Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хөл хорионы өдрүүдэд хэрэгжих үйл ажиллагаа

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 105 дугаар тогтоолоор дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 08-ны өдрийн 06:00 цаг хүртэл 12 хоногоор бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгасан.

Энэ удаагийн 12 хоногийн хөл хориог үр дүнтэй болгох, иргэдийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, халдвар тархах эрсдэлийг бууруулах, вакцинжуулалтын ажлыг халдвар хамгааллын дэглэмийг алдагдуулахгүйгээр эрчимтэй зохион байгуулахын тулд өмнөх хөл хорионоос илүү хатуу чанд зохицуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хөл хорионы өдрүүдэд төрийн болон хувийн хэвшлийн зөвшөөрөгдсөн 15 байгууллагын ажилтнууд ажилдаа ирэх, буцах цагийг /өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00/ тогтоож, өдрийн цагаар ажлын шаардлагаас бусад тохиолдолд зорчихыг хориглосон бол иргэдийн хувьд эмнэлгийн зайлшгүй тусламж, үйлчилгээ авах, эмийн сан орох, үзлэгийн цаг авсан, жирэмсэн хүмүүс эмнэлгийн бичгээ үзүүлээд цаг харгалзахгүй зорчих боломжтой.

Түүнчлэн иргэд өмгөөлөл, нотариатаар үйлчлүүлэхдээ 10:00-16:00 цагт үйлчлүүлэх, хүнс, ахуйн хэрэглээний бараа, түлш, зөөврийн ус авахдаа оршин суугаа хорооны болон хамгийн ойр хүнсний дэлгүүр, борлуулалтын цэг, худгаар үйлчлүүлэх, оршуулгын ажилд оролцох бол нийт автомашин 5, 10 иргэнээс хэтрэхгүй байхаар журамлажээ.

Мөн хугацаанд иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, өрөө тасалгаандаа тогтмол цагуудад агаар сэлгэж байх, айлд зочлохгүй, зочин урихгүй байх, шаардлагагүй тохиолдолд гэрээс гарахгүй байх, гарсан тохиолдолд хүн хооронд 2 метрээс доошгүй зай барих, гэрийнхээ ойр орчмын 50 метрээс хол агаарлаж явахгүй байх, олон нийтийн газар очихгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг ягштал баримтлах, халдварын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 100, 119, өрхийн эмнэлэгрүү утасдан мэдэгдэж, эмнэлзүйн заавар утсаар зөвлөгөө авна.


Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1098 хүнээс коронавирусийн халдвар илэрч, найман хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1098 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 957 нь Улаанбаатар хотод, орон нутагт 135, зөөвөрлөгдсөн 6 байна.

Тодруулбал, Архангай-11 Булган-3, Дорнод-1 Дундговь-1, Завхан-24, Өвөрхангай- 11, Сэлэнгэ-3 , Төв-23 , Увс-4 , Ховд-5, Баян-Өлгий1 тохиолдол нэмэгдсэн.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 32437 болсон.

Мөн найман иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 88, бусад шалтгаант нас баралт боллоо.

  • 78 настай эмэгтэй гуравдугаар сарын 24-нд онош батлагдаж, нас барсан
  • 57 настай эмэгтэй дөрвөдүгээр сарын 1-нд оног батлагдаж, хавсарсан суурь,өвчнөөр нас барсан
  • 75 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 3-нд онош батлагдсан, хавсарсан суурь өвчтэй байсан
  • 51 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 9-нд онош батлагдсан
  • 58 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдаж, ковидын нэн хүнд болон бусад хавсарсан өвчнөөр
  • 53 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдсан
  • 65 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдсан
  • 70 настай эрэгтэй дөрөвдүгээр 15-нд онош батлагдаж ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.

Мөн сүүлийн 24 цагт 733 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Нийм эдгэрсэн хүний тоо 17543 боллоо.

Өнөөдийн байдлаар 4427 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

Хөнгөн- 2557

Хүндэвтэр- 1447

Хүнд- 343

Маш хүнд- 80 хүн байна” гэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ХӨСҮТ-д баригдаж буй хүчилтөрөгчийн үйлдвэрийн ажил туршилтын шатандаа оржээ

Шадар сайд С.Амарсайхан энэ сарын 11-ний өдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ тус эмнэлгийн “Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус үйлдвэр ашиглалтад орвол өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг болон ковидын эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй нөхцөл бүрдэнэ.

ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төв нь одоогоор өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600 шоо метр хүчилтөрөгч нийлүүлж байгаа ба ханган нийлүүлэлт тасалдах, өндөр даралттай баллон зөөвөрлөдөг буй юм.

Халдварын тархалт нэмэгдэж байгаагаас хүчилтөрөгчийн хэрэглээ 4-5 дахин нэмэгдэж, хүчилтөрөгч тасалдах, өндөр даралттай баллон зөөвөрлөх шаардлага тулгарч байна. Иймд хүчилтөрөгчийн хүчин чадлыг нэмэгдүүлж нэгдсэн системээр хангах үйлдвэр ашиглалтад оруулах нь нэн чухал байв.

Тус үйлдвэр нь Герман улсын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын 3-4 ширхэг (150мРа) баллоныг нэг цагийн дотор хүчилтөрөгчөөр цэнэглэх өндөр хүчин чадалтай. Одоогийн байдлаар үйлдвэрийн барилга ажил бүрэн дууссан бөгөөд цахилгаан болон хийн холболтуудыг угсарч байна. Туршилтын ажлыг энэ долоо хоногт эхлүүлж үйл ажиллагааг нь жигдрүүлэхээр албаныхан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц хоорондын зай стандартын шаардлага хангаагүй учир барилга барих зөвшөөрлийг цуцалжээ

Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шар болон “Нутгийн буян” хотхоны дунд барилга хоорондын зай хэт ойр буюу 2009 ам.метр талбайд орон сууц барихаар нүх ухаж эхэлснийг оршин суугчид эсэргүүцсэн юм.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ сарын эхээр уг газарт ажиллахдаа стандартын шаардлага хангаагүй нөхцөл байдал үүссэн хэмээн үзэж “Марта Грийн” ХХК-ийн газар эзэмших зөвшөөрлийг иргэд, оршин суугчдын хүсэлтээр цуцалж, нөхөн өөр байршилд газар олгох захирамжийг энэ сарын 23-нд гаргажээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд 707838 иргэн вакцины эхний тунг хийлгэжээ

Улаанбаатар хотод үргэлжилж буй коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр 57277 иргэн хамрагджээ.

Ингэснээр дөрөвдүгээр сарын 26-ны байдлаар улсын хэмжээнд 707838 хүн эхний тунгийн вакцинаа хийлгэснээр 18-аас дээш насны иргэдийн 35 хувь нь хамрагдаад байна. Түүнчлэн хоёр дахь тунгийн вакцинжуулалтад 239971 хүн хамрагдсан. Энэ нь 18-аас дээш насны иргэдийн 12 хувь нь бүрэн тунгаа хийлгэсэн үзүүлэлт болсон гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна

Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Малчид иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2021 оны 04 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. 3-5 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 4-6 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. 1-3 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна хэмээн ЦУОШГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр 45-аас дээш насны иргэдийн Веросел вакцины I тунг тарина

Дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын төлөвлөгөөг танилцуулж байна.

АстраЗенека, ВероЦел вакцины давтан тун болон 45-аас дээш насны иргэдийн Веросел вакцины I тун хийнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгоо: “Рио тинто”-той ойлголцоход мэдээллийн тэнцвэргүй байдал маш том асуудал болж байна

ЗГХЭГын дэд дарга Б.СолонгоотойОюу толгойтөслийн хэлэлцээ тойрсон асуудлаар ярилцлаа.


Засгийн газар Лондонгийн арбитрийн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахаар болчихлоо. Гадны хуулийн фирм зөвлөсний үндсэн дээр гурван асуудлаар хандах гэж байгаа гэсэн мэдээлэл байна. Яг ямар асуудлууд гэдгийг нь дэлгэрүүлж тайлбарлаач?

-Нууцын зэрэгтэй учраас дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Ярьж болох хэмжээндээ л тайлбар хэлье. Эхлээд маргаан яагаад үүсэв гэдгийг дурдах нь зөв байх. Татварын ерөнхий газрын татварын актыг Рио тинто, Оюу толгой компаниуд хүлээн зөвшөөрөх боломжгүй гээд маргаан үүсгэсэн. Энэ маргааны хувьд Монголын Засгийн газар татварын актыг үндэслэлтэй гээд байр сууриа хамгаалаад ажиллаж байгаа. Хэрвээ маргаан үүсвэл Лондонгийн олон улсын арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн заалт Хөрөнгө оруулалтын гэрээнд бий. Үүний дагуу маргаан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна. Монголын Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээний маргаантай холбоотой заалтыг хүндэтгэж үзээд маргаанд байр сууриа хамгаалж олон улсын хуулийн фирмтэй хамтраад ажиллаж яваа. Үүнтэй холбогдуулаад хэлэхэд, Оюу толгой компани Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр захиргааны хэргийн маргаан үүсгэсэн, Лондонгийн арбитрын шүүх дээр ч маргаан үүсгэсэн. Одоогийн маргааны тухайд 2020 оны хоёрдугаар сард эхлүүлсэн. Өөрсдийнх төлөхгүй гээд байгаа 2018 оны 350 тэрбум төгрөгтэй холбоотой маргаан л даа. Энэ маргаанаа Засгийн газартай тохиролцъё гэсэн ч Монголын тал татварын асуудлаар тохиролцох, эвлэрэх боломжгүй гээд маргаан үүсээд явж байна.

Хариу тайлбар өгөх хугацаа дөрөвдүгээр сарын сүүл хүртэл хойшлогдоход өөр ямар нэг шалтгаан байсан уу?

-Арбитрын маргаан шийдвэрлэхтэй холбогдсон аливаа хугацааг Монголын Засгийн газар, Оюу толгой компанийн аль аль нь өөрийн дураар шийдэх боломжгүй. Монгол Улсын Засгийн газар хариу тайлбар өгөх хугацааны тухайд 2020 оны арванхоёрдугаар сард 2016-2018 оны татвар ногдуулалт, төлбөрт хийх хянан шалгалтаар 649 тэрбум төгрөгийн ногдуулалттай татварын акт гарсантай холбогдуулж, дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хойшлогдсон. Энэ актыг бас Оюу толгой компани хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд 2018, 2020 оны татварын актуудын гарч байгаа үндэслэлүүд нь адилхан учраас үргэлжилж буй арбитрын маргаан дээрээ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлнэ гэсэн. Гэхдээ нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх цаг хугацаа, хуваарь тухайн компани, хүмүүсийн үзэмжээр шийдэгддэггүй, Арбитрын бүрэлдэхүүнээс зөвшөөрөл авдаг. Арбитрын бүрэлдэхүүнтэй цахим хурал хийж хоёр талын хуулийн зөвлөхүүд мэтгэлцэж байгаад шийдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээний маргаан шийдвэрлэхтэй холбоотой заалтын дагуу маргаан үүсгэж байгаа бол 60 хоног зөвшилцөх хугацаа олгодог. Тийм учраас 60 хоногийн зөвшилцөх хугацааг нь баримтлаад маргаанаа үүсгэ, өөрөөр хэлбэл гэрээний заалтаа баримталж ажилла гэсэн л дээ. Оюу толгой компанийг дөрөвдүгээр сарын 2-нд нэхэмжлэхээ нэмэгдүүлсэн шаардлагаа өг гэсэн. Харин Монголын Засгийн газрыг дөрөвдүгээр сарын 30-нд хариу тайлбараа өг гэсэн шийдвэрийг арбитрын бүрэлдэхүүн гаргасан. Засгийн газар шаардлагатай бүх асуудал дээр хуулийн зөвлөхтэйгөө нягт хамтарч байр сууриа хамгаалах чиглэлд ажиллаж байна.

Хуульч хүн гэдэг утгаар тань тодруулж асуумаар санагдлаа. Засгийн газарт зөвлөж яваа хуулийн зөвлөхийн зөвлөгөөнд хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Хуулийн зөвлөхийн тухайд энэ маргаанд Монгол Улсын Засгийн газрыг ялалт байгуулуулахын төлөө зөвлөж байгаа нь тодорхой. Олон улсын нэр хүндтэй хуулийн фирмийн хувьд мэргэжлийн хариуцлагын хүрээнд үндэслэлтэй зөвлөгөө өгч яваа гэж харж байна.

Сөрөг нэхэмжлэл гаргах болсон үндэслэлүүд рүү оръё. Үндэслэлүүдийн нэгт Оюу толгой, Рио тинто компаниуд хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй гэсэн тодотгол харагдсан. Яг юуг яаж зөрчив гээд асуух асуулт их байна?

-Хэвлэлийн мэдээлэл гарсан хүрээнд мэдээлэл өгөх боломжтой байна. Рио Тинто, Туркойс Хилл, Оюу толгой компаниуд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй болон нийтийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан. Засгийн газрын тухайд хууль зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөнд үндэслэж, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг хамгаалж, Монгол Улсын эрх ашгийг хангуулах хүрээнд шийдвэр гаргасан.

Засгийн газар хэлэлцээний явцад улстөржсөн хандлага гаргалаа гэх шүүмжлэл дуулдаж байна л даа. Хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож яваа хүний хувьд энэ шүүмжлэлд ямар хариу хэлэх вэ?

-Засгийн газар ямар нэг байдлаар улс төрд автагдсан ч юм уу, эсвэл үндэслэлгүйгээр асуудалд хандахгүй байгаа.Монголын Засгийн газарт санаа зовохуйц асуудлууд байгаа учраас шаардлага тавьж яваа. Шаардлага тавьсны дүнд хөрөнгө оруулагч тал далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцлах боломжтой гэж хэллээ. Менежмэнтийн төлбөр, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах бүрэн боломжтой гэж хэлж эхэлж байна. Ийм шаардлага тавиагүй бол ямар ч бизнес эрхлэгч өөрсдөдөө ашигтай заалтаас татгалзахгүй шүү дээ.

Хэлэлцээнээс гарах нэг том шийдэл бол далд уурхайн санхүүжилтын төлөвлөгөөг цуцлах. Төлөвлөгөөг цуцалсны дараа шинэ гэрээний асуудал үүсч таарна. Шинэ гэрээний санхүүжилтийн загварын хувьд ийм л байвал зүгээр гэх мэт тодорхой төсөөлөл Засгийн газарт байгаа юу?

-Бид “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд ажиллаж байна. 92 дугаар тогтоолд Монгол Улсын Засгийн газрын 34 хувийн эзэмшлийн талаар тодорхой заалт бий. Манай улс 34 хувиа хадгалж үлдэхийн тулд шинээр хувьцаа гаргах бүрд 34 хувьдаа дүйцүүлж хөрөнгө оруулалт оруулах ёстой. Үүнийг “Туркойз хилл” компани зээл олгох хэлбэрээр санхүүжүүлж байна. Энэ зээлийн хүү өндрөөс гадна зээлийг хэзээ төлөх вэ гэсэн асуудал бий. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээнүүдэд зээлийг Монголын Засгийн газарт ирээдүйд төлөх ногдол ашгаас нь эргүүлэн төлнө гээд заачихсан. Рио тинто үүн дээр үндэслээд санхүүгийн нарийвчилсан тооцоо боловсруулсныг та мэдэж байгаа. Тэр тооцоонд туссан өр хуримтлагдах асуудал яг одоо анхаарлын төвд яригдаж байна. 2051 он хүртэл 22 тэрбум ам.долларын өртэй болно гэдгийг лавшруулаад харахаар Оюу толгой компани 2051 он хүртэл Монгол Улсын 34 хувьд ногдох зээлийг эргүүлэн төлөх хэмжээний ногдол ашиг төлөхгүй гэсэн дүр зураг гарч байгаа. Яагаад ногдол ашиг төлөхгүй болж байна вэ гээд харахаар энэ компанийн хөрөнгө оруулалтын зардал их хэмжээгээр нэмэгдсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдэж, уурхай ашиглалтад орох хугацаа хойшилсон гэх асуудал санхүүжилттэй холбоотой маш том асуудал үүсгэж байна. 2021 оны нэгдүгээр сард далд уурхай ашиглалтад орсон байх төсөөлөлтэй ажиллаж байсан. Далд уурхайгаас олборлолт хийгээд эхэлбэл нийт олборлолтын хэмжээ гурав, дөрөв дахин нэмэгдэнэ. Орлого нь ч гурав, дахин нэмэгдэх хүлээлт бий. Энэ онд далд уурхай ашиглалтад орж компанийн санхүүжилтийн бүтэц сайжрах хүлээлттэй байсан ч тэгсэнгүй л дээ. Хугацаа нь хойшилж, орж ирэх мөнгөн урсгал хойшиллоо. Үүнээс гадна 1.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын нэмэлт зардлыг хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн асуудал үүсчихлээ. Товчхондоо энэ компанийн өрийн дарамт маш их байна.

Өрийн хэмжээ нь хүүтэйгээ нийлээд хэд хүрчихээд байгаа билээ?

-Одоогийн байдлаар Оюу толгой ХХК хуримтлагдсан хүүтэйгээ нийлээд 12 тэрбум ам.долларын өртэй байна. Одоо үйлчилж буй гэрээний хүрээнд энэ компани бүх өрөө төлөөд, ашигтай ажиллаад хувь нийлүүлэгчдэдээ ногдол ашиг төлж эхэлсний дараа манай 34 хувьд ногдох зээлийг эргэж төлөх нөхцөлтэй байгаа.Монгол Улсын Засгийн газрын 34 хувийг санхүүжүүлсэн зээлийн хэмжээ одоо 2.2 тэрбум ам.доллар байна.

Зээлийн хүү өндөр, ногдол ашиг хуваарилалтын хугацаа өчнөөн жилээр ухарсан гэх мэт асуудал олонтой ийм загварыг сайжруулж өөрчлөх ямар нэг хувилбар байна уу, Засгийн газарт?

-Оюу толгой компанийн үйл ажиллагааг сайжруулах, өрийн дарамтыг нь бууруулж, илүү үр ашигтай ажиллуулахад юу хэрэгтэй вэ гээд харахаар мөнгөн урсгалыг нь анзаарах шаардлагатай болчихож байгаа юм. Ингээд харахаар менежмэнтийн төлбөр, зээлийн хүүд их хэмжээний төлбөр төлж байна. Менежмэнтийн төлбөр, зээлийн хүүг бууруулбал энэ компанийн ашигт ажиллагаа нэмэгдэх боломжтой. Төслийн үр өгөөжийг цаашдаа Монголд илүү үр өгөөжтэй, ашигтай болгох чиглэлд юу хийх ёстой вэ гээд яривал татвараа бүрэн авдаг болох хэрэгтэй байна. Оюу толгой компани илүү ашигтай ажилладаг болох хэрэгтэй байна л даа. Рио тинто зардлаас хувь тооцож менежмэнтийн төлбөр авч байгаа нь хариуцлагатай ажиллах хөшүүрэг бүрдүүлж чадаж байна уу гээд харахаар асуудал бий. Илүү гүйцэтгэлд суурилж үнэлэх ёстой, үнэхээр сайн ажиллавал менежмэнтийн төлбөр авах хэрэгтэй л дээ. Ийм байдлаар менежмэнтийн төлбөрийн бүтцийг өөрчилье, зээлийн хүүг бууруулъя гээд ажиллаж байна.

Оюу толгой төсөл хэрэгжээд олон жил болсон, далд уурхайн бүтээн байгуулалт өрнөөд овоо хугацаа өнгөрчихлөө, одоо заавал Рио тинтод менежмэнтийн төлбөр өгөх шаардлагагүй, тэглэх боломжтой гэсэн байр сууриуд дуулддаг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Заавал их хэмжээний төлбөр авахгүй байх боломжтой гэж хардаг. Рио тинто одоогийн байдлаар гүний уурхайн хөрөнгө оруулалтын зардлын гурван хувь, Оюу толгой компанийн үйл ажиллагааны зардал болон урсгал хөрөнгө оруулалтын зардлын зургаан хувиас тооцож менежмэнтийн төлбөр авдаг. 2019, 2020 оны байдлаар жил бүр 180 сая орчим ам.долларыг зөвхөн менежмэнтийн төлбөрт авсан. Үүн дээр нэмээд Рио тинто компани төслийн санхүүжилтийн баталгааны шимтгэл гэж жил бүр 80 орчим сая ам.долларыг санхүүгийн жил эхлэнгүүт урьдчилж авч байгаа. Рио тинто болон түүний харилцаа хамааралтай компаниудад жилд очиж байгаа дүнг харахаар 260 орчим сая ам.доллар болж байна. Энэ бол Оюу толгой компанийн борлуулалтын нийт орлогын дөрөвний нэгтэй тэнцэх мөнгөн дүн. Мэдээж ирээдүйд гүний уурхайн бүтээн байгуулалт дууссаны дараа хөрөнгө оруулалтын зардал эрс багасна, үүнийгээ дагаад менежмэнтийн төлбөр буурна гэсэн хүлээлт бий. Гэхдээ заавал үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын зардлаас хувь тооцож авах шаардлага байна уу, ийм их хэмжээний төлбөр авах үндэслэл бий юү гэсэн асуудал гарч байгаа. Рио тинто гэдэг дэлхийн хэмжээний уул уурхайн компанийн нөү хау технологи, оюуны өмчийг ашиглаж байна гэдэг утгаараа тодорхой хэмжээний төлбөр өгөх боломжтой ч гэлээ гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж байгаа гэх мэтчилэн асуудлыг харахаар яалт ч үгүй хариуцлагын асуудлыг хөндөж тавих ёстой байх.

Рио тинто дэлхийн бусад улсуудад ч уул уурхайн том төсөл хэрэгжүүлдэг. Бусад улс, тухайлбал АНУ, Австрали гэх мэт уул уурхай өндөр хөгжсөн улсуудад менежмэнт хийснийхээ төлөө хэр хэмжээний төлбөр авдаг юм бол, тэр талаар сонирхсон уу?

-Таны онцолсончлон Рио тинто компани зөвхөн Монгол Улсад хамтарсан компани ажиллуулдаггүй. Дэлхий даяар олон оронд хамтарсан компанид хөрөнгө оруулалт хийж, менежмэнтийг нь хэрэгжүүлдэг. Тухайлбал, Чилид Эскондида гээд дэлхийн хэмжээний том уурхайг BHP Billiton компанитай хамтарч ажиллуулдаг. Тэр уурхайн менежмэнтийг BHP Billi­ton хэрэгжүүлдэг. АНУ-ын Ресолюшн зэсийн төсөл дээр Рио тинто компани менежмэнтээ хэрэгжүүлээд BHP Billiton хамтарч ажилладаг. Бид асуудаг л даа. “Та нар бусад хамтарсан компани дээрээ менежмэнтийн төлбөрийг зардлаас хувь тооцож ийм их хэмжээгээр авдаг уу” гэхээр тодорхой мэдээлэл, хариу өгдөггүй.

Бизнесийн нууц энэ тэр гээд асуудал байдаг байх л даа?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бид нэг л тодорхой шаардлага тавьж байгаа. Бусад хамтарсан компанидаа засаглалын ямар жишиг практик барьдаг вэ тэр жишгээ Монголд хэрэгжүүлээч гэсэн шаардлага тавьж байна. Бүр тодруулбал, менежмэнтийн төлбөрийг яаж тооцож авдаг, зардал дээр хэрхэн хяналт тавьдаг, ашигтай ажиллагааг ямар шийдлээр хангадаг гэх мэт асуудлууд дээр баримталдаг сайн засаглалын жишгүүдээ Монгол Улсад мөрдүүл гэсэн шаардлагыг тавьж байгаа.

Хөрөнгө оруулалтын зардал өндөр, зээлийн хүүгийн дарамт их учраас Оюу толгой компанийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөх хугацаа хойшилсон, ашигтай ажилласан ч 11 жил дараалж ашгийн татвар төлөхгүй гэсэн мэдээллийг өмнө нь өгч байсан. Гэрээ байгуулахдаа анхнаас нь энэ асуудлаа тооцоогүй юм уу гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Анхнаасаа энэ асуудлаа харж мэдэж гэрээгээ байгуулаагүй юм уу гэсэн шүүмжлэл сонсогддог л доо. Анх гэрээ байгуулахад хөрөнгө оруулагч талаас өгч байсан санхүүгийн тооцоолол, ТЭЗҮ одоо огт өөр болчихсон. Анх гэрээ байгуулахад төслийн нийт хөрөнгө оруулалт дөрөв орчим тэрбум ам.доллар гэсэн мэдээллийг хөрөнгө оруулагч тал Засгийн газарт өгч байсан юм билээ. Гэтэл энэ компанийн одоогоор Монголд зарцуулсан гэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбум ам.доллар болсон. Зөвхөн гүний уурхайн бүтээн байгуулалтад гэхэд л 6.75 тэрбум ам.доллар зарсан гэх жишээний. Бидэнд анх өгсөн хөрөнгө оруулалтын төсөөлөл ч өөрчлөгдсөн. Хөрөнгө оруулалтын хувьд ихэвчлэн хувьцаа хэлбэрээр санхүүжүүлнэ гэж байсан. Гэтэл зээлийн санхүүжилт өндөр хэмжээтэй байна. Зээлийн хүүгийн дарамтаас болоод санхүүжилтийн зардал өндөр болсон, үүнээс шалтгаалаад төслийн үр өгөөжийн хуваарилалтад маш том өөрчлөлт гарсан тухай та бид хоёр түрүүн ярьсан. Монголчууд өнгөрсөн рүүгээ өнгийж нэгнийгээ буруутгах биш, харин “Рио тинто” компани Монгол Улсын үе үеийн Засгийн газарт өгч байсан амлалтаа биелүүлсэн үү гэсэн асуудлыг ярих ёстой. Дубайн гэрээ буюу Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний тухайд гэхэд л 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын зардалтай, 2021 оны эхний улиралд ашиглалтад орно, бүрэн хүчин чадлаараа ажиллана гэсэн амлалт нь зургаан жилийн дараа биелээгүй. “Рио тинто”-гийн өөрсдийнх нь өгсөн амлалт шүү дээ. 2020 оны арванхоёрдугаар сард өөрсдийнх нь гаргасан санхүүгийн нарийвчилсан тооцооллоос харахаар хөрөнгө оруулалтын зардал 1.4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн, ашиглалтад орох хугацаа албан ёсоор 22 сараар хойшилсон байгаа.

Хөрөнгө оруулагч тал бас нэг шалтгаан хэлдэг л дээ, бид ямар нэг асуудал гарангуут тухай бүрд нь Оюу толгойн ТУЗд мэдээлдэг, Оюу толгойн ТУЗийн гишүүдээс засагт мэдээлдэг бүтэц нь ажиллахгүй байгаа юм биш үү гэсэн утгатай тайлбар дуулддаг. Оюу толгойн ТУЗд Монголыг төлөөлсөн гишүүд сайн ажиллаж чадахгүй байгаа юм биш үү?

-Рио тинтогийн хувьд ТУЗ-өөс хангалттай мэдээлэл авдаг, шийдвэрээ хамт гаргадаг, үүн дээр Монгол Улсын Засгийн газар төслийн талаар бүрэн мэдээлэл авдаг гэдэг л дээ. Гэхдээ бидний дүгнэлтээр Хөрөнгө оруулагч тал Оюу толгой компанийн ТУЗ-д мэдээллийг маш ерөнхий байдлаар өгдөг. Ерөнхий байдлаар асуудал танилцуулаад ерөнхий шийдвэр гаргаад байх нэг өөр. Үнэхээр асуудал юунаас болж байгаа талаар дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл өгч тэр мэдээлэл дээр суурилж шийдвэр гаргах огт өөр асуудал шүү дээ. Товчхондоо мэдээллийн тэнцвэргүй байдлаас болж үл ойлголцол их үүсдэг. Туркойз хилл компанид Оюу толгойн ТУЗ-ийн гишүүдэд өгдгөөсөө хамаагүй дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл өгч байх жишээний. Тодруулж хэлбэл, Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүдэд очоогүй дэлгэрэнгүй нарийвчилсан мэдээлэл Рио тинто, Туркойз хилл компаниуд дээр очдог гэсэн асуудал үүсч байгаа. Уг нь “Оюу толгой” компани эхлээд ТУЗ-ийнхөө гишүүдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Монгол Улсын Засгийн газар Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд, Эрдэнэс Оюу толгой компаниар дамжуулж мэдээллийг авах ёстой. Гэтэл Эрдэнэс Оюу толгой компани болон манай ТУЗ-ийн гишүүдэд өгч байгаа мэдээлэл нь маш хязгаарлагдмал, маш ерөнхий байдаг. Туркойз хилл компанийн жилийн тайлангаас Оюу толгой компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч байна шүү дээ.

-“Эрдэнэс Оюу толгойкомпаниас авах боломжгүй мэдээллийг тэндээс авдаг гэсэн үг үү?

-“Эрдэнэс Оюу толгой” компаниар дамжуулж авъя гэхээр маш ерөнхий мэдээлэл орж ирдэг.

Тэгэхээр хэлэлцээ хийж байгаа Монгол Улсын Засгийн газар, Рио тинто компанийн хооронд мэдээллийн тэнцвэргүй байдал том асуудал болж байна гээд ойлгочихож болох нь ээ?

-Ерөөсөө л тийм. Мэдээллийн тэнцвэргүй байдал маш том асуудал болж байна. Мэдээллийн тэнцвэргүй байдалтай холбоотойгоор сүүлийн арав гаруй хоног Засгийн газраас дэвшүүлж тавьж байгаа нэг асуудал бий. Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт, хугацаа хойшлолтын шалтгааныг судалж тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас санал гаргаж хөндлөнгийн шинжээчид томилогдон ажиллаж байгаа. Хөндлөнгийн шинжээч томилох асуудлыг “Рио тинто” эхэндээ маш дургүй хүлээж авсан. 2020 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр эсэргүүцсэн санал өгч байсан. Манай ТУЗ-ийн гишүүд Туркойз хиллийн ТУЗ-ийнхөнтэй анх удаа нэгдмэл байдлаар санал өгч байж хөндлөнгийн шинжээч ажиллуулах шийдвэрийг гаргуулж байсан түүх бий. Гэтэл одоо Рио тинто хөндлөнгийн шинжээчийн ажлаа хийхэд нь шаардлагатай мэдээллийг өгөхөөс татгалзаж байна.

Ямар шалтгаанаар татгалзаж байгаа юм бол, бизнесийн нууц гэх мэт нарийн асуудал юм болов уу?

-Хөндлөнгийн шинжээчийн тухайд Оюу толгой компанитай нууцлалын гэрээ байгуулаад ажиллаж байгаа. Оюу толгой төсөлтэй холбоотой, дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай мэдээллүүдийг авъя гэхээр “Манай компанийн дотоод асуудал, дотоод баримт бичиг” гээд өгөхгүй байна. Мэдээж бид үндэслэлгүй шалтгаанаар мэдээлэл авахыг хүсээгүй. Рио тинтогийн Австрали дахь үйл ажиллагаа ч юм уу, АНУ, Канадад болж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл авъя гээгүй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хэрэгждэг Оюу толгой төсөлтэй холбоотой мэдээллээ өгнө үү гэхээр Засгийн газарт битгий хэл дүгнэлт гаргах гээд ажиллаж яваа хөндлөнгийн шинжээчид өгөхөөс татгалзаад байна. Иймэрхүү мэдээллийн тэнцвэргүй байдлын асуудлыг лавшруулаад харахаар түрүүн та бид хоёрын хөндсөн засаглалын асуудал руу орчихоод байгаа юм. Рио тинто гадагшаа “Дэлхийн хэмжээний уул уурхайн компани дэлхийн жишгээр үйл ажиллагаа явуулж байна” гэх мэтээр гоё мессэж өгдөг. Гэхдээ яг Монгол дахь үйл ажиллагааг нь харахаар өөрсдийнх нь вэб сайтан дээрх бодлого, зарчимтай зөрчилдөхүйц хэмжээний асуудлууд байсаар байна. Давтаад хэлэхэд, бид Рио тинтод “Энэ асуудлууд дээрээ засаглалаа сайжруулаач” гэсэн шаардлагыг тавьж ажиллаж байна.

Categories
мэдээ спорт цаг-үе

Б.Амарзаяа олимпийн эрхийн тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Узбекистаны Ташкент хотноо туялзуур сэлэмний Ази, далайн орнуудын олимпийн эрхийн тэмцээн явагдаж, Монгол Улсаас эх орноо төлөөлөн ганцаараа оролцсон спортын мастер Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ.

Энэ жил 22 нас хүрч буй Б.Анхзаяа нь туялзуур сэлэмний төрлөөр тивийн тэмцээнүүдээс хамгийн өндөр амжилтыг үзүүлж, урьдчилсан шатанд 3 ялж, 3 ялагдснаар хасагдах шатанд долдугаар байраар шалгаран өрсөлдсөн юм. Тэрбээр хасагдах шатанд Филиппиний Ханиел Абеллаг 15:3-аар илт илүүрхсэн бол хүрэл медалийн төлөө хэсэгтээ нэг ч ялагдаагүй байсан Вьетнамын Нгуен Пон Кимийг 15:14-өөр ялсан. Гэвч хагас шигшээд Казахстаны Ульяна Благанскаяатай тулалдаж эцсийн мөчид 15:14-өөр ялагдал хүлээн, хүрэл медалийн эзэн боллоо.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

А.Адъяасүрэн: Цөхрөлтгүй хөдөлмөрлөж, амжилтад хүрсэн олон эмэгтэйчүүд байдаг. Би тэдний л нэг

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Юуны өмнө урилга хүлээж авсанд баярлалаа. Гишүүнээр сонгогдсоноосоо хойш анхны ярилцлагаа манай сонинд өгч байгаа учраас нэлээд дэлгэрэнгүй хөөрөлдөх бодолтой байна.

-Баярлалаа.

-УИХ-ын гишүүн болоод таны анхны чуулганы хуралдаан хэрхэн өнгөрсөн бэ гэдгээс эхэлж асуумаар санагдлаа. Учир нь С.Ганбаатар гишүүн таны чихэнд шивнээд л, та инээмсэглээд л байсан бичлэг цахим орчинд өндөр хандалт авч, иргэд хөгжөөнтэй байдлаар олон сэтгэгдэл бичиж үлдээсэн байдаг. С.Ганбаатар гишүүн тэр үед танд юу гэж хэлсэн юм бэ?

-Тэр зургийг нээрээ хэн гэдэг зураглаач авсан юм бол оо. Энэ тухай бодож байсангүй шүү. Миний хувьд УИХ-ын чуулганы танхимд анх орж суусан бишүүрхэл, гишүүний үүргээ ёс зүйтэй хаших тангараг уншина гээд нэг тийм сүрдэм мэдрэмж төрөөд сууж байсан санагдаж байна.

Сурагч, оюутан байхад “А” үсгээр эхэлсэн нэртэй нь эхэлж асуугддаг тэр нэг түгшингүй мэдрэмж ч давхцаж байх шиг сандарч догдолсон байсныг С.Ганбаатар гишүүн мэдсэн биз, миний сандрал, айдсыг засах үг хэлсэн нь сайхан санагдаад л инээлдсэн санагдаж байна. Гэртээ хариад олон нийтийн хөгжилдсөнийг харсан. Сонин л санагдах юм билээ. Би угаас олны анхаарлын төвд байхаас түвэгшээх хандлагатай л даа. Тэгээд ч хэвлэлээр ойр ойрхон гараад байдаггүй. Анх танай сонинд ярилцлага өгөөд сууж байна.

-Бас таныг УИХ-ын царайлаг эмэгтэй гишүүдийн нэг гэж ярьцгааж байна. Сайхан эмэгтэй байна гэдэг хөдөлмөр шүү дээ. Та аль нэг спортоор хичээллэдэг үү?

-Би өөрийгөө бол эршүүд гэж боддог юм (инээв). Айхавтар дэглэм бариад, спортоор хичээллээд, гоо сайхны салонд ойр ойрхон очоод байдаггүй. Харин өдөр бүр 108 сунаж мөргөдөг. Бас сардаа хоёр удаа мацаг барьдаг. Ер нь тэгээд гол нь сэтгэлийн амар амгалан бол эрүүл сайхан харагдахад чухал нөлөөлдөг байх гэж боддог шүү.

-Ингэхэд та бизнесийн салбарт амжилттай ажиллаж байсан атал яагаад улс төрд орохоор болсон юм бэ. Өөрийнхөө тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч. Таныг багш байсан гэж сонссон юм байна?

-Яах вэ, намайг улстөрчдийн ярьдгаар “битүү морь” уралдаад түрүүлчихлээ гэцгээж байсан л даа. Миний хувьд, онцгойрч ялгарах юмгүй, бусдын л адил намтартай. Багшийн гэр бүлд төрж өссөн, аав, ээжийнхээ мэргэжлийг өвлөж багш болсон. Эрдэмтэй, сайхан түшигтэй хамт олны дунд багшаараа ажиллаж байлаа. Бас багш залуутай ч гэр бүл болж, хүүхдүүдтэй боллоо. Бусдын адил цалин маань амьдралд хүрэлцэхгүй байсан учир нэг маань ажлаа орхих шаардлагатай болсон. Нөхөртэйгөө ярилцаж байгаад би багшийнхаа ажлыг орхиж хувиараа наймаа арилжаа хийж эхэлсэн юм. Анх ТҮЦ-нээс эхэлж, дараа нь сургалт дамжаа, тээвэр ложистикийн бизнес эрхэлж хувийн хэвшилд ажиллаж, хэн бүхний туулдаг дарамт, бэрхшээл, уналт бухимдал, баяр баясал, амжилт бүгдийг л туулсан. Багш мэргэжлийнхээ онцлогоор нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд цаг гаргадаг байсан маань улс төрийн сонголтоо хийхэд бас дэм болсон байх аа.

-Эмэгтэйчүүд ихэнхдээ машин тэрэгнээс хол байдаг. Гэтэл та тээврийн салбарт бизнес эрхэлж амжилтад хүрсэн гэж бодохоор сонирхол татдаг юм. Нөгөө талаас амжилттай яваа, олны танил хүмүүсийг өөнтөглөх, шүүмжлэх хандлага нийгэмд байдаг. Таныг хувийн бизнесээ өргөжүүлэх гэж улс төрд орж ирсэн гэх хардлага гарч байсан шүү дээ?

-Би зах зээлийн шуурган дундуур “Номгон Санчир” авто сургуулиа үүсгэн байгуулаад ёстой л “тэг”-ээс нь эхэлж тордож, хөдөлмөрлөсөөр 20 жилийг үджээ. Энэ хугацаанд 50 мянга орчим жолоочийг бэлтгэж, мянга гаруй залуусыг нэгтгэсэн автотээврийн групп компанийг босгож чадсан. Энэ бол цэвэр миний болоод манай гэр бүлийн, нутгийн залуучуудын маань нэгдмэл сэтгэл, хүч хөдөлмөр зүтгэлийн үр дүн юм. Бас бүсгүй хүн амжилтад хүрэхийн тулд яагаад заавал ямар нэг зүйл золиослох ёстой гэж. цөхрөлтгүй хөдөлмөрлөж, түүнийг нь ар гэр нь ойлгож, дэмждэг олон хөдөлмөрч бүсгүйчүүд бий. Би бол тэдний л нэг. Надад сайн хань заяасан. Миний хувьд биеэ засаад, гэрээ засчихсан, одоо төрөө засалцахаар ажиллаж яваа жирийн нэг эмэгтэй. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо илүү их болох ёстой. Тэгж байж улс төр тунгалагшина. Дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүдийн онцлогтой “Зөөлөн хүчний бодлого” гэж бий.

-Таныг АТГ шалгаж байгаа тухай мэдээлэл нэг хэсэг цацагдсан. Энэ тухайд тайлбар өгөхгүй юү?

-Албан тушаалаа булаалдсан албан хаагчдын явуулга байсан. УИХ-ын сонгуулиар давс, хачир нэмээд төлбөр авч жүжиг гүтгэлгийн нэвтрүүлэг хийж цацсан хүмүүс хүртэл гарсан. Дараа нь янз бүрийн сайт, пэйжний админууд, зарим сэтгүүлч гэх хүмүүс өнөөх л сонгуулиар хачирлаж давсалсан юмнуудыг дахин давтаад л бичээд байх мөртлөө танил хүмүүсээр уулзъя, хамтран ажиллая гэж хэлүүлэх юм билээ. Юундаа ч хамтрах юм. Мэдэхгүй, ойлгогдохгүй юмс гарах л юм. Сүүлдээ ч залхаад уншиж, сонсохоо ч хаясан. Сонгогчдынхоо итгэл даалгаврыг үүрч, УИХ-ын гишүүний тангараг унших хүртлээ би, төр засгийн байгууллагад, эрх мэдэлд ажиллаж үзээгүй, Хувийн хэвшилд л ажиллаж татвараа төлж ирсэн болохоос төрийн эрх мэдлээр авлига хээл хахууль өгөлцөж, аваагүйг маань холбогдох албадууд нь шалган тогтоосон болоод холбогдолгүй гэдэг мэдэгдэл ирүүлсэн биз.

-Өнгөрсөн хугацаанд тантай холбоотой янз бүрийн л мэдээлэл цацагдаж байсан. Гэхдээ тэр бүр та дуугараад, өөрийгөө өмөөрөөд байдаггүй. Яагаад тэр вэ?

-Цаг хугацаа бүхнийг харуулна гэж боддог. Заримдаа залхах үе бий. Гэхдээ би зөв замаар явж байгаа гэдэгтээ итгэлтэй байна. Төрсөн нутгийнхаа ард түмний дэмжлэг, итгэлээр төрд сонгогдсон. Төрдөө тангараг өргөсөн хүн. Улс орны хөгжлийн үндэс нь болох шударга нийгмийг тогтоохын тулд гишүүд бид ажиллах ёстой. Сурталчилгаагаа хийгээд явж байхад, нутгийнхан маань “Манай жаахан охин” хүрээд ирлээ гээд хачин гоё угтан авч билээ. Нутгийн маань буурал ээж нар миний төлөө сүүн цацлаа өргөөд дэмжиж байсан тэр итгэл сэтгэлийг алдахгүй, шударга зарчимтай хичээж ажиллана гэсэн зорилготой байна.

ХАмТыН ТЭТГЭвЭр АвАХ ЭрХ үүССЭН АХмАд жИлдЭЭ НЭГ САЯАС доошгүй орлого Нь НЭмЭГдЭХЭЭр зоХИцУУлАлТ ХИйж өгсөн

-Одоо таны гишүүний ажил руу асуултаа чиглүүлье. Та сүүлд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.занданшатарт өргөн барьсан. Хамтын тэтгэврийн тухай хууль нэлээд өндөр хүлээлттэй байгаа юм билээ?

-Хүлээлттэй байгаа гэдэг нь үнэн. Хамтын тэтгэврийн тухай хуулийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд тэтгэвэр нь тодорхой хувь хэмжээгээр, үлдсэн гэр бүлийн гишүүний амьдрах хугацаанд нь өвлөгдөх юм. Гэхдээ тодорхой шалгууртай. Тухайлбал, 10-аас дээш жил хамт амьдарсан, гэр бүлийн баталгаатай, дундаасаа үр хүүхэд төрүүлэн өсгөсөн гэх мэт шаардлага бий. Бодит амьдрал дээр нэг насаараа хамт амьдраад нэг нь мөнх бусыг үзэхэд бэлэвсэрсэн нь цаг хугацааны хувьд урт наслахгүй байгаа статистик судалгаа байдаг. Хань ижлээ алдсан өндөр настан өрхийн амьжиргааны хэрэглээ буурах, ганцаардах, сэтгэл санааны уналтад орох, өвчлөх зэргээр амьдралын чанар нь унадаг.

Үүнээс сэргийлэх нэг зорилго нь хамтын тэтгэвэр юм. Нөгөө талаас Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд хамт амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах хандлага өсөх зэрэг олон талын ач холбогдолтой хууль юм. Иргэдийнхээ нийгмийн баталгааг бүрдүүлэх нь төрийн үүрэг шүү дээ. Тэр тусмаа зорилтот бүлгийн иргэдийнхээ нийгмийн баталгааг эн тэргүүнд хангаж ажиллах ёстой.

-Хуулийн хүрээнд ахмадууд жилдээ нэг сая төгрөгөөр орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэсэн үү?

-Юуны түрүүнд энэ хуулийг дэмжээд батлах ёстой. Ингээд хууль хэрэгжиж эхэлбэл олон бодит үр дүн гарна. Хуулийн шаардлагыг хангаж байгаа ахмадууд маань эдийн засгийн хувьд чадамжтай болж үүнийгээ дагаад ахуйн хэрэглээний хязгаарлалтаас гарна. Хамтын тэтгэвэр авах эрх үүссэн ахмад жилдээ нэг саяас доошгүй орлого нь нэмэгдэхээр зохицуулалт хийж өгсөн. Хамтын тэтгэврийн хэмжээг нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээний 30 хувиас доошгүй байна гэж хуулийн төсөлд тусгасан байгаа. Энэ нь 350.0 мянгаас 30 хувь гэж бодохоор сард 105.0 мянгаас багагүй, жилдээ 1.260.0 мянгаас багагүй орлого нэмэгдэнэ гэсэн үг. Ер нь энэ хуулийн төсөл дээр ажиллаж байхдаа энэ чиглэлээрх бусад улс орнуудын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан судалж үзсэн. Жишээлбэл, Чили улс тэтгэврийг олгохдоо тэтгэвэр авагчид сонголт хийх боломжийг олгосон байна. Швед улс тэтгэвэр авагч нас барахад түүний тэтгэврийн даатгалын шимтгэлийн хуримтлалын үлдэгдлийг өвлүүлэхдээ түүний нас чацуу тэтгэврийн насанд хүрсэн иргэдэд тарааж хуваарилдаг юм байна. Харин Итали улсад гэхэд гэр бүлийнх нь хүнд (эхнэр, нөхөр) өвлүүлдэг. Гэхдээ өвлөгдөх хэмжээг нь хуулиар тогтоодог. Манай хөрш Орос улсад жишээ нь, тэтгэврийн нийт шимтгэл нь шимтгэл төлөгчийн нэрийн дансанд хуримтлагдаж байх жишээтэй. Тэгэхээр манай улсын хувьд ч мөн цаашид бусад улс орны нийтлэг жишгээр тэтгэврийг “Өвлүүлэх” тухай асуудлыг анхаарч нэвтрүүлэх чиглэлд ажиллах ёстой гэж бодож байна.Энэ хуулийг энэрэнгүй агуулгатай хүндээ хүрсэн, амьдралд нийцсэн хууль гэж бодож байна.

-УИХ-ын чуулганаар одоо хэлэлцэх хуулиудаас аль хуулинд ач холбогдол өгч байгаа бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Одоо хөдөлмөрийн тухай хууль, төмөр замын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Ер нь ач холбогдолгүй хууль гэж байхгүй л дээ. Гэхдээ бүх хууль дээр ажиллах боломж бага шүү дээ. Хамгийн гол нь хууль хэрэгжихэд үр өгөөжтэй, урт удаан хугацаанд тогтвортой байх нь чухал. Тиймээс ажиллаж байгаа хуулиндаа илүү ач холбогдол өгч сайн хууль гаргахад анхаарах ёстой.

-Коронавирусийн халдвар эрчтэй нэмэгдэж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал ч нэлээд хүндэрчихлээ. Эрх баригч намаас эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр баталсан. Энэ ажил үр дүнгээ өгч чадаж байгаа эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?

-Хүндрэлээс гарах оролдлого, зоригтой шийдэл гаргаж байгаа нь сайшаалтай. Хувийн хэвшилд ажиллаж амьдарч ирсэн туршлагаасаа үзэхэд УИХ болон Засгийн газрын гаргасан шийдвэр дунд шатандаа ихэд завхарч анхан, доод шатандаа нугалаа болж замхардаг. Энэ бол бидний сүүлийн гучин жил тэмцэж, засаж чадахгүй байгаа ужиг асуудал. Мөн л намчирхал, авлига, ялгаварлал гарч тооцсон үр дүндээ хүрэхгүй, цаасан тайлан болох вий гэсэн болгоомжлол байна. Цөөнхийн бүлгийн гишүүдийнхээ санал шүүмжийг сонсож, хяналт сонсгол авах эрхийг нь саадгүй бүрдүүлж ажиллавал 10 их наядын хөтөлбөрийн үр дүн, чанар сайжирна. Учир нь үнэ тотворжуулах хөтөлбөрийг өргөн хүрээнд томсгосон байдлаар давтан хэрэгжүүлэхээр боллоо гэж ойлгогдож байна. АН-ын бүлэгт энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн туршлага байгаа, ерөнхий сайд асан Н.Алтанхуяг гишүүн маань ч биечлэн удирдсан шүү дээ. 10 их наяд гэдэг чинь улсын маань нэг жилийн төсөвтэй тэнцэх хөтөлбөр болж байна. Эрх баригчид маш няхуур хандаасай. Цар тахлын нөлөөллүүд иргэдийн ахуй, амьдрал, улс орны эдийн засгийн хэмнэлд цохилт өгөөд эхэлсэн. Энэ бол цуврал, давхацсан гээд бидний өмнө үзэж өнгөрүүлж байгаагүй, хүндрэл бэрхшээлүүдийг авчрах нь олон улсын үйл явдлаас харахад ойлгомжтой болчихлоо. Харин зэс, төмрийн хүдэр, коксжсон нүүрсний үнэ өсөх, тогтвортой байх таамаглалуудыг судалгааны эх сурвалжууд гаргаж байгаа нь энэ хөтөлбөрийг үр дүнд хүрчихэсэй гэсэн найдварыг нэмж байна. Үр дүнг нь нэмж сайжруулмаар л байгаа юм.

БИД БҮХ САЛБАРТАА ЗААВАЛ АЛДАЖ БАЙЖ УХААРДАГ БУРУУ ТОГТОЛЦООТОЙ БОЛЧИХОЖ

-Одоо таны сонгогдсон тойрог, орон нутгийн тухай асуумаар байна. Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн байдал, тулгамдсан асуудлууд юу байна вэ. Мэдээж одоо хаа сайгүй л ковидын нөлөөнөөс олон асуудал үүсч байгаа байх?

-Сонгогдсон төдийгүй, миний төрж өссөн нутаг минь юм. Сүүлийн жилүүдэд зуншлага оройтож, зарим жилдээ улаан ган, өвөлдөө харын зуд залган дараалснаас өнгөрсөн хулгана жилийн өвлийг малчид маань их л зутруухан давж байна. Дэлхийг барьц алдуулсан цар тахал улс оронд маань тархаж, хөл хорионы улмаас аж ахуйн нэгжүүдийн орлого тасарч, иргэд маань цалин амьжиргааны орлогогүй хэцүү байгаа үед, УОК-т мартагдсан малчид маань байгалийн гамшигт үзэгдэл, хүндрэл бэрхшээлийг өөрсдөө үүрч, ёстой л монгол хүний уужуу сэтгэлээр л болно бүтнэ гэж явна.

Он гарсаар 500 гаруй мянган толгой мал хорогдож, олон малчин өрхийн өр зээлийн дарамт нэмэгдсэн байна. Аймаг минь нийт малын тоо толгойгоор улсдаа долдугаарт, ямаан сүргийнхээ тоо толгойгоор нэгдүгээрт тоологддог, газар тариалан хөгжүүлэх байгалийн өгөгдөл нөхцөл багатай учир мал аж ахуйдаа голлон тулгуурладаг юм. Ихэнх сумдад 3-5 дахин даац хэтэрснээр бэлчээр сэргэн ургахгүй улаан түйрэнгээр шуурч, хур борооны үүлээ хөөчихдөг, тарга хүчээ аваагүй мал өвлийг давахгүй тоо толгой хорогддог. Ийм л байдал олон жил давтагдлаа.

-Бэлчээрийн даацын асуудал бүх л аймаг, орон нутагт хүндэрч байна. малчид маань аргаа барж байх шиг….

-Эрдэмтэн, судлаачид хэдэн жилийн урьдаас сэрэмжлүүлсэн боловчиг нийгмээрээ, бүх салбартаа бид заавал алдаж байж ухаардаг нэг тийм гаж тогтолцоотой болчихож. Яагаад бэлчээрийн даац хэтэрч байна гэхээр, ноолуураас бусад малын ашиг шимийг, дотоод болон гадаадын зах зээлд борлуулах талаар тогтвортой ажил, далайцтай шийдлийг төр болон хувийн хэвшлийнхэн маань хамтарч олсонгүйгээс, малчид амжиргааны гол орлого болсон ямааныхаа тоо толгойг зохистой тоо хэмжээнээс нь хэтрүүлэн өсгөснөөс болж байна гэдгийг хаа хаанаа ойлгож эхэлсэн. Уул нь манай аймгийн малчид улсын ноолуурын нөөцийн ихэнхийг буюу 430 орчим тонныг бэлтгэн нийлүүлдэг. Цар тахлын нөлөөллөөс өмнө 2019 онд Манай Улс 83,7 сая долларын үнэлгээтэй 38 мянган тонн мах, 45 сая ам.долларын самнасан ноолуур, 507 мянган тонн, 283 сая ам.долларын угаасан ноолуурыг олон улсын зах зээлд борлуулсан байна. Олон улсын зах зээлийн жилийн ноолуурын хэрэгцээ нь 4.3 тэрбум доллар гэдэг ба энэ хэрэгцээний 30 хувийг Монголын малчин өрхүүд хангаж байгаа юм.

-Та гишүүнээр сонгогдоод жил гаруйн хугацаа өнгөрч. Одоо тойрогтоо ямар ажил эхлүүлээд явж байна вэ?

-Малчдын асуудлаас гадна аймгийнхаа эрүүл мэнд, боловсролын салбарын хүний нөөц, нийгмийн асуудалд нь анхаарах тун шаардлагатай байна. Мөн олон жил ужгирсан бодлогын алдааны шууд үр дагавар ажилгүйдэл-ядуурлыг бууруулах чиглэлээр дөрвөн жилээс ч урт хугацаанд хийх ажлууд байгааг судалж, шийдлүүд хайж байгаа. Энэ талаар иргэдтэйгээ хамтарч асуудлыг шийдвэрлэх бодолтой байна. Тойргийнхоо тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх асуудлуудыг судалж энэ чиглэлээр ажил зохион байгуулахаар 2021 оны улсын төсөвт 2.0 тэрбум төгрөгийг тусгуулсан. Энэ хүрээнд хийгдэх ажлууд тодорхой болж аймгаас гурван багц тендер зарлагдаад явж байна. Тодруулбал, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэхээр 300.0 сая төгрөг, малын паразит болон бусад өвчлөлөөс сэргийлэх угаалга, ариутгалын зориулалттай автомашин, зөөврийн тоног төхөөрөмж нийлүүлэхэд зориулж 900.0 сая төгрөг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 800.0 сая төгрөг тус тус суулгуулсан. Одоо төсвийн үр өгөөжийг дээшлүүлэх, чанартай тоног төхөөрөмж нийлүүлэх, гүйцэтгэлд нь хяналт тавих ажлыг аймаг орон нутгийн удирдлага, харьяалах нэгж байгууллагууд сайн зохион байгуулах үүрэгтэй. Үүнд татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн болон иргэд, малчдын төлөөллүүд, хөндлөнгийн хяналт тавих оролцоог нь тусгаж өгөх нь төсвийн хөрөнгө оруулалтын өгөөжийг эрс нэмэгдүүлэх арга зам гэж үзэж байгаа.

АН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД БИД ҮНЭХЭЭР ХҮЧ МӨХӨСДӨЖ БАЙГААДАА УУЧЛАЛТ ГУЙЖ БАЙНА

-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Улс төр нэлээд бужигнаж байна. үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд эсэргүүцэж байр сууриа илэрхийлсэн. Энэ үеэр та Цэцийн дарга асан Д.Одбаярын хэргийг чуулганы танхимд эргэн сануулсан байх аа?

-Өнгөрсөн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдааны 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцсэн. Товчхондоо бол Цэц бол хууль тогтоогчоос гаргасан хуулийн заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргадаг эрх зүйн инстутиц юм. Гэтэл Цэц УИХ-д үүрэг болгодог байгууллага болсон нь үүгээр илэрч байна. Ардын намын олонхын аархал түрэмгийлэлд цөөнх, АН-ын бүлгийн гишүүд бид үнэхээр хүч мөхөсдөж байгаадаа нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Хувь хүний сонгох, сонгогдох эрхийг хуульчлан хасдаг байсан нэг намын дарангуйллын үеэ санагалзсан Ардын нам энэ санаархлаа биелүүллээ. Бид цөөдөж байгаа ч Монголын иргэд цөөдөхгүй гэдгийг сануулмаар байна. Ардын намын бүлгийн олонхоор аархсан явцуу улс төрийн түрэмгийлэл нь УИХ-аас хальж, ялах магадлалтай өрсөлдөгчөө Үндсэн хуулийн Цэцээр намнууллаа. Энэхүү Цэцийн хурлыг Д.Одбаяр даргалсан. Энэ этгээд нь Монгол Төрийн нэр хүндийг олон улсад шившиглэснийг мартаагүй. Ийм ёс зүйгүй хүн Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг ахлаад сууж байгаа нь өөрөө хүлцэшгүй асуудал, ёс зүйн эмгэнэл мөн. АН-ын бүлгийн гишүүд бид өмнө нь энэ хүнийг эргүүлэн татах үндэслэлийг өргөн бариад цаг товлосон. Гэвч өнөөдрийг хүртэл бидэнд хариу өгөөгүй байгаа нь энэ их хуралд ямар ёс зүйтэй олонх байгаа вэ гэдгийг иргэдэд төдийгүй олон улсад нотолсоор байна.

-Ардчилсан намын даргын асуудал хэрхэх бол. Саяхан АН-ын даргын сонгууль боллоо. Гэхдээ хоёр талд сонгууль хийж, хоёр даргатай мэт тодорхойгүй байдал бий болоод байна. Танай намд үүсээд байгаа асуудлуудад ямар байр суурьтай байна вэ?

-Нам бол өөрөө юуны түрүүнд олон нийтийн байгууллага шүү дээ. Үзэл санаа, итгэл зорилгоо нэгтгэж нийгмийн болон хөгжлийн асуудлуудаа бодлогоор шийдэхдээ рациональ легитим засаглалыг хэрэгжүүлж чадвал нийгэмдээ байр сууриа эзэлж, сонгогчдынхоо итгэл найдвараар засгийн эрхийг авч, үүрэг хариуцлагаа үүрэх үүрэг хүлээдэг олон нийтийн л байгууллага. Ардчиллыг эрхэм зорилго болгосон таван нам, тус тусын амбицаа гэтлэн нэгдэж, өнөөдрийн Ардчилсан намыг үүсгэсэн нь 21 жилийн өмнөх үйл явдал. Эхнийх бол алдаа, хоёрдохоо давтвал тэнэглэл гэдэг гашуун үг бий. Намын маань хувьд дэндүү харамсалтай үйл явдал өрнөсөн. 17 жилийн өмнө мөн л намын тамга булаалдаж, хоёр ч дарга даган хуваагдсаны уршгаар, сонгогчдынхоо өгсөн итгэл найдварыг эрх зүйн чадамжгүй болгохгүйн тулд МАХН-ы бүдүүн бүлэгт хүртэл орж явсан гашуун сургамжаас дүгнэлт хийсэнгүй. Энэ алдааг мөн л дахин давтлаа. Түүнчлэн тодорхой ашиг сонирхлын зүгээс давтууллаа гэж цохож хэлье. Алдаандаа дүгнэлт хийдэггүй, алдаанаасаа суралцдаггүй, өөрийн шүүмж гэдэг эрүүл эргэцүүлэл, хариуцлагаа үүрэх зориггүй болохоор олон түмний итгэл найдвар дэмжлэгийг авах ямар ч боломжгүй болдог. Энэ бүгдийг үйл ажиллагаандаа мөрдөхийн тулд нам дүрэмтэй, дүрмээ дарга гишүүд нэг мөр дагаж мөрдөх учиртай. АН-ын дүрмийн 3.10.2.1-д зааснаар сонгуульд ялагдсан бүх шатны дарга нар 15-30 хоногийн дотор огцорч хариуцлагаа хүлээж, намын нэрийн өмнөөс аливаа шийдвэр, үйл ажиллагаа явуулах, мэдэгдэл хийх, эрх зүйн маргаанд намыг төлөөлөх, ямар нэг хурал, сонгууль зохион байгуулах эрхгүй болдог.

АН-ын нэгдмэл байдлыг хагаралдсан мэт нийгэмд харагдуулах үүрэгтэй жүжигчид нь эрх баригчдаас аарсан шагналаа ч авах байх, түүх, цаг хугацаа ч зохих дүгнэлтийг нь шударгаар өгөх нь ойлгомжтой шүү дээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ардчилсан намын олонх гишүүд нь дүрмээрээ сонгосон эрх зүйн чадамжтай даргыг Улсын дээд шүүх бүртгэх нь чухал байна.

Ямартаа ч эрх баригч Ардын нам нь Ардчилсан намыг хагаралдуулсан харагдуулах, улмаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах үүрэгтэй тоглоомын оролцогчдоо Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулан ялсан болох нь Монгол төрийн түүхийн шоглоом, нийгмийн шившиг болно гэдгийг ядаж ойлгох хэмжээний улс төрийн соёлтой гэж найдаж байна.