Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатар хотод өдөртөө 4-6 хэм дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Улз голын сав газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2-7 градус, Их Нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 16-21 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 8-10 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нийтлэлч Баабар “Юуны тулд, хэний төлөө бид амьдардаг вэ?​” хэмээн өгүүллээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Өдрийн сонины тэргүүн нүүрт Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх “Надад хоёрхон
сонголт байсан” хэмээснийг I, II
нүүрээс уншаарай.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Хувь хүн бүрийн
сахилга батаас цаашдын нөхцөл
байдал шалтгаалах гээд байна” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт нэрт нийтлэлч Баабар “Юуны тулд, хэний төлөө бид
амьдардаг вэ?” хэмээн өгүүллээ.

Монгол Улсын гавьяат
багш, физикийн шинжлэх
ухааны доктор, профессор Х.Цоохүү “Физик, математикт оюутан
элсэхгүй байна гэдэг боловсролын
систем нуран унахын цондон” хэмээн I, IX нүүрт ярилаа.

“Өдрийн сонин”-ы “Эдийн засаг” нүүрт “Бизнес эрхлэгчдийн итгэлийг төрийн
уялдаагүй шийдвэрүүд хамгийн их
бууруулж байна” гэв

“Баримт, үйл явдал”-ын VII нүүрт МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабораторийн эрхлэгч, доктор О.Одгэрэл “Энэтхэгийн давхар мутацид орсон вирус нь маш идэвхтэй халдварлах чадвартай бөгөөд дэлхий нийтээр тарж магадгүй байна” гэлээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99726725 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ спорт

Э.Ариун Америкийн дэвжээнээс мөнгө, хүрэл медаль хүртжээ

Харийн нутагт бэлтгэл хийн, амжилт гаргаж, эх орныхоо дуурсгаж яваа тамирчин цөөнгүй.

Тэдний нэг нь Э.Ариун. АНУ-д жиү жицүгээр хичээллэдэг тэрбээр Бостон хотод болсон тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртжээ.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

АНУ-ын телевиз “Хөхөө” киног олон нийтэд хүргэх хүсэлтэй байгаагаа уламжилжээ

АНУ-ын NBCU телевизээс зохион байгуулж буй Азийн соёл, урлагийг сурталчлах сарын аяны хүрээнд Азийн шилдэг кинонуудаас сонгон шалгаруулалт хийжээ. Улмаар тус телевизийн суваг болон түүний цахим платформ дээр найруулагч Ж.Жамъянсүрэнгийн “Хөхөө” уран сайхны киног олон нийтэд хүргэх хүсэлтийг Монгол Улсын Соёлын яаманд уламжилсан байна.

Тус кино нь өнгөрсөн оны 10 сард зохион байгуулагдсан “Улаанбаатар” олон улсын кино наадмын “Шилдэг кино”-гоор шалгарсан билээ. Мөн уг уран сайхны киноны ерөнхий найруулагч Ж.Жамъянсүрэн “Улаанбаатар” наадмаас “Шилдэг найруулагч”-ийн шагнал хүртсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Реппер CL “Coachella 2021” -д уригдсан ч, фестиваль цуцлагджээ

БНСУ-ын алдарт 2NE1 хамтлагийн ахлагч, реппер CL “Coachella 2021” хөгжмийн фестивальд оролцохоор болсон ч, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан, тоглолт 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл хойшилжээ.

Хэрэв тэрбээр оролцсон бол тус наадмын хамгийн анхны Солонгос соло уран бүтээлч болох байсан юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Тэмээн аалзны төрлийн хүчтэй хортой, 20 насалдаг шинэ зүйлийг нээжээ

Флоридагийн амьтны хүрээлэнд тэмээн аалзны төрлийн, маш хүчтэй хортой, хэдэн арван жил амьдрах чадвартай шинэ зүйлийг нээжээ. Шинэ зүйл аалзыг Пайн Рокланд хэмээн нэрлэсэн бөгөөд хамгийн анх Майамигийн амьтны хүрээлэнд 2012 онд үзэгдэж байжээ.

Гэвч тухайн үед хангалттай судалж чадаагүй учир шинэ зүйл аалзны гарал угсаа тодорхойгүй хэвээр үлдэж, тус амьтны хүрээлэн гадны тусламжийг хүссэн аж. Тэр цагаас хойш аалзыг бараг арван жил судалсны эцэст өмнө нь шинжлэх ухаанд бүртгэгдэж байгаагүй шинэ зүйл гэдгийг баталжээ.

Амьтны хүрээлэнгийн хамгаалалтын дарга Фрэнк Ридгли “Надад бол эл аалз анх жижиг хар тэмээн аалз шиг харагдсан. Түүний төрлийн аалзнууд ихэвчлэн зөөлөн, элсэрхэг газарт нүх ухан, түүн дотроо тор татаж, үүдэнд нь хаалга урладаг. Ихэнх нь тус нүхэндээ насаараа амьдардаг бөгөөд ямар нэг амьтан нүх рүү нь орж ирэхийг хүлээж байгаад, орж ирмэгц нь хаалгаа хаан барьж иддэг” хэмээн тайлбарлажээ.

Судалгааны багийн гишүүн, Жиоржиа мужийн Пьемонт их сургуулийн амьтан судлаач Ребекка Годвин Пайн Гокландыг цоо шинэ зүйл хэмээн эхнээс нь таамаглаж байсан гэнэ. Түүний олж мэдсэнээр эл зүйлийн эмэгчин аалз 20 гаруй жил амьдрах чадвартай аж. Гэвч эрэгчин нь харьцангуй богино буюу долоон жил өсч байгаад үржилд орж, нүхээ ухсанаас удалгүй үхдэг байна. Тэрбээр “Амьтны хүрээлэнд анх үзэгдсэн аалз бол өсөх мөчлөгтөө тэнүүчилж явсан эрэгчин аалз байж. Тэд биеийнхээ урд хэсэгт барзгар бүрхүүлтэй, хэвлий хэсэг нь мөнгөлөг саарал өнгөтэй, дээрээ цайвар толботой, харахад маш үзэсгэлэнтэй зүйл” хэмээн тайлбарласан байна.

Түүнээс гадна эрэгчин Пайн Рокланд аалз хөлнийхөө урттай нийлээд евро зоостой дүйх хэмжээтэй бол эмэгчин нь түүнээс хоёр, гурав дахин том биетэй байдаг аж. Харин хорны хувьд зөгийн хортой төстэй учир жижиг амьтдын хувьд үхлийн аюултай юм.

Categories
мэдээ нийгэм

Татвар, НДШ-ийн өрийг нэг удаа өршөөх саналыг УИХ-д хүргүүлнэ

Бизнесийн орчны ерөнхий төлөв байдлыг үнэлэх, сайжруулах, түүний арга замыг тодорхойлох зорилго бүхий “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны үр дүнг МҮХАҮТ танилцууллаа.

Энэхүү судалгааг 2000 оноос хойш жил бүр тасралтгүй зохион байгуулж, үр дүнг нь шийдвэр гаргагчдад хүргэж, төр засгийн бодлого, үйл ажиллагаанд тусгуулахад анхаарч ирсэн билээ. Эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалт, худалдаа, үйлчилгээ, барилга, дэд бүтэц гээд бүхий л салбар цар тахал, удаа дараагийн хөл хорио томоохон цохилтод өртөж, хямрал, хүндрэл улам гүнзгийрсэн энэ үед “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааг танилцуулж байна.

2020 оны бизнесийн орчны итгэлийн индекс -0.28 гарч, сүүлийн дөрвөн жилийн үзүүлэлтээс доогуур гарлаа. Тодруулбал, гадаад зах зээлийн таагүй байдал, экспортын өсөлт саарсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдсан, аж ахуйн нэгжүүдийн хэвийн үйл ажиллагаа доголдсон, орлого, ашгийн хэмжээ буурсан нь дээрх үнэлгээнд нөлөөлжээ. “Бизнесийн итгэлийн индекс-2020” судалгааны дүн 2015 оны судалгааны дүнтэй ойролцоо түвшинд гарлаа. Эргэн сануулахад, 2015 эдийн засгийн өсөлт хумигдаж, бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын орчин муудсан төдийгүй хямрал үүсээд байсан юм.

2020 онд бизнесийн итгэлийн үндсэн дөрвөн үзүүлэлт 2019 онтой харьцуулахад буурсан дүнтэй гарав. Тухайлбал, Барилга, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн бизнесийн орчинд итгэх итгэл улсын дунджаас бага байлаа. Судалгаанд оролцсон барилга, худалдааны салбарын бизнес эрхлэгчид 2021 онд бизнесийн орчин илүү муудна гэсэн хүлээлттэй байна. Бизнесийн үйл ажиллагаанд санхүүгийн нөхцөл байдал, бараа бүтээгдэхүүний эрэлтийн бууралт хамгийн их сөрөг нөлөөтэй байна гэж оролцогчид үзжээ.

Бизнесийн итгэлийн индексийг бизнесийн орчин,бизнесийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, макро эдийн засгийн орчин гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр тооцож гаргадаг. Судалгааны аргачлалд энэ жилээс өөрчлөлт оруулж, олон улсын аргачлалын дагуу эдийн засгийн гол салбаруудаар тооцон гаргаж байна. “Бизнесийн итгэлийн индекс”-ийн судалгааг энэ оны гуравдугаар сард Улаанбаатар хот болон орон нутагт явуулж, 1400 гаруй аж ахуйн нэгжийг хамрууллаа. Судалгаанд оролцогчдыг бизнесийн үйл ажиллагааны чиглэлээр нь авч үзвэл, 15 хувь нь үйлдвэрлэл, 25 хувь нь худалдаа, 14 хувь нь барилга, 10 хувь нь хөдөө аж ахуй, 37 хувь нь үйлчилгээний салбар байна. Оролцсон аж ахуйн нэгжийн 76 хувь нь нэг тэрбум хүртэлх төгрөгийн орлоготой бол 95 гаруй хувь нь 200 хүртэлх ажилтантай байна.

Мөн энэ үеэр Эдийн засгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Бизнес эрхлэгчдийн зүгээс татвар, нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлуудаар байр сууриа илэрхийлж байв. МҮХАҮТ-аас татвар, нийгмийн даатгал, хэвийн бус зээлийн хэмжээ, аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх асуудлыг УИХ, Засгийн газарт тавих замаар эдийн засгийг дахин сэргээхэд анхаарч ажиллана гэж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.

Categories
мэдээ улс-төр

БОАЖЯ: Аялал жуулчлал, агаарын тээврийн салбарыг харилцан уялдаа холбоотой хөгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Аялал жуулчлал болон агаарын тээврийн салбарыг харилцан уялдаатай хамтран хөгжүүлэх чиглэлийг тусгасан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Зам, тээвэр хөгжлийн яам, Аялал жуулчлалын хөгжлийн төв болон Иргэний нисэхийн үндэсний төв зэрэг байгууллагуудаас бүрдсэн мэргэжлийн зөвлөл өнөөдөр цахимаар хуралдлаа.

Хуралд БОАЖ-ын сайд Н.Уртнасан болон аялал жуулчлал, иргэний нисэх, агаарын тээврийн салбарын төлөөллүүд оролцож салбар хоорондын үр дүнтэй хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм. Энэ үеэр БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг гадны улсуудтай хийсэн агаарын тээврийн хэлэлцээрийг шинэчлэх, үнэ тарифын уян хатан бодлого хэрэгжүүлэх, жуулчны улиралд чартер нислэгийн зөвшөөрлийг “1 хот-1 агаарын тээвэрлэгч” бодлогоор цаг алдалгүй хэрэгжүүлэх зэрэг салбар хоорондын шийдвэрлэвэл зохих олон асуудлын хүрээнд ярилцлаа.

Хэдийгээр COVID19 цар тахлын улмаас аялал жуулчлал, агаарын тээврийн салбар хүнд нөхцөл байдалтай байгаа ч үр дүнтэй хамтран ажилласнаар богино хугацаанд сэргэх боломжтой гэдгийг хуралд оролцогчид онцолсон. Өнөөдрийн цахим хуралдаанаас гарсан саналыг нэгтгэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий сайдад танилцуулах бөгөөд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгуулж ажиллах юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ

Говь-Алтай аймгийн Чандмань сумын нутагт хоёр иргэн осгосон байдалтай олджээ

Дөрөвдүгээр сарын 26-ны өдөр буюу өчигдөр өглөөний 08 цаг 40 минутад Говь-Алтай аймгийн Чандмань сумаас 20 км зайд Хүнхэрийн ам гэх газар хоёр хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн дагуу хяналт шалгалтыг явууллаа.

2021 оны дөрөвдүгээр 25-ны 11:00 цагийн орчимд тус аймгийн Эрдэнэ сумаас Чандмань сум руу тээврийн хэрэгслээр хөдөлгөөн үйлдэхэд цаг агаарын нөхцөл байдал муу, цасан шуургатай, том тэрэг явах боломжгүй байсан тул тус аймгийн харьяат 40 настай, эрэгтэй Г, 21 настай Б нар автомашинаа үлдээж явганаар алхах замдаа осгосон байж болзошгүй нь эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг Говь-Алтай аймаг дахь цагдаагийн газар үргэлжлүүлж байна.

Иймд иргэд олон нийт хөдөө орон нутагт зорчихдоо, орон нутагт аймаг, сумдын хооронд явганаар явах, тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж байх, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангах, шаардлагагүй бол аль болох хөдөлгөөнд оролцох, зорчихгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрны цэс гарчээ

Зориг сангаас 18 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Залуу Манлайлал Хөтөлбөр”-ийн оролцогч залуус “Нэг тэрбум хайр, Нэг тэрбум ертөнц” төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Уг төслийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр хайх сувгийг нэмэх, нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар эерэг, зөв ойлголтыг өгөх юм.

Монгол улсын 2020 оны хүн амын тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй нийт 106,400 иргэн бүртгэсэн. Эдгээрээс 94.8 мянга нь хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн байдаг. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажил хомс, мэдээлэл дутуу зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан эдгээр хүмүүсийн 72 орчим хувь нь ажилгүй хэмээх судалгаа бий.

Төслийн хүрээнд монголын хамгийн том хөдөлмөр зуучлалын вебсайт болох “Zangia.mn”-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлын байрны заруудаас бүрдэх цэс шинээр үүсгэсэн. Үүгээр дамжуулан иргэд өөрт тохирсон ажлын байрны мэдээллийг нэг дороос авах боломжтой болжээ.

Төслийн багийн гишүүд “Манай улсад өмнө нь гадаад, дотоодын байгууллагуудын хийсэн олон судалгаануудтай танилцаж, энэ чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзах үед өөрийн хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон ажил эрхлэх боложтой ч нийгэм дэх буруу хандлага, ажлын байрны мэдээлэл хомс байдгаас шалтгаалан ажил хийдэггүй гэх хариултуудтай олон удаа тулгарсан. Тиймээс уг асуудлуудад бага ч гэсэн шийдэл олох үүднээс Zangia.mn-тэй хамтран уг цэсийг хөгжүүлсэн. Ингэснээр иргэд тус цэс дээр нээлттэй зарласан ажлын байрнуудтай танилцаж, өөрийн хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон ажлын байрыг олох боломжтой. Үүнээс гадна бид төслөөрөө дамжуулж нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар эерэг хандлага түгээх үүднээс компанит ажил өрнүүлж байна” гэв.

Та дараах холбоосоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрнуудтай ЭНД дарж танилцах боломжтой