Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Рашаант суманд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 339 км-т, сумын төвөөс урд зүгт 33 км-т энэ сарын 22-ны өдрийн 14 цаг 08 минутад 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тус сумын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй байна.

Тус аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш нийт 58100 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 194 удаагийн хөдлөлт болсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Олимпизмын уриа үгийг өөрчлөх саналыг дэмжлээ

A Case of Olympism

ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаад ерөнхийлөгч Томас Бахын гаргасан олимпизмын уриа үгийг өөрчлөх саналыг дэмжжээ. Ингэснээр “Хурднаас хурдан, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй” гэдэг дээр “хамтдаа” гэсэн үг нэмж, “Хурднаас хурдан, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй, хамтдаа” болгох санал албажсан байна.

Саналыг гурван сарын дараа Токиод болох бүх гишүүдийн хурлаар оруулж хэлэлцээд дэмжвэл өөрчлөх юм. Одоогийн “Хурднаас хурдан, өндрөөс өндөрт, хүчтэйгээс хүчтэй” гэдэг уриаг ОУОХ 1894 онд болсон ОУОХ-ны анхны чуулганаараа сонгож байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Эзэнгүй айлд ус алдсан тохиолдолд тухайн айлыг олох ажлыг СӨХ хариуцдаг болгох санал гаргав

Зорилтот бүлэгт чиглэсэн ипотекийн зээлийг арилжааны банкуудаар олгож  эхэллээ

НИТХ-ын даргын захирамжаар сууц өмчлөгчдийн холбоо болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай дэд бүтцийн чиглэлээр дүрэм, журмын төсөл боловсруулах судалгааны Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч М.Халиунбат ажиллаж байна.

Уг Ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Улаанбаатар хотын захирагчийн Ажлын алба, ОСНААУГ-т ирсэн СӨХ болон хувийн өмчийн ОСНАА-н конторуудтай холбоотой өргөдөл, гомдол болон эдгээр байгууллагуудад тулгамдаж буй асуудлуудтай танилцлаа.

Нийслэлийн хотын хэмжээнд 1,200 гаруй СӨХ бүртгэлтэй байгаагаас 895 нь Дээд зөвлөлд гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Улаанбаатар хотын захирагчийн Ажлын албанаас 2021 оны эхний улиралд 718 СӨХ-д хяналт шалгалт хийхэд 39.5 хувь буюу 284 нь бүрэн хангалттай гэсэн үнэлгээг авчээ.

Иргэдээс зарим контор төлбөрөө бэлнээр авдаг, алданги тооцох, хэрэглээний халуун усыг хязгаарладаг, ажилчдын харилцаа муу, СӨХ-ны үйл ажиллагаа хангалттгүй зэрэг гомдол ирдэг байна.

ЕRP системд 2020 онд нийт 196 өргөдөл ирснээс 84 хувь нь орон сууцны контортой, дөрвөн хувь нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбоотой байжээ.

Ажлын хэсгийн гишүүдээс СӨХ-ны ажилчдыг чадавхжуулах, эзэнгүй айлд ус алдсан, нийтийн эзэмшлийн босоо шугам солих тохиолдолд тухайн айлыг олох, айл өрхүүдийг бэлэн байлгах ажлыг СӨХ бүрэн хариуцах, хувийн өмчийн ОСНАА-н конторуудыг газар нутаг, үйлчлэх хүрээний радиусыг журамлаж олгох санал гаргалаа.

Эх сурвалж: НИТХ-ын олон нийттэй харилцах хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

Хөл хориог тавдугаар сарын 08-ныг хүртэл сунгалаа

ФОТО: Хөл хорио тогтоосон УЛААНБААТАР ХОТЫН нэг өдөр

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах УОК-ын шийдвэрийг дэмжлээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч, 69 хүн нас барсан. 4127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал

  • хөнгөн 2,338
  • хүндэвтэр 1,374
  • хүнд 351
  • маш хүнд 64 иргэн байна.

Улаанбаатарт халдвар авсан 24242 хүн байна.

Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5023 иргэн байна. 649236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ гэж Засгийн Газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Маргааш Улаанбаатар хот орчмоор шороогоор шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна

Өнөө шөнө болон маргааш өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна.

Дөрөвдүгээр сарын 23-ны 20:00 цагаас 24-ний өдрийн 20:00 цаг хүртэл:

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Багануур оршмоор үүлшинэ, хур тунадас орохгүй, салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

2021 оны дөрөвдүгээр сарын 25-29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: /өдрөөр/

25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр,

26-нд ихэнх нутгаар,

27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,

28-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи энэ сарын 25-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурахыг мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Мөнх-Оргил: Ардчилсан нам тохиролцоогоо зөрчиж, гадны лобби компанитай гэрээ байгуулсан байна

УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдааны үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн Ардчилсан намыг АНУ-ын DCI Group нэртэй лобби компанитай Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаанд 50 мянган ам.долларын гэрээ байгуулсан хэмээн мэдэгдсэн. Мөн уг гэрээнд АН-ын дарга Ц.Туваан гарын үсэг зурсан байгааг дурдсан юм.

Харин үүнд УИХ-ын гишүүн Ц.Туваан “50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх” гэдэг хариулт өгсөн.

Ц.Мөнх-Оргил гишүүний дурдсан мэдээллийн тухайд foreignlobby.com сайтад нийтлэгдсэн байна. Энд нийтлэгдсэн мэдээлэлд “Монголын Ардчилсан Нам АНУ-ын лобби фирмтэй гэрээ байгуулсан. Зургаадугаар сарын 9-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийг угтан ерөнхийлөгч Х.Баттулгын намыг “Монголын ардчиллын манлайлагч” хэмээн сурталчлуулахаар Вашингтонд төвтэй DCI Group лобби фирмийг Монголын Ардчилсан Нам хөлсөлжээ. Дөрөвдүгээр сарын 12-ноос эхлэн хоёр сарын хугацаанд үйлчлэх гэрээ 50 мянган ам.долларын дүнтэй юм байна. Гэрээг DCI Group-ийн гүйцэтгэх захирал Дуглас Гүүдеар, Ардчилсан Намын дэд дарга Ц.Туваан нар баталж, гарын үсэг зуржээ” гэсэн байна.

Тэгвэл энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “2008 оны сонгуулийн дараа Монголын улс төрийн томоохон намуудын хооронд бичигдээгүй хууль болсон аман тохиролцоо явж ирсэн. Тэр нь юу гэхээр, сонгуулийн үеэр гадна, дотны дэмжлэг туслалцаа, хөрөнгө мөнгө авахгүй байя гэдэг тохиролцоо юм. Гэтэл энэ тохиролцоог АН зөрчиж, гадны компанитай гэрээ байгуулсан байна” гэв.

Categories
мэдээ цаг-үе

“COVID-19 ERSDEL” систем гурван хоногт 300 мянган хэрэглэгчтэй болжээ

Mongolia starts using COVID-19 exposure notification - iOS, Android  tracking feature

Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL системийг гурав хоногт 300.000 хүн гар утсандаа суулгаж, тохируулжээ. Бусад улстай харьцуулахад богино хугацаанд илүү хурдтай нэвтэрч байна гэж Google болон Apple мэргэжилнүүд онцоллоо. Манай улсад ойролцоогоор 1 сая орчим хүн ашигласан үед энэ системийг нэвтрүүлсний үр дүн гарч, иргэд өөрсдийгөө хамгаалах боломж үүснэ. Ингэснээр эрүүл мэндийн салбарын ажилд томоохон тус нэмэр болох бөгөөд халдварын тархалт эрс буурах боломж бүрдэх юм.

COVID-19 ERSDEL СИСТЕМИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ?

Таны гар утас android үйлдлийн системтэй бол та гар утсандаа COVID-19 ERSDEL системийг суулгана. Харин iOS үйлдлийн системтэй бол та утасныхаа Settings рүү ороод Exposure Notification-ийг идэвхжүүлээрэй. Ингэхдээ iOS үйлдлийн систем 12.5 эсвэл 13.7 хувилбар эсвэл түүнээс хойших хувилбар дээр Settings тохиргоо хийх боломжтой. Мөн та энэхүү системийг Монгол хэл дээр ашиглах бол гар утасныхаа системийг хэлийг МОНГОЛ болгон солих юм.

Хэрвээ таны коронавируст халдварын PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарвал Улсын Онцгой комиссоос баталгаажуулах линк гар утсанд тань ирнэ. Баталгаажуулах линк дээр дарж, өөрийн мэдээллээ нууцлан халдвар авсан тухайгаа ойрын хавьтлууддаа мэдэгдээрэй.

Ингэснээр тантай 2 метрийн зайд 15 минутаас дээш хугацаанд ойр байсан хүмүүст хавьтал болсон талаарх мэдэгдэл ирнэ. Хавьтал болсон иргэд гар утсанд нь ирсэн линк дээр дарж, асуумж бөглөн, өөрийгөө тусгаарлах эсвэл шинжилгээ өгөх эсэхээ шийднэ үү.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс та Bluetooth-ээ байнга асаалттай байлгах шаардлагатай. Энэ үед таны байршил болон хувийн мэдээллийг цуглуулахгүй мөн цааш дамжуулахгүй.

COVID-19 ERSDEL СИСТЕМ ХЭРХЭН МОНГОЛ УЛСАД НЭВТЭРСЭН БЭ?

Энэхүү системийг Amazon-ий А.Амарбаяр тэргүүтэй нээлттэй эхийг хөгжүүлдэг монгол залуус Apple болон Google -д хандаж, 2020 оны 11 дүгээр сард Монгол Улсад нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьсан бөгөөд Оном сан, Гэрэгэ систем ХХК, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Эрүүл мэндийн яам, УОК зэрэг байгууллагуудын хамтын ажиллагаатайгаар амжилттай үргэлжилж, Монгол Улсад 2021 оны 04 дүгээр сарын 19-нд бүх нийтийн хэрэглээнд нэвтэрлээ.

Эх сурвалж: Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ мөрөнд осолдсон гэр бүл айлын ямаа самнаж өгөөд буцаж байжээ

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Тээл багийн “Тэгш булан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 35 км-т 10 хүн Сэлэнгэ мөрнийг завиар гатлах явцад завь нь хөмөрч 7 хүн голын усанд осолдсон тухай өмнө нь мэдээлсэн.

Иргэн Ү-ийнх нь Рашаант сумын Тээл багт мал маллаж амьдардаг. Тэрбээр эхнэр, гурван настай хүү, таван сартай охиныхоо хамтаар Тосонцэнгэл сумын малчин айл руу ямаа самнаж өгөхөөр хэд хоногийн өмнө гэрээсээ гарчээ. Ямаагаа самнаж дуусаад, гэр рүүгээ харьж явахдаа эхнэр, таван сартай охин нь усанд осолдож, өөрөө гурван настай хүүгээ тэврээд голын эрэгт гарсан байна.

Эрлийн баг өчигдөр гурван хүний цогцсыг “Сэлэнгэ” мөрөнгийн эргээс олж, цагдаагийн байгууллагад шилжүүлж өгсөн.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 21:00 цагт түр зогсоож, өнөөдөр 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.

Одоогийн байдлаар осол болсон газраас зүүн тийш 20 км-т “Овоот” гэдэг газрын орчим, мөн газраас зүүн тийш 25 км-т “Ногоон арал” гэдэг газруудаар усаар 4 завь урсган, агаараар 2 ширхэг нисгэгчгүй нисэх төхөөрөмж/дрон/ нисгэн, мөн эрэг дагуу морьтой болон явганаар 150 гаруй хүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөл хорио сунгах эсэх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна

Байгалийн гамшигт өртсөн 80 өрхөд гэр олгоно

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14.00 цагт эхэллээ. Хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг эцэслэнэ шийдвэрлэнэ. Өнөө өглөө УОК хуралдаж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналын дагуу хөл хориог ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлүүлэхийг дэмжсэн. Уг саналаа Засгийн газарт танилцуулна.

Монгол Улсад сүүлийн 24 цагт 1264 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 27956 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт найман хүн нас барлаа.

Хэрэв хөл хориог цуцалж, цаашид хэвийн байдалд шилжвэл тавдугаар сарын сүүлч гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400 орчимд хүрнэ гэсэн тооцооллыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан бол хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын тоо өдөрт 500-600 орчим болж буурна гэсэн дүн гарсан юм.

Categories
мэдээ цаг-үе

АНУ-ын Сенат Азиудыг чиглэсэн үзэн ядалтын эсрэг хууль баталлаа

Senate Majority Leader Chuck Schumer, and Representative Grace Meng, third from left, are leading the effort in Congress to win passage of a new anti-hate crimes law [Mark Lennihan/AP Photo]

АНУ-ын Сенатын танхим пүрэв гаригт Ази гаралтай иргэдийг чиглэсэн ялгаварлан гадуурхалт, үзэн ядалтын гэмт хэргийн эсрэг хуулийг баталлаа.

Санал хураалтад 95 гишүүн оролцож, “94:1” харьцаагаар дэмжих санал өргөснөөр хуулийн төслийг баталсан байна. Зөвхөн Миссури мужийн Сенатор Жош Хоули уг хуулийн төслийн эсрэг санал өгчээ.

АНУ төдийгүй дэлхийн хэмжээнд цар тахлын эхэн үеэс эхлэн ази гаралтай иргэдийг ялгаварлан гадуурхах, тэдэнд халдах явдал түгээмэл гарах болсон. Идэвхтнүүд болон цагдаа нарын мэдээлснээр Цагаан ордны өмнөх тэргүүн Доналд Трамп цар тахалд БНХАУ-ыг буруутгахдаа “Хятад ханиад”, “Kung-Flu” гэх зэрэг нэр томьёо ашиглах болсон нь Ази гаралтай иргэдийн эсрэг ийм хандлага гарах шалтгаан болжээ.

Хамгийн сүүлд АНУ-д ази-америк гаралтай хэд хэдэн өндөр настан олон нийтийн газраар зорчиж явахдаа бусдын халдлагад өртсөн. Мөн Атланта хотод ази гаралтай иргэдийн ажиллуулдаг массажны газарт зэвсэгт халдлага болж найман хүн нас барсны дотор, зургаан ази эмэгтэй байсан юм. Түүнчлэн цагдаа, хуулийн байгууллага дахь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хандлага болон бусад шалтгааны улмаас АНУ дахь ази гаралтай иргэд үзэн ядалтын гэмт хэргийн хохирогч болсон талаараа мэдээлэхгүй байх, мэдээлсэн ч хуулийн байгууллага асуудалд хойрго хандах зэрэг үзэгдлүүд нийгэмд ил болсон.

Харин пүрэв гаригт батлагдсан дээрх хууль нь үзэн ядалт, ялгаварлан гадуурхах гэмт хэргийн золиос болсон иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн байгууллага хүлээн авч, шалгаж шийдвэрлэх процессыг хялбарчлах, цар тахал болон аливаа хямралын үед нийгмийн тодорхой хэсгийг чиглэсэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл агуулсан үг хэллэг ашиглах зэрэг асуудлыг зохицуулахад чиглэх юм.