Categories
мэдээ нийгэм

“Цагаан уул” дурсгалын зоос олон улсын шагнал авчээ

ОХУ-ын “Russian Coin Constellation” 14 дэх удаагийн “Шилдэг Зоос” шалгаруулах уралдаанд улс орнуудын төв банк, зоос үйлдвэрлэгчид нийт 9 төрөлд өрсөлдлөө. Дэлхийн томоохон нэр хүнд бүхий “Шилдэг зоос” шалгаруулалтад нийт 17 орноос 26 оролцогч 2019 онд үйлдвэрлэгдсэн 200 гаруй дурсгалын зоос ирүүлжээ.

Уг шалгаруулалтад Монгол улсын “Цагаал уул” франчайз дурсгалын зоос “Шилдэг уран сайхан” төрөлд III байрт шалгарлаа. Тус зоос нь 33 мм диаметртэй, 31,1 гр жинтэй юм.

Мөн 13 дахь удаагийн “Russian Coin Constellation” 2019 оны “Шилдэг зоос” шалгаруулах уралдаанаас Монгол улсын Эрт галавын үеийн араатан цувралын “Вилокираптор” франчайз зоос “Шилдэг технологи” төрөлд III байр эзэлж байжээ. Энэхүү дурсгалын зоос нь Эрт галавын үеийн араатаны цувралын хамгийн анхны франчайз зоос бөгөөд 65 мм диаметртэй, 93,3 гр жинтэй юм.

Мөн үүнээс өмнө 2007 онд үйлдвэрлэсэн “Нохой зээх” цэвэр мөнгөн зоос 2009 оны Берлиний Дэлхийн мөнгөний үзэсгэлэн “Krause Publications”-аас “Оны шилдэг зоос” (Coin of the year), “Оны шилдэг мөнгөн зоос” (Best silver coin of the year) шагналуудыг, 2011 онд үйлдвэрлэсэн “Хувь ууль” цэвэр мөнгөн зоос 2012 онд Москвад болсон Олон улсын дурсгалын зоосны 6-р уралдаанаас “Оны шилдэг мөнгөн зоос” (Silver coin of the year)-ын төрөлд 3-р байр, 2013 оны Берлиний Дэлхийн мөнгөний үзэсгэлэн “Krause Publications”-аас “Хамгийн алдартай зоос” (Most popular coin) шагналыг, 2012 онд үйлдвэрлэсэн “Чоно” мөнгөн зоос 2014 онд Москвад болсон Олон улсын дурсгалын зоосны 8-р уралдаанаас “Оны шилдэг зоос” (Coin of the year), “Шилдэг технологи” (Original technology), 2014 онд Испаний эзэн хааны зоосны үйлдвэрээс “Дэлхийн шилдэг зоос” (The best coin of world – World Most Original Format Coin), 2015 оны Берлиний Дэлхийн мөнгөний үзэсгэлэн “Krause Publications”-аас “Хамгийн шинэлэг зоос” (Most innovative coin) шагналыг тус тус хүртэж байв.

Categories
мэдээ цаг-үе

Халдвар идэвхтэй байгаа голомтууд

Улаанбаатарт өнөөдөр 38 тохиолдол шинээр илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, ажиглан тусгаарлах байранд байсан. Мөн өчигдрийн батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байна.

Сүүлийн үед маш олон халдварын тохиолдол илэрч байгаа учраас хавьтлуудын тоо өндөр байна.

Идэвхтэй голомтуудыг танилцуулвал,

-“Монгол шир” үйлдвэрийн 18 хүн дээр нэмж 7 тохиолдол илэрсэн. Нийт 25 тохиолдол болсон.

-Х апартмент хотхон нийт 13 тохиолдол болсон.

-ББСБ-ын буюу Жи би плазагийн голомт 40 болсон.

-Сүхбаатар дүүргийн Бэлхийн гутлын цехийн голомтоос 26 тохиолдол болсон.

-СХД-ийн Худалдааны төвийн голомт 17 болсон.

-Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийтийн байруудад халдварын голомт бас идэвхтэй байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаан буудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжаалдаг болно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат нар Монголын тариаланчдын үндэсний холбоо /МТҮХ/-ны төлөөлөлтэй уулзлаа.

МТҮХ-ноос газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг хэд хэдэн чилэлээр салбарын сайдад хамтран ажиллах хүсэлтээ уламжилж, бодлогын дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Салбарын сайдын зүгээс тариаланчдад тулгарч байгаа гол асуудлуудад анхаарахын зэрэгцээ улаан буудайн арилжааг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан зохион байгуулахыг онцлон тэмдэглэлээ. Биржээр дамжуулж улаан буудайн арилжаа явагдсанаар тариаланч өөрөө үнээ тогтоох боломж бүрдэх юм. Түүнчлэн чанарын шаардлага хангасан улаан буудай нийлүүлэхийн тулд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн элеваторыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж, энэ чиглэлд цогц шийдэл гарган ажиллах нь чухал болохыг мөн онцоллоо.

Тариалан эрхлэлттэй холбоотой бас нэгэн чухал асуудал болох хөрс, үрийн асуудалд анхаарч хөрсний үржил шимийг сайжруулах, хөдөө аж ахуйн техникийн элэгдэл тооцох хугацааг багасгах, хүнсний агуулах ложистикийн сүлжээ байгуулах төслийн ажлыг хурдасгах, Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрээр тариаланчдад олгож буй зээлийн хугацааг сунгах зэрэг арга хэмжээг бодлогоор дэмжин, цаашид Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

Цар тахлын үед эдийн засгийг дэмжсэн арга хэмжээг хэрэгжүүлэхэд санал нэгдлээ

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Чай Вэньруйг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Элчин сайд Чай Вэньруй хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, иж бүрэн стратегийн харилцааг гүнзгийрүүлж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа баяжин хөгжиж байгааг Шадар сайд С.Амарсайхан тодотгон хэлэв.

Ковидын цар тахлын эрсдэлтэй цаг үед эдийн засгийг дэмжсэн бодлого баримталж, хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй 800 айлын орон сууц хөтөлбөр, Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг зогсоохгүй тал дээр онцгой анхаарч ажиллахаа тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Эдийн засгийг сэргээх зорилтын хүрээнд уул уурхай, мах махан экспортыг нэмэгдүүлэх, хилийн боомтоор дамжих тээвэрлэлтийн хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр хоёр улсын Засгийн газар ариутгал халдваргүйжүүлэлтийн горимд нийцүүлэн ажиллах нэгдмэл байр суурьтай байгаагаа талууд илэрхийлж байв.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Болор-Эрдэнэ: IT компаниуд төртэй хамтрахгүй гэж зугтаахаа болиод хамтарч ажиллая

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзлаа. Энэ үеэр IT компаниудын төлөөллүүд start-up компани бий болж хөгжин, гадаадын зах зээлд гарахад хамгийн их саад болж буй зүйл нь төр болон төртэй холбоотой тендерээр завшдаг компаниуд гэж саналаа хуваалцав.

Харин Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Хувийн байгууллагууд өөрсдөө төрийг гаднаас нь шүүмжилж, төртэй хамтрахгүй гэж зугтаахаа больё. Засгийн газар өнөөдрөөс эхлэн 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулна. Төрийн албан хаагчийн ажлыг 20-35 хувиар багасгана. Төрийн албан хаагч болон иргэдийг цахим системтэй харьцахад нь туслах E-Mongolia Academy-г байгуулна” хэмээв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

БНСУ руу нэмэлт нислэг үйлдэнэ

Гадаад харилцааны яамнаас тавьсан хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын шийдвэрээр БНСУ руу 2021 оны 02 дугаар сарын 19-нд тусгай үүргийн нэмэлт нэг нислэг хийхээр боллоо. Тус нислэгээр зөвхөн БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 250 иргэнийг татан авна.

Ингэснээр хоёрдугаар сард нийт таван удаагийн нислэгээр гадаадаас 1,070 орчим иргэн эх орондоо ирэх юм.

2021 оны хоёрдугаар сарын 03-ны өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын хэлтэст нийт 4,932 иргэн эх орондоо буцахаар өргөдөл гаргасан байна. Эдгээр иргэдийн:

  • 51 буюу 1.0 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/,
  • 365 буюу 7.3 хувийг 0-18 насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 58 буюу 1.2 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/,
  • 88 буюу 1.8 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 6 буюу 0.1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/,
  • 4,364 буюу 88.5 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн эзэлж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гал түймрийн аюулаас 90 иргэний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 428 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 90 иргэний амь насыг авран хамгааллаа.

Тухайлбал, өчигдөр буюу 04-ний 16:08 цагт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо “Богд-Ар” хорооллын 11/А байрны 8 дугаар давхраас утаа гарч байна гэсэн дуудлагаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид ажиллан, гал түймрийн голомтоос 12 хүүхэд, утаажилтын бүсээс 54 иргэнийг аюулгүй газарт гаргаж, нийт 66 иргэний амь насыг нь авран хамгааллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Ганхуяг: Бидний мөнгийг банкинд байршуулж “ашиг хүртдэг” дарга нар тэтгэврийн шинэчлэл хийлгэх дургүй байна

Тэтгэврийн шинэчлэл тойрсон сэдвээр “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.


-Энэ оноос Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулах зорилгоор шимтгэлийг нэмэхээр болсонд иргэд бухимдалтай байна.Өнөөгийн тэтгэврийн тогтолцоон дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Тэтгэврийн шинэчлэл хийх ёстой гээд би 2010 онд Сангийн дэд сайдаар очих үедээ өөрийн хүслээр энэ асуудлыг тохирч очсон шүү дээ.

Бид насан туршдаа ажиллаж, шимтгэл төлчихөөд тэтгэвэрт гарахад улс биднийг ангалаас түлхэн унагаж байна. Тэтгэвэрт гарахад цалингаасаа 3-5 дахин бага мөнгөөр амьдар гээд зөнд нь хаячихдаг. Үүнийг би Сангийн дэд сайд болсноос эхлээд 10 гаруй жил ярьж байна. Түүнээс өмнө 2007 онд “Монголын тэтгэврийн нэгдсэн сан” гээд Монголын анхны сайн дурын, иргэний хуулиар, гэрээний үндсэн дээр эвлэлдэн нэгдээд өөрсдөө хөрөнгө оруулалт хийх зорилгоор мөнгөө нийлүүлдэг зүйлийг “Хас” банкинд байхдаа хийсэн юм. Тэр нь одоо “Ард лайф” гээд явж байгаа.

Энэ жилээс эхлээд нийгмийн даатгалын шимтгэлийг гурван хувиар нэмэгдүүлж байгаа явдал чинь ОУВС-гийн нөхцөлөөр Б.Чойжилсүрэн сайд байхдаа хийсэн хууль юм.

Яг одоо бол Онцгой байдлын тухай хуулийн дагуу гурван хувиар нэмэгдээгүй. Ковидын нөхцөл байдалтай уялдсан алхам юм. Ерөнхийдөө би Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгчийн хувиар, “Ард санхүүгийн нэгдэл” гэж ажил олгогчийн хувиар үүн дээр ямар байр суурьтай байна гэвэл хууль нь буруу гэж үзэж байна.

Нөгөө талаас монгол эрэгтэй хүн дунджаар 67-68 насалдаг байхад тэтгэвэрт гарах насыг 65 гэж нэмэгдүүлэх нь буруу гэсэн байр суурьтай байгаа.

-Нэг сая төгрөгийн цалинтай байлаа гэхэд энэ дүнгээс шимтгэл тооцож 35-40 жил ажиллахад 144 сая төгрөг, банкны хадгаламжийн хүүгээр тооцвол бараг 500 сая төгрөг болж байна. Гэвч монгол хүний дундаж наслалтаар тооцвол тэтгэвэрт гараад энэ мөнгөнөөсөө ганц, хоёр жил авах, 65 хүрэлгүй нас барвал улсын орлого болж байна гэсэн энгийн тооцооллыг та гаргасан байсан. Харамсалтай дүр зураг юм?

-Энэ бол бодитой тоо. Бидний өмнө нь ярьж байсан тэтгэврийн шинэчлэл хэмээх хөдөлгөөнийг манай компани манлайлаад явж байна. Бодит байдал дээр бидний нийгмийн даатгалын шитмтгэлээр төлж байгаа мөнгийг өнөөдөр тэтгэвэрт байгаа хүмүүс хувааж өгөөд, нэмээд улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө гаргаж байна. Үүнд хүмүүс дургүйцээд байгааюм. Би өнөөдөр мөнгө төлж байгаа бол миний төлөө хадгалагдаад явах ёстой. Мэдээж одоо тэтгэвэр авч байгаа 300 гаруй мянган ахмад настан байна. Тэдний мөнгийг хаанаас олох вэ гэдэг асуудал үүсдэг. Иймээс урд хормойгоо хойд хормойгоороо нөхөөд яваад байдаг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Надад төлөвлөгөө бий. Тооцооллыг нь гаргаад маш дээрээс танилцуулсан. Гэвч нөхөд маань тэрийг сонсохгүй, ойлгохгүй байгаа учир нийгэм бухимдаж эхэлж байна.

-Нийгмийн даатгалын сан жил бүр 500 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг. Үүнийг улсын төсвөөс нөхөж тавьдаг асуудал явсаар байна. Энэ сан өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадахгүй нөхцөл байдал руу ороход юу нөлөөлсөн бэ?

-Нэг сая хүн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэдэг. Тэд 20 хувийг төллөө гэхэд хоёр их наяд төгрөг болж байна. Тэр мөнгө 300 гаруй мянган хүний тэтгэвэрт хуваарилагдаж байгаа юм. Гэхдээ ахмадууд дунджаар сарын 400 мянган төгрөг гар дээр авдаг гэвэл энэ мөнгө нь хүрдэггүй. Тиймээс татаасыг нь улсын төсвөөс өгдөг. Үүнийгээ яриад байгаа юм. Хоёрдугаарт, асуудал юу байна гэвэл бидний шимтгэлд төлж байгаа энэ мөнгийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Сангийн яам нийлж байгаад банкуудад байршуулчихдаг. Банкууд мөнгийг нь өндөр хүүтэй авна гэж хэлээд дундуур нь дарга нарын “гарыг цайлгачихдаг”. Ингээд муу банкуудад аваачиж байршуулаад зарим нь дампуурчихаар цоорхойнууд үүсээд байдаг. Энэ мөнгийг байршуулж дундаас нь ашиг цохидог дарга нарын арми үүсчихсэн. Тэд тэтгэврийн шинэчлэл хийлгэх дургүй. Мөнгө, эрх мэдэл надад байх ёстой гэж үздэг. Тэрийг нь бид аваад хувийн тэтгэврийн санд хийчихвэл дарга нар баян амьдрах боломжгүй болчихно шүү дээ.Ийм л асуудал байгаа.

-Манайд хүн амын цонхны үе тохиож байгаа. Тиймээс ажиллах хүн олон, тэтгэврийн насныхан цөөн байна. Гэхдээ энэ харьцаа цаашид өөрчлөгдөнө. Үүнээс урьтаж тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой байх?

-Одоо Японд тийм байна. Хөгшид нь өсөөд, төрөлт багасаад залуучууд нь цөөрөөд байдаг. Манай улсын хувьд нэг сая хүн ажиллаад ч 300 мянган хүний тэтгэврийг тавьж чадахгүй байна шүү дээ. Удахгүй 300 мянган хүн ажиллаад нэг сая хүн тэтгэвэрт гарах харьцаа руу явна. Тэгвэл бид сүйрнэ. Хүн ам маань хөгшрөөд, урт наслаад байгаа. Нөгөө талд төрөлт цөөрнө. Тэгэхээр 20-30 жилийн дараа ийм үзэгдэл бий болно. Тэгэхээр ирээдүйгээ одооноос хамгаалъя гэж уриалаад байна.

-Тэтгэврийн шинэчлэл хийх таны хувилбар юу вэ?

-Үүнийг хийхийн тулд бидэнд өгөх 15 их наяд төгрөгийн өр байгаа юм. Би 25-26 жил даатгал төлөөд ажиллачихлаа. Энэ мөнгө тэтгэвэр авч байгаа хүмүүст очоод надад юу үлдэхгүй байна. Тэгэхээр улс энэ өрөө төлчих хэрэгтэй. Тэрийг төлөх мөнгө байхгүй гэдэг. Тэгсэн атал нөгөө талд Баялгийн сан байгуулна гэж яриад байна. Тэгвэл Баялгийн сангаа Тэтгэврийн сан болгоод хувиргачих гэж байгаа юм. Төрд 100 гаруй компани байна шүү дээ. Энэ компаниудаа тэтгэврийн сан гээд нэрлэчих. Тэгээд өргүй болчихъё. Тэр компаниуд хувьцаагаа гаргана, ашиг нь хуримтлагдана. Тэтгэврийг эндээс тавьдаг болъё гэж байгаа юм. Энгийн л асуудал. Энэ бол миний Монгол Улсынхаа төлөө хийж байгаа хувь нэмэр. Надад Чингисийн одон авч өгвөл өгөөрэй. Нобелийн шагналд тодорхойлж ч болно. Яагаад гэвэл энэ шагналыг өгсөн ч надад багадна. Учир нь Оюу толгой, Таван толгой болон “Эрдэнэт” зэрэг улстай холбогдох бүх компани нь Баялгийн санд орчих учир бид хэрэлдэхээ болиод ирээдүй баталгаажина. Улс бидэнд өргүй болж төсвөөс татаас өгдөг бус харин ч улсын төсөв мөнгөтэй болно. Энэ компаниуд татвар сайн төлдөг болно. Дарга нар дээрээ улс төр хийж хэрэлдэхээ болиод,Тэтгэврийн сангийн захирал болохын төлөө өрсөлдөнө. Маш олон асуудлыг шийднэ.

Г.БАТ

Categories
мэдээ цаг-үе

Л.Оюун-Эрдэнэ: Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт карт, түүн дээр гараар бичдэг байдлыг халах ёстой

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарынхантай уулзаж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ 223 сум дижитал дэд бүтцэд холбогдсон. Гэхдээ зөөлөн дэд бүтцийг анхаарах шаардлагатай. КОВИД-19-ийн дараа хамгийн том тэсрэлт хийх салбар бол аялал жуулчлал. Тиймээс бид аялал жуулчлалын системийг цахимжуулах хэрэгтэй. Өнөөдрөөс эхлэн 100 хоногт багтаан төрийн 592 үйлчилгээг цахимжуулна. Төрийн албан хаагчийн ажлыг 20-35 хувиар багасгана. Төрийн албан хаагч болон иргэдийг цахим системтэй харьцахад нь туслах E-Mongolia Academy-г байгуулна” гэлээ.

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ “Салангид байгаа системүүдийг холбож байж цахим үндэстэн болно. Улсаараа өөрчлөх зорилтын төлөө хамтдаа алхах ёстой. Тухайлбал, эрүүл мэндийн салбарыг холбоно. Эрүүл мэндийн салбарт байгаа уламжлалт карт, түүн дээр гараар бичдэг байдлыг халах ёстой. Цахимаар дугаараа авдаг, бүх оношилгоо нь гадаадын аль нэг эмнэлэгт очиход хүчин төгөлдөр, Нэгдүгээр эмнэлэгт өгсөн шинжилгээ, оношилгоо нь Гуравдугаар эмнэлэгт ч хүчин төгөлдөх байх ёстой юм. Газрын харилцааг ч мөн цахимд холбоно. Гэрчилгээг цаасаар биш цахимаар, баганан кодоор олгох ёстой.

Гааль, шүүх, татвар цахимжсан. Үүнд Сангийн яамныхан сайн ажилласан. Улсын бүртгэлийг цахимжих хэрэгтэй. Яваандаа сонгуулийг цахимаар өгдөг, тухайн хүн өөрийгөө таниулж чадвал дуртай бүртгэл дээрээ цаг алдалгүй авдаг байх учиртай. Та шаардлагуудыг хангаж чадвал цагийн дотор хүссэн компаниа байгуулах боломжтой болно.

Зам тээвэр цахимжих ёстой. Баянзүрхийн товчоогоор гарахад модоор мөнгө авдгаа болих хэрэгтэй. Тэр нь түгжрэл үүсгэдэг. Мөнгө нь төрд эсвэл хувьд нь ордог нь ч тодорхойгүй. Шууд камераар уншаад гарах ёстой. Улаанбаатарт орон нутгийн дугаартай хэдэн машин явж байна, хэд нь нийслэлийн машин бэ, хэд нь хотын төвөөр хөдөлгөөнд оролцдог, хэд нь зах, худалдааны төвийн орчимд түгжирж байна вэ гэх мэтчилэнгээр их өгөгдлийг цуглуулж, түүнийг боловсруулж байж шийдэл гаргана.

Цахим байгаагүй нөхцөлд иргэний үнэмлэх захиалахад 1 цаг 55 минутыг зарцуулна. Харин цахим байгаа нөхцөлд 5 минут л зарцуулна. Цахим үндэстэн болохын тулд гурван жилийн турш тасралтгүй ажиллах хэрэгтэй. Цахим шилжилт туйлын чухал тул Цахим хөгжлийн яам байгуулах хэрэгтэй. Цахим хөгжил нь нэг салбар бус бүх салбарын асуудал.

Хаврын чуулганаар “Хувь хүний өгөгдөл аюулгүй байдлын тухай хууль”-ийг өргөн барьж батална. Цахим шилжилтэд манлайлж оролцсон банк, үүрэн телефоны операторуудад баярлалаа” гэв.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

М.Оюунчимэг: Нийгмийн даатгалын сан 2.7 их наяд төгрөгийн орлоготой хэрнээ 3.7 их наяд төгрөгийн зарлагатай ажиллаж байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Намрын ээлжит чуулган завсарлалаа. Өнгөрсөн хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо голлох ямар хуулийн төсөл дээр ажиллав?

-2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Нийгмийн бодлогын байнгын хороо УИХ-ын тухай хуульд заасан эрхлэх асуудлынхаа хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийн төсөл, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төсөл, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг хэлэлцэж эхлэн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Харьяа байгууллагууд болох Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Хүний эрхийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хуулийн биелэлтийг хэлэлцлээ. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Хөнгөлөлттэй эмийг гэртээ ойр байрлах бүх эмийн сангаас авах боломжийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр 141 нэр төрлийн 541 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан.

Манай байнгын хорооноос ажлын хэсэг гарч 2020 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Хөнгөлөлттэй эмийг бүх эмийн сангаар олгож эхлэхтэй холбоотойгоор иргэдэд тулгарч буй асуудлуудыг хянан шалгах, шийдвэрлэх зорилгоор эрүүл мэндийн төв, өрхийн эмнэлэг, эмийн сан дээр ажиллаж энэ дагуу холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгч шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Өргөн хэрэглээтэй нийлмэл найрлагатай бүх төрлийн эмийг 70 хувиар хөнгөлсөн. Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад ороогүй байсан зарим шаардлагатай эмийг орууллаа. Эмийн агентлаг бий болсонтой холбогдуулан эрүүл мэндийн даатгалын ажилтны тоог 50-105 болгон нэмэгдүүллээ. 2021 оноос хэрэгжих Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих эрүүл мэндийн үйлчилгээ нэг худалдан авалтын тогтолцоонд шилжих бэлтгэл ажлыг хангах, олон улсын чанарын хяналтын Up to date платформыг нэвтрүүлэх зэрэг үүрэг чиглэл өгсний дагуу энэ платформ Эрүүл мэндийн салбарт нэвтэрлээ. Ковид цар тахлын үеэр иргэд заавал нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэлгүйгээр өмнөх оношийн дагуу бичигдсэн картаа үзүүлэн хөнгөлөлттэй эмээ бичүүлэн авах нөхцөлийг бүрдүүлсэн.

-Эрүүл мэндийн даатгалтай иргэн даатгалын сантай гэрээтэй аль ч эмч, эмнэлэгт бүх төрлийн тусламж үйлчилгээг сонгон авах эрхтэй болсон. Одоогоор эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хууль ямар шатандаа явж байна вэ?

-Эмнэлгүүд чанар, эмчилгээ, үйлчилгээгээрээ өрсөлддөг болж хүнээ дагасан эрүүл мэндийн тогтолцоо бүрдэж эхэллээ. Даатгалын сантай гэрээ байгуулсан улс, хувийн бүх эмнэлэг ижил тариф даатгалаар үйлчлэх тул улсын эмнэлгийн ачаалал, дараалал, хүнд суртал эрс буурна. Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүний тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ хуулийн төсөл батлагдсанаар эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүний нэгдсэн зохицуулалт, хяналттай болж чанартай, баталгаатай, аюулгүй, боломжит үнэ өртөг бүхий эмээр ард иргэддээ үйлчлэх боломж бүрдэнэ. Ерөнхийдөө замбараагүй эмийн импорт, хяналтгүй үнийн зохицуулалтыг шийдвэрлэнэ. Манай эмийн зах зээлд нийт 500 тэрбум төгрөг эргэлддэг. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хийсэн судалгаагаар манай улсын зах зээл дэх эмийн 4,6 хувь нь бүртгэлгүй, 10,1 хувь нь стандартын бус, Олон улсын эмийн үнэ судлах аргачлалаар өргөн хэрэглээний 55 эмийн үнийг олон улсын жишиг үнэтэй харьцуулан судлахад 3-5 дахин өндөр үнэтэй байна.

-Хөдөлмөрийн тухай хуулийн талаар асуухад хөдөлмөрийн зах зээлд цоо шинэ харилцаануудыг энэ хуульд тусгаж байгаа гэсэн үү?

-Парламент дамжин хэлэлцэгдэж байгаа Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэж эхэллээ. Нийгэм эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарч, техник технологи хөгжихтэй зэрэгцээд хөдөлмөрийн зах зээлд цоо шинэ харилцаанууд бий болсныг энэхүү хуулиар зохицуулж байгаа юм. Шинэчилсэн найруулгад хуулийн суурь зарчмууд болох үл ялгаварлан гадуурхах, шударга байх, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, нийгмийн түншлэлийг хангах 1999 оны хуулиар гэрээ байгуулсан бол хөдөлмөрийн харилцаа үүсч хуулийн хамгаалалтад ордог байсан. Шинэчилсэн найруулгын төслөөр ажиллаж эхэлсэн л бол хөдөлмөрийн харилцаа үүссэн хэмээн тооцож байгаа юм. Хагас цагийн ажил эрхлэлт, гэрээсээ ажил эрхлэх, алсын зайн ажил эрхлэлт, хуулиар зохицуулагдаагүй байсан туслах малчин, гэрийн үйлчлэгч зэрэг хөдөлмөрийн харилцааг зохицуулна. 1999 оны хуулиар уул уурхайн салбарт чиглэсэн тодорхой зохицуулалт байхгүй байсан. Тухайлбал, Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацааг 14 хоног, амрах хугацааг 14 хоног болгож төсөлд тусгагдаад явж байгаа. Гэхдээ салбарын яамнаас эдийн засгаа дэмжих үүднээс энэ асуудлыг эргэж харж, тоог нь нягталж үзэхийг хүссэн. Дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах, туршилтаар ажиллуулахыг хуульчиллаа. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү хууль батлагдсанаар Монгол Улсаас гадаад улс, Гадаад улсаас Монгол Улс руу чиглэсэн ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний харилцаанд, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шилжилт хөдөлгөөний удирдлага зохион байгуулалтыг үндэсний хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлд тулгуурлан, нэгдмэл байдлаар зохицуулна. Цаашид эмнэлгийн санхүүжилт, төсвийн хуваарилалтын асуудалд анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг харгалзан Нийгмийн бодлогын байнгын хороо чуулганы завсарлагааны үеэр ажлын хэсэг гарган ажиллах болно. Байнгын хорооноос гаргасан хууль тогтоомжийг хөрсөн дээр нь буулгаж иргэдэд чирэгдэл багатайгаар, ажил хэрэгчээр хэрэгжүүлж ажиллахыг Байнгын хороны даргын хувьд чухалчилж байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар хоёр хувиар нэмсэн. Үүнд иргэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Нөгөөтэйгүүр хоёр хувиар нэмэхгүй байснаар НДС-д хэр их хохирол хүлээх вэ. Одоогийн нөхцөл байдал маш хүнд байгаа талаар салбарын хүмүүс хэлдэг шүү дээ?

-Цар тахлын үед нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмсэн зүйл байхгүй. Манай улс ОУВС-гийн хөтөлбөрт орох үед танай улсын нийгмийн даатгалын сан алдагдалтай байна. Энэ чигээрээ явах нь эргээд Нийгмийн даатгалын сандаа хүнд цохилт болно. Тиймээс алдагдлыг бууруулах чиглэлийг бидэнд өгсөн. Жишээлбэл, 2007 онд 26 хувьтай байсан бол 2017 онд 21-23 болж бууруулсан. Энэ хэмжээгээр нийгмийн даатгалын сан алдагдал хүлээж байсан. Тиймээс 2017 оны дөрөвдүгээр сард нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Энэ өөрчлөлтөөр сар бүр 0.5-1 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. 2018 онд нэг, 2019 онд 0.5, 2020 онд нэг хувиар нэмэгдүүлэхээр өөрчлөлт орсон байсан. 2018 онд цар тахал гараагүй, эдийн засаг одоогийнхтой харьцуулахад гайгүй байсан. 2018, 2019 онд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн. Харин 2020 оны нийгмийн даатгалын шимтгэлийн төсөвт Ерөнхийлөгч хориг тавьж, УИХ ч хүлээн авч 2020 онд нэг хувь нэмэгдэх шимтгэлийг нэг жилээр хойшлуулсан. Учир нь ажил олгогч, ажилтан цар тахалтай хүнд үед 2020 оны нэмэгдлийг хойшлуулсан. Ингээд хориг 2021 онд дууссан учраас энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлээд 2020 онд нэмэгдүүлэх ёстой нэг хувийн нэмэгдэл үйлчилж эхэлсэн. Тиймээс энэ онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмлээ гэсэн буруу ойлголт зарим иргэд, аж ахуй нэгжийнхэн дунд яваад байх шиг байна. Тиймээс манай байнгын хорооноос Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас энэ тухай мэдээллээ иргэдэд бодитойгоор өгөхийг зөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сан 2.7 их наяд төгрөгийн орлоготой хэрнээ 3.7 их наяд төгрөгийн зарлагатай ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, орлого нь зарлагаасаа давсан учраас алдагдлаа тодорхой хэмжээгээр бууруулах арга хэмжээ авахгүй бол тогтолцоо өөрөө гажуудалд орчих гээд байгаа юм. Хэрвээ тэгвэл тэтгэвэр, тэтгэмжээ цаг хугацаандаа тавьж чадахгүй эрсдэл үүрэх магадлал өндөр байгаа учраас олон улсын санхүүгийн байгууллагуудаас ийм чиглэл өгч байгаа юм. Гэхдээ цар тахлын хүнд үед хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ажил 2020 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа шүү дээ. 2020 оны арванхоёрдугаар сарын байдлаар 38.4 мянган ажил олгогчийн 410 мянган даатгуулагч, 161 мянган сайн дурын даатгуулагчийн 672 мянган тэрбум төгрөгийг чөлөөлсөн. Энэ нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн чөлөөлөлт орсон. Харин төрөөс санхүүждэг байгууллагуудад үйлчлэхгүй. Мөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг долдугаар сарын 1-н хүртэл хойшлуулсан. Одоогоор бол иргэд, аж ахуйн нэгжүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт ачаалал болж очоогүй байна.

-Ерөнхийлөгч өрх бүрт нэг сая төгрөг олгох санаачилга гаргасан. Энэ хүрээндээ ч УИХ ээлжит бусаар хуралдаж энэ талаар хэлэлцэх санал гаргалаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Олон нийтийн зүгээс бэлэн мөнгө өгөх нь инфляци, үнийн хөөрөгдөлд сөргөөр нөлөөлөх талтайг анхааруулж байгаа. Ер нь халамжаас илүү ажлын байрыг бий болгохыг иргэд хүсчбайна. Үүнд ч Байнгын хороо анхаарч ажиллаж байгаа. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1 хүртэл 0-18 настай хүүхдүүдэд сар бүр 100 мянган төгрөг олгохоор 830 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Энэ нь нийгмийн даатгалын санд ч, төсөвт ч асар их ачаалал өгөөд байгаа юм. Дээрээс нь халамж чиглэлээр олон арга хэмжээ авч байна. Тухайлбал, шахмал түлшний үнийг 70 хувиар бууруулсан, эрчим хүчний үнийг тэглэлээ. Энэ мэтээр төсөвт орох орлого эрс буурч байна шүү дээ. Ийм үед цаг хугацаандаа цалин хөлсөө яаж тавих вэ гэдэг асуудал үүсээд байна. Тиймээс энэ үед нэг сая төгрөгийг өрх бүрт өгөх нь амаргүй. Иймээс шинээр томилогдсон Сангийн сайдад энэ талаарх тооцоо судалгааг маш сайн хийсний дараа УИХ-д танилцуулах чиглэл өгсөн. Тиймээс Засгийн газраас тооцоо судалгаа гаргаж хэрвээ бололцоотой гэвэл Нийгмийн бодлогын байнгын хорооны даргын хувьд дэмжихэд бэлэн. Тооцоо судалгаа л хамгийн чухал. Ямар ч тооцоо судалгаа гараагүй байхад дэмжинэ, дэмжихгүй гэж хэлэхэд эрт байна.

Р.ХИШИГЖАРГАЛ