Categories
амьдралын-өнгө мэдээ

Архангай аймагт хаврын тариалалтын бэлтгэл ажил 50 гаруй хувьтай байна

тариа

Аймгийн хэмжээнд 15.0 мянган га талбайд үр тариа, үүнээс улаанбуудай 10.0 мянган га-д, малын тэжээл 3300 га-д, хошуу буудай үрийн зориулалтаар 200 га-д, тосны ургамал 1500 га талбайд тариална. Мөн төмс 264 га талбайд, хүнсний ногоо 139 га-д, жимс жимсгэнэ 69 га талбайд тариалахаар төлөвлөж байна.

Хаврын тариалалтын бэлтгэл ажилд зориулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих санд 2220 тн үр, 133 тн шатахуун, 45 тн бордоо, 37758 литр ургамал хамгааллын бодис, 50 литр үр ариутгагчийн захиалгыг хүргүүлжээ. Үүнээс гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Хөдөө аж ахуйг дэмжих” хөтөлбөр, “Нэг малчин – Нэг өвөлжөө – 10 ар /100×10 хэмжээтэй газар/” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд малчин өрхөд тэжээлийн ургамал тариалахад дэмжлэг болгож энэ онд 700 гаруй га талбайд тэжээлийн ургамал тариалах үр, техник, шатахууны дэмжлэг үзүүлнэ.

Мөн Өрх бүр тариаланч хөдөлгөөн өрнүүлж, 285 өрхөд хүнсний ногоо тариалахад нь үрийн дэмжлэг үзүүлнэ.

Хаврын тариалалтын бэлтгэл ажил 50 гаруй хувьтай байгаа бөгөөд тариаланчдыг Улаанбаатар хот, бусад аймгаас ирэхэд нь коронавирусээс урьдчилан сэргийлэх вакцин, PCR шинжилгээнд хамруулж /356 тариаланч/ улс, аймгийн Онцгой комисс, сумын удирдлагуудтай хамтран халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн тариалалтын ажлаа саадгүй явуулах нөхцөл боломжоор хангаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

УОК: Хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргалаа

УОК хөл хориог 14 хоногоор сунгах санал гаргажээ. Тус саналыг маргааш болох Засгийн газрын ээлжит бус хурлаар эцэслэн шийдвэрлэнэ.

УОК-ын дэргэд ажиллаж буй эрдэмтэд болон ЭМЯ хөл хориог сунгах саналтай байгаа юм. Энэ сарын 12-ноос улс даяар хатуу хөл хорио тогтоосон боловч нийслэлд өдөрт 1200-1300 тохиолдол илэрсээр байгаа тул дээрх саналыг гаргажээ.

Categories
мэдээ нийгэм

Хилийн чанадад оршин суугаа иргэд сайн дурын НД-д хамрагдах боломжтой боллоо

Хилийн чанадад оршин суугаа иргэд сайн дурын нийгмийн даатгалд цахим хуудас болон гар утасны аппликэйшнээр дамжуулан хамрагдах боломжтой боллоо.

Тиймээс “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн эсвэл даатгуулагч нарт зориулсан www.ndaatgal.mn вэбсайтыг ашиглана.

Ингэснээр иргэн та шинээр гэрээ байгуулж, гэрээгээ сунгахаас гадна өөрийн харилцагч банкны систем рүү шууд холбогдож шимтгэлийн төлбөрөө төлөх, төлөгдсөн шимтгэлээ хянах боломжтой.

Сайн дурын даатгалд цахимаар хамрагдах заавар, нийгмийн даатгалын мэдээ, зөвлөгөөг холбоосоор орж авна уу.

Categories
гадаад мэдээ

Эрик Кантона В.Путинд нээлттэй захидал бичжээ

Барууны урлаг соёл, спортын зүтгэлтнүүд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд хандан нээлттэй захидал бичсэнээ The Economist, Le Monde цахим хуудаст байршуулжээ.

Захидал шоронд хоригдож буй Алексей Навальныйд эмнэлгийн тусламж үзүүлэхийг хүссэн агуулгатай бөгөөд бичсэн хүмүүсийн дотор хөлбөмбөгийн амьд домгуудын нэг, “Манчестер Юнайтед” багийн довтлогч асан Эрик Кантона байгаа аж.

Захидалд “Алексей Навальный нь мэдрэлийн гаралтай өвчнөөр шаналж, хөл, гараа мэдрэхгүй болсон, дээрээс нь хүчтэй ханиалгаж халуурч байна. ОХУ-ын иргэн шоронд хохригдсон ч эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй. Тиймээс Ерөнхийлөгч В.Путин та ОХУ-ын бусад иргэдийн нэгэн адилаар эдэлдэг эрхийг нь эдлүүлж, эмчилгээ сувилгаа хийхийг хүсэж байна” гэх зэргээр бичсэн байна. А.Навальныйг өнгөрсөн гуравдугаар сарын 31-нээс хойш өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь тааруухан байгаа юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржид өнөөдөр 4.6 сая хувьцаа арилжжээ

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, энгийн арилжаагаар 41 ХК-ийн 2,291,490,580.06 төгрөгийн үнийн дүн бүхий 4.6 сая хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 22 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр “Үндэсний хувьчлалын сан” (XOC+15.00%) болон “Ард кредит ББСБ” ХК (ADB+7.84 хувь )-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Э-Транс ложистикс” (ETR-12.24 хувь) болон “УБ-БҮК” ХК (BUK-11.41 хувь)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 181,567 нэгж эрхийг нийт 102.2 сая төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.8 хувиар өсөж, 37885.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,772,856,525,544.98 төгрөг боллоо.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Спутник” вакцины хоёр дахь ээлж энэ долоо хоногт ирнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд төрсөн өдрийг нь тохиолдуулан элэгсэг дотно мэндчилгээ ирүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатарт талархаж, ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкогийн ирүүлсэн цахилгааныг Элчин сайд И.К.Азизов гардуулан өглөө.

Тэрбээр энэ онд ОХУ, Монгол Улсын хооронд найрамдал, хамтын ажиллагааны Гэрээ байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байна. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгын дагуу хатагтай В.И.Матвиенкогийн Монгол Улсад айлчлах айлчлал энэ онд хэрэгжинэ гэдэгт найдаж байна гэж мэдэгдлээ.

Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ноён Элчин сайд хөндөж ярьсан үгэндээ Монголын “Эм импекс” компанитай хийсэн гэрээний дагуу коронавируст халдвараас сэргийлэх 10.000 тун “Спутник” вакцин өмнө нийлүүлэгдсэн бөгөөд хоёр дахь ээлж нь энэ 7 хоногт багтаж ирнэ. Эрүүл мэндийн яамны шугамаар нийлүүлэх вакцины нийлүүлэлтийн хугацаа, графикийг нарийвчлан, тодорхой болгох шаардлагатай байна. Нийтдээ ОХУ-аас 1.0 сая тун вакцин нийлүүлэгдэнэ гэдгийг онцоллоо.

Түүнчлэн ОХУ-аас Монголын нутгаар дайруулан тавих хийн хоолойн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах судалгааны ажил дуусаж, хийн хоолойн энэ маршрут эдийн засгийн хувьд үр ашигтай болох нь урьдчилсан байдлаар тодорхой болж байгаад баяртай байна гэв.

Ноён Элчин сайд И.К.Азизов үргэлжлүүлэн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа, төмөр замын зарим асуудал, хоёр орны хооронд байгуулахаар төлөвлөж буй “Нийгмийн хамгааллын тухай” гэрээ зэрэг асуудлыг хөндөж ярив.

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын төр, засаг иргэдээ коронавируст халдвараас сэргийлэх вакцинжуулалтын арга хэмжээг шуурхай, амжилттай хэрэгжүүлж байгаагийн үр дүнд халдвар авсан хүний тоо эрс цөөрч буйд хөрш орны хувьд бид баяртай байна гээд, Монголд ирүүлэх вакцины нийлүүлэлт, хийн хоолойн төслийн талаар сайхан мэдээ дуулгаж байгаад талархал илэрхийлье гэв.

Тэрбээр, ОХУ-ын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеевийн дэвшүүлсэн Монгол, Оросын парламент хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах санаачилгыг бүрэн дэмжиж байна. Энэ механизм хоёр орны Стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх, хууль тогтоох байгууллагууд харилцан туршлага солилцох, парламентын хамтын ажиллагаа бэхжин хөгжих шинэ алхам болно гэдэгт найдаж байна гэж онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн вакцины нийлүүлэлэлтэд онцгой анхаарал хандуулахыг ноён Элчин сайд И.К.Азизовоос хүсээд, түүний хөндсөн асуудлуудыг холбогдох яам, байгууллагуудтай хамтран, ойрын үед шийдвэрлэх болно хэмээн онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Энэ жил СХД-ийн хэмжээнд шинээр 6800 гэрэлтүүлэг тавина

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах аян”-ыг зарласан.

Энэ хүрээнд дүүргийн 1500 орчим гэрэлтүүлгийг засч сэлбэх, будах сэргээх ажлыг хийж байна. Тодруулбал, Зүүн салаа, Баруун салааны автозамын гэрэлтүүлгийн 100 ширхэг шонг засаж сэлбэх ажлыг дөрөвдүгээр сарын 15, 16, 17-нд хийсэн. Харин өнөөдөр дүүргийн хажууд зам буй үйлдвэрчний гудамжны гэрлийн шонг засч сэлбэж, будах ажлыг хийж байна.

Энэ онд дүүргийн хэмжээнд Австри Улсын хөрөнгө оруулалтаар 6800 ширхэг гэрэлтүүлэг хийхээр төлөвлөн судалгааны ажил дуусаад эхлэхэд бэлэн болжээ. Тус ажил хэрэгжсэнээр дүүргийн 70 гаруй хувь гэрэлтүүлэгтэй болох юм.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байна

2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийслэл, Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг 6 аймгийн 11 суманд нийт 13 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Дээрх түймэрт урьдчилсан байдлаар ойн 9 /га/, хээрийн 280.660 /га/ нийт 280.669 /га/ талбай өртсөн байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр 2021 оны 4, 5 дугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-1.5 градусаар дулаан, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Төв, Архангай, Сүхбаатар зэрэг аймгуудад ой, хээрийн гал түймэр гарах аюултай, Увс, Завхан, Хөвсгөл, Дорнод аймгууд ой, хээрийн гал түймэр гарах дунд зэрэг, Дорнод аймгийн төв болон хойд хэсэг, Завхан аймгийн хойд, Хөвсгөл аймгийн хойд хэсгээр ой, хээрийн гал түймэр гарах бага зэргийн аюултай байна.

Нийт нутгаар хур тунадас харьцангуй багатай, хуурайшилт ихтэй байх төлөвтэй байна.

Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:

-Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,

-Цогтой үнс, нурмаа битүү тагтай саванд хийх,

-Ил, задгай гал түлэхгүй байх,

-Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,

-Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ОБЕГ: Сэлэнгэ мөрөнд осолдсон долоон иргэний гурвынх нь цогцсыг олж, уснаас гаргалаа

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар “Сэлэнгэ мөрөн”-д долоон иргэн осолдсон дуудлагаар ослын аврах бүлэг ажиллаж, өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09:36 цагт Ц 50 настай, эрэгтэй, 10:00 цагт А 5 сартай, эмэгтэй, 16:30 цагт Т 62 настай, эрэгтэйн цогцсыг олж уснаас гаргалаа.

Ослын голомтод аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ё.Пүрэвсүрэнгээр ахлуулсан бүлэг ажиллаж байна. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Монгол залуус анх удаа Олон улсын Дата Шинжилгээний олимпиадад финалд шалгарлаа

Олон улсын дата шинжилгээний дөрөвдүгээр олимпиад зохион байгуулагджээ. Тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс нийт 648 баг оролцсоноос шилдэг 30 багийг шалгаруулсан байна.

Энэ удаагийн олимпиадад Монголын багийн залуус анх удаа сүүлийн шатанд шалгарч, Энэтхэг, Орос, Герман, АНУ, Франц зэрэг улстай өрсөлдөж, 36 цагийн турш даалгавар гүйцэтгэн 5 дугаар байрт шалгарчээ.

Олон улсын дата шинжилгээний олимпиадаар өгөгдсөн датаг ашиглан холбогдох даалгавар, асуултад хариулах, шийдлийг олдог. Энэ удаад ОХУ-ын Otkritie банкинд “Аль харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн санал болговол бүтээгдэхүүнийг авах магадлал өндөр болохыг тодорхойлох, улмаар сонгосон харилцагчдад зээлийн бүтээгдэхүүн санал болгосноор ашгийг хамгийн их байлгах тухай” бодлого бодож, загвар хөгжүүлэн өрсөлджээ. Өгөгдөл нь ихэвчлэн бодит амьдрал дээрх тоон, бичгэн, зурган эсвэл дуу хоолойн бичлэг гэх мэт ямар ч төрөл байж болдог байна. Ингээд оролцогчид уг өгөгдлийг ашиглан,

Өгөгдлийн ухаан (data science)
Хиймэл оюун (artificial intelligence)
Машин сургалтын (machine learning)

арга хэрэгслээр таамаглалын загвар хөгжүүлэх даалгавар гүйцэтгэж 36 цагийн турш өрсөлдсөн байна. Шилдэг 30 багаас бодит байдалд хамгийн ойр бөгөөд нийцтэй загвар хөгжүүлсэн баг Дэлхийн ялагч болдог юм.

Монголоос анх удаа финалдсан залуус нь өнгөрсөн жил тус тэмцээнд оролцсон туршлагатай бөгөөд хоёр дахь жилдээ ийнхүү амжилтаа давуулан ахиулжээ. Монголын дата шинжилгээний багийн бүрэлдэхүүнд, БНСУ-ын Чунбукын их сургуулийн докторант М.Лхагвадорж, Simple аппликейшнийн дата шинжээч Ч.Алтан-Өлзий, МИГ даатгалын дата шинжээч М.Чойсүрэн нар багтсан байна.