Categories
мэдээ нийгэм

Монгол болон Энэтхэгийн цар тахлын нөхцөл байдлыг харьцуулав

Өнөөдөр дэлхийн цар тахлын халуун цэг болоод байгаа Энэтхэг улсын нөхцөл байдлыг Монгол улсынхтай харьцууллаа.

Ингэхдээ Оксфордын их сургуулийн боловсруулсан тоо баримтыг Our World In Data статистик мэдээллийн порталаас авч ашигласан юм.

Үүнээс харвал нэг сая хүн тутамд оногдох нэг өдөрт шинээр илэрсэн халдварын тохиолдлоор Монгол улс Энэтхэг улсаас илүү гарчээ.

Гуравдугаар сараас эхлэн энэ үзүүлэлт Монгол улсад огцом нэмэгдэж, Энэтхэгийн тоон үзүүлэлтийг давсан байна.

Covid-19 өвчнөөр нэг сая хүн тутамд оногдох нэг өдөрт нас барсан хүний тоогоор харьцуулбал энэ сарын эхнээс хоёр улсын үзүүлэлт зэрэгцэж байснаа сүүлийн хэд хоногт Энэтхэгийн үзүүлэлт Монголынхоос давж гарчээ.




Эх сурвалж: Ikon.mn

Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймаг PCR шинжилгээний аппараттай болжээ

Завхан аймгийн Нэгдсэн эмнэлэг PCR шинжилгээг орон нутагтаа хийх боломжтой боллоо.

“Эрүүл мэндийн яамнаас Завхан аймагт PCR шинжилгээний аппарат олгохоор шийдвэрлэж аппарат, урвалжууд, дагалдах тоног төхөөрөмжүүдийг өчигдөр аймагт ирүүлээд байна. Аймгийн Нэгдсэн эмнэлэг дээрх тоног төхөөрөмжүүдийг хүлээн авч суурилуулаад байгаа бөгөөд зарим нэмэлт багаж хэрэгслүүдийг орон нутгаасаа шийдвэрлэж байна. Аппаратыг суурилуулснаас хойш 24 цагийн дараа шинжилгээ хийдэг байна. Тиймээс дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс PCR шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлэгтээ хийхээр төлөвлөөд байна. Ковид-19-ын шинжилгээг аймагтаа хийдэг болсноор шинжилгээтэй холбоотой хугацаа алдах, илүү зардал гаргах асуудал шийдэгдэж байна” гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. Харин өнөөдөр Их-Уул, Тосонцэнгэл сумын 360 гаруй иргэний PCR шинжилгээний сорьцыг Хөвсгөл аймаг руу тээвэрлэжээ.

Categories
мэдээ улс-төр

Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд хориг тавив

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавилаа.

Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан тул өнөөдөр 12:00 цагаас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 13:00 цагаас Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар ҮХЦ-ийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсон юм.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Их Хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн 38 дугаар тогтоолыг баталж, 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, чандлан сахиулах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц манах ёстой Үндсэн хуулиа болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудыг бүдүүлгээр зөрчиж, төрийн үйл ажиллагаанд хатуу мөрдөгдөх ёстой “ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх” зарчмыг үл тоомсорлосон байна. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас Монголын ард түмэн, Монгол хүний эрх, эрх чөлөөг дээдлэх бус зөвхөн Монгол ардын намын эрх ашгийг хангаж, илэрхий үйлчилсэн захиалгатай гэж үзэхүйц нэн бусармаг шийдвэр гаргасныг Улсын Их Хурал дахь Монгол ардын намын хэт олонхыг бүрдүүлсэн Улсын Их Хурлын гишүүд нэн шуурхай баталгаажуулсан байна.

Монгол ардын нам, түүний удирдлага, гишүүдийн зүгээс явуулж буй улс төрийн өрсөлдөгчөө дарж авах, сонгуульд оролцуулахгүй байх үндсэн зорилго бүхий энэхүү зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь Монгол төрийн түүхэнд гутамшиг болон үлдэх тул Улсын Их Хурал энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц арга байдлаар залруулах шаардлагатай гэж үзэж байна.

Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөс улбаатай, хууль зүйн хувьд огт маргаангүй асуудлыг улс төрийн зорилгоор маргаан болгож, түүнийг шийдвэрлэхдээ олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх аргагүй бусармаг байдлаар ажиллаж, Үндсэн хуулийн цэц дотооддоо хүртэл зөрчилдлөө.

Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн Бага суудлын хуралдааныг цөөнх болсон нэг гишүүн нь хаян гарч шийдвэрийг нь албажуулалгүй зугтсан, энэхүү Бага суудлын хуралдаан үргэлжилж байгаа гэсэн мэдээлэлтэйгээр 20 орчим хоног гацсан, үүний дараа шууд Дунд суудлын хуралдаанаа зарласан, энэхүү Дунд суудлын хуралдаан нь Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг илэрхий зөрчсөн нөхцөлд, Бага суудлын хуралдааныг будлиантуулсан Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяраар даргалуулж цагдаагийн өндөр хамгаалалт дор нэн хаалттай хуралдсан зэрэг олон ноцтой асуудлыг дагуулсан.

Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим тул ийм бусармаг байдалд гарсан шийдвэрийг Монголын төр, үүний дотор төрийн эрх барих дээд байгууллага болох Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч, эвлэрч болохгүй.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн цэцээс өөр хоорондоо зөрчилтэй хоёр шийдвэр гарч, Бага суудлын хуралдааны шийдвэр Монгол ардын намд таалагдаагүй учир хууль бусаар дарагдаж, Дунд суудлын хуралдааны шийдвэр эрх баригчдын таалалд нийцсэн тул албажиж, хууль болох шатандаа явж байна.

Үүнийг хүлээн зөвшөөрөх нь Монголын ард түмнийг хэт басамжилсан хэрэг болно гэдгийг эрх баригчид, Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн тунгаан бодох хэрэгтэй.

Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Цэц асуудлыг дахин хянаж, Их суудлынхаа хуралдаанаар, бүрэн бүрэлдэхүүнээрээ эцэслэн шийдвэрлэх хуультай.

Иймд хуулийн илэрхий зөрчилтэй, хуйвалдааны шинжтэй гарсан Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авахаас татгалзаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ /Их суудлынхаа хуралдаанаар/ эцэслэн шийдвэрлэж хууль зүйн алдаа, зөрчлөө засах боломжийг олгох нь зүйтэй гэж үзэж байна.

Энэ нь Монгол төрийн түүхэнд үлдэх нэгэн гутамшгаас зайлсхийж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц төр оршихын эх үндэс болно гэдгийг онцолъё.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Их Хурлын 38 дугаар тогтоолд бүхэлд нь хориг тавьж байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

АН: Ирэх сарын 1-нд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна

АН-аас Дээд шүүхийн шийдвэр болоод Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 30-нд болоx Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx цаxим сонгууль, нэр дэвшигчдийн бүртгэл, Монгол Улсын Ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчийг батламжлаx 12 дугаар цаxим иx хурлын талаар мөн Улсын дээд шүүхийн шийдвэрийн талаарx мэдээллүүдийг xүргэлээ.

ДОСX-ны дарга X.АЛТАНXУЯГ: Нам дотроо Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаар зохион байгуулалтын ажлыг хангаж байна. Дөрөвдүгээр сарын 30-нд Монгол Улсын ерөнxийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшигчдийн бүртгэл 09.00-15.00 цаг хүртэл явагдана. Харин санал хураалт тавдугаар сарын 1-ний өглөө 09.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн бүрдүүлэх материалын жагсаалтыг гарсан. Үүнд:

  • Нэр дэвшигчийн өргөдөл, маягт
  • Ажил, албан тушаалаас чөлөөлсөн тухай шийдвэрийн хуулбар,
  • ТЕГ-ын тодорхойлолт
  • Нэр дэвшигчийн намтар,
    Иргэний үнэмлэхний хуулбар,
  • Төрсний гэрчилгээ,
  • Хил, хамгаалах байгууллагын тодорхойлолт,
  • Иргэний үнэмлэхний лавлагаа, мэдээлэл
  • Ял эдэлсэн эсэх тодорхойлолт,
  • ХОМ-ийг урьдчилсан байдлаар бичгээр өгөх,
  • Цээж зураг хоёр хувь,
  • Сонгуулийн зардал тушаасан баримт
  • Зээл төлөлттэй холбоотой эсэх баримт бичгүүдийг бүрдүүлнэ.

АН-ын дэд дарга Ц.ОЮУНДАРЬ: АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа маргааш эхэлнэ. Одоогоор нэр дэвшихээ олон нийтэд илэрхийлсэн хоёр хүн байна. Маргааш бүртгэл дууссаны дараа 15.00-16.00 цагийн хооронд Дотоод сонгуулийн хороо нэр дэвшигчдийн материалтай танилцаж, дүгнэлтээ гаргана. 16.00 цагаас нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулаад, 17.20 цагаас халз мэтгэлцээн зохион байгуулна. АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ олон нийтэд зарласан хоёр хүн бий. Бусад нэр дэвшигчдийн хувьд маргааш тодорхой болно. Тавдугаар сарын 1-нд дотоодын сонгууль явагдаж, нийт 140 мянган гишүүн нэр дэвшигчийг тодруулна.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.ӨНӨРБАЯР: Улсын дээд шүүхийн хуралдаанаар хоёр талын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргасан. Миний ойлгож байгаагаар үндэслэл нь Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу улс төрийн намын дотоод болон маргаантай асуудалд оролцохгүй гэсэн зарчим барьсан. Бид энэ асуудлаар шүүхэд хандах хууль зүйн гаргалаа бий. АН Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн буруу ойлголт яваад байна. АН УИХ-д суудалтай, бүлэгтэй. Өнөөдөр хуучин намын даргын өмнөх бүртгэл хууль зүйн хувьд хүчинтэй байгаа. Хэрэв шинэ дарга бүртгэгдсэн бол хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн намын гэрчилгээ дээр шинээр бичилт хийж, мэдээллийг нь өөрчлөх байсан. Ерөнхийлөгчийн сонгууль гэдэг нь төрийн сонгууль. Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу явагдана. Түүнээс биш АН-ын дотоод асуудал дүрмээр зохицуулагдана. АН-ын дотоод маргаантай холбоотойгоор Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэсэн буруу ойлголт нь ташаа гэдгийг хэлмээр байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД АН-ААС НЭР ДЭВШИГЧИД ТАВИХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА:

Нэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах зарчмыг баримталж ажиллана. Үүнд:

  1. Хувь хүний эрх, эрх чөлөөний эсрэг ямар нэг санал, санаачилга гаргахгүй байна.
  2. Хувийн өмчийн эсрэг үг, үйлдэл, санал, санаачлага гаргахгүй байна.
  3. 1992 оны Үндсэн хуулийн суурь үзэл санаа болох Парламентын засаглалыг тууштай хамгаалагч байна.
  4. Хүн төрөлхтний нийтлэг ололт болсон “Цаазын ялыг устгасан хууль”-ийг сэргээх санал, санаачилга гаргахгүй байна.
  5. Улс төр, эдийн засаг, тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлогыг тууштай дэмжигч байна.

Хоёр. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Хууль бусаар хөрөнгөжөөгүй, орлогын аливаа эх үүсвэр нь тодорхой байна.
  2. Монголын болон монгол туургатны ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна.
  3. Монгол бичгээ эрхэмлэн дээдэлдэг байна.
  4. Түүх, соёл, уламжлалаа дээдлэн хүндэтгэгч, тээгч байна.
  5. Хоёроос доошгүй гадаад хэл эзэмшсэн байна.

Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч нь дараах үүргийг хүлээнэ. Үүнд:

  1. Нийгмийн сүлжээнд иргэдийг блоклодоггүй байна.
  2. Өдөр тутмын ажил болон гэр бүл нь шилэн байна.
  3. Хүний эрхийн өндөр мэдрэмжтэй байна.
  4. Сайн дурын үйл ажиллагааг ямагт дэмжигч байна.
  5. Ажлын албаа хүйсийн тэнцвэртэй байдлыг тэгш хангах зарчмаар байгуулна
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хулгайтай холбоотой 13 дуудлага бүртгэгдэж, 123 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 792, хулгайтай холбоотой 13, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 85, гэмт хэргийн шинжтэй 32 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 35, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 74, хүний биед халдсан 28, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 56, эрүүлжүүлэгдсэн 123, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 51 тохиолдол гарсан байна.

нэг буюу түүнээс олон хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмчилгээний бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж, нас баржээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн “ковид”-ын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч зургаан давхраас унаж нас баржээ.

СБД-ийн 1-р хороо “Нэгдүгээр эмнэлгийн зүүн жигүүрийн зургаан давхраас хүн унаж нас барлаа” гэсэн мэдээлэл дөрөвдүгээр сарын 29-ний 00:23 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Амь хохирогч тус эмнэлгийн сувилагч ажилтай хүн байсан бөгөөд хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар СБД-ийн Цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байна.

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг цагдаагийн байгууллагаас шалгаж тогтооно” гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Энэ оны нэгдүгээр улиралд “Apple” компанийн орлого 54 хувиар өсчээ

“Apple” компанийн орлого энэ оны эхний гурван сарын байдлаар 89.6 тэрбум ам.долларт хүрсэн тухай тус компанийн санхүүгийн тайланд дурдсан байна.

Тайлант үеийн гуравдугаар сарын 27-нд дууссан эхний улирлын дүнд компанийн орлогыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 54 хувиар өсчээ. Компанийн цэвэр орлого хоёр дахин нэмэгдэж, 11.24 тэрбум ам.доллароос 23.63 тэрбум ам.долларт хүрчээ.

Компанийн гол бүтээгдэхүүн болох “Iphone” ухаалаг гар утасны борлуулалтаас олсон орлого 47.9 тэрбум ам.долларт хүрсэн байна.

“Газарзүйн байршлаас хамаарсан зах зээлийн сегмент бүрт хамгийн өндөр үзүүлэлтүүд бүртгэгдэж, бүтээгдэхүүний ангилал бүрт хоёр оронтой тоон үр дүн үзүүлсэнд бид баяртай байна” гэж “Apple”-н санхүүгийн захирал Лука Маэстри мэдэгджээ.

Дэлхийн хамгийн том технологийн компаниудын нэг “Apple” 1976 онд байгуулагдсан бөгөөд “iPhone” ухаалаг гар утас, “iPad” планшет, “iMac” компьютер, “MacBook” нөүтбүүкээс гадна бусад өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, тус компанийн зах зээлийн үнэлгээ 2.24 их наяд ам.долларт хүрдэг байна.

Categories
мэдээ улс-төр

Хоршооны тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлж, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Уг тогтоолын төсөлд хоршооны шинэчилсэн бүртгэлийг хууль батлагдсанаас хойш нэг жилийн дотор хийх; сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх; хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс даяар сурталчлан таниулах, хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгох зэрэг асуудлаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгасан байна.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр улсын хэмээнд 4377 хоршоо бүртгэлтэй байгаагаас 3693 хоршоо нь аймгуудад, 684 нь Улаанбаатар хотод байна. Хоршоо нь өрхийн бичил бизнесээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, тухайн сум, баг, аймаг, дүүргээрээ нэгдэж, хөдөлмөрөөрөө хоршин, хүртэх орлого, ашгаа нэмэгдүүлэх боломж бөгөөд хүн амын ядуурал, ажилгүйдэл, ялангуяа хөдөө орон нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулах боломжтой салбар юм.

Дээрх хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл буюу Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийг төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг гишүүдийн олонх дэмжлээ.

Үргэлжлүүлэн Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Дүрслэх урлагийн музей: Лагшины хот мандал буюу лойлон

Лагшины хот мандал нь XX зууны эхэн үеийн Монголын нэрт урчуудын хамтран урласан уран барилгын өвөрмөц дурсгал, Монголын бурхны шашны хөгжлийг тодорхойлохуйц хосгүй үнэт өвийн нэг юм.

Тус лойлон нийт 1818 нэгжээс бүрдэх ба нэг ч хадаас ашиглаагүй, модон углуургын аргаар бүтээжээ.

1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улсыг тунхаглан зарлаж, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа 1914 онд Дүйнхорын хот мандлыг байгуулсан нь төр, шашин талаасаа Монгол Улс өнө мөнх оршин тогтнохыг бэлгэдэн бүтээсэн байна.

Хот мандал /бурхны орон/-ыг модоор бүтээсэнг лойлон гэнэ. Эх дагины аймаг анх байгуулагдахад хааш хаашаа 20 чий /нэг чий 32 см/ хэмжээтэй Дүйнхорын лойлонг бүтээсэн байна.

Их хүрээний дэд хамба лам Дэчингалбын Дорж Ловон Цогтзандан, Дүйнхорын аймгийн Содномдаржаа тэргүүнтэй лам нар зохион зааварлаж, Дүйнхорын лойлонг Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он /1914/ хөх бар жил Их хүрээний шилдэг урчууд, халх дөрвөн аймаг, шавь тавын захиргаанд байсан тэргүүн зураач, сийлбэрч, дархны урчуудыг дайчлан 2-3 сарын хугацаанд хус, дал модоор сийлж, унжлага гоёж, чимэглэлийг зэсээр хөөмөлдөж, алтаар шарж бүтээн урлажээ.

Нийслэл хүрээнд энэхүү хот мандлыг бүтээхэд 200 гаруй урчууд оролцсоноос Дүйнхорын аймгийн Содномдаржаа, Андуу нарын аймгийн Тавхайбор, Жамбалдорж, Намдлингийн аймгийн Лувсан, Шүтээний аймгийн Дугаржав нарыг дурдаж болно.

1966 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Богд хааны ордон музейгээс Дүрслэх урлагийн музейд шилжин ирж, 1969 оны 4 дүгээр сарын 3-ны “Монголын Дүрслэх урлагийн музейн үзмэр худалдан авах ба бүтээлийн үнэ тогтоох комисс”-ын 45-р тогтоолоор музейн сан хөмрөгт бүртгэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Коронавирусийн улмаас 37-89 насны таван иргэн нас барлаа

ЭМЯ-наас сүүлийн 24 цагт 1015 хүн халдвар авлаа. Мөн 37-89 насны таван иргэн хүнд хэлбэрийн коронавирусын халдварын улмаас нас баржээ.

Биеийн байдал маш хүнд иргэн 109 байна.

Нас барсан иргэдийг насны ангилаар авч үзвэл:

  • 55 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош баттагдсан
  • 37 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан
  • 89 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 10-нд
  • 78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд
  • 89 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад ковидын нэн хүнд хэлбэрээр намс барлаа.