Categories
мэдээ эдийн-засаг

2020 онд ББСБ-уудын зээлийн нийт үлдэгдэл 7.6 хувиар өсөж 1.3 их наяд төгрөгт хүрчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн салбарын 2020 оны жилийн эцсийн тойм мэдээллийг танилцууллаа.

СЗХ нь зохицуулалт хяналтынхаа чиг үүргийн хүрээнд 2020 оны жилийн эцсийн байдлаар 3,260 зохицуулалттай этгээд, 2,473 даатгалын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан байна.

Зохицуулалттай этгээдүүдийг салбарын ангиллаар харвал үнэт цаасны зах зээлд бүртгэлтэй 315 ХК, 276 мэргэжлийн оролцогчид, даатгалын зах зээлд нийт 319 даатгалын компани, мэргэжлийн оролцогчид, аудитор, 532 банк бус санхүүгийн байгууллага, 249 хадгаламж зээлийн хоршоо, 167 үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага, үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгч 429 хувь хүн, хуулийн этгээд, тэдгээрийн 973 салбар тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Хөрөнгийн зах зээл: Зах зээлийн үнэлгээ өнгөрсөн онтой харьцуулахад 12.5 хувиар өсөж 3,029.7 тэрбум төгрөгт хүрч, 2019 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 8.1 хувьтай тэнцэж байна. Харин хувьцааны хөрвөх чадвар 3.2 нэгжээр буурч 1.8 хувьд хүрсэн ба ТОП-20 индекс өмнөх оноос 336 нэгжээр буурч 19,285.8 нэгжид хүрсэн. 2020 онд нийт 65.4 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсан ба нийт арилжааны 0.9 хувийг Засгийн газрын үнэт цаас, 7.8 хувийг хөрөнгө оруулалтын сан, 8.9 хувийг компанийн бонд, 82.5 хувийг хувьцаа тус тус эзэлж байна. Түүнчлэн Хөдөө аж ахуйн биржийн арилжаа өмнөх оноос 30.7 хувиар буурч 5 төрлийн 488.7 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн арилжаалагдсан байна.

Даатгалын зах зээл: Даатгалын салбарын хувьд нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 4.5 хувиар өсөж 382.1 тэрбум төгрөгт, нөөц сан 4.8 хувиар өсөж 173.5 тэрбум төгрөгт хүрлээ. Ердийн болон урт хугацааны даатгалын нийт хураамж өмнөх оноос 2.5 хувиар өсөж 201.5 тэрбум төгрөгт, давхар даатгалын хураамж өмнөх оноос 16.5 хувиар өсөж 66.8 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тайлант онд өмнөх оноос даатгалын зүйлийн тоо 25.3 хувиар буурч 4.1 саяд хүрчээ. Даатгалын хохирлын нөхөн төлбөрийн зардал өмнөх оноос 8.6 хувиар буурч 59.8 тэрбум төгрөгийг нөхөн төлбөрт олгосон нь нийт хураамжийн 30.0 хувийг эзэлж байна.

Банк бус санхүүгийн байгууллага: 2020 оны жилийн эцсийн байдлаар нийт 532 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 2.0 их наяд төгрөг хүрч, өмнөх оноос 16 хувиар өслөө. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оноос 7.6 хувиар өсөж 1.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд зээлийн үлдэгдлийн 46.8 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл байна. Нийт зээлийн үлдэгдлийн 85.2 хувийг иргэдийн зээл, 14.8 хувийг хуулийн этгээдийн зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна.

Мөн салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн үйлчилгээний хүртээмж сайжирсан бөгөөд салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оноос 1.9 дахин нэмэгдэж 788.0 мянгад хүрсэн бол нийт харилцагчдын тоо 2.8 сая байна. Зээлийн үйлчилгээний хүртээмжийн энэхүү өсөлт нь зээлийн нийлүүлэлтээс гадна технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ зах зээлд нэвтэрч эхэлсэнтэй холбоотой юм. Харин зээлийн бүтээгдэхүүний үнэ болох сарын жигнэсэн дундаж хүүгийн түвшин өмнөх оноос 0.2 пунктээр буурч 2.8 хувьтай байна.

Хадгаламж, зээлийн хоршоо: 2020 оны байдлаар ХЗХ-дын тоо өмнөх оноос 4.6 хувиар буурч 249-д хүрсэн бөгөөд 72,651 гишүүддээ санхүүгийн үйлчилгээ үзүүлсэн байна. ХЗХ-дын нийт хөрөнгө өмнөх оноос 14.9 хувиар өсөж 256.0 тэрбум төгрөгт хүрсэн ба хадгаламжийн хэмжээ 182.2 тэрбум төгрөг буюу 71.2 хувийг эзэлж байна. Нийт зээлийн үлдэгдэл өмнөх оноос 6.9 хувиар өсөж 167.6 тэрбум төгрөгт хүрснээс 4.4 хувийг чанаргүй зээл эзэлж байна. Салбарын нийт хадгаламж эзэмшигчдийн тоо 35,870 байгаа бол зээлдэгчдийн тоо 35,827 байна.

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага: Энэхүү салбарт 2020 оны байдлаар нийт 313.7 мянган м.кв талбай, 232.6 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг зуучлуулан худалдан, худалдан авч, шилжүүлсэн бол нийт 72.5 мянган м.кв талбай, 7.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлжээ.

Үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа: Тайлант онд нийт 451.2 тэрбум төгрөгийн үнэт металлыг худалдаж, 16.9 их наяд төгрөгийн үнэт металлыг худалдан авчээ.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхий дахинд коронавируст халдварын өвчлөл буурч байна

ДЭМБ-аас сүүлийн долоо хоног, сар гаруйн хугацаанд өвчлөл өдөр өдрөөр буурч байгаа талаар мэдээлжээ. Тодруулбал, дэлхий дахинд сүүлийн 14 хоногт 15 хувиар буурсан гэжээ. Ялангуяа манай хөрш орнуудад буурах хандлагатай байнаЖишээ нь ОХУ-д өвчлөл буурч сүүлийн сар гаруйн хугацаанд өдөртөө 5000-6000 тохиолдлоор буурч байгаа аж. Халдварын тоо буурахад дараах хэд хэдэн зүйл нөлөөл байгааг ДЭМБ-аас тодорхойлжээ.

  • Хөл хорионы арга хэмжээг сайтар хэрэгжүүлсэн,
  • Ард иргэд халдвар хамгаалал, эрүүл ахуйн дэглэмийг амьдралынхаа бодит дадал болгосон,
  • Бүхий л төрлийн үйлчилгээг цахимаар хийж байна,
  • Вакцинжуулалт халдвар тархахгүй байхад нөлөөлж байна.

Дэлхийн 73 улсад 134 сая хүн вакцин хийлгэжээ. Энэ нь коронавирусийн халдвар авсан нийт хүний тооноосоо давсан гэсэн үг юм. Дэлхий дахинд өдөрт 4,7 сая хүн дархлаажуулалт хийлгэж байна. Тэр дундаа Израйль улс хамгийн өндөр буюу хүн амынхаа 50 хувийг хамруулжээ.

Categories
мэдээ нийгэм

УНТЭ-ийн хамт олон “Төрийн Соёрхол” хүртсэн Бөөр, Элэг шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах болон Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн гишүүддээ Монголын анагаах ухааны хөгжил, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж “Төрийн соёрхол” хүртсэнд нь баяр хүргэж, тус эмнэлгийн Ерөнхий захирал Н.Лхажий тэргүүтэй удирдлага хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.


Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Н.Лхажий “1996 онд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад анх хийж эхэлснээр Монгол улсын эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний түүх эхэлдэг билээ. 2002 онд Эд нийцэл, молекул биологийн лаборатори үүсгэн байгуулагдсанаар эрхтэн шилжүүлэн суулгалтын дархлаа хяналтын асуудал шийдэгдсэн. 2006 оноос Бөөр шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдан одоогоор 240-өөд хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна.

Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ нэвтэрснээр бусад эс, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний суурь тавигдаж одоогоор 115 элэг, 20 үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийгээд байна.

2011 онд Амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монгол улсад анх удаа БНСУ-ын Асан ЭМТ-ийн Lee профессороор ахлуулсан багтай хамтарч УНТЭ-т амжилттай гүйцэтгэснээр Элэг шилжүүлэн суулгах эмчилгээний түүх эхэлсэн байдаг. Мөн түүнчлэн бөөр болон элэгний эмгэгээс урьдчилан сэргийлэх, тархины үхэлтэй донорын тухай мэдлэгийг сайжруулах зорилгоор ард иргэдэд эрхтний донорын ариун үйлсийг сурталчлах үйл ажиллагааг тасралтгүй хийсээр ирсэн.

Манай Үндэсний багийн хамт олон “Донорын өдөрлөг”, “Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын спортын тоглолт” зэрэг олон нийтийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Мэдлэг-оюун, Хичээл-зүтгэл, Шаргуу-хөдөлмөрөөрөө нэг баг болж ажиллаж байдаг Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Бөөр, Элэг шилжүүлэн суулгах багийн хамт олны хөгжил дэвшлийн түүх нь эрүүл мэндийн салбарын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой юм. Бид эрүүл мэндийн салбартаа хэзээд АНХДАГЧ, МАНЛАЙЛАГЧ нь байна гэсэн эрхэм зорилгоо хадгалан, үргэлж манлайлагч байхыг эрмэлзэн, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологийг тасралтгүй нэвтрүүлэн, нэр төрөл, бүтээмжийг нэмэгдүүлэн, МУ-ын иргэдийн гадаадад эмчлүүлэх урсгалыг бууруулах замаар салбарынхаа хөгжилд хувь нэмэр оруулах томоохон зорилт тавин ажиллаж байна.” гэлээ.

УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн зөвлөх, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Төрийн шагналт, Анагаах ухааны доктор, профессор Д.Нямсүрэн: Төрийн шагнал хүртсэн бүх эмч нарт халуун баяр хүргэе. 2006 оноос Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний баг дахин байгуулагдан энэ богинохон хугацаанд өнөөдрийн байдлаар 233 хүнд бөөр шилжүүлэн суулгаад байна. Багийн эмч нар маш чадварлаг ажиллаж байгаад талархаж байна. Өдрөөс өдөрт чадвар нь дээшилж, эрдэмлэг, судалгаа шинжилгээ хийдэг, алдсан оносон зүйлээ эргээд ажилладаг, улам төгөлдөржүүлэх алхмууд хийж байна. Манай улсын бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ дэлхийн жишигт хүрсэн. Гэхдээ бидэнд хийх зүйл олон байна.


УНТЭ-ийн Урологи, андрологийн төвийн дарга, Бөөр шилжүүлэн суулгах Үндэсний багийн ахлагч, тэргүүлэх зэрэгтэй эмч, Анагаах ухааны доктор, дэд профессор Д.Баян-Өндөр: Бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ нь манай эмнэлэгт төдийгүй Монгол улсын эрүүл мэндийн салбарт маш том хөгжил дэвшлийг авчирлаа. Нэгт, эмч, эмнэлгийн олон салбарын ажилчид эвлэлдэн нэгдэж ажиллаж чаддаг болсон. Хоёрт, нэг баг болж, бие биенээ сонсож, нэгэндээ удирдуулж ажиллаж чаддаг болсон. Гуравт, технологи шинэчлэлийн хувьд өөрсдийн захиалсан шинэ технологийг авч, нэвтрүүлэн нутагшуулж чадсан. Дөрөвт,эрхтэн шилжүүлэн суулгах суурийг нь тавьж өгсөн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн зэрэг маш олон шинэчлэлийг бий болгосон гэж харж байна.


УНТЭ-ийн мэс заслын зөвлөх эмч, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор О.Сэргэлэн: Өнөөдөр бид бүгдийн хувьд баяртай өдөр тохиож байна. Биднийг дэмжиж ажилласан ЭМЯ болон УНТЭ-ийн үе үеийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлье. Энэ шагнал бол УНТЭ-ийн нийт хамт олны шагнал гэж харж байна. Элэг, Бөөр шилжүүлэн суулгахад лифтчинээс эхлээд, эм зүй, техникийн алба зэрэг бүх эмч, мэргэжилтнүүдийн оролцоо чухал байдаг. Энэ бүх ажилчдын хүчин чармайлтын үндсэн дээр Анагаахын шинжлэх ухааны салбарт элэг шилжүүлэн суулгах эмчилгээний аргыг нэвтрүүлж, олон улсын жишигт хүрч байна.

Categories
мэдээ нийгэм

“Элизабет” хотхонд дөрөв , “СиЖиЭс” хувийн эмнэлэгт найман тохиолдол бүртгэгдлээ

“Элизабет” хотхонд дөрөв, “СиЖиЭс” хувийн эмнэлэгт найман тохиолдол тус тус бүртгэгдэж шинэ голомт болсон талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

2021 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр улсын хэмжээнд хүнд 18871 шинжилгээ хийхэд 47 хүнээс коронавирус илэрлээ. Халдвар бүгд Улаанбаатарт бүртгэгдсэн. Ихэвчлэн халдвар авсан иргэдийн хавьтал болсон, тусгаарлалтад байгаа хүмүүсээс коронавирус илэрсэн гэлээ. “Элизабет” хотхонд 4 , “СиЖиЭс” хувийн эмнэлэгт 8 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Нийслэлд халдварын 13 голомт идэвхтэй байна. Сүүлийн үед гэр бүлийн хавьтлаас гадна аж ахуй нэгж, албан байгууллагын дунд халдвар тархах эрсдэл өндөр байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан гурван хүн амиа алджээ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарсны улмаас гурван хүн амиа алджээ.

Тодруулбал, тус дүүргийн 5 дугаар хороо, Экогийн 26 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 23:28 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 7 км замыг туулан 23:38 цагт очиход тус байрны дэргэдэх дулааны шугам сүлжээний худагт халуун усны шугам задарч дотор нь гурван хүн амиа алдсан байсныг гаргасан байна.

Баянзүрх дүүргийн харьяат иргэн Э /43 настай, эрэгтэй/, У /41, эмэгтэй/, хэн болох нь тодорхойгүй 1 эрэгтэй хүний цогцсыг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГААН САРЫН ЁСОН

Монголчууд билгийн улирлын тооллоор хуучин, шинэ он халалцах шинийн нэгний өдөр нийтээр тогтсон зан үйл үйлдэж, өргөн дэлгэр баяр ёслол хийдэг уламжлалтай. Энэ нь монгол хүн хатуу ширүүн өвлийг эсэн мэнд давж, урин цагийн түрүүч хавартай золгосны баяр, нэг нас нэмсний баяр юм. Цагаан сар гэдэг нь монголчууд эрт дээр үеэс цагаан өнгийг хамгийн ариун сайхан, аз жаргалын бэлгэдэл болгон үзсээр ирсэнтэй холбоотой аж.

Түүхэн баримт, эрдэмтдийн судалгаанаас үзэхэд монголчууд эрт дээр үед цагаан сарыг эдүгээгийнх шиг өвлийн сүүлч, хаврын эхээр биш харин цагаан идээ элбэг, мах хүнс элбэг, ан амьтан чадалтай намрын сард тэмдэглэдэг байжээ. Намар цаг нь мал маллаж, ан гөрөө хийж амьдардаг байсан анчин Монголчуудын хоол хүнсний хувьд жилийн хамгийн элбэг дэлбэг цаг юм. Ан ав их хийдэг байсан тул эрчүүд дайнд баатарлаг эр зоригтой бэлтгэл сайн байдаг байсан аж.

Уламжлал ёсоор цагаан сарын баярыг тэмдэглэхийн бэлтгэл болгон өвлийн сүүл сарын хорин есний өдөр айл бүр тоосоо арчиж, гэрээ цэвэрлэж бэлтгэдэг. Энэ нь шинэ оныг ямар ч муу муухай зүйлгүй угтахын бэлгэдэл болдог. Ингээд битүүний өдөр гэж нэрлэгдэх сарын сүүл буюу 30-ны өдөр ёслолын зууш болох хонины ууц болон бусад махыг чанаж, уламжлалт хэв загвараар бэлтгэн хийсэн ул боовыг олноор давхарлан тавагт өрж, чихэр жимс, амттанаар ширээгээ чимэглэн, мөн айраг цагаа тэргүүтнийг сөгнөж, тарган эр хонины чанасан ууцаа тогтсон дэгийн дагуу цар тавганд тавьдаг уламжлалтай.


Цагаан сарын идээний тухай:

Цагаан сардаа монголчууд бор болон цагаан гэсэн хоёр янзын идээ бэлдэнэ.

Бор идээнд: Бүхэл мах, битүү бууз банш, шимийн архи орно.

Цагаан идээнд: Бүх төрлийн цагаан идээ, ул боов, боорцог, айраг ордог байна.

Нутаг нутгийн онцлогоор ул боов буюу хэвийн боов, зарим нь ч хавсай хийж, таваг засахдаа ахмадыг хүндэтгэн гурав буюу түүнээс дээш боов давхарлан тавган дээр өрж, дунд нь боорцог хийн дүүргэж ул боовоор засдаг.

Тавгын идээг гурван үеэр өрдөг нь тулгын гурван чулуу болон жаргал зовлон жаргал, таван үеэр өрдөг нь таван бие махбодь, үе үеэр давхарладаг нь айл гэрийн хэдэн үетэй золгосны шинж буюу билэг тэмдэг юм.

Мах буюу ууц тавих ёсон

Малын махны толгойн хэсэг нь эх болно. Махаа эх талаар нь зочин руу харуулж тавина. Зочин толгой талаас нь барьж хажуулдуулан огтолж идэх ёстой. Ууцыг хөндөхдөө зүүн гараараа сүвэргэдэн талаас нь барьж баруун гараараа өөхөн нурун талаас нь нимгэн зүсэх хэрэгтэй. Бусад махыг нь зөв огтлоход ганц эх талыг нь мэдэх нь чухал.

Их бүхэл /бүтэн мах, ууц/ тавих журам:
1.Толгой
2.Ууц
3.Өвчүү
4.Хаа
5.Гуя
6.Хүзүүний сээр

Махны толгой /эх/ гэдэг нь толгойны хошуу талыг хэлдэг. Толгойг идэхдээ эхлээд хамар дээрээс нь хуйх авч галд өргөөд дараа нь хоёр чих, зовхийг нь хөндөөд огтолж иддэг. Хүзүүний эх нь хүзүү тал, сээрнийх нь хар сэр, ууцны сүвэргэдэс тал, өвчүүний бүдэрхий нь, далны толгой нь, хавирганы толгой тал нь, бугалганы нарийн атгамал үзүүр нь, шагайтын борвитой тал нь, дунд чөмөгний нарийн үзүүр нь, сүүжний далбаа нь юм. Бүхэл мах тавьсан байвал зочин хүн анхлан хүрээд дараа нь ууцанд, сүүлд нь сээр, хүзүү болон бусад махнаас иднэ.

Битүүлэх ёсон

Монголчууд өвлийн адаг сарын сүүлчийн өдөр битүүлдэг. Битүүлэх гэдэг нь билгийн улирлын сар бүрийн 30-нд тэнгэрт сар үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн, хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гөвж, хог буртагаа цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлтгэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлддэг. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг мөс тавьж сайн зүгийн тэнгэр сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаадаг. Ингээд шинэ сайхан хувцасаа өмсөцгөөн гал бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Битүүний зоог: Битүүний зоог нь эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юмуу өвчүү байдаг. Өвчүү чанасан бол өвчүүгээ өөд нь харуулан дээр нь дал, дөрвөн өндөр, шаант, залаатай, богтос тавина. Битүү толгой чансан бол аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино сармис зуулгаж, гургалдайны түрийтэй үзүрийг толгойныхоо богтосны аль нэгийг тавьдаг. Битүүний орой бууз жигнэж банш чанан мөн шөлний будаа хийж, айл хөршийндөө хүүхдээр хүргүүлдэг. Бууз баншиндаа цаган мөнгө хийж тэр бууз, банш таарсан хүн ирэх жил олз омогтой явахыг билэгддэг.

Битүүний орой зул, хүжээ өргөөд унших тарни: Битүүний орой, шинийн 1,2,3,8,15-нд зул хүжээ өргөөд “Ум намова гавади базар сараа брамадани дата гадая архади самъяа сам буддава дадъяата ум базар маха боди мандова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базар суха” тарнийг уншаарай.

Ууц хөндөх ёсон

Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны маяа, хавирганы буруу талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаастүшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугариг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгний мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхvv хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. Үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

Шинийн нэгэн буюу шинэлэх-цагаалах ёсон

Гэрийн эзэгтэй эртлэн босч шинэ жилийн анхны, шинэ цайг чанаж тэнгэр хангай, эзэн сүлдэндээ өргөнө. Дараагаар битүүнд чанаж бэлтгэсэн толгойг эхнэр нь эрүүнээс, нөхөр нь толгойноос татан зааж, “Бүх юм дэлгэрлээ битүү юм нээгдлээ” хэмээн хошуунд нь шар тос түрхэн уураг сүүл, шагайт чөмгийн хамт бурханд тавина. Харин гадаадынханд сонин содон нэгэн зан үйл бол Шинийн нэгний өглөө эртлэн босож “Мөрөө гаргах ёс” байдаг. “Дөрвөн зүг найман зовхис” хэмээх зүг чигийн ойлголт нь буддын шашны цаглабар болох “Бунд хорло” буюу “Найман хөлөл”гэх зурган дүрслэл дээр байршуулан 12 жил, 28 одтой хамтатган махбодийн суудлаар нь зурхай зурж ээлтэй зүг болон цээртэй зүгийг тодорхойлж түүний эсрэг дом заслын чанартай үйлддэг энэхүү зан үйл нь Монголчуудын уугуул шашин болох бөө мөргөлтэй холбоотой. Улмаар найман зүг буюу найман суудал нь арга, билиг таван махбодын харилцаагаар зохицуулагддаг байна. Цагаан сарын шинийн нэгний өглөө хот айлын ахлагч мөрөө гаргах зан үйлийг хийнэ. Мөн хот айлын ахлагчид өрх бүрийн тэргүүлэгч, нуган үрс бараа болох нь буй. Тэд, нар мандахын өмнө бүрэн хувцас өмсөж, морио хүлэглэн цог хийморийнхоо зүг рүү чиглэн гараад овоонд очиж, цагаан эсгий дэвсэн идээ будааны зүйлийг залж, нутаг орны газар, усны эзэд болон эзэн сүлдэнд дээжийг өргөөд эзэн сүлдэнд мөргөж, буян хишгийнхээ зүгээс гэртээ ирнэ. Энэ бэлгэдэл нь тухайн шинэ жилд нүүдэл, суудал, арилжаа наймаа, ан гөрөө хийх зэрэг элдэв үйлд цог хийморьтой байж, их олз омогтой эргэн ирж байхыг зөгнөсөн утгатай байдаг. Орчин үед ч энэ зан үйлээ эрхэмлэдэг. Хот, суурин газрын оршин суугчид ч шинийн нэгний өглөө зүгээ гаргадаг. Монголчууд зүг мөрөө гаргахдаа эртнээс уламжилсан нэгэн зан үйл хийдэг нь жилийн цээр зайлуулах дом байдаг.

Золгох ёсон

Өндөр настай, нутаг орондоо хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгодог ёс байдаг. Хадагны амыг золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож байгаа хүний хоёр гар дээр хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавьсны дараа золгоно. Авч байгаа хүн хадгийг хоёр гардан аваад толгойн талыг нь баруун гар дээрээ тавьж, баруун гар талыг зүүн гар дээр эвхэн нугалдаг нь хадагны хээ, үсгийн толгойг буруу харуулахгүйг хичээж байгаа ёс юм. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Харин хадгаа тавьчихаадзолгохдоо мэндийг нь асууна.

Цагаан сарын үеэр хэн боловч ёс горим зөрчих, ах захыг эс хүндэтгэх, агсам согтуу тавих, хэрүүл шуугиан гаргах, бие биедээ бардамнан баярхах, үрлэг зарлагыг хэтрүүлэх бүдүүлэг үг хэлэхийг хатуу цээрлэн, энх амгалан, эвтэй найртай ариун сайхан байхыг бэлгэдэн ухаан саруул, цэцэн цэлмэг, цовоо цолгин, мэндтэй хүндтэй байхыг ихэд эрхэмлэдэг сайхан ёс заншилтай. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор
талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хурутай тал руу доош унжуулсан чигээрээ злолгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

Хадаг барих ёсон

Монголчудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадаг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямагдах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорх үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

Хадаг барихад хэлэх үг

Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгох сон /хадгаа барьж золгоно/
Өндөр настай буюу нутаг усандаа нэртэй хүмүүст хадаг барьж золгох ёс байдаг. Дүү хүн хадгаа гаргаж амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсран хураагаад мөн хадагтайгаа золгож ч болно. Хадаг тавьж буй хүн хадгаараа бүх хурууг бүтээж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж алганд нь багтааж тавина. Хадгаа тавихдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчихаад золгохдоо мэндээ мэднэ.

Цагаан сараар цээрлэх зүйл

-Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.

-Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн,
-Эд мал зээлээр єгвєл гарзын vvд нээгдэнэ хэмээн,
-Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн,
-Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээн,
-Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг.
-Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно.
-Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
-Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.

-Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.

Д.Отгонтуяа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СХД-ийн төрийн болон төрийн тусгай албан хаагчид шинжилгээнд хамрагдана

Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн цахим хуралдлаа. Хуралдаанаар хоёрдугаар сарын 11-ний өдөр тогтоох хатуу хөл хорионы үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, түүний бэлтгэл ажил болон цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцсэн юм.

Мөн өмнөх долоо хоногийн дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдааны үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлт болон эрүүл мэнд, цагдаа, онцгой байдал, тээврийн цагдаагийн албаны удирдлагууд цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой асуудлуудыг танилцуулав.

Түүнчлэн УОК-оос гарсан хатуу хөл хориог тогтоох шийдвэрийн дагуу “Нэг хаалга-нэг шинжилгээ”-нд иргэдийг богино хугацаанд хамруулахын тулд дүүргийн бүх төрийн албан хаагчид оролцох учиртай. Тиймээс дүүргийн 3655 төрийн болон төрийн тусгай албан хаагчдыг хоёрдугаар сарын 8, 9-ний өдөр 18.00-22.00 цагийн хооронд ПСР шинжилгээнд хамруулах, хатуу хөл хорионы бэлтгэл ажлыг сайтар хангахыг харьяа хэлтэс, алба, тасгийн дарга нарт үүрэг өгчээ.

Мөн хорооны Засаг дарга нартай цахимаар хуралдаж хатуу хөл хорионы үед ажиллах заавар зөвлөмжийг ДОК-ийн шуурхай штабын дарга Э.Ниндэв өгч ажилласан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Богдхан төмөр зам” ашиглалтад орсноор ачаа тээврийн ачаалал 60 хувь буурна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Богдхан төмөр зам”-ын трасс болон “УБТЗ” ХНН-ийн ажилтай танилцав. Тэрбээр дөнгөж сая Давааны зөрлөг гэх газар буюу төмөр замын 369 дэх км-т байрлах зөрлөгт ажиллаад буцлаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Богдхан төмөр замын трасс нь Дарханы төмөр замын 361-ын гармаас салж, Эмээлт, Шувуун фабрик, Хөшигийн хөндий, Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур гараад Хангай зөрлөг, Багахангай өртөөнд хүрнэ. 361-ын гармаас салж, Хангай зөрлөг хүртэл 104 км. Харин тахир, тойруугаа янзлаад явахад 164 км зам болно. Энэ замд гурван том тунель бий. Уг замаар бүх транзит ачаа явна” гэдгийг Ерөнхий сайдад танилцуулав.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр зам дагасан дэд бүтцийг сайтар төлөвлөх хэрэгтэй санууллаа.

Бүх ачаа тээврийн 60 хувь “Богдхан төмөр зам”-ын
трассаар явах юм байна. Уг трассын ТЭЗҮ-г гаргахаар Азийн хөгжлийн банк олон
улсын тендер зарлаад байгаа бөгөөд өртөг 1.5 сая ам.доллар. Трассыг
байгуулах хөрөнгө оруулалт 860 болон 500 сая ам.доллар гэсэн хоёр тоо яригдаж
байгааг “УБТЗ” ХНН-ээс мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Энхтүвшин: Дунд шатны ажилтны хариуцлагагүй байдлаас болж Засгийн газар огцорсон анхны тохиолдол болсон

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


-УИХ намрын чуулганаар “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хуулийн төслийг хэлэлцэн баталсан. Хуульд тусгасан гол зохицуулалтууд нь юу байв?

-Намрын ээлжит чуулганаар хэлэлцэн баталсан гол хуулиудын нэг бол “Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай” хууль байлаа. Дотоодын түүхий эдэд түшиглэсэн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж, Монгол Улсыг түлш шатахууны хараат байдлаас гаргаж, нефть-химийн шинэ салбарыг бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг шийдвэрлэх, газрын тос боловсруулах үйлдвэрийг товлосон хугацаанд нь түргэн шуурхай ашиглалтад оруулахад шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлэхийн тулд энэ хууль батлагдсан.

Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж, зохицуулалтаас гадуур үлдсэн зарим чухал асуудлуудыг нэмж тусгахад идэвх оролцоотой ажиллалаа. Хуульд оруулсан нэг чухал зүйл бол газрын тос боловсруулах үйлдвэрийг “төрийн өмчит үйлдвэр” гэж тодорхойлон, үйлдвэр барих болон түүхий тос дамжуулах хоолой барих үйл ажиллагаанд төрөөс ямар байдлаар дэмжлэг үзүүлэх талаар нарийвчлан тусгасан явдал. Тодруулбал, газрын тос боловсруулах үйлдвэр нь түүхий эдийн хангамжийн хувьд тогтвортой, найдвартай эх үүсвэртэй байх ёстой. Тийм учраас газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагааг газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хийх, тухайн хайгуул хийх талбайг давуу эрхээр олгох асуудлыг Засгийн газар шийдэж өгөхөөр тусгасан.

Барилга барихад шаардагдах зүйлсийг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ түргэвчилсэн бүрдүүлэлт хийх, мэргэжлийн ажиллах хүч гадаадаас авах асуудлыг ч мөн Засгийн газар шийдэхээр хуульд тусгалаа. Өөрөөр хэлбэл, энэ хуульд заасан харилцааг Засгийн газрын журмаар нарийвчлан зохицуулахаар оруулж өгсөн.

Газрын тос боловсруулах үйлдвэр нь 1.2 тэрбум доллар, газрын тос дамжуулах хоолой нь 300 сая доллараар хийгдэх юм. Манай улс 50-60 сая долларын шатахуун гаднаас импортолдог, оргил үедээ нэг жилд 1.2 сая долларт хүрч байгаа. Гэтэл нэг жилд импортолж байгаа шатахуунд зориулсан энэ зардлаараа бид газрын тос боловсруулах үйлдвэрийг барих боломжтой төдийгүй, нэмээд их хэмжээгээр гадагш урсаж байгаа валютын урсгалыг ч зогсоох боломжтой болж байна. Энэ чинь цаашдаа ам.долларын ханш буурахад ч чухал нөлөө үзүүлнэ шүү дээ.

-Та Монгол улс газрын тосоо хайж, олборлох нь юу юунаас илүү чухал болохыг онцолж байсан. Манай улсын хууль тогтоомж энэ харилцааг сайтар зохицуулахуйц хэмжээнд байж чаддаг уу?

-Газрын тос хайж, олборлох харилцааг 2014 онд шинэчлэн баталсан “Газрын тосны тухай” хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаар зохицуулж байна. 2017 оны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт 33 талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулж байсан. Энэ тоо одоо мэдээж өссөн байх. Тухайн үед Монгол Улсын газрын тосны олборлолтын хэмжээ 1.0 сая тонн орчим байсан. Газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж ашиглалтад орсноор түүнийг түүхий эдээр тогтвортой хангахын тулд газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлж нөөцийг өсгөх, олборлолтыг нэмэгдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдана. Тиймээс энэ үйлдвэрт газрын тос хайх, олборлох эрхийг олгосон “Газрын тосны тухай” хуульд шаардлагатай нэмэлтийг ч үүнтэй уялдуулан тусгаж өгсөн.

Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Газрын тосны болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал тусгагдсан. Одоо эдгээр хуулийн өөрчлөлтийг Газрын тосны үйлдвэртэй холбогдуулан 2021 ондоо багтаан өөрчлөх шаардлагатай болж байна. Тэгж байж бид шинээр үүсэх харилцааг бүрэн зохицуулах боломжтой болно.

-Манай улсын газрын тосны нөөц хэр хэмжээтэй вэ?

-Бид арвин их нөөцтэй. Цаашид Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас газрын тосны хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна. Монгол Улс Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоосоо бүрэн хангах боломжтой.

-Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр баригдсанаар ирэх үр өгөөж нь юу байх бол?

-700-1000 хүний ажлын байр шууд бий болно. Үйлдвэрийг дагаад 10 гаруй үйлдвэр байгуулагдана гэсэн тооцоо судалгаа бий. Тэнд ч бас олон зуун ажлын байр шинээр бий болох нь тодорхой. Энэ хэрээр орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, хүн амын амьжиргааны түвшин дээшилнэ. Хүн амын төвлөрлийг дагаад дэд бүтэц хөгжих зэргээр олон давуу тал бий болно гэж харж байгаа. Аймгийн төсөвт ч дорвитой хувь нэмрээ оруулна. Сайншанд хот маань зэрэглэлийн хувьд Дархан, Эрдэнэтээс ч том хот болох боломж нээгдэж байгаа юм. Бас нефть-химийн салбарын техник технологийн хөгжилд шинэ үе эхэлж, монголчууд энэ шинэ салбарт өөрсдийн судалгаа шинжилгээг хийх боломж бүрдэж байна.

-МАН-ын дарга У.Хүрэлсүхийн байгуулсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Цар тахлаас үүдэн нөхцөл байдал амаргүй байгаа энэ үед Засгийн газар огцорч байгаа нь хэр зөв алхам юм бэ?

-Засгийн газар өнгөрсөн хугацаанд маш сайн ажилласан гэж миний хувьд үзэж байгаа. Ард иргэд ч тийм бодолтой байсан учир 2020 оны УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуульд МАН-ыг дэмжиж үнэмлэхүй ялалт байгуулахад нөлөөлсөн гэж бодож байна. Олон ч том төслийг зоригтой эхлүүлж, улс болон иргэддээ ээлтэй зоримог шийдвэрүүдийг гаргаж чадсан. Цар тахлын энэ хүнд цаг үед зарим нэгэн дунд шатны ажилтны хариуцлагагүй байдлаас болж Засгийн газар огцорч байгаа анхны тохиолдол. Амаргүй цаг үед орхилоо гэдэг талаас нь биш, харин улстөрчид, төрийн албан хаагчдын дунд байх ёстой маш өндөр хариуцлага, том соёлын эхлэлийг тавилаа гэж харж байгаа. Тийм ч байх учиртай юм.

-Ер нь цар тахлын нөхцөл байдалд Засгийн газар, уОК-ыг хэр хэмжээнд ажиллаж байна гэж та харж байгаа вэ?

-Хэн ажил хийж байна тэр хүн л шүүмжлүүлж байдаг шүү дээ. Намайг 2016-2020 онд Дорноговь аймгийн Засаг дарга хийж байх хугацаанд шүүмжлэл их гардаг байсан. Тэр болгонд шийдвэртэй, тууштай зоримог ажиллаж, багаа сайн бүрдүүлсэн байхад ямар ч их ажлын ард гарах боломжтой гэж харсан. Гэхдээ шүүмжлэлийн ихэнх нь үйл ажиллагаатай холбоотой гэхээсээ намчирхалтай холбоотой шүүмж илүү яваад байна уу гэж харж байна. Засгийн газар, УОК шийдвэрүүдийг хурдтай, шийдэмгий гаргаж байна гэж харж байгаа. Харин төрийн албаны дунд шат, анхан шатанд очихоор тогтоол шийдвэрийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь цэвэр хувь хүмүүсийн хандлага, ажлын ур чадварын асуудал юм. Үүн дээр л анхаарах цаг болж.

-Одоогийн Засгийн газар, Ерөнхий сайдыг хэр сайн ажиллаж чадна гэж та харж байгаа вэ?

-Цар тахлын үед суларч байгаа эдийн засгийг босгох, ард иргэдийг цар тахлын эсрэг вакцинаар вакцинжуулах, дундаж давхаргыг дэмжих, цахим засаглалыг хөгжүүлэх зэрэг олон шинэлэг арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Манай улсад зайлшгүй шаардлагатай тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр зорьж байна. Залуу хүн эрч хүчтэй, зоригтой, хий багатай ажиллах боломж бүрэн байгаа тул цаашид амжилттай ажиллана гэж итгэж байгаа даа. Бид ч бас бүхий л бололцоо боломжоороо дэмжиж ажиллана.

-Та боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд харьяалагддаг. Намрын чуулганаар тус байнгын хороо онцлох ямар хуулиуд хэлэлцэв?

-Намрын чуулганаар хэлэлцсэн гол асуудал нь төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын тухай байлаа. Уг ажлын санхүүжилтийг “Эрдэнэт” ТӨҮГ-аар 2021-2022 онд багтаан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Музейн тухай хуулийг Монгол Улсад анх удаа баталснаар орчин цагийн музей хөгжих чухал ажил эхэлсэн.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран “Боловсролын шинэчлэлийн бодлого, эрх зүйн зохицуулалт” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, аяныг зохион байгуулж, Боловсролын шинэчилсэн тухай багц хуулийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, өргөн барихад бэлэн болоод байна.

-Дорноговь аймгийн тухайд нэн тэргүүнд шийдэх ёстой ямар асуудлууд байна вэ. Тэдгээрийг шийдэх гарц гаргалгааг та юу гэж харж байгаа вэ?

-Манай аймгийн хувьд сүүлийн жилүүдэд ажилгүйдлийн түвшин, дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хүн амын амьжиргааны түвшин зэрэг эдийн засаг, нийгмийн гол үзүүлэлтүүд сайжирсан. Одоо бидний зорилго бол аймгаа Монгол Улсын дараагийн хөгжлийн цэг болгох нь хамгийн чухал. Маш олон төсөл хөтөлбөр манай аймагт хэрэгжиж байгаа. Үүнийг дагаад маш их ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байраа дагаад маш олон хүн ирж суурьших тооцоо судалгаа гарч байна. Мөн уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийг дэмжин ажиллана.

Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үг байдаг шүү дээ. Бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, нийгэмд чиглэсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг маш олон барилга байгууламжий бүтээн босгосон. Иргэд маань ч сайн мэдэж байгаа. Ажлын байр, амьдрах орчин бүрдчихлээ. Гэтэл ажлын байранд маань ирж ажиллах хүний нөөц хомс байгаа. Ажлын байр байгаад байдаг, ажил хийх хүн олддоггүй. Ажил олгогчдод тулгардаг хамгийн том асуудал энэ. Гэвч ажил хийх хүн байхгүй гээд бид зүгээр суугаагүй ээ. Хүмүүсээ сургаж байгаа. Урт дунд богино хугацааны мэргэшүүлэх сургалтад маш олон хүн хамрагдаж байна. 2019 оноос УБТЗ-тай хамтраад төмөр замын мэргэшсэн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн. Эхнээсээ ажлын байраар хангагдаад эхэлчихсэн явж байна даа.

Categories
мэдээ цаг-үе

УОК: Хүнсний худалдаа, тээвэрлэлтийг хязгаарлахгүй

УОК-ын даргын дэргэдэх шуурхай ажлын хэсэг өчигдөр хуралдлаа.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед халдвар хамгааллын дагуу үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй тус 14 байгууллага нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн сар шинийн баярын дээрхи өдрүүдэд ч мөн холбогдох халдвар хамгааллын дэглэмийн дагуу ажиллах эрхтэй байх юм. Тодруулбал, хүнсний дэлгүүр ажиллахгүй гэх зэрэг нь ташаа төөрөгдүүлсэн мэдээлэл болохыг УОК-оос мэдэгдлээ.

2021 оны хоёрдугаар сарын 11-ний 06:00 цагаас 2021 оны хоёрдугаар сарын 23-ны өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотод Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, зарим хязгаарлалтын дэглэмүүд хуулийн дагуу үйлчилнэ.

Энэ хугацаанд “Нэг хаалга- Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан доорхи нэр бүхий 14 салбарын ажил, үйлчилгээг тусгай горимын дагуу явуулах санал боловсруулж, хэлэлцэв. Уг саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлүүлэхээр боллоо.

Хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалт

  1. Эрчим хүч, дулаан, усан хангамж, ариутгал, хог хаягдал, нийтийн аж ахуй, инженер хангамжийн байгууллага
  2. Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх үйл ажиллагаа
  3. Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, байгууллагын үйл ажиллагаа /“Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан”, ИНЕГ түүний харьяа алба салбар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудал, “МИАТ” ТӨХК, ”Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Уул уурхайн салбарын хангалт, Үндэсний дата төвийн нөөц төв, Дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар түүний ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  4. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа
  5. Хууль тогтоох дээд байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гааль, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага, Сонгуулийн Ерөнхий хорооны үйл ажиллагаа /ажилтан, албан хаагчдын 10 хүртэлх хувь ажиллах, цагийн хязгаартай/
  6. Хүүхэд хамгааллын үйлчилгээ, асрамж халамжийн төрөлжсөн байгууллага, МУЗН
  7. Хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдаа
  8. Мал, амьтны өвс, тэжээлийн тээвэрлэлт, түгээлт
  9. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа
  10. Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлт
  11. Банкны цахим болон автомат тооцооны машин
  12. Хэвлэл мэдээлэл /тооны хязгаартай/, харилцаа холбоо, шуудан, илгээмж
  13. Зөвшөөрөлтэй харуул хамгаалалтын байгууллага
  14. Оршуулгын үйл ажиллагаа