Categories
мэдээ нийгэм

О.Сэлэнгэ: Гурван ихэр охин төрүүлээд эрүүл саруул өсгөж байгаагаа эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог


Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I,II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” II одон гардан авсан Отгонбаатарын Сэлэнгэтэй хийсэн ярилцлагыг хүргэж байна.

–Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” одон гардан авсан Танд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу.

-Өнөөдөр төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одон гардсан авсандаа маш их баярлаж, сэтгэл их догдолж байна. Энэ хүртэл надад тусалж, дэмжиж ирсэн аав, ээж нар, хайрт хань, гурван ихэр охин бас сайхан хүү нартаа бүгдэд нь баярлалаа гэж хэлье. Намайг Отгонбаатарын Сэлэнгэ гэдэг. Энэ жил 30 настай . Би дөрвөн хүүхэдтэй. Гурван ихэр охин, нэг хүүтэй. Хүү маань найман настай .

-Төрийн тэргүүнээсээ “Эхийн алдар” одон гардан авах мөчид юу бодогдож байсан бол.

-Сэтгэгдэл маш өндөр байлаа. Одонгоо гардан авч байхад Ерөнхийлөгч маань сайхан үг хэлэхэд өөрийн эрхгүй огшиж нулимс цийлгэнээд ирсэн. Хүн болж төрснийх үнэхээр мартагдашгүй дурсамжтай өдөр болж байна .

-Мэдээж гурван ихэр хүүхэд өсгөх нь нэг хүүхэд өсгөхөөс их ялгаатай. Гурван ихэр хүүхэд өсгөх амаргүй байх.

-Нэг хүүхэд өсгөхөд ямар их ачаалалтай байдаг билээ. Тэгэхээр гурван ихэр хүүхэд өсгөхөд хоёр гурав дахин ачаалал нэмэгддэг. Хүүхдүүдээ өсгөхөд хань маань маш их тусалсан. Нэг жил ажил хийлгүй надтай хамтдаа хүүхдүүдээ өсгөлцсөн. Мэдээж ээж, аав нар маань, хайртай хүмүүс маань байсан учраас энэ их ачааллын ард гарч чадсан. Одоо гурван ихэр маань ой гарантай эрүүл энх, сайн сайхан өсөн торниж байна.

-Гурван ихэр хүүхэд төрөх нь ховор тохиолдол. Анх гурван ихэр охинтой боллоо гэж сонсоод ямар сэтгэгдэл төрж байв.

-Гурван ихэр охиноо би өөрөөрөө төрүүлсэн. Мэдээж хэрэг маш их аз жаргалтай байсан. Гурвын гурван хүн өөрөөсөө төрүүлээд эрүүл саруул өсгөж бойжуулж байгаа маань эмэгтэй хүн болж төрсний гавьяа, аз завшаан гэж боддог.

-Ханийнхаа талаар та юу хэлэхсэн бол?

-Миний хань бид хоёр хүүхэд ахуй цагаасаа найзалж нөхөрлөж ирсэн. Гэр бүл болоод 11 жил болж байна. Энэ хугацаанд хамтдаа бие биенээ түшиж аз жаргалтай амьдарч байна. Бүх зүйлд тусалж дэмждэг ханьдаа их баярлаж явдаг. Хань маань хажууд байгаагүй бол гурван ихэр охиноо өсгөхөд чанга байсан. Төрөөс ийнхүү хүндэтгэн шагнаж байгаад талархаж, хүүхдүүдээ улс эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө хичээж зүтгэнэ.

-Цаг гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны гэр бүлд эрүүл энх, аз жаргал хүсье. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Нийт одон авсан ээжүүддээ баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Хүүхдүүдээ өсгөхөд байнга тусалж дэмждэг ханьдаа, аав, ээж нар, хайртай бүх хүмүүстээ баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан иргэдэд Төрийн дээд одон гардууллаа

Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах зарлиг гаргасан.

Энэ дагуу Хөдөлмөрийн хүндэт медаль, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Алтангадас одон хүртсэн иргэдийн шагналыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар гардууллаа.

Шагнал хүртсэн иргэдэд хандаж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Төрийн хүндэт дээд шагналыг гардан авч байгаа нийслэл, дүүргийн төр, захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, иргэд та бүхэндээ ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэж, эрүүл энхийг хүсэн ерөөе. Ковидгүй зуны төлөө бид хүчээ нэгтгэн зүтгэж байгаа. Дэлхийн хүн төрөлхтөн цар тахлын өмнө өвдөг сөхөрч байгаа энэ хүнд цаг үед хамтдаа зүтгэж, аюулт өвчний ард гарч эхэлж байна. Та бүхэндээ баяр хүргэж, гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Алтангадас одон хүртсэн Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ахмад ажилтан Д.Нацаг “40 гаруй жилийн хөдөлмөрийг минь төр үнэлсэнд маш их баяртай байна. Намайг өдий зэрэгтэй явахад маань тусалж, дэмжиж байдаг ах, дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, үр хүүхдэдээ маш их баярлалаа. Мөн Улсын хоёрдугаар эмнэлгийн хамт олондоо 90 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхныг хүсье” гэсэн юм.

Түүнчлэн УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Улаанбаатар хотын хог хаягдлын асуудлыг хариуцаж 15 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр олон жил ажилласан хүмүүстэй цуг шагнал авахдаа санаа зовж байсан ч залуу хүнд урам өгч байна гэж ойлгож, талархан хүлээж авлаа. Сэтгэгдэл маш өндөр байна” хэмээн ярив.


Categories
мэдээ нийгэм

Э.Бурмаа: “Ганцаас газар дүүрлээ” гэж ээж минь ярьдаг болохоор 6 хүүхэдтэй болсондоо маш их баярлаж явдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” I, II одон хүртэж буй ээжүүдийн төлөөлөл болгон өнөөдөр зарим ээжид Төрийн ордны “Есөн хөлт, цагаан тугт” танхимд одонг нь гардуулж, баяр хүргэлээ.

Төрийн ордонд Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” I одон гардан авсан Э.Бурмаатай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” I зэргийн одон гардлаа. Танд баяр хүргэе.

– Ийм сайхан өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ шагналыг хүртсэндээ баяртай байна. “Эхийн алдар” одон бол ээжүүдийг үнэлж байгаа хамгийн том шагнал гэж боддог. Энэ бол ямар ч мөнгө төгрөг, материаллаг зүйлстэй харьцуулшгүй. Яагаад гэвэл ээжүүд хүүхдүүдээ өсгөхийн тулд амьдралынхаа бараг тэн хагасыг зарцуулдаг шүү дээ. Энэ гавьяаг төрөөс үнэлж байгаад би маш их баяртай байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шагналаа авсандаа туйлын баяртай байгаа. Ялангуяа ээжүүдийг ялгахгүйгээр бүгдэд нь энэхүү шагналыг Төрийн ордонд гардуулж байгаад маш их баярлаж байна. Энэ бол ээжүүдэд үзүүлж буй хамгийн том хүндэтгэл. Ээж хүн гэдэг өдөр болгон завгүй байдаг. Гэхдээ түүндээ хэзээ ч гомдоллодоггүй.

Нэг өдөр өөрсдийгөө гоёод Төрийн ордноос шагналаа авч, хүндэтгэл үзүүлэх мөчид “Би маш хариуцлагатай ажил хийсэн хүн юм байна” гэж бодогдож байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч бид бүгдийг хүлээн авч, “Эхийн алдар” одонг гардуулсанд баяртай байна. Нийт ээжүүдийн өмнөөс дахин баярлалаа гэж хэлье.

-Эх хүн байхын хамгийн сайхан зүйл юу вэ?

– Үртэй хүн баян гэж ярьдаг шүү дээ. Би өөрөө айлын ганц охин байсан. “Ганцаас газар дүүрлээ” гэж ээж минь ярьдаг. Тийм болохоор 6 хүүхэдтэй болсондоо маш их баярладаг.

-Хүүхдүүдээ ирээдүйд ямар хүн болж төлөвшөөсэй гэж боддог вэ?

-Хамгийн түрүүнд бодож явдаг зүйл бол үр хүүхдүүдээ сайн хүн болж төлөвшөөсэй гэж л бодож явдаг даа. Хүн чанартай хүн болох ёстой. Хүн болсон цагт дараа нь эрдэм мэдлэг, боловсролыг олж авч чадна.

-Ээжүүд бараг бүх мэргэжлийг эзэмшсэн хэмжээний байдаг шүү дээ.

-Хамгийн хэцүү зүйл бол хүүхэд өвдөх. Хүүхэд өвдөхөд ээж нь дагаад өвддөг, хямардаг. Яах бол гээд хүүхдийнхээ төлөө нойргүй хонодог. Олон хүүхэд төрүүлэхээр эмч, багш, сувилагч, тогооч гээд бараг бүх ажлыг өөрөө хийж чаддаг болдог юм байна. Хэр баргийн юманд түүртэхээ больчихсон доо. Олон хүүхэд гоё шүү дээ. Том нь бага дүүгээ өсгөчихдөг. Одоогийн нийгэмд хүүхэд өсгөх хэцүү л дээ. Хүүхдүүдээ сайн хүн болгохын төлөө өдөр шөнөгүй хөдөлмөрлөж, үлгэрлэж л харуулдаг даа аав ээж хоёр нь.

-Аз жаргалтай гэр бүлийг та юу гэж тодорхойлох вэ?

– Хүүхэд өсгөхөд би ганцаараа зүтгэдэг юм биш. Би төрдөг боловч ээж, хадмууд маань тусална. Хамгийн гол нь, ард нь найдвартай аав гэж хүн байдаг. Хань минь хүүхдүүдийнхээ төлөө өдөр шөнөгүй зүтгэдэг. Хүүхэд өсгөхөд зөвхөн идэх хоолноос гадна боловсрол, суурь хүмүүжил, хариуцлага зэрэг маш олон чухал зүйл бий. Бид нар өөрсдөө ямар хүн байна хүүхдүүд маань түүнийг л дагаж хүмүүжнэ. Тийм болохоор бид өөрсдөө хөдөлмөрч байх хэрэгтэй шүү дээ. Би 1-14 насны 3 охин 3 хүүтэй. Одоо 4 нь Ерөнхий боловсролын сургуульд сурч байна. 1 нь цэцэрлэгт, 1 нь гэртээ байна. Би хүүхдээ өөрөө гардаж өсгөхийг чухалчилдаг. Ажил хийгээгүй 15 жил гэртээ хүүхдээ харж байгаа ч энэ бол миний үр хүүхэддээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж боддог. Ээж нь өөрөө хүүхдээ харах нь хүүхэд хүн болж төлөвшихөд хамгийн чухал зүйл.

-Баярлалаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 320 хүүхдийн бага сургууль ашиглалтад оржээ

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 320 хүүхдийн бага сургууль ашиглалтад орсон бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ нээлтэд оролцжээ.

Орчин цагийн боловсролын байгууллагын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Анхны сургуулиудын нэг нь Хөвсгөл аймгийн нэгдүгээр 10 жил буюу Дэлгэрмөрөн цогцолбор юм. 1923 онд байгуулагдсан тус сургууль 2 жилийн дараа 100 жилийн ойтойгоо золгоно.

Энэ сургуульд өнөөдөр 2800 гаруй хүүхэд суралцаж, 150 орчим багш ажилтан ажиллаж байна. 2018 онд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 320 хүүхдийн суудалтай бага сургууль барих 3.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгуулж байсан юм. Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе таарсан ч гүйцэтгэгч компани хариуцлагатай ажиллаж өнөөдөр тус сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгч байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Х.Баттулга: ​Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хугацаанд нийт шагналын 30 гаруй хувийг монгол инженерүүдэд олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 25-ны өдрийн зарлигийн дагуу Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, Ардын цол, Гавьяат цол, төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд боллоо. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга гардуулав.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Үндэсний аж үйлдвэрийн салбарыг сэргээн хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдэд эцсийн боловсруулалт хийж, өндөр чанар бүхий олон улсын стандарт, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн ноос, ноолууран бүтээгдэхүүний зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг бэхжүүлэх үйлсэд оруулж буй хувь нэмрийг үнэлж, “Таван богд” группийн Ерөнхийлөгч Цагаачийн Баатарсайхан, “Кашмер Холдинг” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Бадарчийн Ёндонжамц нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Монгол Улсын соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж Дорнод аймгийн Хөгжимт драмын театрын ахмад уран бүтээлч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ваандангийн Боролдойд Ардын жүжигчин цол хүртээсүгэй” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ:

“Аж үйлдвэр, боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, шинжлэх ухаан, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын Гавьяат цол хүртээсүгэй” гэжээ.

МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Хасабэ Интернэшнл” ХХК-ийн дэд захирал Дүгэрсүрэнгийн Цэгмид,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р хорооны ахмад настан, ахмад тариаланч Найдангийн Басанжаа,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:

Нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн ахмад багш Равдангийн Дэлгэрмаа,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР:

“Таван үндэс” ХХК-ийн зөвлөх инженер Оцолын Балдорж,

Зам, гүүр барилгын “ЗМЗ” ХХК-ийн зөвлөх инженер Цэндийн Шинэзориг,

“Том харш” ХХК-ийн зөвлөх инженер Чулууны Цэдэнбалжир,

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ахмад настан, ахмад барилгачин Чүлтэмийн Лувсанцэвээн,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР:

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ,

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсүхийн Нармандах,

Харш хамтлагийн дуучин Сэрчмаагийн Баасандорж,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР:

“Алдар” нийгэмлэгийн тамирчин, Улсын арслан Доржпаламын Ганхуяг,

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР:

Хилчин спорт хорооны дасгалжуулагч Хишигбатын Эрдэнэт-Од,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР:

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Суудлын вагон депогийн ахмад ажилтан Гомбын Ишжамц,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР:

“Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа “Шижир” алтны үйлдвэрийн ерөнхий инженер Жигжидийн Ганболд,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ХУУЛЬЧ ЦОЛООР:

Шүүхийн байгууллагын ахмад ажилтан Дашдоржийн Цэрэндулам,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны ахмад настан, ахмад хуульч Хамбарын Володъя,

Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны иргэн, ахмад хуульч Жуваагийн Шарав,

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:

Санхүүгийн зохицуулах хорооны ахмад ажилтан Равсалын Ринчинбазар,

“Мөнхийн Үсэг” ХХК-ийн дотоод аудитор Гаанжуурын Бямбажав,
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх Лувсандагвын Энхтайван,

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын “Нандин соёл” эмэгтэйчүүдийн эмнэлгийн ерөнхий эмч Маамуугийн Пүрэвсамбуу,

МОНГОЛ УЛСЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

“Арвайн Хүрд” ХХК-ийн зөвлөх Пүрэвийн Алтангэрэл,

“Драгон Холдинг” ХХК-ийн захирал Самдангийн Баярт,

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:

Монголын Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны гүйцэтгэх захирал Шагдархүүгийн Хажидмаа нарт тус тус хүртээв.

СҮХБААТАРЫН ОДОНГООР:

Өмнөговь аймгийн Ноён сумын ахмад настан Түмэнгийн Жадамбаа,

Улсын ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Дагвадоржийн Рагчаабазар,

Нийслэлийн цагдаагийн газрын ахмад ажилтан Далайхүүгийн Ядамдорж нарыг шагнав.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭНЭ ҮЕЭР:

“Манлайлагчид, салбар салбарын гавшгайчид аа,

Төрийн цол, одон медаль хүртэгсэд ээ,

Төр байхуй дор гавьяа зүтгэлийг үнэлэхүй байдаг. Өөрт оногдсон ажил үүргийг чин сэтгэлээсээ хийх, үр бүтээл гаргах, ард түмэндээ бүх боломж, сэтгэл зүтгэлээрээ үйлчлэх нь иргэн хүний хувьд эх орон, ард түмнийхээ өмнө байгуулж байгаа гавьяа юм. Гавьяаг үнэлэх, дэмжих нь төрийн нэгэн үүрэг юм.

Цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил төр гавьяа зүтгэл гаргасан иргэнээ шагнаж урамшуулах үйл ажиллагаа тасалдаад байсан учраас энэ удаад бид Төрийн дээд цол шагнал гардуулах ёслолыг давтамжтайгаар зохион байгуулж байна.

Монголын төр өнөөдөр баялаг бүтээгчдээ шагнаж, гавьяаг нь тодотгож байна.

“Таван Богд” группийн Ерөнхийлөгч Цагаачийн Баатарсайхан, “Кашмер Холдинг” ХХК-ийн Зөвлөх бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Ёндонжамц нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Үүсгэн байгуулсан, үйлс бүтээл нь дэлгэрсэн компаниараа овоглогдсон энэ хоёр эрхмийн хийсэн бүтээсэн, босгосон зүтгэснийг нь монголчууд дэндүү сайн мэдэх учир тоочих шаардлагагүй гэж бодож байна. Ноос, ноолуурын салбарт энэ хүмүүс шинэ стандарт, шинэ чанарын жишгийг тогтоож, баялаг бүтээгчдийг үлгэрлэн дагуулж, дэлхийд гаргаж чадсан.

“Говь” ноолуурын үйлдвэр Монголын нэрийг дэлхийд таниулж байдаг онцгой брэндийг бүтээгч, ноолуурын зах зээлийн гол тоглогчийн нэг болтлоо танигдсан. Монголын үйлдвэрлэгчид дотроос дэлхийн зах зээл дээр өөрийн байр суурийг эзэлж чадсан “Говь” брэнд бол манай үндэсний бахархал, монгол чанар, онцлогийн илэрхийлэл билээ.

Энэ үйлдвэрийг үүсгэн байгуулалцаж, үндэс суурийг тавилцаж, хөл дээр нь босгож, дэлхийд таниулах ажлыг нуруундаа үүрсэн гавьяатан, баатар бол Бадарчийн Ёндонжамц мөн. Монголд ноолуур боловсруулах, түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эрчимтэй хөгжих үндэс суурийг анх тавилцаж, ноос ноолуурын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, гадаад харилцааг өргөжүүлэхэд түүний оруулсан бахдам хувь нэмрийг өнөөдөр үнэллээ.

Улс орныхоо хөгжил цэцэглэлт, ард түмнийхээ хэрэгцээ шаардлагыг хангахын төлөө Та бүхний хийсэн бүтээсэн бүхэнд нийт иргэдийнхээ өмнөөс болон хувиасаа талархаж, гүн хүндэтгэл илэрхийлж байна.

Мөн өнөөдөр амжилт бүтээлээ үнэлүүлж байгаа манлайлагчдын дундаас зарим хүнийг онцлон дурдмаар байна. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар өнгөрсөн жил 21 аймгийн иргэдтэй уулзах үеэр Дорнод аймгийн театрт цугласан нийт иргэд санал нэгтэйгээр Дорнод аймгийн хөгжимт драмын театрын ахмад ажилтан Ваандангийн Боролдой гуайд Ардын жүжигчин цол олгож өгөхийг надаас хүссэнийг тухайн үед дэмжиж зөвшөөрсөн юм. Театр дүүрэн хүний санал нэгтэй хүсэлт, дэмжлэг Таны хийсэн бүтээсэн гавьяа зүтгэл, олон түмний хайр хүндэтгэлийн илэрхийлэл мөн байсан учраас өнөөдөр Ардын жүжигчин цолыг нь хүртээлээ. Баяр хүргэе!

Монголчууд бид өөрсдөө бие даан томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж, гүйцэтгэж болохыг ард түмэндээ нотлон харуулж, итгэлийг сэргээж чадаж байна. Өмнө нь өндөр өртөгтэй гаднын зээл тусламжаар өрнүүлсэн бүтээн байгуулалтын дийлэнх өртгийг гадаадын компани, ажиллах хүчнүүд ажлын цалин хөлсөндөө аваад явдаг байсан бол одоо үндэсний аж ахуйн нэгжүүд, монгол инженерүүд өөрсдөө барьж байгуулж, үр өгөөжийг нь эх орондоо үлдээж чаддаг эхлэлийг тавилаа.

Тухайлбал, Хөшигийн хөндийн шинэ нисэх буудал руу чиглэсэн 32.2 км хурдны авто замыг 140.3 сая ам.доллар буюу 400 орчим тэрбум төгрөгөөр, Замын цагдаагийн уулзварын 477 метрийн урттай шинэ гүүрийг 42 сая ам.доллар буюу 120 тэрбум төгрөгөөр гадны зээл тусламжаар гадаадын компани, мэргэжилтнүүд барьж байгуулжээ. Харин монгол инженерүүд үндэсний түүхэн бүтээн байгуулалт болох Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 268 км төмөр замын нийтдээ 42 гүүрийг барьж байгуулсан байна. Үр өгөөжийг нь дотоодын компани, аж ахуйн нэгжүүд хүртэж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд олгож буй нийт шагналын 30 гаруй хувийг монгол инженерүүдэд олгосон. Энэ бол үндэсний инженерүүдээ дэмжих төрийн бодлого, Төрийн тэргүүн миний байр суурь юм.

Өнөөдөр ч мөн инженерүүдээ онцгойлон анхаарч, үндэсний бүтээн байгуулагчдынхаа төлөөлөл болгож, “Таван үндэс” компанийн зөвлөх инженер Оцолын Балдорж, Зам гүүр, барилгын “ЗМЗ” компанийн зөвлөх инженер Цэндийн Шинэзориг, “Бодь Интернэшнл” компанийн ажилтан Алтангэрэлийн Мягмаржав, “Том харш” компанийн зөвлөх инженер Чулууны Цэдэнбалжир, “Улаанбаатар барилга” компанийн инженер Доржжанцангийн Лхагвасүрэн нарыг Монгол Улсын Гавьяат барилгачин, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газрын Шижир алтны үйлдвэрийн ерөнхий инженер Жигжидийн Ганболдыг Гавьяат уурхайчин цолоор шагналаа. Та бүхэнд дахин талархал илэрхийлж, баяр хүргэе.

Урлаг, спортын салбарын гавьяа зүтгэлтнүүдэд цол гавьяаг нь олгож, олон нийтийн хүлээлтийг бас биелүүллээ.

21 дүгээр зууны “Гамлет” хэмээгдсэн орчин цагийн манай шилдэг жүжигчдийн нэг, дүр бүтээлтийн мастер, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Сугарын Болд-Эрдэнэ, үеэс үед дуурьсах олон арван онцгой бүтээлийн эзэн юм. Мөн ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон “Унаган хайр” дууны эзэн, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Батсүхийн Нармандахад Гавьяат жүжигчин цол олголоо.

Улс орныхоо нэрийг тив, дэлхийн тавцанд өндөрт өргөсөн олон олон бахдам амжилтын эзэд болж, ард түмний талархал, хайр хүндэтгэлийг хүлээсэн “Алдар” нийгэмлэгийн тамирчин, Улсын арслан Доржпаламын Ганхуяг, Дархан-Уул аймгийн Дархан сумын өндөр настан Бавуугийн Намжим, Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Өлзийбаярын Дүүрэнбаяр нарыг Гавьяат тамирчин цолоор шагналаа. Удахгүй болох тэмцээнүүд амжилт гаргах урьдчилгаа төлбөр гэж бодоорой. Баяр хүргэе!

Төр иргэнээ урамшуулсан шагналаар дамжуулан хүн бүрийг Та бүхний үлгэр дуурайлаар эрхэлсэн ажилдаа эзэн болж, эх оронч зүрх сэтгэлээр зүтгэл гарган ажиллахыг, цаашид ч улс орныхоо хөгжил цэцэглэлийн төлөө хичээн зүтгэхийг уриалж байгаа юм.

Улс орныхоо өнөөгийн хөгжил дэвшлийг авчралцаж, нэр хүндийг бүтээлцсэн ахмад буурлууд, хүндэт иргэддээ баярлалаа.

Ерөнхийлөгчид оногдсон үүргээ биелүүлж, би төрийн зүгээс олгох үнэлэмж, цол, одон, медалийг гардуулж байна.

Та бүхэнд дахин баяр хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор хөдөлмөрч хичээнгүй ардынхаа үйлс зүтгэлээр Монгол Улс хүчирхэгжин мандах болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлиг гаргалаа.

Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10.843 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 800, Хоёрдугаар зэргийн одонг 9933 ээжид хүртээх юм. Үүнээс нийслэлийн 9 дүүргийн 4.224 ээжийн “Эхийн алдар” одонг 2021 оны зургадугаар сарын 1-6-ны өдрүүдэд гардуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг гардуулах ёслол Төрийн ёслол, хүндэтгэлийн Их танхимд өнөөдөр боллоо.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА “ЭХИЙН АЛДАР” ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Эхчүүд ээ,

Монголын чимэг, эх ундарга болсон ээж нар аа,

Уламжлалынхаа дагуу Монголын төр олон хүүхэд төрүүлж өсгөж байгаа эхчүүдийнхээ энгэрт үр хүүхдүүдийнх нь баяр баясгалан, хүндлэл хайрынх нь илэрхийлэл болгон “Эхийн алдар” одонг өнөөдөр зүүж өглөө.

Эхийн ач, энэрэл хайрын талаар хэлмээр өчнөөн сайхан үгс байгааг товчилж, хүндлэл талархлын бэлгэдэл болгон энэ одонг олгодог юм шүү. “Эхийн алдар” одон бол Монголын төрөөс үеийн үед хүн амаа өсгөх, хүүхэд багачуудын жаргалант амьдралыг дэмжих бодлого тууштай баримталж байгааг илтгэх сайн уламжлал билээ. Эрүүл саруул өсөж, бойжиж байгаа хүүхэд бүрийн ард ээжийнх нь зүйрлэшгүй их хайр, хэзээ ч үл гомдоллох нөр их хөдөлмөр байдаг. Хүүхэд бүрийн жаргалтай инээдийн учиг шалтгаан нь ээж нь болдог. Монголын үрсийг эрүүл, аз жаргалтайгаар өсөн торниулахын төлөө гаргаж буй зүйрлэшгүй сайхан сэтгэл, зүтгэлийг тань үнэлэхгүй байж болохгүй биз ээ.

Энэ жил Эхийн алдар одон авах 10.843 ээж бий. Тэдний төлөөлөл болгож өнөөдөр 8 ээжид Нэгдүгээр зэргийн одонг, 32 ээжид Хоёрдугаар зэргийн одонг гардууллаа.

Энд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны иргэн, 89 настай Санжавын Раднаа гуай хүрэлцэн ирсэн байна. Долоон хүүхэд төрүүлж, өсгөсөн С.Раднаа гуайдаа урт насалж, үр ач нарынхаа хайранд умбаж явахыг ерөөе.

Эгч дүүс 61, 54 настай Гончигжавын Нарантуяа, Гончигжавын Энхцэцэг нар өнөөдөр “Эхийн алдар” одонгоо гардан авч байна. Зургаан охин төрүүлэн өсгөж, хэвлийдээ шинэ үрээ тээж яваа Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны иргэн Цэнд-Аюушийн Баяржаргал, 28 жилийн зайтай хоёр удаа хоёр ихэр хүү төрүүлсэн Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны иргэн Вандангийн Нарантуяа нарыг онцлон дурдъя.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эх үрсийн баярын уламжлал ёсоор олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүддээ “Эхийн алдар” одонг нь гардууллаа. Энэ бол төрөөс эх, хүүхдэд үзүүлж буй хүндэтгэл бөгөөд хүүхдийн олон цөөнөөс үл хамааран эх, хүүхэд хоёр Монгол төрийн нийгмийн бодлогын төвд байж, хүүхдийн хөгжил, хамгаалал, эхийн нийгмийн баталгаа, дэмжлэг тогтвортой, халамж анхаарал тасралтгүй байх ёстой гэж боддог.

Энд хүрэлцэн ирсэн болон Алдарт эхийн одонгоо гардаж авч байгаа бүх ээжүүддээ баяр хүргэж, Монголын нийт эхчүүддээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монгол эхчүүдийн алдар бадартугай.

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын үрс улам олон болох болтугай” гэлээ.









Categories
мэдээ нийгэм

​Нийслэл хотод 18-аас дээш насны иргэдийн 99.3 хувь нь дархлаажуулалтын I тунд хамрагджээ


Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт хэвийн үргэлжилж байна.

Өчигдөр буюу 2021 оны тавдугаар сарын 28-ны 19:00 цагийн байдлаар тухайн өдөрт 79.856 хүн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал,

  • Улаанбаатарт 18568 хүн
  • орон нутагт 61288 хүн дархлаажуулалтад хамрагджээ.

Нийслэл хотын 18-аас дээш насны иргэдийн 99.3 хувь нь вакцины I тунг хийлгээд байна

Нийслэл хотод өчигдөр 500 гаруй хүн коронавируст халдварын эсрэг вакцины I тунг хийлгэжээ. Ингэснээр дархлаажуулалтын I тунг хийлгэсэн иргэний тоо 946.929 болж, Улаанбаатар хотын 18-аас дээш насны иргэдийн 99.3 хувь нь коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэлээ. Түүнчлэн II тунд нийт хугацаанд 694.872 хүнд хамрагдсанаар 70 гаруй хувьтайгаар дархлаажуулалт үргэлжилж байгаа юм.

Харин орон нутгийн 18-аас дээш насны иргэдийн 903.564 нь вакцины эхний тунг хийлгэснээс 412.306 нь давтан тундаа хамрагдлаа.

Улсын хэмжээнд 2.067.000 иргэнийг коронавируст халдварын эсрэг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Одоогоор 1.850.493 иргэн дархлаажуулалтын I тунд, 1.1107.178 иргэн II тунд хамрагдаад байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот эрх зүйн бие даасан чадамжтай болбол тулгамдсан асуудлаа шийдэж чадна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа. Энэ хүрээнд нийслэл, дүүргийн татварын албаны ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Уулзалтын эхэнд Хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын түүхэн шийдвэр гарсныг танилцуулаад, ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийнэ гэдгээ онцолсон. Үүнд үндэсний компаниудыг давуу байдалтай оролцуулна гэв. Мөн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа аж.

Сүүлийн 30 жил хуримтлагдсан хотын асуудлыг шийдвэрлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай байгааг Хотын дарга энэ үеэр танилцуулсан. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй юм. Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэж чадна гэдгийг Хотын дарга онцолж байлаа. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдаж буй. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр, захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа. Ялангуяа хөрөнгө, санхүүгийн асуудалд татварын албаныхны үүрэг оролцоо их гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ, цаашид урамшууллын системийг хэрэгжүүлнэ. Мөн хууль, эрх зүйн чадамжтай болж, санхүүгийн хувьд биеэ даавал нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг нэмэгдүүлнэ. Түүнчлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсаны дараа засаглалын хувьд бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа” хэмээн ярив. Тэрбээр мөн нийслэлийн орлогыг бүрдүүлж байгаа татварын албаныханд талархсанаа илэрхийлээд, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед бизнес эрхлэгч нарт дарамт учруулах бус, бүх талаас нь дэмжиж ажиллах хэрэгтэй гэлээ.

Үүний дараа Нийслэлийн Татварын газрын дарга Б.Цогтнаран байгууллагын үйл ажиллагаагаа танилцуулж, татварын нэгдсэн системийг бий болгосон нь томоохон дэвшилтэт ажил болсон талаар онцоллоо. Мөн татвар хураалтын үйлчилгээг цахимжуулсан байна. Энэ жилийн хувьд татварын боловсролыг дэмжих жил болгон зарлаж, үүний хүрээнд сургалт, сурталчилгааны нэлээдгүй ажлыг зохион байгуулжээ.

Уулзалтад оролцсон албан хаагчид Хотын даргад санал, хүсэлтээ илэрхийлсэн юм. Тухайлбал, татварын албаны ажилтнуудын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулж өгөхийг хүсэж байсан юм. Хан-Уул дүүргийн Татварын албаны хувьд өөрийн гэсэн байргүй учраас ажиллахад хүндрэлтэй байдаг гэж байлаа. Тиймээс Хотын дарга ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажиллах орчныг сайжруулах чиглэлд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлээд, энэ талаарх тооцоо, судалгааг танилцуулах үүргийг Нийслэлийн Татварын газрын даргад үүрэг болгов.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Дулааны шугамын худагт унасан бага насны хүүхдийг аварчээ

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3 дугаар байранд дулааны шугам сүлжээний худагт бага насны хүүхэд унасан тухай дуудлагыг энэ сарын 27-ны өдрийн 08:15 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 1.5 км замыг туулан 08:19 цагт очиход М /2 настай, эрэгтэй/ дулааны шугам сүлжээний 3 метрийн гүнтэй худагт унасан байсныг 8 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Categories
гадаад мэдээ

Москвад “Восточный” хэмээх шинэ төмөр замын вокзал нээгдлээ

“Восточный” төмөр замын шинэ вокзал зуны галт тэрэгний цагийн хуваарьт шилжих өдөр буюу тавдугаар сарын 29-ний Бямба гарагт нээгдэж, анхны зорчигчдоо хүлээж авна.

“Восточный”нь Москвагийн арав дахь төмөр замын вокзал болно. Шинэ буудлаас хөдлөх зорчигч тээврийн галт тэрэгнүүдэд Новороссийск, Еейск, Анапа, Адлер, Белгород, Кисловодск, Тула, Волгоград, Челябинск, Махачкала, Владикавказ болон Оросын бусад хотуудын чиглэлийн транзит галт тэрэг багтана.

Вокзал Восточный в Москве начнет действовать в 2021 году