Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Пүрэвсүрэн: Манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр таван байр урагшилсан нь дэвшил биш


Хил хязгааргүй сурвалжлагчидолон улсын байгууллагаас жагсаасан энэ жилийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс таван байр урагшилжээ. Цар тахлын энэ үед дэлхийн 180 улс орноос 68 дугаарт жагссан үзүүлэлттэй байгаа юм. Энэ талаар Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр манай улс таван байр ахиж, 68-д жагссан мэдээлэл байна. Хэдийгээр Монголд хэвлэл мэдээлэлд халтай хэд хэдэн хууль баталсан ч урагш ахисан байна. Энэ нь чухам юутай холбоотой вэ?

-Хэвлэлийн эрх чөлөөний индексийг 2002 оноос хойш “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас эрхлэн гаргасаар байгаа. Манай орны хувьд 2013 оноос хойш энэхүү жагсаалтад орсон. Үүнээс хойш манайх “хэвлэлийн эрх чөлөө хангалттай, гэхдээ мэдэгдэхүйц асуудалтай” гэсэн орны тоонд орж буй. Энэ жилийн тухайд таван үзүүлэлтээр урагшилсан байгаа нь хоёр хүчин зүйлтэй холбоотой хэмээн хувьдаа дүгнэж байна. Нэгдүгээрт, цар тахлын үед хэвлэл мэдээллийн хэрэгслийг хумих гэж оролдсон Засгийн газрын үйл ажиллагаа, эрх зүйн зохицуулалтын эсрэг сэтгүүлчид эвлэлдэн нэгдэж, байр сууриа илэрхийлж чадсан. Үүнийг тодруулбал, Төрийн ордонд микрофон, ажлын үнэмлэхээ байршуулсан жишээ бий. Хоёрдугаарт, Засгийн газраас санаачилсан хуулийн төслийг эсэргүүцэж, шаардлага зөвлөмжүүдийг өгсөн байдаг. Үүнд, мэргэжлийн байгууллагууд болон сэтгүүлч, судлаачид оролцсон нь таван байр урагшлахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн болов уу. Манай улстай ижил, хэвлэлийн эрх чөлөө хангалттай ч мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд ордог Непал улс энэ жил зургаан байр урагшилжээ. Цар тахлын улмаас дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт зарим орны хувьд буурсантай холбоотойгоор Непал улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр урагшиллаа гэсэн дүгнэлтийг өгсөн. Яг түүн шиг манай улс таван байр ахисан байж болох юм. Манайх 73 дугаар байраас таван байр ахина гэдэг бол дэвшил биш. Тэгэхээр өмнө ямар байсан тэр үзүүлэлт хэвээр байгаа гэсэн үг.

Хэвлэлийн эрх чөлөөний түвшинг ямар үзүүлэлтийг харгалзан үзэж гаргадаг юм бол?

-Хэвлэлийн эрх чөлөөний түвшинг таван үзүүлэлтээр хэмжиж гаргадаг. Газрын зурагт тэмдэглэснээр эхний 1-12 дугаар байр нь хэвлэлийн эрх чөлөө маш сайн ангилалд орно. Энэхүү үзүүлэлтийг сүүлийн таван жил Норвеги улс тэргүүлсээр байгаа юм.

Хэвлэлийн эрх чөлөө нь хангалттай түвшинд хүрсэн Скандинавын орнуудад анхнаасаа хэвлэлийн эрх чөлөө сайн байсан уу, эсвэл тууштай тэмцсэний үр дүн юм болов уу?

-Эрх зүйн орчин маш сайн. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчдийн эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл гаргах, албадаж баривчлах, цагдан хорих асуудал байдаггүй. Хамгийн гол хөдөлгөгч хүчин зүйлийг Норвегийн сэтгүүлч уржигдрын хурал дээр хэллээ. Тодруулбал, Норвегид 100 гаруй жилийн турш сэтгүүл зүйн этик буюу ёс зүй төлөвшсөн. Аливаа шүүмжлэлт асуудал гарвал түүнийг нийгмээрээ эсэргүүцэж чаддаг. Тиймээс ч итгэл төгс нэгдүгээр байраа хадгалсаар байна гэдгийг онцолж байна лээ. Харин эсрэгээр жил болгон хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр хойд Солонгос сүүл мушгидаг. Гэхдээ энэ жил нэг байр урагшилжээ. Тэгвэл манай урд хөрш хэвлэлийн эрх чөлөөгөөр сүүлээсээ дөрөвдүгээр байрт жагссан байгаа юм. Хэвлэлийн эрх чөлөөгөөр хамгийн их байр ухарсан буюу 18 байраар хойшилсон орноор Малайзыг нэрлэсэн. Энэ улсад өнгөрсөн онд шинэ Засгийн газар байгуулагдахдаа “худал мэдээллийн эсрэг” гэх тогтоолыг гаргасан байгаа юм. Ингэснээр эрх мэдэлтнүүд нь “үнэнийг тогтоох” боломжийг өөрсдөө бий болгосон хэмээх дүгнэлтийг өгөөд буй.

Худал мэдээлэл гэдэг нэрийн дор аливаа асуудлыг үзэмжээр шийдэх эрсдэлтэй гэсэн үг үү, Малайз улсын жишээнээс тодорхой харагдаад байх шиг?

-Цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөө дэлхий нийтийн өмнө тулгарсан асуудал болоод байна. “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас уржигдар зохион байгуулсан хурлын үеэр “Цар тахлын эсрэг вакцинжуулалтын ажил үр дүнтэй сэтгүүл зүйг дэлхийн 130 гаруй оронд тодорхой хэмжээгээр хааж боомилох болов” гэсэн дүгнэлтийг гаргасан. Өөрөөр хэлбэл, 180 орноос 130 гаруй нь цар тахлын эсрэг тэмцэхэд чухал нөлөөтэй сэтгүүл зүйг хааж боож байна гэсэн үг. Үүнд нь, манай улс ч багтаж байгаа. Энэ нь ЦЕГ, ХХЗХ-ны хамтарсан “Худал мэдээлэлтэй тэмцэх” тухай журам, ЦЕГ-ын дэргэдэх “Цахим худал мэдээлэлтэй тэмцэх” нэгжийг байгуулсантай холбоотой. Хамгийн сүүлийн жишээ бол, Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор “Эрсдэлтэй мэдээллийн хороог” байгуулсан. Цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөөг хумих, тодорхой мэдээллийг дамжуулахад хориглолт хязгаарлалтыг хуулиудаар оногдуулсан байна. Түүнчлэн өнгөрсөн жил Сонгуулийн тухай хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл дамжуулах харилцааг тодорхой хэмжээгээр зохицуулсан шүү дээ. Тодруулбал, Хэвлэл мэдээллийн ажилтан үнэн бодит мэдээлэл түгээхийг үүрэг болгосон. Хэвлэл мэдээллийн байгууллага нь сонгууль дууссанаас хойш 10 хоногийн дотор тайлангаа эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг хуульчилсан. Эдгээр сонгуулийн хуулийг зөрчвөл цар тахлын үед ч ялаагүй Зөрчлийн тухай хуулиар торгуулийн шийтгэлтэй. Тухайн мэдээллийг дамжуулах үүргээ биелүүлээгүй тохиолдолд цар тахлын хуулиар хэвлэл мэдээллийн хэрэгслийг торгох зохицуулалтыг оногдуулсан. Гэхдээ дан ганц Монголд биш, “Ковид-19” вирусийг даван туулахаар тэмцэж байгаа дэлхийн олон оронд энэ асуудлыг гаргаж ирсээр байгаа.

Цахим орчин, сошиал медиагийн хөгжилтэй уялдуулан үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллийн урсгал хүч түрж байна. Улмаар сошиалын мэдээллийгмэргэжлийн сэтгүүл зүйтэйхольж хутгах хандлага бий болоод байх шиг?

-“Хил хязгаагүй сурвалжлагчид”ын амин сүнс, гол концепц нь хуурамч мэдээллийн эсрэг хамгийн үр дүнтэй механизм болох хэвлэлийн эрх чөлөөг дэмжих юм. Мэргэжлийн сэтгүүл зүй нь хуурамч мэдээллийг төдийлөн түгээдэггүй. Харин эсрэгээр хуурамч мэдээлэл газар авахаас сэргийлдэг, ялгаатай ойлголт юм. Үүнийг анхаарч үзэх талаар ч холбогдох зөвлөмж гарсан байна лээ. Цахим орчинд мэдээлэл түгээсэнтэй холбоотой хатуу хяналт, хаалт тогтоосон олон улс орон байна. Үүнд Хятад, Хонконг, Мьянмар, Вьетнамыг онцолсон байна лээ. Эдгээр орнуудад нийгмийн сүлжээний контентод тавих хяналтыг чангатгасан гэдэг дүгнэлтийг өгсөн байгаа юм. Хурдацтайгаар хэвлэлийн эрх чөлөө нь ухарч буй орны хувьд Хонконг орж байна. Хуучин Азийн бүс нутагтаа тэргүүлж, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 2002 онд 18 дугаар байранд жагсаж байсан бол одоо 80 дугаар байранд эрэмбэлэгдэж, Монголоос ч хойно оржээ. Япон улсын тухайд манай орны яг өмнө жагссан үзүүлэлттэй байгаа юм. Бүс нутгийн хэмжээнд улс орнуудын хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтийг “Засаг захиргааны нь тогтолцоо, үүнээс илүүтэй хэвлэлийн эрх чөлөөнд хяналтаа тогтоох гэсэн Засгийн газрынх нь хүсэл зоригтой холбоотой” гэсэн дүгнэлтийг өгсөн. Сэтгүүлчдийг хорьж цагдаж, амь насанд нь халдах нь хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтэд ноцтой нөлөөлдөг. Гэхдээ Монголын хувьд ажил мэргэжлээ гүйцэтгэж буй сэтгүүлчдийн амь насанд халдах асуудал харьцангуй тогтвортой байна л даа. Тодруулбал, үүргээ гүйцэтгэж яваад нас барсан нь баримтаар тогтоогдсон зургаан хэвлэл мэдээллийн ажилтан бүртгэгдсэн байгаа юм.

П.САЙНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үйлчилгээний байгууллагууд 07:00-19:00 цагийн хооронд ажиллана

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбоотойгоор Засгийн газрын тогтоол, УОК-ын даргын тушаал, УОК-ын тэмдэглэлийг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, дүүрэг, хороо тус бүрээр иргэдийн бүртгэл, хуваарь, тээвэрлэлтийн маршрутыг нарийвчлан гаргаж, мэдээллээр ханган зохион байгуулалтын арга хэмжээ авч, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллахыг үүрэг болгов.

Захирамжид:

  • Гэрээр тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн цахим хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн зөвлөмж, зөвлөгөө өгч, эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй хүргэж ажиллана.
  • Нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, өрөө тасалгаа, орон сууцны орц, хонгил, цонх, цахилгаан шат, нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, суудал, бариул, хүүхдийн тоглоомын талбай зэрэг халдвар тархах эрсдэлтэй орчны халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг даалгалаа.
  • Хязгаарлалт тогтоохгүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-19:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоов.
  • Хязгаарлалт тогтоохгүй үйл ажиллагаа явуулах төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн автомашиныг Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 37 дугаар тушаалаар батлагдсан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ын хүрээнд замын хөдөлгөөнд оролцуулна. Өөрөөр хэлбэл, хувь хүн, хуулийн этгээдийн автомашиныг QR кодоор зорчуулах ажлыг УОК хариуцаж байгаа юм.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж, өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, албан хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэн, зорчуулна.
  • Нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг бууруулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах зорилгоор эрчим хүч, дулаан, усан хангамж, орон сууц, хүнсний үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг тогтоосон цагийн хязгаарын хүрээнд тусгай үйлчилгээний автобусаар зорчиход дэмжлэг үзүүлэхээр боллоо.
  • Нийслэлээс орон нутагт зорчих хөдөлгөөнийг зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаан (эрүүл мэнд, буяны ажил)-тай болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, зайлшгүй шаардлагатай ачаа тээвэрлэгчид (хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт)-ийг ПСР шинжилгээний 72 цагийн сөрөг хариу, тухайн аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн гаргах, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллах юм.
  • Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд спиртийн өндөр агууламж (18 хувиас дээш) бүхий согтууруулах ундаа худалдахыг хориглолоо.
Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал утга-зоxиол

Ц.Буянзаяа: Хүн сэтгэлийн амьтан гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн амьтан л даа

Д.Нацагдоржийн шагналт зохиолч, яруу найрагч Ц.Буянзаяатай шинээр гаргасанСэтгэл зүйн тууриудномынх нь талаар ярилцлаа.


Өнөө цагт Монголын зохиолчид роман, өгүүллэг гэсэн хоёр төрлөөр голдуу туурвиад байх шиг. Туурь бичиж буй нь бараг харагддаггүй юм?

-Роман, өгүүллэг бол хүүрнэл зохиолын нийтлэг, үндсэн төрөл зүйлүүд л дээ. Туурь ч гэсэн өгүүллэгийн төрөл зүйлд хамаарагдана. Гэхдээ өөрийн гэсэн бага зэрэг онцлогтой. Өгүүллэгийн зохиолд зохиолын үйл явдал, дүрийн онцлогийг голлон анхаардаг бол туурьд зохиогчийн дэвшүүлж буй санаа гол цөм нь болж илэрхийлэгддэг. Жишээлбэл, Б.Ринчений “Шүхэрч Буниа” туурьт монголчууд шүхэр хийж нисэхийг эрт цагт зорьж байсан юм шүү гэсэн санаа зохиолын гол цөм нь болсон байдаг. Бусад өгүүлэмж, үйл явдал нь уг санааг тодруулж гаргахад чиглэсэн гэж үзэж болно. Гэтэл Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгт Лодон гэвшийн ертөнцийн хар нулимс унагах болсон шалтгааныг үйл явдлын учир шалтгаан, дүрийн дотоод ертөнцийн хувиралтай холбон бичсэн байдаг. Энэ нь зохиолч санаагаа илэрхийлэхээс илүүтэйгээр уран сайхны дүрийн ертөнцийг нээн дүрсэлсэн гэж ойлгож болно. Тийм учраас Лодон гэвш зарим хүнд эмгэнэлтэй, зарим хүнд инээдтэй дүр болон уншигддаг. Иймэрхүү онцлогтой холбоотойгоор туурь-өгүүллэг, өгүүллэгийн хооронд багахан ялгаа гардаг. Туурь бичих нь өгүүллэг бичихээс илүү ч юм биш, дутуу ч юм биш. Хамгийн гол нь яаж бичих нь, уран сайхны боловсруулалт хэрхэн хийх нь л чухал юм.

Зохиолчид тогтсон ганц нэг төрлөөр дагнаж бичих нь яваандаа, том утгаараа тухайн орны уран зохиол, утга зохиол ядуурахад хүргэх тал бий юү. Тийм учраас зохиолчид уран зохиол аль болох олон төрөл зүйлээр оролдож байгууштай юу?

-Төрөл зүйл бол нэг их чухал биш, хүн ямар ч төрлөөр бичиж, авьяас билгээ сорьж болно. Зөвхөн нэг төрлөөр бичээд байсан ч болно. Төрөл зүйлээс илүүтэйгээр туурвил зүйн хэв маягийг анхаарах нь илүү чухал юм. Туурвил зүйн хэв маягт зохиомжийн боловсруулалт, хүүрнэх арга барил, дүрийн дүрслэл, зохиолын хэл, үйл явдлын өгүүлэмж зэрэг тогтсон элементүүд хамаарагддаг. Эдгээр элементүүдийг ашиглахдаа зохиолчид өөрийн гэсэн давтагдашгүй хэв маягийг бүтээхийн төлөө байнгын эрэлхийлэлд автаж байх ёстой юм. Хэрвээ хэн нэгний бүтээсэн туурвилын хэв маягуудыг хуулбарлах, даган дуурайх байдлаар бичээд байвал ёстой үндэсний уран зохиолд ядуурал газар авна гэсэн үг л дээ.

Манай уран зохиолд туурвил зүйн хэв маягийн давтамжит хандлага түгээмэл байдаг нь анзаарагддаг Ганцхан жишээ хэлэхэд Д.Нацагдоржийн “Үзэгдээгүй юм” өгүүллэгийн Болдыг гадаад харагдах байдлаас нь “…Хөх даалимбан дээлийг өмсөж, шар ногоон дурдан бүсийг ороосон бөгөөд гэзэггүй, орос эсгий малгайг хэлтгий тавьжээ…” гэх зэргээр дүрсэлсэн байдаг. Гэтэл үүнээс хойш нэлээд олон зохиол дээр хөх дээл өмсөж, шар дурдан бүс ороож, малгай хэлтгий тавьсан дүрслэл давтагдан гардаг. Энэ бол туурвил зүйн хэв маяг дахь буруу хандлага юм. Үүнээс гадна сүүлийн үеийн романуудад цуваа цагийн нийтлэг зохиомж газар авчхаад байгаа. Энэ бол бас л буруу хандлага. Зохиомж маш чөлөөтэй, баялаг байх ёстой. Зохиолчийн хэлний ижилсэл гээч юм манайд хэтэрхий нийтлэг байдаг. Энэ ч бас хортой. Тийм болохоор ямар төрлөөр бичихээсээ илүүтэйгээр яаж үгийн урлагийн уран сайхны ертөнц бүтээх вэ гэдэг нь уран зохиолын хөгжлийн асуудал л юм даа.

Та энэ номныхоо тууриудыг арваад жилийн өмнөөс бичиж эхэлжээ?

-Тэгсэн. Сүүлийн арваад жилийн зохиолуудаас ном минь бүрдэж байгаа. Гэхдээ сүүлийн гурван жилийн бүтээлүүд түлхүү байгаа. Яагаад гэвэл энэ номыг бичих, бүтээх тал руугаа голлон анхаарсан юм.

-“Сэтгэл зүйн тууриудгэж нэрлэснээс нь үзвэл хүний сэтгэл зүйг илэрхийлсэн тууриуд байх нь гэж таамаглалаа. Тэгтэл тийм болж таарав?

-Анх номоо аль нэг тууриар нь нэрлэдэг юм уу гэж бодож байсан юм. Тэгтэл мэргэжил нэгт нөхдүүд маань бүгдээрээ туурь юм чинь бүгдийг нь хамруулсан нэр өгвөл зохимжтой болно гэж зөвлөсөн юм. Тэгээд тууриудад маань нийтлэг зүйл юу байна вэ гэж нэлээн анзаарч харсан. Зохиол бүхэнд маань дүрийн сэтгэл зүйгээс урган гарсан үйл явдал ч юм уу, үйл явдлын нөлөөлөөс улбаалан бий болсон дүрийн сэтгэл зүйн онцлог ч юм уу, эсгэвээс хүн гээч амьтны сэтгэл зүйн ертөнцөд байдаг нийтлэг хандлага ч юм уу, тиймэрхүү сэтгэл зүйн элементүүд байгаад байсан учраас “Сэтгэл зүйн тууриуд” гэж нэг нийтлэг шинжээр нь нэрлэсэн юм.

Хүмүүс нэгэн үеэ бодвол материаллагаас хагацаж, дотоод руугаа тэмүүлэх хандлагатай болсон. Сэтгэл зүйн талаар их, багагүй ярьдаг болж. Уг нь монголчууд юмыг хийхээсээ урьтаж бодож, бясалгадаг, тунгаадаг, өөрөө өөртэйгөө ярьдаг, өвөрмөц сэтгэл зүйтэй хүмүүс байсан шүү дээ?

-Хүн гээч амьтан үнэн чанартаа сэтгэлийн амьтан гэхээсээ илүүтэйгээр сэтгэл зүйн амьтан л даа. Бид сэтгэл зүйдээ ямар төсөөлөл бий болгосон байна тэр төсөөллөөрөө юманд хандаж, юмыг үнэлж, үйлдэж амьдардаг. Хүмүүс сэтгэхүй нь тийм, ийм гэж их ярьдаг. Тэр яриад байгаа сэтгэхүй ч гэсэн уг чанартаа сэтгэл зүйтэй холбоотой. Сэтгэл зүйд нь ямар нөлөөлөл тогтсон байна, тэр байдлаараа л юм бүхэнд хандана гэсэн үг. Улаанбаатарын машины түгжрэл нэг талаасаа хотын зохион байгуулалт, автомашины ачаалалтай гарцаагүй холбоотой. Гэхдээ нөгөө талаасаа бидний сэтгэл зүйд аль хэдийнэ тогтчихсон нэг нэгнээсээ өрсөх гэсэн, хэт амиа хичээсэн байдалтай яалт ч үгүй хамаатай. Нийгмийн сэтгэл зүйн түгээмэл хандлагын нэг илрэл ч гэж үзэж болно. Хамгийн гол авууштай нь юу вэ гэхээр сэтгэл зүйн хандлагууд өөрчлөгддөг, тогтоод нэг газраа гацчихдаг зүйл биш юм. Зөв хандлага, зөв нөлөөллөөр сэтгэл зүйн хандлагуудад өөрчлөлт орж болно. Тийм учраас л өндөр хөгжилтэй орнуудад нийгмийн сэтгэл зүйн эерэг хандлагууд бий болгох тал дээр анхаарч ажилладаг гэж ойлгож болох юм.

Таны энэ шинэ номонд орсонХүн чулууны туурьгэх туурийн гол дүрийн эр бол маш бэртэгчин. Манай нийгэмд, ялангуяа нам, улс төр дагасан эрчүүдийн дунд яг тийм хүмүүс элбэг байдаг юм. Энэ туурийг уншихадНээрэн ийм хүмүүс мэр сэр байдаг шүүгээд дотор муухайрсан шүү?

-Тийм үү? Би хувьдаа хэн нэгнийг ч юм уу, хэсэг бүлэг хүмүүсийг шүүмжлэх санаагаар “Хүн чулууны туурь”-аа бичээгүй. Тухайн зохиолын баатрынхаа сэтгэл зүй дэх хандлагаар дамжуулан зарим нэг хүмүүсийн ухамсар, сэтгэхүйд байдаг түгээмэл хандлагыг илэрхийлэхийг зорьсон. Үүнээс цааш яривал уншигчийн өөрийнх нь таашаалын эрхэд халдсан явдал болчих байх.

-“Жаргаж буй нарны туурь”. Гол дүрийн эр нь мөн л манай нийгэмд түгээмэл байдаг. Сэтгэл санаа нь тогтворгүй, ямар нэгэн юманд хэн нэгнийг буруутгаж, үзэн ядаж түүнээсээ таашаал ч авч чаддаггүй. Сэтгэлд нь нийцэх юм гэж огт үгүй. Тийм хүмүүс ч төвөгтэй шүү?

-Жак Дерридагийн деконструктивизмийн тухай үзэл санаанд зохиолч номоо бичиж дуусна гэдэг тухайн зохиолынхоо хувьд үхсэн хүнтэй адил болж байгаа зүйл гэж өгүүлсэн байдаг. Энэ бол зохиолч, зохиол, уншигч гурвын харилцан хамаарлыг гайхалтай илэрхийлсэн илэрхийлэл юм. Мэдээж зохиолч ямар нэгэн үзэл санаа дэвшүүлэн зохиолоо бичсэн л байж таарна. Гэхдээ уншигчдад өөрийнхөө тэр үзэл санааг хэрхэвч тулгаж болохгүй гэсэн санаа юм. Уншигч тэр зохиолыг өөрийнхөөрөө тайлж, өөрийнхөөрөө нээж, өөрийнхөөрөө эвдэж ойлгоно гэдэг үнэхээр гайхалтай явдал.

Нэг ёсондоо уншигч тэр зохиолыг шинээр дахин төрүүлж байна гэсэн үг. Уншигч бүхэнтэй цуг шинэ ном, шинэ ойлголт, шинэ санаа, шинэ өгүүлэмж төрнө гэдэг уран зохиолын хөгжил, хэрэглээнд ололт, дэвшилт бий болж байна гэсэн үг. Тэгэхлээр зохиолч өөрийнхөө санааг зарлаад, тунхаглаад явахаас илүүтэй уншигчид зохиолыг нь өөр өөрийнхөөрөө тайлан унших бүрд талархан, өөрөө ч мэдэхгүй байгаа шинэ зүйлүүдийг нээж харах, хүлээн зөвшөөрөх чадвартай байх хэрэгтэй болж байгаа юм. “Жаргаж буй нарны туурь”-ийг би өөрийн чинь ажигласнаас өөр санааг дэвшүүлэн бичсэн. Гэвч өөрийн чинь ажиглалтыг анзаараад яалт ч үгүй бас нэгэн шинэ хандлага юм даа гэж ойлгож байна.

-“Сэтгэл зүйн тууриуд”-ыг эхнээс нь дуустал уншлаа, хаалаа. Их л юм бодлоо?

-Баярлалаа. Эрнест Хемингуэй уран зохиолын дотоод ертөнцийг мөсөн уултай зүйрлэн хэлсэн байдаг юм. Зохиолын уншигчдад хүрч байгаа үйл явдал нь мөсөн уулын оройн хэсэг, харин уншсаныхаа дараа төрсөн бодол эргэцүүлэл нь мөсөн уулын үл харагдах гол хэсэг нь юм гэсэн байдаг. Тиймээс хүнд юм бодуулах зохиол бичнэ гэдэг зохиолчийн туйлын зорилго юм даа.

Энэ номыг бичихдээ та бас маш их бодолд орсон байх, бодохын тулд нам гүмийг эрэлхийлсэн байх. Бусдаас, нийгмээс өөрийгөө тасалж суусан байх. Тэгж байж л бичигдсэн тууриуд болов уу гэж анзаарлаа?

-Бодолгүй яахав. Бичиж буй зохиолынхоо ертөнцөд амьдрахыг хичээсэн. 2017 оноос хойш би уран бүтээлээ голлон анхаарч байгаа. Нэг ёсондоо бодит болон хийсвэр ертөнцийн амьдралаар зэрэгцэн амьдарч эхэлсэн гэж хэлж болно. “Сэтгэл зүйн тууриуд”-аасаа гадна бас нэг шинэ роман бичиж байсан учир маш их цагийг бүтээл туурвилдаа зориулсан. Томоохон хэмжээний бүтээл туурвихад мэдээж орчноо бүрдүүлэх, аль болох цаг хугацаагаа зориулах гээд зайлшгүй зүйлүүд байдаг. Тэгэхдээ нэг их өөрийгөө тусгаарлаад, нийгэм, хүмүүсээс зайгаа бариад байсангүй. Ганц нэг цагийн хичээл зааж, уран зохиолын хүрээнд болж буй арга хэмжээнүүдэд оролцох зэргээр бас ч гэж нийгмийн идэвхтэй байсан шүү. Гэхдээ л ихэнх цагаа бүтээл туурвилдаа зориулсан.

Монголчууд ёс зүйгүй болжээ, хүн чанаргүй болчихож. Дээр үед ийм байгаагүй юм гэдэг. Энэ бүх буруушаалын үндэс нь хүний сэтгэл, сэтгэл зүйтэй холбоотой болоод явчихдаг. Сэтгэлээ чагнахаа байснаас, сэтгэлдээ оршиж чадахгүй болсноор өнөөдрийн энэ хар бараан бүгд урган гарч байна гэж заримдаа дүгнэж болохоор?

-Өөрийн чинь дүгнэлттэй зарим зүйл дээр санал нийлэхгүй байна.Яагаад гэвэл хүмүүс угаасаа ийм л байсан, ийм л байгаа, ийм л байх болно гэж хувьдаа боддог юм. Түүнээс биш өнөө цагт л муу муухай юм үүрлэчихээд байгаа юм биш. Хүн гээч амьтан байгаа цагт сайн, муу юм цуг байх нь зүйн хэрэг биз. Харин ч сүүлийн үед хүний хөгжил, хандлагад эерэг зүйлүүд бий болж байна. Нийтээрээ биш юм аа гэхэд нэлээд хүмүүсийн хандлага, ойлголт өөрчлөгдөж байна. Хүн ёс, хууль ёсыг шаарддаг шаардлагууд бий болж байна гээд яриад байвал сайн зүйлс их байна. Нөгөө талд нь саар муу зүйлс хаа сайгүй л байна. Тэр тухай яриад ч яахав дээ.

Бид жамаараа яваа юу…?

-Үгүй. Бид хандлагаараа яваа. Хувь хүн бүхэн өөрийн хандлагаар нийгэм нийтийн хандлагаар явж байна.Гол нь хувь хүний хандлага нийгмийн хандлагатай зөрчилддөг учраас, ялангуяа нийтийн түгээмэл хандлага нийгмийн хандлагыг тодорхойлдог болохоор хувь хүний хандлагад төвөгтэй байдлыг үүсгэдэг. Энэ л төвөгтэй. Тэгэхлээр олон нийтийн эерэг хандлагын төлөвшил чухал юм даа. Хувь хүн бол яахав хувь хүнээрээ л дуусна.

Гүн ухаанчид, бас сэтгэл зүйчидтэй уулзаадБид жамаараа яваа юугэж асуухаар дийлэнх ньЖамаараа яваа. Бидний туулж байгаа, үзэж харж байгаа энэ бүх муу муухай юм байх ёстой, эдлэх ёстой зүйл. Бүү сандаргэдэг. Тийм бол тэмцэж, зүтгээд хэрэг юун. Бүгдийг сул хаячихмаар юм биш үү, хувь заяандаа даатгаад?

-Хувь хүн жам ёсонд найдахаас илүүтэйгээр, хэн нэгний тусламжид найдахаас илүүтэйгээр өөрийнхөө оршин байх хувь тавиланг өөртөө бүтээхээс өөр гарц байхгүй байх. Энэ тал дээр би эксистенциалистуудын үзэл санаанд автадмал байдаг юм. Ингээд үзэхээр хүн нийгмийн эд, эс учраас өөрийнхөө оршин байх хувь тавиланг нийгмээс гадуур бүтээж чадахгүй нь ойлгомжтой. Тийм учраас нийгмийнхээ сайн сайхны төлөө ямар нэгэн оролцоог өөрийнхөө хэмжээнд бий болгож байх нь л зөв байх. Манайхан нийгмийн оролцоо гэхээр ядарсан зүдэрсэн хэн нэгэнд туслах, улс төрд оролцох гэх зэргээр нийтлэг хандлага илэрхийлээд байдаг. Ядарсан хүнд туслах нь, үзэл бодлоо илэрхийлэх нь юу нь буруу байхав. Гэхдээ хүн өөрөө нийтийн дүрэм журмыг мөрдөх, өөрийн хүчээр баялаг бүтээж амьдрахыг хичээх нь улстөржихөөс илүүтэйгээр нийгэмдээ хувь нэмрээ оруулж байгаа явдал гэж би хувьдаа бодож явдаг юм. Түүнээс биш жамаараа яваа юм яасан ч яахав гээд бүхнийг зоргонд нь орхино гэдэг лав зөв хандлага биш байх.

-“Сэтгэл зүйн тууриуд”-ыг хаанаас худалдан авч болох вэ?

-“Интерном”, “Аз хур”, “Анар” гэсэн номын дэлгүүрүүдээр борлогдож байгаа. Мөн “Bookking” хүргэлтээр худалдаалж байгаа.

Номын хавтас шар. Энэ бол нар, гэрэл гэгээг илэрхийлдэг өнгө. Харин хүмүүсийг та саарлаар дүрсэлжээ. Та хүмүүсийг, хүмүүсийн сэтгэл зүйг саарал байна гэх гээд байна уу. Эсвэл та өөрөө хүмүүсийг саарлаар харж байна уу?

-Номын маань хавтасны зургийг яруу найрагч, зураач М.Амархүү зурсан, номын эх бэлтгэлийг дизайнер, гэрэл зурагчин Э.Цэрэнбаяр хийсэн. Бид гурав ярилцаж байгаад л ийм нэг хавтас бүтээсэн. Зураачийн дүрслэл, дизайнерийн зохиомжоос л ийм дүр төрх бий болсон. Хавтасныхаа зурагт ямар нэгэн зориудын бэлгэдэл хийгээгүй. Зургийн санаа номонд байгаа зарим нэг зохиолын үйл явдлаас сэдэвлэн гарсан. Ердөө л ийм юм.

Categories
зурхай мэдээ нийгэм цаг-үе

Хөх луу өдөр

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 26. Сумъяа гариг. Билгийн тооллын 14, хөх луу өдөр. Өдрийн наран 05:43 цагт мандан 19:57цагт жаргана. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дархны үйлд сайн.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвин болно.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 2-4 хэм дулаан байна


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дархадын хотгор, Байдраг, Тэс голын хөндийгөөр 13-18 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар 13-18 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд “Цар тахалтай энэ хүнд үед Дэлхийн монголчуудаасаа тусламж гуйж байна” гэв

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо “Рио тинто”-той ойлголцоход мэдээллийн тэнцвэргүй байдал маш том асуудал болж байна” хэмээв.

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн “Цөхрөлтгүй хөдөлмөрлөж амжилтад хүрсэн олон эмэгтэйчүүд байдаг. Би тэдний л нэг” хэмээн I, V нүүрт өгүүллээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “Цар тахалтай энэ хүнд үед Дэлхийн монголчуудаасаа тусламж гуйж байна” гэв.

НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра “Хүчирхийлэл дарамтыг үл тэвчих соёлыг бид нийгмээрээ бий болгох ёстой” хэмээснийг I,IV нүүрнээс уншаарай.

Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал “Ковидын халдварыг хумих, таслан зогсоох бүрэн боломжтой гэж харж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад мэдээ

Space X-ийн сансрын хөлөг дөрвөн сансрын нисгэгчийг амжилттай тээвэрлэлээ

Recycled SpaceX Crew Dragon brings new crew to ISS

Space X компанийн Crew Dragon хөлөг гурван орны дөрвөн сансрын нисэгчийг Олон улсын сансрын станцад /ОУСС/ хүргэлээ.

Энэ нислэг нь сансрын нисэгчид хувийн компанийн хөлгөөр ниссэн гурав дахь тохиолдол бөгөөд өмнө ашиглаж байсан пуужинг ашигласан анхны нислэг болжээ.

Кеннедигийн сансрын төвөөс хөөрсөн хөлгийн багийнхан дэлхийгээс 400 км-ын зайд байрлах ОУСС-д зургаан сарыг өнгөрүүлнэ. Хөлгийн багт NASA-гийн Шейн Кимброу, Меган МакАртур, Европын сансрын агентлагийн /ESA/ Франц нисэгч Томас Пескет, Японы сансрын агентлагийн /JAXA/ Акихико Хошидэ нар багтаж байна.

Хөлгийн багийнхан энэ удаа эм, вакцины хөгжилд тус болохуйц судалгааг хийнэ. Тэд эсийн олон төрлийг агуулсан хүний эд эрхтний загваруудыг хиймэл таталцлын орчин, сансарт хэрхэн ажиллахыг нь турших юм.

Categories
мэдээ цаг-үе

QR кодоор зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчих журам гарлаа

Нийслэлд түгжрэлээс болж өдөрт 265 сая төгрөг үр ашиггүй зарцуулж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан билээ.

Иймд тус ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар QR код олгох ажлыг хэрхэн зохион байгуулах талаар танилцууллаа.

Тэрбээр “Ойролцоогоор 41,593 тээврийн хэрэгсэл хатуу хөл хорионы өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох байдлаар системд шивэлт хийгдлээ.

Үйл ажиллагаа нь хязгаарлахгүй байгууллагуудад системд буй тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR код олгоно. Өөрөөр хэлбэл өнгөрсөн өвөл мэдээллийн санд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашиныхаа дугаарыг системд оруулан хүсэлт явуулахад шинэ QR код олгогдоно.

Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.

QR код нь нэг удаагийн болон 14 хоног хэрэглэх гэсэн хоёр янз байна. Тодруулбал нэг удаагийн кодыг уул уурхай, газар тариалангийн чиглэлээр ажиллагсдаа тээвэрлэх автомашинд олгоно. Харин үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй 15 чиглэлийн албан хаагчдын тээврийн хэрэгсэлд 14 хоног ашиглах QR ашиглана.

smartcar.mn хуудсаар орж хүсэлтээ өгөөд QR кодоо хэвлэн авах боломжтой.

Хувь хүмүүст QR код өгөхгүй. Цагдаагийн байгууллага QR кодыг газар дээр нь хүчингүй болгох боломжтой болно. Зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо авч явна. Анхны хөл хорионы үеэр 60, дараа нь 50 мянган тээврийн хэрэгсэл оролцож байсан бол энэ удаа эхний ээлжинд хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо 41 мянган байна. Энэ удаагийн код олголт цагийн зохицуулалттай. Зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино.

Хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох чиглэлээр энэ журмыг зохицуулсан. Нийтийн тээвэр ч мөн адил 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. Байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж үйл ажиллагаагаа зохицуулах ёстой.

Маргааш өглөө үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд өнөөдөр 21:00 цагаас эхлэн жолооч нар Smartcart.mn руу орон автомашины дугаараа оруулан QR кодоо хэвлээд авах боломжтой. Систем доголдохгүй. Гол нь QR кодоо ажлын газрын үнэмлэхийн хамт ашиглана. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын тухайд шинээр QR код авах бол QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ.

Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт зорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрхийг цагдаа нарт өгөх юм байна.

  1. Төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагын алба хаагчид, тухайн байгууллагын тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.
  2. Төрийн захиргааны байгууллагууд, нутгийн захиргааны байгууллагууд ирэх 14 хоногийн хугацаанд тэг зогсолт хийх хэмжээнд хөдөлгөөнийг хязгаарлалт хийх шийдвэр гарсан” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Categories
мэдээ цаг-үе

Гурван хорих ангид коронавирусийн халдвар илэрчээ

ШШГЕГ-ын харьяа гурван хорих ангид КОВИД-19-ийн халдвар илэрчээ. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Нямбаатар “Бүх хүн вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн байсан ба холбогдох эмнэлгийн байгууллагуудад хүсэлт тавьж, зарим хүмүүсийг шилжүүлсэн. Одоо дараагийн шинжилгээ хийгдэж байна.

Баривчлах шийтгэлтэй холбоотой шийдвэрүүдийг хойшлуулах асуудлаар бид Улсын дээд шүүхэд хүсэлт илгээсэн. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжийг судалж үзнэ үү гэсэн асуудал тавьсан” гэв.

Categories
мэдээ цаг-үе

QR кодыг бусдад дамжуулсан тохиолдолд газар дээр нь хүчингүй болгоно

ВИДЕО: QR код бүхий автомашины тусгай зөвшөөрөл олгогдсон эсэхийг шалгах  заавар

QR код олгох асуудлаар ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар Нийслэлийн шуурхай штабын байранд мэдээлэл хийж байна.

Х.Нямбаатар: Нийт 41593 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор шивэлт хийгдлээ. Журмаа одоо УОК-д танилцуулна. УОК-оос эцэслэнэ. Үйл ажиллагааг хязгаарлахгүй салбаруудад QR кодыг олгоно. Өвөл мэдээллийн санд мэдээллээ өгсөн байгууллагууд автомашины дугаарыг системд оруулаад хүсэлт явуулмагц эргүүлээд шинэ QR код өгнө. Яаралтай түргэн тусламжийн төвийг хөл хорионы үеэр бүх хүчин чадлаар нь ажиллуулна. Төрийн байгууллагуудаас зөвхөн төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ. QR кодыг хоёр янзаар хадгална. Нэгдүгээрт 14 хоногийн турш үйлчлэх код, 1 удаагийн код гэсэн янзаар.

Хувь хүмүүст QR код өгөхгүй. Цагдаагийн байгууллага QR кодыг газар дээр нь хүчингүй болгох боломжтой болно. Зөвхөн QR код бус ажлын тодорхойлолтоо авч явна. QR@gov.mn хаяг руу хүсэлтээ код авах хүсэлтээ шинээр өгнө.

Бусдад дамжуулсан тохиолдолд цагдаагийн байгууллага шууд хүчингүй болгох эрхтэй. Заавал ажлын үнэмлэхээ авч явах шаардлагатай.

Маргааш өглөөнөөс эхлэн QR кодоор зорчиж эхэлнэ. Хөл хорионы үеэр 110 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна гэсэн тоо гарсан. УОК болон ЗГ-ын шийдвэрийг хүндэтгэлтэй хүлээж аваач ээ гэж хүсмээр байна. Хориглох боломжгүй байгууллагуудын үйл ажиллагааг тасралтгүй явуулахын тулд уг ажлыг хийж байна. QR кодыг олгох ажил явагдаж байсан учраас шинэ зүйл биш. Энэ удаагийн зохицуулалтаар санал, хүсэлтийг мейл хаягаар авна.QR@GOV.MN гэсэн хаягаар хүсэлтийг авна гэсэн үг. Эм, эмнэлэгийн байгууллагын тээврийн оролцоог багасгаагүй.