна. Нэмээд илүү хэсгээ борлуулж, ашиг хүртэх боломжтой. Үүнийг төрөөс нэгдсэн байдлаар зохион байгуулж дэмжиж ажилламаар байна. Ядаж л малчид царгас тарих гэхээр сум орон нутгаас нь зөвшөөрдөггүй, зохион байгуулдаггүй асуудлыг шийдэж цэгцлэх хэрэгтэй” гэв.

Дашрамд сонирхуулахад, царгасанд гайхамшигтай гэж болох үндсэн хоёр шинж чанар бий. Нэгд, сая хэлснээр малын тэжээлийн гойд сайн ургамал. Цэцэглэлтийн үе шатанд технологийн дагуу зөв хадаж бэлтгэсэн царгасны өвс өөрийн найрлагадаа их хэмжээний уураг, эрдэс бодис, витамин агуулдаг. Тухайлбал, нэг кг царгасны өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальци, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг. Энэ нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд, нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаанбуудайнаас 6,3 дахин их байдаг. Түүнчлэн царгасны өвс шимт чанараараа байгалийн хадлангаас дөрөв дахин, ногоон тэжээлээс гурав дахин илүү. Хоёрт, аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь эсрэгээр, хөрсний үржил шимийг нөхөн сэргээхэд онцгой ач холбогдолтой таримал юм. Царгаст талбайн га тутамд жилд 250-290 кг, заримдаа 500 кг хүртэл ургамалд хялбар шингэх азот хуримтлагдаж байдаг. Энэ нь нэг га талбайг 4-5 цн азотын бордоо буюу 30-50 тонн бууцаар бордсонтой тэнцэх хэмжээний түвшин юм. Царгас тариалаад 4-5 жил болоход хөрсний үржил шим 45-50 хувиар, ерөнхий азот 5-7 дахин нэмэгдэж хөрс эрс сайжирдаг. Дээрх талбайд тариалсан үр тариа, төмс, хүнсний ногооны ургац 1.5-2.0 дахин нэмэгдэж байлаа. Иймд манай малчид, фермерүүд царгас өргөнөөр тариалбал бага талбайгаас чанар сайтай, их тэжээл бэлтгэн авч, мал сүргээ байгалийн гэнэтийн байдлаас найдвартай хамгаална.

Г.БАТЗОРИГ

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Улаагчин үхэр өдөр

Аргын тооллын тавдугаар сарын 29, Санчир гариг. Билгийн тооллын 178 Суулга одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 04:59 цагт мандан, 20:40 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эрхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 13-15 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө зүүн өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Таван Богд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан: Ерөнхийлөгч Х.Баттулга манай хамт олны хөдөлмөрийг үнэлж энэхүү шагналыг өгсөн гэж бодож байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Таван Богд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхантай ярилцлаа.

-Танд Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртсэнд баяр хүргэе. Бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Маш их баяртай байна. Надад итгэж, намайг өдий хүртэл дэмжиж, тусалсан бүх хүмүүст баярлалаа. Хайрт аав, ээж, хань, хамт олон болон нийт монголчууддаа талархаж буйгаа илэрхийлье. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд баярлалаа. 1989 онд анх Япон улсын Токио хотноо би оюутан, та бөх байлаа. Хамгийн анх ингэж танилцаж байсан даа. Түүнээс хойш Монгол Улс зах зээлийн нийгэм рүү шилжсэн. Энэ олон жилийн хугацаанд тамирчнаас Монгол төрийн тэргүүн болтлоо амжилт гаргаж, бүх ард түмнийхээ эв нэгдлийн бэлгэдэл болсонд баярлаж явдаг. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

-Төр, засаг таны хөдөлмөрийг ийнхүү өндрөөр үнэлэх болсон шалтгааныг юу гэж бодож байна вэ?

-Би “Говь” ХК-ийн гүйцэтгэх захирлаар сүүлийн 10 гаруй жил ажиллаж байна. Ноолуур бол монголчуудын хувьд маш чухал стратегийн бүтээгдэхүүн. Монгол Улс маань 3,3 сая хүн амтай. Түүний дотор 240-250 орчим мянган малчин өрх бий. Монгол ноолуураараа дэлхийн түүхий ноолуурын 50 орчим хувийг хангаж байна. Энэ бага мэт сонсогдож болох хэдий ч монголчууд бид нийт ноолуураасаа 1.5 их наяд төгрөгийн орлого олдог юм шүү дээ. Манай хамт олон энэ орлогыг дараагийн таван жилд 3 их наяд төгрөг болгохын төлөө зорин ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга манай хамт олны хөдөлмөрийг үнэлж, надад энэхүү шагналыг өгсөн гэж бодож байна.

НЭГ АЖИЛТНЫХАА ОРЛОГЫГ НЭГ ТӨГРӨГӨӨР Ч БОЛОВ НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЧАРМАЙН АЖИЛЛАХ БОЛНО

-Та бизнесийн салбарт хэр удаан ажиллаж байгаа вэ? Өнгөрсөн хугацаанд гарч байсан хүндрэл, бэрхшээлийн талаар дурдвал?

-Би энэ салбарт 1995 оноос хойш тасралтгүй ажиллаж байна. Ажил хийхэд хүндрэл, бэрхшээл гэдэг зүйл өдөр бүр, цаг тутамд тохиолддог. Тэр тусмаа бизнесийн салбарийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бидний хувьд тэр хүндрэл, бэрхшээлийг даван туулах нь нэг талаараа хэцүү боловч, давж туулсны дараах баяр баясал хэмжээлшгүй их юм. Энэ нь ажил хийж байгаа хүний хувьд хамгийн том үнэт зүйл нь болдог болов уу.

-Өнөөдрийн байдлаар хичнээн ажлын байрыг бий болгоод байна вэ?

-Одоогоор манай групп компанид нийт 11 мянган хүн ажиллаж байна. Цаашид нэг ажилтныхаа орлогыг нэг төгрөгөөр ч болов нэмэгдүүлэхийн төлөө манай хамт олон болон миний бие чармайн ажиллах болно.

-Бизнесийн салбарын онцлогийн талаар та юу хэлэх вэ?

-Ноолуур бол ургадаг алт гэж бид ярьдаг шүү дээ. Яагаад гэвэл элдэв байгалийн баялаг шиг ухаж дуусах нөөцийн хувьд хязгаартай зүйл биш юм. Жил бүр ноолуураа самнаж аваад түүгээрээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Монгол Улсдаа болон дэлхий дахинаа эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа нь манай “Говь” ХК-ийн гол онцлог шүү дээ.

-Баярлалаа.


Эх сурвалж: president.mn

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 75 хүн эдгэрсэн нь сүүлийн хоёр сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт боллоо

[k

Сүүлийн 24 цагийн хугацааанд коронавирусийн халдвар 785-аар нэмэгдсэн бол 75 хүн эдгэрч, тусгаарлалтаас гарчээ.

Энэ нь 2021 оны гуравдугаар сарын 21-ний өдрөөс хойш хоёр сарын хугацаанд нэг хоногийн дотор эдгэрч гарсан хамгийн цөөн тохиолдол болж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт бүртгэгдсэн 55,852 тохиолдлын 83 хувь нь буюу 48,749 хүн эдгэрээд байгаа юм.

Түүнээс гадна одоогоор 4,249 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол гэрийн тусгаарлалтад 2,568 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор эмчлүүлж байгаа юм.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн- 2,174,
  • Хүндэвтэр- 1,485,
  • Хүнд- 468,
  • Маш хүнд- 122 хүн байна.

Сүүлийн өдрүүдэд хоногт хийгдсэн шинжилгээний 10 орчим хувиас халдвар илэрч байна. Түүнчлэн хоногт илрэх халдварын тохиолдол эдгэрч буй хүний тооноос хэд дахин өндөр байсаар байна.

Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ баримталж, эрсдэлийг бий болгохгүй байхыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулав

Э.Бат-Үүл

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг зургадугаар сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулжээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 28-н буюу өнөөдрийн 10: цагт товлосон.

Гэвч боловч шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь шүүх хурал давхацсан Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг, шүүх хуралдааны товын хамт, Шүүгдэгч Л.Нарантуяа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч нарын зүгээс эмнэлгийн магадлагаагаар үйлчлүүлэгч нар нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгаа, холбогдох баримтын хамт тус тус ирүүлснийг шүүх хүлээн авсан байна.

Ийнхүү шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 09:30 цагт хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эргэн сануулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн групп” компанийн захирал Б.Мөнхтөр нарыг бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн юм.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тусламжаар ХБНГУ-аас 413 сая төгрөгийн мэс заслын амны хаалт нийлүүлэв

ХБНГУ-ын Холбооны Эрүүл мэндийн яам болон ДЭМБ-ын Женев хот дахь Төв офис хоорондын хамтын ажиллагааны гэрээний дагуу ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийн газраар дамжуулан 145,068 ам.доллар буюу 413 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 462,000 ширхэг мэс заслын амны хаалтыг хүмүүнлэгийн тусламж болгон нийлүүллээ. Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ёорн Розенберг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица болон холбогдох албаныхан оролцлоо.

Элчин сайд Ёорн Розенберг “Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 халдварын цар тахлын эсрэг авч буй арга хэмжээ, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд үр дүнтэй байгааг онцлоод ХБНГУ нь Олон улсын вакцины хангамжийн КОВАКС хөтөлбөрт 2.2 тэрбум еврогийн санхүүжилтийг дангаар оруулсан хамгийн гол донор улс болохын зэрэгцээ Монгол Улсад КОВИД-19 халдварын эсрэг хариу арга хэмжээнд зориулан нийт 2.7 сая еврогийн дэмжлэг үзүүлсэн”-ийг дурдлаа.

Харин ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица ХБНГУ-ын Холбооны ЭМЯ-тай хамтран хувийн хамгаалах хэрэгсэл-амны хаалтыг нийлүүлж байгаа нь КОВИД-19 халдвараас сэргийлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд цаашид ДЭМБ хамтын ажиллагааг өргөжүүлж, бүхий л талын туслалцаа үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Арга хэмжээний үеэр хүмүүнлэгийн тусламжийг хүлээлцэх баримт бичигт гарын үсэг зурлаа гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Манай улс Энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн тоогоор 112 улсаас 17 дугаарт жагсдаг

Өнөөдөр “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр” тохиож байна. Энхийг дэмжих ажиллагааны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

  • 2000 онд Бүгд Найрамдах Казахстан Улсад зохион байгуулагдсан энхийг сахиулах ажиллагааны “ЦЕНТРАЗБАТ-2000” сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс нэг салаа оролцсон нь 1945 оны Чөлөөлөх дайнаас хойш монгол цэрэг анх удаа олноороо гадаадын оронд хөл тавьсан тохиолдол байсан юм.
  • Монгол Улсын Зэвсэгт хүчин нь анх 2002 онд цэргийн 2 ажиглагч офицерыг илгээснээс хойш өнгөрсөн хугацаанд дэлхийн 13 улс, мужид явагдсан 17 энхийг дэмжих ажиллагаанд давхардсан тоогоор 19 мянга гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн байна.
  • Өнөөдрийн байдлаар НҮБ-ын 13 энхийг сахиулах ажиллагаанд дэлхийн 119 орон цэрэг, цагдаагийн алба хаагч илгээж байгаагаас Монгол Улс 24 дүгээр байрт жагсаж байгаа нь хүн ам, Зэвсэгт хүчний боломжтой харьцуулахад томоохон үзүүлэлт юм.
  • Яг одоо гэхэд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-ын энхийг сахиулах болон олон үндэстний цэргийн нийт 7 ажиллагаанд 1100 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

  • Монгол Улсаас НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд 2006 онд анхны эмэгтэй цэргийн алба хаагчийг Баруун Сахар дахь MINURSO ажиллагаанд цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгүүлж эхэлсэн.
  • Өнөөдрийн байдлаар НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагч илгээсэн 112 улсаас 17 дугаарт бичигдэж байна.
  • Энэ хугацаанд энхийг дэмжих ажиллагаанд нийт 880 гаруй эмэгтэй оролцсон нь нийт бүрэлдэхүүний 4, мотобуудлагын батальоны 7, олон улсын ажиллагаанд оролцож буй цэргийн хамгаалалтын ротын 5 хувь нь эмэгтэйчүүд цаашлаад цэргийн ажиглагч болон штабын офицероор 50 гаруй эмэгтэй офицер үүрэг гүйцэтгэсэн байна.
  • НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэргийн гэрээт алба хаагчид мөн үүрэг гүйцэтгэж байна.
Categories
мэдээ нийгэм

Э.Ананд хүү нуруу нугасны хавдраас гадна цусны хорт хавдартай болох нь шинжилгээгээр батлагджээ

Нуруу нугасны хорт хавдрын улмаас шаналж байсан Э.Ананд хүү сайхан сэтгэлт Монголчуудынхаа тусламжаар БНСУ-д эмчлүүлэхээр явсан. Харамсалтай нь Цусны дэлгэрэнгүй шинжилгээгээр Э.Ананд хүү нуруу нугасны хавдраас гадна цусны хорт хавдартай болох нь батлагджээ. Одоогоор Э.Ананд хүү Сөүл Самсунг эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд өнөөдрөөс тэрээр хими эмчилгээгээ хийлгэж эхэлжээ.

Э.Ананд хүүгийн ээж сайхан сэтгэлт Монгол түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хүссэн байна.

Хүүгийн ээж Даваа цахим хуудаснаа ийнхүү бичжээ

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Цэц дүгнэлээ

Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж Цэц дүгнэлээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн /2021.05.28/ дунд суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Дээрх хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн зарим заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэсэн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас гаргалаа.