Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аккумлятораас гал гарахыг харсан хилчин байлдагч жолоочийн амийг аварчээ

Нүүрс тээврийн машины аккумлятораас гал гарч байхыг харсан хилчин байлдагч жолоочийг нь сэрээж, галыг нэн дариу унтраалцаж, хүний амь аварчээ.

Тодруулбал, Хилийн 0131 дүгээр ангид Өвөрхангай аймгийн Өлзийт сумаас 2020 оны нэгдүгээр ээлжээр татагдаж ирсэн байлдагч П.Энхбаяр энэ сарын 25-ны 05:00 цагийн орчимд Гашуунсухайт салбарт үүрэг гүйцэтгэж байх үедээ нүүрс тээврийн машины аккумлятораас гал гарч байхыг харан жолоочийг нь сэрээж, галыг нэн дариу унтраалцсан байна.

Ийнхүү цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсны үр дүнд иргэнд учирч болох амь нас, эд хөрөнгийн хохирлоос урьдчилан сэргийлж чаджээ. Нүүрс тээврийн жолооч Ц.Ганхөлөг хилчин байлдагчтай хамт зургаа татуулж, талархсан сэтгэгдлээ жолоочдынхоо группт ийнхүү илэрхийлжээ.

Эх сурвалж: Хил хамгаалах ерѳнхий газрын Олон нийттэй харилцах алба

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: Коронавирусийн 1015 тохиолдол бүртгэгдэж, таван иргэн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1015 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 864 нь Улаанбаатар хотод, орон нутагт 149 , зөөвөрлөгдсөн 1, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 байна.

Тодруулбал, Завхан 2, Архангай 2, Төв 36, Говьсүмбэр 1, Сэлэнгэ 4, Ховд 3, Говь-Алтай 33, Өвөрхангай 11, Дундговь 1 тохиолдол нэмэгдсэн.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 34026 болсон.

Мөн таван иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 102 боллоо. /

-55 настай эрэгтэй

-37 настай эрэгтэй

-89 настай эрэгтэй

-78 настай эмэгтэй

-89 настай эмэгтэй ковидын хүнд хэлбэрээр нас барлаа.

Мөн сүүлийн 24 цагт 686 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Нийм эдгэрсэн хүний тоо 18719 боллоо.

Өнөөдийн байдлаар 4768 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

Хөнгөн- 2632

Хүндэвтэр-1590

Хүнд- 437

Маш хүнд- 109 хүн байна” гэв.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн “Токио-2020” олимпийн сүүлийн эрхийн тэмцээнд 5 бөх өрсөлдөнө

Болгарын Софи хотноо болох “Токио-2020” олимпийн наадмын эрх олгох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор шигшээ багийн 5 бөх, 3 дасгалжуулагч Казахстан улсад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа талаар Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, шигшээ багийн эрэгтэй багийн дасгалжуулагч А.Цэдэнсодном, эмэгтэй багийн дасгалжуулагч Ө.Ууганбаяр тэргүүтэй гавьяат тамирчин Э.Бэхбаяр /57 кг/, Олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж /74 кг/, гавьяат тамирчин П.Өнөрбат /86 кг/, ОУХМ Ч.Алтангэрэл /97 кг/, ОУХМ Х.Болортуяа /эмэгтэй 62 кг/ нар байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төслийг Засгийн газарт хүргүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хүүхэд бүрд олгож буй 100 мянган төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох тухай зарлигийн төсөл боловсруулж, Монгол Улсын Засгийн газарт хүргүүллээ.

Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.


ЗАСГИЙН ГАЗАРТ ЧИГЛЭЛ ӨГӨХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ТӨСӨЛТЭЙ ТАНИЛЦАНА УУ:

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Гучин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Нэг.Төрийн аливаа бодлого улс төрийн сонгуульд чиглэсэн явцуу зорилгын хүрээнд бус улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн ахуй амьдрал, хэрэгцээнд үндэслэсэн байвал зохих тул коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас үүдэлтэй хүндрэлийг даван туулах, гамшгийн үеийн болон хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааны /цар тахлын тархалтыг дарж зогсоосны дараах/ үеийн хүндрэл, эдийн засгийн хямрал, бэрхшээлийг шийдвэрлэх шаардлагын үүднээс хүүхдийн мөнгөний бодлого /хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмж/-ыг хугацаагүй хэрэгжүүлж, дараах арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т чиглэл болгосугай:

1/ Арван найм хүртэлх насны хүүхэд бүрд 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөг олгох тухай Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдэд өөрчлөлт оруулж, хүүхэд бүрд сар бүр 100,000 /нэг зуун мянга/ төгрөгийн тэтгэмжийг хугацаа заахгүйгээр үргэлжлүүлэн олгох;

2/ “Хүүхдийн мөнгө”-ний бодлого нь хүүхэд бүрийг эрх тэгш нөхцөлөөр хангах, боловсрох, хүмүүжих, хөгжих нөхцөл боломжийг бий болгох агуулгатай, хүүхэд бүрд чиглэсэн, халамжийн гэхээс илүүтэй Монгол төрийн хүн амын бодлого гэдгийг анхаарч, хүүхэд бүрд олгож буй мөнгөн тэтгэмжийг 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөс бууруулахгүйгээр тогтмол олгох, цаашид энэхүү мөнгөн тэтгэмжийг хүүхдэд өөрт нь зарцуулдаг болгоход чиглэсэн оновчтой бодлого, хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх.

Хоёр.Зарлигийн биелэлтийг 2021 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч болон олон нийтэд мэдээлж, цаашид энэ журмын дагуу улирал тутам танилцуулж байхыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т үүрэг болгосугай.”

Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.

Categories
мэдээ нийгэм

Дархлаажуулалтын цэгийг дүүрэг бүрээр танилцуулж байна

Өнөөдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 29-нд ажиллах дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Нийслэлд 113 цэгт 298 багийн 2318 эмч, ажилчид 75068 иргэнийг дархлаажуулна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг түр хаана

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 29-ний 20:00 цагаас тавдугаар сарын 08-ны өглөө 06:00 цаг хүртэл хаана.

Энэ хугацаанд тус гүүрийн хэв гажилтын заадсыг засна гэж гүйцэтгэгчээр ажиллах Улаанбаатар зам, засвар, арчлалтын газар ОНӨААТҮГ-аас мэдээлэв.

Одоогоос 63 жилийн өмнө Энхтайваны гүүрийг хятад ажилчид барьж ашиглалтад оруулсан. Тус гүүрийг шинэчлэн барих төслийг өмнөд хөрштэй хамтран хэрэгжүүлэх тухай асуудал өнгөрсөн гуравдугаар сард яригдаж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга онцлов.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өмнөговь аймагт 3.9 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Дөрөвдүгээр сарын 29-ны 05:00 цагт Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумаас зүүн зүгт 16 километрын зайнд 3.9 магнитутын газар хөдөлжээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ч.Ундрам: Хувь хүн бүрийн сахилга батаас цаашдын нөхцөл байдал шалтгаалах гээд байна

УИХын гишүүн Ч.Ундрамтай ярилцлаа.


Өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой асуудал болон ҮАБЗийн албан хаагчид хилээр их хэмжээний валют оруулж ирсэн асуудлыг танай ажлын хэсэг олон нийтэд мэдээлж, холбогдох байгууллагуудад хандсан. Энэ асуудал одоо юу болж байна?

-УИХ-ын даргын тушаалаар хоёр ажлын хэсэг байгуулагдсан. Нэг нь хүний эрх зөрчсөнтэй холбоотой Т.Чимгээ, Т.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн асуудлыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар багтсан нэг ажлын хэсэг бий. Манай ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалангаар ахлуулсан Г.Дамдинням, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир болон миний бие гээд таван гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлын хэсэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр Б.Баасанцогт өмгөөлөгчтэй холбоотой асуудлыг буюу шүүх, прокурорын ажилчид нийлж хэрэг төлөвлөдөг, түүнийгээ хэрэгжүүлдэг асуудлыг. Мөн ҮАБЗ-ийн гишүүд Алтанбулаг боомтоор их хэмжээний гадаад валют оруулж ирсэнтэй холбоотой асуудлуудыг хууль хяналтын байгууллагаар шалгуулахад хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол хууль эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулж УИХ-ын гишүүдэд тайлагнах зорилготой ажлын хэсэг байгуулагдсан. УИХ гэдэг хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байгууллага учраас хэрэг мөрдөх боломжгүй. Гэхдээ бид Эрүүгийн болон бусад хуулиудад хяналт тавих боломжтой учраас энэ чиглэлээр хуулийн хүрээнд ажиллаж, мөн хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарч ажиллая гэж шийдсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зүйлүүдийг уншигчид санаж байгаа байх. Б.Баасанцогт гэх өмгөөлөгч, шүүгч, прокурор, АТГ-ын мэргэжилтнүүдтэй хамт наргиж цэнгэсэн нь ил болсон. Мөн компьютерээс нь хэрэг төлөвлөсөн бүдүүвч зурагнууд олдсон. Энэ нь улс төрийн өндөр албан тушаалтанд урдаас төлөвлөсөн хэргүүд байсан. Тухайлбал, Ж.Эрдэнэбат, 60 тэрбум гэх мэтээр хэрэг төлөвлөдөг. Үргэлжлүүлээд хамгийн ноцтой нь прокурор, шүүгч нарт мөнгө шилжүүлсэн баримт гарч ирсэн. Энэ бол маш ноцтой асуудал.

Үүнээс гадна ҮАБЗ-ийн зарим албан хаагчид хилээр урьдчилсан ямар ч зөвшөөрөлгүйгээр нэвтрэхдээ их хэмжээний гадаад валют оруулж ирсэн гэдэг асуудал яригдсан, энэ асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ мэт хууль бус зүйл явж байна. Хоёрдугаарт, ёс зүйн асуудал өндрөөр тавигдахаар байна гэж харж байгаа. Үүнд хууль хяналтын байгууллага хэрэг үүсгэх хэрэгтэй. Хэрэг үүсгэсэн эсэх, хэргийн явцаа олон нийтэд тайлагнах ёстой гэж үзэж байгаа. Тиймээс бид Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт албан бичиг гардуулсан. “Энд хэрэг үүсгэсэн үү, үүсгэсэн бол ямар хэрэг хаана яаж явж байна. Үүнд хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах ёстой” гэсэн албан бичиг гардуулж өгсөн. Мөн ЦЕГ, ТЕГ, АТГ-т албан бичиг хүргүүлсэн. Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд албан бичиг очиж гардуулсан.

Эдгээр байгууллагуудаас бидэнд хариу ирүүлсэн. Хариуд Б.Баасанцогт өмгөөлөгч болон түүний хамаарал бүхий шүүгч прокуроруудтай холбоотой хэргийг дүүргийн цагдаагийн газраас АТГ руу шилжүүлсэн гэсэн. Энэ бол авлига албан тушаалын хэрэг байх магадлалтай учраас АТГ руу шилжсэн байгаа юм. Харин ҮАБЗ-ийн албан хаагчид их хэмжээний валют оруулж ирсэн гэдэг асуудал нь Тагнуулийн ерөнхий газарт хэрэг нээгдсэн гэсэн хариу ирсэн. Гуравдугаарт, прокурорт олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээллүүд дунд гэмт хэргийн шинж чанартай байж болох хэргүүдийг шалгаж шүүж үзээд эхний 20-т нь хэрэг нээчихсэн, 86-т нь хэрэг нээх үү үгүй юу гэдгийг нь магадлан шалгаад байж байна гэсэн хариу ирсэн. Ингээд нийт 106 хэргийн асуудал яригдаж байна.

Хөл хориог сунгачихлаа, эдийн засаг хүнд байгаа энэ үед хөл хорио тогтоох нь хэр зөв шийдвэр вэ?

-Өдөр бүрийн 11:00 цагийн Эрүүл мэндийн яамны мэдээллээр ковидтой холбоотой мэдээг авч байгаа шүү дээ. Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол маш өндөр болсон. Уг нь иргэд маань халдвар хамгааллын дэглэмээ маш сайн бариад, олноороо цугларахгүй байвал (нэг өрөөнд таваас дээш хүн цуглахгүй) халдварыг хумих боломжтой гэдгийг ДЭМБ-аас зөвлөсөн. Гэтэл бид үүнийг барьж чадахгүй байгаа нь харагдаж байна л даа. Вакцины хоёр тун хийлгээд 14 хоногийн дараа дархлаа үүснэ. Гэтэл нэг тун хийлгэчихээд сэтгэл амраад халдвар хамгааллаа сахихгүй, үр дүнгүй болгоод байна. Тиймээс эрдэмтэд ч энд математик тооцоолол хийж үзсэн. Ингээд эрдэмтэд мэргэжилтнүүдийн зүгээс хөл хорио тогтоох нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас хөл хорио тогтоолоо. Мэдээж эдийн засаг хүнд байгаа учраас Засгийн газраас иргэн бүрт 300 мянган төгрөг олгосон.

Үүнээс гадна ганц Монгол бус дэлхий даяараа вакцины хомсдолд орчихсон байна. Мундаг хөгжилтэй орнууд ч вакцины хомсдолд орчихсон байна. Засгийн газар чадах чинээгээрээ ажиллаж байна. Хэрвээ Монгол Улсад шинжлэх ухаан мундаг хөгжчихсөн, өөрсдөө вакцинаа үйлдвэрлэдэг улс байсан бол ч гэж хааяа бодох юм. Даанч тийм биш юм. Далайд ч гарцгүй юм. Хүчирхэг том гүрнүүдэд илүү боломж байдаг. Тиймээс бид хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Хэрвээ бүр олон мянгаараа өвчлөөд ирвэл юун эдийн засаг мантай болно гэж бодож байгаа. Вакцинжуулалтаас эдийн засаг цаашдын байдал хамаарах болчихоод байна шүү дээ.

Хувь хүн бүрийн сахилга батаас цаашдын нөхцөл байдал шалтгаалах гээд байна. Тиймээс иргэд маань дор бүрнээ халдвар хамгааллаа сахиж, сахилга баттай байгаасай гэж бодож байна. Мөн хөдөө орон нутгийнхан маань ч хянуур, хариуцлагатай байхгүй бол цар тахал хүрээгээ тэлж байна.

Жишээлбэл, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 20 гаруй тохиолдол гарсан. Сумын Засаг даргатай холбогдохоор нэгдүгээрт, манай сумынхан, малчид халдвар хамгааллаа сахиагүй. Маск зүүж, гараа ариутгаагүй. Ковидын тохиолдол гарснаар иргэд сонор сэрэмжтэй болж байна. Өмнө нь ковид гараад жил болж байхад халдвар хамгааллын дэглэм бариагүй” гэсэн зүйл ярьж байсан. Ковид бол хээр талд очоод байхгүй болчихдог өвчин биш. Төр энэ өвчнийг тараагаад байгаа зүйл байхгүй. Хүнээс хүнд халдварладаг өвчин учраас л иргэн бүр хариуцлагатай байгаасай гээд байгаа юм. Тиймээс бусдыг болон өөрийнхөө гэр бүлийг бодоод хаана ч явсан сахилга баттай баймаар байна.

Эмэгтэйчүүдийн бэлгийн хүчирхийллийн эсрэг #MeToo хөдөлгөөн өрнөж байна. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ. Зарим нь улс төртэй холбож харагдах юм?

-Судалгаагаар манай улсад ажлын байран дахь бэлгийн дарамт өндөр байдаг. Гэхдээ хүмүүс энэ талаар төдийлөн хууль хяналтын байгууллагад ханддаггүй гэсэн судалгаа гарсан. Нийгмийн бодлогын байнгын хороо Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ажиллаж байна. Энд ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой заалтуудыг нэлээн чангалж оруулж өгсөн. Гэхдээ энэ хууль батлагдаагүй байна. Хууль боловсруулж батлагдах явц удаан. Олон шат шалгуурыг давж байж батлагддаг. Уг нь үүнийг нэлээн оруулж өгсөн. Би өмнө нь МУИС-д байхдаа ёс зүйн дүрэмд шинэчлэл хийж, их дээд сургуулиудад бэлгийн дарамтын асуудал байж болзошгүй учраас үүнд шинэчлэл хийхийг хүсч байсан ч тухайн үед дэмжигдээгүй. Үүнийг зөвхөн ажлын байрнаас гадна бүх салбарт оруулж өгөх ёстой. #Metoo хөдөлгөөн энэ асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулж ирлээ. Тиймээс дараа дараагийн хуульдаа үүнийг илүү няхуур харахаас гадна иргэд, ажил олгогчид энэ асуудалд болгоомжтой, ёс зүйтэй байхыг хичээнэ гэж бодож байна. Иргэн Сүндэряатай холбоотой асуудал гарлаа. Энэ хэрвээ үнэн гэдэг нь хуулиар тогтоогдвол холбогдож байгаа эзэн нь хариуцлага хүлээх ёстой. Үгүй бол эргээд ийм асуудлаар улс төр хийх нь буруу. Монголд ийм тоо баримт өндөр байдаг учраас би #Metoo хөдөлгөөнийг дэмжиж байгаа.

Өмчийн хэлбэр харгалзахгүйбүх шатны боловсролын сургалтын байгууллага суралцагчдын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх түр журам баталсан. Уг журмыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Энэ шийдвэрийг хоёр талтай гэж харж байгаа. Багш нартай холбогдоод “Онлайн хичээл ордог болсноос хойш та нарын ачаалал яаж байна” гэж асуухад “Маш их нэмэгдсэн” гэж байна лээ. Багш нар 200 хүүхэдтэй зааланд лекц орсныхоо дараа 30, 30-аар нь хуваагаад семинар орчихдог. Гэтэл одоо нөгөө 200 хүүхэд бүртэй нэг бүрчлэн ажиллах боломж байна гэж ярьж байгаа юм. Их сургуулийн зардлын дийлэнх хувь нь цалингийн зардал байдаг. Ковид боллоо гээд ажил зогсоогүй бүгд л онлайнаар ажиллаж байгаа. Тэгэхээр цалингийн зардал буурахгүй байна гэсэн үг шүү дээ. Нөгөө талаас төр цахилгаан тогны мөнгийг тэглэж байгаа шүү дээ гэхээр хувьсах тогтмол зардал нь маш бага хэмжээг эзэлж байгаа юм. Тиймээс зардлын задаргааг нь хараад аль нь буурахаар байна гэдгийг нь харах ёстой гэж бодож байна. Гэхдээ анги танхим ашиглалтын зардал буурч байгаа ч гэсэн эргээд багш нарыг цахимаар хичээллэхэд шаардагдах тоноглолын зардал нэмэгдэж байгаа асуудал бий. Гэхдээ улс даяар бүсээ чангалж байгаа энэ үед боловсролын байгууллагууд бүсээ чангалж, санхүүгийн хамгийн боломжтой менежмэнтийг хийж, яаж ийж байгаад энэ зардлыг бууруулах нь зөв. Гэхдээ багш ажилчдынхаа цалинг аль болох бууруулахгүй бусад тэвчиж болох зардлаа тэвчих хэрэгтэй болов уу.

Р.ХИШИГЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Вакцины бүрэн тунгаа хийлгэсэн иргэд сертификатаа цахимаар авч эхэллээ

Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тунгаа хийлгэсэн иргэд vis.health.gov.mn/survey холбоосоор сертификат авах боломжтой болжээ.

Сертификатыг авахдаа өөрийн регистрийн дугаараа оруулж, ашигладаг утасны дугаартаа баталгаажуулах код авч нэвтэрнэ.

Ингэснээр таныг хэзээ, хаана вакцинд хамрагдсан тухай мэдээлэл гарч ирэх бөгөөд “Сертификат хэвлэх” гэсэн хэсгээс хэлээ сонгон вакцины сертификатаа авна. Энэхүү сертификатыг нь англи болон монгол хэл дээр хэвлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Физикийн шинжлэх ухааны доктор Х.Цоохүү: Физик, математикт оюутан элсэхгүй байна гэдэг боловсролын систем нуран унахын цондон

– АНГАРАГ ГАРИГ ДЭЭР АМЬДРАЛ ЦОГЦЛООЖ САРЫГ ЭЗЭМШИХ ТУХАЙ ДЭЛХИЙ ЯРЬЖ БАЙХАД МОНГОЛЧУУД БИД ФИЗИК ХЭРЭГТЭЙ ЮҮ ГЭЭД СУУЖ БАЙГАА НЬ МАШ ХАРАМСАЛТАЙ –


Монгол Улсын гавьяат багш, физикийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Цоохүүтэй ярилцлаа.


Физикийн шинжлэх ухаан гэж юу болох талаар тантай товч тодорхой ярих гэсэн юм. Учир нь өнөөдөр физик ер нь ямар хэрэгтэй юм гэх ойлголт манай нийгэмд байна?

-Физик бол шинжлэх ухааны судалгааны гүн гүнзгий чанараараа , амьдрал практикт ойрхон байдгаараа, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд үзүүлж байдаг нөлөөллөөрөө байгалийн шинжлэлийн салбар дотроо яах аргагүй хошуучлагч нь мөн. физик мэдээж дангаараа хөгжихгүй, математик дээр тулгуурлана, мөн химитэй нягт холбогдож ирнэ. энэ гурван салбар биенээ нөхөж явдаг онцлогтой. физик байхгүй бол гээд бодохоор маш ойлгомжтой шүү дээ. Энэ гэрэл цахилгаан, машин техник, компьютер, гар утас өнөөгийн мэдээллийн технологийн хөгжил гээд энэ бүхэн байхгүй. ойрын үед хүн төрөлхтөн сарыг эзэмших тухай ярьж, ихэнх орнууд байр сууриа бэхжүүлж авах гэж уралдаж байна. мөн ирээдүйд Ангараг гариг дээр амьдрал цогцлоох тухай ярьж байна. Энэ бүхний дэвсгэр суурь шинжлэх ухаан нь физик. гэтэл манайд физик ер нь хэрэгтэй юм уу гэх хандлага байгаа нь маш харамсалтай.

Физик хүмүүст яг юу өгдгийг та энгийнээр хэлэхгүй юү?

-Физик, математик хүний сэтгэхүйг хөгжүүлнэ. уран гоё сэтгэлгээг бий болгоно, гэхдээ энэ нь үгийн гоё сайхнаар биш, байгалийн хувьсал хөдөлгөөнөөр илэрхийлэгдэнэ. Хэл, сэтгэхүй хоёр холбоотой. Тэгэхээр сэтгэхүй нь хөгжсөн хүний хэлж ярьж байгаа нь бодитой, оновчтой байдаг. Өнөөдөр нэг юм яриад маргааш өөр нэг юм яриад явна гэж байхгүй. дээрээс нь физик бол хүнийг аливаа юманд үнэнч болгож төлөвшүүлдэг. яагаад тэр вэ гэхээр шинжлэх ухаан нь өөрөө нарийн зүй тогтолтой, тодорхой үзэл баримтлалтай, түүндээ суурилж явдаг дур зоргын зүйл биш учир.ийм код тархинд нь бат суусан хүн наад зах нь худал хэлж чаддаггүй. Өөр нэг гол онцлог нь байгалийн шинжлэх ухаанд суурилсан хүн амьдралдаа цэгцтэй, сахилга баттай байдаг.

Таньж мэдэхийн хорхойтой болчихдог. Тийм учраас олон юм бодоод байхгүй, тухайлбал тэр хүнд хөрөнгө мөнгө, алдар нэр, дарга болох карьер нээх сонин биш болчихдог. Ийм хүмүүс байр байрандаа ажиллах дуртай, чаддаг юмаа төгс хийхийг л бодно. Тэдний хийж зорьж буй ажил, зохион бүтээж буй зүйл нь улс оронд маш хэрэгтэй. Үндсэндээ баялаг бүтээж байгаа, тэр дундаа оюуны өндөр багтаамжтай баялгийг бүтээж байгаа. Физикч гэж ийм хүн болдгийг манайхан мэддэг байсан учир хуучин цагт хамгийн онцгой хүмүүс нь физик, хими, математик, газар зүй, биологийнхон байлаа шүү дээ. Хөдөө суманд гэхэд математик, физикийн багш нар асар их нэр хүндтэй байлаа.

Энэ байдал юунаас болж өөрчлөгдөөд өнөөдөр Их, дээд сургуулийн физикийн анги оюутангүй хоосон байна вэ?

-Өнөөгийн нийгэм мөнгө ноёлсон нийгэм. Мөнгө олж сайн сайхан амьдарна гэдэг огт буруу биш. Харин ирээдүйтэй даацтай мөнгө хаанаас гарах вэ гэхээр физикийн шинжлэх ухаан дээр суурилж л гарна. Залуу үеийнхэн үүнийг сайн ойлгохгүй байна уу даа. Хөнгөн хуумгай байгаа нь үүнтэй холбоотой. Мэдээллээр дүүрсэн энэ цагт хүүхэд залуучууд эндээс ч нэг мэдээлэл аваад, тэндээс ч нэг мэдээлэл аваад физикийг амархан сурчих юм шиг ойлгоод байна. Гэвч физик чинь тиймгүй, маш их удаан суухаас аваад тэвчээр бүх л зүйлийг шаарддаг амаргүй шинжлэх ухаан. Амьдралаа зориулж байж амжилт гаргахаас орон гаран, босон суух сурчихдаг юм биш л дээ. Мөн багш нар физикийн амт шимтийг хүүхдүүдэд багаас нь мэдрүүлж, ойлгуулахгүй болохоор тоо физикээс айх, хөнгөн хийсвэр явахыг боддог болсон. “Та нар тоо физикийг эзэмшсэнээр сайн сайхан амьдарна” гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Эхлээд хэцүү амаргүй, түвэгтэй мэтээр ойлгуулчихвал цаашаа худлаа болно.

Эндээс нэг гогцоо харагдаж байна. Багш нар ялангуяа орон нутгийн багш нар өөрсдөө асуудалтай, ерөнхий суурь тааруу болсны илрэл юм биш үү?

-Тэр үнэн. Үүнийг олон жил ярьсан. Оюутнууд, төгсөгчид муу байна гэхээр арван жилээсээ муу хүүхэд орж ирсэн, бутархай дээр бутархайг нэмж чадахгүй тийм л хүүхэд орж ирсэн. Үүнийг чинь яаж дөрвөн жилийн дотор төгс сургах юм гэдэг. Ийм хэмжээний багш нарыг бэлдээд гаргачихдаг, тэд чинь өөрсдөө хичээл заагаад шавь нараа нааш нь явуулна. Ийм процесс Монголын нийгэмд явагдсаныг нуух шаардлагагүй. Үүний үр нөлөө, тэрхүү мөчлөг өнөөгийн байдалтай яг таарч давхцаад байгаа. Багшийг бэлтгэдэг сургуулиудын чанарыг сайжруулах, дээрээс нь хамгийн гол анхаарах нэг зүйл бол байгалийн шинжлэх ухаанаар мэргэжиж байгаа оюутнуудыг төрөөс бодлогоор дэмжиж урамшуулдаг байх хэрэгтэй. Энэ байдал дутагдаад байна.

Таны хэлсэнтэй санал нэг байна. Манайхан сүүлийн хэдэн жил бөхчүүд, дуучид, жүжигчид, морин хуурчид, тамирчдыг багаас нь дэмжсэн. Ерөөсөө шилдэг сурагч, оюутнууд гэвэл урлаг, спортынхон л байсан. Төр засгийн энэ буруу бодлого айхавтар нөлөөллөө?

-Тийм ээ, энэ бол хүүхдийн сэтгэхүйд айхавтар нөлөөлсөн. Орчны нөлөө гэж байна. Хүн чинь нийгмийн амьтан, тухайн үеийн нийгмийн ухамсар аль талдаа байна, тэрнийг дагадаг. Хувь хүнийг шүтэх, би гэдэг барууны үзэл Монголд айхавтар нэвтэрсэн. Ер нь тэгээд физик, математикт оюутан элсэхгүй болоод эхэлнэ гэдэг боловсролын систем нуран унахын л цондон. Боловсрол унах юм бол улс орон уруудахаас өөр ямар ч зам байхгүй. Энд нэг зүйлийг жишээ болгоход, үнэн худлыг нь сайн мэдэхгүй юм. Украиныг сүйрүүлэхийг америкчууд дээр үеэс хийсэн гэдэг. Эхлээд боловсролыг нь унагасан гэж байгаа юм. Оросын шинжлэх ухааныг муулаад л, барууны юмыг яриад л. Ингээд 10-аад жил болсны дараа үр дүн нь яаж гарсан бэ гэхээр тааруухан боловсролтой гудамжны гэж хэлж болохоор нөхдүүд армиараа гараад ирэхгүй юү. Тэгээд л хувьсгал болсон шиг байгаа юм. Цөөхөн хүн амтай улсад барууны систем сайн тохирохгүй л болов уу. Манай улс дээд дунд боловсролынхоо философийг одоо хүртэл гаргаж чадаагүй гээд яривал олон зүйлийг хэлэх байна. Манайх боловсролынхоо философийг тодорхойлж чадаагүй байхад дэлхий юу болж байна. Сүүлийн таван жилд орчлон ертөнцийн судлалд хоёр том нээлт гарсныг бид мэдэж байгаа. 2015 онд таталцлын долгионыг бүртгэсэн. Сүүлд мөн хар нүхний зураг авч дэлхий даяар шуугиан боллоо. Энэ хоёр бол олон улсын маш том төсөл байсан. Энэ талаар эрдэм шинжилгээний том өгүүлэл бичигдсэн, тэрхүү өгүүлэл нь хичнээн зохиогчтой гэж бодно. 1000 зохиогчтой шүү дээ. Үүнд дэлхийн 60-аад орон орсон. Монгол байхгүй. Гэтэл манайхаас хөгжил дорой гэж Ангол, Зимбабве, Гивиней, Афганистан, Чили гээд улсуудаас судлаач эрдэмтэд оролцоод нээлт хийсэн гээд явчихаж байна. Монгол Улс олон улсын томоохон төсөлд заавал оролцох ёстой.

Тэр мэдээж байлгүй яахав. Эхлээд ямар төсөлд оролцох ёстой вэ. Мөн физикийн шинжлэх ухаанд хүлээгдэж байгаа нээлтүүдийн талаар товч хэлэхгүй юү?

-Олон улсын төсөлд оролцоход Засгийн газраас санхүүжилт гаргах ёстой. Манайх одоо Дубнатай холбоотой байна. Дубна чинь олон улсын төсөл шүү дээ. Одоо бол физикт асар их нээлтүүд хүлээгдэж байна. Жишээлбэл, хар материйг дурдаж болно. Орчлонд байгаа энерги болоод матери ихээхэн дутуу байгаа. Үндсэндээ ихээхэн хувь нь мэдэгдэхгүй байгаа. Үүнийг нээх асуудал маш чухал. Хэрвээ хүн төрөлхтөн үүнийг нээсэн цагт технологийн асар их дэвшил гарна. Сарыг эзэмших ажлаас Монгол Улс хоцорч болохгүй л байгаа юм. Сансрын судлалд Монгол идэвхтэй оролцох ёстой. Монгол хүн бол тэнгэрээ харах их дуртай. Нөгөө нэг нэн чухал зүйл нь олон улсын томоохон төсөлд оролцох ёстой юм. Энэ бол Засгийн газраас санхүүжилт гаргана гэсэн үг. Хэрвээ төр засаг нь дэмжээд өгөхөд хүн яаж боловсорч дэлхийд гарч болдгийг Баян-Өлгийн Алтанцөгц сумын казах хүүхэд харуулсан. Сургуулиас гарч хөдөө мал маллаж байсан хүүхдийг математикийн багш анзаарч сургаад улмаас Казахстан явж тэндээсээ улсын зардлаар АНУ-д сураад математикийн мундаг эрдэмтэн болж шуугиулсан.Тэр хүүхэд хууль юм уу, эдийн засгаар сурсан бол ийм амжилтыг гаргаж чадахгүй. Энд нэг зүйлийг онцлоход Орос, Германтай хамтарч хойт хил орчимд сансрын бөөмс бүртгэх цогцолбор байгуулах саналыг манайд тавьсан. 15 га газар 1000 орчим бүртгэгч багаж байрлуулна. Хөрөнгө нөгөө талаас гарна. Бид бол газар нутгийнхаа давуу талыг ашиглуулж хүнээ сургана. Хамтарч судалгаа хийнэ. Энэ боломжийг алдаж болохгүй.

Юун түрүүнд олон улсын хоёр байгууллагад Монгол Улс албан ёсоор элсэж судлаачдаа бэлдэж ажилд нь оруулах хэрэгтэй байна. Нэг нь Европын цөмийн физикийн төв гэж байгаа. Энэ бол үнэндээ алдартай том газар. Мөн Бээжингийн цөмийн физикийн хурдасгуур. Энэ бол дэлхий дээр цор ганц байгаа. Үүнд бид хамтын ажиллагаа өрнүүлэх бололцоотой харагдаад байгаа юм. Олон улсын том төсөлд оролцоно гэдэг чинь тухайн улсын нэр хүнд их өснө. Жишээлэхэд, манайх 40 жилийн өмнө сансарт ниссэнээрээ өнөөдөр Монголын нэр хүнд ямар байгаа билээ. Тэрхүү сансрын нислэг бол олон улсын төсөл байсан. Сүүлийн үед ийм юм байхгүй болчихоод байна. Сар байна, мөн Антарктид тив байна, урд хойд мөсөн туйл. Энэ бол хүн төрөлхтнийг сонирхлыг маш ихээр татаж байна. Урд туйл Антарктид дээр манайхаас нэг залуу очоод гэр барьсан, гэрийн чинээ газар авсан гэж байгаа. Энэ бүхний үндсэн суурь нь физикийн шинжлэх ухаан шүү дээ. Америк саяхан Ангараг гариг дээр хөлгөө яаж буулгасан гэж болно. Тэр хиймэл дагуулын Ангараг дээр хамгийн ойртох цэг нь ердөө ганцхан минут байсан. Ангаргийн таталцал дотор орох ганцхан минутыг хэрвээ ашиглаж чадаагүй өнгөрүүлбэл хөлгөө буулгаж чадахгүй байсан. Юм чинь ийм нарийн тооцоололтой шүү дээ. Одон орон, газар зүй гэхээсээ цэвэр физикийн асуудал.