Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан. Зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдлын улмаас түр хойшлуулсан болно.

Өнөөдөр тохиож буй Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 77 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Цэргийн дээд цол хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулж байна.

“ХОШУУЧ ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Гомбожавын Ариунбуян,
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, Бригадын генерал Бужийновын Амгаланбаатар,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, Бригадын генерал Очирын Энхбаяр.
“БРИГАДЫН ГЕНЕРАЛ” ЦОЛЫГ:
  • Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Дагвадоржийн Ганхуяг,
  • ЗХЖШ-ын Нэгдүгээр орлогч дарга, хурандаа Цэвэлмаагийн Жавхланбаатар,
  • Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Сийлээгийн Ганбат,
  • Хил хамгаалах ерөнхий газрын Ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, хурандаа Дашдондогийн Ганбаатар,
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Батмөнхийн Ууганбаяр,
  • ЗХЖШ-ын Материал техникийн газрын дарга, хурандаа Маждаагийн Мөнхбаяр,
  • Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, хурандаа Балжидын Баатар,
  • Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Дашцэдэнгийн Баасандамба,
  • Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хурандаа Батсуурийн Эрдэнэбат,
  • ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Дамдинсүрэнгийн Дамдинцэрэн нарт тус тус хүртээв.

Монгол Улсад 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр анх удаа генерал цолыг олгож байсан бөгөөд өдгөө батлан хамгаалах салбар, хил хамгаалах, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад генерал цол олгодог хуультай.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд гацсан орон нутгийн иргэдэд вакцин тарьж байна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, хотын даргын орлогч дарга Р.Чингис нар Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллаж, эмч нараас мэдээлэл авч байна.

Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллаж буй эмч “Даралт өндөртэй гэх мэт эсрэг заалттай биш бол өөр хорооны иргэдэд ч вакцинд хамрагдах боломжтой юм. Хөл хорионы улмаас хүүхдийнхээ гэрт ирээд харьж чадалгүй гацсан хүмүүс өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт ирж вакцин хийлгэж байна. Мөн орон нутгийн иргэдэд ч вакцин хийж байна” гэсэн юм.

Энэ үеэр эмч нэг өвчтөн багтраатай гэдэг оношоо хэлэлгүй вакцин тариулснаас бие нь муудсан талаар танилцууллаа. Түргэн тусламжийн багт вакцины хүндрэл, сөрөг нөлөөтэй иргэдэд үйлчлэх баг тусгайлан гаргасан тул яаралтай тусламжийг шуурхай үзүүлжээ.

Ерөнхий сайд иргэд гэрээсээ гараад алхах хэмжээнд буюу ойр зайд дархлаажуулалтын цэгүүд байх ёстойг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч байгаа учир цас их орсон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас эрчимтэй хайлах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уурын байгууллагаас анхааруулж байна.

Categories
гадаад мэдээ

Казахстан улс өөрийн эрдэмтдийн бүтээсэн вакциныг хэрэглэж эхэлжээ

Казахстан улсын эрх баригчид даваа гаригаас /2021.04.26/ эхлэн өөрийн улсын эрдэмтдийн бүтээсэн “Covid-19”-ийн эсрэг вакциныг дархлаажуулалтын хөтөлбөртөө ашиглах шийдвэр гаргажээ.

Тус улсын төрийн өмчит Биологийн аюулгүй байдлын судалгааны хүрээлэнд бүтээсэн QazCovid-in (QazVac ч гэж нэрлэж байгаа) вакцин нь одоо гуравдугаар шатны туршилтаа хийж байгаа юм.

Вакцины эхний 50 мянган тунг Казахстан даяар ажиллаж буй дархлаажуулалтын цэгүүдэд тараажээ.

Бөөнөөр үйлдвэрлэх асуудлаар Турк улсын мэргэжлийн байгууллагуудтай хэлэлцээ хийж байгааг Казахстаны эрүүл мэндийн сайд Алексей Цой мэдэгдсэн байна. Тэрбээр даваа гаригт эх орондоо бүтээсэн вакцины анхны тунг телевизийн камерны өмнө тариулсан юм. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Казахстаны ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев коронавирусийн эсрэг вакцин бүтээсэн дэлхийн цөөхөн улс үндэстнүүдийн нэг болсондоо баярлаж, бахархаж илэрхийлсэн юм.

Одоогоор тус улс хүн амын дархлаажуулалтдаа Оросын “Спутник V” вакциныг хэрэглэж байгаа. Энэ оны эхээр Казахстан улс уг вакциныг эх орондоо үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд ОХУ-ын бүтээсэн вакциныг гадаад улсад үйлдвэрлсэн анхны тохиолдол болсон юм.

Өнөөдрийн байдлаар Казахстаны 19 сая хүн амын 5 орчим хувь нь вакцинжуулалтад хамрагджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Ажлын байрыг дэмжих хүрээнд 604 тэрбум төгрөгийн зээл олгоод байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлангийн мэдээллийн сонсов.

Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд энэ сарын 26-ны байдлаар 604.2 тэрбум төгрөгийг 8784 зээлдэгчид олгоод байна.

Хөтөлбөрийн хүрээнд нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 25 арга хэмжээг энэ онд, 3 арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Мөн хуралдаанаар, коронавируст халдвар /COVID-19/-ын талаар хийж буй судалгааны төслийн ажлын талаар Эрүүл мэндийн сайд танилцуулав. Энэ чиглэлээр 2020-2021 онд нийт 14 судалгаа хийж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Lendmn” аппликейшнаар энэ оны нэгдүгээр улиралд 37 тэрбум төгрөгийн зээл олгожээ

“ЛэндМН ББСБ” ХК энэ оны I улиралд 37.6 тэрбум төгрөгийн зээлийг аппликейшнээр дамжуулан олгосноо тайлагналаа.

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3.2 дахин буурсан үзүүлэлт болжээ.

Харин өмнөх улирлаасаа 7.4 хувиар өссөн үзүүлэлт юм. Өнгөрсөн оны гуравдугаар сараас цахим зээлийн гэрээг шинээр байгуулахыг түр зогсоогоод байсан бол энэ оны гуравдугаар сараас эхлэн сэргээсэн нь үүнд нөлөөлснийг тус компани мэдээллээ.

Үүнээс гадна энэ сарын 26-нд тус компани хувьцаагаа эргүүлэн худалдан авах хоёр дахь хөтөлбөрийг зарласан юм.

Үүний зэрэгцээ энэ мягмар гаригт Монголын Хөрөнгийн биржийн арилжаа хаагдахад тус компанийн нэгж хувьцааны ханш 9.14 хувиар өсч, 51.25 төгрөгт хаагдлаа. Энэ нь өнгөрсөн оны арилжааны сүүлийн өдрөөс 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 15:00 цагийн байдлаар 40646 иргэнийг вакцинжуулаад байна

Өнөөдөр 74586 иргэнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй.

Харин нийслэлд 15:00 цагийн байдлаар 40646 иргэнийг вакцинжуулаад байгаа юм.

112 цэгт 297 багийн 2310 эмч, ажилтан ажиллаж байна. Мөн өнөөдрөөс 18-аас дээш насны иргэдэд вакцины I, II тунг хийж эхэлсэн.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ: Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.04.28) хуралдаан 10 цаг 07 минутад 12 гишүүний ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Ажлын хэсэг 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр цахимаар хуралдаж, анхны хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын даргаас өгсөн чиглэлийн хүрээнд асуудлыг томьёолжээ. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйл буюу “Хуулийн зорилт”, төслийн 61 дүгээр зүйл буюу хоршоодын холбооны гишүүчлэлийн талаарх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахгүйгээр уг асуудлуудыг гүйцээн боловсруулах чиглэлийг Байнгын хороонд өгсний дагуу хуулийн зорилтыг илүү тодорхой болгон найруулж, хоршоодын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хоршоог хөгжүүлэх хөшүүрэг болгох зорилгоор хоршоодод мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг бүхий Хоршоодын холбоотой байх, түүнд анхан болон дундын хоршоо гишүүнчлэлтэй байх агуулгаар төслийн 61 дүгээр зүйлийг өөрчлөн найруулжээ.

Мөн төслийн 9.1, 13.2, 31.2 дахь хэсэг, 43.1.1 дэх заалтын талаарх зарчмын зөрүүтэй саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн боловч найруулгыг анхаарч, гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу холбогдох хэсгүүдийг өөрчлөн найруулсны дотор төслийн 31.2 дахь хэсгийг Тэргүүлэгчид санхүүгийн жил дууссанаас хойш 6 сарын дотор, мөн хоршооны алдагдлыг нөхөхөд болзошгүй эрсдэлээс хамгаалах сангийн хөрөнгө хүрэлцэхгүй үед бүх гишүүдийн хурлыг хуралдуулаагүй бол Хяналтын зөвлөл зарлан хуралдуулж байх зохицуулалтыг тусгасан байна.

Ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил төслийн 13.2 дахь хэсэг буюу хоршооны гишүүний нөхөх хариуцлагатай холбогдох хэсгийг хоршооны гишүүн нь хоршооны хүлээх үүргийг хариуцахгүй, гагцхүү хоршоонд оруулсан хувь хөрөнгөөрөө хариуцлага хүлээх байдлаар өөрчлөх нь хоршооны хөгжлийг дэмжихэд илүү тохиромжтой гэж үзэж зарчмын санал боловсруулсан нь ажлын хэсгийн гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан байна. Энэхүү саналтай холбогдуулан төслөөс хоршооны гишүүний нөхөх хариуцлагатай холбоотой зохицуулалтуудыг төслөөс хасах зарчмын саналыг ажлын хэсгээс мөн боловсруулсан гэлээ.

Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг ажлын хэсгээс боловсруулсныг С.Чинзориг гишүүн танилцууллаа.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун асуулт асууж, ажлын хэсгийн ахлагч болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан. Нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcний дагуу төслийн 1 дүгээр зүйлийг өөрчлөн найруулах, төслийн 61 дүгээр зүйлийг 44 дүгээр зүйл болгож, өөрчлөн найруулахаар тус бүр санал хураалт явуулан шийдвэрлэв. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42.2.3-т “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн” гэж заасны дагуу зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор, хуралдааны үеэр гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Үргэлжлүүлэн Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Ажлын хэсгээс “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсныг С.Чинзориг гишүүн танилцууллаа.

Тогтоолын төсөлд хоршооны шинэчилсэн бүртгэлийг хууль батлагдсанаас хойш нэг жилийн дотор хийх; сум хөгжүүлэх санг хоршоог дэмжих чиглэлээр өөрчлөх; хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас хоршоонд олгох санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусгах, хоршооны нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүйн зохицуулалт, татварын орчныг улс даяар сурталчлан таниулах, хоршоог дэмжихэд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд тусгах, 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгох зэрэг асуудлаар арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан зохицуулалтыг тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 87.5 хувь нь “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн. Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргав. Уг горимын саналыг гишүүдийн 87.5 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг зөвшилцөж, төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд КОВИД-19 цар тахалтай тэмцэх хүрээнд эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангах, халдварын тархалтын эрсдэлийг бууруулах, нийгмийн эрүүл мэндийн тогтолцоонд нэмэлт дарамт, ачаалал ирэхээс сэргийлэх, бусад чухал эрүүл мэндийн үйлчилгээг тасалдуулахгүй иргэдэд хүргэх; цар тахлын нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсэн. Улсын төсвөөс эдгээр арга хэмжээнд шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, нэн ялангуяа “өндөр эрсдэлтэй” бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гадны нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа гэв. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа аж.

Иймд цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжих зорилгоор “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт нэмэлт, өөрчлөлт” оруулах шаардлагатай талаар Б.Жавхлан сайд танилцууллаа. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; цар тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэпжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахаар танилцуулсан.

Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300.0 сая ам.доллар баталж, үүнээс 100 сая ам.долларын төсвийн дэмжлэгийн хөтөлбөр, цар тахлын нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмжийг худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг тус тус батлуулан хзрэгжүүлж байгаа юм байна. Үлдсэн эх үүсвэрээр “КОВИД-19-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл” болон төсвийн дэмжлэгийн хөтөлбөр болох “Эрүүл мэндийн аюулгуй байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх юм.

Хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг батлуулснаар 170.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг ашиглах боломж бүрдэнэ хэмээн Сангийн сайд танилцуулсан.

Хөтөлбөрийг хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь 2 хувь гэлээ. Харин энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний гурван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх ба зээлийн хүү нь зургаан сарын Лондонгийн банк хоорондын зах зээлийн хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байна гэлээ.

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал төслийг дэмжиж буйгаа илэрхийлж, үг хэлэв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

QR код болон ажлын үнэмлэхээ үзүүлэн тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд иргэдээс нийт 2064 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 1.46 минут, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.17 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 69 иргэн хандсанаас 29 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 40 иргэнд оператор ажилтан мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 1883 буюу 91.2 хувийг үйл ажиллагаа нь зөвшөөрөгдсөн байгууллагууд, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн машинууд замын хөдөлгөөнд оролцох QR код хэрхэн авах тухай дуудлага эзэлж байна.

Улсын Онцгой комиссоос байгуулсан Ажлын хэсэг замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно.

Зөвшөөрөл нь давтагдашгүй дугаар бүхий код /QR/ байна. Зөвшөөрөл авах хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ. Хүсэлтийн хамт зөвшөөрөл авах үндэслэл, шалтгаан, хөдөлгөөнд оролцох хугацаа, тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар ажилтан албан хаагчдын регистрийн дугаарыг ирүүлнэ.

Иргэн, байгууллага системд бүртгэгдэж, олгосон зөвшөөрлийг www.smartcar.mn цахим хуудаснаас хэвлэн авч, тээврийн хэрэгслийн урд, салхины шилний баруун доор жолоочийн харагдах байдалд нөлөөлөхгүйгээр байрлуулан, ажлын үнэмлэхээ үзүүлж, хөдөлгөөнд оролцоно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗГ: “Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг батлав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Таван толгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг батлав.
Тогтоолд Таван толгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төслүүд, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг тус тус техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлж, гүйцэтгэлийг эрчимжүүлэхийг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Тавантолгойн ордын нүүрсийг нэмүү өртөг шингээн баяжуулж, эрдэс баялгийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх замаар ордын үнэ цэнийг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татвар хураамж орлогыг нэмэгдүүлэхэд энэхүү үйлдвэрийг ашиглалтад оруулах нь чухал юм.
Таван толгой нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ сард хэлэлцэн баталсан бөгөөд энэ оны долоодугаар сард багтаан төслийн урьдчилсан зураг төслийг хийж дуусгахаар төлөвлөжээ.
Тус нүүрс баяжуулах үйлдвэр нь тус бүр 10 сая тн/жил хүчин чадал бүхий 3 блокоос бүрдэх бөгөөд үйлдвэрийн бүрэн хүчин чадал нь 30 сая тн/жил байх юм. Төслийн нийт өртөг 911.53 сая ам.доллар, хөрөнгө оруулалтаа 7 жилийн дотор нөхөх өндөр үр өгөөжтэй гэж үзэж буй. Үйлдвэрт Тавантолгойн ордын коксжих, сул коксжих нүүрсийг баяжуулж, хатуу коксжих нүүрсний баяжмал, хагас зөөлөн коксжих нүүрсний баяжмал, мидлингийг гаргаж, дэлхийн зах зээлд нийлүүлнэ.
Нүүрс баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.долларыг төвлөрүүлэх боломжтой аж.
Товчоор
– “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Сангийн сайд танилцуулав. Хөтөлбөрийн хүрээнд нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэх бөгөөд үүнээс 25 арга хэмжээг энэ онд, 3 арга хэмжээг 2021-2022 онд, 17 арга хэмжээг 2021-2024 онд, 11 арга хэмжээг халдвар тархалтын шаталсан түвшин, нөхцөл байдлаас хамаарч тухай бүр хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд энэ сарын 26-ны өдрийн байдлаар 604.2 тэрбум төгрөгийг 8,784 зээлдэгчид олгоод байна.
– Коронавируст халдвар/КОВИД-19/-ын талаар хийж буй судалгааны төслийн ажлын талаар Эрүүл мэндийн сайд танилцуулав. Энэ чиглэлээр 2020-2021 онд нийт 14 судалгаа хийж байна.
– Жендерийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус хороонд зарим холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг нэмэв. Мөн Жендерийн Үндэсний хорооны дэргэд жендерийн эрх тэгш байдлыг хангах хөгжлийн бодлогын үйл ажиллаагаг тодорхойлох, хэрэгжүүлэхэд стратегийн дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэгтэй Бодлогын зөвлөл ажиллах болсон юм