Categories
мэдээ цаг-үе

Япон улс Монголын Хараагүйчүүдийн холбоонд 247 сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа

Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөр”-ийн хүрээнд 91,898 ам.доллар буюу ойролцоогоор 247,200,000 төгрөг бүхий тоног төхөөрөмжийг өчигдөр /2021.02.04/ Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ-д хүлээлгэн өглөө.

Энэхүү үйл ажиллагаанд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки оролцлоо.

Тус төслийн хүрээнд Монголын Хараагүйчүүдийн холбоо ТББ-д брайл хэвлэлийн машин 5 ширхэг, брайл хэвлэлийн машины программ хангамж 5 ширхэг, брайл дэлгэц 8 ширхгийг тус тус хандивлалаа. Ингэснээр тус холбоогоор үйлчлүүлэгчдэг харааны бэрхшээлтэй иргэд болон Монгол Улсын боловсролын их сургуулийн харааны бэрхшээлтэй 30 орчим оюутнууд кирилл үсгийн хэвлэлийг унших боломж, нөхцөл сайжирч байгаа юм.

Энэ удаагийн буцалтгүй тусламжийн хүрээнд тус холбооны брайл хэвлэлийн чадамж 2 дахин нэмэгдэж, Монгол Улсын 11,800 харааны бэрхшээлтэй хүмүүс үр ашгийг нь хүртэх боломжтой болсон байна.


Япон улсын Засгийн газраас 1990 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр” нь хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд гардан хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан хэрэгжүүлдэг уг төслийн үр ашгийг иргэд шууд хүртэх давуу талтай бөгөөд Япон улсын дипломат төлөөлөгчийн газар санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд голлох үүргийг гүйцэтгэдэг.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн Адуун, Ходон нэртэй газарт үүрээр (2021.02.05) 3.5-3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Тодруулбал, Ханх сумын Хороо багийн Адуун гэдэг газар энэ сарын 5-ны өдрийн 04:46 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт, Ханх сумын Хороо багийн Ходон гэдэг газар энэ сарын 5-ны өдрийн 05:02 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй болохыг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийг Давж заалдах шатны шүүхэд буцаажээ

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох эрүүгийн хэргийн эцсийн шатны шүүх хуралдаан Улсын Дээд шүүхэд эхэлж, уг хэргийг давж заалдах шатны шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэжээ.

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаа нь Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас “Доктор МЭИК” компаниараа дамжуулан 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдоод байгаа билээ.

Улсын Дээд шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 1466 дугаар шийтгэл тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 1340 дүгээр магадлалтай Б.Ундармаад холбогдох 7 хавтас хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэх юм.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Ундармаагийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хорих ял оногдуулаад байсан юм. Харин нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Б.Ундармаагийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, мөн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ундармааг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 40,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан билээ.

Categories
мэдээ цаг-үе

Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүн амиа алджээ

Энэ сарын 1-нээс 4-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 817 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 633 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Энэ долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан 12 зөрчил бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 9 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирчээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

2021.02.04-ний 16:30 цагт Булган аймаг Худаг-Өндөр сум Уньт 3-р баг “Доош Хөшигт” гэх газар /аймгийн төвөөс хойш 115 км/ шороон замд улсын дугааргүй Хайрхан маркийн мотоцикл онхолдож, жолооч 19 настай, эрэгтэйн амь нас хохирчээ.

Нийт хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр –6
  • Мөргөлдөх хэлбэрээр-3
  • Онхолдох хэлбэрээр-1
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 178 зөрчил илрүүлсний 106 нийслэлд, 72 орон нутагт бүртгэгдэж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иймд иргэд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, мөн улирлын чанартай унаж ашигладаг тээврийн хэрэгсэл болох мотоциклыг хүйтний улиралд унаж ашиглахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

98 чиглэлд 948 автобус нийтийн тээвэрт үйлчилж байна

Өнөөдөр 98 чиглэлд 948 автобус, 305 такси нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд гарлаа. Өглөөний 06:00-10:00 цагийн хооронд нийт 48996 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ.

Нийтийн тээврийн автобусны ариутгал халдваргүйжүүлэлт, цахим картны хэрэглээнд хөдөлгөөнт болон суурин 14 байршилд хяналт тавин ажиллаж байна. Мөн 285 цэг дээр цахим карт цэнэглэж байгааг Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээллээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Categories
мэдээ цаг-үе

10989 хүнд тандалт, илрүүлгийн шинжилгээ хийжээ

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд 10989 хүнд коронавирусийн тандалт, илрүүлгийн шинжилгээ хийсэн байна.

Шинжилгээ авах 30 төв, тандалтын есөн багт нийт 391 хүн ажиллаж, дээрх шинжилгээг хийв. Өнгөрсөн хугацаанд нийслэлд нийт 749652 хүнийг тандалт, илрүүлгийн шинжилгээнд хамруулсан бөгөөд ПСР шинжилгээний тоо 676429, түргэвчилсэн 89566 байгаа юм.

Үүнээс батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тоо 4933, дам хавьтлын тоо 25511 хүн байна.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ цаг-үе

24 цагийн хугацаанд товчоодоор 6986 зорчигч нэвтэрлээ

Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 81 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд товчоодоор орсон 1527, гарсан 2035 нийт 3562 автомашин байгаа юм. Эдгээр тээврийн хэрэгслээр 6986 зорчигч нэвтэрсэн байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс хойш товчоод дээр нийт 234,581 автомашины 550,759 иргэнд эрүүл мэндийн хяналт хийлээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

DNN-Тодруулга: Говь-Алтай аймгийн иргэд нутагт нь Цагаан сарын барилдаан зохион байгуулахыг дэмжихгүй байна

Цар тахалтай холбогдуулан Сар шинийн бөхийн барилдааныг Улаанбаатар хотод зохион байгуулах боломжгүй гэж Улсын Онцгой комисс үзсэн. Харин МҮБХ-ноос Говь-Алтай аймагт зохион байгуулах саналыг хүргэж Нийслэлийн Онцгой комисс дэмжсэн юм.

Тиймээс “Dnn-Тодруулга” буланд Говь-Алтай аймгийн иргэдийн үзэл бодлыг сонслоо.


Говь-Алтай аймгийн “Оргил” багийн иргэн М.Оюунчимэг:

-Өвчний голомттой газраас бөөнөөрөө онгоцонд суугаад ирж барилдана гэнэ. Харин эцэг эх, өвөө, эмээ дээрээ машинтай очоод золгож олохгүй гэнэ. Энэ тэгээд зөв шийдвэр үү. Халууцаж, хөлөрсөн бөхчүүд хэдэн цагаар барилдана. Яагаад заавал Говь-Алтай аймгийг онцлох болов. Бөхийн холбооноос их л мөнгө гарч байгаа гэж бодож байна. Цагаан сарыг хийхгүй гэчихээд бөх барилдана гэж утгагүй зүйл ярих юм. Улсын Онцгой комисс нь нэг шийдвэр гаргахад түүний эсрэг шийдлийг Нийслэлийн Онцгой комисс гаргадаг. Жирийн иргэд нь эх орондоо ирж чадахгүй харийн нутагт гацчихаад байхад бөхчүүд нь энд онгоцоор явж барилдана гэдэг нь ямар учиртай юм бэ. Миний хувьд үүнийг эсэргүүцэж байгаа. Худал хуурмаг допингтой бөхчүүд л ирэх биз.

Говь-Алтай аймгийн “Жаргалант” багийн иргэн Н.Батцэнгэл:

-Зөв шийдвэр байна. Харин зохион байгуулалтын хувьд нарийн дэг журмыг баримтлах ёстой. Халдвар хамгааллын дэглэмийг сайн бариад явчихна. Үүнийгээ МҮБХ өөрөө хариуцна гэсэн. Үндэсний баяр учир аль ч үед тэмдэглэдэг байх ёстой болов уу. Ингэж байж бид бахархах өв соёлтой үлдэж цааш дэлгэрүүлэх болно. Ер нь нийслэлд барилдуулах ёсгүй шүү дээ. Жил болгон өөр өөр аймагт зохион байгуулж болмоор санагддаг.

Говь-Алтай аймгийн “Индэрт” багийн иргэн Д.Цэрэнбат:

-Заавал бөх барилдах хэрэгтэй байдаг юм уу даа. Голомттой бүсээс баахан хүн ирнэ. Бүхэл бүтэн нэг аймгийг эрсдэлд оруулан барилдаан зохион байгуулах ямар хэрэг байна. Бөхчүүд зүгээр сууж чадахгүй байгаа бол Цагаан сарын үеэр эргүүлд гар. Болсон болоогүй бүгд офицерууд юм байна лээ. Допингтой бөхөөр яахав дээ. Тэр мөнгө төгрөгөө хэмнээд өөр зүйлд зарцуулбал болно. Дэмий юм төлөвлөж аймгийн ард иргэдийг эрсдэлд оруулахаа болиорой. Амбиц хөөж нэр нөлөө олох дэмийгээс дэмий оролдлогууд энэ үед л лав биш шүү.

Говь-Алтай аймгийн “Түмэн” багийн иргэн Ц.Отгонбат:

-Бөхчүүдээс PCR шинжилгээ аваад манай аймагт барилдуулбал болмоор санагдсан. Монгол эрчүүдийн Цагаан сараар ганц шимтэн үздэг барилдаан шүү дээ. Хорионы үеэр үзэх юмтай ахмадуудад маань сайхан л байх. Тэртээ тэргүй олон улсад ч шинжилгээ аваад тэмцээн зохион байгуулж байгаа. Цагаан сараар ядаж телевизээрээ бөхөө үзээд байж байвал зүгээр санагдах юм. Урлаг соёлынхон үзэгчгүй цахим тоглолт хийж болж байгаа. Гол нь бөхчүүд нь өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ бариад халдвар бүртгэгдээгүй газар голомт гаргачихгүй нэг газраа барилдчихаад явбал болохгүй үйл гэж байхгүй байх.

Говь-Алтай аймгийн “Жимст” багийн иргэн Д.Базарсад :

-Манай аймагт бөхийн барилдаан зохион байгуулахыг яагаад ч дэмжихгүй байна. Энэ хүнд хэцүү цаг үед найр, наадам зохиох нь хэр зохимжтой вэ гэдгийг бодох ёстой. Өөрийгөө, үр хүүхдээ эрсдэлд оруулан байж тэрийг үзээд суух хүн ч байхгүй байх. Улаанбаатар хотоос шинжилгээнд хамрагдаад бөхчүүд нь ирлээ гэхэд аймгийн иргэдтэй холилдож л таарна. Ямар нэг алдаа гарвал жижиг, хүн ам цөөтэй аймгийн иргэд, тэр тусмаа худалдаа, бизнес эрхэлдэг хүмүүс хэцүү байдалд орно. “Дайны хажуугаар дажин” гэдэг шиг заавал яагаад тахлын дэгдэлтийн үед энэ олон хүнийг эрсдэлд оруулах гээд зүтгээд байгааг ойлгохгүй байна. Миний хувьд биллиард клуб ажиллуулдаг. Саяхнаас хөл хорио сулраад үйл ажиллагаа нээсэн ч иргэдийн санхүүгийн чадамж муу байна. Иргэд эрсдэл үүсэх вий гэж болгоомжилж байна. Хүмүүс өр зээлтэй, худалдан авах чадвар муудаж байхад алдаа гарвал ард иргэд л балгийг нь үүрнэ.

Говь-Алтай аймгийн “Оргил” багийн иргэн Ш.Батцэцэг :

-Манай аймгийн иргэд бөхийн барилдаан зохиохыг нийтээрээ дэмжихгүй байгаа. Коронавирусийн халдвар бүртгэгдсэн. Дээр нь өвөлжилт маш хүнд байгаа. Түүнд зарцуулах мөнгөөрөө хөдөө мал дээр байгаа иргэддээ туслах хэрэгтэй шүү дээ. Халдвараа хумьсан гэж үзээд тайван байгаа мэт боловч зуданд хамаг малаа алдаж байгаа олон хүн бий. Ганц жил барилдаан болохгүй байлаа гээд хэн ч хохирохгүй. Байдал хүнд байхад их мөнгөөр тийм хэрэггүй юм хийх ямар шаардлага байна уу. Ерөөсөө дэмжиж байгаа хүн байхгүй ээ. Засаг дарга л бөхөд дуртай болохоороо хийнэ гээд зүтгээд байгаа юм.

www.admin.dnn.mn

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Виза карт ашиглан 43 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийжээ

2020 оны гуравдугаар улирлын Төлбөрийн системийн тоон үзүүлэлтээс харвал тайлант хугацаанд нийт 160 удаагийн үйлдлээр 60.2 сая төгрөгийн залилангийн гүйлгээ хийгдсэн байна.

Энэ нь 2019 оны III улиралтай харьцуулахад гүйлгээний тоо 48.2 хувиар, дүн нь 15.5 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Картын төрлөөр:

  1. Төгрөгийн карт 41 удаагийн үйлдлээр 5.3 сая төгрөг
  2. Виза карт 90 удаагийн үйлдлээр 42.9 сая төгрөг
  3. ЮнионПэй 25 удаагийн үйлдлээр 11.8 сая төгрөг
  4. Американ экспресс 4 удаагийн үйлдлээр 146.9 мянган төгрөг.

Төхөөрөмжийн төрлөөр:

  1. ПОС 20 удаагийн үйлдлээр 1.6 сая төгрөг
  2. ATM/CRM 54 удаагийн үйлдлээр 16.2 сая төгрөг
  3. Цахим худалдаа 86 удаагийн үйлдлээр 42.5 сая төгрөгийн залилангийн гүйлгээ тус тус хийгджээ.

Бэлэн бус гүйлгээ ихсэж буй энэ үед АТМ-аас мөнгө авахдаа арын хүндээ нууц дугаараа харуулахгүй байх, мессеж банкны үйлчилгээ идэвхжүүлж, гүйлгээгээ тухай бүрд нь хянадаг байх зэргээр сонор, сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: Монголбанк

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын 74 хувь нь эдгэрчээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.02.05/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн 24 цагийн 38 хүнээс халдвар нэмж илэрч нийт батлагдсан тохиолдол 1928 боллоо. Үүнээс 74 хувь нь эдгэрч, эмнэлгээс гарсан байна.Өнгөрсөн хоногт 32 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Өнөөдрийн байдлаар биеийн байдал маш хүнд нэг иргэн эмчлэгдэж байна” гэв.

Түүнчлэн “Голомт өргөн хүрээтэй болж, цар хүрээгээ тэлж байна. Ялангуяа гэр хороолол, нийтийн байранд идэхтэй байна. “Монгол шир” ХК-иас үүдэлтэй халдварын голомтоос нэмж 7 тохиолдол бүртгэгдлээ. Нийт уг голомтолсон халдварын тоо 25 болж байна. Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооллын худалдааны төвөөс үүдэлтэй халдвар авсан иргэдийн тоо 17-д хүрсэн байна. Бэлх орчмын айл, өрхүүдийн халдвар идэвхтэй явагдаж байна” гэлээ.