Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага бүртгэгдэж, 123 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 792, хулгайтай холбоотой 10, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 89, гэмт хэргийн шинжтэй 44 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 33, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 76, хүний биед халдсан 29, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 51, эрүүлжүүлэгдсэн 123, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 62 тохиолдол гарчээ.

Categories
мэдээ улс-төр

Ирэх ням гаригт Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тодорно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 9-нд болно. Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос хуульд зааснаар нэр дэвшигчдийг ирэх ням /2021.05.02/ гаригаас эхэлж бүртгэж эхэлнэ.

Нэр дэвшигчдийг бүртгэх үйл ажиллагаа тавдугаар сарын 5-ны өдрийг хүртэл гурав хоног үргэлжлэх юм.

Харин парламентад суудалтай дөрвөн нам Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвших үйл ажиллагааг өнөөдрөөс /2021.04.30/ эхлүүлж, тавдугаар сарын 02-ны өдрийг хүртэл зохион байгуулж, намаасаа хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгээ тодорхой болгох ёстой. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид ирэх ням гаригт албан ёсоор тодорхой болох юм.

Тэгвэл МАН-ын Бага хурал ирэх ням /2021.05.02/ гарагт болж, нэр дэвшигчээ тодруулна. Түүнчлэн эл өдөр АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж, нэр дэвшигчээ албан ёсоор зарлаж, Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлнэ. Одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх хүсэлтээ Х.Тэмүүжин, С.Ганбаатар, Ц.Оюунгэрэл, Н.Алтанхуяг нар гаргаж, бүртгүүлээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн саналыг УИХ-д хүргүүлжээ

Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэж НДШ-ийн нэмэгдлийг эсэргүүцсэн цахим цуглааныг өнөөдөр зохион байгууллаа.

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэхүү цахим тэмцлийг явуулж буй бөгөөд үйлдвэрчний эвлэлийн гишүүн байгууллагууд нэгдэн 13 заалт бүхий санал шаардлагыг УИХ, Засгийн газарт хүргүүлж буйгаа илэрхийллээ.

Шаардлагын тухайд:

  1. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, эдийн засгийн хямралаас урьдчилан сэргийлэх бодлогын арга хэмжээ авах
  2. Ажлын байрыг хадгалах хамгаалах, цалин орлогыг бууруулахгүй байх нийгмийн хамгааллын шаардлагатай дэмжлэг хөнгөлөлтийг үзүүлэх.
  3. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг нэмэгдүүлсэн шийдвэрээ 2021 оны тавдугаар сарын 8-ны дотор цуцалж, холбогдох хуульд яаралтай нэмэлт өөрчлөлт оруулах
  4. Нийгмийн даатгалын тогтолцоо, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг яаралтай эхлүүлэх
  5. Үндэсний баялгийн сангаас тэтгэврийн санг дэмжих тухай хууль, эрх зүйн орчинг яаралтай бүрдүүлэх
  6. Бараа бүтээгдэхүүний хууль бус үнийн өсөлтийг бий болгохгүй байх иргэдийн цалин орлогын худалдан авах чадварыг хамгаалах
  7. Онцгой нөхцөлд ажиллаж буй салбарын ажилтнуудын цалин хөлс, нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийн чиглэлээрээ тодорхой дэмжлэгийн арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх
  8. Банкны зээлийн хүүг бууруулах, бодлогын хүүг хойшлуулах төлбөрийг чадварыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
  9. Жижиг дунд бизнес эрхлэгчид, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд санхүү татварын хөнгөлөлт үзүүлэх
  10. Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн худалдан авалтаар дэмжих
  11. Хямралын энэхүү хүндрэлтэй цаг үед аливаа татвар шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх
  12. КОВИД-19 цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд учруулж буй сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр авах арга хэмжээний тусгайлсан хөтөлбөр боловсруулж тогтвортой урт хугацаанд хэрэгжүүлэх
  13. Цар тахлын хугацаанд эрүүл мэндийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх заалтыг хэрэгжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх

МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “Олон улсын хөдөлмөрчдийн өдрийг улс орнууд өөрсдийн зорилго дор тэмдэглэж байна. МҮЭХ нийгмийн даатгалын шимтгэлийг эсэргүүцсэн том зорилгын дор өнөөдрийн цуглааныг хийж байгаа нь энэ. Өнөөдрийн цахим цуглаанд идэвхтэй оролцсон бүх гишүүн байгууллагууддаа баярлалаа. Бидний тавьсан шаардлагыг хүлээн авч хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Бид шаардлагыг хэрэгжүүлэх хүртэл нь бас шахах хэрэгтэй” гэв.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагаас тавдугаар сарын цаг агаарын ерөнхий төлfвийг гаргасан байна.

Энэ сард ихэнх нутгаар хур тунадас олон жилийн дунджийн орчим орох боловч үе үе хүчтэй салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, шөнөдөө хүйтэн байх ба цочир хүйтрэлт ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Завхан аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 2-4°С-аар хүйтэрнэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 12-14м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 18-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Булган аймгийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баянхонгорын хойд, Архангайн баруун, Хөвсгөлийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8oС-аар хүйтэрнэ. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гурав дугаар арав хоногийн эхэн үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас орж, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр зарим газраар 14–16м/с, нутгийн өмнөд хэсгээр түр зуур 18–20 м/с хүртэл сс с үртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас Дорнод аймгийн нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 2–4oС–аар хүйтэрнэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлээр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Дундговь, Дорноговь аймгуудын нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе болон гуравдугаар арав хоногийн сүүлээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8oС-аар сэрүүснэ. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орох төлөвтэй. Салхи нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 14-16 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 20–24 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд вакцины I тунг 811.480, II тунг 327.251 хүн хийлгэжээ

Өчигдөр улсын хэмжээнд 576.103 хүн коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамрагджээ.

Ингэснээр дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо 1.138.731 боллоо.

Вакцинд хамрагдсан нийт хүмүүсийн 811.480 нь эхний тунгаа хийлгэсэн бол 327.251 хүн хоёрдугаар тунгаа хийлгээд байгаа юм.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 965.729 иргэнийг дархлаажуулаад байгаа бол орон нутагт 173.002 хүн вакцинд хамрагдсан байна.

Улсын хэмжээнд хүнийг 2.067.292 коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулахаар төлөвлөсөн. Үүнээс 1.1 сая хүнийг Улаанбаатар хотод дархлаажуулах юм.

Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явц:

Categories
мэдээ нийгэм

“Нэг өрх-нэг мод” аяны хүрээнд 100 хороонд 37 мянган мод, тарьц, суулгац, шаардлагатай шороог өгнө гэв

НИТХ-ын ээлжит VI хуралдаан өнөөдөр болж, дөрвөн асуудлыг хэлэлцлээ.
Хуралдааны эхэнд Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Тэрбээр агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах зорилт тавин ажиллаж байгааг онцолж, мөн дулаан алдагдал, хатуу түлшний хэрэглээг бууруулах, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулахаар зорьж байгаагаа хэлж байлаа. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд удаан насжилттай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах, шатахууны стандарт мөрдүүлэх гэх мэт ажлыг хийхээр төлөвлөжээ.
Түүнчлэн газрын гүний дулааныг ашиглах технологи нэвтрүүлэхээр судалж байна. Өнгөрсөн 2019-2020 онд нийслэлийн иргэд 446631 тонн шахмал түлш хэрэглэсэн бол 2020-2021 онд энэ тоо 704634 тонн болж, нэмэгджээ. Энэ нь Засгийн газраас сайжруулсан шахмал түлшийг хөнгөлөлттэй үнээр борлуулж эхэлсэнтэй холбоотой юм. Мөн шахмал түлшний тээвэр хийдэг 22 компани байсныг 37 болгон нэмэгдүүлж, тэдгээр тавих шаардлагыг багасгасан байна.
Түүнчлэн “Нэг өрх-нэг мод” аяны хүрээнд 100 хороонд 37 мянган мод, тарьц, суулгац, шаардлагатай шороо зэргийг өгнө. Арчилгааг иргэд өөрсдөө хариуцах юм. НИТХ-ын төлөөлөгчдийн хувьд хяналтын 4500 гаруй байцаагчийн тоог цөөрүүлж, технологийн дэвшил ашиглах, долоон хоногт олгодог зургаан шуудай шахмал түлшний тоог нэмэгдүүлэх санал, хүсэлт хэлэв.
Categories
мэдээ нийгэм

Зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг өгсөн.

Энэ дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 29-нд гурван бригад Хувьсгалчдын гудамжны замд 3700 метр урт, Энхтайваны өргөн чөлөө Таван шараас Саппоро чиглэлд 4570 метр урт, Бага тойруу ШУТИС-ийн уулзвараас Багшийн дээдийн уулзвар хүртэлх замд 4127 метр урт авто замын ан цав, заадсыг битумаар засварлах ажил хийж гүйцэтгэлээ.

Мөн авто замын нүхэн эвдрэл засварлах ажлын хүрээнд нэг бригад Энхтайваны өргөн чөлөө 25-р эмийн сангийн уулзварын баруун талд гурван байршилд нийт 103.49 ам метр талбайд суурийн тэгшилгээ хийлээ. Түүнчлэн нэг бригад Гачууртын эцсийн баруун талын 18 метр урт гүүрний засварын ажлын хүрээнд төмөр бетон гүүрний 35 метр урт дам нурууг sikawrap-аар нааж хүчитгэж, Гачууртын эцсийн 30 метр урт гүүрний 197 ам метр далангийн хажуу бэхэлгээ хийж, 30 метр урт туузан хайс суурилуулах ажил, гүүрний захын тулгуурын доод хэсэгт бетон авах ажлуудыг гүйцэтгэв.

Авто замын тэмдэг, засвар, арчлалтын ажлын хүрээнд зургаан бригад нийт хоёр байршилд 48 тэмдэг засварлаж, хоёр байршилд 147 тэмдгийн шон будаж, мөн Энхтайваны гүүрийг хаахтай холбогдуулан 25 тэмдэг шинээр үйлдвэрлэлээ.

Categories
мэдээ улс-төр

Өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших боломжгүй хуулийн заалт өнөөдрөөс хэрэгжинэ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, батлав.

Уг хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

УИХ өнгөрөгч оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан билээ. Тэгвэл Үндсэн хуулийн цэц тус хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нарт тавигдах шаардлага, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй талаар тусгаагүй байна гэж үзсэн.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ:

3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

ӨМНӨ НЬ: 3.1.2.“нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг;

ӨӨРЧЛӨЛТ: “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг

5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:

ӨМНӨ НЬ: 5.4. 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан Монгол Улсын уугуул иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

ӨӨРЧИЛСӨН: 5.4. Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр буюу өнөөдрөөс албан ёсоор мөрдөж эхлэхээр эцэслэн баталсан. Ердөө хоёрхон заалттай боловч өмнөх, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нарыг 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болгож байгаа энэхүү нэмэлт, өөрчлөлтийг эрх баригчид олонхоороо хүч түрэн, хуулийн төслийг зүйл заалт бүрийг танилцуулахгүйгээр ердөө долоон минутад багтаан яаравчлан батлав. Нэг өдрийн дотор Ерөнхийлөгчийн хоригтой хамтатган хуулиа өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцсэн нь өнөөдрөөс Сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшигчийг бүртгэж эхэлж байгаатай холбоотой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Биеийн байдал маш хүнд 112 хүн хэвтэн эмчлүүлж байна

Сүүлийн 24 цагийн байдлаар маш хүнд өвчтөний тоо 112 болсон байна.

ЭМЯ-ны газрын дарга Б.Буянтогтох “Хөнгөнөөс хүнд, хүндэвтэр рүү шилжих тохиолдлууд их байна. Мөн гэрээсээ шууд эрчимт эмчилгээний тасаг руу ирэх иргэдэд эмчилгээ хийх боломж, хугацаа гардаггүй. Иймд хөнгөн өвчтөнүүдийг ч эмнэлэгт хэвтүүлнэ.

Нийслэлийн есөн дүүргийн эмнэлэгт эмнэл зүйн тандалтын баг ажиллаж байна. Өмнө нь зөвхөн ХӨСҮТ-д энэ баг байв. Нийслэлд 30 эмнэлэг ковидийн эсрэг эмчилгээ хийж байна. Цар тахлын эсрэг баримтлах хамгийн гол тактик нь өвдөхгүй байх. Цаашид гурав дахь шатлалын эмнэлгүүдийг илүү дайчилна. 200 эрчимт эмчилгээний орыг нэмэлтээр гарган, эмчилгээ хийж байна. Вирусийн эсрэг эмээр ЭМЯ эмнэлгүүдийг хангаж байна. Эмийн хомстол үүсээгүй” гэв.

Орон нутагт одоогоор 3000 ор дэлгэж, 7700 ор дэлгэхээр төлөвлөж, бэлтгэл хангасан байна.

Манай улсад улаан бүсэд 5300 эмч ажиллаж байна. Үүнд арын фронтод ажиллаж буй эмч, асрагч нар багтаагүй гэж ЭМЯ-наас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол, Словенийн дипломат болон албан паспорт эзэмшигчид харилцан визгүй зорчино

Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын “Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” маргаашаас албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.

Хэлэлцээрийн дагуу хоёр улсын дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрдэж байгаа юм.

Бүгд Найрамдах Словени Улс нь 2.1 сая хүн амтай, Европын Холбооны гишүүн улс бөгөөд Шенген бүсэд хамрагддаг. Мөн Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (OECD)-ын гишүүн бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ-ний үзүүлэлт нь 27 мянган ам.доллар.