Categories
амьдралын-өнгө мэдээ

Завхан аймгийн 10 малчин коронавирусийн халдвар авчээ

Завхан аймгийн төв болон зургаан суманд коронавирусийн халдвар бүртгэгджээ. Тус аймгийн хэмжээнд 226 иргэн халдвар авснаас 26 нь эдгэрч, хоёр иргэн нас барсан байна.

Халдвар аймгийн төв, сум суурингаас хэтэрч малчдад тархаж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар дөрвөн цэгт 10 малчин халдвар авчээ.

Тус аймгийн Тосонцэнгэл, Их-Уул, Улиастай суманд халдвар нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж.

Их-Уул суманд өчигдрийн байдлаар 27 ор дэлгэсэн бол Тосонцэнгэл сумын эмнэлгийн ор дүүрсэн учир өчигдөр хоёр спорт зааланд нийт 60 ор дэлгэжээ.

Халдварын ихэнх нь Улаанбаатар хотоос буяны ажилд ирсэн иргэдээс эхтэй бөгөөд 10 гаруй голомт гарчээ. Завхан аймгийн хэмжээнд 3426 иргэн гэрийн тусгаарлалтад, 43 иргэн тусгаарлах байранд байна. Халдварыг тогтоон барих чиглэлээр эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтынхнаас гадна төрийн бусад албан хаагчид дайчлагдан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэдэг болно

Нарлаг Улаанбаатар Ротари клубээс санаачлан Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч нисэгчгүй нисэх төхөөрөмжөөр цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэх “REDrone” (Red drone) төсөл хэрэгжүүлжээ.

Цус тээвэрлэх анхны нислэг өнөөдөр болох юм.

Нисэгчгүй нисэх төхөөрөмж ашиглах нь дээрх хүндрэлүүдийг давах, цус, цусан бүтээгдэхүүний захиалгын дагуу тээвэрлэх зардал, хугацааг хэмнэх, хүний нөөц, ажлын ачааллыг багасгах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэх ач холбогдолтой юм.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатарт замын түгжрэл эрс нэмэгдэж, яаралтай үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүн тээвэрлэхэд хүндрэл үүсдэг. Мөн газар хөдлөлт, гамшиг осол, коронавируст цар тахал зэрэг нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын үед эмнэлгүүдэд шаардлагатай бүтээгдэхүүнийг захиалга өгсөн эмнэлэгт богино хугацаанд хүргэж, олон хүний амь нас аврах шаардлага тулгардаг.

Уг төслийг Тамир Ротари клуб, Улаанбаатар Ротари клуб, JCI Capital байгууллагуудын дэмжлэгтэйгээр хамтран хэрэгжүүлж, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг (дрон) “Карбон Композитс” компанийн монгол инженерүүд ур ухаанаа шингээж, мэргэжлийн өндөр түвшинд хийжээ.

Уг төхөөрөмжид суурилан цаашид эрүүл мэндийн байгууллагууд сорьц тээвэрлэх, бусад салбарт ч загвар болох боломжтой хэмээн төсөл санаачлагч нар үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Хүмүүс үхэж байна, С.Амарсайхаан… Хэн хариуцлага хүлээх вэ, МАН-ынхаан…

АН-ын шаардлагаар УОК,НОК хоёрыг зэрэг огцруулдаг Ерөнхий сайд гэж хаана ч байхгүй. Үнэхээр л Цар тахлын энэ нөхцөл байдалд дорвитой өөрчлөлт, шийдвэртэй алхам хэрэгтэй байгаа бол УОК-оос сайн ажиллахыг шаардах хэрэгтэй. Шадар сайдын албыг дурлаж байж авсан, УОК-ын дарга С.Амарсайханы хувьд үнэндээ сонгуулийн өмнө МАН-даа “гай” болж байна. Энэ хүн нэмэх оноо нэг ширхгийг ч авчирсангүй. Эрх баригчид нэр нүүрээ бодвол АН-ын шаардлагыг хүлээн авахаас өөр аргагүй болсон мэт.

УОК-ын дарга С.Амарсайхан ажлаа авсан өдрөө өрх бүрээс шинжилгээ авахаар шийдвэрлэж таван тэрбумыг зарлаа. Үр дүн нь тэгээд яаж гарав. Өдөртөө 50 халдвар илрэхэд “Пүүпаа, муу Содбаатар новш” гэж омоглон хээнцэр байсан ард түмэн өнөөдөр халдвар хэдийнэ 1000 давж, үхэл 10 руу орох үед хэлэх үггүй сууж байна. Энэ эмгэнэлд С.Амарсайханаас өөр хэнийг тэгээд буруутгах юм бэ. Түүний чадвар мөхөс үйл ажиллагаанаас болж өнөөдөр Монгол орон тэр чигээрээ Цар тахлын голомт болж, гурван саяулаа гэртээ хоригдоод сууж байна.

Цар тахалтай тэмцэх УОК, НОК нь хоёр тийшээ хараад суучихсан гэдэг. Байнга зөрүүтэй шийдвэр гарч ард түмнийг залхаан цээрлүүлж байна. Өнөөдрийн QR кодоос гэхэд л харагдаж байгаа биз дээ. Наад зах нь НОК-оос нь “Үсчин, гоо сайхны газрууд халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажиллаж болно” гэж мэдэгдэхэд УОК-оос “Амралтын өдрүүдээр үсчин, гоо сайхны газрууд ажиллахгүй” гэж зөрж эхлэх жишээтэй явж ирлээ. Ийм байж энэ цар тахлыг яаж даван туулах гэсэн юм бэ, С.Амарсайхаан. Та энэ бүхнийг, эдийн засгаа, эрүүл мэндээ бус эхнэр, хүүхдийнхээ асуудлыг ярьсаар удлаа. Урт хугацааны хөл хорионы улмаас эдийн засгийн хямралд өртсөн аж ахуйн нэгж, жижиг, дундбизнесийнхэн үрэгдэж дууслаа.

УОК нь доод бүтцээ зөв удирдан чиглүүлээч. Жаахан зангарагтай байгаач. Улс орон гамшгийн, Цар тахлын нөхцөлд амь тэмцэж байхад эрх баригч МАН-ын зүгээс энэ хүнээ яаж ч чадахгүй, арчаагүй байдалд орчихсон байгаа юм уу. Эцэстээ улс орны хувь заяа эрх мэдэлтнүүдийн тэрсэлдээний хөлд сүйрэх юм уу. Шадар сайд С.Амарсайханы хариуцаж буй УОК нь бодит байдал дээрээ НОК-оос зангараг муу, бодлогоо нэгтгээд ард иргэдээ чиглүүлэх, хамтраад ажиллахчадваргүй байх юм.

Шулуухан хэлэхэд, Монгол Улсын Шадар сайд ажилдаа эзэн болж, ажлаа хийж чадахгүй байгааг өнөөдрийн нөхцөл байдал хангалттай харуулж байна. Одоо болсон, С.Амарсайханыг өөрөөр нь өргөдлийг нь өгүүл. Ингэж чадахгүй бол 100 жилийн ойгоороо Засаг, УИХ, Ерөнхийлөгчөө бүгдийг авч Монгол орныг эрхшээх МАН-ын хүсэл талаар болно. Өнөөдөр нийгэмд үүсээд байгаа хэн нэгэн буруутныг яллах ард түмний хүслийг МАН хэрхэн гүйцэлдүүлэх вэ гэдгээс өнөөдөр маргааш, энэ хаврын улс төр, Ерөнхийлөгчийн сонгуулийн хувь заяа шалтгаалах гээд байна. Ер нь улс төрийн нөхцөл байдлыг үнэлж, эгзэгтэй цагийг анаж суугаа Миеэгийн бүлэглэл хэзээ мөдгүй өндийнө. Энэ юунд хүргэхийг бүгд гадарлана. Тэгэхээр У.Хүрэлсүх хэнд хариуцлага тооцох вэ гэдгээ бодоод олчихсон сууж байгаа гэж найдъя. Өмнө, хойдох кейсүүдийг холбож харахад хариуцлагатай үед, тэр дундаа сонгуулийн өмнө аль ч нам орон нутгийн бүтцээ өөрчилж, бужигнуулж байсан түүх үгүй. Нийслэлээ будаа болгож хаячихаад У.Хүрэлсүх сонгуульд өрсөлдөнө гэвэл хөлөө тайрч хаячихаад холын замд гарахтай агаар нэг асуудал учраас тэр нийслэлд нэг их халдаж чадахгүй л болов уу. Аль ч талаас нь харсан Д.Амарбаясгалан, Хүрэлсүх хоёрын гол тулгуур нь нийслэлийн МАН-ынхороо мөн. Сонгуулийн дүнг нийслэл хагалах учраас тэр шүү дээ. Улс төрийн энэхүү дүрмээ энэ хоёрын эргэн тойрныхон, хор найруулдаг нөхдүүд нь гадарлаж л байгаа. Эсвэл гадарлаж байгаа эсэхийг нь асуух юмсан. Ингэж дүгнэхээр өнөө гайхал С.Амарсайхан хариуцлагын тахил хүртэх нь тодорхой байгаа юм. АН-ынхан ч нөхцөл байдалд зөв дүгнэлт өгч голтой хөдөлж байх шиг байна.

Ерөнхийлөгчийн сонгууль тулсан өдрүүдэд Шадар сайд С.Амарсайхан нь өмнөх шигээ олны өмнө гарч ирээд “Эхнэр маань Халдварт руу ороод өрөөний орчин, ариун цэвэр, нөхцөл байдал нь таалагдахгүй болохоор нь гараад ирсэн” гэх шиг юмаа яриад, эсвэл “Хүүгийнхээ сургалтын төлбөр тавсан улсын мөнгийг эргүүлээд өгчихье л дөө” гэж ардтүмнийхээ өөдөөс хэгжүүрхээд байвал МАН-ын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ер нь яах билээ…

Б.СЭЛЭНГЭ

Categories
гадаад мэдээ

Босогчид цэргийн пост руу довтолж, Мьянмарын арми хүнд цохилтод өртжээ

Тайландын хилийн ойролцоо Карен үндэстний цөөнхийн босогчид Мьянмарын цэргийн пост руу довтолж, хунтын дэглэм тогтсоноос хойш гурван сарын хугацаанд байгаагүй том мөргөлдөөн боллоо.

Мьянмарын эрх баригчдыг хамгийн удаан эсэргүүцэж буй Карен үндэстний нэгдэл бүлэглэл дээрх довтолгооныхоо эцэст Салвин голын баруун эрэг дээрх цэргийн баазыг эзлэн авсан байна. Түүнчлэн Тайландын мэдээлснээр мөргөлдөөний дараа Мьянмарын арми босогчдод агаараас цохилт өгчээ.

Дээрх тулаан болохын өмнө Мьянмарын армид Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН) “Тогтвортой байдал тогтсоны дараа үймээн самууныг зогсоох талаар нааштай арга хэмжээ авна” хэмээн ам өгсөн аж. АСЕАН-ийн удирдагчид Мьянмарын армийн даргатай уулзсаныхаа дараа Мьянмарт болж буй үймээн самуун, хүчирхийллийг зогсоож, талуудыг эвлэрүүлэх тал дээр үр дүнтэй алхам хийхээр тохиролцлоо” хэмээн ярьсан байна.

Гэвч дээрх мөргөлдөөн олон улсын анхаарлыг хунтын дэглэмийн эсрэг иргэдийн жагсаал хөдөлгөөнөөс холдуулж, Карен үндэстний цөөнхийн асуудалд анхаарлаа чиглүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр Монгол Улсад генерал цол бий болсны 77 жилийн ойн өдөр тохиож байна

Өнөөдөр Монгол генералуудын өдөр. Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн тэргүүтэй 11 хүнд цэргийн дээд генерал цол олгосон түүхтэй.

Түүнээс хойш жил бүрийн энэ өдөр цэргийн дээд генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн-генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон байна.

Эдүгээ Монгол Улсын хэмжээнд зэвсэгт хүчин, цагдаа, онцгой байдал, тагнуул, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагуудаас 200 орчим генерал цолтон төржээ. Цэргийн дээд генерал цолтон төрсөн энэ өдөр генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ жил цар тахлын шалтгаант хатуу хөл хориотой таарч буй учир нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Жамбалцэрэн: Хөдөө аж ахуйн салбарт хөнгөлөлттэй зээлийг олгож эхэлнэ

Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй цаг үеийн асуудлаар болон тус салбарт хийгдэж буй голлох ажлуудын талаар ярилцлаа.


Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар ямар бодлого, чиглэлтэйгээр ажиллаж байгаа талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-ХХААХҮ-ийн салбар тогтвортой хөгжлийн бодлогуудаа тодорхойлж, Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөдөө аж ахуйн салбар болгон хөгжүүлнэ гэсэн үндсэн зорилготой ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд бид гурван зорилтыг дэвшүүлж үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллана. Нэгдүгээрт, зах зээлийн сүлжээг бий болгож эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах. Хоёрдугаарт, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах. Гуравдугаарт, алдагдаж буй боломжоо бүрэн ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх. Эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд салбарын хууль тогтоомжуудаа боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага гарч байгаа бөгөөд2024 оныг хүртэл өөрчлөлт оруулах хуулиудаа тодорхойлж гаргасан. Түүнчлэн ХХААХҮ-ийн салбар 2020-2024 оны стратегийн төлөвлөгөөг баталсан. Тухайлбал, мал аж ахуйн салбарт мал сүргийн ашиг шим, үүлдэрлэг байдлыг сайжруулах бодлогын арга хэмжээ авна. Малын үржүүлэг технологийн ажил үйлчилгээний нэгжүүдийг байгуулах, мэргэжилтнүүдийн хүртээмжийг нэмэгдүүлж, хяналтын тогтолцоог сайжруулахаар тусгасан. Цөм сүргийн болон үржлийн аж ахуй бүсчлэн байгуулах, түүн дотроо үхэр сүргийн тоог нэмэгдүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг хийхээр төлөвлөсөн. Мөн баталгаажсан үүлдэр омгийн мал, ген фондыг бэхжүүлэх, биотехнологийн ололтыг нэвтрүүлэхэд түлхүү анхаарна. Бэлчээрийн ашиглалт хамгаалалт, нөхөн сэргээх, усан хангамжийг сайжруулах бод-логын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ.

Гол нь тариалангийн бүс нутгаа дагасан эрчимжсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй ажиллаж байна. Мал эмнэлгийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны мал эмнэлгийн нэгжүүдийг бэхжүүлэх, орон нутагт мал эмнэлгийн сүлжээ лабораториудыг байгуулж, мал эмнэлгийн нэгдсэн систем, мөрдөн мөшгих тогтолцооны чадавхыг сайжруулахад чиглэж ажиллаж байна. Үүний үр дүнд мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлт сайжирч, халдварт өвчлөлийн эрсдэл буурч, хүн амын хүнсний аюулгүй баталгаат байдал хангагдаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг шууд болон дам эерэг үр дүн гарах юм.

Арьс шир, нэхий зэрэг малын гаралтай түүхий эд үнэгүйдээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ чиглэлд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг авч ажиллахаар зорьж байна. Боловсруулах үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарын лабораторийн төвүүдийг чадавхжуулах, ноос, ноолуурын салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, түүхий эдийн зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд эргэлтийн хөрөнгийн дэмжлэг үзүүлэх, экспортод чиглэсэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд бодлого чиглэлээ уялдуулж ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарт төрөөс олгож буй татаас, мөнгөн урамшууллын тогтолцоог бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үр дүнтэй нь холбож боловсронгуй болгох юм. Дээрээс нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж байгаа. Энэ хүрээнд хийгдсэн ажлууд нэлээд бий. Тодруулбал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг сайжруулах, хөдөө аж ахуйн бирж, хоршооны бүтцэд тулгуурлан боловсронгуй болгох, цахим хоршоодыг бий болгох ажлуудыг эхлүүлээд байна.

Бид өнгөрссөн онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Цахим хөдөө аж ахуй стратегийн баримт бичгийг боловсруулсан. Энэ хүрээнд салбарын нэгдсэн цахим системийг хөгжүүлж хөдөө ахуйн биржтэй уяж өгөх юм. Ингэснээр малын эрүүл мэндийн үйлчилгээ, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулж бэлтгэн нийлүүлэгчийн сүлжээгээр дамжуулан хөдөө аж ахуйн биржээр арилжаалж түүхий эд бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Түүхий эд бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлнэ гэлээ. Энэ талаараа тодруулаач?

-Энэ чиглэлд дөрвөн ажлыг голчилж хийнэ. Дарханы арьс ширний цогцолбор, Шинэ Ховд аж үйлдвэрийн парк, Хүнсний үйлдвэр технологийн паркыг тус тус байгуулна. Арьс шир, нэхий, дайвар бүтээгдэхүүн үнэгүйдэж, хаягдаж байгаа нөхцөл байдлыг дээрх бүтээн байгуулалтуудын хүрээнд бүрэн шинэчилнэ. Дархан-Уул аймагт байгуулагдах арьс ширний цогцолбор нь жилд 10 сая арьс ширийг боловсруулах, 3000 тонн ноос ноолуур угаах хүчин чадалтай юм. Ховдын аж үйлдвэрийн парк нь нэг сая арьс шир, 1000 тн ноос ноолуур боловсруулах боломжтой, одоогоор дэд бүтцийн ажлыг хийж байна. 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.

Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор малын өвчлөл буурсан. Малын элдэв өвчлөлийг вакцин борлуулах зорилгоор санаатай байдлаар хийгддэг байсан юм биш үү гэх яриа иргэдийн дунд гарах боллоо. Үүнд та юу хэлэх вэ?

-Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль батлагдаж, Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулсан. Мөн 21 аймагт салбар нэгжийг нь байгуулан мал эмнэлгийн байгууллагын босоо тогтолцоог нэвтрүүлж, үндэсний хэмжээнд энэ чиглэлд анхаарч ажилласан. Үүний үр дүнд л малын гол халдварт өвчлөл буурсан гэж харж байгаа. Түүнээс зарим хүмүүсийн яриад байгаа шиг вакцины бизнестэй холбоотой өвчлөл гардаг гэдэг нь ташаа ойлголт юм. Мэргэжлийн байгууллагын зүгээс урьдчилсан тандалт судалгаагаа оновчтой хийж, тарилга вакцинаа цаг тухайд нь технологийн дагуу гүйцэтгэж чадвал малын гоц халдварт өвчнүүдээс сэргийлэх боломж бүрэн бий.Дээр нь мал эмнэлгийн цахим системийг нэвтрүүлж, хяналтын тогтолцоо, малын шилжилт хөдөлгөөний бүртгэлийг сайжруулж, малын халдварт болон гоц халдварт өвчний тандалт судалгааны ажлын тоог нэмэгдүүлж ажилласан.

Биокомбинатыг шинэчлэх асуудал ямар шатанд явж байгаа вэ?

-Биокомбинатыг өргөтгөн, шинэчлэх ажлыг Бүгд Найрамдах Унгар Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа, 2024 он гэхэд дуусгахаар төлөвлөсөн. Барилгын эскиз зураг, тоног төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, нэр төрөл, тоо хэмжээг тохирч, нарийвчилсан зураг төслийн ажлууд дуусч байна. Мөн барилгын талбайг бүрэн чөлөөлсөн, суурь дэд бүтцийн ажлыг энэ сард багтаан эхлүүлэхээр ажиллаж байна. Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид экспортлох боломж бүрдэнэ. Жилд дунджаар 10 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болох юм.

Тэгвэл газар тариалангийн салбарт ямар ажлууд хийгдэж байна вэ. Бид хэзээ дотоодоо төмс, хүнсний ногоо, үр тариагаар хангаж чаддаг болох бол?

-Тариалангийн хөрсний үржил шимийг сайжруулж, технологийн шинэчлэлийг хийж, хүнсний нарийн ногооны импортыг бууруулах чиглэлд гол анхаарлаа хандуулан ажиллаж байна. Бид газар тариалангийн үйлдвэрлэлд нэг сая га хүрэхгүй талбайг л ашигладаг. Хөрсний үржил шимийг нэмэгдүүлж байж га-гаас авах ургацын хэмжээгээ нэмэгдүүлж чадна. Гол нь усалгаатай газар тариалангийн талбайг нэмэгдүүлэх замаар хүн амыг хүнсний ногоо, үр тариагаар хангах асуудал яригдана. Ингэж байж бид газар тариалангийн бүтээгдэхүүний импортын хамаарлыг бууруулж чадах юм. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр усалгаатай газар тариаланг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлээд явж байгаа. Үндсэндээ долоон аймгийн 12 суманд буюу нийтдээ 8000 га талбайн услалтын системийг сэргээн засварлах буюу шинээр барих төсөл хэрэгжиж байна.

Нарийн ногооны импортын хамаарлыг бууруулахад амаргүй байгаа салбарын төсөв, хөрөнгө оруулалт хязгаарлагдмал байна. Гэсэн ч энэ асуудлыг ойрын хугацаанд дэвшүүлсэн зорилгынхоо хүрээнд шийдвэрлэхээр ажиллах болно. Нэн тэр-гүүнд бид өвөл, зуны хүлэмжийг олноор байгуулах шаардлагатай. Нэг ёсондоо хамгаалагдсан хөрсний тариаланг бэхжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Үндсэндээ гурил, улаанбуудайн хэрэгцээгээ хангах чиглэлд ахицтай ажиллаж чадаж байгаа. Цаашдаа дотооддоо үр үйлдвэрлэлийн аж ахуйг маш сайн бэхжүүлж өгөх ёстой. Чанартай сайн, Монгол орны хөрсөнд тохирсон үрээр тариалж байж эрүүл, органик хүнсээр дотоодынхоо хэрэгцээг хангах боломж бүрдэнэ. Ингэхийн тулд тариалангийн бүсүүдэд таримлын үрийн аж ахуйг хөгжүүлье гэж зорьж байна. Үрээ нөөцлөх, хадгалах сав зэргийг бүсчилсэн хэлбэрээр байгуулах юм. Мөн жимс, жимсгэний таримал сортуудыг турших, нутагшуулах, тариалах арга технологийг боловсруулах суулгац, үржүүлгийн төвүүдийг орон нутагт бүсчлэн байгуулна.

Хүнсний салбарт ойрын хугацаанд ямар ахиц дэвшил гарах вэ?

-Хүнсний хангамж, нийлүүлэлтийг сайжруулах бодлого арга хэмжээг хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд махны нөөц бүрдүүлэхэд онцгой анхаарна. Мах, махан бүтээгдэхүүнийхээ экспортыг нэмэгдүүлэхэд зорьж ажиллаж байгаа. Экспортын эрхтэй үйлдвэрүүдийнхээ тоог нэмэгдүүлэхээр хил залгаа болон импортлогч орнуудтай хорио, цээрийн нөхцөлүүдээ тохироод гадаад зах зээлийг нээх чиглэлээр ажиллаж байна. Мөн хүнсний сүлжээнд зохистой дадал, угтвар нөхцөл, чанарын удирдлагын тогтолцоонуудыг хэвшүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана. Ялангуяа хүнсний үйлдвэрлэл эрхэлж байгаа дотоодын аж ахуйн нэгжүүдээ олон улсын стандартын шаардлагад нийцүүлэх, олон улсын чанарын удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлж, чанарын баталгаажуулалтын байгууллагуудаар баталгаажуулах, энэ чиглэлийн дотоодын байгууллагуудын чадавхыг сайжруулах чиглэлд анхаарч байна. Энэ тогтолцоо, олон улсын стандартуудыг нэвтрүүлснээр Монголын хүнсний бүтээгдэхүүнүүдийг гадагш гаргах боломжийг нээж өгөх юм. Дотооддоо ч хүнсний аюулгүй байдлыг хангах боломж бүрдэнэ.

Та дээр яриандаа Цахим хөдөө аж ахуйн талаар дурдлаа л даа. Хөдөө аж ахуйн салбар цахимжсанаар ямар давуу талууд бий болох юм бэ?

-ХХААХҮ-ийн салбарт мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлэх, үйл ажиллагаагаа цахимжуулах, салбарын нэгдсэн цахим мэдээллийн сан платформыг бий болгох ач холбогдолтой юм. Бид мал аж ахуй, газар тариалангийн нэгдсэн систем, хөдөө аж ахуйн мониторинг хяналт, хөдөө аж ахуйн биржийн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Засгийн газраас “Цахим Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, төрийн үйлчилгээ цахимжиж буйг та бүхэн мэдэж байгаа. E-Mongolia систем дээр ХХААХҮЯ-аас олгодог тусгай зөвшөөрлийн хүсэлт, материалуудыг цахимаар аваад эхэлсэн. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэсэн тодорхойлолтуудыг олгож эхэлсэн.

Дээр дурдсанчлан цахим шилжилтийн хүрээнд мал аж ахуйн нэгдсэн системийг бий болгож байгаа. Тухайлбал, малын бүртгэл, ялган тэмдэглэх систем, малын удам зүйн үнэлгээ, мал сүргийн эргэлтийн систем, мал эмнэлгийн гэрчилгээ, гарал үүслийн баталгаажуулалтын системийг нэвтрүүлж ашиглаж эхэлсэн. Мал эмнэлгийн сүлжээ лабораториуд, махны үйлдвэрүүдэд үйл ажиллагааны хяналтын системийг нэвтрүүлж байна. Товчхондоо, мал аж ахуйн салбарын хяналтын цахим систем бүхэлдээ ажилд орж байна. Нөгөө талаар хэрэглэгч ямар гарал үүсэл, чанарын баталгаажилттай малын гаралтай бүтээгдэхүүн хэрэглэж байна вэ гэдгээ харах боломжийг бүрдүүлж байна гэсэн үг.

Газар тариалангийн салбар дээр ч мөн тодорхой системүүдээ хөгжүүлж байгаа. Ирэх намраас бид хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн түүн дотроо үр тариаг хөдөө ахуйн биржээр арилжаалж эхлэхээр ажиллаж байна. Дээрээс нь цахим системүүдээ E-Mongolia систем дээр цогцоор нь байршуулж хөдөө аж ахуйн салбарт оролцогчид, иргэн аж ахуй нэгжүүдэд холбогдох зөвшөөрөл, мэдээллээ авах боломжийг бүрдүүлж өгнө. Ингэснээр салбарын хөгжлийг нэг шат ахиулна гэж харж байна.

Хэд хэдэн аймгуудад хаваржилт хүндэрч байгаа. Салбар яамны зүгээс ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа вэ?

-Улсын онцгой комиссын даргын 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн 19 дүгээр тушаалаар томилогдсон зудын нөхцөл байдлын үнэлгээ хийх шуурхай бүлэг хаваржилт хүндэрч болзошгүй аймгуудын үнэлгээг гаргасан. Үүгээр Баянхонгор аймагт хаваржилт хүндрэх маш их эрсдэлтэй болох нь тогтоогдсон. Мөн Архангай, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь аймгууд эрсдэлтэй гэж үнэлэгдсэн. Салбарын яамнаас хүн амын хүнсний хэрэгцээг тогтвортой хангах, хүнсний тээврийн асуудлаар бүх шатны байгууллагатай ажиллаж байна. Мөн хаваржилт хүндрэлтэй байгаа орон нутгийн малчдын бэлэн мөнгөний орлогыг бууруулахгүй байх, зорилтот бүлгийн малчдад малын тэжээл, эм бэлдмэл, хүнсний дэмжлэг үзүүлэх ажлуудыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Ойрын хугацаанд хаваржилтын нөхцөл байдал, зарим авах арга хэмжээний талаар танилцуулга, холбогдох шийдвэрийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа.

Улсын хэмжээнд хэр хэмжээний төл авах вэ. Мал төллөлт хэдэн хувьтай байгаа бол?

-Энэ жилийн хувьд нийт төллөвөл зохих 24 сая толгой эх малаас 13.5 сая буюу 56.2 хувь нь төллөөд байна. Мал төллөлтийг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 69.8, хангайн бүсэд 54.1, төвийн бүсэд 50.7, зүүн бүсэд 50.3 хувьтай үргэлжилж байна. Төл бойжилт 97.3 хувьтай байна.

Сүү, ноосны урамшууллыг олгож эхэлсэн үү?

-Дээр дурдсан цахим хөдөө аж ахуйг хөгжүүлэх ажлын нэг хэсэг болгож төсвийн урамшууллын системийг нэвтрүүлсэн. Тус системд бүртгэгдэж, мал эмнэлгийн нэгдсэн системд бүртгэгдэж гарал үүсэл нь баталгаажсан давхардсан тоогоор 9500 гаруй эрчимжсэн аж ахуй эрхлэгч, малчин өрхийн сүүний урамшуулалд нийт 4.2 тэрбум төгрөгийг сая олгож дууслаа.

2020 онд хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан 90 гаруй мянган малчинд нийт 31.9 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгохоор шийдвэрлэсэн. Ноосны урамшууллыг энэ сардаа багтаан малчдын дансанд шилжүүлэх ажлыг зохион байгуулна.

Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хаврын тариалалтад саад учирч байгаа юу. Ирэх намар хэр хэмжээний ургац авна гэж төлөвлөж байгаа вэ.

-Хаврын тариалалтыг технологит хугацаанд нь багтааж хийх ёстой. Тиймээс хаврын тариалалт, хүнсний тээвэр, мал эмнэлгийн технологит үйл ажиллагаа, өвс тэжээлийн үйлдвэрлэлт, тээвэрлэлтэд хязгаарлалт тогтоохгүй байх чиглэлээр УОК, Засгийн газрын шийдвэрүүдийг гаргуулан ажиллаж байна. Мөн 1100 гаруй тариаланчдаа бүртгэж, цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцинд хамруулан технологит хугацаандаа тариалалтаа эхлүүлэх боломжийг бүрдүүлж байна. Энэ жилийн тухайд бид 500 гаруй мянган га талбайд тариалалт хийхээр төлөвлөсөн. 390 орчим га-д нь улаанбуудай тариалах төлөвлөгөөтэй. Урьдчилсан байдлаар 470 гаруй орчим мянган тонн улаанбуудай хурааж авна гэж төлөвлөсөн. Гэхдээ байгаль цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалах олон асуудал байгаа, цар тахлын нөхцөл байдал ч бас нөлөөлж байгааг үгүйсгэхгүй. Хүнсний ногооны тухайд “Өрхийн тариалан” хөдөлгөөнийг өрнүүлж, өрх бүр өөрсдийн хэрэгцээт хүнсний ногоогоо тариалахыг уриалж байгаа юм. Энэ жил улсын төсвөөс 2.4 тэрбум төгрөгийг хүнсний ногооны үрийг авч, хүнсний ногоо тариалагчиддаа хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна.

Эдийн засаг амаргүй байгаа энэ үед тариаланчиддаа дэмжлэг үзүүлэх үү?

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх болон гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулиудийг баталсан. Уг хууль батлагдсанаар Импортоор оруулж байгаа болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, хүлэмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг нэмэгдсэн өртгийн албан татвараас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл чөлөөлөхөөр шийдвэрлэсэн. Мөн 2021 оны тариалалтад зориулан импортоор нийлүүлэгдэж байгаа улаанбуудайн элит үр, тэжээлийн таримал болон төмсний үр, нийлэг хальсан хучлага хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг тус тус хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна. Түүнчлэн импортоор авч байгаа мал тэжээлийн, улаанбуудайн үрийг нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас тус тус чөлөөлөөд байгаа юм.

Засгийн газраас хэрэгжүүлсэн 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн хүрээнд ХХААХҮийн салбарт ямар дэмжлэг үзүүлэв. Энэ нь малчид, тариаланчдад ямар байдлаар хүрэх вэ?

-Засгийн газраас хэрэгжүүлж буй“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-ний хүрээнд манай салбарт 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Энэ дагуу малчдад зориулж 200 тэрбум төгрөг, ноолуурын түүхий эд бэлтгэлд зориулж 200 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгоно. Мөн хаврын тариалалтад зориулж 100 тэрбум төгрөгийг олгох юм. Энэхүү гурван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно, хүүгийн хөнгөлөлтийн зөрүүг Засгийн газар хариуцахаар шийдвэрлэсэн. Энэ сардаа багтаж малчид, тариаланчдын болон ноолуур бэлтгэлийн зээлүүд олгогдож эхэлнэ.

Хил гааль хязгаарлагдмал байгаа энэ үед хүнсний хангамж хэвийн байх эсэх нь хамгийн чухал. Энэ тал дээр салбар яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа вэ?

-Гол нэрийн бүтээгэхүүний одоо байгаа нөөц, мөн хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, зохицуулалтын арга хэмжээний дүнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж улсын хэмжээнд тогтвортой байхаар байна.Гэсэн ч бид цар тахлын эрсдэлт нөхцөл байдлыг урьдчилж тооцох ёстой энэ хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран тандалт судалгаа хийж байгаа. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, түүн дотроо импортоор авч байгаа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг тогтвортой байх тал дээр анхаарч байна.Тухайлбал, хүнсний хангамжийг тогтвортой байлгах зорилгоор бүх төрлийн будаа, ургамлын тосыг импортын татвараас чөлөөлсөн.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Биеийн байдал маш хүнд 103 хүн байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.28/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагт 1171 хүнээс халдвар илэрчээ. Эдгээрийн 1092 нь Улаанбаатар хотод, 72 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 6, эмнэлгээс шадтгаалах халдвар 1 бүртгэгджээ.

Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 33013 боллоо. Үүнээс Улаанбаатар хотын халдвар авсан иргэдийн тоо 29303 болов.

Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан нь батлагдаж, хэвтэн эмчлүүлж байсан 490 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Улмаар Улсын хэмжээнд 18033 хүн эдгэрээд байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдвар авсан есөн хүн нас барж, нийт нас баралт 97 боллоо.

Өнөөдрийн байдлаар 4703 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 103 хүний биеийн байдал маш хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 1171 хүнээс халдвар илэрч, есөн хүн нас барлаа

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 1171 тохиолдол бүртгэгдлээ.

Эдгээрийн 1092 нь Улаанбаатар хотод, орон нутагт 72 , зөөвөрлөгдсөн 6, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 байна.

Тодруулбал, Архангай-4 Булган-3, Сэлэнгэ-5, Төв-26, Ховд-2, Дорнод 4, Сүхбаатар 8, Хөвсгөл 1 тохиолдол нэмэгдсэн.

Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 33608 болсон.

Мөн есөн иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 97 боллоо.

  • 55 настай эрэгтэй
  • 84 настай эрэгтэй
  • 62 настай эрэгтэй
  • 47 настай эрэгтэй
  • 71 настай эрэгтэй
  • 87 настай эрэгтэй
  • 58 настай эмэгтэй
  • 56 настай эрэгтэй
  • 77 настай эмэгтэй ковидын нэн хүнд хэлбэрээр нас барлаа

Мөн сүүлийн 24 цагт 490 хүн эмчлэгдэж, эмнэлгээс гарчээ. Нийм эдгэрсэн хүний тоо 18033 боллоо.

Өнөөдийн байдлаар 4703 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас:

Хөнгөн- 2635

Хүндэвтэр- 1559

Хүнд- 406

Маш хүнд- 103 хүн байна” гэв.

Categories
булангууд видео-мэдээ мэдээ шинжлэх-ухаан-технологи

NASA-гийн дрон тэнгэрт нисэж буй видео дүрсийг дэлхийд ирүүлжээ

Ням гаригт NASA-гийн Ingenuity дрон Ангараг гаригийн тэнгэрт гурав дахь удаагаа амжилттай ниссэн юм. Ингэхдээ нислэгийн зай, хугацааны хувьд шинэ дээд амжилт тогтоожээ.

Уг нислэгийн дүрс бичлэгийг Perseverance робот станц өөрийн камераар буулгаснаа дэлхийд ирүүлсэн байна.

Гурав дахь удаагаа нисэхдээ Ingenuity дрон 5 метрийн өндөрт хөөрч, 50 метрийн зай туулахдаа секундэд 2 метр хүртэл хурдалжээ.

Энэ нислэгийнхээ үеэр Ingenuity дрон Ангараг гаригийн гадаргын өнгөт гэрэл зургийг тэнгэрээс буулгаснаа бас дэлхийд ирүүлсэн байна.

Дрон ойрын өдрүүдэд дөрөв дэх нислэгээ үйлдэхдээ өмнөх амжилтуудаа ахиулах зорилготой байгааг NASA мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 88 дуудлага бүртгэгдэж, 87 хүн эрүүлжүүлэгджээ

Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 749, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 88, гэмт хэргийн шинжтэй 42 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 33, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 85, хүний биед халдсан 54, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 62, эрүүлжүүлэгдсэн 87, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 41 тохиолдол гарчээ.