Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Чинбилиг: Хар тамхи, мансууруулах бодисын эрэлт хэрэгцээ, гэмт хэргийн тоо бодитой буураагүй

Багануур дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Чинбилигтэй хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөлийн талаар ярилцлаа.


Нэг үеэ бодвол хар тамхи мансууруулах бодисын хор уршгийн талаар иргэд мэддэг болсон ч түүний бодит аюулыг төдийлөн ойшоохгүй байгаа мэт санагдаж байна. Юуны өмнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж юуг хэлээд байна вэ?

– Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенц гэж бий. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бид “Хар тамхи” гэж ерөнхийд нь нэршиж заншсан. Мансууруулах бодисыг дотор нь үйлчилгээ, гарал, хэлбэр дүрс, хор нөлөө, хэрэглээгээр нь янз бүр ангилсан байдаг. Тухайлбал, саатлын болон хөөрлийн төрлийн гэж байдаг. Саатлын төрлийн бодис нь ургамлын гаралтай, хөөрлийн төрлийнхөд нь химийн гаралтай бодисууд ордог. Ерөнхийдөө эрүүл ухаантай хүнээс гарамгүй үйлдэл, үг өгүүлэл, эс үйлдэхүй гаргадаг, сэтгэцэд муугаар нөлөөлдөг бодис гэсэн үг.

Зарим улс оронд хориглоогүй зарим бодисыг их хэмжээний өвдөлт намжаах, өвчин намдаахад ашигладаг талтай боловч манай улсад мансууруулах төрлийн бодисууд хуулиар хориотой гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Зарим иргэд миний амьдарч байсан газар ингэдэг, би тэгдэг байсан, хууль бус гэдгийг нь мэдээгүй гэх мэт яриа гаргаад байдаг. Тиймээс санаатай болон санамсаргүй байдлаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч, хохирогч болохгүйн тулд эх орондоо мөрдөгдөж байгаа хууль дүрмээ сайтар уншиж, судлах хэрэгтэй.

Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн насны байдлыг харахад ихэнх нь залуучууд байгаа нь санаа зовоодог л доо. Өсвөр насны хүүхэд, залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод байгаа шалтгаан нөхцлийг юу гэж харж байна вэ?

-Тийм шүү, хар тамхины хэрэглээнд залуу үеийнхэн татагдаж, гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэлээд байдаг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ өнөө үед өсвөр насныхны дунд маш их тархсан талаарх судалгаа бий. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нь огт мэдэхгүй, мэдсэн ч итгэхгүй, итгэхийг хүсдэггүй.

Бараг л өөр муу хүн хүчээр барьж аваад миний хүүхдэд хэрэглүүлсэн, ам, хамар руу нь хийчихсэн мэтээр ярьж, хүүхдээ өмөөрч бусдын хүүхэд рүү, бусад хүн рүү дайрдаг нь өөрийнх нь хүүхдэд улам муу үлгэр дуурайлал болж, сөрөг нөлөө авчирдаг гэдгийг ойлгодоггүй. Хар тамхи, мансууруулах бодисыг нэг бол донтож хэрэглэдэг, эсвэл мөнгөнөөс болж энэ зам руу ордог. Түүнчлэн эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү донтох, хорт муу зуршлаа орхиж чадахгүй гэдгийг судалгаагаар тогтоосон.

Ойр дотны хэн нэгэн нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж болзошгүй гэдгийг хэрхэн мэдэх вэ. Мэдсэн тохиолдолд юуг анхаарах ёсой вэ?

-Өсвөр насныхан буюу 12-18 нас, орь залуу нас буюу 18-25 нас хүртэлх насныханд хүлээцтэй хандах, боломж олгох нь зүйтэй байдаг. Учир нь 25 хүртлээ бие хүний төлөвшил, тархины хөгжил, гэр бүлийн хүмүүжилтэй холбоотойгоор байр сууриа олдог буюу ерөнхийдөө 25 насанд хүрсэн хүнийг нас биед хүрлээ гэж үздэг.Тиймээс 25 хүртэлх насны хүмүүс бол ихэнх тохиолдолд ямар нэгэн нөлөөлөлд автаж буруу зан үйлтэй болох нь бий. Тэд өөрийн ухамсар, өөрийн шийдвэрээр аливаад ханддаггүй гэж үздэг. Тэгвэл хүний урд тархи буюу шийдвэр гаргах тархи нь 21 нас хүрэхэд төлжиж дуусдаг. Түүнчлэн 25 нас хүртлээ төлөвшиж зөв, бурууг ухамсарлаж шийдэх боломжит цаг хугацаа юм. Гэтэл энэ төлөвших хугацаанд нь буруу гэдгийг нь хэт их мэдрүүлж, эцэг эх ойр дотныхон нь хорьж цагдаад, хамаагүй шийтгээд, нийгмээрээ чичлээд байвал тухайн хүн “За би угаасаа муу хүн юм байна” гэж бодон гэмт хэргийн ертөнц, муу замыг сонгоод явчихдаг тал байна. Тиймээс 25-аас өмнөх насныхныг эргэж харах тэдэнтэй ярилцах, сэтгэл зүйг нь засах байдлаар тэдэнд боломж олгох хэрэгтэй.

Хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хүний эрүүл мэндэд асар их хор хохиролтойгоос гадна тухайн хүн нийгмийн харилцаанд хэвийн байдалтай ороход асар их цаг хугацаа шаарддаг шүү дээ?

-Хар тамхи буюу мансууруулах бодисын өвсний төрөл нь сэтгэл хөдлөлгүй болгож, маш их зүйл бодсоноор сэтгэл гутралд оруулдаг, зарим нь өөрийгөө хэт ухаантайгаар мэдэрч, улмаар сэтгэцийн өвчин шизофрин рүү орж эхэлнэ. Эхэндээ тайвширч буй мэт мэдрэмж авах хэдий ч аажимдаа хий үзэгдэл нүдэнд нь харагдаж, байнгын түгшүүрт байдалд автсаар энгийн амьдралаас холдоно. Харин химийн гаралтайг хэрэглэснээр хор нөлөө нь шууд, хурдан илэрнэ. Хөөрлийн төрлийн бодис хэрэглэж буй хүмүүс нийгмийн харилцаа сайтай, догь буюу COOL хүмүүс шиг харагдана. Гэхдээ тэр нь цаашдаа өөрийг нь солиорлын байдалд хүргэж, зан үйлийн асар том өөрчлөлттэй болгодог. Өвсийг ялангуяа өсвөр насныхан, залуу хүмүүс хэрэглэснээр донтолтын хэмжээ маш өндөр буюу донтох магадлал их байдаг. Удаан хэрэглэснээр бие махбодын тэнцвэр алдагдаж, маш их хөөрлийг авчирч, ерөнхийдөө бие нь хяналтгүй болно, юу хийж байгаагаа ч мэдэхээ болино. Тухайлбал, бэлгийн хүчирхийлэлд өртөнө, буруу зөв, муу сайныг ялгаж, салгах ойлголтгүй байдлаас болж хүчирхийлэлд өртөх, дур хүсэл таашаалаа барих чадваргүй болох, эргээд юу болсноо санадаггүй. Мөн энгийн амьдралдаа орохоос утгагүй санагдах, амьдралын идэвхгүй болох, хүнийг хайрлах энэрэх сэтгэлгүй болж, нэг ёсондоо тухайн хүний гадаад харилцаа бүрэн зогсож, хэл яриа удаашрах байдалтай болдог. Мөн хоолны дуршил сайжруулж байгаа мэт боловч энгийн хоол хүнсний хэрэглээ алдагдаж улмаар бага идэж, тураалд орох, цонхийх, ярилцахад удаан хэллэгтэй, аливааг удаан ойлгох байдалтай болж тархины үйл ажиллагаа аажмаар бүрэн өөрчлөгдөнө. Хүмүүсийн андуурдаг зүйл нь тухайн үедээ зарим хүнд гаднаас авч буй мэдрэмжүүд хэт өндөр болж, ухаалаг, догь, хариу үйлдэл сайтай мэт шинж илэрдэг ч үнэндээ дээр дурдагдсан үхжилт, удаашрал явагдаж байдаг.Ургамал, химийн хольцтой зарим төрлийн мансууруулах эм, бодисыг ялангуяа эрэгтэй хүн удаан хэрэглэвэл “Тестестерон” гэх эрэгтэй хүнд давуу байдаг дааврыг байнга өндөр хэмжээнд ялгаруулаад байхаар тухайн хүн маш их өөртөө итгэлтэй болдог. Хорвоо ертөнцийг эрхшээж байгаа мэт санагдана, тухайн хүний зүрхний цохилт ихэсч, хурц ааштай, түргэн шуурхай, ширүүн шинжтэй болно, хариу үйлдэл их хурц, ааш араншин эвдэрнэ, ууртай болно, юу ч хийхэд бэлэн, айдасгүй болох буюу тухайн хүний дотор маш их зориг, хүчийг мэдэрч, их хэмжээний адарналин ялгаруулж байдаг.

Бодит байдлаас тасарсан мэдрэмж төрүүлдэгээс үүдэн мансууруулах бодис хэрэглэхгүй л бол болохгүй мэт мэдрэмж төрдөг байх нь ээ?

-Тархи ерөнхийдөө хатангиршиж, хүнийг хөөрөлд хэт их автуулсаар сүүлдээ тэр байдалдаа донтож эхэлдэг. Өөрөөр хэлбэл, энгийн байдалдаа сэтгэл ханахгүй, мансуурлын үр дүнд өөрийгөө мэдэрч, дутуугийн мэдрэмжээ хаядаг болохоор тухайн бодисоо хэрэглэх гэж хүснэ. Мөн бодисын солилцоо өөрчлөгдөж, бие, нүүрэн дээр юм гарах, арьсны өнгө бие байдал өөрчлөгдөх, хоол идэхээ больж, шүд унах гэх мэт байдлаар сөрөг нөлөө илэрсээр сүүлдээ тухайн хүн, үгүй болно гэсэн үг. Түүнчлэн бэлгийн чадавхын хувьд тухайн үедээ таашаал өгөх мэт боловч аажмаар чадавхгүй болно. Химийн гаралтай эм, бэлдмэлүүд хүний таван мэдрэхүйг маш өндөр түвшинд хүргэж, улмаар хэрэглэсэн хүнд хий зүйлс ихээр үзэгдэх, тухайн хүн бодит ертөнцөд амьдрахгүй болж эхэлдэг.Хөөрлийн төрлийн мансууруулах бодис буюу хэт хөөрөлд автаж, өнгө, дуу хөгжим зэргийг өөрөөр, өндөр мэдрэмжээр хүлээж авна. Тухайн цаг хугацаандаа өндөр хэмжээний мэдрэмжийг өгч, 8-10 цагийн дараа үйлчилгээ гарч эхлэхээр шарталтад орох буюу бие нь өвдөж, бүх зүйл нь бууралттай болж, сэтгэл гутралд ордог.

Шарталт гэхээр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний дараа биед гардаг өөрчлөлтөөр уншигчид төсөөлж байгаа байх. Архи согтууруулах ундаа хэрэглээд шартах мэдрэмжтэй ижилхэн үү?

– Архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй шарталтаас хэд дахин илүү өвдөлт буримдлыг мэдэрнэ. Энэхүү шарталт нь долоо хоног орчим үргэжилдэг бөгөөд зарим хүнд үүнээс ч удаан хугацаагаар илэрдэг. Тухайн хүн энэ хугацаанд дахин хэрэглэх донтолтод орно. Удаан хэрэглэх тусам биеэ хянах чадваргүй, тухайн зүйлээ хэрэглэхийн тулд юу ч хийхээс буцахгүй, эцэг эх, хүүхдээ ч яахаас ч буцахгүй, дотоод зүйлээ мэдрэхийн тулд нийгмийн мэдрэмж, ёс суртахуун, ухамсар гэдэг зүйлийг бүрмөсөн орхино. Маш аюултай. Юун хууль, ухамсар, хүнийг хайрлах… Бас нэгэн өөр төрлийн бодис буюу мөс гэж нэрлэгддэг бодис нь химийн цэвэр бодисоос гаргаж авдаг ба үүнийг хэрэглэсэн бол хэзээ ч гарахгүй, тухайн хүнийг бодит байдлаас тэс өөр хийсвэр ертөнцөд шилжүүлнэ. Нэг бол галзуурлын байдалтай болно, эсвэл ихэнх тохиодолд хөшингө байдалтай болгодог буюу дотроо мансууран өөр хий юм харж амьдарч байгаа тул хөдөлж чадахгүй байдалд ордог. Мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг нүдний хүүхэн хараа томрох, хүйтэн хөлс гарч хэл ярианы хувьд нэлээн удаашралтай, нүдний судас тэлж улайсан, цаг хугацаа, хариу үйлдлийн хувьд удаашралтай дүйнгэ байдалтай болдог.

Хүүхэд залуусыг хар тамхи мансууруулах бодисноос хол байлгахад эцэг, эх, багш нарын үүрэг, оролцоо чухал байх л даа. Хэрхэн хяналт тавих ёстой вэ?

-Эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарын хувьд анхаарах дараах хэдэн зүйлс байна. Тухайлбал, зан ааш өөрчлөгдөх, царай нь цайраад хувхай цагаан болох, нүд улайх, хамраа байнга үрэх гараараа оролдох, сордог төрлийн хар тамхины хэрэглээтэй хүн бол ханиалгадаг болох, турах, нойргүйдэх, хэвийн байдлаасаа удаан хөдөлгөөн, яриатай болох, хөлсөрхөг болох, заримдаа хэт догь, сэргэлэн чадалтай мэт байх, хүүхэн хараа томорсон байх зэрэг олон шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал, гэмт этгээдүүд ихэнх тохиолдолд боломжтой, баян айлын хүүхдүүдийг өөрсдийн байгаа болгодог ба эхлээд зүгээр хамтдаа хэрэглэж, үнэгүй өгөөд улмаар донтсоны дараагаар худалдан борлуулах, гартаа оруулах арга замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэв таны хүүхэд хэрэглэсэн талаар олж мэдвэл, шууд буруутгаад, загнаж зодоод, хүчлээд байвал улам цааш явах нь элбэг. Харин та ярилцаж, ойлголцох гэж оролдох, Түүнчлэн мэргэжлийн хүн, сэтгэл судлаачид хандах хэрэгтэй. Дээр хэлснээр 25 наснаас доош насны хүмүүст боломж олгох хэрэгтэй.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэд хууль эрх зүйн мэдлэг дутуу дулимаг байна уу. Эрүүгийн хуульд энэ талаарх хэргийг хэрхэн зохицуулсан байдаг вэ?

-Монгол Улын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг зааж өгсөн бөгөөд нэгдүгээрт, Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан. Мөн худалдаалах зорилгоор, удаа дараа үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлсэн …. гэх мэт зүйл анги нь хүндрэх тусам бүх насаар нь хорих хүртэл шийтгэл оноохоор зүйлчлэгдсэн байдаг. Мөн тус хуулийн 20.8 дугаар зүйл.” Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” 20.9 дүгээр зүйл. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших” 20.10 дугаар зүйл. “Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах” зэрэг гэмт хэргүүдийг Эрүүгийн хуульд зааж, зохицуулж өгсөн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.4 дүгээр зүйлд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг заасан төрөл, тоо хэмжээнээс хэтрүүлсэн, эм ханган нийлүүлэх байгууллагуудад зохих зөвшөөрөлгүй олгосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэх мэт хуулийн дагуу хариуцлага тооцдог.

Он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хичнээн хэргийг шүүхээр шийдвэрлээд байна. Cүүлийн үеийн тоо баримтаас хуваалцвал?

2021 оны эхний улирлын байдлаар нийт 138 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 11 хэргийг хааж, 46 хэрэгт яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс Улсын хэмжээнд нийт 51 хүнийг энэ хэрэгт яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгаа нь өмнөх оны мөн үеэс буурсан тоо үзүүлэлт боловч эрэлт, хэрэгцээ, гэмт хэрэг бодитой буурсан бус, харин цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гэж дүгнэхээр байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн насны хувьд 16-17 насны гурав, 18-24 насны 24, 25-29 насны 11, 30-34 насны найман иргэн байгаагаас харахад дээр хэлсэнчлэн өсвөр болон залуу насныхан холбогдсон тохиолдол өндөр байна. “Итгэх нь сайн хэрэг ч шалгаж нягтлах нь түүнээс илүү сайн” гэж үг байдаг. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдтэйгээ цагийг зөв боловсон өнгөрүүлж, харилцан ярилцаж, ойлголцохын тулд хүүхдийнхээ сонирхдог зүйлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай. Хүүхдүүдтэйгээ аль болох найз шиг нь хандан ярилц. Давхар хяналтаа тавь л гэж хэлье дээ.

П.БАТЗАЯА

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Харагчин туулай өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 25, Адъяа гариг. Билгийн тооллын 13, Тугчин одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран 5:44 цагт мандан, 19:56 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам, хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 8-10 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Байдраг, Тэс голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 6-11 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хөвсгөлийн уулархаг нутгаар 0-5 градус, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“NASA”-ийн нисэгчид “SpaceX”-ийн пуужингаар тойрог замд хүрчээ

АНУ-ын сансар судлалын агентлаг “NASA”-гийн сансрын нисэгчдийн “Crew 2” баг “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр дэлхийгээс хөөрч, тойрог зам дахь Олон улсын сансрын станцад амжилттай хүрчээ. “Crew 2” баг сансрын уудамд зургаан сарын турш ажиллана.

“Crew Dragon” хөлөг нь одоогийн байдлаар сансар руу хүн тээвэрлэж буй анхны бөгөөд цорын ганц хувийн эзэмшлийн хөлөг юм. “SpaceX” компани нийтдээ зургаан удаа “NASA”-гийн сансрын нисэгчдийг тойрог замд хүргэх гэрээ байгуулсан бөгөөд өчигдрийн нислэг хоёр дахь нь байв. Эхний “Crew-1” баг өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард сансарт гарсан ба энэ нь арав орчим жилийн дараа америкчууд анх удаа өөрийн хөлгөөр, эх орноосоо сансарт ниссэн тохиолдол байжээ.Үүнээс өмнө ОХУ-ын “Союз” хөлгөөр тойрог замд хүрдэг байсан юм.

“Crew-1” багийн хоёр сансрын нисэгч болох Боб Бэнкэн, Даг Харли нар одоо Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа. Тэдэн дээр “Crew-2” багийн гишүүд болох “NASA”-гийн Шэйн Кимброу, Меган Макартур, Японы Акихико Хошиде, Европын Холбооны Томас Пескю нар нэмэгдэж байна.

Categories
гадаад мэдээ

В.Путин ажлын бус өдрүүдийн тухай зарлигт гарын үсэг зуржээ

Энэ онд тохиох тавдугаар сарын баярууд хоорондын ажлын бус өдрүүдийн тухай зарлигт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гаригт гарын үсэг зуржээ.

Тийнхүү амралтын өдрүүд 5 дугаар сарын 1-10-ныг хүртэл үргэлжлэх тухай мэдэгдсэн баримт бичгийг Кремлийн цахим хуудсанд нийтэлсэн байна.

Коронавирусийн халдварт өвчний дэгдэлтийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг бэхжүүлэх зорилгоор ийнхүү арга хэмжээг авч хэрэгжүүлж буйг баримт бичигт онцлон тэмдэглэжээ. ОХУ-д энэ онд Хөдөлмөрийн баярын өдөр 5 дугаар сарын 1-3-нд таарч байгаа бол Ялалтын баяр 5 дугаар сарын 8-10-ны хооронд болох юм.

Аугаа эх орны дайнд оролцсон ахмад дайчдад тэтгэмж олгоно

Аугаа эх орны дайнд оролцож байсан 33 мянга гаруй хүнд Ялалтын баярын өдөр 10 мянган рублийн тэтгэмж олгоно хэмээн ОХУ-ын Тэтгэврийн сангийн мэдэгдэлд дурджээ.

ОХУ, Балтийн орнуудын нутаг дэвсгэрт одоогоор оршин суудаг Аугаа эх орны дайнд гар бие оролцсон 33.2 мянган иргэнд энэхүү мөнгөн тэтгэмжийг олгоно хэмээн “Российская газета” мэдээлэв. ОХУ-ын Тэтгэврийн сангийн мэдэгдэлд дурдсанаар, ахмад дайчид мөнгөн тэтгэмжийг тэтгэврийн мөнгөтэй хамт авах аж. ОХУ-ын Ерөнхийлөгчийн “Ялалтын баярын өдрийг тохиолдуулан зарим иргэнд жил бүр мөнгөн тэтгэмж олгох тухай” зарлигт тусгасны дагуу мөнгөн тэтгэмжийг олгох юм.

Categories
мэдээ нийгэм

Ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.

Үүний нэг нь Туул голын эрэг дагуух цэвэрлэгээ юм. Мөн мананцар үүсгэгч машинаар халдваргүйтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хуваарийн дагуу дүүргүүдэд хийж байгаа. Автобусны буудлыг угааж, цэвэрлэх ажлыг мэргэжлийн ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй компаниуд хийж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа, үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо 50 метрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хаалга, хашлагыг угааж, цэвэрлэх ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

НЗДТГ: Туул голын эрэг дагуух хогийг цэвэрлэлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хөл хорионы хугацаанд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, автобусны буудлыг ариутгах, цэвэрлэх ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Тэгвэл энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон ажил зохион байгуулж байна.

Тус албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун “Жил бүр тухайн жилд хийх бүх нийтийн их цэвэрлэгээний хуваарь гардаг. Жилд 6-7 удаа бүх нийтийн их цэвэрлэгээ хийдэг. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас цэвэрлэгээний ажлын хүрээнд дөрвөн төрлийн ажил хийж байна. Үүний нэг нь Туул голын эрэг дагуух цэвэрлэгээ. Захирагчийн ажлын алба, Иргэдийн бүлгийн 50 гаруй ажилтан, “Өнөр бүл” хүүхдийн төвийн 40 гаруй хүн хамтран Туул гол дагуух цэвэрлэгээг хийлээ. Мөн мананцар үүсгэгч машинаар халдваргүйтгэлийг өнгөрсөн гуравдугаар сарын 30-наас хуваарийн дагуу дүүргүүдэд хийж байгаа. Нийт долоон машин ариутгал, халдваргүйтгэл хийж байгаагаас өнөөдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халдваргүйтгэл хийж байна. Гуравдугаарт, автобусны буудлыг угааж, цэвэрлэх ажлыг мэргэжлийн ариутгал, халдваргүйтгэл хийх тусгай зөвшөөрөлтэй компанийн долоон бригад хийж байгаа юм. Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний худалдаа, үйлчилгээний төвүүд ойр орчмынхоо 50 метрт үүссэн хог хаягдлыг цэвэрлэж, хаалга, хашлагыг угааж, цэвэрлэх ажил үргэлжилж байна” гэлээ.

Өнөөдрийн цэвэрлэгээний ажилд “Өнөр бүл” хүүхдийн төвийн хамт олон сайн дураараа нэгдэж, Туул гол дагуух хогийг цэвэрлэлээ. Тэд жил бүр 2-3 удаа Туул гол дагуух эргийг цэвэрлэдэг байна. Мөн тус төвийн ажилтнууд сайн дураараа мөнгө цуглуулж, нэг сая гаруй төгрөгөөр ариутгалын бодис худалдаж авсан гэдгээ хэлж байлаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ соёл-урлаг

Т.Энхбат ОХУ-д дуурийн дуучдын тэмцээнд оролцоно

Оросын холбооны улсын Москва хотноо явагдаж байгаа дуурийн дуучдын “Хосе Каррерас Гран-При” олон улсын тэмцээний гуравдугаар шатанд шалгарсан дуучдын нэгээр Т.Энхбат тодорсон байна.

Тус тэмцээний гуравдугаар шат энэ сарын 26-нд болох аж.

Тэмцээн сопрано, меццо-сопрано, тенор, баритон, базз гэсэн үндсэн төрлөөр явагдаж байгаа бөгөөд төрөл бүрийн аваргууд 500 мянган рублийн шагналтай юм байна. Харин Гран При шагналын эзэн 700 мянган рублийн шагнал хүртэнэ. Финалын шатанд багтсан дуучид:

Сопрано:

  • Лилит Давтян (Армени),
  • Инна Деменкова (ОХУ),
  • Эльмира Караханова (ОХУ),

Меццо-сопрано:

  • Дара Савинова (Эстони),
  • Эльза Ру Шаму (Франц), Дарья Хозиева (ОХУ),
  • Баритон: Навасард Акопян (Армени),
  • Энрике Алькантара (Аргентин), Алексей Зеленков (ОХУ),

Пермийн театрын гоцлол дуучин Т.Энхбат (Монгол) нар тус тус шалгарчээ. Т.Энхбат Пермийн театр ажиллахаас өмнө Марийнскийн театрт ажиллаж байсан бөгөөд 2017 онд Санкт Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторийг төгссөн байна. Уртын дуучин, Ардын жүжигчин Д.Түвшинжаргалын хүү, дуучин Т.Баясгалангийн дүү тэрбээр олон улсын дуурийн дуулаачдыг томоохон тэмцээнүүдэд өмнө нь мөн оролцож байсан туршлагатай.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“1500-2000 хүнд нэг эмч, нэг сувилагч ноогддог” гэв

Өнөөдөр ЭМЯ, ДЭМБ-ын төлөөллүүд дүүргүүдийн штаб болон нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцаж тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн заримыг нь газар дээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Эмч ажилчдын зүгээс нэн тэргүүний ээлжинд эмнэлгийн орны асуудал болон хүний нөөцийн дутагдалд орж байгааг холбогдох албаныханд уламжиллаа. Тодруулвал БГД-ын хувьд нэг эмч, нэг сувилагчид 1500-2000 хүн ноогддог бол тухайн эмч өдөртөө 38-104 батлагдсан болон түүний ойрын хавьтлуудад тусламж үйлчилгээ үзүүлж ажиллах шаардлагатай болдог байна. Энэ ч үүднээс ачаалал ихсэж иргэдэд очих тусламж үйлчилгээ цагтаа хүрэхгүй байх асуудлууд гардаг байна.
Мөн иргэдийн зүгээс коронавируст халдвараар батлагдсан л бол эмнэлэгт хэвтэн эмчийн хяналтанд байхыг хүсч ханддаг нь ачааллыг улам нэмэгдүүлдэг талаар хэлж байлаа. Харин ЭМЯ-ны ажлын хэсгийн зүгээс орны нөөцийг нэмэгдүүлэхээр тасралтгүй ажиллаж бэлтгэл ажлыг хангаж байгааг хэллээ. Мөн резидент эмч нарыг дайчлан эмч нарынхаа ачааллыг багасгахаар нэмэлт судалгаа хийж ажиллаж байгаа гэнэ.
Өнгөрсөн 7 хоногт 648 резидент эмчийг талбарт дайчлан ажлуулсан бөгөөд 850 гаруй нэмэлт орыг гаргажээ. Дахин Баянхошууны амбулаторт 300, БЗД-т 50 ор нэмэлтээр гаргахаар нөөцийг судлаж орыг нэмэгдүүлэх бэлтгэл ажил явагдаж байгааг мөн хэллээ.
Харин ДЭМБ-ын зүгээс эмнэлэгүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгчийн аппараттай ор, түргэчилсэн оношлуур, телемедециний техник тоног төхөөрөмийн дэмжлэг үзүүлж шаардлагатай зөвлөмжийг цаг тухай бүрт нь хүргэж ажиллаж байгаа гэлээ.
Categories
мэдээ улс-төр

Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд

УИХ-ын 2021 оны Хаврын ээлжит чуулганы ирэх долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.

04 дүгээр сарын 29-ний Пүрэв гарагт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad

төхөөрөмжийн MyParliament программыг

ашиглан оролцоно./

04 дүгээр сарын 30-ны Баасан гарагт 10.00 цагаас цахим хэлбэрээр хуралдана:

/Жич: Хуралдаанд зөвхөн УИХ-ын Тамгын

газраас олгосон 3G дата СИМ карт болон iPad

төхөөрөмжийн MyParliament программыг

ашиглан оролцоно./